Categories
мэдээ нийгэм

Жолооч нар ажлын томилолтоо гардан авлаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад батламж гардуулж, ажлын томилолтыг олгож эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрт тусгасан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулав.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Жолоочийн 80 ажлын байранд 194 иргэд бүртгүүлснээс энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулсан хувь хүний хөгжлийн цогц сургалтад ирц бүрэн, идэвхитэй оролцож, хариуцлагатай хандсан залуучуудад батламж гардуулж, ажлын байранд нь шууд холбож өглөө. Энэ удаагийн ажилд орсон залуучуудын хариуцлагатай байдал, ажлын гүйцэтгэлээс хамааран цаашид тус үйл ажиллагаа үргэлжилнэ” гэж хэллээ.

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Өнөөдөр батламж гардан авсан залуучууд манай компанид гишүүнчлэлтэй 17 компанид хуваагдан ажиллана. Бид зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана” хэмээв.

Мөн “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай өнгөрсөн нэгдүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж, нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг. Түүнчлэн жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой.

Батламжаа гардан авсан залуучуудын төлөөлөл Д.Хүдэрчулуун “Энэ дөрвөн өдрийн сургалтууд үр дүнтэй боллоо. Батламж гардан авч, шууд ажилдаа орох болсондоо баяртай байна. Мөн ангилал дутуу, мэргэшиж амжаагүй байгаа жолооч нарыг нэгдсэн сургалтад хамруулан, бичиг баримт нь бүрэн болсны дараа шууд ажилд нь оруулахаар болсонд талархаж байна” хэмээлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын орлогч Сүхбаатар дүүргийн зарим хороодод ажиллав

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд ажиллалаа.

Усархаг бороо ихээр орж байгаагаас үүдэн тус хорооны үерт өртөх магадлалтай зарим газруудад хаалт, далан тавих, түүнчлэн зуслангийн зарим бүсэд эрчим хүчний хүчдэл бага тул нэмэгдүүлэх тал дээр анхаарч шаардлага тулгараад байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тус хороонд тулгарсан асуудлыг шийдэхийн тулд 48-р гудамжинд үер уснаас зайлуулах хаалт тавьж, шаардлагатай техник технологи гаргаж өгөх, Бэлхийн 49-р гудамжинд үер уснаас зайлуулах гарам хийж гэрлийн шонг зайлуулах, Бэлхийн 53-р гудамжинд Байгаль орчны газрын зөвшөөрөлтэйгөөр өндөрлөг газрыг тэгшлэх зэрэг ажлуудыг хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Үүнээс гадна тус хорооны 51-р гудамжинд байрлах 380-ын өндөр хүчдэлийн цахилгааны шугам тасарч ил болсон байсныг засч, аюулгүй болгох үүргийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа эрхлэгчдийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, төвийн зургаан дүүргийн удирдлагууд өнөөдөр “Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” болон бусад холбоод, ТББ-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Худалдаачдын зүгээс бизнес эрхлэх эрхзүйн орчинг бий болгож, бодлогын түвшинд дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн баталгаагаар хангахыг хүсч, нийслэл болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудад хандаад байсан юм.

НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба Нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилгээ явуулах, ил задгай худалдаа эрхлэх, эмх замбараагүй байдал үүсгэхийг хуулиар хориглосон байдаг. Энэ бол өнөөдөр гэнэт гараад ирсэн асуудал биш. Олон жил яригдаж байгаа. Өмнө нь нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх журам гарсан нь одоогийн олон хуультай харшилж зохицуулалт хийхэд хүндрэл үүсээд байгаа гэдгийг хэлсэн юм. Мөн “Энэ журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд бид худалдаа эрхлэгчдийн саналыг журмын төсөлдөө тусгаж НИТХ-д өргөн барихаар болсон. Худалдаа эрхлэгчдээс саналыг нь аваад нийтлэг үйлчилгээ эрхлэх журмын төслөө НИТХ-д өргөн барьсан боловч дахин өөр холбоод гарч ирээд саналаа тусгуулахыг хүссэн юм. Нэгэнт өргөн барьсан журмын төсөл дээр дахин санал авах нь хуулийн дагуу боломжгүй зүйл. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ойрын хугацаанд дахин санал авах ажлыг зохион байгуулах тухай НИТХ-ын ажлын албанд хүсэлт гаргасан. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцсийн байдлаар дахин санал авах боломжийг олгож өгнө гэсэн байр суурьтай байна” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийг нийслэл, дүүргийн ямар нэгэн албан тушаалтан буруу, зөв гэж ярих эрх байхгүй. Тийм учраас үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Бид цаашдаа худалдаа, үйлчилгээ, хэрхэн, ямар журмаар зохицуулахыг хэлэлцэхээр өнөөдөр уулзаж байна. Ойрын хугацаанд хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүнд ТББ болон холбоод албан ёсоор саналаа өгч тусгуулах хэрэгтэй. Дүүргүүдийн газар нутаг, онцлогоос шалтгаалаад өөр өөр нөхцөл байдал үүсч байгаа учраас дүүрэг дээр зохион байгуулагдах хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн нийтлэг журамд тусгах саналаа тусгах хэрэгтэй” гэв.

Хоёр шатны хэлэлцүүлгийг дүүргүүд дээр явуулах юм байна. Эндээс ирсэн саналуудыг нэгтгээд нэгдсэн хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр энд ирсэн болон ирж амжаагүй бүх төрийн бус байгууллагууд, холбоод бүгд нэгдээд журманд оруулах санал дээр онцгой анхаарч, эцсийн нэгдсэн нэг саналаа оруулж ирэхийг худалдаа эрхлэгчдэд хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна.

Мөн энэ сарын 28-30-нд баруун, төвийн аймгуудын зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд зарим газраар түр зуурын бороо орно. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Мөн голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байхыг анхааруулж байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

2000 иргэнд үнэ төлбөргүй оношилгоо зөвлөгөө өглөө

“Дэлхийн хепатит”-ын өдрийг жил бүрийн долдугаар сарын энэ өдөр зохион байгуулдаг. Энэ жил “ Хепатитыг Илрүүлье, Эмчилье” уриан дор зохиож байгаа юм. ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй амиа алджээ.

Манай улс уг өдрийн хүрээнд Засгийн газартай хамтран “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хоёр дах жилдээ хэрэгжүүлэлээ. Уг хөтөлбөрөөр 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлах үүнээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгааны нас баралтыг бууруулах зорилттой ажиллаж байна. Мөн өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ДЭМБ-тай хамтран “Дэлхийн хепатит”-ын өдрийг тэмдэглэн өнгөрлөө. Үүгээр 2000 хүнд үзлэг оншилгоо хийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм. Энэ үгэр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг маань дэлхий нийт үнэлж байна. Мөн огт “В” вирус илрээгүй ч урьдчилан сэргийлэн вакцин хийлгэх боломжтой болж байна. Хөтөлбөртөө 15-аас дээш насны 1.8 сая хүнийг хепатитын В,С вирусийн шинжилгээнд хамруулахаар зорьж байна” гэв. Өнөөдөр оношилгоонд хамрагдаж чадаагүй иргэд дүүрэг, сум, аймгийнхаа эмнэлэт хандан хамрагдах боломжтой юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас вируст хепатитын халдварыг устгах зорилгодоо хүрэхийн тулд улс орнуудыг оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн дэлхий дахинд уриалж байна. Мөн 2030 он гэхэд вируст хепатитыг тэлэх зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ гэлээ.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Хийн хөдөлгүүртэй автомашин дэлбэрэх аюултай

Хийгээр ажилладаг автомашинтай жолооч нарыг хийн баллоныхоо баталгаажуулалтын хугацааг шалгаж байхыг МХЕГ-аас санууллаа. Автомашины хийн баллоны баталгаажуулалтын хугацаа дууссан нөхцөлд өндөр дараллтай хий алдагдаж шууд дэлбэрэх аюултайг анхааруулж байна. Иймд мэргэжлийн хүмүүст хандаж баталгаажилт хийхийг зөвлөж байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд техник ашиглалтын дүрэм хангахгүй тээврийн хэрэгсэл их орж ирж байгаагийн нэг хэсэг нь ихэвчлэн БНСУ-аас импортолж буй хийгээр ажилладаг, 10-аас дээш жилийн насжилттай, хийн хөдөлгүүр, хийн баллонтой автомашинууд юм. Ийм машинууд нь тухайн орондоо ашиглалтын хугацаа дууссан гэсэн үг. Тиймээс Монголд явж буй хуучны, ийм төрлийн автомашинтай иргэд, жолооч нар хийн баллоны баталгаажилтын хугацаа буюу техникийн магадлалыг сайн анхаарч харахыг анхааруулж байна.
Автомашины хий нь тэсэрч дэлбэрэх аюултайгаас гадна хий алдсан нөхцөлд жолооч, зорчигч нар мэдэхгүйгээс хорддог байна. Ялангуяа амралт зугаалга эхэлсэн зуны цагт иргэд аялал, найр наадамд их явах холын замд болгоомжтой байж, хий алдаж байгаа эсэх, хийн баталгаажилтыг хийсэн эсэхээ шалгаж нягтлан засвар, оношлогоо, техникийн газраар үзүүлж аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Манай улсад хийн хөдөлгүүртэй, хийгээр ажилладаг 10 гаруй мянган автомашин, тээврийн хэрэгсэл байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Туркийн сургуулийн захирлыг гэрийнх нь гаднаас хулгайлжээ

Өнөөдөр буюу 2018 оны 07-р сарын 27-ны өдөр Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат дараах мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Монгол улсад тасралтгүй 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан сургуулийн Veysel Akcay захирлыг “үл таних” хүмүүс өнөөдөр өглөө 09 цагийн үед гэрийн гаднаас нь хулгайлсан” тухай мэдээллээ.

Энэ талаар тус сургуулийнхнаас тодруулахад “Түүнийг нисэх онгоцонд суулган авч явах гэж байна. Үүнийг эсэргүүцэн бид Буянт-Ухаа нисэх онгоцны буудал руу хүмүүсийг уриалж байна” гэв.

Гадаадын иргэн, харьяатын газраас “Вейсел Акчай гэх иргэн нь Монгол Улсад суурьшсан анхдагч туркуудын нэг. Монголд амьдарч байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй. Хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр орж ирснээс хойш гараагүй байгаа. 2019 оны аравдугаар сар хүртэл оршин суух зөвшөөрөлтэй байна” гэв.

Энэ үйл явдлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бид тусгаар тогтносон улс. Хэн дуртай нь эх оронд минь дураараа ирж гүйцэтгэх ажил хийн, хүн хулгайлж болно гэж үү” хэмээн жиргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, өрхийн аж ахуйг хөгжүүлж, улс орондоо оруулсан сумын нийт иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, одонг Орхон сумын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгөв.

Дархан-Уул аймгийн Орхон сум нь анх 1968 онд Сэлэнгэ аймгийн Орхон Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуй нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ.

Орхон сум нь 44177 га талбай бүхий нутаг дэвсгэртэй, 3269 хүн амтай, нийт хүн амын 80.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна. Мөн сумынхан газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг буюу сумын 468 өрхийн 2000 орчим иргэн газар тариалангийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, жилдээ 13-17 мянган тонн ургац хураан авдаг байна.

Мөн өрх бүр үйлдвэрлэгч байж хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймаг болон Дархан сумаас ажилгүй иргэд, их дээд сургууль, коллеж, МСҮТ-өөс оюутнуудыг оролцуулан хаврын тариалалтаас намрын ургац хураалт дуустал 1200 гаруй хүнийг түр ажлын байраар хангаж, дунджаар 1.6-2 тэрбум төгрөгийн ажлын хөлс олгосон байна.

Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа бөгөөд 40330 толгой малтай, 1601 бүл зөгийтэй жилдээ 42465 литр зөгийн бал хураан авч зах зээлд нийлүүлдэг байна. Мөн жил бүр салбарын яамнаас нь зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд амжилттай оролцож 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015 онуудад хүнсний ногоо тариалагч “Шилдэг сум”-аар шалгарч байжээ. 2017 оны байдлаар Дархан-Уул аймгийн Орхон сумынхан Монгол Улсынхаа хүнсний ногооны хэрэгцээний 19.8 хувийг дангаар хангасан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгоно

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлсөн тооцооны хуудас, өгөгдлийн сангийн мэдээлэлд тулгуурлан илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрх бүхий даатгуулагчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг гаргасан байна. Энэ жилийн тухайд давхардсан тоогоор 28407 даатгуулагчид 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

Даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлээ авахын тулд үндсэн ажлынхаа харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандах бөгөөд ингэхдээ баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, иргэний үнэмлэх, даатгуулагчийн нэр дээр нээсэн банкны харилцах дансны тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн хүсэлтийг хүлээн авч, илүү төлсөн шимтгэлийн тооцооллыг хийсний дараа банкин дахь харилцах данс руу нь шилжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Суг хүлээн авч уулзлаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газартай хамтран Хепатитын өдрийг “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Суг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Др.Шин Ён Су Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан өндөр хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзсанд нь талархаад, вируст хепатит, түүнээс үүдэлтэй өвчлөл, шалтгаант нас баралтыг бууруулахаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайшаан дэмжиж байгаа талаар ярилаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийг дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц хөтөлбөр болсон гэдгийг цохон тэмдэглэв. Др.Шин Ён Су Монгол Улсад хүрэлцэн ирээд орон нутагт ажилласан бөгөөд энэ үеэрээ анхан шатны эмч, сувилагч нар хөтөлбөрийг үр дүнд хүргэхийн тулд, хүн амаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүлжүүлэхийн тулд мориор хүртэл уналга хийн хичээн ажиллаж байгааг хараад анхан шатны тусламж үйлчилгээний энэхүү жишгийг дэлхий даяар мэдэх ёстой гэсэн бодол өвөртөлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд туйлын сэтгэл хангалуун байгаагаа дахин илэрхийлсэн юм.

Др.Шин Ён Су цааш ярихдаа 1978 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-тай хамтран Алматы хотод Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний асуудлаар олон улсын хурал хийж, тунхаглал гаргасан нь улс орнуудын үндэсний эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд ихээхэн тус болсон талаар дурдаж, энэ удаагийн ээлжит хуралд Монгол Улсын оролцоо ихээхэн чухал болохыг хэлэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, элэгний вирусын халдварын тархалтыг хяналтад авахын тулд “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар, хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилгоо биелүүлэхээр Засгийн газар, салбар яам идэвхтэй ажиллаж байгаа талаар ярив.

Мөн элэгний өвчлөл Монгол Улсад их байгаа тул энгийн иргэнээс эхлээд Төрийн тэргүүн нь хүртэл анхаарал хандуулж тэмцэх ёстой, үүний дээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны дэмжлэг их байгаад талархлаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар ярилцав.