Categories
мэдээ нийгэм

​Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхаарууллаа ​

Сүүлийн үед орж байгаа их хэмжээний аадар борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамд гэмтэл ихээр гарч, 6-35кВ-ын хуваарилах байгууламж усанд автах тохиолдлууд ажиглагдаж байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд,

  • Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулах, тухайн газраас холдож аюулгүй замд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
  • Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх,
  • Цахилгаан щит бүхий байрууд подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,
  • Орон унтагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,
  • Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,
  • Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Categories
гадаад мэдээ

Визгүй зорчих эрхтэй анхны Япон төлөөлөгчид Курилийн арлуудад газардлаа

ЗурагЯпоноос Курилийн арлууд руу визгүй зорчих тохиролцооны хүрээнд японы төлөөлөгчдийн нисэх онгоц “Менделеево” нисэх онгоцны буудалд газардлаа гэж тус нисэх буудлын захирал Сергей Горбатовский мэдэгдлээ.

Японы төлөөлөгчдийн дийлэнх нь Курилийн арлуудад хуучин оршин суудаг хүмүүс байжээ. Тэд Кунашир, Итуруп арлууд дахь гэр бүлийн гишүүдээ оршуулсан газар очихоор төлөвлөсөн байна.

Өмнөд Курилийн арлууд дахь эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцсан ОХУ-Японы хамтарсан ажлын хэсгийн гурав дахь удаагийн уулзалт Москва хотод долдугаар сарын эхээр болсон гэж ОХУ дахь Японы Элчин сайдын яам мэдэгдэв. Энэ уулзалт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хооронд тавдугаар сарын 26-нд Москва хотод болсон уулзалтын дараа болжээ.

“Уг ажлын хэсэг зургадугаар сарын 28, 29-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо уулзаж, ард иргэдийн шилжилт хөдөлгөөн, төслийн агуулга, төслүүдийг тодорхойлох, арлуудад бизнесийн үйл ажиллагааг дэлгэрүүлэх зэрэг сэвдээр хэлэлцсэн. Одоогийн байдлаар төлөвлөөд байгаа таван төслийн агуулга, чиглэлийг тодорхойлоход бизнес эрхлэлт гэдэг асуудал чухал үүрэгтэй” гэж Японы Элчин сайдын яамны хэвлэлийн төлөлөөгч Масакацү Муротани мэдэгдлээ.

Энэхүү таван төсөлд далайн аж ахуй, хүлэмжийн ногоо, аялал жуулчлал, салхины эрчим хүч, хог хаягдлын хэмжээг бууруулах гэсэн чиглэлүүд багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан ав хийхгүй байхыг байгууллагаас санууллаа

ЗурагСамар жимсний улирал ойртож байгаа энэ үед зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан ав хийхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас сануулж байна.
Зөрчсөн хүнийг 300 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттайг анхааруулж байна. Торгохоос гадна байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг юм. Өнгөрсөн онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгож, байгальд учруулсан 400 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулжээ.
Жимс, жимсгэнээс хамгийн эрт боловсордог нь гүзээлзгэнэ юм. Ийм иргэд жимс түүхдээ тухайн орон нутгийг хариуцсан байгаль хамгаалагчаас газар нутгийг нь заалгаж аваад зөвхөн эрхийн бичиг, зөвшөөрлийн хүрээнд түүж бэлтгэх зайлшгүй шаардлагатайг сануулж байна. Жимсийг түүхдээ навч, иш, үндэстэй биш, зөвхөн боловсорсон жимсийг авч ашиглахыг иргэд анхаарна уу гэж НМХГ-аас зөвлөж байна.
Мөн тарвага, зурам агнах улирал эхэлж байгаатай холбоотойгоор тарвага агнахгүй байхыг сануулж байна. Манай улсад сүүлийн 5 жил тарвага агнахыг БОАЖ-ын сайдын тушаалаар хориглосон. Гэвч иргэд амарч зугаалгаар явах, хөдөө орон нутагт аялж амрахдаа тарваганы боодог хийх гэж их агнадаг. Мөн хот суурин газар руу нууж оруулж ирүүлдэг хууль бус байдлыг гаргахгүй байхыг сануулж байна.

Categories
мэдээ спорт

Нагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё өнөөдөр сүүлийн 15 дахь өдрийн барилдаанаа хийнэ. Нагоя башсд “Дэваноуми” дэвжээний сүмоч сэкиваке Митакеуми буюу Омичи Хисаши мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх удагаа түрүүллээ. Өдгөө 26 настай тэрбээр Япон аав, Филиппин ээжтэй бөгөөд аварга, арслангуудын эзгүйд боломжийг тун сайн ашиглаж чадлаа.

Манай Монгол бөхчүүдээс Ичиножо даваа, унаа тэнцүү байгаа ба 7 даваа, 7 унаатай. Тамаваши 8 даваатай байна. Жюүрёо зиндааг Такайнова А.Баасандорж 13 даваатайгаар тэргүүлж байна. Түүний хойноос Таканошо 12 даваатай байгаа бөгөөд өнөөдөр түрүү бөх нь шийдэгдэнэ.

14-дэх өдрийн дараах байдлаар Монгол залуус маань.

Макүүчи зиндаа
Сэкивакэ Ичиножо А.Ичинноров 7:7
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 8:6
Маэ З-8 Чиёошома Г.Мөнхсайхан 4:10
Маэ Б-10 Араваши Э.Дөлгөөн 4:10

Жүрёо зиндаа
Б-3 Таканоива А.Баасандорж 13:1
З-5 Дайшохо Ч.Шижирбаяр 8:6
З-6 Сэйро А.Өнөболд 5:9
Б-6 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 7:7
Б-7 Азүмарү С.Тодбилэг 6:8
Б-11 Миторюү Б.Төрболд 7:7

Макүшита зиндаа
Б-3 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3:4
З-34 Гочозан Д.Ууганбаатар 3:4
Б-36 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 4:3
З-39 Кёкүтосэн Э.Энхманлай 3:4
Б-46 Сакигакэ Я.Баттүшиг 3:4

Санданмэ зиндаа
Б-11 Кагамио Б.Нанжид 7:0
З-42 Хошорюү С.Бямбасүрэн 5:1
Б-86 Ёошояма Б.Анхбаяр 3:4

Жонидан зиндаа
Б-35 Саданохикари Д.Наранцогт 6:1

Categories
мэдээ цаг-үе

С.Доржсүрэн: Халтмаа гуай чинь миний мастер багш юм шүү дээ

Нам, төрийн ахмад зүтгэлтэн Сандуйжавын Доржсүрэнтэй ярилцаж байна. “Хөнгөн үйлдвэрийн” гэсэн тодотголтойгоор нэгэн жарныг үдэж яваа энэ хүний амьдрал, хувь тавилан сонин юм.

-Доржсүрэн гуай та чинь аль нутаг усны хүн билээ?

-Би Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Баянзүрх хайрханыхаа Хөшөөтийн Дэл мод гэж газар төрсөн юм гэнэлээ. Манай улсад 535 овоо тахидаг байсны долоог нь төрийн тахилгатай уул овоо болгосны хоёр нь манай суманд Нөмрөгийн уул, Баянзүрхийн уул гээд овоог нь одоо хүртэл тахиж ирсэн. Миний унасан газар, угаасан ус минь баян сайхан хангай л даа.

-Аав ээжээ дурсах уу?

-Аав ээж хоёр минь жирийн л малчид. Аав минь мал маллахын зэрэгцээ уран дархан хүн байсан. Мөнгө, төмрөөр бол, юу л бол юу хийнэ. Аавын урласан мөнгөн аяга, эмээл хазаар, төмөр зуух, сав суулга, одоо хэрнээ Нөмрөгийн айлуудад байдаг л юм. Ээж маань сүү, цагаан идээ сайхан боловсруулдаг, их л уран хүн байсан даа. Би таван охин, дөрвөн хүүтэй айлын отгон хүү нь.

-Отгон хүү жаахан эрх, мал дагаж өсөв үү?

-Нэг сонин тохиолдол боллоо. Би чинь Нөмрөг сумынхаа дунд сургуульд сураад, мал маллах ажилтай. Ах нар цэрэг, сургууль гээд яваад өгсөн. Аав ээжийнхээ ажилд тусалдаг нь би л дээ. Хаврын нэг цастай хүйтэн өдөр би малд яваад төөрчихлөө. Тэр тэсгим хүйтэн шөнө, эзгүй талд ганцаараа. Зүг чигээ алдчихсан. Тэгтэл аавын маань хэлж байсан үг гэнэт санаанд орлоо. “Шөнө төөрвөл мориныхоо цулбуурыг сул тавиад, жолоогоо бүсэндээ хавчуулчихаад яваад байдаг юм шүү. Морь гэдэг амьтан гэрээ олоод л ирнэ” гэсэн үг санаанд орж морио сул тавилаа. Морь маань яваад л байна. Их явсан даа. Гэнэт нохойн дуу гарлаа шүү. Манайх дондор, бүргэд гэж хоёр нохойтой, дуу нь мөөн. Ингэж хөлдөж үхдэгийн даваан дээр гэрээ олж ирсэн юм. Аав ээж минь сандарчихсан, том ах цэргээс халагдаад ирчихсэн “дүү минь ингэж амьдарч болохгүй” гэж үглэж сууна.

Тэгээд яаж амьдрахаар шийдэв?

-Тэд сургуульд явуулах л юм яриад эхэлсэн. Аймаг сумаар ч хөөцөлдөх шиг боллоо. Надад техникумын хувиар авч өгөөд Улаанбаатар хотод Чойндон ах руу маань явуулж байгаа юм. Ингэж би 16-хан настайдаа энэ их Өргөөний босго алхсан хүн дээ.

-Хотод ирчихээд ямархуу амьдарч байв?

-Чойндон ахындаа буулаа. Тэднийхээс өөр таних амьтан хүн байхгүй. Ах юу гэнэв, тэр л хууль.

-Нөгөөх зорьж ирсэн техникумдаа оров уу?

-Нутагтаа долдугаар анги төгсчихсөн, техникумд ороход алзахгүй дээ л гэж бодож байсан. Тэгтэл нэг өдөр Чойндон ах маань сургуульд орох гэж яараад хэрэггүй ээ. Би чамайг сайхан ажилд оруулаад, оройн сургуулиар аравдугаар анги төгсгөчихнө. Цаашаа суралцах зам чинь чөлөөтэй болно гэдэг байгаа. Би ахын үгнээс зөрөх эрхгүй. Тэгээд ч ажил хийж арав таван төгрөг олох нь надад сайхан санагдлаа. Ингэж би Чойндон ахыгаа дагаад, тэр үеийн хамгийн том үйлдвэраж үйлдвэрийн комбинатын Гутлын үйлдвэрийн хаалгаар орсон хүн дээ. Арван зургаахан настай байж.

-Ийм жаахан хүүхдийг чинь ажилд авдаг байсан юм уу. Насанд хүрээгүй, энээ тэрээ гээ биз дээ?

-Чойндон ах маань л аргалсан байх. Том цехэд, олон ажилчинтай, сүрдмээр газар байсан л даа. Бакалан гутлын өсгий өлмийг “винтов” машин дээр хаддаг ажилд анх дагалдангаар ороод төдхөн жинхэлсэн.

-Машин дээр ажиллах амаргүй биз дээ?

-Дарга , мастер- багш, сайн нөхдийн ач буянаар төдхөн сурчихсан л даа. Манай мастер- багш Халтмаа гуай байсан. Одооны энэ Ерөнхийлөгч Баттулгын аав шүү дээ. Манай цехийн гурван мастераас хамгийн зөөлөн, ая дуу нь Халтмаа гуай. Хүнийг загнана гэж байхгүй, харцаараа л удирдана. Байнга ирж зөвлөнө, “ядарч байна уу” гээд л яг л хүүхэд шигээ ханддаг хүн байсан. Би дагалдангийн сарын хугацааг 18 хоногт дуусгаж шалгуулаад жинхэлчихсэн, ажилд сайн болохоор мастер-багш маань надад их сайн. Зүйл бүрээр дэмждэг байсан даа.

-Халтмаа гуай ер нь ямархуу хүн байв?

-Ажилд ирж очихдоо унадаг дугуйгаар явна. Дугуйг бол бидний л морио унадаг шиг сайхан эдэлнэ. Бор даавуу дээлтэй, саравчин малгай хазгайдуу тавьсан залуу байсан. Мастер- багш маань бидний ажлыг бүртгэж дүгнэнэ. Би өдөрт 135 хос гутлын өсгий өлмий хадах нормоо 150 хос болгож давуулж биелүүлээд эхний сард 300 төгрөгийн цалин авч билээ. Тийм их мөнгө барьж үзээгүй, ямар сонин байсан гээч. Ахдаа хэлсэн чинь “миний дүү өөрөө л хэрэглэ” гэлээ. Тэгээд би анхны цалингаараа аав ээжийгээ баярлуулах сан гэж бодлоо. Олон л янзын юм сэтгэлд орж ирж байна. Тэгээд жинчид дээр очиж, гурван зуун төгрөгөөрөө нэг сайхан шар тайлаг худалдаж аваад, нутгийн танил жинчнээр аав ээждээ явуулж билээ. Тэр үед манай нутагт тэмээ ховор. Ойр зуурын ачлага уналганд аав минь айлын тэмээ гуйдаг байсан юм. Тэгээд л анхны цалингаараа аав ээжээ баярлуулж байгаа нь тэр юм даа. Би чинь төлөвлөгөө нормоо тогтмол давуулж биелүүлээд цалин сайн авна. Мастер багш маань надад “Цалингаа хамаагүй битгий үр. Хурааж байгаад хэрэгтэй зүйл ав” гэдэг байсан. Сүүлд надад ИЖ-49 мотоцикл хүртэл авч өгсөн. Намайг өөрийн дүү шигээ л харж ханддаг байсан даа.

-Халтмаа гуай чинь бөхийн засуул байсан гэдэг бил үү?

-Гурван жил хамт ажиллаж байтал Халтмаа мастер маань дэвшээд Аж үйлдвэрийн комбинатын материал хангамжинд бригадын дарга болж дэвшсэн. Гэлээ ч бидний хэлхээ холбоо тасраагүй. Би тэднийхээр очдог, мастер маань хааяа таарахаараа бөх ярих дуртай байсан. Тэгснээ л бөхийн засуул болчихсон, намайг очиж бөх үз гэдэг байж билээ. Үндэсний бөхийн засуулаар олон жил ажилласан даа. Тэгээд хоёр хүүгээ бөх болгосон байх.

-Гутлын үйлдвэртээ олон жил ажилласан уу?

-Гурван жил ажилласан. Тэгж байтал тэргүүний залуу ажилчдаасаа гадаадын дээд сургуульд явуулна гээд, хүндэт самбарт зураг нь гарсан намайг хамгийн эхэнд оруулсан юм. Тэр үеийн Чехословак улсын дээд сургуульд явуулахаар бүх бичиг баримтаа бүрдүүлчихээд байлаа. Аж ахуйн газруудаас энэ жил 27 хүүхэд гадаадын дээд сургуульд явуулахаас би гутлын үйлдвэрийн инженер технологич мэргэжлээр явах байсан юм билээ. Өнөөдөр Намын төв хорооны боловсон хүчний хэлтэст цуглаж, маргааш зардал мөнгөө аваад л явах юм боллоо. Тэгтэл ах маань аминчлан ярьж байна. “Чи шинэ тутам эхнэр авсан. Эхнэр чинь гэдсэндээ хүүхэд тээчихсэн. Ийм нөхцөлд харь оронд сурахаар явж болж байгаа юм уу. Чамайг гадаадад тав зургаан жил болохыг энэ хүүхэн, хүүхэд хоёр чинь хүлээхгүй л байх даа. Дотооддоо сургуульд орж болоогүй юм уу!” гэж байна. Би энэ авгайтайгаа суугаад жил л болж байсан юм. Би чиньтэр шөнөжин бодлоо. Нээрээ л амьдрал шинээр зохиох гэж байдаг, би хол газар удаан хугацаагаар сургуульд явчихдаг, юу л болж байна даа? гээд нэлээн эргэлзэж эхэллээ. Маргааш нь МАХН-ын Төв Хороон дээр нөгөө 27 хүүхэд цуглалаа. Лувсанцэрэн, Жадамбаа гэхчлэн дарга нар хүлээж аваад гадаадад суралцах нөхцөл байдлыг танилцуулаад “асуух зүйл байна уу” гэлээ. Бадамсүрэн гэж хүүхэд босоод, аав ээжийн бие муу, гадаадад явмааргүй байна гэлээ. Би ч нэлээн зориг орчихсон, дараа нь бослоо. “Эхнэр бие тулгар. Би дотооддоо сургуульд ормоор байна” гэлээ. Дарга нар ч олон юм хэлсэнгүй. “За тэгвэл энэ хоёрыг хаслаа. Төсөв зардлыг хасна шүү” гээд нөгөө 25 хүүхдийг баталчихаж билээ. Тэгээд надад МУИС-ийн эдийн засгийн ангийн хуваарь өгсөн юм. Ингэж би 1966 онд сургуулиа төгсгөж байлаа.

– Буцаад л Гутлын үйлдвэртээ очив уу?

-Үгүй дээ. Миний бодол бол гутлын үйлдвэртээ л очих сон гэж байгаа. Тэгсэн чинь Намын төв хорооны боловсон хүчин болсон, хаана ажиллуулахаа нам мэднэ гэв. Тэгээд Хөнгөн хүнсний үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин гуай дээр орууллаа. Саяхан хөдөлмөрийн баатар болсон Дамдин гуай шүү дээ. П.Дамдин дарга нэг хүнд “Дангааг дууд” гэсэн чинь Дангаа дарга төдхөн ороод ирлээ. Т.Дангаа гэдэг маань Аж үйлдвэрийн комбинатын (АҮК) намын хорооны дарга, Ардын Их хурлын депутат, Намын Төв хорооны гишүүн байсан хүн. П.Дамдин сайд Дангаа дарга руу шууд л “Шинэ системийн ажлыг энэ нөхөрт хариуцуул” гэдэг байгаа. Т.Дангаа толгой дохиод намайг хөтөлж гарсан. Тэгээд би АҮК-ын дэргэд дөнгөж байгуулагдаж байсан “Эдийн засгийн шинэ системийг туршин нэвтрүүлэх групп”- ийг ахлаж газар газраас ирсэн эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтнуудтай гар нийлж ажилласан юм.

-Нэгэн үед эдийн засгийн шинэ систем гэж их яригдаж байсан. Үүнийгээ жаахан тодруулах уу?

-Социалист орнуудын дунд эдийн засгийн харилцан туслах зөвлөл (СЭВ) ид хүчээ авч байсан үе. Эндэхийн туршлагыг үйлдвэр аж ахуйн газруудад туршин нэвтрүүлэх зорилготой юм. Үйлдвэрийн ашгаасаа тусгай фонд байгуулж ажиллах юм. Гурван фонд байгуулсан. Шагналын фонд, нийгэм соёлын арга хэмжээний фонд, үйлдвэр хөгжүүлэх фонд гурвыг байгуулж уялдаа холбоотой 2 жил ажиллуулсан. Хоёр жилийн дараа энэ ажлынхаа үр дүнгээр үзэсгэлэн байгуулж билээ . 22 үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж тавигдсан энэ үзэсгэлэнг Ж.Батмөнх тэргүүтэй Намын Төв хорооны улс төрийн товчоо ирж танилцсан юм.

-Товчооны гишүүд юу гэж байх юм?

-Өндөр үнэлсэн. Батмөнх дарга надаас: Нэг гэрт хэдэн метр эсгий ордог юм? Эсгий гутлын хэдийг нь цэрэгт, хэдийг нь малчдад гаргадаг юм? гэхчлэн асуусанд би хариулсан. Ер нь их том үзэсгэлэн гаргасан даа. Товчооны гишүүд: “Аргагүй л нүд тахлах юмтай боллоо” гэж баярлаж байсан сан.

-Шинэ систем нэвтрүүлсэн гээд нэг үе таныг их л магтаж байсан шиг санагдах юм. Тэгээд яалаа?

-Нэг өдөр хотын намын хорооны Д.Бямбаа дарга дуудаж “ЗХУ-д коммунист намын дээд сургуульд явуулна” гэлээ. Би бас л нэг гачигдалтай үе таарсан. Энэ удаа явж чадахгүй нь гэсэн чинь дотооддоо намын дээд сургуульд оруулчихаж билээ. Гурван жил суралцаад, зарим шалгалтаа ч өгч амжаагүй байтал Намын Төв хороонд дуудаад “Эрдэнэтийн намын хороонд хүн хүч хэрэгтэй болоод байна. Яаралтай тийшээ оч” гэлээ. Ингэж би “Эрдэнэтийн хүн” болсон юм даа.

-Эрдэнэтийн намын хорооны дарга чинь Ж.Банзрагч байгаа биз дээ?

-Тэгсэн. Намайг Банзрагч даргын харьяанд шинэ дутам байгуулагдаж байгаа Эрдэнэт хотын үйлдвэрлэлийн цогцолбор хариуцсан намын хорооны д арга бол гож байгаа юм. “Эрдэнэт хивс”, Хялгантын мод бэлтгэх аж ахуй зэрэг томоохон үйлдвэр үйлчилгээний газрууд харьяалагдаж байсан л даа. Хэдэн жил намын ажил хийж байснаа мэргэжлийн дагуу Эрдэнэтийн Хивсний комбинатын эдийн засаг нийгмийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Би танаас нэг зүйлийг сонирхъё. Эрдэнэтийн хивсний комбинат Монголдоо байтугай, дэлхийд ховорхон үйлдвэр байсан гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар жаахан тодруулах уу?

-Ер нь том үйлдвэр шүү. Жилд 1,5 сая хавтгай дөрвөлжин метр хивс үйлдвэрлэдэг байсан юм. Нэг метрийн өргөн хивсийг Улаанбаатараас БаянӨлгий өнгөртөл дэвсэнэ гэсэн үг. Аугаа байгаа биз. Тэр их хивсний голыг ОХУруу, дамжуулаад Европын социалист орнуудад гаргадаг байсан. Дотоодын хэрэгцээг бол бүрэн хангасан л даа. Оросууд бидэнд, томоохон орд газруудыг түшиглээд хот тосгон, ийм том үйлдвэр аж ахуйн газруудыг барьж өгч байсан юм. Одоо Рио Тинтог хар даа. Арван хэдэн жил Оюу-толгойг ухаж зөөсөн хэрнээ, одоо хэдэн цэнхэр амбаар л байна шүү дээ. Дэндүү харамсалтай юм.

– Таны чинь гавьяа шагнал юусан билээ . Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болчихсон бил үү?

-Ерөөлөөр болог. Ийм яриа гарсаар байгаад замхарсан шүү дээ. Дээр үед авсан алтан гадас одон л бий.

– Г э р б ү л и й н х э э амьдралаас сонирхуулах уу?

-Эхнэртэйгээ дээр үед АҮК-аас өгсөн орон сууцандаа амьдарч байна. Хүүхдүүд тусдаа гарсан.

Г.ЖАМЪЯН (МУСГЗ)

Categories
мэдээ цаг-үе

Э.Одхүү: Гэнэтийн ослоор нас барагсдын үр удмыг төрүүлэх боломжтой

Сүүлийн жилүүдэд Анагаахын салбарт эрчимтэй хөгжиж байгаа үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэн, нутагшуулж, үр шилжүүлэн суулгах ажлыг амжилттай явуулж буй “RMC” (Regenerative Medical Center) эмнэлгийн эмч, АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүүтэй ярилцлаа.

-Үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Манай эмнэлэг нөхөн үржихүй, өсөн үржихүйн салбарт эрүүл мэндийн шинэ технологийг хөгжүүлж, Монголын эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа асуудлын нэг болох үргүйдлийг эмчлэх, эсийн эмчилгээг ашиглаж өвчнийг илааршуулах зорилготойгоор байгуулагдсан. Манай эмнэлгийн эмч, ажилтнуудын 90 гаруй хувь нь Япон болон Тайваньд мэргэжил дээшлүүлсэн, үр шилжүүлэн суулгах мэргэжлээр суралцаж мэргэжил дээшлүүлж, энэ чиглэлээр ажилласан туршлагатай эмч нар юм. Үргүйдлийн эмчилгээний тухайд Монголд олон дэвшилттэй технологи нэвтэрч байна. Үр шилжүүлэн суулгах ажилбар бол эсийн эмчилгээний технологи ашигладаг, өндөр технологийн эмчилгээ. Тусгай зориулалтын лаборатори, түүнд ажиллах мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй. 2015 онд анх АШУҮИС дээр гарааны компани байгуулж үр шилжүүлэн суулгах Япон технологийг нэвтрүүлсэн. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд үр шилжүүлэн суулгах технологиор 300 орчим гэр бүлийг хүүхэдтэй болгосон. Одоогоор АШУҮИСийн багш нарын эхлүүлсэн “RMC” эмнэлэг маань үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг үндэсний хэмжээнд явуулж эхэллээ. Эмнэлэг маань Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа өвчнүүдийг эсийн түвшинд эмчлэх шинэ технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Нэг үгээр хэлбэл, эмнэлгийн маань хэтийн зорилго эсийн эмчилгээний технологийг нэвтрүүлнэ. Тухайлбал, чихрийн шижин өвчтэй хүний инсулин ялгаруулдаг эсийг нь өсгөөд тэр хүнд буцаагаад суулгах технологи нэвтрүүлбэл Монголдоо чихрийн шижингийн эмчилгээний нэг арга нэмэх боломжтой. Мөн саажилттай буюу мэдрэлийн эсүүд нь хөгжөөгүй хүүхдүүдэд хийдэг эмчилгээний шинэ технологи болох үүдэл эсийг ургуулж, түүгээр нь мэдрэлийн эсийг нь хөгжүүлж, нөхөн төлжих үйл явцыг нь сайжруулж болно.

-Манай улсын нийт хүн амын дунд үргүйдэл ямар хэмжээнд байна вэ. Энэ талын судалгаан дээр үндэслэсэн мэдээллээс хуваалцаач?

-Хэд хэдэн судалгаа байдаг. Монгол Улсын хүн амын дунд үргүйдлийн тархалт 8-15 хувьтай гэж үздэг. Судалгааны байгууллагын дүгнэлтээс харахад дунджаар нийт хүн амын 10 орчим хувийг үргүйдэлтэй гэж тооцоолж байна. Хүн амын 2014 оны тооллогоор Монгол Улсад гэр бүлээ батлуулсан нөхөн үржихүйн насны буюу 25- 45 насны 360 мянган гэр бүл байгааг тогтоосон. 360 мянган гэр бүлийн 36 мянган гэр бүл үр хүүхэдтэй болж чадахгүй байна гэсэн үг. Гэтэл Монголд байгаа үргүйдлийн асуудлыг шийддэг хэд хэдэн төв амжилттай сайн ажиллаж буй ч жилдээ дөнгөж 2000 хосын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа хэдий ч өртөг өндөртэй, эмчилгээнд цаг хугацаа их ордог гэх мэт асуудлаас болж хүн бүрт үйлчлэх боломж хязгаарлагдмал байгаа. Үргүйдлийн асуудал тулгарч буй 36 мянган гэр бүлээс жилдээ дөнгөж 2000 хос жилдээ асуудлаа шийдвэрлэж чадаж байгаа учраас үлдсэн хосууд ихэвчлэн гадны улс орнууд руу явж эмчилгээ Юуны өмнө үргүйдлийн шалтгааныг үнэн зөв тогтоочихвол эмчилгээний арга дөхөм болдог. Манай улсын хувьд нийт үргүйдлийн 50 хувь нь эмэгтэйгээс шалтгаалж байгаа бол үлдсэн 40 хувь нь эрэгтэйгээс, 10 орчим хувь нь шалтгаан тодорхойгүй байна. Гэтэл манай Монголд үр хүүхэдтэй болохгүй тохиолдлыг шууд эмэгтэй хүнтэй холбож үзэх буруу ойлголт одоог хүртэл иргэдийн дунд хадгалагдсан хэвээр байгаа.

Сүүлийн үед охид эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл улам их болж байгаа гэж хэлэгдэхээр байна. Үргүйдэлд хүргэж буй гол шалтгааныг та юу гэх вэ?

-Үргүйдлийн шалтгааны хувьд нэг гол онцлог нь халдварт өвчин ч нөлөөлдөг, халдварт бус өвчин ч нөлөөлдөг. Бүх шалтгааныг дүгнээд үзэхэд тухайн хүний өөрийнх нь эрүүл мэндийн боловсрол дутуугаас үүдэлтэй. Эрүүл мэндийн боловсрол дутмаг гэдэг нь бэлгийн зан үйлийн талаарх ойлголт, эрүүл бэлгийн амьдрал, аав ээж болох тухай ойлголт гэх мэт нөхөн үржихүйн боловсролыг олж аваагүйтэй холбоотой. Тиймээс өсвөр насны хүүхдэд бэлгийн харилцааны тухай цэгцтэй ойлголтыг манай улс системтэй хүргээгүйгээс болж хожим хойно үргүйдэлд хүрэх хандлага давамгай байна. Эмэгтэйчүүдийн хувьд үргүйдэлд хүргэдэг шалтгааны нэг болох үрийн суваг битүүрэх эмгэг дээр жишээ татъя. Эмэгтэй хүн уг нь төрөлхөөсөө үрийн суваг нь битүү байх нь маш ховор. Үрийн суваг битүүрэх асуудал нь ариун цэвэр сахиагүй эсвэл бэлгийн замын өвчнөөс шалтгаалдаг. Зөвхөн энэ шалтгаан ч биш. Мухар олгой дотроо тоо ихэснэ.

-Эрэгтэй үргүйдлийг хэрхэн эмчилдэг бэ?

-Эрэгтэй шалтгаант үргүйдлийн хувьд хамгийн түвэгтэй тохиолдол нь эрэгтэйн үрийн шингэнд үр тогтоох чадвар бүхий эр бэлгийн эс гарахгүй байх. Энэ үед даавар шинжилгээг хийж байж үр тогтоож чадах чадвартай эстэй байна уу, үгүй юу гэдгийг тогтооно. Хэрэв эс гарах боломжтой хэмээн оношлогдвол мэс засал хийх аргаар эр бэлгийн эсийг авдаг бөгөөд авсан эс үр тогтоож чадах боломжтой бол шилжүүлэн суулгах ажилбар хийгдэнэ. Мэс ажилбараар үр тогтоох эсийг авахад хүндрэлтэй мэс ажилбар биш. Манай эмч нар маш сайн хийж чадаж байна. Ялгаж авсан эсийг үр шилжүүлэн суулгах технологийг ашиглан үр хүүхэдтэй болох боломжтой.

-Үр шилжүүлэн суулгах ажилбарт орсон хүн бүр шууд хүүхэдтэй болж чаддаггүй. Монголд үр шилжүүлэн суулгахад баталгааны хувь гадны орноос харьцангуй бага хувьтай гэж хүмүүс ярьцгаадаг. Энэ хэр ортой вэ?

-Онош зөв тавигдаж байж эмчилгээ зөв хийгддэг. Үүн дээр эмчийн ур чадвар, эмчилгээний арга, багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал чухлаар тавигдана. Үргүйдлийг эмчилдэг гурван арга бий гэж дээр ярьсан. Зарим тохиолдолд үр шилжүүлэн суулгах боломжгүй буюу энэ өвчний эмчилгээг хийх заалтгүй хүмүүс байх нь бий. Тухайлбал умайн хүзүүгээр эр бэлгийн эс нэвтэрдэггүйн улмаас үргүйдэлтэй болсон хос байлаа гэхэд тэрхүү эмгэгийг зөв оношилж чадвал заавал үр шилжүүлэн суулгахгүйгээр өөр аргыг хэрэглэж жирэмсэн болгох боломжтой. Гэтэл зарим тохиолдолд, жишээ нь үрийн хоолойд шингэн хурах, үүнээс шалтгаалсан үргүйдэлтэй хүмүүс умайн хөндийд эр бэлгийн эс угааж цацах эмчилгээний арга хэрэглээд үр дүнд хүрэхгүй, шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тиймээс юунаас болоод үргүйдээд байна гэдгийг мэдэх нь хамгийн чухал. Түүнийг мэдэж, оношийг зөв тавьж чадсан бол эмчилгээний тохирох аргыг зөв цаг хугацаанд хэрэглэх нь үр дүнг төдий чинээ сайн түвшинд хүргэх хамгийн зөв алхам. Үр шилжүүлэн суулгах эмчилгээ 100 хувь үр дүнтэй байдаггүй. Энэ нь тухайн хүний нас, үргүйдлийн шалтгаанаас хамаарч хүрэх үр дүн тодорхойлогддог. Дэлхийн дунджаар 30-40 хувийн магадлалтай гэж үздэг. Энэ ажилбарыг хийлгээд жирэмсэн болохгүй байгаа хүмүүс зөндөө байдаг. Монгол дахь үр дүн өөр, гадны орны үр дүн өөр гэж байхгүй. Яг адилхан. Тиймээс бууж өгөхгүй, оролдлого хийж байж эцсийн үр дүнд хүрнэ. Манай эмнэлгийн хувьд хэлэхэд хоёр эмэгтэй тутмын нэг буюу эмчилгээний үр дүнг 50 хувьд хүргэнэ хэмээн өмнөө том зорилго тавин бид ажилладаг. 50 хувь гэдэг бол дэлхийд тооцогдох өндөр хувь юм.

-Үр хүүхэдтэй болохыг хүсч буй хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

-Үр хүүхэдтэй болохгүй байгаа хосод өгөх хамгийн эхний зөвлөгөө бол хувь хүний эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлээрэй гэж хэлэх байна. Яагаад вэ гэвэл хүмүүс ам дамжсан тэр сайн, энэ сайн гэсэн ярианд итгэж гоомой ханддаг. Гэтэл зарим нь анагаах ухааны салбарт нотлогдож судлагдаагүй баталгаагүй байх нь бий. Тухайлбал, эхсийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээр хүүхэдтэй болж байна гэцгээдэг. Эхсийн найрлагатай бүтээгдэхүүн хүний биед бол сайн. Эхсээс ялгарч буй дааврын үйлдлийг анагаахын практикт нэмэлт бүтээгдэхүүнээр ашиглах нь элбэг. Гоо сайханд ихэвчлэн ашиглаж байна. Гэтэл эхсийн найрлага хэрэглэх үед сарын тэмдгийн алдагдал үүсч, тэр нь эргээд үргүйдэлд хүргэх эрсдэл ч бий. Хоёрдугаарт, судалгаа шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийг хэрэглэж байхыг хүсье. Сайн гэсэн болгоныг ам дамжсан яриагаар авч хэрэглэж болохгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд манайхны хувьд амьдралын буруу хэв маяг их байгаа нь нөлөөлдөг. А ж л ы н х а а а ч а а л л ы г зохицуулдаггүй, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, буруу хооллолт зэргээс болж үргүйдэлд хүрэх нь бий. Тэгэхээр эрүүл хэв маягийг баримталж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлсэн тохиолдолд үр хүүхэдтэй болоход илүү дөхөм.

– Ү р шилжүүлэн суулгахдаа ихэр хүүхэд “захиалж” болдог. Ихэр хүүхэдтэй болохын давуу болон сөрөг талыг та мэргэжлийн хүний хувьд юу гэж хардаг вэ?

-Байгалийнхаа жамаар төрөх нь мэдээж хамгийн сайхан. Олон улсад үр шилжүүлэн суулгах үеэр ихэр хүүхэд бий болсныг эрсдэл гэж үздэг. Ихэр жирэмсэн умайн гадна талд суух, өсөлт нь зогсох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Тухайн эмэгтэйн амь насанд эрсдэлтэй байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь нэг ургийн 50 хувь нь аавын мэдээлэл, үлдсэн 50 хувь нь ээжийн мэдээлэл байдаг гэдэг. Тиймээс эх, ургийн хоорондын харилцан үйл ажиллагаа хир алдагдаж байна вэ гэдгээс хамааран эхэд учрах эрсдэл тодорхойлогдоно. Хэрэв эх ургийн харилцан үйл ажиллгаа алдагдал их бол эхэд даралт ихсэх, бөөрний гэмтэл үүсэх, зүрхний ачаалал ихсэх, таталт үүсэх, үүнээс улбаатай ургийн өсөлт зогсох, цагаас эрт төрөх зэрэг эрсдэл байнга дагалддаг. Нэг урагтай байхад эрсдэл бага, харин 2 урагтай тохиолдолд эрсдэл 2-3 дахин нэмэгддэг.

– Үр шилжүүлэн суулгахаас гадна эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа гэж ойлгосон. Энэ талаар та ярихгүй юу?

-Манай эмнэлэг үргүйдлийг эмчлэхээс гадна бидний зорьж буй дэлхийн шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манайд хамгийн тулгамдаж буй асуудлын нэг бол хавдрын өвчлөл байдаг. Өдгөө маш олон эрхтний хавдар ихсэх хандлагатай болжээ. Агаарын бохирдлоос улбаалж элэг, ходоодны хавдрын араас уушгины хавдар орж ирэх аюулын харанга дэлдсэн байна. Хавдраас үүдэж хими, туяа эмчилгээ хийлгэснээр үр хүүхэдтэй болох боломжгүй болдог. Тиймээс хавдрын дээрх эмчилгээнд орохоос нь өмнө бэлгийн эсийг авч нөөцөлж хадгалан, бэлгийн эсийн банк үүсгэх ажил хийхийг зорьж байгаа. Зөвхөн хавдар гэлтгүй осол гэмтэлд ороод нас барахаас нь өмнө нөхөн үржихүйн үйл ажиллагааг хадгалж авч үлдэх боломж дэлхийд бий болчихсон. Жишээлбэл АНУ-ын эмч Rothman 1980 онд дэлхийд анх удаа нас барсан залуугийн үрийн шингэнийг авч, эхнэрийг нь жирэмслүүлж хүүхэдтэй болгон тухайн залуугийн үр удмыг хадгалж чадсан. Тиймээс бидний хувьд ч бас манай улсад гэнэтийн ослоор нас барж буй залуучуудын үр удмыг хадгалах боломжийг бий болгох зорилготойгоор энэ шинэ технологийн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн бид хүйн цусыг хөлдөөж үүдэл эсийн банк үүсгэж хадгалах боломжийг бүрдүүлэх оролдлого хийж байна. Өнөөдөр төрж буй хүүхдийн хүйн судсаас цусыг анх төрөхөд нь авч хадгалснаар хожим том болсон хойно нь ямар нэг өвчин тусахад өөрийнх нь эсээр маш олон төрлийн эсийг нөхөн төлжүүлж, ургуулж болох бөгөөд тухайн өвчний эмчлэхэд ашиглаж болно. Тиймээс банк үүсгэсэн тохиолдолд эсийн эмчилгээ гэж яригддаг био анагаахын шинээр эрчимтэй хөгжиж буй салбарыг ирээдүйд нутагтаа ашиглах, нэвтрүүлэх боломжийг нээхэд маш дөхөм болох юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Гадаадын шилдэг их, дээд сургуулиудын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

Тэтгэлэгт хамрагдахын тулд нэн тэргүүнд хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Хэлний мэдлэг тань хэдий чинээ сайн байна төдий чинээ боломж таньд нээгдэх юм. Англи хэлний тухайд SAT, TOEFL, IBT, IELTS шалгалтуудыг өгдөг. Ямар шалгалт өгснөөс үүдэн суралцах улс болон сургуулиуд өөр, өөр байна. Шалгалтаа өгсний дараагаар босго оноо тань хүрч буй сургуулиудад бүртгүүлэх хэрэгтэй. Олон орны оюутан, сурагчид бүргүүлж байгаа учир эрсдлийг тооцож хамгийн багадаа гурван сургуульд бүртгүүлчих хэрэгтэй. Улмаар сургалтын дүн ямар байх эсэх нь ч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад чухал нөлөө үзүүлдэг. Дунд болон дээд сургуулийн дүн тань тэтгэлгээр суралцах сургуулийн шаардаж буй хэмжээнд хүрч байх ёстой. Дараагийн нэг шалгуур бол уралдаан тэмцээн, сайн дурын үйл ажиллагаануудад оролцдог, бусдыгаа манлайлдаг, нийгмийн идэвх сайтай байх явдал юм. Магистр болон түүнээс дээш түвшний хөтөлбөрт хамрагдах бол нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлээрээ ажилласан хугацаа, судалгаа шинжилгээний бүтээл зэргийг шаарддаг. Сургуульдаа бүртгүүлэх анкетаа бөглөсний дараа эссэ бичих чухал даалгавар таныг хүлээж байна. Эссэндээ та өөрийгөө ямар зорилго зорилт, хүсэл тэмүүлэлтэй хүн болохыг нотлох ёстой. Уг сургуулийг сонгох болсон тухайгаа болон яагаад таньд тэтгэлэг олгох хэрэгтэй талаар ч тодорхой өгүүлнэ. Мэдээж үнэн бодит байх учиртай. Таны бичсэн эссэ шаардлага хангаж чадвал цахим ярилцлагад уригддаг. Эссэгээ сайн бичиж, ярилцлагадаа сайн орсон тохиолдолд сургуульд тэнцэх, тэтгэлэг авах магадлал ихэсдэг. Иймд эссэ болон ярилцлагадаа гол анхаарлаа хандуулаарай. Дээрх шаардлагуудыг биелүүлснээр та хүссэн гадны их, дээд сургуулиудад суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн дунд болон дээд сургуулийн сурлагын голч, гадаад хэлний шалгалтын дүнгээсээ хамаарч орон орны Засгийн газрын тэтгэлгүүдэд хамрагдах эрх нь нээлттэй юм. Энэ оны тухайд Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдаж, элсэлтээ аваад дуусчээ. Гэхдээ тэдгээрээс жил бүр зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүд бий. Тухайлбал, АНУ-ын төрийн санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэг жил бүр зарлагддаг. Төлбөрийг 100 хувь даадаг уг тэтгэлэг 155 гаруй орны 4000 гаруй суралцагчийг жил бүр шалгаруулан авдаг. Суралцах чиглэлээсээ хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/IPT 575, IELTS-ийн долоон оноотой байх шаардлагатай. Та https:// www.offeredscholarships. com/2017/10/usa-fulbrightmastersphd-degree.html энэхүү холбоосоор тэтгэлэгийн талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй авч болох юм. Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлэг нь жил бүр зарлагддаг. Уг тэтгэлэгт олон улсын 1500 оюутан х а м р а г д а х б о л о м ж т о й . Англи хэлний мэдлэг сайтай байхаас гадна хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн арваннэгдүгээр сар хүртэл байдаг учир одоо ч бүртгүүлэх боломж таньд бий. http://http//www.chevening.org/ гэсэн холбоосоор та илүү их мэдээлэл авч болно. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд та TOEFL IBT-ийн 92 оноотой байх ёстой. http:// dfat.gov.au/people-to-people/australia-awards/Pages/ australia-awards-scholarships.aspx гэсэн холбоос таньд илүү их мэдээллийг өгөх болно. Бүртгэл жил бүрийн дөрөвдүгээр сар хүртэл явагддаг. Шведийн Засгийн газрын тэтгэлэг нь 180 орны доктор, докторын дараах судалгааны ажлаа х и й ж г ү й ц э т г э х э р д э м шинжилгээний ажилтнуудад олгодог нэр хүндтэй тэтгэлэг юм. Тэтгэлэг жил бүрийн нэгдүгээр сард зарлагддаг. Хамрагдахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэгтэй байх ёстой. https://si.se/en/apply/scholarships/swedishinstitu… гэсэн холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Герман улсын Засгийн газрын тэтгэлэг нь жил бүрийн наймдугаар сард зарлагдаж аравдугаар сард хаагддаг. Нэг жилдээ л гэхэд гадна, дотны 100 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгодог онцлогтой. Хэрэв та тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл бакалаврын зэргээ сүүлийн зургаан жилийн дотор хамгаалсан байх ёстой юм. https://www.offeredscholarships.com/2017/09/daad-scholarship-germany-fully-funded. html гэсэн холбоосоор та илүү ихийг олж мэднэ. Япон улсын Засгийн газрын тэтгэлэг нь Японы их дээд сургуульд бүх төрлийн мэргэжлээр суралцах боломжийг олгодог. Тэтгэлгийн хэмжээ 50-100 хувийн хооронд байдаг. Бүртгэлийн хугацаа нэгдүгээр сар гэхэд хаагддаг болохыг анхаараарай. Тэтгэлэгт хамрагдахын тулд япон хэлний мэдлэг сайтай байх нь чухал юм. http://www. uk.emb-japan.go.jp/itpr_en/ mext_postgrad.html гэсэн холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Өмнөд Солонгосын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд бакалавр болон магистрын сургалттай бүх л их, дээд сургуулийн хүссэн хөтөлбөрөөсөө сонгон суралцах боломжтой байдаг. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа гуравдугаар сараар дуусгавар болдог. Бакалаврын голч дүн 2.6-аас дээш байхыг шаарддаг. http:// www.studyinkorea.go.kr/en/ main.do гэсэн хаягнаас илүү ихийг мэдэж болно. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг ч жил бүр зарлагддаг. Магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад сурах боломжийг олгодог уг тэтгэлэг нь 10-100 хувь хүртэлх хөнгөлөлт үзүүлдэг. Уг тэтгэлэгт хамрагдахын тулд гуравдугаар сар гэхэд амжиж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бакалаврын голч дүн тань 2.5-аас дээш байх ёстой. http://http//en.csc.edu.cn/ гэсэн хаягаар дэлгэрүүлж судлах боломжтой юм. Австри улсын Засгийн газраас мөн л жил бүр тэтгэлэг зарладаг. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилдэг бөгөөд англи эсвэл герман хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. http://https//grants.at/en/ гэсэн хаягаар тэтгэлэгийн талаар илүү дэлгэрүүлж болно. ОХУ-ын Засгийн газраас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдснаар тус улсын төрийн өмчит томоохон их, дээд сургуулиас сонгон суралцах боломжтой. Өргөдөл хүлээн авах хугацаа, тэтгэлэгийн талаарх мэдээллийг http://mng.rs.gov. ru/ сайтаас авч болно. Түүнчлэн Турк, Чех, Итали, Польш, Унгар, Канад, Бельги, Болгар улсын Засгийн газрын тэтгэлгүүд жил бүр зарлагддаг. Ерөнхийдөө Засгийн газрын ихэнх тэтгэлэг оны эхний саруудад багтаж элсэлтээ авдаг. Тиймээс оюутан, сурагчид одооноос ямар чиглэлээр суралцахаа тодорхойлон, аль улсын тэтгэлгийг авах нь зүйтэй талаар судалж эхэлсэн нь зүйтэй болов уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дашням: Хүмүүсийн хандлага сайжирсан нь энгийн зүйлээс ч мэдэгдэж байна

Дугуй хуваалцах “UBIKE” үйлчилгээ манай улсад хэрэгжээд удаагүй байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд тус үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрсэн болон цаашид үйл ажиллагаагаа хэрхэн тэлэх талаар тус үйлчилгээг Монголд нэвтрүүлэн, хэрэгжүүлж байгаа “Никел Ганбаа”-гаас тодруулсан юм.
-Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байна. Энэ хугацаанд түрээсийн дугуйг хэрэглэгчид хэр нэмэгдэж байна. Эрэлт хэр их байна вэ?
-Бид наадмын өмнө буюу долоодугаар сарын еснөөс эхлэн хотын төвийн бүсэд 100 дугуйг байрлуулж, дугуй хуваалцах үйлчилгээг эхлүүлсэн. Энэ төрлийн бизнесийг бид анхлан зохиочихсон бус аль хэдийн дэлхий даяар танигдсан үйлчилгээг нутагтаа хэрэгжүүлсэн. Дэлхийн 600 гаруй хотод дугуй хуваалцах үйлчилгээ буюу 10 хүний дунд нэг дугуй гэсэн үйлчилгээ хэрэгждэг юм. Энэ нь иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлж, бухимдлаас ангид байлгах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой байдаг. Тиймээс энэ төрлийн үйлчилгээний тухай иргэд ойлголттой байсан. Харин бидний зүгээс хэр зэрэг хүний хандалт авах бол үйлчлүүлэгчид хэр байхыг мэдэхгүй байсан учраас эхний ээлжинд 100 дугуйг байрлуулсан. Эрэлт ихтэй байгаа учраас дугуйныхаа тоог болон зогсоолын тоог нэмэх хэрэгтэйг мэдсэн. Мөн бидний хувьд зарим зүйл дээр туршлагагүйтэн бага зэрэг алдаа гаргаж, иргэдийн зүгээс янз бүрийн санал гомдол, алдаа дутагдал хэлж байгаа. Одоо ашиглагдаж байгаа ухаалаг утасны аппликатионг бид гадааны туршлагаас судлан шинээр хийсэн. Тиймээс зарим нэг алдаа гарч байна. Үүнийг засаж сайжруулах, ашиглалтад гарч эвдэрсэн дугуйгаа засах, техникийн шинэчлэл хийнэ. Үйлчилгээ иргэдэд хүрснээс хойш дугуйг эвдлэх, тонох, ачиж авч явах тохиолдол гарч байгаа.

-Түрүүн явж байхад “Ubike”-ын зогсоол дахь дугуй дууссан харагдсан. Нэмэлтээр ямар газруудад байрлуулахаар төлөвлөж байна?
-Өнөөдөр л гэхэд нийслэлийн инновацийн газарт зогсоол нэмж дугуй тавилаа. Мөн Зайсан орчимд тавихаар төлөвлөж байна. Ер нь цаашдаа албан байгууллага, хотын зах хэсгээр болон олон хөлийн үйлчилгээний газруудаар тавина. Хүмүүсээс хотхон, хорооллуудын дунд тавьж болох уу гэсэн хүсэлт их ирж байгаа. Бидний хувьд өөрсдийн нөөц бололцооныхоо түвшинд аль болох олон газруудад байрлуулахаар ажиллана. Бид энэ ондоо багтаагаад 43 байршилд 500 дугуй байршуулна гэж төлөвлөсөн байгаа.Төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд, 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг унадаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй нэмэх бол 2027-2033 онд 5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж тооцоолж байна.
-Зарим хүмүүс хэрхэн түрээсэлж, бүртгүүлээд дугуйгаа авах талаар сайн мэдээлэлгүй байх шиг санагдсан?
-Сонирхсон хүмүүс “UBike” аппликейшнг ухаалаг утсандаа суулгаад төлбөр мөнгөө онлайнаар төлж, үйлчилгээ авах боломжтой. Өнгөрсөн хугацаанд аппликейшнтай холбоотой гомдол, санал хэд хэд бүртгэгдээд байсан. Асуудлуудыг шийдвэрлэсэн. Дугуйны тухайд гомдол ирээгүй. Гэхдээ дугуй авч байгаа хүмүүс эвдэрсэн дугуйтай таарвал түүнийгээ мэдээлэх хэсгийг апп-даа нэмсэн. Эвдэрхий дугуйнуудаа тухай бүрт нь засаж, сэлбээд буцааж гаргаж байна. Хүмүүсийн хэрэглээ их байгаа болохоор заримдаа зогсоол дээр дугуй байхгүй байна гэсэн гомдол гарч байгаа. Тиймээс бид энэ наймдугаар сараас ахин 100 дугуй нэмж байрлуулахаар болсон. Цаашдаа хэрэглээ нэмэгдээд байвал дугуйгаа ихэсгэхэд анхаарна.
-Дугуйн хулгайтай холбоотой зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байна?
-Бидний зүгээс эвдрэл гарсан, хулгайлсан дугуйг цагдаагийн бүртгэлд бүртгүүлж байгаа. Яах вэ жижиг гэмтэлд бид эрсдэлийг дааж, өөрсдөө хариуцаж байгаа. Харин бусад тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтарч байна. Бүх дугуйгаа даатгалжуулсан ч хулгайд алдсан дугуйг олох, эрэн хайх ажиллагаа явагдана.
-Дугуйг түрээслээд авч явахад тухайн хүний хаашаа явж байгаа нь бүгд ил харагддаг уу?
-Байршил тогтоох боломжтой тул бүх зүйл харагдана. Бид зогсоолоос зогсоолын хооронд гэж анх эхэлж байсан. Зогсоол дээр тавиагүй бол 500 төгрөгийн торгуультай. Одоогоор түрээслэгч гэрийнхээ гадаа аваачих тавих, зогсоод байгаа дугуйг ачиж авч явах зөрчил гарч байгаа. Зарим хүмүүс мэдэхгүйгээсээ болоод гэртээ авч орж байх шиг байна. Уг нь бол өглөө 6 цагаас орой 22 цаг хүртэл үйлчилгээ хэрэгжиж байгаа. Гэтэл хүмүүс нэгэнт авч байгаа юм чинь унаж байгаад гэртээ авч яваад өглөө буцаагаад унаад гарч болно гэж бодоод байх шиг байна лээ. Бид цагийн хувиар дууссан тохиолдолд бүх дугуйн зогсоолуудыг шалгаад, зогсоолдоо байхгүй дугуйг байршлыг нь тогтоогоод хурааж авах, дахин байршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
-Анх “ Shak Tank” нэвтрүүлгээр таны санаачлага дэмжигдэн хэрэгжүүлж эхэлсэн. Нэг дугуй хэдий хэмжээтэй өртгөөр босч байна вэ?
-Үүнийг Монголдоо нэвтрүүлэх санаачлагыг гаргаад хөрөнгө босгохын тулд тус нэвтрүүлэгт орж, дэмжигдсэн. Гацуурт компанийн захирал Чинбат, Хасбанкны захирал Амартүвшин, Монголын алт компанийн захирал Цэлмүүн нар хөрөнгө оруулалт хийсэн. 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн. Үүгээрээ дугуйныхаа үйлдвэрийг байгуулсан. Харин одоо хэрэгжиж байгаа UBike үйлчилгээ нь “Петровис”, Хас банктай хамтран хэрэгжүүлсэн төсөл. Хүмүүсийн ойлголтоор энэ төслийг улсаас хөрөнгө гаргаж дэмжээд хийсэн гэж бодоод байгаа. Гэтэл энэ нь хувийн хэвшлийнхний хөрөнгөөр босч хэрэгжсэн. Төрөөс бидэнд бодлогын түвшинд энэ төрлийн үйлчилгээ явуулах зөвшөөрлийг л олгосон.
-Үйлчилгээнд нэвтрүүлж байгаа бүх дугуйг дотооддоо хийсэн үү?
-Нийтийн ойлголтоор гаднаас авчирсан дугуйг угсардаг гэж хараад байх шиг байна лээ. Угсрах гэдэг нь бэлэн эд ангиудаа авчраад нийлүүлж гаргахыг хэлж байна. Бидний хувьд түүхий эдээ авчраад энд эд ангиудыг нь хийгээд, араам босгож, өөрсдөө угсарч байна. Мөн дугуйнд хэрэглэгдэж байгаа шаврын хаалт, нарны хавтан, сагс зэргийг ч мөн хийж байгаа. Нэг дугуй хийхэд 14 хүний хүч хөдөлмөр орж байдаг. Манай үйлдвэр өдөрт дунджаар 10 дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг дугуй ойролцоогоор 500 мянган төгрөгөөр босож байна. Учир нь үйлчилгээнд ашиглаж байгаа дугуй нь энгийн дугуйг бодоход жижиг эд анги ихтэй, байршил тогтоох болон төлбөр төлснийг шалгах нэмэлт төхөөрөмж суурилагдаж байгаа болохоор зардал нь нэмэгдэж байна. Гэхдээ бусад улстай харьцуулахад бага өртгөөр боссон.
-Дугуй хуваалцах үйлчилгээг хэрэгжүүлэхэд анх төсөөлж байснаас хэр өөр байна вэ?
-Манай улсын хүмүүсийн хандлага их эерэг болчихсон байна. Энэ нь энгийн зүйлсээс ч гэсэн ажиглагдах болсон. Бага зэрэг эрсдэл гарч байгаа ч нийтийн хандлаг маш сайн байгаа. Бидний гол зорилго хүмүүсийг бухимдуулаад байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Дэлхийн жижигт нийцсэн стандартыг хангаж ажиллаж, иргэдийн цаг, мөнгийг хэмнэхийн тулд нэг газраас нөгөө газар руу богино хугацаанд зорчих боломж олгож байна. Хэрэгжүүлснээс хойш хүмүүс өдрөөр нь түрээсэлж болох талаар асууж байна. Үүнийг дараагийн ээлжинд шийднэ. Одоогоор баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, хүүхдийн урлан бүтээхээс Зайсан гэсэн тойрогт хэрэгжиж байгаа. Бид зогсоолоо нэмж, хамрах хүрээгээ нэмэгдүүлэхээр ажиллана. Ер нь шинээр хэрэглээнд нэвтэрч байгаа аливаа зүйл хүмүүсийн хэрэглээ болж зүгшрэх хүртэл тодорхой хугацаа шаарддаг. Тиймээс энэ хугацаанд бид өөрсдийн алдаа дутагдлаа засаж сайжруулахыг хичээж ажиллана. Аль болох иргэдэд хэрэгтэй үйлчилгээ болох талаас нь хичээх болно .
З.СУВД

Categories
мэдээ спорт

“Токио 2020” олимпийн тасалбар ирэх жил худалдаанд гарна

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадам Японы Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах билээ. Одоогоор зохион байгуулагч тал олимпын бэлтгэлээ хэдийнэ базааж эхэлсэн бөгөөд тасалбар нь ирэх жилийн хавар гэхэд худалдаанд гарах гэнэ.

Тасалбарын үнэ 2020 иэнээс 300 мянган иэний хооронд хэлбэлзэх аж. Түүнчлэн, нийт тасалбарын тэн хагас нь 8000 иэнээс багагүй байна гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Харин үзэгчид, спорт сонирхогчдын сонирхлыг хамгийн их татдаг олимпын нээлтийн үйл ажиллагааны тасалбар 12000-300000 иэний хооронд байх юм байна.

Тасалбар ирэх жилийн хавраас худалдаанд гарна. Гэхдээ яг хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс олимп үзэхийг хүсч буй иргэд “https://id.tokyo2020.jp” хаягаар нэвтэрч бүртгүүлэх шаардлагатай. Зохион байгуулагчдын тухайд урьдчилсан байдлаар 7.8 сая тасалбарыг худалдаанд гаргаж, үүнээс нийтдээ 77.3 тэрбум иэний ашиг олно гэж тооцоолжээ.рөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадам Японы Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах билээ. Одоогоор зохион байгуулагч тал олимпын бэлтгэлээ хэдийнэ базааж эхэлсэн бөгөөд тасалбар нь ирэх жилийн хавар гэхэд худалдаанд гарах гэнэ.

Тасалбарын үнэ 2020 иэнээс 300 мянган иэний хооронд хэлбэлзэх аж. Түүнчлэн, нийт тасалбарын тэн хагас нь 8000 иэнээс багагүй байна гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Харин үзэгчид, спорт сонирхогчдын сонирхлыг хамгийн их татдаг олимпын нээлтийн үйл ажиллагааны тасалбар 12000-300000 иэний хооронд байх юм байна.

Тасалбар ирэх жилийн хавраас худалдаанд гарна. Гэхдээ яг хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс олимп үзэхийг хүсч буй иргэд “https://id.tokyo2020.jp” хаягаар нэвтэрч бүртгүүлэх шаардлагатай. Зохион байгуулагчдын тухайд урьдчилсан байдлаар 7.8 сая тасалбарыг худалдаанд гаргаж, үүнээс нийтдээ 77.3 тэрбум иэний ашиг олно гэж тооцоолжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нүүдэлчин Монгол” наадам ирэх сард болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдсан бөгөөд 2 – р шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.

“Нүүдэлчин Монгол” наадмын хөтөлбөрт Үндэсний спортын их наадмын зуны төрөлболох үндэсний бөх, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, жороо морины уралдаан, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад, урианхай, уламжлалт сурын харваа зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдах бол аймаг, нийслэлээс оролцож буй ардын авьяастнуудын болон язгуур урлагийн хамтлагуудын урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа, үндэсний уламжлалт хоолны худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.