Categories
мэдээ нийгэм

Үерийн голомтод халдваргүйтгэлийн ажлыг хийж байна

Үерийн голомтод халдваргүйтгэлийн ажлыг хийж байна

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа усанд автсан.Үерийн голомтноос 220 гаруй өрхийн 1560 орчим хүний аюулгүй байдлыг ханган, 180 гаруй өрхийн 670 орчим иргэнийг 8 байрлал (цэцэрлэг, сургуулийн дотуур байр)-д түр байрлуулан, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.1 км үерийн далан байгуулаад байна.

Аймгийн Онцгой комиссоос гамшгийн үед шаардлагатай 33 сая төгрөгийг шийдвэрлэн, 590 гаруй өрхийн 2700 орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эм бэлдмэл тараан, сэтгэл зүйн болон хоол хүнсний тусламж, дэмжлэг үзүүлж, айл өрхүүдийг ундны цэвэр усаар ханган, механик цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд давхардсан тоогоор Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК, Авто зам засвар, арчлал Үерийн голомтотын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын нийт 640 орчим хүн, 100 гаруй нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Мөн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Үерийн голомтод халдваргүйтгэлийн ажлыг хийж байна

Categories
мэдээ нийгэм

Туул голд живсэн иргэнийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрийн урд талд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг энэ сарын 20-ны өдрийн 18:30 цагт нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 18:45 цагт очиж 10 минут ажиллан Туул голд живж байсан тус дүүргийн иргэн Э /28 настай, эрэгтэй/ голын уснаас аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТ-д хүлээлгэн өгчээ.

Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Туул голын түвшин нэмэгдсэн байгаа тул иргэдийг голын усанд орохгүй байх, хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гол руу аялж, зугаалахгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй айл өрхүүдээс судалгаа авч байна

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2018 оны 40 дүгээр тогтоолын 2.4-т “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заасны дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх, иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа” авах ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Иргэн та судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа

Өвөрхангай аймгийн нутгаар долоодугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдад 35 кВ-ын 20, нийт 27 тулгуур багана унасан.

Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сумын цахилгаан тасарсан тухай мэдээлсэн.

Дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлах ажиллагаанд 6 бригадын нийт 90 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөөдөр буюу долоодугаар сарын 21-ний өдөр гэмтлийг бүрэн засварлаж, эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа. Урьдчилсан байдлаар 175,0 сая төгрөгийн хохирол учирчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

Долдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр буюу долдугаарр сарын 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны зургадугаар сарын 01-нээс зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны полдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Элэгний B, C вирус илрүүлэх хурдавчилсан оношлогоонд хамрагдаарай

Элэгний B, C вирус илрүүлэх хурдавчилсан оношлогоо, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох Фиброскан үзлэг болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнд хамрагдаарай.

Та элгээ хайрладаг уу… Та гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамт 2018 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 12:30-17:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд ирж үзлэг, оношлогоонд хамрагдаарай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг НОБГ-ын харьяа Баянхошуун дахь сургалтын цогцолборт өчигдөр эхэлсэн.

Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

Монгол улсад 1956 оноос /хуучнаар/ ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид Гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэн хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэн тус спортын үндэс суурийг тавьжээ. Анхны бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 1966 онд Сэлэнгэ аймгийн Шарын гол, 1968 онд Улаанбаатар хотод Гал унтраах ангиудын хооронд байлдааны тархалт, довтолгооны шат, гурав сунадаг шат, 4х100 метрийн буухиа гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж байсан түүхтэй.

Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Монголын Биеийн тамир, Спортын улсын хорооны шийдвэрээр 1985 оноос бүсийн тэмцээнийг жил бүр, улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулж иржээ.

22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд “Алтан гадас”, “Мөнгөн дуулга”, “Од”, “Шонхор”, “Ган дуулга” гэсэн 5 клубын гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер 18, спортын мастер, дэд мастер 197, I, II, III зэрэгтэй нийт 600 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр 07 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуу монгол судлаачдын зуны сургуульд 11 орны 30 судлаач суралцана

Залуу монгол судлаачдын зуны сургуульд 11 орны 30 судлаач суралцана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль энэ сарын 22-ноос ирэх наймдугаар сарын 4-нд болох гэж байна. Энэ оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Япон, ХБНГУ, Унгар, Лаос, БНАСУ, БНСУ, Турк зэрэг 11 орны 16 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Энэ удаагийн сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэх бол Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, СУИС, МУБИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төвийн нэрт монгол судлаач эрдэмтдийн лекцийг сонсоно.
Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулах, хэл соёлын амьд харилцаан дунд сургалт зохион байгуулахад оршиж буй. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж үзэж байна. Тодруулбал, монгол судлаачид Монгол Улс ба монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг дэлхий нийтэд түгээж, манай улсыг бусад улс оронтой холбох чухал гүүр болдог юм.
Нэмж мэдээлэхэд, монгол судлалын чиглэлээр суралцах хүсэлтэй гаднын оюутан залуусыг Монгол Улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг салбар яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Цалингийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ

Иргэдийн орон сууцны бус хэрэглээний зээлийн хэмжээ банкуудын нийт зээлийн багцын 23.4 хувь буюу 3.9 их наяд төгрөг байна. Цалин, тэтгэвэр зэрэг иргэдийн тогтмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийн сарын төлбөр иргэдийн орлогын тодорхой хувиас давахгүй байхаар банкууд дотоод журамдаа тусгадаг.

Одоогийн байдлаар зээлтэй иргэд сард дунджаар татварын дараах орлогынхоо 69 хувийг зээлийн төлбөрт төлж байгаа статистик мэдээлэл байна.

Мөн банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхээс илүүтэй зээлийн хэмжээг нэмэхийг илүүд үзэж байна гэх Монголбанкны судалгаа гарчээ. Тухайлбал, тэтгэврийн зээлийг зарим тохиолдолд зээлдэгчийн сарын орлогын 100 хувьд тааруулан олгож байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сард банкуудаас ирүүлсэн мэдээгээр нийт тэтгэврийн зээлийн 68 хувийг авсан ахмадууд сарын тэтгэврийн орлогынхоо 90-100 хувийг банкны зээлийн төлбөрт суутгуулж тэтгэврийнхээ 10 хүрэхгүй хувийг, заримдаа гар дээрээ авахгүй байгаа дүн гарчээ.

Ийм учраас Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд арга хэмжээ авахаас өөр аргагүй болж, энэ асуудлаар Мөнгөний бодлогын хороо хуралдсан аж. Ингээд иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр гаргажээ. Энэ дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинээр олгох, иргэдийн хэрэглээний зээлийн сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар тогтоосон байна.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэгийн ялыг 8 жилээр сунгалаа

Эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад дарамт шахалт үзүүлсэн хэргээр 24 жил хоригдох ял сонсоод байсан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ялыг авлигын хэрэгтэй холбогдуулан нэмж найман жил сунгажээ. БНСУ-ын тагнуулын байгууллагаас хууль бус мөнгө авсан хэргээр зургаан жил, сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргээр хоёр жил хоригдох ял нэмж сонссон байна. Пак Гын Хэ эрх мэдлээ урвуулан ашиглаж, дарамт шахалт үзүүлсэн хэргээр өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 жил хоригдох ял сонссон билээ.

Гэвч БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэрбээр шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж, гэм буруугүй гэсэн байр сууриа хадгалсан хэвээр байна. Тэрбээр энэ хэргийн тухай тайлбар өгөхдөө, уг хэрэг улс төрийн сэдэлтэй бөгөөд шүүх засаглал, прокурорын дүгнэлт нэг талыг баримталсан буруу шийдвэр юм гэж мэдэгджээ.