Categories
мэдээ нийгэм

Смитсониан хүрээлэнд “Монголын соёлын өдөр” арга хэмжээ зохион байгуулагдав

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Смитсониан хүрээлэнтэй хамтран “Монголын соёлын өдөр” арга хэмжээг “Фрийр Саклер” музейн байранд 2018 оны 7 дугаар сарын 27-нд зохион байгуулав.

Смитсониан хүрээлэнгийн “Фрийр Баасан гаригууд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсыг сонирхон судалдаг гадаадын иргэд болон тус улсад ажиллаж, амьдарч, сурч буй монгол, гадаадын 700 гаруй иргэд үзэж сонирхов. Арга хэмжээг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын түүх, соёл, уламжлал болон Монгол Улс, АНУ-ын түүхэн харилцаа, одоогийн хамтын ажиллагааны талаар товч танилцуулав.

“Монголын соёлын өдөр” арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монгол ардын болон сонгодог урлагийн үзүүлбэрийг толилуулж, зураач Д.Цолмон уран зургийн үзэсгэлэнгээ гаргасны зэрэгцээ Вашингтон хотод үйл ажиллагаа эрхэлдэг Монгол ресторан үндэсний хоолоор үйлчлэн эх орныхоо түүх, соёлоо сурталчиллаа.

Дашрамд дурдахад “Смитсониан” хүрээлэн нь 154 сая гаруй түүхэн баримт, бүтээл, үнэт эдлэл, соёлын ховор өв хадгалдаг, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй АНУ дахь хамгийн том соёл, боловсрол, түүхийн цогцолбор юм. Тус хүрээлэн нь Вашингтон ДиСи, Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг урлаг, соёл, шинжлэх ухаан, нийгэм судлал, техник технологи, түүх, археологи, боловсрол, сансар, амьтан судлал, анагаах ухаан зэрэг чиглэлийн үнэ төлбөргүй 19 музей, 2 галерей, 9 судалгааны төв, 1 амьтны хүрээлэнтэй билээ.

Categories
мэдээ нийгэм

Галзуурсан адуу хүүхэд хазжээ

Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд зургаан настай хүүхдийг галзуурсан байж болзошгүй адуу хазаж, гэмтээжээ. Тодруулбал өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 28-ны өдөр хар хээр зүсмийн адуу галзуурсан байдалтай маш хурдан давхиж ирээд айлын үхэр хазаж, улмаар тус айлын зургаан настай хүүхдийг хазсан хэрэг гарчээ.

Хүүг хазуулсан даруйд нь эмнэлэгт очиж, оёдол тавиулсан, галзуугийн эсрэг вакцин хийлгэсэн ч шөнөдөө халуураад байгаа талаар ар гэрийнхэн нь ярьж байв. Хүүхэд нь хазуулчихаад байхад яаралтай арга хэмжээ авч, тухайн адууг шууд устгалд оруулаагүй байна. Тухайн адууг хоёр хоног шонгоос уяснаас харангадаж үхсэн байна. Малын эмч нар булахаар авч явсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Турк улсын Засгийн газраас мэдэгдэл хийжээ

Турк улсын Засгийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлах оролдлого хийгээгүй хэмээн өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Туркийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой “Баасан гарагт Монгол улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн мэдэгдсэнд харамсаж байна. Бид үүнийг няцааж байна” гэжээ.

Гэрчийн мэдүүлгээр баасан гарагийн өглөө таван залуу Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас машинд суулган авч явсан. Харин тухайн үед Турк улсын агаарын хүчин ТТ4010 дугаартай онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад байсан юм. Энэхүү үйл явдал давхцаж байсанд нийгэмд хардлага төрүүлээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Тамгын газрын даргыг өрөөнд нь хутгалжээ

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр 11.00 цагийн орчимд ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалжээ.

Энэ тухай тус дүүргийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон бөгөөд одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэргийн холбогдогчоос байцаалт авч байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр энэ хэргийг шалгаж байгаа” гэв.

Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт эмчийг ажлын байран дээр нь зодож танхайрчээ

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт долоодугаар сарын 26-ны орой үзүүлэхээр ирсэн хүн жижүүр эмчийг зодож танхайрсан бичлэг цахим орчинд тархаад байсан юм. Болсон явдлын талаар тус эмнэлгийн захирал Н.Баттогтохоос тодруулахад “Ачаалалтай ажиллаж байсан жижүүр эмчийг ажлын байранд нь балмадаар зодсон хэрэг гарлаа. Манай эмчийн уруулыг сэт цохисон, толгой тархи доргисон, нуруу нь хөхөрч улайсан байдалтай байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зодуулна гэдэг байж боломгүй асуудал. Бид энэ хэргийг цагдаад өгсөн, тэрхүү этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүл мэндийн яамнаас холбогдож, намайг энэ явдлын талаар тайлбар өгөөрэй гэсэн. Зодож танхайрсан этгээд зүрх салгалаад байна гэсэн 103-аар яаралтай тусламжийн тасагт ирсэн хүн хүн юм билээ. Хэдхэн минут хүлээх боломжтой байсан. Тухайн үед манай жижүүр эмч эрчимт эмчилгээний тасагт хүн хэвтүүлээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирэхэд нь шууд зодсон байсан. Тэр этгээд архи үнэртүүлсэн, гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Энэ бүхэн бүгд бичлэгээс харагдана гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын уснаас 40 орчим насны эрэгтэй хүний цогцос олджээ

Амралт зугаалгын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд гол усанд амь насаа алдах тохиолдлууд тасралтгүй гарсаар байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч очиход нэр хаяг тодорхойгүй, усанд осолдоод удаж муудсан, 40 орчим настай, эрэгтэй хүний цогцос байжээ. Тиймээс цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны талбайн нээлт болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол болно. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.

Байт харвааны зориулалтын энэ талбайг “360 градус” төслийн хүрээнд хийж байгаа бөгөөд уг байгууламж шинэлэг сайхан санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босож байгаа юм. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд, төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр стандартын талбайтай болж байгаа нь энэ юм. Одоогийн байдлаар 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн хандив бэлэн мөнгө болон бэлэн бус байдлаар цугласан бөгөөд үүний зарцуулалтыг facebook шилэн дансаар байнга мэдээлж байгаа аж.

Байт харвааны энэ зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох юм байна.

Байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм. Байтын Д.Дэмбэрэл 1971 онд Монголын анхны дэлхийн аварга болж байсан бол 2008 оны Бээжингийн паралимпоос Д.Баатаржав алтан медаль хүртэж, мөн л паралимпийн Олимпийн анхны аварга хэмээх эрхэм алдрыг эх орондоо авчирч байлаа. Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босох аж. Энэ нь Монголын байтаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна.

“360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачилсан бөгөөд Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.
Categories
мэдээ улс-төр

Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Ерөнхийлөгч бүрэн дэмжиж байна

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Энэхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээллийг гаргаж байна.

Хэвлэлийн мэдээлэл:

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг (Төслийг үзэх) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж, төслийг санаачлагчдад талархлаа илэрхийлж байна. АНУ-ын хоёр голлох Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын төлөөлөл Конгрессын гишүүд Тэд Йохо, Дайна Тайтус, Дон Янг, Марк Медоус, Брайан Фитцпатрик, Элиз Стефаник, Жаред Полис, Дэвид Прайс, Виллиам Кийтинг, Двайт Эванс нар нь Монгол Улсыг дэмжигч Америкийн улс төрийн дэмжлэгийг илтгэж байгаа юм. Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын Танхим уг хуулийн төслийг дэмжин батална гэдэгт найдаж байна.

Монгол Улс гадаад бодлогодоо эрх тэгш байдал болон ашиг сонирхлоо харилцан хүндлэх зарчмуудыг тууштай баримталж ирсэн юм. Монгол-Америкийн харилцааг цаашид улам бүр эрчимжүүлэхэд чухал ач холбогдол бүхий уг хуулийн төсөл нь хоёр улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал болон ардчиллыг бэхжүүлж буйн илрэл болох юм.

Өнгөрсөн онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Хэдийгээр Монгол Улсын газар нутаг ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боловч бид АНУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг билээ.

2012 онд хоёр улс нийт 707 сая ам. долларын худалдаа хийж шинэ амжилтыг тогтоож байсан бол 2017 онд Монгол Улс тус улс руу ердөө 9.4 сая ам.долларын экспорт хийж, 82.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортолжээ. Энэ нь АНУ-ын импорт, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг харуулж байна.

Монгол Улс 2003 оноос хойш Ирак, Афганистан дахь АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж ирсэн юм. Энэ нь бидний ардчилал, хуульт ёс, хүний эрх, хүчирхэг чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөөх тууштай байр суурийг илтгэж байна.

Ямааны ноолуурын экспорт Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Монгол Улсын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, олонх нь ноолуураас орлогоо бүрдүүлж байна. Монгол Улсын экспортын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд удаах нь хөдөө аж ахуйн салбар ордог. Үүн дотроо голлох экспорт нь ноолуур байдаг.

2017 онд Монгол Улс нийт 9,400 тонн түүхий ноолуур буюу дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг бэлтгэсний ердөө 1,100 орчим тонныг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн 8,300 тонн ноолуурын дийлэнхийг нэмүү өртөг шингээлгүйгээр түүхийгээр нь БНХАУ руу экспортлосон байна. АНУ ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг БНХАУ-аас худалдан авдаг. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломжийг олгосноор хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспорт нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг багасгах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын хувьд эдийн засагт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож тогтвортой өсөлтийг хангах юм.

Монгол Улсын оёдлын болон сүлжмэлийн салбарыг хөгжүүлэх нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэднийг чадавхжуулахад чухал дэмжлэг болох юм. Оёдлын болон сүлжмэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хэзээд өндөр байж ирсэн бөгөөд тус салбар нь монгол эмэгтэйчүүдийг аюулгүй, тогтвортой ажлын байраар хангасаар ирсэн билээ.

____________________________________________________________________________

Зарим холбоотой мэдээлэл унших:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПАД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

  • Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм.

АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТЫН ТУСЛАХ ТНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ СЮЗАН ТОРНТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх тухайд тус улсын Конгрессоор шийдвэр гаргуулахад анхаарал хандуулахыг АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоноос хүслээ.

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ ЖЕНИФЕР ЗИМДАЛ ГАЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд шинэ тутам Монгол Улсын ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсныг тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос үүдээд Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх асуудлыг хөндөж тавилаа.
Categories
мэдээ цаг-үе

Д.Нацагдорж хамба Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргахаар зорьж байна

Д.Нацагдорж хамба алганд багтахаар бяцхан ном харуулаад “Энэ бол 1760 онд байгуулагдсан Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацанд уншиж байсан номын горим, хөтөлбөр. Үүнийг тус хийдийн тахилч Цэнд-Аюуш гэдэг лам Гандантэгчинлэн хийдийн цорж лам, гавж Г.Диваасамбуу багшид маань1961 онд өгсөн юм билээ. Багш маань түүнийг 1990 он хүртэл хадгалж байгаад намайг Манба дацангаа байгуулах үед “Миний хүү хийдийн үйл ажиллагааг сэргээж, энэ горимын дагуу хурал номоо авч яваарай” гээд надад өгсөн. Миний багш багаасаа Манба дацанд сууж ном үзсэн хүн. Багш маань хийд байгуулах бүх л ажилд оролцоод, лам нарыг маань сургаж тусалсан” хэмээлээ. Амралтын өдөр Манба дацан эмнэлэгийн долоон давхарт байрлах Д.Нацагдорж хамбын өрөөнд зочилсон юм. Уг эмнэлгийн эсрэг талд Оточ манрамба их сургууль сүндэрлэх агаад хоймор хэсэгт нь Манба дацан хийд дүнхийнэ. Д.Нацагдорж хамба Монголын уламжлалт анагаах ухааны сургалт, эмнэлэг, эмийн үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлж байгаа эрхэм билээ. Түүний өрөө бурхан, тахил, судар номоор баян. “Буддизм тэр дундаа анагаах ухааныг судалж, түүнийгээ олон хүнд заан сургаж, буддын уншлага зан үйлийг хийж, энэ том соёлыг дараагийн үедээ үлдээх бодолтой явдаг” хэмээн Манба дацан хийдийн хамба лам, Уламжлалт анагаах ухааны Манба дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, хүний гавьяат эмч Д.Нацагдорж ярьсан.

Хамба бас нэгэн нандин судар дэлгэн харуулав. Тэрбээр “Надад олон орон хийдийн шүтээн, нандин ном судар хадгалагдаж байдаг. Тухайлбал энэ “Хутагт Тарва Чэнбо-до” хэмээх их хөлгөн судар байна. 1700 оны үед бүтээгдсэн энэхүү судрын нэг шадыг алтаар, дараагийнхыг нь номингоор гэх мэтээр есөн эрдэнээр бичсэн.

Монголчууд түүхийг ингэж хичээнгүйлэн бүтээж байжээ” хэмээв. Биднийг хамбын өрөөтэй танилцаж байхад нэг лам өрөөнд орж ирэн, үүдэнд зогсоод “Маргааш (бүтэн сайн өдөр) есөн цагаас чогчин хуралтай, сахиустай” хэмээн айлтгахад, хамба “За” хэмээн хариулав. Хамбын ажил хагас, бүтэн сайнгүй үргэлжилдэг юм билээ. Ажлын өдрүүдэд түүнийг олж уулзахад бэрх.

Хурлын зууван ширээн дээр ч баахан ном хураажээ. Ийнхүү номонд умбасан шалтгаанаа “Хэд хэдэн ном бичээд эхэлчихсэн байгаа, мөн хичээл заах, оношилгоо, эмчилгээний арга аргачлал, жор судлахад олон ном, судар эргүүлж үзэх хэрэгцээ байнга гардаг” гэдгээр тайлбарлав. Уншсан номуудынхаа онцлох хэсгүүдэд шар цаас наасан үзэгдэнэ.

“Бид Буддын анагаах ухааныг хөгжүүлж байгаа ард түмэн”

Хамба лам “Монголын анагаах ухаан хаанаас эхлэлтэй вэ?” хэмээн асуугаад, өөрөө түүндээ ийнхүү хариулсан юм.

Монголчууд уламжлалт анагаах ухааныг Бурхан багшийн эрин үеэс хойш өнөөдрийг хүртэл 2970 гаруй жил онол, шүнтэй нь уламжилж хөгжүүлж, хэрэглэж ирсэн. Урьд эмч нарыг Манба дацангуудад бэлтгэдэг байжээ. Манба гэдэг нь эмч, дацан гэдэг нь хурал ном, сургалт эрдмийн газар гэсэн үг.

Эмч нарыг манба дүйрава, манба гавж, манрамба, бумравжамба гэсэн дөрвөн чиглэлээр бэлтгэж байв. Маарамба гэдэг нь манрамба гэсэн үг. Судалгаанаас харахад Монголд 250-иад Манба дацан ажиллаж байжээ.

Манба дацангуудад эмч бэлтгэх сургалтын нарийн жаяг, хөтөлбөр, дэглэмтэй байлаа. Манрамба, бумравжамба нарыг орон нутгийн эмч нарын дундаас шалгаруулан, хошуу нутагт дамжаа бариулан тусгайлан бэлтгэдэг байжээ. Ингэхдээ тухайн эмч нарыг хурал номоос нь чөлөөлдөг байв. Манба гавж гэдэг нь Анагаах ухааны дөрвөн үндэс, шүнг үзээд, төгссөн эмч нараа хэлдэг. Түүнээс дээш маарамба болон бумравжамба гэсэн хоёр ахисан түвшний зэрэг олгох сургалт байжээ.

Манба дацангуудад ажиллаж байсан эмч нар анагаах ухааны номыг таван настайгаас эхлээд насан өтөл болтлоо сурч, судалж байсан учраас Монголын эмч нарын мэдлэг, чадвар өндөр түвшинд хүрсэн байв. Монгол эмч нарын нэр алдар Азид тэр дундаа Хятад, Түвд, Ладак, Сиким, Бутан, Непал зэрэг орнуудад түгж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

XVI зууны үед Түвдээс Монголд анагаах ухааны өв уламжлал маш хүчтэй орж ирсэн. Тэр үеийн монгол оточ эмч нар бүх төрлийн өвчнийг оношлон, анагааж байв. Мэс засал хүртэл хийж байсан түүх бий. Хэрэглэж байсан багаж нь ч үлдсэн байна. Нүд, тархины хагалгаануудыг хийж, амаржиж чадахгүй байгаа эхэд ч хагалгаа хийж байж.

750 оны үед Түвдийн алдартай эмч Ютог Ёндонгомбо Түвд оронд анагаах ухааны сургууль байгуулахад монголчууд очиж сурч байсан тухай түүхэн эх сурвалжид тэмдэглэжээ. Монгол угсааны оточ нар Түвдийн хаад ноёдын эмч байсан. Гурван том анагаах ухааны мэргэд байдаг гэж тухайн үедээ үзжээ. Нэг нь Аюурвэд, нөгөө нь Хятадын анагаах ухаан, нөгөө нь Дагсаг Монгол гэж байгаа юм. Бурхан багшийн айлдсан анагаах ухааны онолд үндэслэсэн номуудыг Ютог Ёндонгомбо эмхтгэж, өнөөдөр үзэж судалж байгаа “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг гол сурах бичиг болгож гаргасан. Энэ сурах бичигт Монголын төөнүүр эмчилгээний тухай байдаг. Энэхүү уламжлалт анагаах ухааныг бид өнөөдөр үргэлжлүүлэн хөгжүүлж байна.1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан уламжлалт анагаах ухааныг шууд хорьж устгаагүй юм билээ. Эхэндээ уламжлалт анагаахын эмч маарамбуудыг европ эмнэлгийн эмч нартай хамтад нь ажиллуулж байв. Харин 1937-1938 оны үед уламжлалт анагаах ухааны манба дацангуудыг хаасан. Хамгийн сүүлд III Богд Ишдамбийнямын 1760 онд санаачлан Их хүрээнд байгуулсан “Бусдад Туслахуй анагаах ухааны Манба дацан хийд”-ийг устгасан байдаг. Энэхүү хийдийг 1990 онд багшийхаа санал болгосны дагуу сэргээн байгуулсан юм.

“Зүрх сэтгэл, урьдын ерөөл буяныг дагаж лам болсон”

“Би зүрх сэтгэл, урьдын ерөөл буянаараа лам болсон хүн” хэмээн Д.Нацагдорж хамба ярилаа. Тэрээр “Манай авдарт нэг хөлгөн судар байв. Аав, ээжийн шүтдэг тэр судрыг цагаан сараар гарган гэрээ тойруулж, гороолоод, зул барьж байгаад буцаагаад далд хийдэг. Арван хэдтэй байхад манайд нэг хүн ирж мөнөөх судрыг уншсан. Судрыг нээхэд нь харсан чинь миний мэдэхгүй бичиг үсэг байна. Энэ сударт юун тухай бичсэн байдаг бол гэсэн сониуч бодол төрж байв. Тэр бодол салахгүй байсаар энэ номын ухаанд гүн гүнзгий орчихсон хүн дээ” хэмээн хуучилсан.

Д.Нацагдорж 1975 онд техникумд сурч байхдаа уйгаржин монгол бичиг, түвд бичгийг бие дааж сурчээ. Тэр үедээ уламжлалт анагаах ухаан, зурхайн ухаан, буддизм судалсан анхны багштайгаа учирч, тэр үеэс буддын ухаан болон уламжлалт анагаах ухааныг шавь сургалтаар заалгаж эхэлсэн байна. Хамба лам “Багш маань надад уламжлалт сургалтын аргаар “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг шүнгийн дагуу зааж сургасан. Багш маань 1981 онд “Миний шавь энэ ухааныг ёс жаягийн дагуу сурч судаллаа. Одоо ойр зуурын эм хийгээд, хүнд туслаарай” гэсэн юм. Би тэр үед Шашны их сургуульд сурч байсан.

Тэгээд эм хийж, хүн үзэж, эмчилж байлаа. Шашны их сургуулиа төгсөөд Гандантэгчинлэн хийдэд хурал хурж байх үед уламжлалт анагаахын чиглэлээр нэг хүнийг гадагшаа явуулж сургах болсон. Тэр үед Гандангийн лам нар тоотой хэдхэн байв. Хязгаарлагдмал тоогоор лам бэлтгэж байсан үе. Тэдэн дундаа эмийн ном үзсэнээрээ нэр хүндтэй байлаа. Тэгтэл Гандангийн удирдлагууд хэлэлцэж байгаад намайг сонгож, Энэтхэг улсын Дхарамсала дахь Түвдийн эмнэлэг зурхайн сургуульд явуулсан юм. Би оюутан байхаасаа англи хэлийг бие даан үзэж байгаад МУИС-д англи хэлний анги байгуулагдахад нь элсэн орж, 1988 онд төгссөн хүн. Энэтхэгт сурч байхдаа 1990 онд амралтаараа ирсэн чинь тэр чигээрээ өөрчлөгдсөн байлаа. Хүн үзэж, ном уншихдаа ч айдаг байсан нь арилжээ. “Ардчилал бий болоод бүх юм чөлөөтэй болсон” гэцгээж байна. Зуны амралтаараа ирчихээд Гандантэгчинлэн хийдийнхээ Х.Гаадан хамбад “Би Гандандаа анагаах ухааны хийд, сургууль байгуулъя” хэмээн айлтгахад, хамба маань “Манай Нацагаа сайхан санаачилга гаргаж байна. Гэхдээ одоо эдийн засгийн боломж байхгүй” гэсэн хариу өгсөн. Тэгээд одоо яадаг юм бол доо гээд бодож байсан чинь хүмүүс “Одоо өөрсдөө бие дааж юм байгуулъя гэвэл чөлөөтэй болсон шүү дээ” гэж байна. Тэгээд л анх 1990 онд Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв Манба дацан байгуулсан. Эргээд социализмдаа очвол бид яах вэ гэдэг айдас тэгэхэд хүмүүсийн сэтгэлд байж дээ гэж одоо боддог. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Энэ том үйлсийг бүтээнэ гэсэн сэтгэл л байсан. Өглөө эрт ажилдаа гараад, үдэш болтол ажилладаг байв. Заримдаа үүр цайтал ч ажиллах хэрэг гарна. Анх Манба дацан төвөө байгуулчихаад, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хэдэн өрөөнд ажлаа эхэлж байлаа. 1991 онд банкнаас мөнгө зээлж, Манба дацан хийдийн барилгыг эхлүүлсэн. Тэр үед манаачид өгөх цалин ч байсангүй. Эхний үед өдөр нь ажлаа хийчихээд, шөнө нь өөрөө барилгын материалаа харж хонодог байв. 1990 онд Монгол Улсад хамгийн анхны хувийн хэвшлийн эмнэлгийн болоод эм үйлдвэрлэх зөвшөөрөл авч, эмээ гар аргаар хийж байв. 1991 онд Оточ манрамба дээд сургууль байгуулж, их сургууль болтол нь хөгжүүлсэн. Энэ их үйлсийг бүтээж, өдий зэрэгт хүргэхэд дээдийн номын багш нар маань, арван зүгийн бурхад, сахиус, бодисадва нар, олон сайхан сэтгэлтэй хүмүүс тусалж дэмжсэн. Би арваад жилийн турш Англи улсад олон удаа очиж, уламжлалт анагаах ухааны үзлэг, оношилгоо, эмчилгээ хийдэг байв. Тэнд ажиллаж, өөрийнхөө мэдлэг, чадварыг үнэлүүлж, олсон мөнгөөрөө банкнаас авсан зээлээ төлж барагдуулсан даа хэмээн хамба дурслаа. Англичуудтай тогтоосон хамбын сайн харилцаа олон түүхээр баяжсан. Английн баримтат киноны алдартай найруулагч Бенжамин Жонс “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноныхоо хоёр дахь цувралын гол баатраар Д.Нацагдорж хамбыг сонгосон юм.

“Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал киноны багийнхантай.

“Лус савдгийн хорлолоос болоод хавдар хүртэл үүсдэгийг уламжлалт анагаах ухаан нотолсон”

“Оточ манрамба их сургуулийг төгссөн эмч сувилагч, эм зүйчдийн 95 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна” хэмээн Д.Нацагдорж хамба бахархлаа. Тэднээс найман доктор төрсөн гэнэ. “Дөч гаруй эмч дэлхийн 15 оронд мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн шүү. Манай сургуульд Польш, Болгар, Франц, Тува, Буриад, Өвөрмонголоос хүмүүс сурч байна. Бид дорнын анагаах ухааныг сонирхдог америк, итали, англи гээд олон орны эмч, судлаачдад сургалт явуулдаг” хэмээн тэр танилцуулав.

ДЭМБ 2030 хүртэлх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого зөвлөмжөө гаргасан. Уламжлалт анагаах ухааны өв уламжлалтай улс орнууд үүнийгээ хөгжүүл, эрүүл мэндийн салбартаа татан оролцуул гэдэг. Манай оронд ерээд оноос хойш европ анагаах ухааны сэтгэхүйтэй хүмүүс уламжлалт анагаах ухааныг хөгжүүлсэн сургалтын хэлбэр одоог хүртэл явагдаж байна. Харин бид уламжлалт анагаах ухааныг цэврээр нь, өөрийнх нь үзэл онолоор нь хөгжүүлж, үр дүнтэй ажилладаг. Уламжлалт анагаах ухаан архаг өвчинд сайн, европ нь хурц өвчинд сайн гэдэг яриа байдаг. Энэ бол их буруу ойлголт. Учир нь уламжлалт анагаах ухаан хурц өвчнийг ч анагаадаг. Элэгний вирустай, хавдартай хүнийг ч эдгээсэн нь олон. Энэ анагаах ухаан цогцоороо, өөрийнхөө үзэл онолоор хөгжиж байж үр дүн нь гардаг. Европ анагаах ухааны сэтгэхүйтэй хүмүүс уламжлалтыг буруу хөгжүүллээ гэж би олон жилийн өмнө шүүмжилж байсан. Монгол хүн гэртээ орохдоо үүд хаалгаараа ордог юм. Энэ хүмүүс гэрийнхээ ханыг цөм цохиод ороод ирлээ. Зүү төөнүүр, бариа заслаар уламжлалт анагаах ухааныг төлөөлүүлж ярьж явсан нь том алдаа байсан. Хүмүүс үүгээр нь уламжлалт анагаах ухааныг ойлгоод байх шиг байна. Тийм биш шүү дээ гэж ярьж байсан.

Монголын уламжлалт анагаах ухаан хүний бие болоод сэтгэлийг цогцоор нь оношилж, эмчилдгээрээ давуу. Цул, сав эрхтнүүдийг таван махбодын уялдаагаар оношилж, эмчилгээгээ эхэн, дунд, төгсгөлийн гэсэн гурван шат дарааллаар хийж, хамгийн сүүлд нь өвчний урхагийг дарж, бүрэн дүүрэн эмчилдэг эмчилгээний нарийн зарчимтай.

Монголчууд сүүлийн үед хагалгааг хэт шүтэж байгаа нь олон муу асуудал дагуулна гэж боддог. Уламжлалт анагаах ухааны эмчийн үүднээс харахад мэс заслын бус аргаар эмчилчихээр тохиолдолд ч мэс засал хийсэн байх юм. Гурав, дөрвөн цул, сав эрхтнээ авахуулсан хүн ч таарч байна. Би тэр хүний бүхэл бүтэн эрхтнийг нь орлох юмыг яаж хийх вэ. Цөс, олгой, хоолойны махыг авахуулахыг ингэх ёстой гэсэн байдлаар хүлээж авч байна. Энэ эрхтнүүдийг шинээр бүтээж чадахгүй шүү дээ. Маш болгоомжтой хандах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанд хүнийг эмчлэхдээ гариг эрхэс, зурхайн хэмнэлтэй нь холбож үздэг. Тухайн жил болоод өвчтөний төрсөн жилийг харгалзан үзнэ. Жил болгон хүний нэг эрхтэн нь голлон хямарч, дагалдаад бусад эрхтэн өвчлөх нь байдаг. Мөн ад тотгороос болж, олон төрлийн өвчин үүсч, амь насыг авах хүртэл аюултай байдаг. Сэтгэцийн өвчнүүд ихсэж байна. Аливаа зүйлд донтдог хүмүүс олширлоо. Донтолтыг эмчлэхэд уламжлалт анагаах ухаан хамгийн сайн нөлөөтэй. Сэтгэцийн өвчин туссан хүнд эм өгөөд эдгээсэн нь ч бий. Гүрэм ном хийгээд эдгээсэн ч бий. Гүрэм ном, эм хослуулж эдгээсэн нь ч байна. Хүндрэлтэй төрдөг, зулбах гээд байдаг эмэгтэйчүүд, үр хүүхэд олдоггүй хүмүүст зөндөө тусаллаа хэмээн хамба хэллээ.

Өвөлдөө хүүхэд нь ханиад ээрч, арга мухардсан ээжүүд олширдог. Харин уламжлалт эмнэлгийнхэн ямар арга хэрэглэдэг бол?

Хамба “Манай хүүхэд жил болгон ханиад хүрээд, хүндрээд байсан чинь танай эмнэлэгт ирээд хэдэн тан уугаад эмчлүүлсэн. Энэ жил ханиад хүрээгүй“ гэж хүмүүс хэлдэг юм” гэлээ.

“Хүний биед нар, сарны болоод 28 одны сайн, муу нөлөөлөл байна. Түүн дээр хүний өөрийн муу сэтгэл, үйлдлээс үүсдэг, гаднын шалтгаантай 1080 гэг тотгор, 360 ад бий. Түүн дээр нь лус болоод савдгуудын хорлол бас байгаа юм. Лус, савдгийн хорлолд бурхдын айлдсан нууц тарнийн гүрэм, домын засал хийхэд тэдгээр нь зайлж алга болоод өвчин эдгэдэг. Бид гүрэм заслыг шаардлагатай хүнд хавсарч хэрэглэдэг. Тухайн хүний жилийг дагаад нөлөөллийг нь гаргахдаа тарнийн хүч чадал болоод судрын адис жанлав хүч чадлыг ашиглахаар зовуурь шаналгаатай байсан хүн эдгээд гардаг” хэмээн тэр тайлбарласан.

Англид уламжлалт анагаах ухаан, Монголын түүх,соёлын талаар лекц уншиж байгаа нь.

“Муу үг муу үр дагавартай, өөрт нь төдийгүй өрөөл бусдад хорлолтой”

Хэрүүл, хараал хэлдэг хүмүүс их болсон. Зам дээр түгжирсэн ч биенийгээ доромжлох, бүдүүлэг үг хэрэглэх нь гэм биш зан. Үүнийг “Хэлний нүгэл хурааж байгаа юм” хэмээн Д.Нацагдорж хамба тайлбарлав. Муу үг хэллэг муу үр дагавар авчирдаг. Өөрт нь ч өрөөл бусдад ч муу нөлөөтэй. Хүний амнаас гарч байгаа муу муухай үг хэллэг, агаар мандалд дуу авианы кодоор цацарч, лус савдагт хүртэл нөлөөлдөг юм билээ. Надад нэг хүн ирээд ингэж хэллээ. “Би нэг хүнтэй хэл ам хийсэн юм. Түүнээс хойш бие маань өвдлөө. Тэр л надад муу юм хийчихлээ” гэсэн. Тэгэхээр нь би “Тэр хүн чамайг хорлоогүй ээ. Та хоёр муу үг хэлсэн нь үнэн байна. Чи тэр хүнээ битгий буруутга. Ад тотгор хорлогч нар, лус савдгууд хэрүүлд дургүй. Хэрэлдээд эхлэхээр нь хоёуланд чинь дургүйцээд хорлочихжээ. Чи зовж байгаа бол нөгөө хүн чинь бас зовж байгаа. Хэрүүлийн үгний кодыг тэд маш өөрөөр хүлээж авдаг юм байна. Та хоёрын дундуур савдаг давхиж орж ирээд хорлочихжээ. Чи харин ном засал хийлгээд, сэтгэлээ сайхан ариусга. Тэгээд наад хорлол чинь арилах нь дамжиггүй” гэсэн. Энэ талаар мэдэхгүй хүмүүс “Хүнд дээрэлхүүлэхгүй, эргүүлээд янз бүрээр хэлнэ” гэдэг. Өөрөө харин бурууддаг. Монголчууд ерөөл өргөдөг, сайхан үг хэлдэг ард түмэн байсан шүү дээ. Таагүй юм тохиолдсон ч “Ээ, буянаа нэм” гэдэг. Энэ чанар бидэнд дутагдаад байна. Сайн үг хэлж чадахгүй үедээ жаахан тэвчээд, дуугүй болчихгүй юу. Хэсэг хугацаа өнгөрөхөд тайвшрах байлгүй дээ. Сайхан буянтай хүмүүсийн хэлж байгаа ерөөлийг монголчууд алгаа дэлгээд хүлээж авах хэрэгтэй. Надад хүмүүс сайхан ерөөл хэлдэг юм. Би “Ерөөл бат оршиг” гээд хариу ерөөдөг. “Урт насалж, удаан жаргаарай. Таны ойр орчим бүгдэд миний ерөөл хүртэх болтугай. Адис жанлав нь буух болтугай” гэдэг.

Энэ замбуутив зовлонгийн мөн чанартай. Бурхан багш замбуутивийн амьтдыг гэгээрэлд хөтлөхөөр хамгийн хүнд үүрэг даалгаврыг авч, сайн цагийн мянган бурхдын дөрөв дэх болж, цөвүүн цагийн амьтдын тусыг бүтээхээр бусад 999 бурхдаас 500 их ерөөл илүү талбин байж заларсан байдаг. Тийм ч учраас Буддын сургаалд айлдсанаар “Орчлонд зүүний үзүүрийн төдий амгалан үгүй. Орчлонгийн жаргал бол урвадаг зовлон. Хүн гэдэг чухал, сайн төрөлд төрчихөөд орчлонгийн муу муухай балчиг шаварт хутгаж буруу, нүгэлт явдлаар эрдэнэт хүмүүний амьдралыг барж дуусгах уу, чухал төрлийн мөн чанарыг ойлгоод зөв, сайн явдлаар орчлонг туулах уу гэдэг хоёр зам бий гэж би ойлгодог.

“Бага хүү маань гурван настайдаа сахил аваад лам болсон”

Хамба зургаан хүүхэдтэй гэнэ. Том хүү гадаадад ажиллаж байгаа. Хэл, бизнесийн чиглэлээр суралцсан. Том охин уламжлалт анагаах ухаанд суралцаж, Тайваньд докторын зэрэг хамгаалаад, эндээ ажиллаж байна. Хоёр дунд хүү эмч мэргэжилтэй. Бага охин Оточ манрамба их сургуулийн оюутан, сайн суралцаж ирээдүйд уламжлалт анагаах ухаанд хувь нэмрээ оруулна гэсэн найдлага төрүүлж байгаа. Бага хүү маань дунд сургуульд суралцаж байна. Ирээдүйд ажил үйлсээ авч явах талаар зааж сургая, бурхны шашин, анагаах ухаанд хувь нэмрээ оруулсан хүн болгоё доо гээд ээж, аав хоёр нь олон зүйлийг хэлж ярьж, чиглүүлдэг. Бага хүү маань гурван настайдаа сахил хүртэж лам болсон. Цаашдаа энэ чиглэлээр нь явуулна гэсэн бодолтой байдаг. Хань маань Манба дацан эмнэлгийн зөвлөх эмч, Оточ манрамба их сургуулийн дэд захирал, анагаах ухааны доктор Г.Одонцэцэг гэж хүн бий. Хорь гаруй жил шавь нартаа ном зааж, олон хүнд тус болоод, уламжлалт анагаах ухаан, бурхны шашинд эргэлт буцалтгүй ороод, дээдийн ном үзэж судлан, дэлгэрүүлээд явж байгаа хэмээн Д.Нацагдорж хамба гэрийнхнээ танилцуулсан юм.

Гэр бүлийн зураг өгөөрэй гэхэд маань “Хоёр жаахантай авахуулсан зураг л байж магадгүй дээ. Бөөнөөрөө зураг авахуулах гэхээр нэг нь гадаадад, нөгөө нь энд тэнд явж таардаг. Тэгээд ч би нэг их чухалчлахгүй юм даа. Ажил гэж явсаар таарах юм” хэмээн дуугарч байна.

Тарнийн хүч

Хамба тарни уншихыг ихэд чухалчлан үздэг юм билээ. Тэрбээр ийм түүх ярилаа. “Би нэг хүнд тарни уншихын тус эрдмийг тайлбарлахад “Манай эмээ тарни их уншдаг байсныг мэднэ. Урт насалсан, өвдөж зовж байгаагүй. Эмээгээ ийм мундаг буян хийж байсныг мэдээгүй явжээ.Тарни ийм хүчтэй гэдгийг танаас сонслоо” гэж хэлсэн гэнэ. Ээж, аав нь тарнийг өндөр тоогоор уншсан бол хүүхдээ тарниар адислан үлээхэд өвчин зовиур нь амарлиж, арилна.

Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлож байдаг. Үүнийг мэдсэний үндсэн дээр түүнийгээ ариусгах, арилгах, хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан багш айлдсан. Мунхаг нисванисын сэтгэл нь өвчин бүгдийншалтгаан болдог. Тарни нь санскритаар “Мандара” гэсэн үг. “Ман” гэдэг нь сэтгэл, “дара” гэдэг нь аврах гэсэн утгатай. Тарнийг эгэл хүн зохиож чадахгүй. Харин гэгээрэлд хүрсэн бурхадын нинж асралын сэтгэл, хоосон чанар, арга билэг нэг цогц болж кодлосон ном” хэмээн тайлбарлав.Тарнийг тоонд нь хүргэж, тооноос нь ахиулан уншиж, бясалгаж, бясалгалын хүчийг үүсгэн, нинж асралыг, хоосон чанарыг онож мэдсэнээр тарни эмчилгээг хийдэг байна.

Уншигчдадаа зориулан тарни айлдаж өгөхийг хамбаас хүссэн юм. Эдгээр тарнийг амьдралынхаа туршид унших учиртай гэнэ. “Нэг тарнийг доод тал нь сая удаа унших хэрэгтэй” гэж зөвлөсөн шүү. “Арван сая удаа уншсан хүнд асар том өөрчлөлт гарна” гэлээ. Эдгээр тарнийг “Хамгийн залхуу хүн ч уншихаар хураангуйлсан” хэмээн хамба хошигнож байна лээ.

“Итгэл”гэхэд л бурхан Гончигсүмтэй холбогдох үүд хаалга гэлээ.

Манал бурханы тарнид багтаагүй юм үгүй. Онгоцоор нисч байхдаа ч уншчихад Манал бурхан даана гэв.Оюун ухааныг сайжруулах тарнийг өглөө болгон долоон удаа уншаад ус рүү үлээгээд, уух учиртай.

Итгэл:
Лама ла жавсү чио
Санжай ла жавсү чио
Чой ла жавсү чио
Гэдүн ла жавсү чио

Манла бурханы мөргөл:
Цанлэг, Рэнчэн, Сэрсан Ня ан мэд
Чойдог, Ончэн, Манла, Шагжа түв
Жачэн молам ёнсү зогба ей
Дэвар шэгба жадла чагцал ло

Манлын тарни:

Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ
Маха вэйхазаеэ вэйхазаеэ
Раза самуд гадэ суха

Манзушир бурханы мөргөл:
Жамби, янла, чагцал ло

Манзушир бурханы тарни:
Ум ара база нади

Очирваань бурханы мөргөл, тарни:
Жонло, жанжий, найчог, дамба, най
Санаг, ригаг, гүнжи, дагва, дэ
Лэгдэн, гэгжи, цогнам, жомзад, ви
Жомдан, доржэ, зинла, чагцалло
Ум, базар, вани, хум, пад

Оюун ухааныг сайжруулах тарни:
Дадята гаяа зага надэ суха

Ажил хэрэг, үйлс бүтээх тарни:
Ум сарва шинди суха

“Анхан шатны ийм хэдэн тарнитай байхад ном аривжиж болдог”гэж Д.Нацагдорж хамба хэлсэн шүү.

Манба дацанд эм аравнайлдаг

Уламжлалт анагаах ухааны эм хийх стандарт бий. Олон улсын стандарт шаардлагыг бид хангаад явж байна. Бид Монголын цэвэр, ариун дагшин байгалийн гаралтай түүхий эд хэрэглэхээс гадна гадаадын түүхий эд ашигладаг. Гадаадын түүхий эд тухайн улс орондоо шаардлага хангасан гэсэн үг. Бид 800 гаруй уламжлалт эм танг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн. Манай багш, судлаач, оюутнууд нарийн ёс зүй, стандарт, ёс жаягийн дагуу эмийн ургамлаа түүж бэлтгээд, Манба дацан эмийн үйлдвэрийн лабораторид шинжилж, баталгаажуулдаг. Манай эмийн үйлдвэрийн дамжлагын нэгэн чухал хэсэг бол эм аравнайлах зан үйл юм. Аравнайлсан эм нь эмийн чадал дээрээ дахиад бурхдын адис жанлавтай асар том хүчийг нэмдэг. Бид болгарчуудтай уламжлалт эм хийх талаар ярьж байна. Тайванийн нөхөдтэй ч өөх тосны илүүдэлтэй өвчтөнүүдийн талаар судалгаа хийж байна. Бид энэ сарын сүүлээр уламжлалт анагаах ухааны олон улсын эмийн үйлдвэрийн зураг хийдэг Шнхайн компанитай хамтарч, олон улсын эмийн үйлдвэрийн шаардлага хангасан Манба дацан эмийн үйлдвэр байгуулах гэж байна Монгол эмийг дэлхийд гаргах бодлого явуулж эхэлнэ. Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд брэнд болгон хөгжүүлье гэж би ерээд онд л ярьсан хүн. Өнөөдрийг хүртэл 28 жил хичээж, зүтгэж байна. Энд биднээс гадна төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүст даатгалын систем нь алагчилж үйлчилдэг. Уламжлалт эмнэлэгт даатгалаас хамгийн бага мөнгө олгодог гэж Д.Нацагдорж хамба хэлсэн юм.

Өрхийн эмнэлэгт уламжлалтын эмч байдаг бол доо…

ДЭМБ-аас хувь хүн рүү чиглэсэн, үр дүнтэй мөртлөө өртөг багатай уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг өрхийн эмнэлгүүдэд нэвтрүүлэх нь үр дүнтэй гэж үздэг ажээ. Өрхийн эмнэлэгт ирсэн эмээ, өвөө, хүүхэд нялхас хэн боловч уламжлалтын эмчдээ үзүүлдэг болчихвол мөн ч их баярлана даа гэж бодогдов. Харин энэ талаар Д.Нацагдорж хамбаас тодруулахад: “Эрүүл мэндийн хуулинд Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг европ болон уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэнэ” гэж заасан. Өрх сумын эмнэлэгт ч ялгаагүй. Энэ хууль хэрэгжихгүй байна. Өрхийн эмнэлэгт уламжлалтын эмчийг орон тоогоор авч ажиллуулах хэрэгтэй. Өрхийн эмнэлэг анхан шатанд нь эдгээчих өвчтөнүүд манайд их ирдэг. Уламжлалтын эмчийг эмтэй нь, засал эмчилгээ хийх өрөө, орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй үзүүлэх хэрэгтэй. Ингэвэл Монголын эрүүл мэндийн салбарт асар том өөрчлөлт гарна” гэж хариуллаа.

Categories
мэдээ нийгэм

​Ногоон байгууламж сүйтгэсэн жолооч хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцжээ

Замын цагдаагийн албанд долдугаар сарын 27-нд иргэдээс “Саарал өнгийн ‘Субару’ маркийн автомашин явган хүний зам зүлэг, ногоон байгууламжийг эвдэж сүйтгээд байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. ‘Субару’ маркийн авто машины жолооч иргэн Б нь ногоон байгууламж сүйдэлж машинаараа явснаас гадна хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрсэн байна.

Түүний автомашины улсын дугаар 6070 бөгөөд долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Тйимээс 0698 УНР буюу наймаар төгссөн хуурамч улсын дугаараар хөдөлгөөнд оролцсон байжээ.

Үүнийг “тэрбээр тайлбарлахдаа “0698 УНР машины дугаар байрны хажуу талын авто гараашид хэд хоног байхыг харсан. Тухайн өдөр хамт олноороо зугаалгаар явах байсан ч миний машины дугаар хөдөлгөөнд оролцохгүй учир 0698 УНР дугаараар хөдөлгөөнд орсон. Улсын дугаарыг зүүж ганцхан өдөр л хөдөлгөөнд оролцсон” гэжээ. Түүний гаргасан зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуульд зааснаар гурван сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 50.000 төгрөгөөр торгох арга хэмжээг авахуулах болж байгаа аж.