Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам хүрээ цам 2018” наадмын хөтөлбөр

‘Даншиг наадам Хүрээ цам 2018’ шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй 7 худагт болно. Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болох юм. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулах аж.


Categories
мэдээ нийгэм

Др Шин Ён Су Хөвсгөл аймагт ажиллаж байна

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн захирал Др Шин Ён Су манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица нарын хамт өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн удирдлагууд Бүсийн захирал Др Шин Ён Су-г хүлээн авч уулзан орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын явц байдал, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймагийн Эрүүл мэндийн газрын Шуурхай удирдлагын нэгжийн нээлтэнд оролцож, эрүүл мэндийн яам , ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн төв зэрэг байгуулагуудтай цахимаар холбогдож мэдээлэл авлаа.
Мөн тэрээр энэ сарын 27 нд болох Дэлхийн хепатитын өдрийн арга хэмжээнд оролцох бөгөөд Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа үйл ажилгаатай танилцан, Монгол улс дэлхийн хэмжээнд жишигт тогтоосон улс орон болон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Mаргааш xепатитыг илрүүлэх оношлогоо үнэ төлбөргүй явагдана

Элэгний B, C вирус илрүүлэх хурдавчилсан оношлогоо, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох Фиброскан үзлэг болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнд хамрагдаарай. Та элгээ хайралдаг уу? Та гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 12:30-17:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд ирээрэй.


Categories
мэдээ нийгэм

​Аадар бороо, хүчтэй салхины улмаас 10 сум тоггүй байна

Өчигдөр Архангай аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км газар 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхи салхилан Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унажээ. Гэмтлийн улмаас Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болоод байна.

Мөн 16 гэр усанд автан, гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж байна. Иргэн С /48 настай, эмэгтэй/, Д /80 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллийг 07.25-ны өдрийн 21:30 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ.

“Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин, Цэцэрлэг салбарын нийт 5 бригадын 40 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр, аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 20 алба хаагч, 4 автомашинтай, нийт 25 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн ойн сангаас 6100 шоо метр мод бэлтгэхээр болжээ

Өчигдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас энэ онд нийслэл хотын ойгоос бэлтгэх модны хэмжээг хэлэлцэн баталлаа. Ойн тухай хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт орших ойн сангаас түймэр, хортон шавьж, өвчинд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон, мөн ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах зорилгоор жил бүр тодорхой хэмжээний унанги мод, гишүү мөчрийг цэвэрлэдэг.

Энэхүү үйл ажиллагаа нь ойн төлөв байдлыг сайжруулах, ойг байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилготой.Энэ онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сангаас бэлтгэх модны хэмжээг 6100 шоо метр байхаар баталлаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүтээлч сүйтгэл

Нэг. Их уйдалт

Бид нэг юм үзэх нь ч үзэж таарлаа…өмнө нь бид ярилцаж л байсан, хүний түүхийн ёс суртлын нэгэн эрин өөрийн үеэ өнгөрөөж байгаа тухай: сайн юм сайнаараа байж болохоо байсан, зөв юм зөвдөхөө больсон тухай: энхтайван болгон дайнаар дуусч, дайн болгоны дараа энхтайван тогтож ирсэн тухай: хүний түүхийн нэгэн үеийн үнэт зүйлс үнэ цэнээ алдаж байгаа тухай: түүх дуусч, түүх эхлэх гэж байгаа тухай. Хүмүүс нэгэн үеийн ёс суртлын үнэт зүйлсээ тоохоо больж байна, тэр нь яг л хайртай дуртай явсан хүндээ сэтгэл хөрөх шиг, авч явахад лайтай, хаячих гэхээр бас жаахан хайран санагдах хуучин тавилга шиг сэтгэгдэл төрүүлэх болж. Үүний жишээ нь улс төрийн тогтолцооны үндэс болсон нам, ялангуяа МАН дээр тод харагдана. Үнэн хэрэгтээ үйл нь ирсэн МАН дээр л голлон харагдаж байгаагаас бус нийт үндэстний үзэл санааны хямрал юм. Ер нь бол шуугиан тарьсан “жаран тэрбум” ямар учиртай, “утас чагналт” юуны начиртай зэрэг нь олон нийтэд сонин биш. Харин МАН-ы шинэ өө сэв илэрч, тэдэнд уураа гаргах шинэ шалтаг гарах нь л хэрэгтэй. Асуудал нь жаран тэрбумдаа биш, чагнаж чагнуулсандаа ч биш. Зодчихмоор санагдаж гар загатнуулаад байсан дуракийг нулих боломж олдсонд л байна. Ийм учраас “Жаран тэрбум”-ын үнэн учрыг сонирхохгүйгээр барахгүй, түүнийг учирлах гэсэн хүмүүсийг дуугаргахгүй загнаж байгаа. Дуургаргахгүйгээр барахгүй МАН-д уураа гаргах сайхан шалтгийг нь үгүй хийх гэсэн оролдлого гэж уурсаж буй. Угаасаа ч ард түмэн МАН-д нэг их хайртай байснаа одоо сэтгэл хөрсөн юм байхгүй. Социализмын үед “Энхрий хайрт МАХН” гэж хэлж заншсан нь энэ намыг хайрлахаасаа илүүтэйгээр өөрийнхээ аюулгүй байдлыг баталгаажуулах агуулгатай байсан юм шүү. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН-д хайр нь хүрсэндээ биш, харин АН-д уур нь хүрсэндээ л тэдэнд саналаа өгсөн юм. Гэтэл цаадах нь үнэхээр өөртөө хайртай юм байна гэж итгэчихээд, ерөнхийлөгчтэй юутай хээтэй нь авах гэж зэвүүг нь хүргэснээр саяны сонгуулийн үр дүн гарав. Яг л нөхөртөө гоморхсон бүсгүй уурандаа нэг залууд жаахан тал өгтөл, цаадахь нь үнэхээр надад дурлачихаж гэж үнэмшээд лай болсонтой төстэй явдал. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН ч үүнийг анзаарч байгаа байх, ялалтын хүчин зүйл нь олон түмний дургүйцэл, сэтгэл дундуур байдал гэдгийг. Тэдэнд хямралаас гаргах, нийгмийг тогтвортой болгох хүн биш, харин хямралтай юутай хээтэй нь самраад, авлигажсан тогтцыг нураагаад өгөх хүн хэрэгтэй байсан бололтой. Бүхэлд нь нураахгүй бол засч сайжруулах аргагүй “төр засаг”-тай болсноо монголчуудыг зөнгөөрөө ухаарсан хэрэг юмболов уу. Ер нь бол гүн ухаантнууд нэгэнт хазайсан баганыг түшихийн оронд түлхэж унагах хэрэгтэй. Хазайсан юмыг босгох боломжгүй, харин унасан юмыг босгох амар гэж сургасан байдаг. Монголчууд энэ байдлаараа цаашаа явахыг хүсэхгүй байна. Тэгэхээр ард түмний уур хилэнг хэрхэн тайлж өгөхөөс л шинэ ерөнхийлөгчийн цаашдын хувь заяа хамаарна. Нэг их хямралаас гаргачихдаг, төр засгийг төвшитгөдөг амьтан болох гэвэл олонтүмэн арзас гээд босоод ирнэ. Уул нь “бясаанаасаа салах гээд байшингаа шатааж болохгүй” гэсэн утгатай үг бий нь бий юм. Гэхдээ дийлдэшгүй олон бясааг бол оромжтойгоо хамт шатаагаад шинээр байшин босгосон нь дээр гэсэн үзэл санаа зонхилж байгаа бололтой. Хөндлөнгөөс нь харахад “Жаран тэрбумын дуулиан”, “утас чагнасан дуулиан” сэлтээсМАН-ын “мэнгэ голлож” , үйлс хазаайж, үйлийн үр бүрэлдэж байгаа мэт.(Муухай дээрээ улцан гэгчийн үлгэрээр, тэр нэг бандаажтай хархүү бас юу ч билээ) МАН-ын өнөөгийн байдлыг харахад үйлийн үрийн тухай номлол өөрийн эрхгүй бодогдом. Тайлбарлах эрхгүйгээр буруутгагдаж буй “60 тэрбумын хэрэг, үнэнийг тогтоох шаардлагагүй үнэний хэмжээнд итгэгдсэн “тагнасан чагнасан хэрэг”… эдгээр нь кампанит байдлаараа МАХНын зохиож, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн “Лоохуузын хэрэг”, “Сэхээтний төөрөгдөл”, “Академийн хэрэг”, “Лхүмбийн хэрэг”-үүдийг санагдуулахгүй байна гэж үү? Дургүй нэгнээ “Жаран тэрбумын талынх” хэмээн чичилж болж байгаа нь хамт хонтоорлодог нөхрөө “Монголзөвлөлтийн найрамдалд харш юм ярьж байна” хэмээн мэдээлэл бичиж матдаг байсан үеэс юугаараа өөр байгаа юм бэ? Бие биеэ “60 тэрбумын тал” болохыг уралдан илчилж байгааг нь хар даа. ХХ зууны гучаад онд, багш нь “сурах бичгийнхээ төддүгээр хуудсыг нээгээрэй. Наанаа байгаа хүний зургийг баллаж, нүдийг нь сохол. Энэ хүн ардын дайсан болжээ”…гээд хичээлээ цааш нь заадаг байсан үеийг санагдуулахгүй байна уу? Социолизмын үеийн “Лоохуузыг үзэн ядах цуглаан”-ы тэмдэглэл, шинээр “ардын дайсан” илрүүлсэн хувьсгалчдын цогтой үгс тэр цагийн сонин хэвлэлээр дүүрэн байгаа. Дотор нь гарч байгаа хүмүүсийн нэрийг солиод уншихад л өнөөдрийн шинэ мэдээтэй танилцах мэт болно, туршаад үзээрэй. Буддын шашинтантай хүнийг хамгийн товчоор тодорхойлж өгөхийг Богд Зонховоос хүсэхэд “Үйлийн үрд итгэдэг хүн” хэмээн номлосон байдаг бөлгөө.

Хоёр. Үзээгүй л бол байдаггүй гэсэн үг

Нэг сонин үзэгдэл байгаа нь “нийгмийнхээ үзэл санаа ёс суртахууны доройтол”-ыг жигшингээ, нийгмээрээ ёс суртлаар доройтож байгаа явдал. Архины хорыг жигшин, жигшин архидахтай төстэй ч юмуу? Эндээс монголчууд үнэхээр ёс суртлаар доройтсон уу, эсвэл бусадтай л адилхан сайнтай муутай явснаа одоо л харж байна уу гэсэн асуулт гарч байна. Монголчуудад өөрийгээ таних боломж үнэндээ гараагүй юм. “Хүний сайныг ханилж мэддэг” гэж ардын үгэнд байдаг нь хүний ёс суртахуун мөн чанар нь хамтын ажиллагаан дээр л харагддаг гэсэн санаа. Үнэн л дээ. Нүүдэлчид түр зуур л хамтраад(айлсаад) салж нүүсээр ирсэн тул бие биенээ таних бололцоо бараг гараагүй. Дараа нь хувьсгалын үед нэг хэсгийг нь ардын дайсан хэмээн нэрлэж, буудсан. Ард гэж хэн, дайсан гэж юу болохыг ч сайн ойлгоогүй. Үлдсэн сургамж нь яаж ийгээд дайсан болохгүй байх явдал. “Сайн хүн” болох ба “яаж ийгээд дайсан болчихолгүй хар толгойгоо бөөцийлж үлдэх” хоёр их ондоо шүү. Итгэл үнэмшлийнхээ хүчээр сайн байгаа хүн ба айсандаа сайн байгаа хүн хоёр ч тусдаа. Дараа нь өөрсдийгөө “эрүүл чийрэг бие бялдартай, цэвэр ариун ёс суртахуунтай өв тэгш социалист хүн” хэмээн албан ёсоор нэрлэсэн. Харин ерээд оноос монгол хүн өөрөө өөртөө нэр өгөх эрх нээгдэнгүүт “хөх толботой хүний хайлан”-гийн домог гарав. Буруу ч юу байхав, өөрийгээ доош нь хийж суултай биш. Иймээс “ Өв тэгш хүн”, “хүний хайлан”-гийн үлгэрүүдэд дассан нэгэн үеийнхэн өнөөгийнхээ бодит байдалтай эвлэрч чадахгүй байгаа хэрэг. Түүнээс биш монгол хүн муудсан явдал огт байхгүй. Муу хүмүүс зөндөөтэй гэдгээ л одоо харж байна. Бид өөрсдийгөө улам таньж байна. Баяжиж хөлжсөн хэсэгтээ уур нь хүрээд байгаа нь ерөөсөө хөлжиж юмжихад дургүйгээс болоод байгаа юм огт биш. Монголчууд баяжих, ялангуяа зүгээр сууж байгаад баяжих бүр дуртай. Угаасаа ч түүхэндээ зүгээр сууж байгаад л үе үе юмжиж ирсэн түүхтэй юм. Харин өнөөдөр цөөхөн хэд нь л зүгээр сууж байгаад баяжиж, үлдсэнд нь тийм боломж олдохгүй байгаа нь урам хугалж байгаа ажгуу, нэг талаасаа. Тэгэхээр нэгэнт өөрт олдохгүй байгаа боломжийг сөнөөмөөр , тэгэхдээ боломжийг завшиж чадсан хэсэгтэй нь хамт нураамаар байгаа хэрэг. Нэг ёсондоо шударга ёс нэхэж байгаа хэрэг л дээ, буруу ч гэхийн аргагүй. Нөгөө талаасаа шударгаар, хөдөлмөрлөж баяжсан хэсэгтээ ч бид их дургүй. Баяжсанд нь дургүй байгаа юм биш, хаашдаа л бусад шигээ хулгай хийсэн мөртлөө баригдахгүй байна гэж үзэн зэвүүцнэ. Тэр бүү хэл бусдынх нь идсэн уусан нь баригдчихсан байхад энэ муу золиг баригдахгүй байхдаа яадгийн гэж бүр дургүйцнэ. Түүний тод жишээ нь улс төрч С.Баярцогт шүү дээ. Тэр хаанаас ч идээгүй байгаа нь нийтийн дургүйг хүргэсэн хэрэг. Баяжих нь ч яахав баяждаг л юм байгаа биз, бусад нь баригдаад байхад энэ ганцаараа баригдахгүй үлдэхдээ яадаг юм бэ гэж зэвүүцээд, Оюу толгойн гэрээ зурахад Сангийн сайд байсан, тэндээс л идсэн гэхэд ардууд эргэлзэхгүй үнэмшээд байгаа хэрэг. Хөдөлмөрлөөд шударгаар их мөнгө олж болно гэдэгт манайхан үнэмшиж өгдөггүй. Ядаж нэг томоохон обьект луйвардаад ч болов авчихсан бол нийгэм түүнийг өршөөх байлаа. Нөгөө талаар, идсэн уусан хэсэг нь “Энэ муу цагаан хэрээ, биднээс өөрөөр баяжаад байхдаа яадаг юм бэ” гэж зэвүүцээд, ингээд шөргөн галд орцон амьтан. Бараг л “бушуухан шиг нэг идсэн уусан хэрэг олж хүлээгээд нэрээ цэвэрлэж ав” гэж зөвлөмөөр… Ер нь бол хөдөлмөрлөж, бизнесийн арга ухаанаар баяжих нь бидний хувьд цоо шинэ бөгөөд ойлгомжгүй зүйл. Шударгаар баяжих, хөдөлмөрөөрөө хөлжих гэдэг бол бидний түүхэндээ үзээгүй юмны нэг байв. Худлаа л гэх байхдаа. Үнэндээ олон малтай байх ба их хөрөнгөтэй байх хоёр тусдаа. Хөдөлмөрлөсөөр байгаад баяжих ба өгөөмөр зун, өнтэй өвөл болж, чоно нохой тайван байсны ачаар мал нь өсөх хоёр бүр ч тусдаа. Бид олз омогтой явж л үзсэнээс орлого ашигтайгаар хөдөлмөрлөх туршлагагүй. Хувь тавилан ийм байсан, бидний буруу биш. Монгол үндэстний орлогын түүхэн жагсаалт: Чингис хааны дайны олз, Манжийн хааны пүнлүү шагнал, Зөвлөлтийн тусламж…хандивлагчдын өглөг… одоо бол авлига, тендер…гэсгээд болчихож байна. Үзээгүй юмаа байхгүй гэж боддог нь хүний араншингийн нэг бололтой.

Гурав. Хямралыг хямралаар

Монгол орон ардчиллын замаар ороод гучаад жил боллоо. Та “ардчилал ингээд дуусч байна” гэх болов уу гэж бодсон байх. Үгүй ээ, ардчилал одоо л эхлэх гэж байгаа. Үнэн хэрэгтээ, гучаад жилийн тэртээ үүдийг нь хаасан социализм одоо л дуусч байна. Социализмын үлдээсэн хүчирхэг төрийн уламжлал одоо л амьсгаа хурааж, ганц гудамж өөрөө мэдээд тохижуулах тэнхэлгүй болон гулдайж байна. Социализмын айдас, сахилга дээр бүрэлдсэн төрийн албаны ёс суртал одоо л мөхөж дуусаад ямар ч сурталгүйгээр авлига нэхэж алга тоссон түшмэд үлдэж. Социалист дэглэм бол юугаар ч цагаатгашгүй хүчирхийллийн тогтоц байсан боловч хээр талаар нүүдэллэж явсан малчин ардуудыг орчин үеийн маягтай төр, төрийн албан хаагч, төрийн албаны сахилга журам бүхий болгож орхисон. Энэ бүхэн одоо л арилж дуусч байна, харамсах юм алга. Социализмын бүтээж өвлүүлсэн улс төрийн нам, түүний үлгэр загварууд одоо л элж гүйцэж байна. Нэг үгээр бол, манай ардчилсан хувьсгалын анхан шатны “социализмыг нураах” зорилго амжилттай биелсэн байна. Харамсалтай нь социализм арилахдаа өөрийн үлдээсэн төрийн тогтоц, төрийн албаны уламжлалаа аваад арилдаг эд байж. Өнөө муу санаа арилдаггүй, зөвхөн эзэнтэйгээ хамт үхдэг гэдэг шиг. Үнэн худал нь хамаагүй, үзэл санааны нийтлэгтэй болгосон нь нүүдэлчдэд том дэвшил байсан юмсан. Социализм авгай түүнийгээ ч аваад төрхөмдөө буцах нь тэр. Өнөөдөр бидний сэтгэл санаанд нийцэх зүйлс бараг үгүй болсон. Энэ нь нийтлэг үнэт зүйлс байхгүй болсны дохио бололтой. Энэ утгаараа ямар нэгэн юмсыг эсэргүүцэж байгаа, юуг ч хамаагүй буруушааж явдаг тэмцэгч л олон түмний таашаалыг хүлээж байна. Харин учирлах, тайлбарлах аливаа оролдлого олон нийтийн дургүйг хүргэж, хурал номын газарт шашингүйн сурталчилгаа хийхтэй агаар нэг болоод замхарч байна. Нийгэм маань одоогийн тогтоцоо шударгатай нь, шударга бустай нь, сайнтай муутай, хүнийхтэй өөрийнхтэй нь хамт, системээр нь нураахыг хүсч байна. Нийгэм маань өөрийн улс төр, эдийн засгийн тогтцоо, дээр нь өөрийгөө ч бас жигшиж байх шиг… …Бид нэг юм үзэх нь ч үзэх бололтой. Дайн тулаан, бослого самууны тухай энд яриагүй. Харин хямралын тухай ярьж байна. Тулгарсан хямралыг эрүүлжүүлэх замаар засах санаачилга оролдлогыг нийгэм хүлээж авахгүй бололтой. Магадгүй, хямралыг засах зам нь хямрал өөрөө бололтой. Шийдвэрлэх хямрал л болох царайтай. Нэрт эдийн засагч Иосеф Шумпетер чухам үүнийг л “Бүтээлч сүйтгэл” гэж томьёолон дэвшлийн нэгэн эх сурвалж болгож харсан байж болох талтай. Шийдвэрлэх хямрал, бүтээлч сүйтгэл бидний бясаа үүрлэсэн, биднийх гэхээсээ илүү “бясаа гуайнх” гэмээр болсон байшинг шатаах бололтой, тэгж байж л бясаанаасаа салах юмдаг уу. Их хямрал, нижигнэнхэн хямартугай..гэх ч хаашаа, гэхгүй ч хаашаа.

2017.08.23

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьчууд шинэ эмнэлэгтэй болно

2018 он Өмнөговьчуудын хувьд бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жил бөгөөд аймгийнхаа бүх сумыг түүнчлэн салбар бүрийг хамарсан далайцтай ажлуудыг хийж байна. Мандал-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн барилга МХГ-ын тодорхойлолтоор ашиглах боломжгүй гэж дүгнэгдсэн. Тиймээс бүтээн байгуулалтын жил, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Мандал-Овоо суманд 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж байгуулахаар 2018 оны 7 сарын 25-ны өдөр ажлыг эхлүүллээ. 2 давхар 10 ортой шинэ эмнэлгийг байгуулахын зэрэгцээ моорог, гражийг барих юм. Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар манай аймгийн “Хос бор морь” ХХК гүйцэтгэж, 12 сард 10 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулна.

Categories
мэдээ нийгэм

Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг хянаж дуусаад энэ сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 10.00 цагт товлогдсон байсан ч өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг харгалзан үзэж өнөөдрийн 14:00 цаг болгон хойшлуулсон.

УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна.

Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлджээ.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүнлэгийн тусламж Баян-Өлгий аймагт хүрлээ

Улсын Онцгой комиссын долоодугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа энэ сарын 20-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн билээ.

Тэгвэл тусламжийн цуваа өчигдөр Баян-Өлгий аймагт хүрч, үерийн гамшигт өртсөн 80 иргэнд таван ханатай гэр, шуурхай албаны автомашин /фургон/, дугуйт ачигч /ковш/-ийг Онцгой байдлын газарт, цэвэр усны автомашиныг Өлгий сумын ЗДТГ-ын Хот тохижуулах албанд, бохир усны автомашиныг НААҮ-ний “Суат” ХХК-д тус тус хүлээн өглөө.

Баян-Өлгий аймагт хүмүүнлэгийн тусламж хүргэгдлээ

Мөн энэ үеэр “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагуудын олгосон тусламжийн барааг үерт нэрвэгдсэн иргэдэд олгосон юм.

Хүмүүнлэгийн тусламжийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар хүлээлгэн өгсөн байна.

Баян-Өлгий аймагт хүмүүнлэгийн тусламж хүргэгдлээ

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлалт гурван дүүрэгт хийгдэнэ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд урсгал засварын ажил хийхтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчийг түр хязгаарладаг билээ. Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийгдэнэ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

⚡️Баянзүрх дүүрэг
11:00-20:00 цагт:9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь Дөрвөн өлзий, Бэст сервис, Альбатросс Эс Пи сервис, Мануул трэвл ХХК-ууд, Уурын зуух, ЦТС амралт

⚡️Баянгол дүүрэг
11:00-17:00 цагт: 4, 6-р хороо 10-р хороолол 8А, 10, 10Е, 45, 45/1-45/6, 49, 49/7, 51, 51/1, 51/2, 52, 53, К-102-107, Сан-50, Элба-48, 101-107, 301-р байр болон эдгээрийн ойр орчмоор

⚡️Сонгинохайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 3, 4, 26-р хороо Бага Нарангийн 34-44, Их Нарангийн 15-18, Мандал овооны 3-13, 30, Баруун Нарангийн 50, Алтан овооны 1-28, 35, МТЗ-9, ИН-9-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор