Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 6 настай хүүхэд аварлаа

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын А/227, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын А/68, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын болон Онцгой байдлын хэлтсийн даргын А/17 тоот тушаалуудын дагуу Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт баярын өдрүүдэд нийт 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тодруулбал, обьектын гал түймрийн 3, үер, усны 15 удаагийн дуудлага мэдээллийн дагуу дүүргийн шуурхай эргүүл ажиллажээ. Мөн дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэгт иргэн Б-гийн байшин усанд автсаныг соруулж, аюулгүй болгосон бол баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийг 09:00- 22:00 цагийн хооронд тогтмол ажиллуулав.
Эргүүлийн баг дүүргийн амралт зугаалгын бүс болох 20 дугаар хорооны нутаг Минж үржүүлгийн газраас Маршлын гүүр хүртэл Туул голын эрэг дагуу нийт 500 гаруй автомашин бүхий 1230 иргэнийг болзошгүй үер усны аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж, төөрсөн хоёр хүүхдийг олж гэр бүлд нь хүлээлгэн өгсөн юм.
Мөн дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 4 дүгээр гудамж, үерийн ус зайлуулах далд хоолойд хүүхэд унасан гэсэн дуудлагаар Нийслэлийн аврах анги 105, дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж 6 настай эрэгтэй хүүхдийн амь насыг аварсан байна.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж дүүргийн Онцгой комиссын Үер, усны аюулын үед ажиллах ажлын хэсэгт “яаралтай цуглар” дохио өгсөн. Дохионы дагуу комиссын бүрэлдэхүүн 82.3 хувийн ирцтэйгээр цугларсан байна. Ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Т.Батцогт ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үер усны аюулын үед бэлэн байдлаа ханган ажиллах талаар үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар Эрдэнэс-Тавантолгойн IPO- гоо 180 хоногт багтаахаар ажиллаж байна

Наадмын өмнөхөн УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн юм. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ахлагчаар Д.Сумъяабазар ажиллаж байна. Ажлын хэсэг байнга хуралдаж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн тулгамдсан асуудлыг зохицуулан ажиллаж байгаа аж. Д.Сумъяабазар сайд Засгийн газар, УИХ-д үе шаттайгаар ажлаа танилцуулах учиртай тул ийнхүү зуны ид амралтыг үл хайхран ажиллаж байна. Ажлын хэсэгт Сангийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд нар багтан ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хорооллын доторх авто замын засварын ажил үргэлжилж байна

Авто замын өргөтгөл шинэтгэлийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 33, 34 дугаар байрны доторх 0.216 км авто замын асфальтан хучилтын ажил хийгдсэн. Үргэлжлүүлэн авто зогсоол болон явган хүний замын зам засварын ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч байгууллагаар “Ялгуусан” ХХК ажиллаж байна.

Мөн тус дүүргийн 1 дүгээр хорооны 03,30 байр болон 4 дүгээр хорооны 2а, 3а, 52 дугаар байрны хуучин авто замын хашлага, хуучин явган замын хашлага хуулах ажлууд хийгдэж, авто зогсоол, явган хүний замын хавтан суулгах ажлыг “Ди Бай Кэй Би” ХХК гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Халхгол, Улз голын усны түвшин нэмэгдсэн байна

Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 18.1-24.6 градус буюу Чойбалсан хот, Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад уур амьсгалын дунджын орчим, бусад сумдын нутгаар 1.3-2.8 градусаар уур амьсгалын дунджаас дулаан байна.

Мөн Дорнод аймгийн нийт нутгаар 2.3 -107.2 мм хур тунадас орсон ба Матад, Халхгол сумдын нутгаар уур амьсгалын дунджаас их, Халхгол Ялалт баг, Хөлөнбуйр сумдын нутгаар уур амьсгалын дунджын орчим, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас оржээ.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн нутгаар болон Халхголын сав нутгаар дуу цахилгаантай түр зуурын ширүүн бороо орох ба салхи ихэнх хугацаанд зүүн өмнөөс 4-9 м/с, борооны үеэр түр зуур ширүүсч, агаарын температур Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 31-36 градус зарим үед 24-29 градус дулаан байна хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээлэв.

Аймгийн хэмжээнд усны түвшин Халхгол сум орчим 153 см буюу олон жилийн дунджаас 6 см-ээр, Ялалт баг орчим 419 см буюу олон жилийн дунджаас 17 см-ээр, Хэрлэн гол Чойбалсан хот орчим 96 см буюу олон жилийн дунджаас 32 см-ээр тус тус бага байгаа бол Улзын гол Баян-Уул сум орчим 122 см, Дашбалбар сум орчим 72 см, Эрээнцав сум орчмоор урсгалгүй, тогтоол устай байгаа бөгөөд голуудын усны түвшинг өмнөх 10 хоногтой харьцуулахад Хэрлэн гол 7 см-ээр багасаж, Халхгол 1 см-ээр, Улзын гол 4 см-ээр тус тус нэмэгдсэн байна.

Categories
мэдээ спорт

Өгий нуурын эрэг дээр Триатлоны УАШТ болно

Монгол оронд шинээр хөгжиж байгаа Триатлоны спортыг олон нийтэд сурталчлах “Жакарта Палембанг–2018” Азийн зуны спортын XVIII наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготойгоор Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймгийн Өгий нуурын эрэг дээр 2018 оны 7 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд элит эрэгтэй, эмэгтэй төрөл буюу мэргэжлийн тамирчид болон 18-аас дээш насны сонирхогчдын ангилалд тамирчид өрсөлдөнө.

Энэ жилийн тэмцээнд шинэ төрөл нэмэгдсэн бөгөөд энэ нь мини триатлон буюу бага насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах тэмцээн юм.

Мөн уламжлал ёсоор тэмцээний сүүлийн өдөр гүйлт–усанд сэлэлт–гүйлт буюу Акуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн үерийн голомтод сэргээн босголтын ажлыг эхлүүлжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нийт 8 багийн нутаг дэвсгэрийн үерт өртсөн талбайг цэвэрлэх, үерийн голомтод сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэргээн босгох ажлын хүрээнд нийт 4400 м2 ( 44 га) газарт цэвэрлэгээ хийж, үерт өртсөн 20000 кв.м талбайд хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 4 тонн үерийн усыг соруулж, зайлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Мөн үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргаж, хохирлын хэмжээг тогтоох, усны хомсдолд орсон 125 айл өрхийг 12 тонн ундны цэвэр усаар ханган, түр амрах байранд байрлаж байгаа 970 орчим иргэнд хүнсний тусламжийг үзүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эмнэлгийн захирлаар Д.Чулуунбаатарыг томиллоо

Эрүүл мэндийн яамны сайдын 2018.07.16-ны өдрийн Б/40 тоот тушаалаар өчигдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ. Д.Чулуунбаатар нь УНТЭмнэлгийн Эмнэлзүйн салбарт ажиллаж байсан юм байна. УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж доорхи асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болжээ. Үүнд:

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд шаардагдах С-ARM, Урологи-Андрологийн төвийн мэс заслын зарим дутагдалтай эвдрэлтэй байгаа байгаа багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх 212,0/хоёр зуун арван хоёр сая/

-Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд болон Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны 1.5 тэрбум төгрөгний өртөг бүхий багаж тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх

-Бүрэн тоноглогдсон шинэ түргэн тусламжийн машин

-Нүдний мэс заслын хагалгааны өрөөний засварын хөрөнгө 85,0/наян таван сая/₮-зэргийг шийдвэрлэхээр болсон байна.

Мөн тэрээр эмнэлгийн хэмжээнд тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэж дэмжин ажиллахаар болсон салбарын сайд Д.Сарангэрэлд болон бусад яамны удирдлагуудад талархал илэрхийлсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол тамирчид шинэ дэлигийн дэвжээнээс долоон медаль хүртэв

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ энэ сарын 19-22-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болж, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, Энэтхэг, Какахстан, Япон, БНСУ зэрэг 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.
Шинэ Делигийн дэвжээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин зодоглосноос хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Бат-Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан мөнгө, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь, 53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэднээс Э.Дэлгэрмаа залуучуудын Азийн АШТ-ий хошой медальтан болсон бол үлдсэн нь тивээсээ анхны медалиа зүүжээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байр эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа гурав хоног үргэлжилнэ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтсан “Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Үзэсгэлэн худалдааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм.

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой тус үзэсгэлэн худалдаанд “Ундрах өв”, “Эвилзеро”, “Батмаараг ноос ноолуур”, “Боломж оч”, “Угтаалхангай”, “Хунгарьд”, “Мираж”, “Шидэт өнгө” ХХК, “Ирээдүй Монгол” ТББ зэрэг 30 гаруй байгууллага, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Дашрамд мэдээлэхэд, “Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаанаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн, үндэсний болон бэлэн хувцас, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гар урлалын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Тус үзэсгэлэн худалдаа Бөхийн өргөөний гадна талбайд энэ сарын зургааны өдрийг дуустал буюу гурав хоног үргэлжилнэ.
Categories
мэдээ нийгэм

Гадаадын төлөөлөгчид Баянзүрх дүүрэгт зочиллоо

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь Азийн болон хөгжингүй улс орнуудтай эдийн засаг, нийгэм, соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, тохижилт бүтээн байгуулалтын чиглэлээр найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго тавин 10 гаруй улстай хамтын ажиллагаатай ажилладаг.
Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газартай эгч дүүсийн найрсаг харилцаатай хамтран ажилладаг Польш улсын Плоцк хотын болон АНУ-ын Сан Диего хотын зочид төлөөлөгчид Баянзүрх дүүрэгт зочиллоо.
Хүндэт зочдыг дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт, Б.Наранчулуун, Д.Уламбаяр, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн захирал Б.Туяа нар хүлээн авч уулзав.