Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийлжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын 110кВ-ын анкер тулгуур унах аюултай байна гэсэн дуудлага өчигдөр/07.20/ 10 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд иржээ. Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Д.Мягмардорж болон холбогдох албаныхан газар дээр нь үзлэг шалгалт хийж оройн 20 цагийн орчимд урьдчилсан арга хэмжээ авсан байна.

Дээрх Буянт Ухаа А Б 110кВ-ын шугам нь 2016 онд ашиглалтад орсон ба газар чөлөөлөлтгүйгээс шалтгаалж Туул голын дундах арал дээр байрлуулжээ

Тус тулгуур байрласан арал нь хүчтэй борооны улмаас эргийн нуралт үүсэж анкер тулгуурын бетон суурьд нөлөөлж хазайлт өгч улмаар унах аюул үүсэж болзошгүй байсан тул хугацаа алдалгүй арга хэмжээ авахаар хотын ерөнхий менежерээс холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч нэмэлт бүрэлдэхүүнүүдийг татан оролцуулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж ус шингээгч эко уут 300ш, болон 600 шуудай хайрга дайргаар 40 орчим метр урт 5-6 метр өргөн далан үүсгэж тус анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Дээрх шуурхай ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын засварын бригад бүрэн бүрэлдэхүүнээрээ, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, Авто зам гүүрийн “ГанГүүр” ХХК, Эрчим хүчний барилга угсралтын “Алтай Трейст” ХХК зэрэг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хотын ерөнхий менежерийн удирдлага дор найман цагийн турш ажиллажээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн төрийн сайд М.Фийлдийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Марк Фийлдийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх сонирхлоо илэрхийлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хөрөнгийн зах зээлд манай гуравдагч хөрш Британийн хөрөнгө оруулагчдыг татахын чухлыг онцоллоо.

Төрийн сайд М.Фийлд Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл нь уул уурхайн салбар хэдий ч боловсрол, аялал жуулчлал зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Монгол, Британийн Парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Батболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Британийн ГХХНЯ-ны Төрийн сайд, Парламентын гишүүн М.Фийлдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тэрбээр айлчлалын үеэр Хөрөнгийн биржид зочилж, Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалттай танилцахын сацуу “Олон улсын манлайлагчдын хөтөлбөр”-т хамрагдсан залуустай уулзах юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ

УЛЬРИХ ФАУЛ: БИДНИЙ ТӨСӨӨЛЖ БАЙСНААС Ч ИЛҮҮ ИХ АЛМАЗ ЭРДЭНЭ БАЙГАА Ч ОЛБОРЛОХ БОЛОМЖГҮЙ ЮМ

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Массачусетсын Технологийн Их сургуулийн эрдэмтэд дэлхийн бөмбөрцгийн гүнд хэдэн квадриллион тонн хэмжээтэй алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлсэн талаар “The Fortune” мэдээлжээ. Энэ талаар “Geochemistry”, “Geophysics”, “Geosystems” сэтгүүлүүдэд нийтэлсэн байна. Гэхдээ уул уурхайн олборлолт хийх найдлага байхгүй. Учир нь дээрх судалгаагаар орд газрууд нь дэлхийн гадаргуугаас 90-150 миль зайд оршиж буйг тогтоожээ.

Дээрх тооцооллыг гаргасан багийн гишүүн, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Жошуа Гарбер “Бид галт уулын лав, дэлхийн гадарга болон цөмийн тооцооллоо улам нарийвчла гаргах үзүүлэлттэй систем боловсруулсны үндсэн дээр ийнхүү багцаалсан” гэж хэлсэн байна.

Квадриллион нь нэгийн ард 15 тэгтэй тоо буюу их наядаас мянга дахин их гэсэн үг. Гэвч энэ эрдэнэс нь газрын гадаргаас 145-240 км гүнд байгаа тул олборлох боломжгүй. Өнөөдрийн хүн төрөлхтний газрын гүнд өрөмдөж хүрсэн хэмжээ үүнд хүрэхгүй ажээ.

Массачусетсийн сургуулийн Дэлхий, Атмосфер, Гараг судлалын тэнхимийн судлаач Ульрих Фаул “Хэдийгээр бид олборлож чадахгүй ч бидний төсөөлж байснаас их хэмжээний алмаз эрдэнэ байдгийг тогтоолоо” гэж ярьсныг “MIT News” сонин мэдээлсэн байна. Тэрээр “Үнэндээ алмаз эрдэнэ нь тийм ч ховор зүйл биш ажээ” гэж нэмж хэлжээ.

“AFP” агентлагийн мэдээлснээр, хэдэн квадриллион тонн алмаз байгааг газрын гүнд дууны долгион хэр хурдтай тархаж байгааг хэмждэг сэйсмик технологийн тусламжтай олж илрүүлсэн байна.

Эрдэмтэд газрын гадаргын дээд талд байдаг тектоник хавтангуудын дор дэлхийн чулуулгын хамгийн хөгшин, хөдөлшгүй хэсэг байдаг. Тархсан долгион газрын дээд давхаргыг нэвтэлсний дараа хурд нь огцом нэмэгдэн цааш дамжиж байгааг илрүүлээд, учрыг нь тайлахын оролдож эхэлжээ. Улмаар ямар материалын дундуур дууны долгион ийм хурдтай дамжиж болохыг туршиж үзэхэд зөвхөн алмаз байсан аж.

Дууны долгион алмазын дундуур тархахдаа газрын дээд давхаргыг нэвтлэхээс хоёр дахин хурдтай байжээ. Эдүгээ эрдэмтэд газрын гүнд өмнө төсөөлж байснаас доод тал нь 1000 дахин их алмаз эрдэнэ байгаа гэж дүгнэж байгаа аж.

Алмаз нь газрын гүн дэх өндөр даралт, өндөр температуртай орчинд нүүрстөрөгчөөс бий болдог. Бий болсон алмаз нь галт уулын дэлбэрэлтээр газрын гадарга дээр бага хэмжээтэй хэдэн арван сая жил тутамд нэг удаа гардаг байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ

Элэг хамгаалах дэлхийн өдрийг угтан долдугаар сарын 27-ны 12:00-17:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношлох аж. Түүнчлэн өдөрлөгт ирснээр элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох Фиброскан үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмч нараас үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм байна.

Дашрамд мэдээлэхэд, элэг хамгаалах дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэдэг уламжлалтай.

Categories
мэдээ цаг-үе

Гомбын Равдан: “Үг танигч” гэсэн тэр өргөмж өгүүлэхүйн ухааны мастер гэснээс ч илүү санагддаг

Монгол Улсын ардын болон гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равдантай уулзаж хөөрөлдлөө.

-Улсын баяр наадмын өмнө ардын жүжигчин цолоор шагнуулсанд баяр хүргэе. Утсанд чинь ойрын үед улайстлаа дуудлага ирж байна уу?

-Энэ их нэр хүндтэй цол хэргэмийг хүртэнэ гэж миний ухаан санаанд багтаж байгаагүй. Яг ний нуугүй хэлэхэд “Авчихна даа” гэсэн бодол байсангүй. Өөрт оногдсон уран бүтээлээрээ санасан бодсоноо дамжуулж хэлээд, 43 жил дуртай ажлаа л хийж явлаа. Төр түмэн ингэж өндөр үнэлнэ гэдэг сайхан байдаг юм байна. Шагнал авснаас хойш газар газрын л хүн баяр хүргэж утасдаж байна. Хаа байсан Дорнод аймгийн Баяндун сумын мянгат малчин Энхбат гэж буриад баавай утасдаж байна. Тэр өвгөн бид хоёр эмнэлэгт хамт хэвтэж танилцсан юм. Тэрнээс хойш хоёул харилцаатай, баяр ёслолоор ярина. Хөвсгөлөөс багын найзын гэр бүлийн хүн ярьж байх жишээтэй. Архангай нутгаас, Хашаат сумаас гээд ах дүү, төрөл төрөгсөд, танил тал бүх хүмүүс ярилаа. Хэнтийн Батширээтээс манай Гансүрэн ярьсан шүү дээ. Чи Гансүрэнг мэднэ дээ.

– Танилгүй яах вэ, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч ах маань байгаа юм…

-Нэг буриад аялгатай хүн ярихаар “Гансүрэн үү” гэсэн “Тийм байна аа” гэж байгаа юм. Бид хоёр номын баяр, Данзангийн Нямсүрэнгийн далан насны ойгоор сайхан танилцаж байсан хэрэг. Багшийн сургуульд хамт сурч байсан, насаараа сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилласан Гомбо-Очир тэр хоёр ярьж байгаа юм. Гансүрэн дүү чинь Батширээт сумын ИТХ-ын дарга юм аа даа

– Та төрийн өндөр шагнал авахаасаа өмнө “Өгүүлэхүйн ухааны их мастер” хэмээх алдрыг олон түмнээсээ хэдийнэ хүртсэн хүн дээ?

-“Өгүүлэхүйн ухааны мастер” гэдэг үг миний нэртэй хамт дагалддаг болчихоод байгаа юм. Намайг ингэж нэрлэж байгаарай гэж би хэнд ч хэлж байгаагүй. Тэгсэн чинь ингэж нэрлэдэг боллоо. Албан ёсны ч нэрийдэл биш, аяндаа л миний уншсан зүйлийг радио телевиз, цомгуудаас сонссон хүмүүс л өгсөн бол уу. Үүнд би тэгтлээ жийрхээд ч байдаггүй. Заавал үүгээр нэрлэх ёстой ч гээд байдаггүй. Гэхдээ өгүүлэхүйн ухаан гээч юмыг надад УБДС-ийн кино драмын ангид зааж сургасан Лувсангийн Тунгалаг багшдаа баярлаж байна. Та бүхэн мэднэ дээ, “Талын цуурай” кинонд Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын дүрийг бүтээсэн, Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийг анх төгссөн мундаг жүжигчин шүү дээ. СУИС-д олон жил багшилсан гавьяат багш Уртнасан, Драмын театрын аварга жүжигчдийн тайзнаас ярих, өгүүлэх тэр их эрдмээс чадлынхаа хэрээр халбагадсаныг минь үр дүн юм даа. Өгүүлэхүй гэдэг нь үгтэй холбоотой юм. Үг, өгүүлбэрээр дамжиж зохиолын утга санаа хүнд хүрдэг. Шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман, эсээ энэ бүхэн үгээр дамждаг болохоор өгүүлэхүйн ухаан гээчийг би өөрийн гэсэн барил, дэг сургууль, уншилтаар илэрхийлж Равдангийн гэсэн өгүүлэхүйн арга барил тогтсон юм бол уу.

– Хүүхэд байхаасаа л өгүүлэхүйн ухаанд суралцсан байж таарна даа?

-Би Архангайн Хашаатад төрөөд Өвөрхангайн Хужиртад сургуульд орсон. Хужиртын сургуулийн дуу хөгжмийн багш Балдангийн Очирбат гуравдугаар ангийн бацаан надад дуу хөгжим заахаас гадна шүлэг унших анхны А-г заахгүй юу. Сургуулийн концертод Лувсандашийн Бадарчийн “Шүүмжлэгдсэн баавгай”, төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн “Сандруу Сандаг” зэрэг шог шүлгүүдийг уншиж, хэрхэндээ тэндээ подойсон юм сургуулийн концертод дахиулдаг “өвчтэй” байлаа ш дээ. Тэндээс л миний юм унших ажил эхтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол гардуулахдаа “Гомбын Равдан гуай танд Монгол Улсын ардын жүжигчин цол олголоо. Театр, киноны урлагт бүтээсэн чадварлаг дүрүүд болон үгийн урлаг, өгүүлэхүйн ухааны арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлсэд гаргасан амжилт бүтээлийг тань төр өндрөөр үнэлж байгаа юм” гэж хэлсэн. Миний уран бүтээлийн амжилтын талаас илүү хувь нь өгүүлэхүйн ухаан урнаар унших, өгүүлэх, ярих байсныг энэ үг бататгаж байгаа гэж баярлаж сууна.

-Монголын алдартай олон зохиолчдын бүтээлийг та уншигчдын сонорт наалдацтай, нангиуртайгаар хүргэсэн шүү

-Монголын радиогоор 1985- 1989 оны хооронд “Жүжигчний микрофон” нэвтрүүлгээр олон роман, туужийг бүрэн эхээр нь бэлтгэж хүргэсэн. Урлаг судлаач Дэмчигдоржийн Мягмарсүрэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, нийтлэлийн мундаг мастер Шаравнямбуу гуай нар энэ нэвтрүүлгийг санаачилж зохиолч Зо Пай Жингийн Баттулгын “Түвшин төгс”, Ч.Лодойдамба гуайн “Алтайд”, С.Эрдэнийн “Занабазар”, Л.Түдэвийн “Хувьсгал Танаа өчье” монолог роман зэрэг туурвилуудыг надаар уншуулсан. Радиогийн мундаг найруулагч Пүрэвжавын Цагаан, Цэндсүрэн, Бүргэд нар чинь надаар зүгээр нэг үг цагаашруулж байгаа юм шиг нэг өнгөөр уншуулчихгүй, олон дүрийн ялгаа, үйл явдлуудын ээдрээ зангилаа, өгүүлэмжийн хэмнэл, хурд бүхнийг хоногшуулж суулгах эрдмийг заасан даа. Тэдний минь ач буян л намайг өгүүлэхүйн урлагт эргэлт буцалт үгүй орох үүдийг нээсэн. Өгүүлэхүйн энэ л арга барилаараа одоо хүртэл хоолоо олж идээд явж байна. Саяхан гэхэд зохиолч Ш.Ванчаарай гуайн “Шагнал, шийтгэл” романыг радиогоор бүрэн эхээр нь уншлаа. Энэ уншилт бол нэг жүжигчний театрын өгүүлэх, дүрийн ялгаралтайгаар бүтээх хэлбэрээр явж байгаа юм шүү дээ. Аливаа зохиолыг зүгээр нэг а, бэ-гүй уншчихгүй. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор сая шагнуулсан зохиолч Авидын Шартолгой гуайн “Ноён гэгээний тууж”-ийг уншиж эхлээд явж байна.

-Жүжигчид “Би тайз, дэлгэцийн тэдэн дүр бүтээж, өчнөөн кинонд дуу оруулсан” гэдэг. Таны бор тархины соронзон хальс, цээжний урын санд хичнээн бүтээлийн “алтан фонд” хадгалагдаж байгаа бол?

-(Мушийсхийн инээв. Л.Б) Тэр юу л даа хө. Жүжигчин болохоос өмнө хар багаас уншиж байсан зохиол бүтээлийн хэсгүүд, зарим нь бүтнээрээ шахуу шүлэг, ёгт үлгэр, найраглалын хэсгүүд цээжинд ер нь бий шүү. Тэр яадаг юм чухам. Бага залууд ой тогтоолт гайгүй байсантай ч холбоотой юм уу. Сүүлд мэргэжлийн жүжигчний сургууль ном дүүргээд, практик дээр тайз, кино дэлгэцнээ, радиогийн дуун сацруулагчийн ард энэ олон жилд уншаад ирэхээр зохиол бүтээлүүдийн тодорхой хэсгүүд санаанд үлдсэн байдаг. Тэрийг унших шаардлагатай гэвэл хоёр гурван хоногийн дотор эргээд сэргээчих жишээтэй. Өнгөрөгч онд Ч.Лодойдамба гуайн 100 жилийн ойгоор охин Насанбуян, Насанбат хоёр нь “Аавын “Шаргачин” өгүүллэгийг чи тэр жил сайхан уншсан шүү дээ. Одоо ойн баяр дээр уншаач” гэж байгаа юм. “Тэр жил” гэдэг нь 1979 онд уншсан байхгүй юу. Зохиолчдын эвлэлийн тавин жилийн ойд зориулж зарласан уран уншлагын уралдаанд “Шаргачин”-г анх уншин “Уран уншигч” гэсэн мөнгөн медаль авч байсан юм. Энэ өгүүллэгийг хоёр өдөр уншиж сэргээгээд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзан дээр уншсан. “Тунгалаг Тамир” романд Итгэлтийнд Бадарч тахар ирж охиноо Хонгортой суулгах гэдэг шүү дээ.

-За, тийн…

-Тэгсэн Итгэлт хадаг аваад юу юугүй барих нь уу гэсэн чинь аваачаад Ням өвгөнд барьчихдаггүй юу. Тэр хэсгийг би гуравдугаар курсийн оюутан байхдаа багшдаа үзүүлэн шалгуулж байсан. Энийг би өнөөдөр нэг сэргээгээ л маргааш уншчихна. Яадаг юм байгаа юм. Уран зохиолын мэдрэмж гэж юу байдаг юм. Тэр бүхэнтэй л холбоотой бол уу. Багаасаа уран зохиол уншсаных ч байж магад. Нэгдүгээр ангийн багш маань хэл, уран зохиолын мэргэжилтэй, улсын гавьяат багш Санжаа гэж хүн байсан юм. Хар багаас л номын хорхойтой болгосон нь шавь бидэнд ухаан суулгаж. Аав маань жолооч хүн гэхэд манайх гэртээ номын сан дүүрэн номтой айл байсан. Багаасаа номын амтанд орсон хүүхэд зохиолын бүх л баатрын сэтгэлээр амьдарна аа даа. Тиймээс миний ой тойнд яруу найрагчдын шүлгүүд, зохиол бүтээлийн хэсгүүд байна аа байна. Төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай “Миний муусайн найз нар” номоо дурсгахдаа “Үг танигч дүүдээ” гэж гарын үсгээ зурсан байдаг юм. Мэргэжлийн мундаг зохиолч найрагч хүний энэ үг надад юун өгүүлэхүйн ухааны мастер застераас илүү том алдар шагнал шиг санагддаг юм даа. Би өөрийнх нь “Харамчийнхны дууль” зэрэг нэлээд бүтээлийг нь залуудаа уншиж байсан. Миний зохиол бүтээл уншиж өгүүлэхүйн мастер гэгдээд буй минь үг таних л ухаан юм. Зөвхөн зохиол бүтээл ч гэлтгүй радиогийн мэдээ унших ч үг таних эрдэм юм. Санжийн Пүрэв байваан бичсэн “Гэгээн өргөл”, “Жирмийн сүлжээ” зэрэг богинохон хөөрхөн юмнуудыг уншиж байхад, тэр алдартай зохиолчдын туурвилаас уншиж байхад утгын гүнд нь яргаж, улам улмаар ухаан тархийг цэнэглэж ухаажуулж байж дээ.

-Та бага насныхаа тухай яриач!

-Бага нас ярихад амархаан. (инээв. Л.Б) Архангай аймгийн хуучин Лүн, одоогийн Хашаат суманд 1952 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн гэж байгаа юм. Аав жолооч хүн, Өвөрхангайн Хужиртад машин барих болоод тийшээ шилжиж, Хужиртад сургуульд орон долоогоо төгсөөд Улаанбаатарын Багшийн сургуулийн соёлын ангид хуваарилагдаж ирсэн. Миний уран бүтээлч болох замыг Очирбат багш маань тавьсан юм. Очирбат багшийн хөгжмийн дугуйланд хэн сурч байсан гээч.

-Хэн байв?

-Одооны энэ аугаа их хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров байлаа шүү дээ. Надаас гурван ангийн ах. Намайг долоо төгсөж байхад Жааяа араваа төгсөж байсан. Долоо төгсөөд Багшийн сургуулийн соёлын ангид ороод иртэл Жанцанноров манай зэргэлдээ хөгжмийн ангид суралцах гээд ороод ирдэг юм. Манай анги бол соёл гэгээрлийн ажилтан буюу нэг ёсондоо клубийн эрхлэгч болох анги байсан. Манай ангид тухайн үедээ Соёлын яамны орлогч сайд байсан, сүүлд Хотын Соёлын газрын дарга асан Гүндийн Нямсамбуу суралцаж төгссөн. Анги даасан багш маань алдарт “Шөнийн бороо” дууны аялгууг зохиосон Сосорын Бүтэд байлаа. Бусад нь хөдөө орон нутгийн соёл гэгээрлийн ажилтнууд болсон.

-Тэр үед чинь сургууль төгсүүт л хөдөө хуваарилдаг байсан гэдэг дээ?

-Би хөдөө хуваарилагдахаас амжилттай бултаж чадсан хүн байгаа юм. Хужирт руугаа л хуваарилагдах байсан байх. Далан нэгэн онд намайг яг төгсөх жил Багшийн дээд сургуулийн Кино, драмын ангид элсэлт авах хуваарьтай жил нь таарчихгүй юу. Тэр үед нэг элсэлт аваад дөрвөн жил сургаад төгссөнийх нь хойно дараагийн элсэлтийг авдаг байсан. Жаран долоон оны төгсөлтийнхөн буюу гавьяат жүжигчин Тунгалаг, тайздэлгэцийн алдарт жүжигчин Чойн Хүрэл, Итгэлтийн гэнэн хонгорт тоглодог Дэлгэржаргал гавьяат, “Анхны алхам”-ын Цэцэгбалжид эд нар төгсөөд биднийг авахгүй юу.

-Кино драмын ангийнхан чинь хэн хэн байв?

-Манай анги чинь ланжгар аа. Жүжигчни болон найруулагчийн мэргэжлийн ур чадвар гэсэн хоёр хичээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн Маамхүү багш бидэнд орсон. ЗХУ-аас манай Гэгээрлийн яамны урилгаар Москвагийн Эрдмийн бага театрын найруулагч Владимир Михиалович Веллс багш маань тэр үед гуч гаруйхан настайдаа ирж байлаа. Багш маань 2011 онд Драмын театрын наян жилийн ойгоор ирж “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Манай ангид хэн хэн байсан гэвэл Монголын театрын урлагийн жараад оны нэрт төлөөлөгч Дашийн Цээнямбуу гэж сонгодог жүжгийн гол дүрд тоглодог сайхан жүжигчин байлаа. “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Луйза, “Өглөө” киноны Сэлэм Тогмидын авгай Норжмаад тоглодоггүй юу. “Тунгалаг Тамир” киноны тахар Бадарч, “Энэ хүүхнүүд үү” киноны Идэрт тоглодог Цэрэннадмид гуай гээд аваргууд байлаа шүү дээ. Манай анги чинь дотроо нэг групп нь найруулагчийн, нөгөөх нь жүжигчний групп. Найруулагчийн группт нь ажиллаж байгаад ирсэн Цэрэннадмид, Цээнямбуу гуай, телевизийн алдартай найруулагч болсон Дашийн Пүрэвсүрэн гэдэг эмэгтэй, Д а р х а н ы т е а т р т о л о н жил найруулагч хийсэн Даваасүрэнгийн Ганбаатар нар байлаа. Манай жүжигчний группт хожмоо хойно сурч ирсэн алдартай найруулагч Ч.Жумдаан, СУИС-ийн багш, Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Ганхүү, Хүүхэлдэйн театрын жүжигчин Долгор, киноны дуу оруулагч, гавьяат жүжигчин Цэмпилмаа, Хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш гавьяат Даваахүү нарын олон сайхан уран бүтээлч сурсан даа. Жүжигчин Болд-Эрдэнийн ээж жүжигчин Нэргүй байна.

-Оюутан ахуйдаа дүр бүтээв үү?

-Оюутан байхдаа ч, төгсөөд ч нэг их дүр бүтээгээгүй юм. Би чинь уг нь Багшийн дээд сургуулийг улаан дипломтой онц төгссөн ухаантай юм. Багшийн дээдийн хоёр давхарт 75 оны төгсөгчдийн дунд миний нэр байдаг л байсан. Одоо чухам тэр самбар нь байдаг юм уу, үгүй юу. Социализмын үеийн юм одоо юу гээд л байж байв гэж. Төгсөөд Цээнямбуу гуай бид хоёр Драмын театрт очлоо. Цээнямбуу гуай бол миний дэргэд аварга жүжигчин. Тэнд ажиллаж байгаад элссэн. Манай ангид чинь Драмын театрт ажиллаж байсан гурван аварга жүжигчин ирсэн юм шүү дээ.

-Хэн хэн билээ?

-Одооны ардын жүжигчин Цэрэндагва, Мягмарнаран гуай, Цээнямбуу гуай гурав чинь манай ангид ороод нөгөө хоёр нь замаасаа театртаа буцсан. Би театрт жүжигчнээр орсон эхний долоо, найман жилд жүжгийн олны хэсэгт гарч уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Далан таван оны зун Галсанжав найруулагч төрийн шагналт зохиолч Дэмбээгийн Мягмарын “Би яагаад” гэдэг үйлдвэрийн сэдэвт жүжгийг тавихад ажилчдын хэсэгт гарсан. Олны хэсэгт олон гарсаан. Тэгж байхдаа л тэр аварга жүжигчдийн дүрдээ хувирч, дүрийнхээ сэтгэл зүйгээр амьдарч, догдолж байгааг дэргэдээс нь харж, мэдэрч, юм тогтоож авч явсан. Төгссөнөөсөө хойш найм, есөн жилийн дараа анх кинонд тоглосон. Наян гурван онд Бадрахын Сумхүү гуайн “Сахиул уу, сахиус уу” кинонд тоглолоо. Тэр болтол би найруулагчдын хараанд өртөхөөргүй л амьтан байж л дээ, зайлуул нэг муу юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.

Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сум цахилгаангүй болсон тухай мэдээлсэн.

Мэдээллийн дагуу өчигдөр /07.20/ Хангайн бүсийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас нийт засварын 6 бригадын 68 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд оруулсан.

Харин өнөө өглөөний байдлаар “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн 77 ажилтан 20 техник хэрэгсэлтэйгээр Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 ширхэг бетонон тулгуурыг босгож цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж цахилгаангүй байсан 7 аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ХАЙРЛАХ УРЛАГ

Германы психологич,
социологич, философич
Эрих Фроммын “Хайрлах
урлаг” /The art of loving”
ном өнгөрсөн зууны дундуур
Америкт хэвлэгдсэнээсээ
хойш хайрын тухай хүн
төрөлхтний төсөөлөлд“салхи оруулсаар” байна.
Хүн ганцаардлаас хамгийн
их айдаг, ганцаардлаас хайр
л аварна гэсэн утгатай үг
өгүүлбэрүүд нэгэн жарны
өмнө хэвлэгдсэн энэ номд
бий. Сэтгэлээ шархлуулахаас
айна гэдэг бол нэг төрлийн
хувиа хичээх зан, аминч үзэл
хэтэрвэл эрүүл хайрыг тээх
чадваргүй болно, хүн гэдэг
амьтан ямар нэг байдлаар
бусдад хүлээн зөвшөөрөгдөж,
хайрлагдахгүйгээр амьд явж
чадахгүй гэх мэт хөндлөн
дүгнэлтүүд “Хайрлах урлаг”
номын бараг л хуудас бүхэнд
дурайдаг.
Хүн бүрт хайрлах чадвар
бий, жинхэнэ хайр бол
байгалиас заяасан өгөгдөл,
хайрлахад гүн ухаан хэрэггүй
гэсэн бодлыг төдийгөөс өдий
хүртэл тээсээр ирсэн хүн
төрөлхтний ойлголтыг Эрих
Фромм “Хайрлах урлаг”-
аараа эвдэж чадсан юм.
Хүмүүс бүрэн бус түүхий
хайрыг жинхэнэ хэмээн
эндүүрдэг гэсэн өгүүлбэр чих
сортойлгоно. Зохиогчийнхоор
бол гүйцэт боловсрон
төлөвшсөн хайр л жинхэнэ
хайр. “Хайрлах урлаг”-т ийм
хайрыг “Боловсрон төлөвшсөн
хайр гэдэг нь өөрийн бие
даасан шинж болон хувь
шинжийг хадгалсан чигтээ
бусадтай нэгдэх холбоо юм”
хэмээн тодорхойлжээ. Эрих
Фроммынхоор бол хосууд
биесээ хайрлаж нэг хүн
мэт ижилсэхийн зэрэгцээ
тус тусдаа бие дааж, өөр
өөрөөрөө үргэлжлэн оршиж
чадвал тэр хайр жинхэнэ байж
чадах нь. Захирагч болон
дагалдагчийн холбоо өнгөц харахад нэгдэл юм шиг хэр нь
жинхэнэ хайр биш аж.
Хайр бол авах биш өгөх
юм, хайрлуулах бус хайрлах
нь чухал гэсэн утгатай үг,
өгүүлбэр “Хайрлах урлаг”-т
цөөнгүй т а а р н а . Б а я р
баясгалан, дур сонирхол,
ухамсар, мэдлэг, хошигнол,
гуниг зэрэг өөрийн дотор
амьдран буй бүхий л
илэрхийллээ өгөх нь хайр
гэж зохиолч онцолжээ. Өгч
чаддаг хүн болохын тулд
юуны өмнө “би л хамгийн
чухал” хэмээх амин хувиа
хичээх зан, өөрийгөө бодох
чанар буюу нарциссизмаа
анагаах шаардлагатай гэсэн
зөвлөгөө энэ номонд бий.
“Хэрвээ хэн нэгэн бусдыг
бүтээмжит хайраар хайрлаж
чадаж байвал, тэр хүн өөрийгөө ч бас хайрлаж байна
гэсэн үг. Хэрвээ өөрийгөө
бус зөвхөн бусдыг л хайрлаж
чадна гэвэл, тэр хүн огт
хайрлаж чадахгүйн шинж
юм” гэсэн хэсгийн уншсан
хэн ч нэгийг бодож хоёрыг
тунгаана. “ Хүнийг хайрлахад
шаардлагатай дөрвөн
идэхвтэй шинж байдаг гэнэ.
Тэр нь Эрих Фроммынхоор
халамж, хүндэтгэл,
хариуцлага, ойлголт буюу
мэдлэг юм байна.
Хайр бол гэнэн шохоорхол,
богино хугацаатай хөөрөл,
ерөөс сэтгэлийн ямар нэгэн
хөдлөл огтоос биш, хайр
бол урлаг юм, урлаг учраас
хайрлахад суралцах ёстой
гэсэн санаа энэ номын амин
сүнс нь.

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн гүүрний доор байрлах цахилгаан дамжуулах шугамын далангийн эрэг усанд идэгджээ

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, Сонсголонгийн гүүрний доор байрлах цахилгаан дамжуулалтын шугамын далангийн эрэг усанд идэгдсэн байна. Цаашид ч бороо орох төлөвтэй байгаа тул үерийн уснаас урьдчилан сэргийлж холбогдох албаныхан 25 кг-ын элстэй 1000 эко шуудайтай 10 тонн элс хайргаар үерийн даланг хамгаалжээ.

Энэ бол анхан шатны түр зуурын хамгаалалт аж. Яаралтай арга хэмжээ авахгүй бол үерлэсэн голын ширүүн урсгалаас болж эрэг идэгдэж, цахилгаан дамжуулалтын шугам хазайж нурах аюултай нөхцөл байдал бий болсон гэдгийг албаныхан хэлж байна. Тус өндөр хүчдэлийн шугам Яармаг, Буянт-Ухаа цогцолбор, Төв аймгийг эрчим хүчээр хангадаг аж.

Шугамыг зөөж өөр газар байршуулах, эсвэл үерийн урсгал саарсны дараа хамгаалалтын өндөр бүтэцтэй битонон даланг хийж энэ цахилгааны шугамын бүрэн бүтэн байдлыг хамгааалж авч үлдэхээс өөр аргагүйд хүрчээ. Нийслэлийн онцгой комисоос өгсөн үүрэг даалгаврын дагуу тус газарт нийслэлийн мэргэжлийн ангиуд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Доктор У.Тунгалаг: Бэлчээр эзэнгүйдэх буюу шинжлэх ухааны хэлээр “нээлттэй, хэний ч биш” систем бий болж, үнэт нөөц доройтож байна

Монгол Улс нийт нутгийн 80 шахам хувийг эзэлсэн бэлчээртэй, нүүдлийн мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуйн орон. Гэвч өнөөг хүртэл бэлчээрийн асуудлыг зохицуулсан нэгдсэн хуульгүй, ХАА-н салбарын төрийн төв байгууллага дотроо бэлчээрийн асуудлыг тусад нь эрхэлдэг бүтэцгүй байгаа нь гадна, дотны судлаачдын анхаарлыг татаж, гайхашралыг төрүүлдэг. Улс орны эдийн засгийн тулгуур багана болсон мал аж ахуйн салбар бэлчээр ашиглалтын хуульгүй байна гэдэг эмгэнэл гэж хэлэх хүмүүс бий.

Харин сүүлийн жилүүдэд Монгол орны бэлчээрийн доройтол, түүнийг малчид хэрхэн зүй зохистой бууруулах, мөн төрийн бодлого шийдвэрээр яаж дэмжих тухай Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо идэвх санаачилгатай ажиллаж байна. Бэлчээрийн тухай хуультай болох хэрэгцээ, шаардлага, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бусад улс орнууд бэлчээрийн асуудлыг эрх зүйн хувьд хэрхэн зохицуулсан талаар доктор Уламбаярын Тунгалагтай ярилцлаа. Тэрээр “Саруул хөдөө” байгаль орчны байгууллагад судалгаа эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Москвагийн Улсын Их Сургууль, Японы Олон Улсын Их Сургууль, Америкийн Нэгдсэн Улсын Колорадогийн Улсын Их Сургуулийг тус тус төгссөн, тал хээрийн экосистемийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний докторын судалгаа нь Монгол Улсад нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээрийн менежмэнтийн нийгмийн үр дүнг тодорхойлж, нөлөө бүхий хүчин зүйлүүдийг статистикийн аргаар тогтоосноороо ач холбогдолтой болж, Колорадогийн Их Сургуулийн Варнерийн нэрэмжит Байгалийн Нөөцийн Сургуулийн Шилдэг диссертацийн шагнал хүртжээ.

-Нүүдлийн соёл иргэншилтэй манай орон бэлчээрийн тухай хуульгүй байгаа. Мэргэжлийн судлаач эрдэмтний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Монгол Улс бэлчээрийн тухай эрх зүйн зохицуулалттай болох нэн тулгамдсан шаардлага байгаа.Үүнд энэ асуудлыг эрхэлсэн төрийн төв байгууллагаас эхлээд бэлчээр ашиглагч малчин хүртэл олон талуудын оролцоо, идэвхтэй хамтын ажиллагаа, нэгдмэл зорилго хэрэгтэй. Олон улсын жишгээр бол иймэрхүү зохицуулалт эдэлбэрийн багц эрхийн тухай зарчмаар явдаг. Харин манайд энэ талын ойлголт харьцангуй шинэ болохоор товч тайлбар өгье. Багц эрх нь зөвхөн бэлчээр гэлтгүй ой, ан амьтад, ус ургамал зэрэг бүх байгалийн нөөцөд хамаатай. Багц эдэлбэрийн эрх нь гурван үндсэн субьектэд байдаг нь төр, хувийн хэвшил, нутгийн иргэд юм. Нөгөө талаас нөөцийн эдэлбэрийн таван төрлийн эрх байна. Үүнд, нөөцөд нэвтрэх, нөөцөөс авах, нөөцийн менежмэнт хийх, нөөц рүү бусдыг оруулахгүй байх, нөөцийг захиран зарцуулах эрх ордог. Тэгэхээр энэ бүх эрх нь төр болон хувийн хэвшил гэсэн хоёр субьектэд бүгд байдаг. Харин нутгийн иргэдийн хувьд сүүлийн хоёр эрх буюу бусдыг оруулахгүй байх, захиран зарцуулах эрх байхгүй байх нь түгээмэл. Манай улсын хувьд бэлчээрийн зохицуулалт яагаад хэрэгтэй байна вэ гэхээр дээрх таван эрхийг гартаа барьж буй төрийн ажил олигтой явагдахгүй байгаагаас бэлчээр эзэнгүйдэх буюу шинжлэх ухааны хэлээр “нээлттэй, хэний ч биш” систем бий болж үнэт нөөц доройтоод байгаа явдал юм. Иймд нэг талдаа төрийн менежэнт сайжрах, нөгөө талдаа нутгийн иргэдэд эдгээр таван эрхээс ядаж дөрөв нь өгөгдөж байж тэд нэгдэж бэлчээрээ хамгаалах, бэлчээртээ хөрөнгө оруулалт хийх хөшүүрэг бий болох ёстой юм л даа. Гэхдээ одоо ч гэсэн бэлчээрийн де-факто менежмэнтийг малчин өрхүүд хийж байгаа ч ямар нэг институцийн зохион байгуулалтад оролгүй, нэгдмэл үүрэг хариуцлага хүлээхгүй, ганц нэгээрээ аль чадахаараа бэлчээрийн нөөцөөс ашиг хүртэх хэлбэрээр явж байгаад гол асуудал байна. Өөрөөр хэлбэл ямар ч институцигүй байна. Уул нь бол малаа бэлчээртээ тааруулан аж ахуйгаа эрхэлдэг уламжлалт институцүүд манайд шинэ зүйл биш боловч мал нийгэмчлэгдэж, нэгдэл бүх МАА-н менежмэнтийг хийх болсон жилүүдээс энэ уламжлалыг мэдэхгүй малчдын бүхэл бүтэн үе бий болсон, нөгөө талаас чөлөөт зах зээлийн эдийн засгийн ашгийн төлөөх эрмэлзлэл манай уламжлалт ёс зүйг үнэгүйдүүлсэн, төрийн менежмэнт ихээхэн суларсан зэрэг олон хүчин зүйлээс өнөөдөр бэлчээрийн доройтлын асуудал хурцадмал байдалд ороод байна. Одоогийн байдлаар малчид нутгаараа чөлөөтэй нэвтэрч зорчих, малаа бэлчээх, өвс хадлан авах, менежмэнт хийх буюу бэлчээр сэлгэн нүүх, нөөцлөх зэрэг эхний гурван эрх байгаа ч нутагтаа хэзээ хэнийг хэдий хугацаагаар оруулах, оруулахгүйг шийдэх эрх байхгүй байна. Мөн өөрийнхөө үе уламжлан нутаглаж буй газар, бэлчээрээ үр удамдаа дамжуулж үлдээх зүй ёсны эрхгүй байгаа. Ийм чухал зүйлүүд зохицуулагдаагүйгээс “хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа идэх” зарчим үйлчилж, туурайн зуд гэх мэтийн үзэгдэл их гардаг болоод байна.

Монголчуудын түүхэн уламжлалыг харахад бүүр Чингис хааны цаазын бичигт мал бэлчээх нутгийг тодорхой зааж өгч, бусдын нутаг руу дураараа мал бэлчээсэн ардыг төдөн бод, богоор, ноёдыг бол цалин пүнлүүг нь хасах зэрэг шийтгэл байсан байгаа юм. Нэгдэлжихээс өмнө ч ийм хууль заалттай, аймаг, хошуу, сүм хийдийн түвшинд хийдэг бэлчээрийн хуваарилалт, нүүдлийн зохицуулалттай, хот айл, саахалт, нэг нутгийнхны институцүүдтэй явж ирсэн. Нэгдлийн үед мал, малчин, бэлчээр гурвын менежемэнт шинэ шатанд гарч боловсронгуй болсон ч мал бэлчээр хоёроо малчнаасаа хөндийрүүлээд уламжлалт институцүүд суларсан гэж судлаачид үздэг. Одоогийн Газрын тухай хуулийн 52.2-т “Бэлчээрийг нутгийн иргэд хэсэг бүлгээрээ ашиглаж болно” гэсэн заалт байдаг ч араас нь хэрхэн хэрэгжүүлэх журмууд гарч ирээгүйд гол асуудал байна. Хэрвээ нутгийн иргэд малчдын эдэлбэрийн эрх болон бэлчээрийн нөөцтэй холбоотой үүрэг, хариуцлага тодорхой болж, хэрэгжүүлэх талуудаа бүх түвшинд сайн бэлтгэж чадвал нэлээн асуудал шийдэгдэнэ гэж боддог.

-Өнөөдөр Монголын малчдын ахуй амьдрал ямар байгааг бодит жишээгээр хэлэхгүй юу? Малчдын тухай олон судалгааг гаргасан байдаг.

-Өнөөдөр бид малчиддаа анхаарах цаг нь болсон. Малчдынхаа боловсролд анхаарах, нийгмийн асуудлыг шинэ түвшинд гаргаж ирэх хэрэгтэй болжээ. Малчин хүнд хэрэгтэй мэдээлэл хаана ч байхгүй гэхэд болно. Өнөөдөр зурагтгүй малчин өрх маш цөөн болсон ч улс төрийн хэрүүл, солонгос кино, баахан морины уралдаан л үздэг. Зах зээлийн нийгэмд МАА-гаа яаж авч явах вэ, цагаан идээгээ хэрхэн боловсронгуй болгох вэ, арьс шир, ноосоороо яаж өрхийн түвшинд бүтээгдэхүүн хийх вэ, малын бүтээгдэхүүний үнэ ханш аймаг, суманд ямар байна зэрэг тэдэнд чухал мэдээллүүд маш дутмаг. Малчны боловсролд зориулсан сургалт сум байтугай аймгийн төвд ч байхгүй. Аймгуудад байдаг сургалт үйлдвэрлэлийн төвүүд бол голдуу хотын хүнд зориулсан үсчин, нарийн боовчин, гоо сайханч, сантехникч бэлтгэх сургалт явуулдаг. Хааяа нэг байдаг МАА-н чиглэлийн сургалт нь “фермерийн” гэсэн нэртэй. Хөвсгөл мэтийн утасны сүлжээгүй, алслагдмал аймгийн зарим сумдад эмнэлгийн үйлчилгээг малчид огт авч чаддаггүй, өөрсдөө эрийн сайндаа амьдарч, өвдсөн нэгнээ өвс ургамлаар эмчилдэг, эрүүл мэндийн даатгал 100 хувь төлдөг ч ногдсон багахан төсвөөр сумын төвийн хэдэн хүн эм эмчилгээг аваад дууссан байдаг. Сургуульд хүүхэд нь орохоор гэрээ хоёр хувааж эхнэр нь сумын төвд арван сар тусдаа амьдарч, нөхөр нь орой гэртээ ирэхэд гал хөсгүй хүйтэн гэр, хоол ундгүй зэвий дааж угтдаг. Дээр нь хот хүрээний “баруунжсан” хүмүүс элдвээр гоочлон хочилж, хошин шогчид тэнэгдүү хүмүүсийн дүр болгон сурталчилж, хоцрогдлын бэлгэ тэмдэг болгодог. Бодит байдал ийм байхад хэн малчин байхыг хүсэх билээ дээ. Энэ утгаараа өнөөдөр “малчин битгий бай, хот руу бүгдээрээ ирээч” гэсэн төрийн бодлого явж байна. Манай байгууллага Дэ Нэчэ Консерванси байгууллагын санхүүжилтээр Ховд, Хэнтий, Хөвсгөлийн 334 өрхийг хамарсан судалгаа явуулахад, малчин өрхийн тэргүүний дундаж нас 46 байна. Ихэнх нь бага боловсролтой байна.Гэтэл нөгөө талдаа дэлхий биднийг юугаар таньдаг, юугаар нь үнэлдэг вэ гэвэл нүүдэлчид гэдгээр нь. Бидний хөгжил гэж ойлгон магтан дуулах дуртай өндөр байшин, өргөн зам, загварын машин, брэндийн хувцас, фермерийн аж ахуй зэрэг бол биднийг тодорхойлохгүй, бусад орнуудад ч сонин биш зүйл. Хүн төрөлхтөн суурин ба нүүдлийн гэсэн хоёрхон амьдралын хэв маягтай байснаас сүүлийнх нь маш хурдан хугацаанд түрэгдэн алга болж байгаа. Иймээс ч биднийг “сүүлчийн нүүдэлчид” гэж гадныхан нэрлэж, манайд ирсэн жуулчид үзэсгэлэнт байгалиас гадна бидний түүх, соёлыг сонирхож ирдэг.

-Бэлчээрийн хуулийн одоогийн төслийн талаар таны бодлыг сонсъё?

-Манай улсад бэлчээр эзэнгүйдэж эдэлбэрийн эрхийн нээлттэй эмх замбараагүй систем оршин тогтнож байгаа үед энэхүү стратегийн ач холбогдол бүхий нөөцийг эзэнтэй, эрхтэй, үүрэгтэй болгох талаар Засгийн газраас авч байгаа нэг чухал хүчин чармайлт бол бэлчээрийн хуулийг боловсруулж байгаа явдал гэж үзэж байна. Өмнө нь бид хэд хэдэн хуулийн төслүүд боловсруулж батлуулах гэсэн боловч амжилттай болоогүй байгааг бүгд мэдэж байгаа. Ямар ч байсан одоогийн төсөлд бэлчээрийг ашиглалтын хувьд ангилаад, хэн хэрхэн ашиглаж эзэмшиж болох, эрхээ ямар хэлбэрээр ямар хугацаанд авах, тухайн эрхийг авах, сунгах, цуцлах процедур, бүх шатны төрийн байгууллагын хүлээх үүрэг, бэлчээрийн холбоо мэргэжлийн байгууллагуудын оролцоо зэргийг зааж өгсөн байна. Нөгөөтэйгүүр бэлчээр ашиглагчид буюу уламжлалт бэлчээрийн аж ахуй эрхэлж буй малчдын байгууллагын эрх хязгаарлагдмал боловч үүрэг ихтэй, гэрээний заалтуудыг биелүүлээгүйгээс бэлчээр доройтсон тохиолдолд аль ч талын хүлээх хариуцлага хэтэрхий бага зэрэг сул талууд бас байна. Ер нь бол энэ хуулийн төсөл дээр нарийвчлан санал өгнө гэвэл бас нэг ярилцлага болохоор байгаа тул товч байдлаар давуу сул талыг хэлэхэд ийм байна.

-Нүүдлийн мал аж ахуй эрхэлсэн олон орон бэлчээрийн хуультай. Тэр дундаас Киргизстаныг онцлох нь бий. Киргизстан улсын бэлчээрийн хуулийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-2009 онд Киргизстан улс бэлчээрийн шинэ хууль баталж, бэлчээрийн менежмэнтийн эрх үүргийг нутгийн иргэд бэлчээр ашиглагчдад шилжүүлж, бэлчээрийн засаглалын системд төвлөрлийг сааруулах томоохон алхам хийж чадсанаараа төв Азийн бүс нутагт ихээхэн шинэлэг зүйл болсон. Хуулийн гол зорилго нь бэлчээрийн нөөцийн хяналт, хариуцлагыг ашиглагчдад шилжүүлснээр бэлчээрийг хууль бусаар бусдад түрээслэн ашиг олохыг таслан зогсоох, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулахын тулд бэлчээр ашигласны төлбөр бий болгож, бэлчээрийг ашиглах тасалбарын систем нэвтрүүлэх явдал байсан. Эдгээрийг хэрэгжүүлэх нутгийн иргэдийн гол институци болох бэлчээр ашиглагчдын 450 гаруй бүлэг, холбоодыг байгуулж, тэдгээрийн эзэмших бэлчээрийн хил хязгаарыг тодорхойлж баталгаажуулан улсынхаа газар ашиглалтын төлөвлөгөө, бүртгэлд нэгтгэж өгсөн маш чухал алхмуудыг хийсэн байгаа юм. Тухайлбал энэ хуулийн дагуу уул уурхайгаас үүдсэн хохирлыг бэлчээр ашиглагчид нөхөн төлүүлдэг болж, бэлчээрийн төлбөрийн фонд бий болсноор 2014 он гэхэд 130 сая сом буюу бараг 20 сая долларын хураамж авч бэлчээр нөхөн сэргээх, хамгаалах, бэлчээрийн дэд бүтэц байгуулах, бэлчээр ашиглагчдын байгууллагыг дэмжих санхүүжилтийн эх үүсвэртэй болсон нь ихээхэн том ололт болсон. Тэр бэлчээрийн тасалбар гэдэг нь үзвэр үзэх тасалбар шиг бэлчээр ашиглах эрхийн бичиг бөгөөд тухайн малчны улирлын бэлчээрийн байршил, малын тоо толгой, төрөл, бэлчээрийн төлбөрийн дүн, малаа вакцинжуулсан зэрэг мэдээллийг тэмдэглэсэн байдаг. Судлаачид үнэлээчдийн дүгнэлтээс үзэхэд энэ шинэчлэлдээ малчдаа сайн бэлтгэж мэдээлэл хүргэж чадаагүй нэлээн огцом эхэлсэн тул одоо малчдадаа ойлгуулах, хамтран ажиллаж тэднийг сургах ажлууд хийж байгаа юм билээ.

-Манайд бэлчээрийн хууль батлагдаад гараад ирвэл үр дүн нь ямар байх бол?

-Киргизстаны гол ололт нь бэлчээрийн хуулиа батлаад авсанд байгаа. Гэтэл малчид нь бэлэн биш байсан асуудалтай. Манайд бол эсрэгээрээ малчид нь бараг бэлэн болчихсон байдаг. Харин хууль эрх зүй нь тодорхойгүй байдаг. Хэрвээ бэлчээрийн хууль батлагдаад ирвэл нэлээн олон зүйл тодорхой болно.

Малчдын байгууллага гэж хэн бэ, ямар эрх, үүрэгтэй вэ гэх хууль эрх зүйн орчин бий болно. Гэрээ хэлцэл хийж, үйл ажиллагаа явуулж, нөөцтэйгөө ажиллаж эхэлнэ. Нутгаа мэдэж, бусдыг оруулах, оруулахгүй байх, оруулбал хэзээ, ямар хугацаагаар хэдэн мал хүн оруулахаа шийддэг эрх нь зохицуулагдаж хэрэгжиж эхэлнэ. Нэг талдаабэлчээр ашиглагч малчид, нөгөө талдаа бэлчээрээ ашиглуулагч тухайн сум орон нутгийн засаг даргахоёрын хооронд бэлчээрийн гэрээ яаж хийх, хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, дүгнэх, сунгахзэргийг чиглүүлж өгснөөрөө ач холбогдолтой. Малчдын байгууллагад мэдээж нутагтаа жилийн дөрвөн улиралд мал сүргээ адуулан амьдардаг иргэд орно. Бэлчээрийн төлбөрийн хувьд малчид бүс нутгаараа өөрсдөө тогтоодог байвал оновчтой болно. Учир нь манай орны нутаг дэвсгэр өргөн уудмын хэрээр нутаг нутгийн ялгаа онцлог их тул үүнийг дээрээс зааж тогтоох нь алдаа их гарах шалтгаан болох байх. Хамгийн гол нь зарчмыг нь заагаад өгчих ёстой. Жишээ нь, адуу, ямаа зэрэг бэлчээрт халтай гэгддэг малаас авах татвар арай өндөр, байгальд ээлтэй үхэр, хонь зэрэгт арай бага, жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч гадаа ганддаг хүний мал бол арай бага, төв суурин газар байдаг ч мал эзэмшиж, бэлчээрийн нөөцийн хувьд түрүүний хөдөөний хүний малын идэшнээс булаалддаг бол арай өндөр гэдэг ч юм уу. Гол нь гадаадын хэвлэлд гараад байгаа “Монголын мал бэлчээрээ идэж дуусгаж байна” гэдэг асуудлыг шударга эрх тэгш байдлаар шийдэхэд чиглэх гол зорилгын дор энэ бүхнийг сайтар бодолцож хийх хэрэгтэй байгаа юм. Засаг дарга, малчдын байгууллагын аль алиных нь үүрэг хариуцлагыг ч сайн зааж өгөх ёстой. Малчдын байгууллага хуулийн этгээд болсноор Монголын хөдөө аж ахуйд шинэ дэвшил гарах нь мэдээж. Цаг хэцүү боллоо гэхэд хөрш нутагладаг малчдын байгууллагын бэлчээрт оруулж болох боломжид нь таарсан толгой малыг оруулдаг, эргээд нөгөө талд асуудал үүсэхэд хариуд нь бас боломжит тооны малаа оруулах зэргээр уламжлалт “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг харилцааг илүү албан маягаар хуулийн хүрээнд явуулдаг болно. Ингэснээр жишээ нь туурайн зуд гэдэг юм ихээхэн багасах байх. Гол нь малчдын байгууллагыг дэмжсэн боловсролын болоод зах зээлийн бодлого, үйлчилгээ сайн явуулах нь чухал. Нөгөө талдаа бид шударга ёс, малчдын тэгш эрхийн асуудлыг нухацтай харах цаг болсон. Тухайлбал, манайхан малын мах экспортлох тухай их ярьж түрүүчээсээ гаргаж байгаа. Гэхдээ одоохондоо энэ бол жинхэнэ “хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа” малчдад хүртээл багатай, харин олон мянган толгой малтай ч суурин газар тавлаг амьдардаг эрх мэдэл, мөнгө төгрөгтэй хүмүүст илүү ашигтай байгаа нь нууц биш.Энэ мэт бэлчээрийн татваргүй байгаа хуулийн цоорхойг дотоодын төдийгүй гадны чинээлэг хүмүүс ч самбаачлан ашиглаж, тэдний малыг малладаг хөлсний малчид олширч байгаа талаар би сонссон. Иймээс яг хөдөөдөө өөрийн малаа маллаж буй малчид “татвараа тогтоогоод өгөөч, бид төлье” гэж өөрсдөө хүсээд байгааг бид анхаарах хэрэгтэй юм. 2016 оны байдлаар нийт малчдын бараг 80 хувь нь 500-аас доош толгой малтай байгаа нь ихэнх малчид амиа аргацаасан МАА эрхэлж байгааг харуулж байна. Энэ бүх хүмүүс гэнэт “ингэж зовж байхаар ер нь суурин газар ирж улсын тэтгэмжээр амьдарна аа” гэвэл улсын нийгмийн халамжийн төсөв тэднийг тэжээж дийлэх үү? Маш их дарамттай зүйл болно шүү дээ. Иймд ингээд өөрсдийгөө болгоод хөдөөдөө амьдраад, хот суурин газар нийгмийн үйлчилгээний ачааллыг нэмэхгүй байгааг нь бас үнэлж үзэх хэрэгтэй учраас би тэгш байдал, нийгмийн баялгийг шударга хуваарилах тухай яриад байгаа юм л даа.

-Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо сүүлийн үед явуулж буй үйл ажиллагааны талаар товч асууя. Үндэсний том форум зохион байгуулж, жинхэнэ малчид руугаа хандсан бодлого явуулж, бэлчээрийн доройтол, эко системийн асуудал зэргийг хөндөх болсон?

-Тус холбооны явуулж буй энэ бүх ажил бол холбогдох төрийн байгууллагуудын хийж байх ажил юм. Гадны төслийн байгууллага дэмжээд үндэсний холбоо байгуулагдаад ажиллаж байгаа нь чухал алхам гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сүүлийн хорь гаруй жил малчдын болоод бэлчээрийн асуудал орхигдсныг би ярианыхаа эхэнд хэлсэн. Хааяа нэг л малчдын зөвлөгөөн хийж “1000 малтай сайн малчин байна” гэж урамшуулдаг шүү дээ. Холбооныхон бол орон нутагт нь очоод зах зээлийн системийн тухай танилцуулаад банктай ингэж ажиллана, бэлчээртэйгээ ингэж ажиллана, бүтээгдэхүүнээ ингэж борлуулна гээд донорын санхүүжилттэй төслөөр зааж өгч байна. Наад зах нь бүлэг хамт олон болоод хурлаа яаж хийж, хамтын шийдвэр хэрхэн гаргахыг ч зааж байна. Харин энэ хүмүүсийн хийж байгаа ажлыг төрийн байгууллагууд яаж дэмжиж байна, тэдний ажлаас гарч байгаа үр дүнг төрийн институцийн системд хэрхэн суулгаж, одоогийн ажилтай хэрхэн уялдуулж байна гэдэг өөр асуудал. Төрөөс цалин хангамжтай, албан хаагчидтай аймгийн хөдөө аж ахуйн газрууд байна. Суманд энэ чиглэлээр ажилладаг 2-3 төрийн албан хаагч бас байна. Тэр бүтцүүд энэ холбооны ажлыг хэрхэн өөрсдийн төлөвлөгөө, тайланд шингээж, өөрсдөө тэднээс юу суралцаж байна. Холбоо ганцаараа зүтгээд төрийн дэмжлэггүй бол явахгүй. Гадны төсөв гэдэг 5,10 жилээр явдаг тул үр дүнг төрийн байгууллагын ажилд нутагшуулах гэдэг их чухал. Мөн донорын санхүүжилт дуусахад цаашдын үйл ажиллагаа яаж явагдах вэ. Энэ мэтээр холбооны тогтвортой байдлыг одооноос бодох ёстой байх.

Эцэст нь хэлэхэд манай улсын хөгжлийн гол бодлогод тунхагласанчлан ХАА-н салбар Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг тулгуур юм бол МАА-н салбарын эдгээр асуудалдбид бүх талаасаа онцгой анхаарч, ялангуяа бидний ярьсан нутгийн иргэдийн эдэлбэрийн эрхийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, хамгаалах ажлыг нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Бэлчээрийн экосистемээ хамгаалах, монгол малынхаа генийг хамгаалах, нүүдлийн соёлоо он удаан жил тээж явахыг хүсдэг, эдгээрээр бахархаж явдаг ямар ч монгол хүн энэ чиглэлд төрөөс гарах санаачилга, манлайллыг дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлэх захирамж гаргалаа

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлэхээр Говь- Алтай аймгийн засаг дарга захирамж гаргалаа.

Засгийн газрын тогтоолыг үндэслэн Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлэхээр Говь-Алтай аймгийн засаг даргын захирамж гарлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эхний ээлжид мал сүргийг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгад хамруулах, бэлчээрийн ургац, даац багтаамжийг тодорхойлох, зун намрын отор малчин өрх,малын тоог нарийвчлан гаргаж, өвөлжөө, хаваржааны нутгийг малын хөлөөс чөлөөлсөн шийдвэр гаргахыг сумдын засаг дарга, тамгын газарт хүргүүлсэн байна. Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 8812,4 мянган га нь бэлчээрийн талбайгаар ашиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оны эцсээр 3,801,0 мянган толгой мал тоолуулсан.

Энэ нь малын тоо толгой сүүлийн жилүүдэд өсөөгүй өндөр үзүүлэлт юм. Малын тооноос хамааран засгийн газраас аймгийг аюулгүйн нөөцдөө өвс 200, тэжээл 100 тонныг харин 18 сум тус бүр өвс 30, тэжээл 50, аймгийн хэмжээнд нийт өвс 740, тэжээл 1000 тонныг бэлтгэхийг даалгасны дагуу төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ.