Categories
мэдээ нийгэм

Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ

Монгол Улсын иргэн ОХУ-ын автозамын хилийн боомт Хиагтаар 24 литр айраг авч гарах гээд Оросын хил, гаалийнханд саатуулагджээ. Мөн машиндаа хонины чанасан 6.6 кг мах нуусан байсныг хураасан байна. ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн дээрх иргэдэд захиргааны хэрэг үүсгэж, хураагдсан айраг, махыг Монголын талд хүлээлгэн өгчээ.

2017 оны нэгдүгээр сарын 12-ноос Монгол Улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтад тээвэрлэх, зөөвөрлөхийг түр хориглосон билээ. Эрхүү муж, Буриадын БНУ-ын Мэргэжлийн хяналтын газраас хойд хөрш рүү аялж байгаа монгол иргэд хориглосон бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг удаа дараа гаргаж байгааг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Арьс бол дотор эрхтэний толь

Арьс нь хүний биеийг бүхэлд нь хучиж бие мах бодид олон чухал үүргийг гүйцэтгэдэг хамгийн том эрхтэн гэж хэлж болно. Ийм учраас арьс гэдэг эрхтэний талаар хүн зохих мэдлэгтэй байх ёстой. Насанд хүрсэн хүний арьс биеийн гадаргын 1,5–2,0 м кв талбайг, биеийн жингийн 5%, өөхөн давхрагаа оруулбал 15% хүртлэх жинг эзэлдэг. Арьс нь өөрийн өвөрмөц өнгө, зураглал хээтэй байдаг. Хувь хүн бүрийн арьсны зураглал хээ давтагдашгүй өөр өөр байна. Энэ аргыг ашиглаж хөгжсөн шинжлэх ухаан ч байна. Үүнээс гадна арьс нь бүх биеийг хучиж байдаг хамгаалалтын даавуун бүрхүүл биш бөгөөд организмд олон чухал үүргийг гүйцэтгэдэг байна.

Үүнд :

Хамгаалах , амьсгалах / хүний нийт амьсгалын 2% нь арьсаар явагддаг /, бодисын солилцоонд оролцох, дулааныг зохицуулах, мэдрэх үүрэг гүйцэтгэх, арьс өөрөө өөрийгөө цэвэрлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Арьсан дотор маш олон тооны тос, хөлсний булчирхайнууд байрлана. Арьс байнга гуужиж шинэ залуу эсүүдээр солигдож байдаг. Арьс нь дэлүү шиг цус хадгалах нөөц эрхтэн болдог ба ус,эрдэс менералууд, лимфийн шингэнүүдийн ихэнх хувь нь арьсанд хадгалагддаг ажээ. Арьсанд ойролцоогоор 1 л орчим цус байдаг ба энергийн эх үүсвэр эрхтэн юм. Арьс нь бүх эрхтэн системтэй холбоотой байхаас гадна дотор эрхтэнтэй нягт уялдаа холбоотой байдаг.

Ийм ч учраас арьс, үс, хумс нь хүний нүдэнд ил байдгын хувьд эрүүл мэндийн байдлыг илэрхийлж байдаг толь гэсэн үг. Одоо тэгвэл дотоод эрхтэн систем, бодисын солилцооны үйл ажиллагааны хямралаас хамаарч арьсан дээр хэрхэн “Анхааруулах шинж тэмдэг “ илэрдэгийг авч үзье.

Нэг. Дотоод шүүрлийн олон булчирхай хүний гадаад өнгө үзэмжийг тодорхойлдог байна. Самототропин гэдэг Өсөлтийн гормон нь биеийн галбир төрх, булчингийн бүтэц хөгжил , өөхөн давхрагын тэнцвэрийг тогтоон барьж байдаг ба энэ гормон дутагдвал арьс цонхийж цайрах, хуурайших, хөлс, тосны булчирхайн ялгаралт алдагдаж арьсанд наснаас эрт үрчлээ үүсч эхэлдэг байна. Бөөрний дээд булчирхайн болон бэлгийн булчирхайн үйл ажиллагааны хямралтай холбоотой үсэрхэг шинж илрэх, үс оройноосоо эхлэн халцрах шинж илэрч болно. Бэлгийн стеройд гормоны бодисын солилцооны нэг гол газар нь арьс юм. Түүний үйлчилгээ нь эпидермис, үсний фолликул, тослогийн булчирхай, фибробластууд зэрэгт байрлах тусгай андрогены рецепторуудаараа дамжин явагддаг байна. Бамбай булчирхай нь тааварлахын аргагүй сонирхолтой үйл ажиллагаатай эрхтэн бөгөөд эрдэс, менерал, өөх тос , нүүрс усны солилцоонд оролцдог, үйл ажиллагаа алдагдаж / дутагдаж /эхэлбэл салстын хаван үүсч , арьс хуурайшин, барзгартаж, хогжруутан үс унаж эхэлдэг.

Харин ихэсвэл хөлрөмтгий болох зүрх дэлсэх шинжүүд гарна. Саахарын шижин өвчний үед арьс цонхигор цайвар болж нүүрээрх цусны судаснууд тодрон өргөсөж, хөмсөгөөр шар толбонууд үүсэх , гүвдрүү туурах, идээт голомтууд үүсэх , хатигших зэрэг шинж эхэлдэг байна. Бэлгийн булчирхайн гормоны алдагдлын үед батгаших, үс унах , эсвэл нүүр, мөчдөөр хэт их үс ургах байдал илэрдэг.

Хоёр. Ходоод , элэг ,цөс, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт арьсан дээр илэрч гардаг . ОХУ-д хийсэн судалгаагаар Архаг экзематай өвчтөнийг шинжлэхэд 40,1 – 80,8% нь ходоодны архаг үрэвсэл, шүүс ялгаралтын эмгэгтэй, 48,1%-д нь бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, 51,4 -64,9%-д нь цусны эргэлтийн архаг дутагдал, 70 – 80%-д нь төв мэдрэлийн системийн талаас ямар нэг өөрчлөлттэй болох нь тогтоогдож байсан байна. Энэхүү баримтаас харахад арьсны өвчин дотор эрхтэн системтэйгээ харилцан холбоотойгоор өвчилдөг болох нь харагдаж байна. Таны арьс хуурайшиж, гуужин, бараан өнгийн буюу шаргал нөсөө үүсэх, үрэлт, бариу хувцас өмсөх, маажих үед амархан улайх, гарын алганы нугалаас нөсөөжих, завьж цуурах, хэлний салст өнгөртөж шүлс өтгөрөх, хумс хугарамхай болох, цээжний ба хэвлийн өмнө хэсгээр улаан ягаан өнгөтэй цэгэн тууралт гараад дарахад арилахгүй, буйлнаас цусархаг шинж илрээд байвал ходоод, 12 хуруу гэдэс, нойр булчирхайн эмгэг байх магадлалтай.

Арьс тасралтгүй загатнаж хуурайшиж шаргалтан шаргал буюу бор өнгийн нөсөө тогтох, арьсан дээр цусархаг тууралт гарах, гарын алга улайх, хумс тэжээлээ алдаж амархан хугарах, хуудсарч цуурах, орой хувцас тайлах, хурц хоол идсэний дараа загатнах шинж илрэх нь элэг, цөсний замын эмгэг үүсч байгааг илтгэнэ. Харин арьс хуурайшин хувцас тайлах үед цагаан хогжруу унах, үс шингэрч халцрах, хумс хугарамтгай, нимгэн болж гялалзсан өнгө нь алдагдах, амны салстаар шархалж буйлнаас амархан цус гарах зэрэг шинж илрээд байвал нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлт байж болзошгүй. Ийнхүү арьс нь дотор эрхтэн системийн эмгэг үйл ажиллагааны өнгө төрхийг илтгэдэг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Сүүлийн өдрүүдэд орж буй их хэмжээний аадар борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамд гэмтэл ихээр гарч, 6-35кВ-ын хуваарилах байгууламж усанд автах тохиолдлууд ажиглагдаж байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд,

-Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулах, тухайн газраас холдож аюулгүй замд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

-Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтмол газарт ойртохгүй байх,

-Цахилгаан щит бүхий байрууд подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

-Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,

-Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,

-Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч тул сэрэмжтэй байхыг холбогдох албадаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн урт сар хиртэлт болно

Энэ сарын 27-нд буюу ирэх баасан гарагт сарны бүтэн хиртэл болно. Уг хиртэлт нь 21 дүгээр зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт байх бөгөөд 103 минут үргэлжлэх аж. 100 минутаас илүү хугацаагаар сар хиртэх үзэгдэл нэгэн зуунд дунджаар таван удаа тохиодог байна. 1901 оноос хойших 200 гаруй жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэл 2000 оны долдугаар сарын 16-нд бүртгэгджээ. Уг хиртэлт нь 106,5 минут үргэлжилсэн байна.

Сарны бүтэн хиртлийг Ойрх дорнод, Төв ази, Өмнөд ази, Африкийн өмнөд ба зүүн хэсэг, Оросын европын өмнөд хэсэг, Өмнөд Уралын нутгуудад ажиглах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ

Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Уужим булаг” дахь Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн /ДДЦС ТӨХК/ үнсэн сангийн дэргэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй талаар тус багийн иргэдээс Дархан сумын ЗДТГ-т удаа дараа санал гомдол иржээ.

Иймд түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, олборлож байсан “Халнит” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоож нөхөн сэргээлт хийлгэн уг газрыг хамгаалах шийдвэр гаргахаар аймаг, сумын удирдлагууд хамтран ажиллаж байгаа ажээ. Тус газар нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 127 га мод үржүүлгийн талбай, ДДЦС ТӨХК-ийн гүний худгууд болон шугам, Дархан сумын ИТХ-ын 2014 оны 08/03 дугаар тогтоолоор Орон нутгийн хамгаалалтад авсан газартай давхцаж байгаа тул тус газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн хамгаалалттай газрын горим”-ын 4.1 дэх заалт, “Унд, ахуйн ус хангамжийн ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоох тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 47 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байгааг албаныхан мэдэгдэж байна.

Түүнчлэн малчин, мал бүхий иргэдийн зуслангийн газар, малчин бэлчээрийг эвдэж сүйтгэж байгаа учраас ийнхүү иргэд тус газарт олборлолт явуулахгүй байхыг шаарджээ.

2017 онд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал авахад Дархан сумын ЗДТГ-аас 3/533 тоот албан бичгээр татгалзах санал хүргүүлж байжээ.

Categories
мэдээ спорт

МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагт Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд гарсан анхны монгол хүн болсон байна.

Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны монгол хүн тэрбээр К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдон түүхэн амжилтынхаа тухай мэдээлэл хүргэжээ.

Тэрбээр хэлэхдээ ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэжээ.

k2

К2 уулын оргилд хүрэх Монголын шилдэг уулчдын гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Цэрэнбат: Жуулчдад тулгардаг асуудлыг хаягжилтын систем ашиглаж шийднэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Их Британи улсын “what3words” буюу 3 үгт хаягжилтын систем компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг өчигдөр зурлаа.

Хамтын ажиллагааны үр дүнд хотын төв болон хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энгийн 3 үгт хаягаараа дамжуулан нэмэлт орлого олох боломж бүрдэх ажээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газраас “Хүчээ нэгтгье” форумыг зохион байгуулах үеэр цаашид Монгол Улсын аялал жуулчлалын зах зээл үндсэн дэд бүтэц, дижитал дэд бүтэц гэсэн хоёр тулгуур баганыг түшиглэж хөгжинө гэсэн байгаа. Мөн бид жилд нэг сая жуулчин хүлээн авах, 2030 он гэхэд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг ДНБ-ний 10 хувьд хүргэх зорилт тавиад байна. Үүнд дижитал технологид суурилсан аялал жуулчлалыг дэмжих үйл ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэх юм.

Үүнээс гадна гадаадын болон дотоодын жуулчдад тулгардаг хүндрэлтэй асуудлын нэг болох хаягжилтын асуудлыг “what3words” буюу 3 үгт хаягжилтын системийг ашиглан шийдвэрлэнэ. Энэхүү хамтын ажиллагаа маань Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд томоохон тоглогч болоход тун их түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин “what3words” компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга ““what3word” компанийн 3 үгт хаягжилтын систем дэлхийн гадаргууг 3м х 3м квадратуудад хувааж тус бүрт нь гурван үг оноож өгсөн бөгөөд дэлхий нийт тэр чигээрээ манай аппликейшнд бүртгэгдээд байгаа. Манай компанийн зүгээс Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Lonely Planet Mongolia” аялалын хөтөч номыг худалдаанд гаргаад байна. “Lonely Planet” бол дөч гаруй жилийн хугацаанд нийт 145 сая аяллын хөтөч номыг дэлхийн зах зээлд гаргасан алдартай ном бөгөөд “Lonely Planet Mongolia” номонд 900 гаруй аялал жуулчлалын байгууллага, үзвэр, үйлчилгээний газар 3 үгт хаягтайгаа багтсан. Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарт тулгарч буй хаягжилтын асуудлаа сүүлийн үеийн шинэлэг технологи болох 3 үгт хаягжилтын системийг ашиглан шийдвэрлэж буй дэлхийн хамгийн анхны улс болж байна” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийг өөрчилж буй технологийн хувьсалуудыг танилцуулж байна

Шинэ дэвшилтэт технологи бол зөвхөн технологи сонирхогчдын анхаарлыг татаад зогсохгүй дэлхийн хэмжээнд тухайн салбартаа өөрчлөлт авчирч чадаж байгаа юм. Бидний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж чадах технологийн хувьсалууд шинээр бий болсоор байгаа.

1820 оны үед хүн төрөлхтөн 35 орчим л насалж, дэлхийн нийт хүн амын 94 хувь нь нэн ядуу түвшинд амьдарч, 20 хувиас ч бага нь бичиг үсэг тайлагдсан байв. Харин өнөөдөр хүн төрөлхтөн амьдрах хугацаагаа 70 ба түүнээс дээш жилээр таамаглаж, 80-аас дээш хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. Эдгээр хөгжил дэвшлийг технологигүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд технологи аж үйлдвэрлэлийн үеэс өнөөгийн мэдээллийн эринд ч үргэлжлүүлэн хөгжсөөр байна. Дэлхийг цаашид илүү ихээр өөрчилж, хүн төрөлхтнийг халамжлах олон гайхалтай технологиудаас танилцуулж байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Хиймэл оюун ухааныг ихэвчлэн Amazon, Baidu, Google, Microsoft гэх мэт том компаниуд болон зарим старт-апууд л ашиглаж байна. Бусад компаниудын хувьд энэ төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь өртөг өндөртэй бөгөөд хөдөлмөр шаардсан ажил байдаг. Харин хиймэл оюун ухааны технологийг Cloud серверт нэвтрүүлснээр илүү олон компаниуд хэрэглэх боломжтой болох юм. Энэ төрлийн технологийг ашигласан Amazon Web Services, Google Cloud, Microsoft Azure платформууд хэрэглээнд нэвтрээд эхэлчихсэн.

Хиймэл оюун ухаанд суурилсан системийг одоогийн байдлаар технологийн салбарт түлхүү ашиглаж байгаа ч ойрын ирээдүйд анагаах, эрчим хүч, аж үйлдвэрийн салбаруудад нэвтрүүлэх боломж харагдаж байна.

ДРОН БА НИСДЭГ МАШИНУУД

“GPS”-ийг анх цэрэг армийн зориулалтаар ашиглаж эхэлсэн бөгөөд одоо цагт газрын зураг, зүг чигээ олох гэх мэтээр ашиглаж байна. Үүний нэг адил дрон ч цэргийн зориулалтаасаа хальж өргөн хүрээнд хэрэглэгдэж, энгийн хүмүүс ашиглах болсон. Жишээлбэл, дроныг гүүр, өндөр хүчдэлийн шугам зэргийг шалгах, байгалийн гамшигт өртсөн газруудыг тогтоох, хулгайн антай тэмцэх зэрэг олон аргаар хэрэглэх болов. Сүүлийн жилүүдэд Хөдөө аж ахуйн салбарт ихээр ашиглах болжээ. Ийм дрон нь кино зураг авалт, армид ашигладаг дронуудаас ялгаатай. Хэт ягаан туяаны тусламжтайгаар хаана ургац хугацаандаа ургаж буйг, эсвэл хаана ургахгүй байгааг олж илэрүүлдэг байна. Мөн эл дрон нисэж байхдаа элдэв хортон шавьжийг хүртэл устгах хүчин чадалтай.

The Terrafugia TF-X нисдэг машин (source)

Нисдэг машиныг дронтой харьцуулахад мэдээж овор хэмжээ ихтэй. Үйлдвэрлэх материал, зай (цэнэг), мөн үйлдлийн систем зэргээс шалтгаалан нисдэг машин өнөөдөр бидний ашиглаж буй онгоц, эсвэл нисдэг тэргээс хавьгүй илүү, бас хүртээмжтэй байж чадна.

ӨӨРИЙГӨӨ ЖОЛООДДОГ МАШИН

Өөрийгөө жолооддог машинууд нь хүн машиныг жолоодохоос илүү эрсдэл багатай. Ойрын 3-5 жилийн хугацаанд эдгээр нь илүү аюулгүй, бас хүмүүс голчлон өөрийгөө жолооддог машиныг илүүд үзэх төлөвтэй байна. ДЭМБ-ын тооцоогоор жилд 1.25 сая хүн авто тээврийн ослоос үүдэлтэй шалтгаанаар энэ хорвоог орхих болжээ. Тэдгээрийн тэн хагас нь явган хүн, унадаг дугуй, мотоцикл машинд мөргүүлсэн тохиолдол байдаг. Түүнчлэн 15-29 насны залуучуудын үхлийн шалтгаан нь авто машины осол болдог.

20 дугаар зуунд машин бидний амьдралыг өөрчилсөнтэй адил өөрийгөө жолооддог машин ч мөн адил 21 дүгээр зууны томоохон хувьслын нэг байх нь гарцаагүй. Ихэнхи тохиолдолд хотуудын ашиглах боломжтой зай талбайн 20-30 хувийг машиныг байрлуулахад ашигладаг бөгөөд машиныг ашиглах хугацааны 95 хувь нь зогсоол дээр өнгөрдөг байна. Өөрийгөө жолооддог машиныг цаг үргэлж хэрэглэх боломжтой (гар утасны аппликэшний тусламжтайгаар) буюу зогсоолын хэрэгцээг эрс бууруулна. Машинууд хоорондоо холбоотой байх бөгөөд ингэснээр осол аваар гарах эрсдэл, замын түгжрэл ч мөн багасна. Таны жолоо барих хугацаа багассанаар боловсрол, ажил, найз нөхөд гэх зэрэг бусад зүйлд зарцуулах цаг нэмэгдэнэ.

ЧАНАРТАЙ ЦАХИМ БОЛОВСРОЛ

Их сургууль, коллежийн үнэ жил ирэх тусам тэнгэрт хадаж байгаа хэдий ч ухаалаг утастай хэн бүр ямар ч сэдвийн хүрээнд үнэгүй хийгээд өдрөөс өдөрт чанаржиж буй онлайн боловсрол олгох контентийг үзэх боломжтой болжээ.

Британника хэмээх нэвтэрхий толь 1400 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл одоо зүгээр утаснаасаа хэдхэн товч дараад л Wikipedia-г ашиглаж байна шүү дээ. Хуучин код бичиж сурахын тулд заавал сургуульд явах аль эсвэл ном худалдаж авах шаардлагатай байсан бол одоо 40 сая гаруй программистуудын нэгдэл болсон Stack Overflow ороод л хүссэн асуудлынхаа хариултыг олж чадаж байна. Youtube л гэхэд топ их сургуулиуд, багш мэргэжилтэн нарын бэлтгэсэн сая сая лекц, зааварчилсан бичлэгээр дүүрэн билээ.

Онлайн боловсролын чанар нь цаг ямагт улам хурдацтай сайжирч байгаа юм. MIT л гэхэд өнгөрсөн 15 жилийн турш 2000 гаруй хичээлийн лекц, материалуудыг бүгдийг нь бичиж хадгалж авсан аж.

ИЛҮҮ ТЭЖЭЭЛЛЭГ, ЧАНАРТАЙ ХООЛ ХҮНС

Зөвхөн хагас кг үхрийн мах боловсруулахын тулд бид 6809 литр усыг ашигладаг гэвэл та итгэх үү. Бидний амьдралын нөхцөл, эрүүл мэнд улам бүр сайжирч, хүн амын тоо хурдацтай өсөх хэрээр хэрэглээ ч даах хэмжээнээс давах тийш хандаж буй нь нууц биш. Энэ асуудлыг шийдвэрлэхээр сүүлийн жилүүдэд хоол хүнсний шинэ техник, технологиуд ихээхэн бий болж байна. Энтрепренерүүд уламжлалт хоол хүнсийг орлох илүү байгалд ээлтэй, шим тэжээл ихтэй цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгосоор байгаа юм. Эдгээрийн зарим нь олны дунд аюултай хэмээн бишгүй хэлмэгддэг генийн өөрчлөлтийн үр дүнд бүтээгдсэн. Pew байгууллагаас гаргасан судалгааны үр дүнд эрдэмтэн судлаачдын 88 хувь нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг ямар нэгэн аюулгүй хэмээн дүгнэсэн байна.

Хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой өөр нэгэн сайхан мэдээ бол тариаланг заавал гадаа хийх шаардлагагүй болсон явдал юм. Нарны эрчим хүч, мэдрэгч, гэрэл, автоматчилал, хиймэл оюун ухааны салбарт гарсан олон гайхалтай амжилтуудын үр дүнд дотор тариалан эрхлэх шинэ сонголт үүсжээ. Уламжлалт тариалантай харьцуулахад дотор тариалан эрхлэх нь даруй 10 дахин бага ус, газар ашигладаг. Цаг агаараас хамааралгүй тул жилд хэдэн ч удаа ургац авах боломжтой гэнэ шүү.

АНАГААХ УХААН

Компьютер нь анагаах ухааны салбарт судалгаа, бүртгэлийн ажлаас өөр онц үүрэггүй гэж тооцдог байсан үе саяхан. Харин одоо компьютерийн хүчин чадлыг эм тариатай хослуулж салбарын томоохон нээлтүүд хийгдэж байна. 15-хан жилийн өмнө хүний геномын дарааллыг тогтоох нь 3 тэрбум долларын өртөгтэй байсан бол өдгөө 1000 ам.доллар болтлоо буурч, цаашид ч үргэлжлэн буурах төлөвтэй байна. Ойрын ирээдүйд генийн дарааллыг тогтоох нь анагаахын шинжлэх ухааны салшгүй нэг хэсэг болох биз ээ.

Генийн дараалал тогтоосны үр дүнд гаргаж авсан асар их хэмжээний датаг янз бүрийн чадвартай програм ашиглан анализ хийж байна. Жишээлбэл, нэг програм л гэхэд хүний цусны сорьцыг ашиглан хорт хавдрын эрт илрүүлдэг аж. Магадгүй ирээдүйд хувь хүн бүрт хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг нь ч зааварчилдаг болох байх. Компьютер нь мөн аливаа өвчин эмгэгийг оношилж илрүүлэхдээ гарамгай болж байна. Саяхан л гэхэд эмч нарын илрүүлж чадаагүй маш ховор өвчинг хиймэл оюун ухааны систем 20 сая гаруй хорт хавдарын архивыг шүүн давтагдаж буй шинжүүд дээр тулгуурлан оношилсон байна.

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭВ

Лондон хотын “West End” дүүрэгт эрчим хүчээр хангах зориулалт бүхий дэлхийн хамгийн анхны ухаалаг гудамжийг байгуулах ажил дуусч, ашиглаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, тус гудамжны явган замыг эрчим хүч үүсгэх Pavegen-ний хавтангуудаар хийж гүйцэтгэсэн юм. Явган зорчигчид Bird Street гудамжаар явж өнгөрөхдөө зориулалтын аппликейшнд холбогдож, тэдний хөлийн алхаа хэчнээн хэмжээний эрчим хүч гаргаж буйг үзэх боломжтой аж.

Pavegen-ийхэн Bird Street гудамжинд ойролцоогоор 10 м.кв орчим талбайд хавтан суурилуулжээ. Энэ нь хүний алхалтын хүчийг эрчим хүч рүү хувиргаж, ойр орчмын газруудын гэрэлтүүлгийг асаах болон шувуудын чимээг дуугаргах хүчин чадал бүхий цахилгааныг үйлдвэрлэх юм. Энэ технологийг олон улс хэрэгжүүлж эхлээд байна.

М.АМАРЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна

Монгол Улс 2003 оноос далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг Сингапур улсаас эхлүүлсэн байдаг. Энэ нь манай улсын хѳлѳг онгоцны бүртгэл дэлхийд Люксeмбург, Щвейцарь улсуудын дараа далайд гарцгүй орнуудын үүсгэн байгуулсан гурав дахь хѳлѳг онгоц бүртгэлийн газар болон гарч ирсэн түүхтэй. Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр хэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгээд байгаагаас 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй юм байна.

Манай улс хэдийгээр далайд гарцгүй ч Монголын хѳлѳг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү. Энэ нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл ажээ. Монгол Улс энгийн (энэ нь дотроо түр ба байнгын), богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг байна. Одоогийн байдлаар манай улс нийт таван улсад итгэмжлэсэн агент томилон ажиллаж, мөн “Lloyd’s Register”, “Korean Register”, “Russian Maritime Register of Shipping” зэрэг хамтран ажиллаж, хүлээн зөвшөөрсөн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцны үзлэг, шалгалтыг өргөн сүлжээгээр зохион байгуулж буй юм байна. Далайд гарцгүй Монгол Улс усан замын тээвэрт бусад улсын хөлөг онгоцуудад зөвхөн далбаагаа ашиглуулж орлого олох хэлбэрээр оролцдог. Монгол Улс Хөвсгөл нуурт онгоц аялуулж эхлээд 100 гаруй жил, яг усан замын тээврийн салбар үүссэн 60 гаруй жилийн түүхтэй. Далайн тээвэр гэдэг нь зөвхөн нэг орны асуудал биш, дэлхийн орнуудыг хамарсан асуудал учраас дэлхийн болон улс орны нийгэм, эдийн засаг өөрчлөгдөхийн хэрээр даган, хөгжин хувьссаар иржээ. Монгол Улс төрийн далбаагаа гадаадын орнуудын хөлөг онгоцонд ашиглуулж, түүнээсээ улсын төсөвт орлого оруулдаг.

Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын далбааг мандуулан далайд гардаг байнгын бүртгэлтэй 320 хөлөг онгоц байжээ. Тодруулбал, Сингапурын 121, Малайзийн 44, Вьетнамын 27, Панамын 24, Хонгконгийн 25, Индионезийн 18, Хятадын 13, Малтийн таван хөлөг онгоц манай далбааг мандуулж байсан аж.

Манай далбааг Сингапур хамгийн ихээр ашигладаг байна. Учир нь Монгол Улс Сингапуртай “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компани байгуулан бүртгэлээ тэндээ явуулдаг. Газар зүйн байршлын хувьд ч, далбаа ашигладаг хамгийн олон онгоцтой гэдэг утгаар ч харилцаа холбоо сайтай ажилладаг аж.

Монгол Улс далбаагаа ашиглуулсныхаа хувьд хөлөг онгоцуудад бүрэн шалгалт хийх эрхтэй. Тодруулбал, манай далбаатай хөлөг онгоц хаана, хэдийд явна тэнд очиж шалгах боломжтой. Гарах зардлыг тухайн хөлөг онгоцыг эзэмшиж байгаа улс даадаг аж.

Монгол Улсын хувьд Далай ашиглах тухай хууль болон Усан замын тээврийн тухай хоёр гол хуулиар, мөн далайн салбарын олон улсын конвениудаар зохицуулагддаг. Монгол Улс 26 орчим олон улсын гэрээнд нэгджээ. Дамжин өнгөрөх тээвэр, аюулгүй байдал, байгаль орчин хамгаалах, хог хаягдал, тээвэр зэрэг олон хууль тогтоомж мөрдөх ёстой байдаг ажээ.

Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна. Зарим тохиолдолд тухайн хөлөг онгоц зорчиж яваа улсынхаа нийгмийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулбал тухайн нутаг дэвсгэрийн хуулиар зохицуулагддаг ажээ. Хэрэв ямар нэгэн хэрэг, зөрчил гарвал хөлөг онгоцны ахмад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаа явуулах бүрэн эрхтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ‘’Жэй Си Дэко Монголиа’’ХХК хамтран нийслэлийн хэмжээнд нийт 242 ширхэг олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн цогц зогсоолыг тохижуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 143 автобусны буудлыг тохижуулсан бол энэ онд нэмж 50 байршилд автобусны буудлын зогсоолын байгууламжийг угсран гүйцэтгэх ажлыг хийхээр төлөвлөж, ажлаа эхлээд байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ жил нийт 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийдэж угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Иймд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудлууд, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ‘’Эм Ай Ю’’ дээд сургуулийн баруун талд орших хашаа, ТҮЦ-ийг буулган шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул иргэд, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ болон хашаагаа яаралтай нүүлгэнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.