Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн хяналтад дрон ашиглана

МХЕГ-ын БОГУУХГ-аас Төв, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дрон, тусгай зориулалтын программын хамт хүлээлгэн өглөө. Эдгээр аймгуудад хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил их байдаг бөгөөд уг дроныг ашигласнаар хууль бус үйл ажиллагааг хянах, баримтжуулах, авсан зургийг тусгай программд оруулан эвдэрсэн газрын талбайн хэмжээг тооцоход хялбар болж байгаа аж.

Зөвхөн хууль бус ашигт малтмал олборлолт гэхгүйгээр зохих зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд талбайгаа хэтрүүлсэн эсэхийг шалгах, хулгайн мод, ан зэрэг хууль бус үйлдлүүдтэй ч тэмцэхэд ашиглах боломжтой юм.

Эдгээр дроныг Швейцарийн хөгжлийн агентлагаас МХЕГ-т бичил болон хууль бус уул уурхайн хяналтын үйл ажиллагааг хянахад зориулан өгчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ч.Сарантуяа: Ирэх сард борооны хэмжээ багасахгүй, мөндөр орж болзошгүй байна

Хаврын эхэн сард улсын хэмжээнд нутгийн ихэнх хэсгээр хуурайшилттай байсан. Тиймээс тариалангийн бүс нутгаар зориудаар үүл буудан бороо оруулж байсан. Үүнийг зарим хүн тэнгэр задрааж долдугаар сард их хэмжээний усархаг бороо талралтгүй хэдэн өдөр орсон гэж үзэж байгаа. Энэ талаар болон ирэх сард цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн технологич, инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Mанай улсын хэмжээнд өмнөх жилүүдтэй хариуцуулахад усархаг бороо хэр их хэмжээтэй орж байгаа вэ?

-Ер нь бол долдугаар сарын эхний болон дунд арав хоногт нутгийн ихэнх хэсгээр буюу 80-аас дээш хувьдбороо орсон. Энэ ньолон жилийн дунжаас харахад ахиу бороо хуртай байлаа. Мөн температурийн хувьд сэрүүвтэр. Гэхдээ говийн бүс нутгаар дундаж температураасаа дулаан байсан. Бороо орохдоо нутгийн зарим хэсгээр 12 цаг хүрэхгүй хугацаанд нилээн усархаг ширүүн аадар бороо 10-20 мм-ээс дээш хэмжээтэй орсон. Өнгөрсөн жилтэй харьцуулахад долдугаар сар хур бороо элбэг байна. Ялангуяа Төвийн, Зүүн болон Говийн бүс нутгаар усархаг аадар бороо орох тохиолдол нилээн олон байгаа. Тухайлбал Хэнтийн Биндэр, Дадал 45-48 мм, Төв аймгийн Эрдэнэ сум 30-44 мм , Сэлэнгийн Сүхбаатарт 90 мм, Дорнодын Халх голд 67 мм хэмжээтэй орж ард иргэд, аж ахуй нэгж, улс орондих хэмжээний хохирол учирч байна.

-Ширүүн бороонд амиа алдах, эд баялагаараа хохирсон тохиолдол хэр их гарсан бэ?

-Онцгой байдлын мэдээллээр үер усны гамшиг, усархаг аадар бороо орсноор нийтдээ 48 хүн амиа алдаж, олон зуун хүн эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн мэдээлэл байгаа. Тухайлбал Баян-Өлгий аймагт 14-20-ны хооронд маш их хэмжээний бороо орсны улмаас 530 айлын 2500 гаруй хүн үерт нэрвэгдэж хашаа, байшин,гэрүүд усанд автан нурсан. Архангай аймгийн нутгаар энэ сарын 18-19-ны хооронд аадар бороо, мөндөр орсон. Үүнээс олж 2-5насны гурван хүүхэд бэртэж, гэмтлээ гэсэн мэдээлэл ирсэн.

-Хүчтэй аадар бороонд цахилгаан тасарсан гэсэн мэдээлэл байгаа. Хэдэн аймаг, суманд эвдрэл, гэмтэл гарсан бэ?

-Архангай аймагт нийтдээ цахилгаан дамжуулах 20 тулгуур багана унасан. Гэх мэтчилэн сүүлийн хэдэн хоногт долоон аймгийн 65 сумын цахилгаан тасарсан. Мөн хүчтэй борооны улмаас төмөр зам, авто зам эвдэрч байна. Долдугаар сар гарсаар хүчтэй аадар бороо мөндөр, түр зуурын хүчтэй салхины улмаас 13 аймгийн 34 байршилд 170 гаруй километр урт авто замд эвдрэл үүссэн. Ерөнхийдөө энэ сард гарч байгаа байгалийн үзэгдэлийн улмаас гарч буй хор хоноол өмнөх жилийнхтэй харьцуулахад их байлаа.

-Энэ сарын сүүлийн хэд хоног цаг агаар ямархуу байх вэ? Усархаг бороо үргэлжлэн орохуу?

-Энэ сарын 20-ноос хойш ихэнх нутгаар бороо татарч байна. Говийн нутгаар дулаарч байгаа. 23-24-нд шилжих шөнө Өмнөговь, Дундговийн зарим газраар, Дорнодын нутгаар 16-24 мм хэмжээтэй усархаг бороо орж өнгөрсөн. Маргаашнаас эхлэн бороо хур татарч өдөртөө дулаарна. 27-ны өдөр говийн болон зүүн аймгуудын нутгаар 31-36 градус хүрч халах төлөвтэй байна. Харин 29-30 өдрүүдэд хангайн уулс,Төвийн нутгийн зарим газар, говийн нутгаар бороо орно. Энэ үеэр ялангуяа говийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын ширүүн аадар бороо орж болзошгүй.

-Энэ жил үүл буудаж бороо оруулсан уу?

-Дөрөв, тавдугаар саруудад манай орны ихэнх хэсэгээр хуурайшилттай байсан. Зургадугаар сард нутгийн 60 гаруй хувь нь хуурайшилттай байсан. Тиймээс боломжтой цаг агаарын нөхцөл бүрдсэн үед үүлэнд зориудаар нөлөөлөн бороо оруулсан.

-Үүл буудаж зориудаар бороо оруулахнь эргээд сөргөөр нөлөөлж үер усны гамшиг болж байна гэж зарим хүн үзэж байна. Та энэ талаар тайлбар өгөөч. Ер нь яагаад энэ жил хэвийн хэмжээнээс их бороо асгараад байна вэ?

-Үүл буудсанаас болоод долдугаар сард их хэмжээний бороо орж байгаа гэж хэлж болохгүй ээ. Энэ бол өрөөсгөл асуудал. Тийм зүй тогтол ч байхгүй ээ. Байгаль цаг агаарын нөхцөл нь агаар мандалын ерөнхий орчил урсгалын өөрийнх нь тогтоц, шилжилт, урсгал хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Дөрөв, тавдугаар сард манай орон, Төв Азийн нутаг, баруун зүүн болон дунд Сибирийн нутагт хур бороо багавтар байна гэсэн цаг агаарын нөхцөлтэй байсан. Харин долдугаар сар гарснаар баруун болон дундаж Ази руу чиглэсэн томоохон хэмжээний агаарын урсгал ирсэнээр ерөнхий цаг агаарын нөхцөл өөрчлөгдсөн. Байгаль цаг агаар урсгал гэдэг нэг газраа удаан байдаг зүйл биш. Агаар нь байнгын урсаж, шилжиж явдаг. Тухайн газар нутгийн цаг агаарыг өөрчилдөг зүйл бол цагийн зүүний эсрэг чиглэлтэй агаарын урсгал хаана үүссэн байна гэдгээс шалтгаалдаг. Тиймээс үүл буудснаас болоод сөргөөр нөлөөлж үер болсон гэсэн зүйл байгүй гэж ойлгож болно.

-Устай бороо үргэлжлэн орж байгаа нь газар тариаланд ямар нөлөө учируулах вэ?Мөн найман сард бороо хэр их хэмжээтэй орох төлөвтэй байгаа вэ?

-Найман сарын температурын төлвийн хувьд баруун, зүүн аймгуудад дундаж хэмжээтэй, өмнөд хэсгээр дундаж хэмжээнээс илүү халж болзошгүй байна. Говийн бүс нутгаар багавтар, Хөвсгөл, Хангайн уулсаар их хэмжээний бороотой байх төлөвтэй байна. Ер нь долоо, найман сар бороо хур ихтэй байдаг сар. Энэ сарын борооны хэмжээ ирэх сард багасахгүй. Нутгийн ихэнх хэсгээр 90 мм бороо орно. Ирэх сард олон жилийн дундаж темпертураас -3 хэмээр хүйтэрч байгаа. Энэ нь бороо болон мөндөр орж болзошгүйг илтгэж байна. Тиймээс ард иргэд үе усны аюулаас онцгой сэрэмжтэй байж эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө хамгаалж боломжтой арга хэмжээг авах хэрэгтэй.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг олгож эхэлжээ

Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох шийдвэрлэсэн билээ. Мөн жирэмсний зургаан сартайгаас эхлэн олгодог төрөхийн өмнөх болон төрсний дараах таван сард олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмж нь “Цалинтай ээж” хөтөлбөр руу шилжиж, ингэснээр ээжүүдэд хүүхдээ төрүүлсний дараа үргэлжлүүлэн сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор зохицуулсан билээ.

Уг хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг сар бүрийн 20-ноос хойш өгөх журмынхаа дагуу өнөөдрөөс эхчүүдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлэв

Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр Дорнод аймгийн Засаг даргын “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай” албан даалгаврыг боловсруулан батлуулахаар бэлтгэж байна.

“Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”–ын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж сумдад хүргүүлжээ. Мөн “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах” тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 250 тн өвс, 50 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд сум тус бүр 100 тн өвс, 30 тн тэжээл нийт 1400 тн өвс, 420 тн тэжээл бэлтгэх бол аймаг, сумын аюулгүйн нөөцөд нийт 1650 тн өвс, 470 тн тэжээл тус тус бэлтгэнэ гэж Дорнод аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хурмаст тэнгэр” яруу найргийн наадам болно

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг долоодугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Тус ойн хүрээнд Соён гэгээрүүлэгч, яруу найрагч, говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. Яруу найргийн наадам долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагт Дорноговь аймгийн “Соёмбо” цогцолборт болно.

Түүнчлэн долоодугаар сарын 27-ны 12:00 цагт Ноён хутагтын есдүгээр дүрийн гэгээнтэн Данзанлувсантүдэв аймгийн “Хүүхдийн ордон”-д сүсэгтэн олон түмэнд ерөөл айлдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

80 орчим айлыг үерээс хамгаалжээ

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар удирдан явуулав.

Сүүлийн үед бороо хур элбэгтэй байгаагаас шалтгаалан орон сууцны хорооллын зарим айлын дээврээс ус нэвчсэн тохиолдол гарчээ. Хотын захирагчийн албанаас эдгээр байруудад очиж ажилласан байна. Ус нэвтэрч байгаа гэх эдгээр дээврүүдийн засвар 2016 оноос өмнө хийгдсэн дээврийн ажлууд байна. Иймээс Хотын захирагчийн албанаас холбогдох байгууллагуудад дээврийг засварлах үүрэг чиглэл өгчээ.

Мөн Уртын гол, Яргуйт, Их залуу зэрэг багуудад очиж үерийн ус зайлуулах суваг шуудууг газар дээр нь үзэж танилцсаны үндсэн дээр зарим нэгэн суваг шуудууг сэргээн засварлаж, 400 орчим метр газарт үерийн суваг шинээр татах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр 80 орчим айлыг үерийн усанд автахаас хамгаалж чаджээ.

Иргэд хашаагаа дур мэдэн өргөсгөж, үерийн ус зайлуулах суваг шуудууг хаасан, хогоо асгасан зэргээс шалтгаалан дээрхий суваг шуудуу ус нэвтрүүлэх чадвар муудсан байсныг цэвэрлэжээ. Мөн гэр хорооллын гудамжуудад борооны ус ихээр тогтож хүн, машин явахад хүндрэлтэй болсон хэсгүүдэд хайрга дайрга асгах ажлыг зохион байгуулж эхлэх гэж байна.

Тус аймагт ашиглагдаж байсан хоёр карьерийн хайрганы нөөц дууссан тул БОАЖЯ-аас хаасан юм байна. Тиймээс хайргыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гуйж авч байгаа гэлээ. Түүнчлэн гудамжууд руу орох хэсэгт автомашины орц, гарч шинээр хийх шаардлагатай байгаа бөгөөд мөн л “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ган хоолой авч буй аж.

Баян-Өндөр сумын зүгээс хотын ногоон бүсэд орж буусан мал бүхий айлуудыг нүүлгэх арга хэмжээ авч ажиллажээ. Орон сууцны хорооллуудын подвальд нохой бөөс ихээр үржсэн нь “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн засварчид орж ажиллахад эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байгаа талаар мөн тус компанийн Ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн мэдээллээ.

Шуурхай хуралдааны төгсгөлд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал төрийн албан хаагчид ажлын цаг ашиглалтыг сайжруулах талаар үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Төв түмний цэнгэл-2018” наадам боллоо

“Төв түмний цэнгэл-2018” наадам Төв аймгийн Баянцогт суманд боллоо. Баяр наадмын үеэр 64 дэсийн 69 үзмэрээр “Монгол ахуй” нүүдлийн үзэсгэлэн гаргасан байна.

Наадамд оролцогчдын дунд “Хос морьтон”, “Монгол эрчүүдийн гоёл”, “Сайхан айраг”, “Дэмбээний тэмцээн”-ийг зохион байгуулжээ. “Хос морьтон” тэмцээнд унасан морь, өмссөн дээлээрээ ижилссэн 8 сумын хос морьтонгууд оролцсон бөгөөд тэргүүн байрт Лүн сумаас оролцсон .Энхбаяр, Т.Хишиг-Очир нар шалгарчээ.

Хоёрдугаар байрт Баянцогт сумаас оролцсон н.Анхбаатар, н.Дуламсүрэн нар, гуравдугаар байрт Алтанбулаг сумаас оролцсон н.Отгон-Өлзий, н.Жимсмаа шалгарсан байна. Харин “Монгол эрчүүдийн гоёл” тэмцээний төрөлд Дэлгэрхаан сумын оролцогч н.Доржсүрэн шалгарчээ. Тус тэмцээнд оролцогчдын морьд, хувцас хэрэглэл, морины тоноглолын ур хийц, иж бүрдэл зэргийг харж шалгаруулалтаа явуулсан гэдгээ шүүгчид хэлж байсан юм.

Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээлүүдээс сонгон “Гар урлалын төрөл”-ийн шилдгүүдийг тодруулсан байна. Ингээд үзэгч, наадамчдын сонирхлыг хамгийн их татаж байсан ширэн хөхүүр, суран эдлэлээрээ Дэлгэрхаан сумын оролцогч Ц.Баярбат тэргүүлсэн бол Лүн сумын оролцогч Т.Түмэннаст ширлэсэн эмээлийн мод, модон домбо бүтээлээрээ хоёрдугаар байр, Алтанбулаг сумын оролцогч Б.Мөнхцэцэг гяраг бүс, морины олонцог бүтээлээрээ гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Дэмбээний тэмцээнд 27 сумын 27 баг 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцсоноос Баянцогт сумын баг тэргүүлж, Баянжаргалан сумын баг хоёрдугаар байрт, Дэлгэрхаан сумын баг гуравдугаар байрт шалгарчээ. “Сайхан айраг” төрөлд Сүмбэр сумын хоёрдугаар багийн иргэн н.Баярбат шалгарсан байна.

Categories
мэдээ спорт

Шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдаан боллоо

Төв аймгийн хэмжээнд шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдааныг зохион байгууллаа. “Төв түмний цэнгэл-2018” баяр наадамд дээд гурван насны шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөлөө. Азарганы уралдаанд 96 азарга уралдаж Баянцогт сумын уяач Ц.Жамбалсүрэнгийн зээрд халзан азарга түрүүлж, Баян сумын уяач Б.Мөнхцогийн халтар азарга аман хүзүүдэв. Айргийн гуравт Борнуур сумын уяач В.Баянтогосын ягаан азарга, айргийн дөрөвт Аргалант сумын уяач П.Гэлэнхүүгийн хээр азарга, айргийн тавд Баянцогт сумын уяач Д.Сугарын ухаа халзан хурдаллаа.

Их насны морьдын уралдаанд 136 их нас уралдсанаас Борнуур сумын уяач М.Сайнзаяагийн бор морь түрүүлж, Батсүмбэр сумын уяач Ц.Цоггэрэлийн саарал морь аман хүзүүдлээ. Баянцогт сумын уяач Ц.Батхүлэгийн цоохор морь айргийн гуравт, Сэргэлэн сумын уяач Доржийнямбуугийн хонгор морь айргийн дөрөвт, Зуунмод сумын уяач Б.Бямбалхагвын хул морь айргийн тавд хурдалж торгон жолоогоо өргүүллээ.

Соёолон насны морьдын уралдаанд 104 соёолон уралдсанаас Батсүмбэр сумын уяач Г.Батсайханы хээр соёолон түрүүлж, Батсүмбэр сумын уяач Г.Батбилэгийн хонгор халзан соёолон аман хүзүүдэв. Баянцогт сумын уяач Ц.Жабалсүрэнгийн халиун соёолон айргийн гуравт, Мөнгөнморьт сумын уяач Т.Баатармөнхийн хонгор халзан соёолон айргийн дөрөвт, Борнуур сумын уяач Ц.Нарангэрэлийн сартай хар соёолон айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол орны газар нутгийг газрын давхаргаас нь эхлэн дэлхийн цөм хүртэлх судалгааг хийжээ

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран манай орны газар нутгийг газрын давхаргаас нь эхлэн дэлхийн цөм хүртэл судалгааны ажлыг эхлээд байна.

Судалгаа одоогийн байдлаар баруун бүс нутаг, Алтайн нурууны орчмын газар нутагт хийж байгаа талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга Л.Өлзийбат хэлж байна. Тэрээр хэлэхдээ, “Манай улсад 1957 онд анхны газар хөдлөлийн станц байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш судалгаа, шинжилгээний ажлыг шинжлэх ухаанч байдлаар хийх үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн түвшинд манай улс барууны хөгжилтэй орнуудын хэмжээнд судалгаа-шинжилгээ хийх бүрэн боломжтой болоод байгаа. Жишээ нь, Хангайн нуруу маань царцдас мандлын чулуулаг үеийн давхаргын 45-50 мм-ийн зузаантайг тогтоогоод байна. Үүгээр нь газар хөдлөлийн долгионы хурд хэдий хэрийн хэмжээнд тархах зэргийг судалж үндсэн загварчлалыг тогтоон, нарийвчлан гаргах боломжтой болж байна” гэв.
Газар хөдлөлтийн идэвхижилт өндөр байдаг манай орны хувьд газар хөдлөлийг урьдчилан таамаглаж гаргах, тухайлбал, хүчтэй газар хөдлөл болохын өмнө сарын хугацаанд, мөн жилийн өмнөөс дэлхийн гүний геофизик орон зайд өөрчлөлтүүд ордогийг ажиглалт хийн судлах зэрэг боломжтой, энэ талын судалгааг хийж байна гэв.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд мөн 45-50 мм-ийн зузаан царцдастайг тогтоон гаргажээ. Газар хөдлөлийн станц нь 24 цаг тасралтгүй ажилладаг бөгөөд үйл ажиллагааг хянаж судлаачид мөн тасралтгүй ажилладаг байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар тарвага агнасныг хураан авав

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт хамтарсан хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар 5 галт зэвсэг, 26 хавх, 10 тарвагыг холбогдох тухай хуулийн дагуу хураан авч зохих газарт шилжүүлэн, зөрчил гаргасан иргэдэд шийтгэлийн арга хэмжээ авсан байна.