Categories
мэдээ эдийн-засаг

“Мэдлэг солилцох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, оролцогчдын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг боловсруулах үүднээс Сангийн яам БНСУ-ын хөгжлийн хүрээлэнтэй хамтран санхүүгийн “Мэдлэг солилцох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд хоёр үндсэн асуудлаар зөвлөмж боловсруулсны эхнийх нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн орчинг сайжруулах тухай бол хоёр дахь нь зөвлөмж Монгол Улсад эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог хөгжүүлэх юм.

Хоёр дахь зөвлөмжийг боловсруулахад Санхүүгийн зохицуулах хороо төслийн багтай хамтран ажилласан бөгөөд уг зөвлөмж нь банкнаас бусад хадгаламж татдаг байгууллагууд болох хадгаламж зээлийн хоршоодод эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн талаар СЗХ-ны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ариунаа судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх уулзалтын үеэр танилцуулсан юм.

Төслийн багийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Хан Шин, Хонгик, Кёнги, Донгук зэрэг их сургуулиудын эрдэмтэн, профессорууд ажилласан ба судалгааны үр дүнг танилцуулах уулзалтад Монголын хөрөнгийн бирж, ТӨХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Арилжааны төлбөр тооцоо ХХК, Хөдөө аж ахуйн бирж ХХК, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ТББ, дотоодын кастодиан банкууд, хадгаламж зээлийн хоршоод зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Есөн компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 786,144 ширхэг хувьцаа арилжсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Усжуулах” CMD+12.49 хувиар, “Монголын Цахилгаан Холбоо” SUL+2.94 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хархорин” HHN-12.50 хувиар, “Тавантолгой” TTL-5.96 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр “TOP 20” индекс 19199.63 нэгж болж 1.66 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 62 тэрбум 711 сая 746 843.82 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Гүүрэн замын төслийн гүйцэтгэлийн явцыг танилцуулав

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ЗЦГ-ын ойролцоо барьж буй гүүрэн замын төслийн гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл сонслоо.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярын танилцуулснаар гүүрэн замын бүтээн байгуулалтын ажлын эхлэл өнөөдрийн байдлаар нийтдээ 19.1 хувьтай явж байна. Харин гүүрэн замын тулгуур, тулгуур багана, холбоос, суулгац, суурь цутгал, инженерийн шугам сүлжээний ажлууд гээд тус бүрээр нь авч үзвэл 30-89 хувийн хооронд гүйцэтгэлтэй явж байна.

Гүүрний байгуулалт дээр гарч буй нэг асуудал нь гүйцэтгэлийн хугацаа бөгөөд энэ асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаас мөн хөндөв. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс Автозамын газрынханд хандан тавьсан “Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар ирэх оны 11-р сарын 30-нд ашиглалтанд орох ёстой гүүрийг мөн оны есдүгээр сарын 30-нд буюу хоёр сарын өмнө дуусахаар төлөвлөж байгаа гэсэн, тийм боломж бий юу?” гэсэн асуултанд Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Ажил хоёр сараар хоцорч эхэлсэн. Бид алдсан хугацааг нөхөж шахуу ажиллаж байгаа. Хугацаа алдахгүй, төлөвлөснөөр явна” гэсэн хариулт өгч байлаа. Гүүрний гүйцэтгэгч, БНХАУ-ын барилгын хоёрдугаар товчооны барилга хариуцсан захирлын зүгээс, “Бид графикт хугацаандаа шахаж амжуулна. Бидэнд хугацаанаас гадна чанар, хяналтын асуудал чухал байна” гэж хариулав. НИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс гүүрэн замын ажилд ямар бэрхшээл гарч байна, нийслэлийн зүгээс дэмжлэг хүсэх зүйлийн талаар тодруулсан. Автозамынхны хэлснээр газар чөлөөлөлтийн асуудлыг Газрын албатай хамтран түргэн шуурхай шийдсэн, одоо төмөр замын гарцын аюулгүй байдлыг хангах, ус худаг, дулааны шугам сүлжээг нүүлгэн шилжүүлэх ажил явж байна гэв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс ажиллах хүчний цалин хөлс, ажлын нөхцөл байдал, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, туслан гүйцэтгэгч ААН-үүдийн уялдаа холбоог ханган ажиллахад анхаарахыг санууллаа. Үүний өмнө долдугаар сарын 10-нд НИТХ-ын дарга С.Амарсайхан гүүрний ажлын явцтай газар дээр нь очиж танилцах үеэр өрмийн машин эвдэрсэн, зарим туслан гүйцэтгэх компани ажилчдын хөлсийг нь өгөөгүй, шаардлагатай санхүүжилтийг өөр төсөл хөтөлбөрт зориулсан, ажил бүрэн хийгдэхгүй хугацаа алдаж байгаа учир гэрээг дахин дүгнэх шаардлагатай гэсэн яриа гарч байсныг дор дор нь шийдээд явж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай баг ажиллаж байна

Үер усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдал үүссэн үед яаралтай арга хэмжээ авах зорилгоор МХЕГ, НМХГ-ийн холбогдох албан тушаалтнуудыг хамруулан Шуурхай багийг байгуулсан.

Шуурхай баг БЗД-ийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах Мандала хотхоны барилгын угсралтын ажил хийгдэх явцад хөрсний ус зайлуулах гол шугамыг тасалсан тухай дуудлагын дагуу шалгахад ажил гүйцэтгэгч компани нь барилгын суурийн газар шорооны ажил хийхдээ холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл, техникийн нөхцөл, тодруулга аваагүй байсныг тогтоожээ. Иймд зөрчил арилгах хүртэл хугацаагаар газар шорооны ажлыг зогсоож, холбогдох хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.

Мөн БЗД-ийн 16-р хороо, 22-р байранд оршин суугчаас ариун цэврийн өрөөний тааз нурсан тухай дуудлагын дагуу шалгахад тус өрөөний таазны хэсгийн модон хучилт өгөршиж муудсан, борооны ус нэвчиж хучилтын үнсэн дулаалга хүндэрснээс нуралт үүссэнийг тогтоожээ.

Тус орон сууцны барилга нь 1944 онд ашиглалтад орсон бөгөөд 2006, 2013 онд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт, 2014 онд ашиглахыг хориглосон улсын байцаагчийн шийдвэр гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Бүсийн наадмын хамгаалалтад цагдаа нар ажиллана

Сүхбаатар, Булган, Дорноговь аймагт энэ сарын сүүлчээр бүсийн наадам болно. Энэхүү наадмуудын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажиллана.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулж, хурдан морины уралдааныг шаардлагагүй олон тооны автомашин дагадаг эмх замбараагүй байдлыг цэгцэлснийг иргэд, наадамчид сайшаалтай хүлээж авсан билээ. Мөн цагдаагийн байгууллагаас баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй наадсан. Бүсийн наадмуудын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг энэ жишгээр зохион байгуулах юм байна.

 Цагдаагийн алба хаагчид бүсийн наадмын хамгаалалтад ажиллана

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэг барина

Баянзүрх дүүргийн 9-р хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавьлаа.

Тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Шав тавих ёслолд НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ли Ян Жюн нар оролцлоо.

Д.Амарбаясгалан “Улаанбаатар хотод ялангуяа хүн ам ихээр суурьшсан хотын алслагдсан дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг, сургууль ус агаар мэт хэрэгтэй байдаг. Тиймээс хороонд Шархадны эцэс буюу Баянзүрх дүүргийн гэр хороолол орчмын хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх боломж нөхцлийг хангах үүднээс өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэгийг барих ажлыг эхлүүлээд байгаа” гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Түүнчлэн Шархад орчимд хүүхдийн эмнэлэгээс гадна сургуулийн асуудал ч хүндхэн байдаг. Тухайлбал энэ орчимд ганцхан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулах ажлын хүрээнд хоёр дахь томоохон сургуулийг барих шийдвэрийг гаргасан. Цаашлаад 180 хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулахаар төлөвлөсөн. Мөн Шархад орчимд спортын цогцолбор барихаар зураг төслийн ажлыг нь хийгээд явж байна” гэдгийг дуулгалаа. Мөн энэ үеэр дүүргийн иргэд, ажилчин албан хаагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Баянзүрх дүүрэг нь 300 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг тооцогддог төдийгүй, Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй гэдгийг тус дүүргийн оршин суугчид хэлж байлаа. Энэхүү хүүхдийн эмнэлэг нь Энхтайван хөгжлийн сантай хамтран Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлд хийгдэж буй гурав дахь томоохон бүтээн байгуулалт аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Импортын хэмжээ өсчээ

Монгол Улс 2018 оны эхний хагас жилд 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 3.6 тэрбум америк доллар, импорт 2.7 тэрбум америк долларт хүрлээ.

Импортын хэмжээ 43.4 хувиар өслөө

Categories
мэдээ нийгэм

Мал үржүүлэг, технологийн ажил тогтоосон хуваарийн дагуу явагдаж байна

Малын үржил, селекц, мал аж ахуйн үйлдвэрлэл, технологийн ажлыг тогтоосон хуваарийн дагуу явуулж байна. Энэхүү төлөвлөгөөг мал үржүүлэг, технологийн үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн нэгж, малчид, мал аж ахуй эрхлэгчид мөрдөж ажиллана. Ингээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газраас гаргасан “Мал үржүүлэг, технологийн ажлын календарчилсан төлөвлөгөө”-г танилцуулж байна.

МАЛ ҮРЖҮҮЛЭГ, ТЕХНОЛОГИЙН АЖЛЫН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

Тайлбар:

– Бүх төрлийн малд төлөв байдлын үнэлгээ, үзлэг, аттестатчилал жил бүрийн 3, 5, 6, 9, 10 дугаар саруудад хийнэ.

– Бүх төрлийн малд сүргийн нөхөн үйлдвэрлэлийн төлөвлөлт жилийн турш буюу тогтмол хийнэ.

– Малд үзлэг, ангилалт хийхдээ:

  • 5, 10 дугаар сард тэмээнд
  • 9, 10 дугаар сард адуунд,
  • 5, 10 дугаар сард сарлаг үхэрт,
  • 10 дугаар сард нутгийн болон махны үхэрт
  • 9, 10 дугаар сард мах, өөхний хонинд,
  • 5, 10 дугаар сард мах, ноосны хонинд,
  • 3, 4, 10 дугаар саруудад ноолуурын ямаанд тус тус хийнэ.

– Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэхдээ:

  • 1, 6, 12 дугаар саруудад малчин өрх, малчны бүртгэл хөтөлнө.
  • Малыг бүртгэх, ялган тэмдэглэх ажлыг тогтмол зохион байгуулна.
  • 3, 4 дүгээр сард удам зүйн үнэлгээний бүртгэлийг зүүн бүсийн аймаг, сумдад, баруун, төв, хангайн бүсийн аймаг, суманд 4, 5, 6, 9, 10, 11 дүгээр саруудад тогтмол хийнэ.
  • Үржүүлгийн бүтээгдэхүүн, саалийн үнээ, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг тус бүр жилийн турш тогтмол хийнэ.

– Стандартын шаардлага хангахгүй малыг үржлээс хасах:

  • 9-11 дүгээр саруудад стандартын шаардлага хангахгүй бод малыг үржлээс хасна.
  • 3-6 дугаар саруудад стандартын шаардлага хангахгүй бог малыг үржлээс хасна.

– Үржил селекцийн ажлыг хянан магадлах, баталгаажуулах:

  • 9-11 дүгээр саруудад бод малыг хянан магадлах, баталгаажуулна.
  • 3, 4 дүгээр сард зүүн бүсийн аймгуудын бог малыг, 4-6 дугаар саруудад бусад аймгийн бог малыг хянан магадалж, баталгаажуулна.

– Цөм сүргийн малын ашиг шимийн гарц тогтоох:

  • 4-6 дугаар саруудад тэмээний ноосны гарцыг тогтооно.
  • 5, 6 дугаар сард зүүн бүсийн аймгууд, 6-7 дугаар сард баруун, төв, хангайн бүсийн аймгуудын хонины ноосны гарцыг тогтооно.
  • 3, 4 дүгээр сард зүүн бүсийн аймгууд, 4, 5 дугаар сард баруун, төв, хангайн бүсийн аймгуудын ямааны ноолуурын гарцыг тогтооно.
  • 4, 5 дугаар сард сарлагийн хөөвөр, хялгасны ашиг шимийн гарцыг тогтооно.
  • 8 дугаар сард гүүний сүүний гарцыг тогтооно.
  • 7, 9 дүгээр сард ингэний сүүний гарцыг тогтооно.
  • 4-9 дүгээр сард үнээний сүүний гарцыг тогтооно.

– Түүхий эд бүтээгдэхүүнд чанарын үзлэг шинжилгээ хийх:

  • 4-9 дүгээр сард сүүний чанарын үзлэг шинжилгээ хийнэ.
  • 3-5 дугаар сард ноолуурын чанарын үзлэг шинжилгээ хийнэ.
  • 4-7 дугаар саруудад ноосны чанарын үзлэг шинжилгээ хийнэ.

– Хээлтүүлгийн тохироо тооцох:

  • 3 дугаар сард бод малд хээлтүүлгийн тохироо тооцно.
  • 9 дүгээр сард бог малд хээлтүүлгийн тохироо тооцно.

– Хээлтүүлгийн ажлын зохион байгуулалт:

  • 4-7 дугаар саруудад ингэний хээлтүүлэг
  • 4-9 дүгээр саруудад үнээний хээлтүүлэг
  • 9, 10 дугаар сард зүүн бүс, 10, 11 дүгээр сард баруун, төв, хангайн бүсийн аймгуудын эм хонь, эм ямааны хээлтүүлэг

– Хээлтүүлэгчийг сүргээс ялган төвлөрүүлэх:

  • Хуц, ухныг арванхоёрдугаар сард сүргээс ялган төвлөрүүлнэ.

– Малд зохиомол хээлтүүлэг хийх:

  • Бод малыг жилийн турш хуваарийн дагуу тогтмол зохиомлоор хээлтүүлж болно.
  • Бог малд 10, 11 дүгээр сард зохиомол хээлтүүлэг хийнэ.

– Хөврөл шилжүүлэн суулгах:

  • Бод малд жилийн турш хуваарийн дагуу хөврөл шилжүүлэн суулгана.
  • Бог малд 10, 11 дүгээр сард хөврөл шилжүүлэн суулгана.

– Хээл шалгалт:

  • 1 дүгээр сард ингэ
  • 10 дугаар сард гүү
  • Байрны маллагаатай үнээний хээлийг жилийн турш хуваарийн дагуу тогтмол шалгана.
  • 10 дугаар сард бэлчээрийн маллагаатай үнээ
  • 2 дугаар сард эм хонь, эм ямаа

– Шингэн азотын үйлдвэрлэлийг жилийн турш хуваарийн дагуу тогтмол явуулна.

– Үр үйлдвэрлэл:

  • Бод мал жилийн турш үр үйлдвэрлэнэ.
  • Бог мал 10, 11 дүгээр сард үр үйлдвэрлэнэ.

– Бүх малын үрийн чанарын үнэлгээг жилийн турш тогтмол хуваарийн дагуу хийнэ.

– Төл бойжуулалт:

  • 4, 5 дугаар сард ботго
  • 4-6 дугаар саруудад унага
  • 3-8 дугаар саруудад тугал
  • 3-5 дугаар саруудад хурга, ишиг
  • Эрчимжсэн мал аж ахуйд жилийн турш тогтмол

– Өсвөр хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих:

  • 4, 5 дугаар сард азарган үрээ, бууран тайлаг, бухан бяруу
  • 3, 4, 6, 8 дугаар саруудад хурган хуц, ухна ишиг

– Мал хөнгөлөх:

  • 5, 9 дүгээр сард бод мал
  • 5 дугаар сард бог мал

– Бүх төрлийн үржлийн малын үзэсгэлэн худалдааг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулна.

– Мал аж ахуйн үйлдвэрлэл, технологийн ажлын хүрээнд төл хүлээн авах, нэмэгдэл тэжээлээр тэжээх, хээлтэй малыг угтуулан тэжээх, мал бордох, бод малыг уналга эдэлгээнд сургах зэрэг олон ажлыг зохион байгуулна.

– Төл хүлээн авах бэлтгэл:

  • 1 дүгээр сард малчид хувийн бэлтгэлээ хангана.
  • 1, 2, 7, 8 дугаар саруудад төлийн бэлтгэл

– Ядарч доройтсон, хээлтүүлэгч мал, хээлтэй эх малыг 1-3, 12 дугаар сард нэмэгдэл тэжээлээр тэжээнэ.

– Үхэр, хонийг 1-3, 11-12 дугаар саруудад, хургыг 10, 11 дүгээр сард бордоно.

– Тэмээг 12 дугаар сард, адууг 4-5 дугаар сард, үхрийг 5 дугаар сард уналга эдэлгээнд сургана.

– Бод малын төлийг 8 дугаар сард, бог малын төлийг 3-5 дугаар саруудад ялгана.

– Малын ноос, үс ашиглалт:

  • 3-5 дугаар сард ямаа самнах
  • 4, 5 дугаар сард бодын хөөвөр
  • 6, 7 дугаар сард хонины ноос
  • 8 дугаар сард ахарын ноос
  • 4, 5 дугаар сард тэмээний эр ноос
  • 6 дугаар сард тэмээний эм ноос

– Малд тарга хүч авахуулах:

  • 5-8 дугаар саруудад махан тарга
  • 9, 10 дугаар сард өөхөн тарга
  • 10-12 дугаар сард тарга хүч тогтооно.
  • 12-2 дугаар саруудад өвлийн отор нүүдэл

– Өвөлжилтийн бэлтгэл, зохион байгуулалт

  • 4-5, 8-9 дүгээр саруудад худаг, уст цэгт засвар хийнэ.
  • 4-5, 9-10 дугаар саруудад худаг гаргана.
  • 8-10 дугаар саруудад байгалийн хадлан бэлтгэнэ.
  • 10, 11 дүгээр сард хүчит тэжээл бэлтгэнэ.
  • 9, 10 дугаар сард шүүст тэжээл бэлтгэнэ.
  • 7-9 дүгээр саруудад гар тэжээл бэлтгэнэ.
  • 11, 12 дугаар саруудад мал, мах бэлтгэнэ.
Categories
мэдээ нийгэм

Улсын харцага Н.Золбоо хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэжээ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулжээ.

Тэрбээр Баянхонгор сумын есөн багийн хүүхдүүдээс энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг судалж, тэднээс нэн шаардлагатай 90 хүүхдэд цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас гээд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэжээ.

Энэхүү үйл ажиллагааг Баянхонгор аймгийн “Баянхонгор хөгжил” сантай хамтран зохион байгуулсан бөгөөд тус сан харцага Н.Золбоог амжилт гаргах бүх нөхцөл боломжоор хангадаг аж.

Categories
мэдээ нийгэм

Ойн мэдээллийн номыг олон нийтэд хүргэлээ

Доктор Х.Ыханбайн гаргасан “Ойн тухай нийтийн ойлголт” номын нээлт өнөөдөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд боллоо. Түүний бүтээлээс олон нийт юу мэдэж болох вэ гэсэн асуултанд тэрээр, “Хүмүүс ой гэхээр зөвхөн мод гэж ойлгодог. Гэтэл ой гэдэг бол ашиглаж арчилж чадвал самар, жимс жимсгэнээс аваад олон талын баялагтай. Би номондоо Монгол орны ойн нөөц, ашиглалт, менежмент зэрэг ойтой холбоотой бүх мэдээллийг багтаахыг зорьсон. Номын маань нийт 11 бүлэг бүр ойн ач холбогдлыг тус тусад нь өгүүлж байгаа” гэв. Үүгээрээ ч эрдэмтэн Х.Ыханбайн шинэ ном онцлог, ойн мэргэжилтэн, оюутан сурагчдаас эхлээд эрдэмтэн судлаачид хүртэл, жирийн иргэдэд мэдээлэл ойлголт өгөх олны хүртээл бүтээл болж байна. Манай орны хэмжээнд хийсэн Үндэсний олон зорилтот ойн тооллогоос Монголын ойн насжилт хөгширч, ойн эрүүл ахуйн нөхцөл муудаж, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа, ойн нөөцийг манай улсад бага ашиглаж байна гэсэн гол дүгнэлт гарсныг доктор Х.Ыханбай өнөөдөр номын нээлтийн арга хэмжээн дээрээ иш татан хэлж байв. Тэрээр, Монгол орны ойн доройтол, менежментэд олон удаагийн түймэр, хөнөөлт шавьж, малын бэлчээрлэлт буюу бэлчээрийн даац хэтэрсэн байдал, хууль бус хулгайн мод бэлтгэл зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж буйг онцлож байв.
Х.Ыханбай нь хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын Ойн техникийн академийг дүүргэн АНУ-ын Харвардын Их сургуульд Байгаль орчны эдийн засаг болон бодлого судлалын чиглэлээр төгсөж Байгаль орчны яаманд олон жил ажилласан манай нэр хүндтэй эрдэмтэн хүний нэг юм. Тэрээр одоо байгаль орчин, хөгжлийн “Жасыл” холбооны захирал, Азийн Байгалийн бэлчээрийн санаачлагын зохицуулагчаар ажиллаж байна. Шинэ номоо тэрээр 12 хүнтэй багийн хамт олон жилийн судалгаан дээр үндэслэн жил хагасын хугацаанд гаргажээ.

Тодруулга: Манай орны ой мод нь Сибирийн их Тайга ба Төв Азийн хээр талын зааг дээр дэлхийн 3 томоохон усан хагалбарыг дагаж ургадаг байна. Бүх төрлийн мод, сөөгийн нөөцөөр тодорхойлдог ойн сангийн нийт талбай 18.5 сая га бөгөөд үүнээс ойгоор бүрхсэн талбай 12.3 сая га байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 8 хувийг эзэлж байна. Монгол Улсын нэг хүнд ногдох ойн талбай 4.2 га байгаа бол дэлхийн дундаж нь 0.54 га байдаг байна.