Categories
мэдээ нийгэм

Дулаан үйлдвэрлэгчидтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сарын аяны хүрээнд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтын үеэр хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдал, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийн талаар мэдээлэл өгч, тулгамдаж байгаа асуудлууд, санал хүсэлтийг нь сонсжээ.

Мөн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг графикт хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, аюулгүйн сэлбэг, материалын нөөцийг бүрдүүлэх, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар, улсын байцаагчийн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн салбарыг бодлогоор дэмжсэнээр экспорт 20-30 хувьд хүрэх боломжтой

Дотоодын ААН-үүд гадны хөрөнгө оруулагчдийн сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж хөрөнгө оруулалтыг татаж, бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ гэдгийг Хөгжлийн банкнаас онцолж байна.

ХХААХҮЯ, Сангийн яам хамтран ХАА-н салбарт хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хувийн хэвшлийнхэнд танилцуулах уулзалт “Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлж олон улсын байгууллага, хувийн хэвшлийн уялдааг сайжруулах нь” сэдвээр боллоо.


Энд Хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Д.Дэлгэрсайхан хэлэхдээ, “Гадныхан хөрөнгө оруулья гэхэд тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь цөөн байгаа учир үүнд хөрөнгө оруулалтын компани, мэргэжлийн байгууллагуудын зүгээс анхаарч экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бэлэн байдлыг хангахад дэмжиж ажиллана” гэж онцлоод “Бидэнд дотоод, гадаадын хэрэгцээг хангах олон төсөл ирж байгаа боловч яг бэлэн төсөл байна уу гэдэг том асуудал болж хувирч байна. Төслийг экспортод бэлэн байлгаж хөгжүүлэх явдал чухал болоод байна. Хөрөнгө оруулалтын төслүүд томоохон санхүүжилт шаарддаг. Энэ үүднээс төслүүдийг хөгжүүлж экспортод гаргахад бэлэн болгох зорилгоор Хөрөнгө оруулалт-менежментийн компани байгуулан ажиллаж байна. Хөгжлийн банк нь дангаараа болон олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Гол нь хувийн хэвшлүүд санхүүжүүлэхэд бэлэн буюу эрсдлээ бүрэн тооцсон, тогтмол үр ашгаа өгөх төсөл санал болгох нь зүйтэй байна” гэв.

ХХААХҮ-ийн салбар нь экспортын орлогын 4-5 хувийг бүрдүүлж байна. Хэрэв хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжвэл энэ салбарын экспортод эзлэх жин 20-30 хувьд хүрэх боломжтойд уулзалтад оролцогчид санал нэгдэв. ХХААХҮ-ийн салбарт Дэлхийн банк, АХБ, НҮБ-ын ХХААБ, Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Швейцарийн хөгжлийн агентлаг, “Жайка”, “Койка” зэрэг олон улсын байгууллага төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн тухайд, даатгал, сургалт-судалгаа, санхүүгийн дэмжлэг гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бол манай улсын томоохон хандивлагчийн нэг АХБ-ны зүгээс ХХААХҮ-ийн салбар нь үр ашигтай, ажлын байрыг олноор бий болгодог учраас дэмжлэг үзүүлдэг гэдгээ онцолж байв. ЕСБХБ-ны хувьд, ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлж, 140 орчим ААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлснээс 80 хувь ХАА-н салбарынх, эдгээрээс 55 компанид үр дүнгийн үнэлгээ хийж үзэхэд, үйл ажиллагааны үр өгөөж нь 60 хувиар өсөж, нийт 800 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Хамгийн чухал нь ЖДҮ-үүд богино хугацаанд үр ашгаа өгөх төсөлд хамрагдахыг эрмэлзэхээсээ илүү алсын хараа, стратегиа зөв тодорхойлж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэх нь зүйтэй гэдгийг ЕСБХБ-ны ЖДҮ-ийн бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн тэргүүлэх менежер С.Байгалмаахэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулахад “Жайка” дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг Ногоон хөгжил, агаарын боохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Япон улсын Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар “УБ хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны 3-р үе шатны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн зорилго нь агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлж, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай зохицуулалтын системийг бий болгосноор Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлж, нийслэлийн агаар орчныг сайжруулахын тулд бохирдлын гол эх үүсвэрийн багасгахад дэмжлэг үзүүлэхэд оршино гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Соёлын биет бус өвийн их наадмын анхан шатны шалгаруулалт боллоо

Говь-Алтай аймаг Соёлын биет бус өвийн их наадмын анхан шатны үзлэгийг аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн дугаар А/221 тоот захирамжийн дагуу 06 дугаар сарын 15-наас 20-ний өдрүүдэд сум бүр өөрийн баг сумдаа зохион байгуулж шалгарсан шилдэг өвлөн уламжлагчдын наадмыг 6 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төвд зохион байгууллаа.

Наадамд Алтай, Бугат, Дарив, Дэлгэр, Гуулин, Жаргалан, Тайшир, Тонхил, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Есөнбулаг зэрэг 13 сумын 67-н СББӨ-ийг өвлөн уламжлагч шилдэг ардын авьяастнууд 117 бүтээлээр оролцлоо.

Нийт оролцогчдоос 11 сумын 18 шилдэг өвлөн уламжлагчийн 87 бүтээл Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах төвлөрсөн арга хэмжээнд оролцохоор шалгарч, наадмын анхан шатны үзлэгийн зохион байгуулалтаар Чандмань сум тэргүүн байрыг эзлэн зохион байгуулах салбар хорооны цом, батламжаар, Цээл, Цогт сумд II, III байруудыг эзлэн зохион байгуулах салбар хорооны батламжаар шагнагдлаа.

  • Эх хэл болон
  • Ардын язгуур урлагийн төрөлд
  • Уламжлалт гар урлалын төрөлд Ж.Гэсэр /Цогт сум/,
  • Уламжлалт зан үйл,
  • Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав

Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Тариат, Булган, Цахир сумдаас мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гарал үүсэл, шинжилгээний бичигтэй нэвтрүүлнэ.

Хайрхан, Жаргалант, Өлзийт, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдаас нийтийн тээврээс бусад тээврийн хэрэгслийн /хувийн том, жижиг тээврийн хэрэгсэл, мотоцикль/ гарах хөдөлгөөнийг 2018 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл хязгаарлаж, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг энэ хугацаанд оруулж, гаргахыг хориглосон болно.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадам хүүхдийн хүндэтгэлийн тоглолтоор эхэлнэ

Монгол түмний уламжлал болсон төрийн их баяр наадам болоход ес хоног үлджээ.

Энэ жилийн наадмын тухайд олон онцлог үйл явдал байгаа юм билээ. Тэдний нэг нь хүүхдийн хүндэтгэлтийн тоглолт. Тодруулбал, 20 жилийн дараа Монгол төрийн үндэсний их баяр наадам хүүхдийн хүндэтгэлийн тоглолтоор эхлэхээр болжээ.

“Монголын хүүхдүүд” төрийн хүндэтгэлийн тоглолт 2018 оны 7-р сарын 9-ний өдрийн 15.00 цагт МҮЭСТО-нд болно. Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 600 гаруй хүүхдийн урлагийн тоглолтын талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Тэрбээр 2018 оны гуравдугаар сарын 09-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан аж.

Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Т.Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишигийг томилсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүхбаатар: Бүх дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох хэрэгтэй

Гэрэл зургийг Г. БАЗАРРАГЧАА

Боловсролын салбарын шинэчлэлийн бүх төсөлд оролцсон боловсрол судлаач, доктор, профессор Ж. Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр Санхүү эдийн засгийн их сургуулийн эрдэм судлал, хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлын алба хашдаг. Ж.Сүхбаатар Москвад дээд боловсрол эзэмшиж, Голландад мастер хийж, Америкт боловсролын ухааны доктор хамгаалжээ.


-XXI зууны ур чадварыг дунд сургуулиудад хэрхэн нэвтрүүлж байгаа талаар Азийн арван орныг хамруулсан судалгаанд таныг оролцсон гэж сонслоо?

-XXI зууны ур чадвар гэж нэрлэгддэг бас танин мэдэхүйн бус ур чадвар ч гэдэг. Тэр нь бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадвар (багаар ажиллах, өөрийгөө бичгээр болон үгээр илэрхийлэх), хүн хоорондын харилцаа, сахилга бат, шударга зан чанар, зохион байгуулалт, бие дааж ажиллах чадвар гэх мэт хувь хүний чадвартай холбоотой ойлголтууд байна. Үүнээс гадна даяаршлын нийгэмд хүн төрөлхтний шашин, үзэл бодлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ялгаварлахгүй харилцах, мэдээлэл харилцааны технологийг ашиглаж сурах гэх мэт чадварууд бий болгох нь албан ёсоор сургалтын хөтөлбөрт ордоггүй ч XXI зуунд амьдарч байгаа хүн болгонд хэрэгтэй гэж тооцогддог. Үүнийг боловсролын бодлого практикт хэрхэн, яаж нэвтүүлж байгааг харахаар Азийн арван орныг хамруулсан судалгааг ЮНЕСКО-гоос хийсэн. Арван орныг төлөөлсөн экспертүүд тухайн орныхоо дунд сургуулийн багш нараас судалгаа авч, боловсролын бодлогын баримт бичгийг судлан, энэ талаар ямар ахиц дэвшил байна, юу хийж, бас хийхгүй байгааг англи хэл дээр гаргасан судалгаа. Би гурван удаа тайлан бичсэн. Экспертүүдийн тайланг ЮНЕСКО нэгтгэж, энэ тал дээр Монгол, Малайз, Сингапур ийм байна гэсэн тайлан гаргасан юм. Энэ бүтээл ЮНЕСКО-гийн вэб сайтад тавигдсан байгаа.

-Бусад оронтой харьцуулахад манайхан энэ чадваруудыг хэр нэвтрүүлж байх юм бэ?

-Манайх боловсролын бодлогын баримт бичиг, хөтөлбөр дээрээ шударга хүн болгож төлөвшүүлнэ, хүүхэд болгоны авьяасыг нээнэ, эх орондоо хайртай, мундаг иргэнийг төлөвшүүлнэ гэж сайхан үгнүүд бичээд байгаа юм. Гэтэл энэ нь боловсролын бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт нь суугаагүй. Бусад орнууд энэ зан чанарыг ингэж төлөвшүүлье гээд бодлоготой ажиллаад байгаа юм. Энэ талаар заавал хичээл орох ёстой биш л дээ. Гэхдээ багш сурагчийн харилцаанд өөрчлөлт оруулж, хүүхдийг хөгжүүлэх талаар ажиллах учиртай. Одоогийн байдлаар “Зөв монгол хүүхэд“ хөтөлбөрийн хүрээнд олон сургууль дээр сайн эхлэл тавигдсан. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Зөвхөн тоо бодож, цээж бичиг хийх чадвараар нь хүнийг үнэлэх учир дутагдалтай. Яагаад гэхээр эндээс хүний мөн чанар харагдахгүй шүү дээ. Ер нь манай боловсролд уламжлал ёсоор багш төвтэй сургалт зонхилж ирсэн. Хэрвээ хүүхдийн хүсэл сонирхлыг хөгжүүлэхэд анхаарвал багш төвтэй сургалтаас сурагч, оюутан төвтэй сургалт руу шилжих юм.

-Манай багш нарын ур чадвар, хүүхдүүдийн сурлагын үзүүлэлтийг дэлхийн бусад орнуудтай харьцуулбал бид ямар түвшинд яваа бол. Харьцуулах боломж байгаа юу?

-Улс орнуудыг дунд сургуулиудынх нь чанар, амжилтаар нь дүгнэдэг TMSS, PIRL гээд олон улсын шалгалтууд байдаг. Манайхан энд шалгуулдаггүй. Нэг удаа шалгуулахад тааруухан үнэлгээ гарсан гээд түүнээс хойш оруулахаа байсан. Ийм шалгалтуудад орохгүй байгаа учраас чухам хаана явна гэдгээ мэдэх боломжгүй.

-Та боловсрол судлаач. Монголын боловсролын талаар гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл бичдэг. Та гадныханд Монголоо яаж танилцуулдаг вэ, та бүхнээр дамжуулж тэд ямар ойлголттой үлдсэн бол?

-Гадаад, дотоодын эрдэмтэдтэй хамтарсан бүтээлээс маань бусад эрдэмтэд 100 гаруй эшлэл авсан. Миний бодлоор бол Монголын боловсролыг судалж, олон орны эрдэмтдэд танилцуулж байгаа нь манай боловсролын асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулна. Зөвхөн Монголд ч биш, бусад улс орнуудад ч боловсролын асуудал бий. Тэр асуудлуудаа шийдэж байгаа арга замыг авч хэрэглэх боломжтой. Би боловсролын санхүүжилт, засаглалын асуудлаар хэд хэдэн судалгаа хийлээ. Мэдээлэл харилцааны технологи дунд сургуульд хэрхэн нэвтэрч байгаа талаар ч олон судалгаа хийсэн. “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжсэн талаар судалж, олон улсын сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн. Судалгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг эд. Баримт түшиж асуудлыг шийдэх ёстой. Түүнээс биш нэг дарга, сайд өөрийнхөөрөө дураар шийдэж таарахгүй л дээ.

-Хүүхдэд зориулсан 100 долларын компьютер байвал эцэг эхчүүд сонирхоно доо. Өмнө нь манайд хэрэгжсэн хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн бол. Ахиад хэрэгжүүлэх боломжтой болов уу?

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголд 10 мянган ширхэг 100 долларын үнэтэй компьютер оруулж ирж, 2-5 дугаар ангийн сурагчдад өгсөн. Багаасаа компьютер ашиглсан хүүхдүүдийн математик болон унших, бичих чадвар компьютер хэрэглээгүй хүүхдүүдтэй харьцуулахад ямар байгааг бид судалсан юм. Бусад оронд хийгдсэн судалгаатай адилхан дүн гарсан. Математикийн хувьд айхавтар ялгаатай зүйл харагдаагүй. Гэхдээ унших, бичих, сонсох чадвар нь компьютер ашигладаг хүүхдүүдийн хувьд илүү байна гэж гарсан. Бага ангийн сурагчдад зориулж, харьцангуй хямд үнэтэй компьютер үйлдвэрлэж, дэлхий даяар тараадаг төрийн бус, ашгийн бус байгууллага АНУ-д байна. Манай талаас санаачилга гаргаж авъя гэвэл 30-40 мянга, 100 мянган компьютер ч авчрах боломж бий.

-Боловсролын салбарын шинэчлэлийн талаар өнгөрсөн жилүүдэд их яригдлаа. Эргээд харахад шинэчлэл хэр үр дүнтэй явав. Эсвэл засаг солигдохоор шинэчлэл зогсчихдог юм болов уу?

-Монголын сүүлийн үеийн нэг эмгэнэл бол эхэлсэн ажлаа тогтвортой үргэлжлүүлж чадахгүй байх. Засаг солигдлоо, шинэчлэл зогсдог, мартагддаг. Цоо шинээр эхлүүлдэг. Боловсролын бодлогын залгамж холбоо алдагдаад байна. Ялангуяа дээд боловсрол дээр бүх улс орон даяараа ярьж байгаад онцгой арга хэмжээ авах цаг болсон. Төрийн өмчийн, хувийн их сургуулиуд бүгд Улаанбаатарт их хотын амьдралтай холилдоод байгааг цэгцлэх хэрэгтэй. Тусгайлан хөрөнгө гаргаж, их сургуулиудын хотхоныг нийслэлээс гадна байгуулах нь зайлшгүй чухал.

-Тэр нь түгжрэлийг бууруулахаас гадна өөр ямар давуу талтай юм бэ?

-Түгжрэлийг бууруулахаас гадна боловсролын чанар сайжирна. Хүн кампуст тусгайлсан орчин нөхцөлд үр дүнтэй сурдаг. Гадны их сургуулиуд бүгд кампусын зарчмаар ажилладаг. Оюутныг сатааруулж, муу нөлөө үзүүлж байгаа олон хүчин зүйл бий. Үүнээс зайлсхийхийн тулд тусгай кампус байгуулаад, өдөр шөнөгүй тэндээ байвал илүү сайн суралцана.

Хоёрдугаарт, Монголд дээд боловсролыг төрөөс анхаарахгүй байна. Хувь хүний асуудал гэж үзээд санхүүжилт ч өгөхгүй. Оюутан эцэг, эхийнхээ халааснаас мөнгөө төлж сурч байгаа. Олон жилийн турш бид “Боловсрол тэргүүлэх салбар” гэж ярьсан. Тийм бол дээд боловсрол эзэмшиж байгаа иргэддээ төрөөс хангалттай хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх учиртай. Миний бодлоор бүх дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн өмчийн их сургуулиудын санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төсвөөс гаргадаг байвал зүгээр.

-Одоо бол төрөөс хэдийг гаргадаг юм бэ?

-Одоо бол их сургуулийн төсвийн 3-4 хувь (халаалт, цахилгаан, цэвэр усны зардал) байдаг. Дээд боловсролын шинэчлэлийг хийхийн тулд их, дээд сургуулиудыг бие даалгаад, зөнд нь орхи. Яагаад гэвэл эд нарт өөрсдийгөө боловсронгуй болгох, сайжруулах механизм нь байгаа юм.

-Та оюутнуудад үндэсний тэтгэлэг өгөх ёстой гэсэн. Ямар хэмжээний мөнгө өгөх ёстой гэж үзэж байна вэ?

– Дээд боловсрол эзэмшиж байгаа бол улс орондоо ихийг хийж бүтээнэ. Тийм учраас дээд боловсрол эзэмшиж байгаа иргэн бүртээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үүнийг Үндэсний тэтгэлэг нэрээр шийдэж болно.

Оюутны 70 мянган төгрөг нэг хэсэг олгож байлаа. Сард 100 мянган төгрөг авбал оюутан ойр зуурынхаа хэрэгцээг хангана. Одоо ийм тэтгэлэг байхгүйгээс мастер, докторт сурч байгаа бүх хүн цаанаа ажилтай. Ажилтай болохоороо хичээлдээ бүрэн төвлөрч чадахгүй. Чанартай эрдэмтэн биш, диплом өвөртөлсөн хүн гарч ирээд байгаа юм. Ахисан түвшний сургалтын хувьд тэтгэлэг нь дор хаяж амьжиргааны баталгаажих түвшинтэй тэнцүү хэмжээтэй байх хэрэгтэй.

-Та Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсролын төслийн захирлаар ажиллаж байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад тэтгэлэг олгож байсан нь суралцагсдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн үү?

-Тэтгэлэг өгдөг, дээр нь Мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжиж байхад Мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдаж байгаа оюутны тоо хоёр дахин нэмэгдэж бараг 50 мянгад хүрсэн юм. Одоо эргэж буугаад гучаадхан мянган оюутантай болчихоод байна. Тэтгэлэг нь байхгүй, сургалтыг нь дэмждэг тогтолцоо алга болчихоод байна шүү дээ.

-Бүгд их, дээд сургууль төгсвөл ажилгүй иргэдийн тоо ихэснэ. Мэргэжилтэй ажилчид нь их дээд сургууль төгсөгчдөөс олон байх ёстой гэсэн үзэл бодол байдаг. Үнэхээр тийм үү?

-Улс орнуудад янз бүр байдаг. Хөгжиж байгаа оронд мэргэжилтэй ажиллагсдын тоо нь дээд мэргэжилтэй менежерүүдийн тооноос мэдээж илүү байх ёстой. Манайд бол энэ тоо тав дахин бага байна шүү дээ. Тэгэхээр бид юм бүтээдэггүй цагаан гартнуудыг ихээр бэлтгэж байна.

-Боловсролын засаглалын тухай таны илтгэлийг сонсч байсан. Ямар тохиолдолд сайн засаглалтай гэж үзэх вэ?

-Ер нь хувийн ч бай, төрийн ч бай дээд боловсролын байгууллага эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх үүднээс хэнээс ч хараат бус бие даасан байх учиртай. Гэтэл өнөөдөр Монголд төрийн өмчийн сургуулиуд нь төр, Засгийн газраас хамааралтай. Хувийн өмчийн сургуулиуд нь үүсгэн байгуулагчаас хамааралтай байна. Сургалт эрдэм шинжилгээний бүх ажилд энэ хамаарал нь муугаар нөлөөлдөг. Хэрвээ бид энэ хамаарлыг алга болгоод, сургуулиудыг бие даалгавал тэд судалгаагаа хөгжүүлнэ, сургалтаа сайжруулна. Үүнийг хуульчлах учиртай. Хувийн ч бай, төрийн ч бай сургуулиуд нэгдүгээрт, ашгийн төлөө биш байх ёстой. Хоёрдугаарт, Удирдах зөвлөлөөрөө удирдуулдаг. Удирдах зөвлөлөөс томилогдсон захирал нь удирддаг. Удирдах зөвлөлөөс баталсан стратеги, төлөвлөгөөний дагуу хөгждөг байгаасай л гэж хүсч байна.

-Эрдмийн эрх чөлөө гэхээр багш нар нь өөрсдөө сургалтын хөтөлбөр агуулгаа тогтоож, авч явах ёстой гэсэн үг үү?

-Их, дээд сургууль ажил олгогчидтойгоо хамтраад сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулаад, оюутнаа элсүүлж, сургах ёстой. Яам бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх учиртай. Гэтэл үүний оронд өнөөдөр элсэлт төгсөлт, сургалтын процесст хутгалдаад байгаа юм. Ингэхээ л больчих хэрэгтэй шүү дээ. Харин хувийн сургуулиудыг яам ерөөсөө авч хэлэлцэхгүй байна. Зүй нь хувийн сургуулиудад зохих зохицуулалт хийж байх учиртай. Зохицуулалт гэхээр нэгдүгээрт, ашгийн төлөө бус байхыг хуульчлах ёстой.

-Ашгийн төлөө бус гэхээр ерөөсөө ашиг олохгүй байна гэж юу байсан юм бэ гээд эсэргүүцдэг?

-Олсон орлогоо ашиг хувааж, тараах бус сургалтын үйл ажиллагаандаа эргүүлээд зарцуулахыг хэлж байгаа юм.

-Ерээд онд хүмүүс зах зээл гэж юу болохыг мэддэггүй байхад та Зах зээлийн коллежийг удирдаж байсан. Яаж сургалтын хөтөлбөрөө боловсруулж байв. Сүүлд СЭЗИС-ийг олон улсын магадлан итгэмжлэлд оруулах ажлыг та бас удирдсан. Хөгжлийн сонирхолтой түүхэн үеийг богино хугацаанд туулжээ?

-Ерээд оны эхээр Монгол Улс зах зээлд шилжиж байх үед Зах зээлийн коллеж байгуулагдаж, анхны захирлаар нь ажиллан, зах зээлийн эдийн засагт нийцсэн дээд мэргэжилтэн бэлтгэх ажлыг удирдаж, энэ сургуулийг хөл дээр нь босгох ажил хийсэндээ бахархдаг. Мэдээж ганцаараа биш. Хэлтэй устай, энд тэнд суралцсан туршлагатай хүмүүсийг цуглуулж, анхны хөтөлбөр боловсруулан, бусад орны сургалтын хөтөлбөрийг харж, санаа авч боловсруулж байлаа. Хичээлийн материалиудыг англи хэлнээс орчуулсан. Санхүү эдийн засгийн их сургууль дээр олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэх ажлыг амжилттай удирдсандаа сэтгэл хангалуун байдаг.


Categories
мэдээ нийгэм

“Best of classic” сонгодог хөгжмийн үдшийн цэнгүүн боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хамтран “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд боллоо. Сонгодог урлагийг дэмжигч, үзэгч болон гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид болон нийслэлийн иргэддээ зориулан дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон шилдэг бүтээлийг дээжлэн толилууллаа.

“Best of classic” сонгодог хөгжмийн үдшийн цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэллээ. Тэрээр “Бороо хур орсон энэ сайхан үдэш сонгодог урлагийн гайхамшгийг мэдрэхээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хуран цугласан нийслэлчүүд та бүхэндээ оройн мэнд хүргэе. Улаанбаатар хот урлагийн хот гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж энэ хөтөлбөрийнхөө хүрээнд иргэддээ зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь энэхүү сонгодог урлагийн үдшийн арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ нь Үндэсний их баяр наадмын цуврал арга хэмжээний нээлт болж тоглогдож байгааг та бүхэндээ дуулгая. Дэлхийн сонгодогуудийг төв талбайдаа эгшиглүүлж зохион байгуулдаг улс орон ховор байдаг. Тэгвэл нийслэл хот дэлхийн урлагийн хотуудтай эн зэрэгцэх сайхан уламжлалыг бий болгож 4 дэх жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үдшийг та бидэнд толилуулж, сонгодог урлагийн сайхан ая эгшгээр бэлэг барьж байгаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олондоо баярлалаа. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр бол Азидаа анх удаа мэргэжлийн сонгодог урлагийн театр болсон. Улаанбаатар хот аялал жуулчлалын төв болоход сонгодог урлагийн гүйцэтгэх үүрэг их юм. Цаашдаа Монголын сонгодог урлагийг дэлхийн түвшинд хүргэхээр дэмжин ажиллана” гэлээ.

“Best of classic” сонгодог хөгжмийн үдэш тоглолтод Ж.Пуччини, “Чио Чио Сан” дуурийн хэсгээс, В.Моцарт “Увдист лимбэ” дуурийн Зарастрогийн ари, П.И.Чайковский “Хунт нуур” балетын цагаан хунгуудын адажио зэрэг сор болсон 20 орчим бүтээл тоглогдлоо.

Мөн БНСУ-ын дуучид тоглолтод оролцсон бөгөөд А.Дворжак “Лусын дагина” дуурийн лусын дагинын ари БНСУ-ын дуучин Ким Нам Ён, Ж.Пуччини “Жанни Скикки” дуурийн Лауреттагийн ари БНСУ-ын дуучин Ли Ён Сүк, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари БНСУ-ын Лю Хен Сүн нар үзэгчдэд толилууллаа.

Дэлхийн сонгодогуудыг нийслэлчүүддээ толилуулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдээр ард түмэндээ үйлчилжээ . Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнээр эхэллээ. 7 дугаар сарын 11-ны өдөр төв талбайд” Улаанбаатарын үдэш”, 7 сарын 12-нд “Монгол сонгодог -3 “тоглолтыг нийслэлчүүддээ толилуулахаар бэлтгэл ажил нь дуусжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр хуушуур зарах зөвшөөрлийн тоог бууруулна

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, ний 610 цэгт зөвшөөрөл олгох юм байна.

Энэ жил хуушуурын үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуй нэгжид олгох зөвшөөрлийн тоог бууруулсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ. Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 13-наас авч эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 27-ныг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авч байгаа юм.

Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асарт газ дэлбэрч, нэг хүний гарын шуу гэмтэж байв. Энэ төрлийн зөрчил гаргахгүйн үүднээс энэ жилийн баяр наадмаар шингэн хий нийлүүлэгч компаниудтай Улсын байцаагч нар хамтарч ажиллах аж.