Өчигдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөөний 10 цагийн орчим үл таних хүмүүс Монгол Улс дахь Эмпати сургуулиуд буюу бидний нэрлэж заншсанаар Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын захирал Вейсэл Акчай (Veysel Akcay)-г хулгайлсан хэрэг гарсан. Тодруулбал, Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн мөнгөлөг өнгийн, “Toyota Alphard” маркийн автомашинд суулган хүчээр авч явсан байна.
Өглөөний 11:00 цагийн орчимд эхнэр нь ажил руу нь залгаад ажилдаа ирээгүй гэсэн мэдээллийг авч, цагдаагийн байгууллагад хандсанаар түүнийг эрэн хайх, шалгах ажиллагаа эхэлсэн юм.
Цагдаагийн байгууллагаас “Иргэн Вейсел Акчай нь өнөөдөр өглөө 10:00 цагийн орчимд саарал өнгийн цувтай гэрээсээ гараад явж байхад нь саарал өнгийн “Toyota Alphard” маркийн автомашин зогсч, машин руугаа чирч оруулжээ. Автомашины дугаар Монголынх. Харни шалгаад үзэхэд хуурамч дугаар болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь бэлдсэн байж. Гадаадын тусгай байгууллага Монголд мөрдөн шалгах нууц ажил явуулбал хууль зөрчсөн үйлдэл болно. Бид лавшруулан шалгаж байна” гэх мэдээлэл өгсөн.
Хэрэг гарах үед “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Б.Ганбат тэргүүтэй оюутан, төгсөгчид, багш, ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөл Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн гадна цугларч, жагсаал зохион байгуулан мэдээлэл хийж эхэлсэн юм.
Тэд “14:00 цагийн үед Турк улсын жижиг онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 3-4 цагийн дараа буцаад улс руугаа нисэх юм байна. Тиймээс “Улаанбаатар Эмпати” сургуулийн багш, ажилтан, төгсөгчид бүгдээрээ нисэх онгоцны буудал дээр цуглаж, энэ үйл явдлыг эсэргүүцэхийг уриалж байна. Мөн энэ гэмт хэргийг маш хурдан шуурхай илрүүлж таслан зогсоохыг холбогдох хууль эрх зүйн байгууллагуудаас хүсч байна” гэлээ.
Вейсел Акчайг хулгайлсан үйл явдлыг зарим нэгэн хүмүүс 2016 онд Туркэд болсон төрийн эргэлт хийх оролдлоготой холбон тайлбарлаж байна. Дээрх төрийн эргэлтийн дараахан тус улсын Засгийн газар дэлхийн улс орон дахь Турк сургуулиудаа “Боловсролоо хямдхан худалдахгүй” гэсэн шалтгаанаар хаах тухайгаа зарлаж, мөн Фетулла Гулентай холбогдсон Турк улсын 2000 сургуулийг хааж, 61 мянган багш, ажилчныг ажлаас нь чөлөөлжээ.
Монгол Улсад Турк, Монгол иргэдийн хамтран байгуулсан таван сургууль бүртгэлтэй байдаг.
17:00 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат мэдээлэл өгөв.
Тэрээр “Косовод байдаг Турк сургуулийн дөрвөн багшийг тэдний хүчний байгууллагынхан яг ийм аргаар аваад явсан байдаг юм билээ. Бид тэр үйл явдалтай адилхан зүйл болж байна гэж бодож байна. Хүн хүчээр авч явсан гэмт хэрэг үйлдэгдчихээд байна.
Одоогийн байдлаар хаана байгаа нь тодорхой бус байна. Болж буй процессоос Вейсел Акчайг хүчээр хулгайлаад, онгоцоор аваад явах болов уу гэсэн хардлага төрж байгаа” гэсэн юм.
18:20 цагт захирал Б.Ганбат руу Вейсел Акчай өөрийн гар утаснаас залгаж “Би танил хүнийхээ хажууд аюулгүй байна. Цугласан хүмүүсийг тайвшруулаад тараа” хэмээн яриад утсаа салгасан байдаг.
Энэ талаар Б.Ганбат хэлэхдээ “Би сая түүнтэй холбогдлоо. Надад санаа зоволтгүй. Цугласан хүмүүсээ тайвшруулаад тарцгаа” гэж хэлээд салгасан. Буцааж залгасан боловч авсангүй. Түүнийг аюулгүй байдалд байна гэж бодохгүй байна. Хаана байгаа гэдгээ огт хэлсэнгүй. Ярьж буй дуу хоолойны өнгө аяс түгшүүртэй, тайван бус байна” хэмээн мэдэгдсэн юм.
Энэ үед Турк улсаас ирсэн Онцгой элчин сайдын онгоц гэгдэх “ТТ4010 Challanger 604” маркийн онгоц нутаг буцсангүй. Уг онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Улаанбаатарын цагаар 14:00 цагт газардаж, 18:00 цагт эргэж хөөрөх хувиартай байж. Гэвч “ТТ4010 Challanger 604” маркийн онгоцыг Онцгой элчин сайдын онгоц биш гэсэн мэдээллийг эх сурвалжууд өглөө.
Тэд “Энэ бол Туркийн цэргийн хүчний онгоц. Тус онгоцоор өмнө нь Казакстан, Косово, Африкийн хэд хэдэн улсаас хүн хулгайлж байсан бүртгэлтэй. Олон улсын мэдээнээс хайвал тодорхой мэдээллүүд гарч ирэх болно.
Энэ онгоц өнгөрөгч есдүгээр сарын 30-нд Казакстанд газардсан. Өнөөдөр (VII/27) Улаанбаатарт газардаад байгаа юм биш. Өчигдөр буюу (VII/26)-нд Хөшигийн хөндийд газардаад, өнөөдөр (VII/27) 14:00 цагт “Чингис хаан” нисэх буудалд ирж бууж байна” гэлээ.
Үүссэн нөхцөл байдалтай танилцахаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монголын талаас хэд хэдэн хүн очсон байв. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нар ирсэн байв.
Тус сургуулийн эцэг, эх, сурагчдын төлөөлөл УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хэлэхдээ “Монгол-Туркийн хамтарсан сургууль нь төгсөгчдөдөө гадаад, дотоодын их сургуульд өөрсдийнхөө чадлаар орох боломж, үүд хаалгыг нээж өгдөг цөөхөн сургуулийн нэг. Миний охин энэ сургуульд элсэн орсон цагаас хойш сургуулийг тойрсон хууль бус ажиллагааг би мэдэрсэн.
Өнгөрсөн жилүүдэд сургуулийг хаах, үйл ажиллагааг нь зогсоох, өмч хөрөнгөд нь халдах гэсэн Туркийн Элчин сайдын яамны оролдлого их байсан. Эрэн сурвалжлагдаагүй хүнийг Монгол Улс цагдаа, тагнуулын байгууллага оролцоод гаргах юм бол ноцтой асуудал. Дан ганц Монгол гэлтгүй энд амьдарч байгаа гадаадын иргэд маш их айдастай болно.
Монголд хэн дуртай нь орж ирээд, бусдыг бариад явахад тусламж үзүүлээд бариад явчихна гэсэн ойлголт төрүүлнэ. Туркийн Элчин сайд энэ сургууль бол терроризмыг сурталчилдаг гэж хэлснээрээ доромжилж байна. Хэн нэгэн Элчин сайд ингэж хэлж болохгүй. Ингээд гадны гар хөл болсон хэн дуртай нь орж ирээд, бусдыг бариад явбал айдас төрүүлнэ. Магадгүй Туркийн Засгийн газраас явуулж байгаа ажиллагаа гэсэн ч Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын хуулиар явна” гэв.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Чингис хаан ОУНБ-д УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс ажиллаж байна. Онгоц хяналтад байна. Бүх зүйл хяналтад байна” гэж хэллээ.
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал, Бүгд Найрамдах Турк улсын иргэн Вейсел Акчайн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан 19:28 цагт мэдээлэл өгөхдөө “Энэ онгоц ямар зорилгоор ирсэн, буцахдаа шатахуун нь дуусаад албан ёсоор орж ирж байгаа юм уу, энийг хууль хяналтын хариуцсан байгууллагууд нь тогтоож, ар гэрийнхнийх нь хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн хувьд хил хамгаалах байгууллагуудад болон Хууль зүйн яаманд гомдлоо гаргаад байна. Өнөөдөр үл мэдэгдэх шалтгаанаар Турк улсын иргэнийг хулгайлж буй явдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллага хяналт тавьж байна.
Онгоц ирээд, буцаж нисэх гэж байгаа нь иргэн хүн төдийгүй ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байна. Иймд Монгол Улс ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөх ёстой.
Энэ хүн Турк Улсын иргэн, Монгол Улсын хуульд заасан эрүүгийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Монгол Улсад хуулийн дагуу оршин сууж байгаа” гэв.
Гадаадын иргэн, харьяатын газраас хэвлэлд “Тус газраас “Вейсел Акчай гэх иргэн нь Монгол Улсад суурьшсан анхдагч туркуудын нэг. Монголд амьдарч байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй. Хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр орж ирснээс хойш гараагүй байгаа. 2019 оны аравдугаар сар хүртэл оршин суух зөвшөөрөлтэй байна” гэсэн мэдээлэл өгөв
Вейсел Акчайг баривчилж авч явахаар Улаанбаатарт газардаад байсан Туркийн тусгай үүргийн CT4010 онгоц өчигдөр оройн 21:24 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрсөн юм. Хулгайлагдсан гэгдэх Вейсел Акчайг тус онгоцоор авч ниссэнгүй.
Тэрээр Эрүүгийн цагдаагийн газарт байцаагдахаар үлдсэн. Хамгийн сүүлд буюу 22:30 цагт ЦЕГ-ын мэдээлснээр “Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09:51 цагт Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрээс Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсел Акчайг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, “Toyota Alphard” маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх” гомдол мэдээлэл ирсэн. Түүний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж байна” гэсэн юм.
Монгол Турк сургуулийн ерөнхий захирал, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг шөнийн 01:40 цагт Шүүх эмнэлгээс гаргав. Тэрээр “Би зүгээр ээ. Хэргийг шалгаж байна. Та нартаа баярлалаа. Намайг ямар хүмүүс авч явсныг мэдэхгүй, хэргийг шалгаж байгаа” гэснээр Эрүүгийн цагдаагийн албаныхан түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр авч явсан юм. Тэрээр ийнхүү чөлөөтэй болсныхоо дараа болсон явдлын талаар дурдаж, монголчуудад баярласнаа илэрхийлсэн бичлэгээ цахим сүлжээнд тавьжээ.
Уг бичлэгт тэрбээр “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад, над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гараас минь барьж сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.
Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн хэлжээ.
Энэ бичлэг дэлхий даяар түгж байгаа бөгөөд бусад улс оронд байгаа турк багш нар төдийгүй иргэд “Монгол Улсад баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр талархал илэрхийлж, Монгол Улсын ардчилал дэлхийд хүчээ харууллаа хэмээн сэтгэгдлээ бичсээр байна.