Categories
мэдээ нийгэм

Маргааш төв замыг хэсэгчлэн зам хаана

Энэ сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болно.

Ази, номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч энэ хуралдоролцох юм. Иймд хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв замын дагууд хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

Мөн хурлын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор ОБЕГ, ЦЕГ, ЗЦА хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Энэ үеэр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт болно.

Categories
гадаад мэдээ

“Nike”-ийн шинэ бүтээгдэхүүнүүд эрэлттэй байсан нь борлуулалтын орлого нь өсөхөд дэмжлэг болов

АНУ-ын спорт гутлын брэнд “Nike” компанийн борлуулалтын орлого санхүүгийн жилийн IV улиралд 13 хувиар өсөж, 9.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан дүн болжээ. Ялангуяа “Nike”-ийн борлуулалт Хойд Америкт 2017 оноос хойш анх удаа өссөн дүнтэй гарлаа.Зургийг: cnbc.com тус брэндийн борлуулалт Хойд Америкт 2017 оноос хойш анх удаа өссөн дүнтэй гарсан байна. Шинэ бүтээгдэхүүнүүд нь америк хэрэглэгчдийн дунд эрэлттэй байсан нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид онцолжээ. “Nike”-ийн борлуулалт Хойд Америкт өнгөрсөн улиралд гурван хувиар өссөн нь “Adidas”-ийнхаас бага үнэлгээ хэдий ч тус брэндийн борлуулалт олон улсад тогтмол өсөж, нийт орлогынх нь талаас их хувийг эзэлж байна. Үүний дэмжлэгтэйгээр хувьцааны ханш нь сүүлийн нэг жилд 34 хувиар өсжээ. “Nike”-ийн борлуулалт улирлын дүнгээр БНХАУ-д 35 хувиар, Ази, Номхон далай болон Латин Америкт 12 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд АНУ татвар бууруулах хууль баталсан нь “Nike”-ийн санхүүгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлжээ.


Тус компани татварын зардлаас нийт 82 сая ам.доллар хэмнэсэн байна. Түүнчлэн ирэх санхүүгийн жилээс 15 тэрбум ам.доллараар хэмжигдэх хувьцаагаа буцаан худалдан авахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.

“Nike” компани санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 5.9 хувиар өсөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож явсан хүүхэд тогонд цохиулжээ

Хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож явсан охин тогонд цохиулсан харамсалтай хэрэг гарчээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зам дагуух гэрлийн шонгийн хажуугаар гүйсэн 12 орчим насны охин тогонд цохиулж шидэгджээ. Учраа олохгүй айж сандарсан хүмүүсийн дотор анхан шатны тусламж үзүүлсэн эмэгтэй охины амийг аварчээ. Тэрбээр охинд хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийсний дараа охин ухаан орсон гэнэ.

Ил задгай цахилгааны утас ухсан нүх онгорхой траншей зэрэг эрсдэлтэй зүйлсийг бүх тасаг нэгжийн хэмжээнд сайтар шалгаж харж байж янзлуулахгүй бол хойрго ажилдаа хайхрамжгүй ханддаг иргэд албан байгууллагаас шалтгаалсан золгүй ослуудын тоо буурахгүй бололтой. Тиймээс ил задгай, цахилгааны утас гарсан байвал холбогдох газруудад нь хандаж таглуулж, аюулгүй болгуулахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймаг ЭЕШ-ын оноогоор тэргүүллээ

Энэ жил 43846 шалгуулагч ЭЕШ өгөхөөр мэдүүлгээ өгсөн билээ. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо өнөөдөр гарлаа. Хариугаа шалгахыг хүсвэл www.eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч өөрийн дүн оноогоо харж болох юм.

Урьдчилсан байдлаар Дорнод аймаг тэргүүлж, удаах байруудад Өвөрхангай, Увс, Дархан Уул, Баян-Өлгий зэрэг аймгууд оржээ.

Categories
мэдээ нийгэм

Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны дээд хэмжээний уулзалт болно

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцож байна. Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны хоёр Шадар сайд, парламентын гурван гишүүн, 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний оролцогчид оролцох юм.

Үүнээс Малайз, Самоа улсын Шадар сайд, Тувалу, Кирибати, Индонез, Бангладеш, Австрали улсын парламентын гишүүд, Өмнөд Солонгос, Молдав, Лаос, Камбож, Шриланк, Мяньмар зэрэг улсын сайд, дэд сайдууд оролцох юм. Мөн олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн орон сууцны санхүүжилтийн чуулган монголд болно

Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт (AFIS) Улаанбаатар хотноо 2018.07.02-нд болох гэж байна. Дээд хэмжээний энэхүү чуулга уулзалтыг Монголын ипотекийн корпораци (МИК ОССК) нь Барилга, Хот байгуулалтын яам (БХБЯ), Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулах юм.

МИК ОССК нь 2017 онд Индонезийн Бали аралд болсон Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны дөрөв дэх удаагийн чуулганы үеэр уг нэр хүндтэй, дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авчээ. Монголын ипотекийн корпораци нь энэхүү арга хэмжээг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад зохион байгуулах гэж буй бөгөөд орон сууцны санхүүжилтийг шийдэхийн төлөөх МИК-ийн эрэл хайгуулын нэг хэсэг хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тодорхойлж байна.

Дэлхийн олон оронд иргэдээ орон сууцжуулах бодлого нь Төр засгийн дэмжлэгтэй урагшилдаг. Харин Монгол Улсад нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэ хөтөлбөрийг МИК ОССК хувийн хэвшлийн санаачилга дор, төр засагт аль болох дарамт учруулахгүй шийдэхээр зорьж байна. Ингэснээр орчин цагийн хотжилт, нийгмийн дундаж давхарга бүрэлдэн тогтоход үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм.

Монгол Улсад хэрэгжүүлж буй ипотекийн тогтолцоог ASMMA-ийн гишүүн орнууд өндрөөр үнэлж, үлгэр жишээ санхүүжилтийн систем гэж үзэж байна. Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ананта Вигуяа МИК ОССК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Монголд хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн бүтэц нь Төр, хувийн хэвшлийн хамтарсан, оновчтой, банк, санхүүгийн зах зээлийн эрсдэлийг бууруулсан, олон талын оролцоог хангасан” болохыг онцолсон. Мөн “Иргэдээ орон сууцжуулах Төрийн зорилтыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлсэн, шинэ гэр бүл, бага, дунд орлоготой иргэдийг дэмжсэн, чөлөөт зах зээлийн зарчимд нийцсэн систем” гэж тэрбээр дүгнэсэн юм.

2014 онд Монгол, Малайз, Япон, БНСУ, Тайланд, Казахстан, Индонез, Филиппин улс нэгдэж Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо /ASMMA/-ийг үүсгэн байгуулсан. Энэ холбоо нь моргейжийн зээлийн үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдэл юм. Тус байгууллага нь гишүүн орныхоо иргэдэд орон сууцны санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, хэтдээ амьдралын чанараа дээшлүүлэхэд чиглэсэн орон сууцны санхүүжилтийн зах зээлийг бэхжүүлэх зорилготой. Энэ хүрээнд үзэл санаа, ололт амжилт, шилдэг туршлагаа хуваалцах хамтын талбар, үндэс суурь бүрдүүлэх нь тус байгууллагын эрхэм зорилго юм. Дэлхийн хүн амын багагүй хэсгийг бүрдүүлдэг, хөгжиж буй орнууд голлосон ASMMA-ийн гишүүн улсуудад иргэдээ орон сууцаар хангах асуудал анхаарал татсан хэвээр байна.

Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт (AFIS)-ыг эх орондоо зохион байгуулж буй Монголын ипотекийн корпораци нь 2006 онд байгуулагдсан. Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган, дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд борлуулж, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгон төлөвшүүлэх эрхэм зорилго бүхий байгууллага юм. Энэ хүрээнд иргэдээ эрүүл, аюулгүй орчноор хангах төрийн бодлогын үндсэн үүргийг хувийн хэвшлийн хувьд хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж буй.

Энэхүү чуулга уулзалт нь “Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд” сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрх боломжууд” дэд сэдвүүдээр үргэлжлэх юм. Мөн бүс нутгийн болон олон улсын орон сууцны бодлого, шилдэг туршлагуудыг хуваалцаж, орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийн үүрэг оролцоо, түүний дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг хөндөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн манлайлагчид гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг тодорхойлно

НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал эхэлж буй эдгээр өдөр Монгол Улс олон улсын анхааралын төвд байна. Тэр ч утгаараа Монголыг сонирхож, зорин ирэх өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн цуваа үргэлжилсээр байна. Тэр дундаа Монгол Улсын гардан зохион байгуулж буй Азийн сайд нарын бага хуралд 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсэн нь манай улсын нэр хүндийг өндөрт өргөж, чуулганы цар хүрээ, үр өгөөжийг илтгэж байна гэж хэлж болно. Мөн Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрх авна гэдэг Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, эрхзүйн орчин, гамшигтай тэмцэх бодлого шинэчлэл бүс нутагтаа ямар хэмжээнд байгааг хүлээн зөвшөөрч, харуулж буй үнэлгээ гэдгийг онцлох нь зүйтэй.

Долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй дээрх өндөр дээд хэмжээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.

Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгож бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой. Мөн хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ололт, амжилтыг бусад орнууддаа хуваалцах, зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг зохицуулж, тулгарч байгаа бэрхшээл, асуудлыг хамтран шийдвэрлэдэг төдийгүй бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах шинэ арга замыг нээх боломжийг олгодог. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриатай энэ удаагийн хурлаар техникийн зургаа, сэдэвчилсэн найман хуралдааныг зохион байгуулж байна.

Түүнчлэн дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц, дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ийнхүү чуулж буй юм.

АЗИЙН МАНЛАЙЛАГЧИД БОДЛОГО ТОДОРХОЙЛНО

Олон улсын хурлын бас нэгэн онцлог нь Азийн манлайлагчдын уулзалт юм. Энэ нь бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний форум байх бөгөөд бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлно. Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэ­лийг бууруулах тусгай төлөөлөгч нар даргалан явуулна. Азийн манлайлагчдын уулзалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал, Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг өмнө нь зохион байгуулсан болон зохион байгуулах улс орны сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүд оролцох юм гэж Онцгой бөайдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна

Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 02-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

-09:00-21:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

-10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс.

Categories
мэдээ спорт

Нутгийн тэнгэр ээлтэй байв уу?

Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын нэгний орой Улаанбаатарын цагаар 22 цагаас хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээгийн гурав дахь тоглолт болов. Оросын багийн ахлагч, хаалгач Игорь Акинфеев тоглолтын гол баатар байж 1:1 (4:3)-ээр хожих дуулианы эзэн байв.

Энэхүү тоглолтын 12 дахь минутад Испанийн /С.Рамос/ булангийн цохилтоор Сергей Игнашевич өөрийн хаалгандаа авто гоол оруулснаар Испанийн шигшээ тэргүүлж эхэлсэн.

Харин 41 дэх минутад Испанийн Жерара Пикегийн гар бөмбөгт хүрсэнээр торгуулийн цохилтыг 11 метрээс Артем Зюба өшиглөж тэнцээний гоолыг оруулсан юм.

Испанийн шигшээ баг бөмбөг эзэмшилтийг ихэнх цагт гартаа авч тоглосон. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон дамжуулалттай тоглолт болов. Испанийн шигшээ баг 1000+ дээш дамжуулалт өгсөн түүхийг шинээр бичсэн юм. Гэсэн хэдий ч Испаничууд Оросын хаалганд гоол оруулж чадалгүй тоглолтын үндсэн 90 минутад /1:1/ тэнцээгээр өндөрлөсөн. Ингээд нэмэлт 30 минутыг сунгаж тоглосон ч испаничууд гоол хийж чадаагүй юм. Нэмэлт цагт дөрөв дэх сэлгээ орж болох анхны дүрэм хэрэгжиж, Оросын баг шинэ дүрмийн анхны сэлгээг хийж, шинэ түүх нэмэв.

Харин энэ тоглолтыг шийдвэрлэх торгуулийн цохилтыг хийхэд Оросууд 4:3-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Испанийн шигшээ багаас Коке, Яго Аспас нар алдсанаар 2010 оны дэлхийн аварга испаничууд 2018 оны ДАШТ-ээ өндөрлүүлж, харамсалтайгаар гэртээ харихаар боллоо. Оросын багийн ахлагч, хаалгач Игорь Акинфеев хоёр бөмбөгийг амжилттай хааж, 1970 оноос хойш шөвгийн наймд үлдээгүй байсан шигшээ багаа аварлаа. Зөвлөлт холбоот улс задарснаас хойш Оросууд ийнхүү анх удаа нутагтаа шөвгийн наймд үлдэж, үндэсний баатар болцгоов.

Энэхүү түүхэн тоглолтыг Испанийн хаан VI Филипп Москва хотноо хүрэлцэн ирж үзсэн бөгөөд түүнтэй хамт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев шигшээ багийнхаа ялалт байгуулахыг харсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Маргааш зарим газраар, энэ сарын 04-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 5,6-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.