Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Баянзүрх дүүргээс хэд хэдэн удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулан ажилласан билээ.
Тэгвэл баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд ая тухтай, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх үүднээс дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм.
Уг үүрэг даалгаврын дагуу дүүргийн НҮГ-I, II, III, IV ОНӨААТҮГ Туул гол орчмын зүүн хэсгээр болон Гачууртын Алаг жиргээ, Хар усан тохой зэрэг иргэдийн зорин очих дуртай газруудад хогийн тэвшийг байрлууллаа. Иймд иргэд та бүхэн хоггүй цэвэр орчинд наадаж, байгаль орчноо бохирдуулахгүй, тусгайлан байршуулсан тэвшинд хогоо хийж цэмцгэр наадахыг уриалж байна.
Month: July 2018
Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан, Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү болон албаны бусад хүмүүс өнөөдөр болзошгүй үер усны гамшигт өртөх магадлалтай байж болзошгүй газруудад очиж, нөхцөл байдалтай танилцаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллав.
Мөн дүүргийн наймдугаар хороо, Амгалан дулааны станцын орчимд буусан үерийн улмаас үүссэн тогтоол усыг соруулах, үерийн ус зайлуулах далан шуудууг чөлөөлөх зэрэг нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцсан юм. Түүнчлэн тус байгууллагын ойр орчмын айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Энэ оны эхний хагаст анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өсөж, захиргааны хэрэг 26,5 хувиар буурчээ. Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэрэг өмнөх оны үеэс 7,2 хувиар буурсан байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг маргаанаас
- Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 4,8 хувиар
- Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 29,5 хувиар
- Дампуурлын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 28,5 хувиар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 20,6 хувиар тус тус буурсан бол Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны үеэс 26,5 хувиар буурсан байна. Төрийн албаны маргаан 54,8 хувиар, газрын маргаан 22,4 хувиар тус тус буурсан байна.
Харин Ашигт малтмалтай холбоотой хэргийн маргаан 20 хувиар, татварын маргаан 9,3 хувиар, Нийгмийн даатгалтай холбоотой маргаан 33,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах , дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар хороодын нутаг дэвсгэрээр явж болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, шаардлагатай газруудад мэргэжлийн ангиудыг ажиллуулж, яаралтай арга хэмжээг авч байна.
Түүнчлэн ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орж буй усархаг, аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан ажиллаж байгаа юм. Иймд иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гэнэтийн осол, аюулаас болгоомжлохыг дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ‘’Жэй Си Дэко Монголиа’’ ХХК хамтран нийслэлийн хэмжээнд нийт 242 ширхэг олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн цогц зогсоолыг тохижуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 143 автобусны буудлыг тохижуулсан бол энэ онд нэмж 50 байршилд автобусны буудлын зогсоолын байгууламжийг угсран гүйцэтгэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал Баянзүрх дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ жил нийт 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийдэх угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Иймд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудлууд, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ‘’Эм Ай Ю’’ дээд сургуулийн баруун талд орших хашаа, ТҮЦ-ийг буулган шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул иргэд, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ болон хашаагаа яаралтай нүүлгэнэ үү.
Сүүлийн өдрүүдэд орж буй үргэлжилсэн аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс дахин хуралдлаа.
Тус хуралдааны үеэр дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах үерийн бүсэд байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх, үерт автсан бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхэд бэлтгэх мөн ус соруулах төхөөрөмж болох мотопомпыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст авч өгөх зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох албаны хүмүүст албан даалгавар өгсөн юм.
Түүнчлэн Цагдаагийн I,II,III хэлтэс болон мэргэжлийн ангиудад бэлэн байдалд ажиллахыг анхаарууллаа.
Онцгой комиссын даргын албан даалгаврын дагуу дүүргийн Удирдлагын зөвлөл хуралдаж үерийн усыг зайлуулах, далан сувгийг сэргээн засварлахад шаардлагатай мотопомпын хөрөнгийг шийдвэрлэж дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгөхөөр боллоо.
Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим (Naiknam Karim) утсаар саяхан мэдэгдлээ.
К2 уулын оргилд 2018 оны 7 дугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Өмнө нь 2012 оны 7 дугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан тухай The Hymalayan News сонинд бичжээ. Дараах улс орны уулчид энэ өдөр Абруцийн замаар (Abruzzi Ridge) оргилд гарсан байна гэж The Hymalayan News сонины 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт онцлон тэмдэглэсэн байна. Үүнд, Жианжонг Ли Jianjonh Li (БНХАУ), Ноэль Ханна Noel Hanna (Ирланд), Гангаамаа Бадамгарав Gangaamaa Badamgarav (Монгол улс), Софи Лавод Sophie Lavaud (Щвейцарь), Мухамед Али Садпара Muhammad Ali Sadpara (Пакистан), Виридиана Алварес Чавес Viridiana Alvarez Chavez (Мексик), Йошихару Накамура Yoshiharu Nakamura (Япон), Пол Хэгги Paul Hegge (Бельги), Чангжуан Хе Changjuan He (БНХАУ), Интеш Intesh (Пакистан), Наоко Ватанабе Naoko Watanabe (Япон) болон Балбын уулын хөтөч нар болно.
Эдгээр улс орны уулчдаас Монголын анхны уулчин төдийгүй анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа нь анх удаа К2 уулын оргилд амжилттай гарлаа гэж Пакистаны сонинд хэвлэлд дурьдсан байна.
К2 уулын оргилд 7 сарын 22-нд гараад буух замдаа Япон улсын өөр нэг уулчин Кожиро Ватанабе Kojiro Watanabe нь оргилын доохон нарийн хоолойгоор (Bottleneck) бууж байхдаа хальтирч амь насаа харамсалтайгаар алдсан байна.
К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан аж.
Төрийн их тахилгат Алтан дарь овооны их тахилга долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно. Энэ жил Алтан овоог анх тахисны 105 жилийн ой тохиож байгаа билээ.
Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ.
Үндэсний их баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт харьяалагддаг бөх юм.
Тайвань улсад энэ сарын 22-нд сонирхогчдын сүмо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээний дунд жинд Монголын тамирчин Баасандоржийн Бадрал амжилттай барилдан алтан медаль хүртэв. Шинэхэн дэлхийн аварга маань олс таталтын ОУХМ, Ази тивийн хошой мөнгөн медальтай юм. Мөн сүмо бөхийн Монгол Улсын хошой аварга, Сонирхогчдын сүмогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.