Categories
мэдээ нийгэм

Аварга тосон нууранд тавьсан гулгуурыг татан буулгуулав

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон нууранд “Эзэнт гүрэн” ХХК нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр усан гулгуурын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчийн актаар зогсоож, гулгуурын хэрэгсэл, эд зүйлийг татан буулгав.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Их Британийн ГХЯ-ны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан төрийн сайд Марк Фийлд долдугаар сарын 19-22-нд манай улсад айлчилсан бөгөөд энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзсан юм.
Хоёр сайд Монгол, Их Британийн худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх хамтын ажиллагааны талаар ярилцаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (FATF)-ын 40 зөвлөмжийг хэрэгжихэд дэмжлэг үзүүлэхийг Их Британийн төрийн сайд Марк Фийлдээс хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 836 сая долларын санхүүжилт авна

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж буй. Хөтөлбөрийн IV шатны үнэлгээг ОУВС-ийн Захирлуудын зөвлөл баталж, 36.91 сая ам.долларын санхүүжилт Монголбанкны дансанд орсон. Ингэснээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус сангаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрээд байна.

Тэд хөтөлбөрийн хэрэгжилт сайн, төсвийн болоод гадаад валютын үзүүлэлтүүд зорилтоос давж биелсэн гэж дүгнэсэн ч чанарын буюу бүтцийн өөрчлөлтийн бодлого, төсвийн зөвлөл байгуулах зэрэг ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн Монгол Улс гадаад дотоод гэнэтийн нөхцөл байдалд өртөмтгий хэвээр байгааг анхааруулсан байна.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд Монгол Улсад нийт 728 сая ам.долларын санхүүжилт орж иржээ. Харин 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолт болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт”-ыг энэ сарын 28-ны өдрийн 19 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулах гэж байна.

“Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай согтуууруулах төрлийн ундаагүй амьд хөгжмийн тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачилгаар нэгдэн оролцох юм.

Тус тоглолт нь залуучуудыг аливаа нэгэн хорт зуршлаас ангид байдлаар сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзахад уриалж байгаагаараа онцлог бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ж.Эрдэнэзолбоо, Б. Ган-эрдэнэ нар өнөөдөр унгарыг зорилоо

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-д суралцах гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Б.Ган-Эрдэнэ /Эрчим/ Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/ нар өнөөдөр Унгар улсын зүг хүлгийн жолоо заллаа.

Анх 2014 онд Монгол улсын ерөнхийлөгч Унгар улсад айлчлан 1954 оны ДАШТ-ий мөнгөн медальт Унгартай, манай улс хөлбөмбөгийн чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга нээгдсэн юм. Үүний хүрээнд 2015 онд Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, Д.Тэмүлэн, А.Дөлгөөн, П.Ууганбат гэсэн залуу хөлбөмбөгчид “Пушкаш академи”-д суралцаж, Монгол хөлбөмбөгчид Европ тивд тоглох гүүр нээгдсэн билээ.

Өнгөрсөн жил А.Дөлгөөн, П.Ууганбат нар “Пушкаш академи”-ийн дасгалжуулагч нарын шалгуурт тэнцэн Унгар явж байсан бол энэ жил МХБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлийн шалгуурыг давсан Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ нар өнөөдөр “Пушкаш академи”-ийг зорьж байна. Ж.Эрдэнэзолбоо Монгол улсын 16-аас доош насны шигшээ багт хоёр ч удаа дуудагдан гараанаас тоглож байсан бол Б.Ган-Эрдэнэ мөн нэг удаа өсвөрийн шигшээ багтаа тоглож байсан удаатай.
“Пушкаш академи”-ийн 17 хүртэлх насныхны багтай “Сузуки цом”-д оролцон “Байер Мюнхэн” клубийн академийн хүчирхэг багийн хаалганд гоол оруулан, хүрэл медаль хүртсэн Г.Ганбаяр одоо ч суралцсаар байгаа. Г.Ганбаяр, А.Дөлгөөн, Б.Амгаланбат гэсэн “Пушкаши академи”-д суралцагчид Монгол улсын залуучуудын шигшээ багт дуудагдан, тивийн чанартай тэмцээн оролцож байсныг манай хөлбөмбөг сонирхогчид андахгүй биз ээ.

Ташрамд дуулгахад “Их Монгол” сангийн хамт олон “Пушкаш академи”-ийн хүүхдүүдэд 2015 оноос эхлэн өнөөг хүртэл ивээн тэтгэж, туслалцаа үзүүлж ирсэн. Өмнөх хоёр жилд явсан зургаан хүүхдийн болон өнөөдөр Унгарыг зорьсон хоёр хөлбөмбөгчдийнхөө өмнөөс “Их Монгол” сангийн хамт олонд талархал илэрхийлье.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Categories
мэдээ нийгэм

Төрийн одон медаль хүртсэн шүүгчдийг шагналаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасан. Уг шагналыг гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дулмаагийн Оюундарь, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржпаламын Сугар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Тогтохын Туяа, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Данзангийн Эрдэнэбилэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бадарчийн Сайханцэцэг, Ахмад шүүгч Дашдоржийн Цэрэндулам нарыг шагналаа.
Алтан гадас одонгоор Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчлэгч Пагмын Баяраа, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Чимидийн Болдбаатар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Занын Доржнамжин, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхамжавын Мөнхцэцэг, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шарын Оюунгэрэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цэвээндоржийн Алтанцэцэг, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Базарсадын Нацагдорж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Балжирхүүгийн Энхтайван, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Данжаадын Уранчимэг нарыг шагнасан юм.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Намдагсүрэнгийн Батчимэг, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Цэвэгийн Ганхуяг, Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зуучлагч Өрөгийн Сувдаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бямбаюугийн Цолмонгэрэл, Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт нярав Марлины Пагамсүрэн, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зуучлагч Мягмарын Пагма-Оролмаа нарыг шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

“Нүүдэлчин Монгол” наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих бөгөөд Соёлын биет бус өвийн ай савд багтах “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм.

Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа нь дор дурьдсан 10 төрлүүдийн хүрээнд зохион байгуулагдана.

  1. Монголын үндэсний хувцасны гар урлал
  2. Уламжлалт эсгий гар урлал
  3. Уламжлалт арьс ширэн гар урлал
  4. Монгол зургийн уламжлалт гар урлал
  5. Монгол сийлбэрийн уламжлалт гар урлал
  6. Уламжлалт уран хатгамал, оёдол, нэхэх сүлжих гар урлал
  7. Уламжлалт наамлын гар урлал
  8. Үндэсний хөгжмийн зэмсэгийн гар урлал
  9. Мал аж ахуйн тоног хэрэгсэлийн гар урлал
  10. Монгол дарханы гар урлал

“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр зохион байгуулагдах уг үзэсгэлэн, худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон түмэнд дуудлага худалдаагаар худалдаалах боломжийг мөн оролцогчдод олгох юм.

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, иргэн аж ахуйн нэгж нь дор дурьдсан материалыг бүрдүүлэн 2018 оны 07 – р сарын 23 – 31 өдрүүдэд ariunzaya1213@gmail.com цахим шуудангаар ирүүлэх болон Засгийн газрын 2 – р байрны 129 тоот өрөөнд өөрийн биеэр авч ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • 1. Аж ахуй нэгж бол албан хүсэлт, Иргэн бол өргөдөл,
  • 2. Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар
  • 3. Худалдаалах бараа бүтээгдэхүүний танилцуулга, өнгөт зураг, ашиглах талбайн хэмжээ
  • 5 Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт

Үзэсгэлэн зохион байгуулах байршил, асар, майхан болон бусад холбогдох мэдээллийг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа / 51.264945 / – с тодруулна уу.

Categories
мэдээ нийгэм

Онцгой комисс цаг үеийн асуудлаар шуурхай хуралджээ

Хан-Уул дүүргийн Онцгой комисс цаг үеийн холбогдолтой асуудлаар шуурхай хуралджээ. Хуралдаанаар өнгөрөгч өдрүүдэд усархаг бороо их хэмжээгээр орж цаашид үргэлжлэн орох төлөвтэй байга учраас болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахаар болсон байна.

Мөн үерийн улмаас ус зайлуулах боломжгүй болсон сэргээн засварлах шаардлагатай далан сувагт засвар үйлчилгээ хийх аж. Иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргүүлэх, шаардлагатай хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, иргэдийн хашаа барилга байгууламжид ариутгал халдваргүйжүүлэлт зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн бохирдлоос үүссэн мөөгөнцөр цэвэрлэх арга

Үер, усны бохирдлоос мөөгөнцөр үүсдэг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мөөгөнцөрийг хэрхэн цэвэрлэх аргыг хүргэж байна.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 17 хуулийн төсөл хэлэлцжээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 13 удаа хуралджээ. Харин Тусгай хяналтын дэд хороо 2, Цахим бодлогын түр хороо 1 удаа хуралдаж, 26 асуудал хэлэлцсэн байна. Үүнээс Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан хуулийн төсөл 17, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3-ыг хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ.

Тухайлбал, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар дайчилгааны талаарх субъектүүдийн үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрахын зэрэгцээ, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болж байгаа аж.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт тодорхой болж, улсын нисэхийн агаарын хөлгийн нислэгийн ангилал, төрөл шинээр тодорхойлогдож, шинээр байгуулагдсан Агаарын цэргийн командлал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж бий болж, эрх зүйн зохицуулалт сайжирах, Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдсан байна.

Тайлангийн хугацаанд нийт 380 хуудас бүхий 78 өргөдөл, хүсэлт албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлжээ.