Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 16. Санчир гараг. Яруу эгшигт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дулааны шугам сүлжээний өргөтгөлийн ажлын хүрээнд гурван байршилд зам хаана

Автозам болон дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр 23.00 цагаас гурван замыг түр хугацаагаар хаах болсон талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлэв.

Тухайлбал,Бага тойруугийн зам болон Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш чиглэх авто замыг түр хааж дулааны шугамын өргөтгөл хийх юм. Уг замыг маргааш буюу энэ сарын 29-ны 06.00 цагт нээнэ. Мөн цэвэр ус болон бохирын шугам татах зорилгоор Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, Сүхбаатар дүүргийн Авто замчдын гудамжны замыг түр хаана. Дээрх хоёр замыг маргааш 07.00 цагт нээхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

​Ононгийн аварга хээрийг эргэн дурсахад

Энэ манхайсан хөх тэнгэрийн дор олон ч хурдан буяныг харж явлаа. Гэхдээ Ононгийн хээр арай л онцгой адуу байсан даа” хэмээн хэн хэнгүй уулга алдана. Үнэндээ тийм юм аа. Алтан тэлүүр магнайдаа наадам болгоны од харвуулж, адууны авшигтай уяач эзнийхээ сэтгэлийн нарыг мандааж явсан ажнайг мэдэхгүй нэгэн Монголд ховор оо. Талын салхины аясаар зүгээр л нэг хадаг шиг намирч өгдөг давхилыг нь хараагүй хүмүүн үгүй болов уу. Морь, бөхөө ямагт дээдэлдэг монголчууд Сэргэлэн сумаар овоглосон уяачийн хүлэг, хүчит бөх хоёрыг бахдаж, үнэн голоосоо хүндэтгэн хайрлаж байсан цаг саяхан. Агваансамдангийн Сүхбат аварга зодоглоогүй, Ононгийн хээр тоосоо өргөөгүй наадам нэг л уйтай санагддаг байсан даа. Одоо ч цагийн аясаар юм өөр болж дээ. Сүхбат аваргыг хүндэтгэх олон түмний хүндэтгэл ч өөр болсон санагдана. Уул нь аварга хүн аваргаараа л байх сайхан, за тэр ч яахав.

Ард түмний хөөр баяр дээд цэгтээ хүрч, энэ замбуулинд бүх зүйл утга учиртай байдгийг мэдрэн, бүр нэг сэтгэл ханамжаар дүүрэн наадсан нь хоёр мянга нэгэн он билээ. Ардын хувьсгалын түүхт наян жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглосон 1024 бөхөөс А.Сүхбат аварга арав давж түрүүлсэн. Яагаав, нөгөө Өсөхөөд өшиглүүлэн, эмч домч болоод барилдах ч өнгөрлөө дөө гэж байтал Бат-Эрдэнэ аваргыг өвдөглүүлээд түрүүлчихээгүй юу.

Тэрхүү наадмын их морьдын уралдаанд газар, газраас цугласан олон шандаст хүлгүүд тоосоо өргөхөд Ононгийн аварга хээр огтхон ч ажралгүй барианд орсныг манайхан мэднэ. Аварга хээр Онон уяачид ирсэн түүх их сонин. Уулзах ёстой хүмүүс л уулзаж учирдаг гэсэн үг байдаг. Түүн лүгээ адил тод манлай уяач, хээр морь хоёр нэгэн уяан дээр золгож, Монгол даяар алдарших хувьтай байжээ. Нэгэн мянга есөн зуун ерэн долоон онд юм гэдэг.

Ононгийн найз Ганхүү Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас морь авахаар явахдаа дүү Д.Сугарыг нь дагуулжээ. Тэднийг Баруун-Уртын тэнгэр дор очиход овооны наадам таарсан байгаа юм. Хурдан ажнай сонирхохоор холоос зорин ирэхэд овооны наадам таарсанд хэн хэн нь ихэд бэлгэшээсэн нь мэдээж. Явсан ажил бүтэх нь хэмээн бодсон байлгүй.

Тэгтэл бэсрэг наадмын морьдын уралдаанд түрүүлсэн хээр морь Сугарын харцыг булаав гэнэ шүү. Барагтайд хурдан хурцыг нь буруу таньдаггүй, болж л өгвөл оноод хэлчихдэг мань хүнийг ус нутгийнхан нь байтугай хол ойрын хашир уяачид ч

“морь мэддэг хүү дээ” гэж хүндэтгэдэг аж. Сугар багагүй эргэлзэж, хээр морийг хэдэн талаас нь шинжиж байгаад уяачтай нь уулзжээ. Уяач эзэн нь зарахгүй барихгүй гэж гүрийсэнгүй. Үнэ таарвал өгчихнө гэсэн байна. Юу ч гэсэн ахтайгаа зөвлөлдье гээд Ононгийнд давхиад ирж. Учир явдлаа ч хэлж.

Гэтэл ах нь “Овооны наадамд түрүүлсэн морь авах гэлээ. Чи бараг сэтгэлийн хөөрлөөр л хандаж байна” гэх утгатай үг сөрвийлгөн, ерөнхийдөө зэм хүртээгээд авсан аж. Сугар ахынхаа өөдөөс хариу үг хэлсэнгүй ганц хоёр хоножээ. Гэвч өнөө хээр морь санаа бодлоос нь гарч өгдөггүй, өдөр нүдэнд нь үзэгдэж, шөнө зүүдлэгдэх нь холгүй юм болсон байна. Ахтайгаа дахин нэг ярилцаж, өөрийн нүдээр хараагүй болохоор цааргалзаад байгааг нь хэлж, хэрвээ харах юм бол шүүрс алдана даа гэсний хүчинд авахаар болсон гэдэг.

Аварга хээр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Агвааны унаган адуу аж. Агваан эгч дүүсийнхээ нэг хүнд азарга тавиарай гэж өгснийг нь өнөө нөхөр азарга тавьсангүй, засч хаяад зарчихсан байгаа юм. Авсан хүн нь Мөнххаан сумын Мөнхжин буюу Осгой гэдэг залуу. Ингэж цуут хурдан хүлэг хэд хэдэн гар дамжиж, арилжаа наймаагаар орж яваад Онон уяачид дүү Сугарынх нь буянаар ирсэн түүхтэй. Гурван зуун тавин мянган төгрөгөөр Онон авсан гэдэг. Ерэн долоон оны 350 мянган төгрөг гэдэг мөнгө байсан цаг л даа.

Хээр ажнайг авсан жилээ уялгүй өнжөөжээ. Дараа жил нь буюу ерэн найман онд уятал төрийн наадамд аман хүзүүнд давхиж аргагүй хурдан хүлэг гэдгээ нотолсон байгаа юм. 1999 онд Боржигоны бүсийн наадамд түрүүлж, “Говь Шанхын хурд”-д аман хүзүүджээ. Аварга хээрийн онцгой амжилт үзүүлсэн жил нь 2001 он. Бичил туурвилынхаа эхэнд өгүүлсэн дээ, наян жилийн ойд түрүүлсэн гэж. Тэгвэл улсын наадамд түрүүлчихээд дараахан нь болсон Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-II” уралдаанд мөн хол тасархай түрүүлсэн юм. Үндсэндээ давхар уяагаар уягдсан хэрэг. Ер нь уг ажнай хүлгийг газрын хол, морины олноос айдаггүй улам уужимхан харайдаг, уяа их даадаг, дандаа хатуу уяагаар уягддаг, давхил нь ороод ирэхээр ааш зан нь дийлдэхээ больдгийг Онон уяач хэлдэг байсан. Энэ нь А.Сүхбат аварга даваа өгсөх тусам улам задгайрч, уран барилддаг байсантай агаар нэг санагдаад байгаа юм.

“Их хурд-II“ уралдаанд аварга хээрийгээ түрүүлнэ гэдэгт Онон манлай итгэл дүүрэн байсан гэх.

Тэрээр морьд уралдахын урьд орой өнгөнд давхих магадлалтай бүх морьдыг шинжиж үзэчихээд “Маргааш манай уяанаас дөрвөн их морь айрагдах нь баталгаатай юм байна” гэж галынхаа нөхдөд палхийтэл хэлчихэж. Дөрвөн их морь гэдэг нь өөрийнхөө аварга хээр, Дарьгангын Галиндэвийн адууны угшилтай буурал морио, Энэрэлтийн хар, Мөнгөн-Оньсын бөмбөг халзан нарыг хэлсэн хэрэг. Үнэхээр маргаашийн наадамд хээр морь нь түрүүлж, буурал гуравт давхиж, бөмбөг халзан таваар оржээ. Харин Энэрэлтийн хар морь эргэхдээ хөлөө эвгүй гишгэснээс замд татуулж уралдуулаагүй аж. Эндээс Онон гэдэг уяач хэлсэн амандаа хүрч, хэрхэн наадаж чаддагийг нэвт шувт харж болохоор байгаа юм. Шигшмэл морьдын тэрхүү уралдаанд аварга хээрийнх нь ард ирсэн Завханы Тэсийн Г.Нагааранзын хүрэн морийг тод манлай харчихаад ёстой аварга амьтан байна даа хэмээн дуу алдаж, өнөөдөр миний хээрийг барсангүй. Харин ирэх жилийн наадмаар мөн ч их зовоох юм байна гэсэн аж. Бас л түүний хэлснээр болж 2002 оны наадамд Г.Нагааранзын өндөр хүрэн халзан түрүүлж, аварга хээр аман хүзүүдсэн юм.

Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, хандгайн шинжтэй гэгддэг уг ажнай тав, зургаа жилийн богинохон хугацаанд том, жижиг наадамд гуч орчим удаа түрүүлж уяач эзэндээ таван машин, арав гаруй мотоцикль болоод бусад шагналыг авчирсан буянтан. Наадам болгонд магнайдаа баярын од харвуулсан хүлэг гэдэг нь тийм учиртай. 2004 онд арвандөрвөн настдайдаа “Их хурд-III” уралдаанд айрагдчихаад Алтан-Овооны даншигт явж байх замдаа үүрд хөрвөөсөн гэдэг. Бүр тодруулбал, Сүхбаатар аймгийн нутаг Гангын Цагаан овооны зүүн хойно Өлгий гэдэг газар амьсгал хураажээ. “Аварга хээр минь Алтан Дарь овооныхоо барааг сүүлийн удаа харчихаад яваад өглөө дөө” гэж тод манлай уяач гашуудсан нь мэдээж. “Манлай түмэн эх” өргөмжлөлт цуут хурдан ажнай ийнхүү нутгийнхаа тэнгэр дор амьсгал хурааж, нутгийнхаа шороонд шингэжээ.

“Улирлаа дагаад өнгө нь хэд хувирах

Уяа нь орохоор бүр олон хувирах

Шар хадаг шиг шар хээр морь

Шанзны эгшиг салхитай

Буурал намраар буган халтар болно

Будрах цаснаар зээрэн шарга болно

Ир нь ханахаар шар хадаг болно

Эзнийхээ магнайд тод нар болно

Ааш нь адасга шиг болоод ирэхээр

Алтан наран дээр хөрвөөж босоод байхаар

Сойлго нь ханаж байгаа нь тэр

Согоогоо дуудах буга болж байгаа нь тэр

Бөөн морины бөгсөнд дандаа эргэдэг ч

Бөөрөг алаг толгодыг эвхэж өгдөг адуу…” хэмээх Аюурбунъяагийн Лхагва найрагчийн шүлгээр Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Дамбадаржаагийн Ононгийн цуут хурдан хүлгийн тухай өгүүлсэн бичил туурвилаа өндөрлөж байна.

Д.БАТБОЛД

Categories
мэдээ цаг-үе

​Б.Нямдорж: Математикийг эхнээс нь зөв системтэйгээр заахгүй бол хүүхэд бодлого бодохоос залхдаг

Румын улсад болсон Олон улсын Математикийн 59 дүгээр олимпиадаас Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Уг олимпиад нь Румын улсын Клуж Напока хотод долдугаар сарын 4-14-ний өдрүүдэд болсон юм.Олон улсын математикийн олимпиадад манай улсаас “Олонлог” сургуулийн сурагч М.Лханаажав мөнгөн медаль, Нийслэлийн тэргүүний нэгдүгээр сургуулийн сурагч М.Өнөболд хүрэл медаль, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Х.Санжаахүү хүрэл медаль, “Шинэ Монгол” сургуулийн сурагч О.Мишээл хүрэл медаль, Нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль,“Орчлон” сургуулийн сурагч Б.Төрбат хүрэл медаль хүртсэн юм. Энэ нь Монгол Улсын хувьд Олон улсын математикийн олимпиадад гаргасан хамгийн өндөр амжилтад тооцогдож буй ажээ.Ингээд олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн М.Өнөболдын математикийн багш Б.Нямдоржтой ярилцлаа.

-Олон улсын математикийн олимпиад оролцсон зургаан хүүхэд бүгд медаль хүртсэн байна. Багшийн хувьд маш их баяртай байгаа байх. Өөрийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Би М.Өнөболдод зургадугаар ангиас нь өдийг хүртэл математикийн хичээл заасан. Үндсэндээ дөрөв дэх жилдээ зааж байна гэсэн үг. Уг олимпиадад оролцоод амжилт гаргаад ирсэн хүүхдүүддээ баяр хүргэе. Энэ жилийн олон улсын математикийн олимпиадад аймаг, дүүргээс шигшигдсэн зургаан хүүхэд оролцоод ирлээ. Өмнө олон улсын олимпиадад явах хүүхдийг шалгаруулах шатлал нь арай өөр байсан юм. Өөрөөр хэлбэл Улсын олимпиадын өмнө ямар хүүхэд явахыг тодруулчихдаг байсан л даа. Харин энэ жилийн хувьд олон улсын олимпиадад явах хүүхдийг 2-3 удаа шалгаруулж байж энэ багийг бүрдүүлсэн. Одоогийн энэ туршлагаас харвал бага ангиасаа математикт бэлдээд түүндээ урам зориг авч, түүнийхээ шимийг мэдэрсэн хүүхэд дунд ангид ороод тэмцээнд сайн өрсөлдөж байгаа. Энэ нь математикийн бага ангийн олон улсын олимпиад зохиогддог болсонтой холбоотой болов уу. Үүнд манай улс оролцдог болоод арван жил болж байна. Энэ олимпиадад оролцохын тулд хүүхдүүд үеийнхээ хүүхдүүдтэй өөрсдийгөө харьцуулж өрсөлдөх чадвараа сайжруулж байна. Иймээс сүүлийн үед улсаа төлөөлөн тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн амжилт өндөр байгаа. Энэ жил гэхэд 9,10 дугаар ангийн сурагчид, ахлах анги буюу 11,12 дугаар ангийн олимпиадад дэвшиж өрсөлдөөд амжилт гаргасан маш олон тохиолдол байна. Хэрвээ хүүхэд бага ангиасаа үнэхээр сонирхоод хичээллэсэн тохиолдолд амжилт гаргах боломжтой гэдгийг баталж байгаа юм.

-Багаасаа математикийг гүнзгийрүүлж үзсэн хүүхэд дунд ангид орохоороо залхаж, сонирхолгүй болдог гэж эцэг, эхчүүд ярьдаг?

-Энэ бол зөвхөн хүүхдийг хэр хөгжүүлж байна вэ гэдгээс шалтгаална л даа. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний мэдлэгийг пирамидтай зүйрлэж болно. Харин математикийн шинжлэх ухаан бол уруугаа харсан пирамид. Энэ салбарын онцлогийг эхнээс нь зөв системээр заагаагүйгээс хэрэгтэй, хэрэггүй томьёон дунд хүүхдийн толгой нь эргэдэг. Тэгээд математикийн хичээлдээ дургүй болж хоцордог. Түүнчлэн хоцорсон хичээлээ нөхөж үзэхэд хүнд болно. Яагаад гэвэл хялбараасаа хүндэрч явдаг учир системтэй хичээллэхгүй бол юу ч биш болж хувирна. Ялангуяа хүүхдүүд байнга шинэ сонирхолтой бодлого шинэ гарц гаргалгаа тавиад байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хүүхэд математикаас залхахгүй. Зөвхөн нэг төрлийн бодлогыг олон дахин бодохоор уйдаж, залхдаг. Мөн хүүхдийн насанд тохирсон бодлого бодуулах, тухайн хүүхдийн сурах арга барилын олж хичээллүүлэх хэрэгтэй. Математик хүүхдийн оюун ухааныг тэлж өгдөг. Математикийн бодлогууд маш баялаг, иймд хүүхэд багаасаа бодлого бодсоноос болж залхдаг гэдэг нь өрөөсгөл ойлголт л доо.

Математикийн ухаанд суралцсан хүн бүр тоо боддог хүн болно гэсэн үг биш. Гагцхүү сайн хуульч, эдийн засагч, эмч болохын тулд математикийн суурь боловсрол эзэмшсэн байх ёстой. Математикч болох, математикийн суурь боловсрол эзэмших хоёрыг л ялгаж салгадаг байх хэрэгтэй. Математикийн боловсролыг гурван түвшинд хувааж үзмээр санагддаг. Нэгдүгээрт, математикийн дунд түвшний мэдлэгтэй байх. Энэ нь малчин, ажилчин хэнд ч болов амьдрал ахуйд нь алхам тутамд хэрэг болно. Хоёрт, бакалаврын боловсрол авч байхдаа математикийг заавал судлах ёстой. Тухайн оюутан эдийн засагч, улстөрч, хуульч, сэтгүүлч, эмч гээд ямар ч мэргэжлээр суралцаж байсан математикийн хичээлийг орхиж болохгүй. Дараагийн шатанд элсэн сурах, мэргэжлээрээ ажиллахад хэрэглээний математик алхам бүрт хэрэг болно. Дэлхийн шилдэг арван мэргэжлийн жагсаалтыг математикч тэргүүлж байна шүү дээ. Гуравдугаарт, энэ түвшин бол мэдээж мэргэжлийн математикчийн хэмжээнд хүрэх. Энэ чиглэлээр судалгаа хийдэг, улс орны стратегийн ач холбогдолтой үнэлгээг захиалгаар хийх, аливаа улсын үнэт капитал болох хэмжээнд хүрнэ гэсэн үг. Аливаа улс эдийн засгийн эрсдэлийн тооцооллыг хийдэг мэргэжлийн математикчтай байдаг.

-Зарим эцэг эхчүүд хүүхдээ, эсвэл хүүхэд өөрийгөө толгой муутай, тоо бодох авьяасгүй гэж дүгнэдэг. Тоо бодоход авьяас чухал уу?

-Толгой муутай, тоо бодож чадахгүй гэх ойлголт буруу. Дэлхийд алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн математикч болоход авьяас, аз, хөдөлмөр гурав хэрэгтэй. Энэ бол тусгай асуудал. Бусад тохиолдолд их, дээд сургуулийн математикийн багш болох боломж хүн бүрт бий. Тоо бодох чадваргүй, толгой муутай хүн гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн байгалиас заяасан нөөц бололцоо байдаг.

-Математикийн хичээлээр хичээллэсний ач холбогдол юу байна?

-Математик бол бусад шинжлэх ухааны суурь шинжлэх ухаан. Сайн хуульч, эдийн засагч, эмч болохын тулд математикийн суурь боловсрол эзэмшсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа шинжлэх ухааны ямар нэг судлагдахууныг гүнзгийрүүлэн судлахаар түүний цаана математикийн тооцоолол гарч ирдэг. Математикийг судлаад, шинжилсэн хүн бусад өөр төрлийн шинжлэх ухааны судалгаа хийхэд ямар нэгэн хүндрэл гардаггүй. Хийж буй ажилдаа эзэн болно гэсэн үг л дээ. Мөн ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд түүнээс гарах ямар боломж байна, аль нь илүү оновчтой байж болох вэ гэх дүгнэлтийг хийх чадвар хүүхэд сууж өгдөг.

-Математикийн шинжлэх ухаан манай улсад хөгжихөд ямар асуудал тулгардаг вэ?

-Суурь үндсэн таван шинжлэх ухаан байгаа. Энэ таван төрлийн шинжлэх ухааны хичээл Ерөнхий боловсролын сургуульд ордог. Уг хичээлүүдэд зохиогдох олон улсын олимпиадад явах хүүхдүүдийг замын зардлаар хангаж өгдөг. Харин бусад улс орны хувьд тухайн хүүхдийг хаана байрлуулах уу, ямар багшаар хичээл заалгаж бэлдүүлэх вэ, тухайн хүүхэд сургуулиа төгсөөд ямар их сургуульд орох зэрэгт хөтөлбөр боловсруулсан байдаг. Бүр тухайн хүүхдүүдийн хийх дараагийн ажил нь тодорхой байдаг. Гэтэл манай улсад одоогийн байдлаар математикийг хөгжүүлье гэсэн цөөн тооны багш мэргэжилтнүүд, үүгээр хүүхдээ сургая гэсэн эцэг, эхчүүдийн үйл ажиллагаанд үндэслэн явж байна.

-Математикаар гүнзгийрүүлж хичээллэх сонирхолтой хүүхэд хэр их байгаа бол?

-Эцэг, эхчүүдийн санхүүгийн боломж бололцооноос хүүхэд математикаар гүнзгийрүүлж хичээллэх нь шалтгаалдаг. Манай улсад бага ангийн математикийн сургалтаараа хувийн сургуулиуд хүчирхэг байр суурь эзэлж байгаа. Тодруулбал, Олонлог, Сант, Номуун гэх мэт. Энэ сургуулиудад хүүхдээ явуулмаар байгаа ч эцэг, эхчүүд санхүүгийн боломж муутай байна. Иймээс үүнд төрөөс зөв бодлого барьж, хувийн сургуульд хэрэгжиж буй системийг улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлмээр байна. Учир нь энгийн сургалтаар явсан хүүхдүүд багаасаа гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурсан хүүхдийг гүйцнэ гэдэг хэцүү. Төр математикийн хичээл сонирхдог хүүхдүүдийг ямар байдлаар хөгжүүлэх вэ гэдэгт бодлого барих шаардлагатай байгаа юм. Математикийг гүнзгийрүүлэн сурах сонирхолтой маш олон хүүхэд байгаа.

Румын улсад болсон математикийн олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн Нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургуулийн 10г ангийн сурагч Б.Батмэндээс зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тухайн үеийн баярт мөчөөсөө хуваалцаач?

-Би өмнө энэ тэмцээнд оролцож байсан. Тухайн үед их сандарсан. Харин энэ жил сэтгэл зүйн хувьд асар их бэлтгэлтэй орсон болохоор сандраагүй. Улс эх орноосоо мөнгө гаргуулаад тэмцээнд орохоор явчихаад, медальгүй ирэх урамгүй байдаг. Энэ удаад сэтгэл хангалуун ирсэн.Мөн тэмцээнд их оролцох тусам туршлагатай болдог юм байна лээ. Сая тэмцээнд явж ирээд дэлхий ямар том бэ гэдгийг ойлгосон. Одоо надад олон улсын математикийн олимпиадад оролцох хоёр л жилийн хугацаа байна. Цаашдаа сайн хичээллэж байгаад үлдсэн хоёр жилийн хугацаандаа олон улсын математикийн олимпиадаас алт авна гэсэн зорилготой байна даа.

-Математикийг хэддүгээр ангиасаа гүнзгийрүүлж судалж эхлэв. Ер нь математикийн хичээлийг гүнзгийрүүлж үзсэнээр чамд үлдэж буй үр шим нь юу байна?

-Хоёрдугаар ангиасаа эхлэн математикийг гүнзгийрүүлж үзэж эхэлсэн. Математикийн суурьтай болохоор надад бусад хичээлийг хийхэд амархан санагддаг. Мөн бодлого бодохын тулд маш олон талаас нь харж, яг ямар аргаар бодох вэ гэдэгт байнга анализ хийж байдаг. Энэ нь өөрийн гаргах шийдвэртээ үнэлэлт, дүгнэлт өгөхөд хэрэг болдог. Түүнчлэн сониуч, бүтээлч болчихдог юм байна лээ.

-Математикийн шинжлэх ухаанаар шимтэн хичээллэхэд хэн нөлөөлсөн юм бол?

-Ах нар маань намайг математикаар хичээллэхэд их нөлөөлсөн. Би дээрээ хоёр ахтай. Хоёр ах маань улсын математикийн олимпиадын улсын аваргаас удаа дараа алтан медаль хүртэж байсан. Намайг ийм зөв зам руу оруулсан, байнга дэмждэг гэр бүлийнхэн, багш нартаа баярлалаа. Би багадаа математикт дургүй байсан. Гэтэл өнөөдөр миний хувьд бодлого бодох хобби болоод байгаа.

Ер нь чөлөөт цаг гарсан үедээ юу хийх дуртай вэ?

-Тоо бодсон үед маш олон цагийн турш хөдөлгөөнгүй төвлөрөөд суух хэрэгтэй болдог. Өдөр бүр 6-8 цаг хичээллэдэг учраас их ядардаг. Бас олон цаг суудаг болохоор бие буруу хөгжих гээд байдаг. Иймээс хөдөлгөөн их шаардсан спортоор хичээллэж өөрийнхөө биеийг зөв хөгжүүлэхийг хичээдэг. Чөлөөт цагаараа сагс, гар бөмбөг, шатар тоглож толгойгоо амраана. Бас би гитар тоглож сурч байгаа.

Categories
мэдээ цаг-үе

​Гэдэсний халдварт өвчний улмаас 45 иргэн ХӨСҮТ-д ханджээ

Сүүлийн үед бороо орсны улмаас бохирдсон хөрсөн дээр ус ихээр тунаж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд муугаар нөлөөлдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн Дунд буудал гэх газар өчигдөр очлоо. Эндхийн гэр хорооллын гудамжинд хөл гишгэх зайгүй шалбааг тогтжээ. Хүүхдүүд ч мэр сэр шалбааг дээр тоглож харагдана. Монголчуудын бяцхан үрсийн тоглож буй тус шалбаагны цаадах толгод дээр орших гэрийн урд модон жорлон байв. Тус жорлонгийн нэг банз нь хугарч тэндээс нь ариун цэврийн цаас болон, өтгөн гудамж, зам руу урссан ул мөр харагдлаа.

Энэ талаар 27 дугаар хорооны иргэн Д.Уранболор “Энэ хавь бороотой үед маш их үерлэдэг. Гудамж замаар явахын эцэсгүй ус тогтоно. Айлуудын жорлон халиад ямар хэцүү юм. Манай гудамжны айлуудын жорлон бараг хальдаггүй юм. Тэр мод зардаг газраас цааш нэлэнхүйдээ усанд автана шүү дээ. Бохирын ус уу, жорлонгийнх уу гэдэг нь мэдэгдэхгүй л урсаад байдаг. Тэнд бол жорлонгийн ус хальж л байгаа. Жаахан хүүхэдтэй айл зөндөө байдаг. Тиймээс хүүхдүүд нь борооны ус туулаад тоглож харагддаг” гэлээ.

Их устай бороо орсны улмаас тус хорооны гудамж талбай нэлэнхүйдээ усанд автаж оршин суугчид нь гэрээсээ гарч чаддаггүй аж. Жорлонгийн ус нь хальж, тэр нь гол шиг л гудамж талбай руу урсдаг гэнэ. Гэрээсээ ч гарч чадахгүй болсон иргэд саванд бие засчихаад үерийн ус руу асгадаг ажээ. Үерийн усны шалбааг дээр тоглож байсан н.Төгөлдөр хүүтэй ярилцлаа. Тэрээр “Шалбаагтай усан дээр хааяа л тоглодог. Бороо их орж, гудамж усаар дүүрэх үед өмдөө нортол тоглоно шүү дээ. Одоо шавар нь хатчихсан байна. Тэрнээс шалбаагт хөл шигдээд явж болдоггүй. Тоглож дууссаныхаа дараа ус бүлээсгэж байгаад гар хөлөө угаадаг. Аав, ээж “Балиар юман дээр битгий тоглоод бай” гэж хааяа хэлдэг” гэсэн юм. Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны зохион байгуулагчтай уулзлаа. Тэрээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын ажил хийх байх. Одоогоор эхлээгүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хөрснөөс дээж авч, бохирдлын хэмжээг лаборторидоо шинжилдэг. Бохирдол ихтэй гэсэн дүгнэлт, шинжилгээ гарвал ариутгалын ажлыг нэн даруй хийж эхэлнэ. Энэхүү гүйцэтгэлийн ажлыг Баянзүрх дүүрэгтэй гэрээ байгуулан хамтарч ажилладаг ариутгалын компаниуд хийж гүйцэтгэх байх. Бид жорлонгийн бохирын асуудлын талаар албан бичиг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн. Энэ ажил шат шатандаа хийгдээд явж байна” гэв.

Албаны хүмүүсийг шат шатандаа бичиг хүргүүлж байх үед бидний үр хойч бохирдолтой зам, гудамжид тоглож наадсаар байна. Үерийн улмаас жорлон, бохирын ус хальж хөрсийг маш ихээр бохирдуулдаг. Хөрс бохирдсон үед гэдэсний халдвар авах эрсдэл их. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар суулгалт өвчин Нийслэлийн хэмжээнд эрс нэмэгдсэн гэнэ.

Жорлонгийн бохирдолтой усанд маш их нян, бактери агуулагдажбайдаг гэв

Энэ сарын 16-ны байдлаар гэхэд 118 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Эдгээрээс 65 хүн нь халдвартай гэж батлагдсан бөгөөд 45 нь гэдэсний халдварт өвчтэй байжээ. 27 дугаар хорооны иргэн Г.Батцэцэг “Бидэнд Гэдэсний халдварт өвчний талаар мэдээлэл бараг байдаггүй. Зурагтаар хааяа гарахаар нь үздэг. Энэ талаар манай хорооны өрхийн эмнэлгүүд мэдээлэл өгдөггүй. Эмч нар нь байнга солигддог, үйлчилгээ, мэдлэг их тааруу. Бид хүүхдүүдээ өвдөхөөр өөрсдөө л таамгаараа эм авч уулгадаг. Эмнэлэгт үзүүлэхээр их үнэтэй эм бичиж өгнө. Хэрэглэхээр ямар ч үр дүнгүй. Өөрсдийн аргаараа л хүүхдүүдээ эмчилж байна даа” гэлээ. Баянзүрх дүүргийн 27-р хорооны “Амцайх”-ын өрхийн эрүүл мэнд төвийн их эмч Б.Батхүүгээс гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн сэргийлж ажиллаж байгаа талаар тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн өдрүүдэд орсон их устай аадар бороонд манай хорооны 400 гаруй айл үерт автсан. Үүнээс болж гурван хүүхэд гэдэсний халдварт өвчин туссан. Хорооны эмч, сувилагчид оршин суугчиддаа зөвөлгөө мэдээлэл өгч, бороо орсны дараа жорлонгийн бохироос үүсэх гэдэсний халдварт өвчлөлөөс хэрхэн өөрийгөө болон, хүүхдээ хамгаалах талаар зааж өгсөн. Мөн зун эхэлж, бороо их орсноос хөрсний бохирдол үүсч байна. Үүнийг дагаад хүмүүсийн гэдэсний халдварт өвчин ихэсч байгаа. Учир нь бороо их орсноор айлуудын жорлонгийн ус хальж хашаан дотроо гол шиг урсах болсон. Жорлонгийн бохирдолтой усанд маш их нян, бактери агуулагдаж байдаг. Энэ нь буцаад шингэхдээ зарим газраа шалбааг болж тогтдог. Үүн дээр хүүхдүүд тоглочихоод дараа нь гараа дутуу угааснаас өвчлөл үүссэн тохиолдол гардаг. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал халамж маш сайн тавьж байх хэрэгтэй” гэлээ.

Ж.Энхцэцэг: Иргэд бие засах газрын ариутгалаа өөрсдөө хийх бүрэн боломжтой

Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дархлаажуулалтын мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

Иргэд Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Бороо их орж байгаа учир гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна. Үүнээс сэргийлэхийн тулд иргэдэд хангалттай хэмжээний аюулгүй цэвэр усаар хангагдсан байх ёстой. Өдөрт дор хаяж 15 литр ус ахуйн хэрэглээнд хэрэглэх. Үүнээс 2,5-4 литр усыг ууж хэрэглэх ёстой.

-Эрүүл ахуйн дадлуудаас дурдаач?

-Хамгийн түрүүнд бие зассаны дараа, хоол хийхийн өмнө, цэвэрлэгээ ариутгал хийсний дараа бактерийн эсрэг савангаар гараа угааж хэвш. Мөн эрүүл мэндийн хамгийн энгийн хэрэглээг хангах боломжийг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, зориулалтын бие засах газар ашиглах, хэрэв бие засах газар эвдэрсэн бол яаралтай засаж ашиглалтад оруулаххэрэгтэй. Түүнчлэн ил задгай бие засахгүй байх. Хэрэв бие зассан бол тэр дор нь яаралтай булж хэвшмээр байна.

-Жорлонгийн халдваргүйжүүлэлтийг иргэд хувийн зүгээс хэрхэн хангаж болох уу?

-Хамгийн түрүүнд бие засах газар ус хангамжийн газраас, 50 метрээс хол байх нь чухал. Иргэд хувийн зүгээс бие засах газрынхаа эргэн тойрны хөрсийг байнга ариутгаж хэвшиж чадвал жорлонгоо халдваргүйжүүлэх боломжтой. Айлуудын жорлон бороо орохоор хальж гарч ирээд орчин тойрноо бохирдуулдаг. Ариутгалын компаниудыг заавал хүлээлгүйгээр хувь хүмүүс өөрсдөө ариутгалын “Тамир” хэмээх бодисыг худалдаж аваад ариутгалаа хийж болно шүү дээ. Бороо орох үед иргэд ус цахилгаанаас хол байх, ил задгай байгаа цахилгааны утсаа янзлах. Хүүхдэдээ үргэлж анхаарал хяналт тавих хэрэгтэй. Ард иргэд ундны усыг үргэлж буцалгаж хэрэглэж заншаарай. Цаг агаарын мэдээг тогтмол сонсож, ажил төрлөө зохицуулах нь чухал. Ард иргэд үерийн усны аюул тохиолдвол өөртөө болон бусдад тусалж хэвшээрэй. Үерийн усаар маш их нян тээвэрлэгддэг тул, мэргэжлийн хяналтын туслалцаа авах шаардлагатай, Аялал зугаалгаар явахдаа болж өгвөл гол уснаас хол байх, хоол ундны болон ахуйн хэрэглээний сав суулгыг үерийн усны үед цахилгаан хэрэгсэлтэй харьцахгүй байх, үерийн усны зам гольдрогын дагуу майхан, гэрээ байрлуулахгүй байх ёстой гэв.

Гудамж, талбай өтгөнөөр дүүрч, хүүхэд багачууд гэдэсний халдвараар өвчилж их устай аадар бороо гамшигийн хэмжээнд хүрлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөрсний ариутгалын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Хотын удирдлагаас дүүргүүдэд захирамж гаргаж, бүх газруудад ариутгал хийх үүрэг өглөө. ХӨСҮТ-д гэдэсний халдвараар өвчилсөн иргэд дугаарлаж байгаа учир Нийслэлийн эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батцэцэг Турк улсын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзав

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны яам шуурхай арга хэмжээ авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв. Гадаад харилцааны сайд уг асуудлаар ярилцахад бэлэн байгаа болно.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай мөн утсаар ярихад дээрх байр суурийг нотолсон болно.

Дээрх асуудал тодорхой болтол Чингис хаан олон улсын нисэх буудалд буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх саналыг Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагуудад хүргүүлснээс гадна Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийг ГХЯ-нд байгуулаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МЭДЭГДЭЛ

2018 оны 7-р сарын 26, 27-ны өдрүүдэд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайт, олон нийтийн сүлжээн дэх зарим нэг хэрэглэгч, байгууллагууд баталгаагүй, эх сурвалжгүй, худал цуурхал мэдээллийг зориуд сенсаци үүсгэх байдлаар тарааж Ривер Гарден хотхон болон Номин Констракшн Девелопмент Группийн нэр хүндэд санаатайгаар халдаж байна. Баталгаагүй, худал мэдээллийг зориуд бусдад тарааж нэр хүнд олох, сенсаци үүсгэх, хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор асуудалд хандаж байгааг олон нийт Та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна.

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэл төдийгүй улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд “Ривер Гарден” хотхоны зарим хэсэгт авто замын ус зайлуулах суваг бөглөрсний улмаас зарим хэсэгт ус тогтож, зоорийн давхарт орсныг яаралтай арга хэмжээ авч эрсдлээс урьдчилан сэргийлсэн болно.

Мөн үргэлжлэн орсон борооны дараа хотхоны оршин суугчдын амралтын хэсэгт байрлах байгалийн ундаргатай нуурын усны түвшин хэвийн хэмжээнээс нэмэгдсэн тул халихаас сэргийлж шахуурга ашиглан хэвийн түвшинд оруулсан болно.

Манай компани нь хэрэгжүүлж буй бүхий л төслүүдийн төлөвлөлт, барилгын зураг төсөл, инженерчлэлийн шийдлийг гаргахдаа бороо ус болон бусад байгалийн болзошгүй эрсдлийг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, Барилгын норм, дүрэм, стандартын дагуу тооцоолон төлөвлөж, гүйцэтгэдэг болно. Түүнчлэн Ривер Гарден хотхоны хувьд төслийг хэрэгжүүлэх явцдаа үерийн уснаас хамгаалах төмөр бетон даланг нэмж барьж байгуулсан болно.

Олон нийтийн сүлжээгээр тараагдаад буй ОБЕГ-т огт ажилладаггүй, Дэд ахлах Д.Самбуу гэх нэрийг ашигласан “…Борооны улмаас үерт өртсөн, хөрсний усанд нэрвэгдсэн, байрнууд 5-8 градусын хазайлт өгсөн, зоорийн давхрын усыг соруулж байсан хүн цахилгаанд цохиулж амиа алдсан …”, “Барилгын усны хамгаалалтын далан, барилгын аяган суурийн материал эсэргүүцэл зэргийг тооцож бариагүй …” гэх мэт гүтгэлгийн чанартай мэдээллүүд нь ор үндэслэлгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цаашид энэ мэтээр компани, оршин суугчид болон хотхоны нэр хүндэд санаатайгаар халдаж буй аливаа үйлдлийг хуулийн байгууллагад хандан шалгуулах болно гэдгийг мөн мэдэгдэж байна.

НОМИН КОНСТРАКШН ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП

“РИВЕР ГАРДЕН” СӨХ

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэ гишүүн Ерөнхий сайдад Турк иргэнийг баривчилсантай холбогдуулан асуулга тавилаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүхэд Турк улсын иргэний талаар үүсээд байгаа асуудлаар мэдээлэл авах асуулга тавилаа.

Тэрбээр асуулгадаа “Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсел Акчай гэгчийг өнөөдөр өглөө 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг, цирк орчимд байрлах гэрээсээ гараад явж байхад нь саарал өнгийн “Альфард” маркийн Монгол Улсын дугаар бүхий автомашин хүч хэрэглэж авч явсан талаар мэдээлэл тараад байна.

Гадаадын иргэн харъяатын газрын мэдээллээр, БНТУ-ын иргэн Вейсэл Акчай нь Монгол Улсад амьдарч байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр орж ирснээс хойш гараагүй байгаа. 2019 оны аравдугаар сар хүртэл оршин суух зөвшөөрөлтэй юм байна.

Дээрх иргэнийг хулгайлан авч явсан үйлдэл нь урьдчилж бэлдсэн үйлдэх гэх таамгийг манай улсын цагдаагийн байгууллага гаргаж байгаа нь гадаадын тусгай алба монгол Улсад мөрдөн шалгах тусгай ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэл болжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд эрх чөлөөг хамгаалах нь манай төрийн үүрэг мөн. Иймд танаас дараахь асуудалд нэн яаралтай мэдээлэл авах шаардлагатай байна. Үүнд:

1. Ерөнхий сайд таны шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг Тагнуулын Ерөнхий газар Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсэл Акчайг хүч хэрэглэн авч явах талаар мэдэж байсан эсэх, хэрэв урьдчилан мэдэж байсан бол БНТУ-ын тусгай албатай ямар нэгэн байдлаар хамтран ажилласан эсэх,

2. Хэрэв манай улсын Тагнуулын Ерөнхий газар дээрх үйл ажиллагааг мэдээгүй бол яагаад гадны тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэв, яагаад уг үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ аваагүй талаар,

Хэрэв БНТУ-ын тусгай алба манай улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулж Монгол ТУркийн хамтарсан сургуулийн захирал БҮгд Найрамдах Турк улсын иргэн Вейсел Акчайг хулгайлсан бол энэ үйлдэл нь хүний эрхийн маш бүдүүлэг зөрчил бөгөөд Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гутаасан ардчилсан нийгэмд байж болзошгүй үйлдэл мөн тул Ерөнхий сайд та дээрх асуудлын талаархи мэдээллийг нэн яаралтай ирүүлнэ үү. Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ” гэжээ.

toot

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Турк сургуулийн захиралтай холбоотой асуудлыг тодорхой болтол онгоцыг нисгэхгүй байхыг анхаарууллаа

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөө өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодруулга авсан байна.

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллагад чиглэл өгчээ. Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яамны зүгээс “Туркийн талаас ямар нэг баривчилгаа зохион байгуулаагүй” гэх тайлбарыг манай талд өгсөн байна.

“Чингис хаан” ОУНБ-д буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг дээрх асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд холбогдох байгууллагуудад өгөөд байгаа юм.

Дашрамд, Чингис хаан олон улсын нисэх буудалд төрийн тусгай албаныхан ажиллаж байна.

Монгол, Туркийн хамтарсан сургууль 2017 оны хичээлийн жилээс Германы хөрөнгө оруулалттай болсон аж.

Categories
мэдээ нийгэм

Турк улсаас Монгол улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэж мэдэгдэв

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дотоодын холбогдох байгууллагуудаас тодруулахаар ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай утсаар ярьж, мөн ЭСЯ-ны Түр хамаарагчийг дуудаж уулзан БНТУ-ын иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлыг тодруулахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотлов. Мөн тэрбээр Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв.

Чингис хаан ОУНБ-д буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг дээрх асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөөд байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай утсаар ярьлаа. Мөн ЭСЯ-ны Түр хамаарагчийг дуудаж уулзан БНТУ-ын иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлыг тодруулахад “Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй” гэжээ. Турк улсын гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсан гэх мэдээллийг нисэх онгоцны буудал дээр ажиллаж буй сэтгүүлч утсаар өглөө.