Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллалаа.
Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 13 удаа, Тусгай хяналтын дэд хороо 2, Цахим бодлогын түр хороо 1 удаа хуралдаж, 26 асуудал хэлэлцсэн бөгөөд үүнээс Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан хуулийн төсөл 17, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3-ыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Тухайлбал, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсанаар тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тогтоож, Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэн, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийлэлээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ цогц байдлаар хэрэгжих эрх зүйн зохицуулалт бий болж, улс орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдлаа.
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар дайчилгааны талаарх субъектүүдийн үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрахын зэрэгцээ, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй боллоо.
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт тодорхой болж, улсын нисэхийн агаарын хөлгийн нислэгийн ангилал, төрөл шинээр тодорхойлогдож, шинээр байгуулагдсан Агаарын цэргийн командлал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж бий болж, эрх зүйн зохицуулалт сайжирах, Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдлаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон баталснаар газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай манай орны нөхцөлд тохирсон шинэ таримал, генетик материалаар таримал ургамлын генийн санг баяжуулж, Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохиромжтой, бүтээмж өндөртэй шинэ сортуудыг бий болгох, дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг судалгаанд ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх боломж нээгдлээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталснаар Монголын тээвэрлэгчид гуравдагч улс руу автотээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болох, Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэх, Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлөх, Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг ач холбогдолтой.
Байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөх 10 асуудал хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлээ Засгийн газарт хүргүүлэв. Тухайлбал, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Турк улс,Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр, “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслүүд, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслүүдийг тус тус зөвшилцөв. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцсэн дүнгийн талаарх Улсын Их Хурлын даргын албан тоотыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүллээ.
Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабынүйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг сонссон. Мөн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаарх асуудлыг Байнгын хорооны хурлаар сонсож, танилцав. Байнгын хорооны дарга О.Содбилэг болон ажлын албаны ажилтнууд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, артиллерийн байлдааны буудлагатай хээрийн сургуультай танилцаж, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудаас эрхлэх асуудлынхаа хүрээнд шаардлагатай мэдээллийг авч Байнгын хорооны гишүүдийг мэдээллээр хангаж ажиллалаа.
Тайлангийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал, Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хурал, Үндэсний Батлан хамгаалах Их сургуульд зохион байгуулагдсан “Мэдээллийн аюулгүй байдал:онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал,“Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Байнгын хорооны дарга О.Содбилэг үг хэлж, Байнгын хорооны гишүүд болон ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Түүнчлэн Байнгын хорооны ажлын албанаас Байнгын хорооны дарга О.Содбилэг болон Байнгын хорооны бусад гишүүдийн дотоод, гадаадын зочид, төлөөлөгчидтэй хийсэн 6 уулзалт, ярилцлагыг зохион байгуулав. Үүнд, Оросын Холбооны Улсын Цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницки тэргүүтэй төлөөлөгчид, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хуралд оролцсон Афганистан, Бутан, Киргизстан, Мьянмар, Лаос, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин нарыг тус тус хүлээн авч уулзлаа.
Тайлангийн хугацаанд нийт 380 хуудас бүхий 78 өргөдөл, хүсэлт албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ.