Categories
мэдээ улс-төр

​Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 67 гишүүн дэмжлээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 67 гишүүн дэмжиж, хууль санаачлагчаар гарын үсгээ зураад байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс санал авахаар илгээсэн албан бичгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн бүлэг ордын сонин хачин

Гангийн үйлдвэрүүдэд ашигладаг өндөр чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтдаг Таван толгойн ордыг төмөр зам, уурхай, угааж баяжуулах үйлдвэртэй нь цогцоор нь хөдөлгөх санаа өнөө хүртэл ажил болоогүй байна. Их мөнгө яригддаг учраас улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд тохиролцоонд хүрч чадахгүй яваа гэх мэт тайлбар дүгнэлт дуулддаг. Ямартаа ч У.Хүрэлсүхийн Засгийн газар Таван толгойг хөдөлгөх чиглэлд ажиллаад эхэллээ. УИХ-ын хэлэлцэх анхаарал татсан асуудлын эхэнд жагсч буй Таван толгойн бүлэг ордын сонин хачнаас хүргэе.

АВСТРАЛИЙНХААС ЧАНАРТАЙ КОКСЖИХ НҮҮРС

Өмнөговийн Даланзадгадаас зүүн тийш 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд таван жижиг толгой хэлбэрээр байрласан учраас уг орд газрыг Таван толгой хэмээн нэрлэсэн байдаг. Ордын нийт талбай нь 80 мянган га. Энэ ордод ашиглалтын долоон лиценз бий. Таван толгойн 6.4 тэрбум тонн нөөцийн 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс. Үлдсэн нь эрчим хүчний нүүрс. Канад, Австралийн нүүрстэй харьцуулбал коксжих чанараараа өндөр гэгддэг энэ ордын дөрөвдүгээр давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц 67 хувь гэж геологичид онцолдог. Коксжих нүүрсний илчлэг нь 7500-8100 ккал.

ОРДЫН ТҮҮХ

Бүр анх 1930-аад онд нутгийн иргэд тэр хавьд нүүрс бийг мэдэж ахуйн хэрэгцээндээ ашигладаг байж. Уурхайг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар шийдэж, анхны жижиг уурхай ажиллаж эхэлсэн жил нь 1967 он. Анхны ТЭЗҮ-ийг 1988-1990 онд боловсруулж, хүлээн авахдаа нөөцийг 6.4 тэрбум тонн гэж тогтоосон байдаг. Зах зээлийн нийгэмд шилжих үед буюу 1994 онд уурхайг хувьчилж төрийн өмч давамгайлсан “Таван толгой” ХК болгон өөрчлөн зохион байгуулсан юм. Өдгөө үнэ цэнэ нь хаданд гарч байгаа Таван толгой бүр анх Английн “BHP Billiton компанид гологдож байсан хачирхам түүх бий. BHP Billiton тус бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч 1998 онд буцааж өгсөн юм. Дараа жил нь “Майн инфо” ХХК тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс зургаан жилийн хойно “Майн инфо”, “Алтай трейдинг”, “Моннис”, “Шунхлай”, “Эм-Си-Эс”, “Петровис” зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, “Энержи ресурс ХХК”-ийг байгуулан тусгай зөвшөөрлийг шилжүүлж байв. “Энержи ресурс” 2006 онд эзэмшиж байсан хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авч Таван толгойн бүлэг ордод уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг авч байлаа. Хувийн компани Өмнийн говийн коксжих нүүрсний бүлэг ордод ашиглалтын лиценз авснаас хоёр жилийн дараа Таван толгойн лицензийг төр буцаан авсан юм. С.Баярын Засгийн газар “Энержи ресурс”-тэй хэлэлцээ хийж Ухаа худагаас бусад талбайг төрийн мэдэлд шилжүүлж байв. 2009 онд “Энержи ресурс” Ухаахудагаас нүүрс олборлож эхэлсэн бол 2010 онд Засгийн газар Таван толгойн бүлэг ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах уралдаант шалгаруулалт зарлаж байлаа. Энэ үеэс Таван толгойгоос урд хил рүү чиглэх төмөр замын царигийн маргаан эхэлсэн түүхтэй. Засгийн газрын шалгаруулалтад АНУ, ОХУ, БНХАУ тунаж үлдсэн боловч хэн нь ч шалгараагүй юм. Таван толгойг цогцоор нь ашиглах талаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хятадын Шинхуа, Японы Сумитомо, Монголын “Энержи ресурс” консерциум болж ажиллах шийдэлд хүрсэн ч УИХ-аас энэ тохиролцоог зогсоож байв. Тэр үеэс хойш өнөөг Таван толгойг цогцоор нь хөдөлгөх яриа төр, засгийн хэмжээнд өрнөөгүй өнөөг хүрээд байна.

ТАВАН ТОЛГОЙД ОЛБОРЛОЛТ ХИЙЖ БУЙ КОМПАНИУД

Таван толгойд төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”, хувийн өмчийн “Энержи ресурс” компани олборлолт явуулдгаас гадна орон нутгийн өмчийн “Таван толгой” ХК ч энэ ордоос нүүрс экспортолдог. Олны нэршлээр бол жижиг Таван толгой. Жижиг Таван толгой 169 га талбайг хамарсан 287А тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ ордыг 1966 оноос ашиглаж гурван аймгийн нүүрсний хэрэгцээг хангаж байсан юм. Одоогоос 14 жилийн өмнөөс урд хөрш рүү коксжих нүүрс экспортолсон түүхтэй. Компанийн 49 хувийг “Ажнай” корпораци, 51 хувийг орон нутгийн захиргаа эзэмшдэг.

Таван толгойн Ухаа худагт “Энержи ресурс” компани олборлолт явуулдаг. Энэ ордын зургаан лицензийг Монголын том компаниудын нэгдэл болох “Энержи ресурс” 2000 оноос эзэмшиж байгаад 2008 онд таван лицензээ төрд шилжүүлсэн юм. “Энержи ресурс” өдгөө Ухаа худаг нэртэй 11952А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га талбайг эзэмшин олборлолт явуулж байна. 2009 оны дөрөвдүгээр сараас олборлолтоо албан ёсоор эхлүүлсэн түүхтэй. 2010 оны аравдугаар сарын 13-нд “Энержи ресурс” компанийн 100 хувийн эзэмшилтэй “Мongolian Мining Сorporation” Хонконгийн бирж дээр хувьцааны арилжаагаа эхэлж байв. Тус компани хувьцаагаа арилжаалж босгосон мөнгөөрөө Ухаа худагт бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. “Энержи ресурс” Таван толгойн ордод олборлолт явуулдаг нөгөө хоёр компаниасаа өөрийн гэсэн угаах үйлдвэр, цахилгаан станц, авто замтайгаараа ялгардаг. Ухаа худагийн уурхай Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт найм, Улаанбаатараас өмнө зүгт 540 км-т, Оюу толгой зэс-алтны ордоос 150 км-т оршдог. Таван толгойн бүлэг орд газрын талбайн дөрвөн хувийг эзэлдэг Ухаа худагийн олборлох боломжтой нөөц нь 200 сая тонн орчим.

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн мэдэлд Тавантолгой нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, Таван толгой нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шар тээг нэртэй 11955А тусгай зөвшөөрөл бүхий 24532 га, Бор толгой нэртэй 11953А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га, Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөвшөөрөл бүхий 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрөл бий. Эхэн үедээ тус компанийн зүгээс Таван толгойн орд газарт, 15-30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай, 14 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр, 220 квт-ын Цахилгаан дулаан ашиглалтын шугам, Таван толгой-Оюу толгой-ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн нутаг дахь Хайлуту чиглэлийн дагуу улсын хил хүртэлх 220 квт-ын цахилгаан дулаан ашиглалтын шугамын хамт барина гэж төлөвлөсөн ч одоогоор ямар ч бүтээн байгуулалт өрнөөгүй. 2012 оны сонгуулийн өмнө “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын төрийн өмчит “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт нь нийт 350 сая ам.долларыг хүүтэй зээлснээ барагдуулаад удаагүй байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н “Чалко”-гоос зээлсэн мөнгийг Засгийн газар иргэн бүрд 21 мянган төгрөг болгож тараагаад дууссанд эдийн засагчид өнөөдрийг хүртэл шүүмжлэлтэй ханддаг. Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”-н хувьд авлига авсан, шахаа хийсэн гэх мэт дуулиан шуугиан тасардаггүй. Ашиглах боломжгүй үнэтэй дугуй шахсан, Ерөнхий сайдын хүргэн өчнөөн тэрбумын тендер авсан, гүйцэтгэх захирлуудыг нь АТГ шалгаж байна гэх мэт мэдээлэл давтамжтай сонсогддог. Засгийн газраас 2011 оны хавар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан цагаас хойш 1072 хувьцааны түүх эхэлсэн юм.

ТӨМӨР ЗАМЫН ТҮҮХ

Таван толгойн нүүрсийг урд хил рүү төмөр замаар тээвэл өнөөдрийнхөөс илүү их хэмжээний нүүрс экспортолж, дажгүй ашиг олох боломж уг нь бий. Харамсалтай нь 10 жилийн өмнөөс эхэлсэн төмөр зам барих тухай яриа өнөөг хүртэл ажил болоогүй. Таван толгойн төмөр замын түүхийг эргэж харъя. Төрөөс Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг анх 2008 онд “Энержи ресурс” ХХК-д олгож байж. Тэр жилээ төмөр зам барих бэлтгэл ажил өрнөсөн ч 2010 онд төрөөс төмөр замын бодлого баталснаар Ухаа Худаг-Гашуунсухайтын төмөр замын ажил хойшлогдсон юм. Уг бодлогын баримт бичигт төмөр замын бүтээн байгуулалтыг нэг, хоёрдугаар шаттай өрнүүлнэ гэж ангилав. Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад оруулснаар урд хөрш рүү чиглэх төмөр замын ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон түүхтэй.

Дараа нь төрөөс нэг, хоёрдугаар ээлжийн төмөр замыг хамтад нь цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг 2012 онд гаргаж, Засгийн газраас Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтцийг барих концессийн гэрээг “Энержи ресурс” ХХК-тай зурж эрхийг нь олгов. Гэсэн ч Засгийн газар тэр жилдээ шийдвэрээсээ ухарсан юм. Засгийн газар өөрөө нэг, хоёрдугаар ээлжийн төмөр замын ажлыг үргэлжлүүлэн хариуцаж ажиллана, компаниудын зүгээс төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг буцаан олгоно гэж шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийн дараа 2013 онд “Энержи ресурс” ХХК төмөр замын ТЭЗҮ, гүйцэтгэгч ба туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээ, зураг төсөл, судалгаа зэрэг холбогдох бүх материалыг төрийн өмчит “Монголын төмөр зам” компанид шилжүүлж, хүлээлгэн өгөв. Төр төмөр замын ажлыг үргэлжлүүлэн явуулсан үе нь 2013-2014 он. Газар шорооны ажил үргэлжилсэн ч царигийн асуудал нэг мөр шийдэгдээгүй хэвээр байсан юм. Төрийн зүгээс 2014 онд төмөр замаа хувийн хэвшлийнхэнтэйгээ түншилж барья гэсэн шийдвэрийг ахин гаргаж, царигийн асуудлыг нэг мөр болгож, Таван толгойгоос урд хил хүртэлх төмөр замыг нарийн царигаар барих дээр толгой дохисон түүхтэй. Өмнө дурдсанчлан 2014 онд Япон, Хятад, Монгол компанийн консерциум Таван толгойн тендерт ялж төмөр замыг төсвөөс мөнгө гаргахгүйгээр барих нөхцөлийг хүлээж авсан ч Таван толгойг цогцоор нь хөдөлгөх Засгийн газрын санаа гацсан юм.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Монголын тайлбар цусны шинжилгээ байх юм

Сая, сая хөгжөөн дэмжигчдийг догдлуулсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд арав гаруй хонож байна. Хүн төрөлхтнийг яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгээс нь үл хамааран нэгэн дээвэр дор хөгжөөн жаргааж чаддаг гэдэг утгаараа хөлбөмбөг бол энх тайвныг эрхэмлэсэн спорт юм. Дөрвөн жилд нэг удаа явагддаг энэ удаагийн ДАШТ манайхаас олон цагийн зөрүүтэй ОХУ-д болж буй ч монголчууд нойроо харамлахгүй үзэж байгаа. Шууд дамжуулалтыг МҮОНТ, NTV телевиз тусгай зөвшөөрөлтэйгөөр тайлбарлан хүргэж байна. Лидер тоглогчдын ур чадвар, багийн спортын амжилт, улс орнуудын чансаа гээд хөлбөмбөгийг нэвт шувт мэддэг хүмүүс л энэ спортыг хүнд хүргэж чадна. Тиймээс хөлбөмбөгийн дэлхийн аваргыг шууд дамжуулж буй телевизүүд Монголдоо урдаа барьдаг гэсэн тайлбарлагч нарыг сонгож ажиллуулдаг байх. Манай телевизээр тэр, тэр хөлбөмбөг тайлбарлана гээд л рекламдах юм билээ. Тэгвэл Монголын тайлбарлагч нарын тэргүүн манлайд орос хэлний багш мэргэжилтэй Э.Балжинням байна, бас жүжигчин Д.Энхбаяр гээд хөлбөмбөгийн “хорхойтой” хүмүүс дэлхийн аваргын тэмцээнийг үзэгчдэд тайлбарлаж, хүргэдэг болоод удав. Энэ улсуудын тайлбарлаж байгааг сонсоход үе, үе тамирчдыг доош нь хийсэн, доромж өнгө аястай байх юм аа. Тэр тамирчин бол тэдэн эхнэрээс салсан, одоо тэрэнтэй амьдарч байгаа, багадаа ийм өвчтэй байсан гээд л хувийн амьдрал руу нь хэт өнгийж, дайрдаг. Эсвэл тэндээс цагаачилж ирсэн тийм дүрвэгсэдийн хүүхэд гээд л удам судар, гарал үүслийг нь сөхнө. Нэг бол хар, шараар нь ялгаж зүсэлнэ. Дэлхий нийтийн энэ спортыг манай тайлбарлагчид дэндүү монголчлоод байна. Шуудхан хэлэхэд, байнга л цусны шинжилгээ хийж байгаа мэт ярих юм. Жишээлбэл, “Африк гаралтай харууд яасан муу байна вэ. Энэ удаад цагаан арьстнууд гайгүй үзэж байх юм”, “Эд нар ер нь дандаа л муу юманд орооцолдож, хэл ам таталж байдаг дөө”, “Германы шилдэг тамирчдын дийлэнхийнх нь өвөг эцэг Туркээс дүрвэж ирсэн” гэх зэргээр гаднынхны хэлэхээс тун болгоомжилдог, эмзэг сэдвийг тайлбарынхаа дундуур хачирлах нь их болжээ. Дэлгэцийн өмнө хамгийн олон үзэгчийг татдаг хөлбөмбөгийн тэмцээний тайлбарлагчдын яриа, эмоцио илэрхийлэхдээ анзааргагүй унагасан үг хэл нь монголчуудын үндсэрхэг үзлийг дэвэргэх нэг сэдэл болж мэднэ.

Ялангуяа Э.Балжинням үзэгчдийг хөгжөөх гээд байгаа онохгүй тайлбаруудыг их хийдэг. Түүний дандаа хэлдэг үгийг Монголын фанатууд бараг цээжилсэн биз. Реал Мадрид-Барселонагийн тоглолтын үеэр “Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсан юм байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барселоны бэр болсон чинь “Реал Мадрид”-ынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм биш үү” гэж тайлбарлаж байсан. Бас үзэгчдийн сэтгэгдэлд тод үлдсэн өөр нэг тайлбар гэвэл “1998 оны ДАШТ-д аваргын төлөө тоглох гэж байсан Бразилын шигшээ багийн довтлогч Рональдо найз охинтойгоо муудалцсан тул бие нь муудаж улмаар халуурч байтал хажуу өрөөний Робэрто Карлос гүйж орж ирээд “Зүгээрээ Рональдо,бид ялна…” гэсэн гэх зэргээр хормой хотны явдлыг дэргэд нь байсан мэт тайлбарлах юм. Түүнчлэн дэлхийн аваргын таван удаагийн Алтанбөмбөгийн эзэн Аргентины шигшээ багийн лидер Л.Мессиг хүртэл итали ээжтэй, цагаач гэж хочилдог. Түүний амьдралын түүхийг ярьж байна гээд дандаа өвчнийх нь онош юм уу, болохгүй бүтэхгүй, амьдралд нь тохиолдсон хар бараан дурсамжуудыг дэлгэнэ. Ер нь бол мань эр “Би ээжийгээ шүтдэггүй, аавыгаа шүтдэггүй. Лэмпардыгаа шүтдэг” гэж ирээд л хамаа намаагүй, зоргоороо ярьдаг хүн л дээ. Тийм болохоор манайхан түүнийг уухайлан дэмжээд, шүтээд, мундаг гээд л баясаад байдаг. Сая гэхэд К.Рональдог гоол оруулангуут “Экс хадмындаа ирж агсам тавилаа” гэж тайлбарлаж байх шиг. Үүнийг нь сошиал сүлжээнд шүүрч аваад давалгаалан хөөрцгөөсөн. Үнэн хэрэгтээ хөлбөмбөг хэмээх мэргэжлийн спортыг манай тайлбарлагчид хошин шогийн хэмжээнд аваачиж тайлбарлаад байх юм. Энэ бол аливаад жалга довондоо ойж буудаг үзлээр ханддаг, норм стандартыг ном ёсоор нь хийдэггүй, бүх зүйлийг монголчилж хэт мэдэмхийрдэг манайхны дэндүү бүдүүлэг зан. Тэдний орилоо тайлбараас болж хөлбөмбөг яасныг мэдэхгүй шахам өнгөрдөг. Үүгээрээ тэдний хоббиг буруутгаагүй. Гагцхүү дэлгэц бол нийгмийг соён гэгээрүүлж, танин мэдүүлдэг үүрэгтэй. Тэрнээс хэн нэгэн рүү дайрч, гутаан доромжилдог хэрэгсэл биш. Дээр нь мөнгөө төлөөд үзэж байгаа үзэгчдээ хүндлээд ёс зүйн өндөр ухамсартай байх ёстой. Гэтэл манай хөлбөмбөг тайлбарлагчид хамгийн дуртай спортоо тайлбарлахдаа дэлхий дахинд мандуулсан гол урианых нь эсрэг ажиллаад байна шүү дээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA нь “Say no to racism” гэсэн уриатай байдаг. Энэ бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг хориглосон үзэл юм. Гэтэл Монголын тайлбарлагчид яг тэрийг нь сөрж яриад зогсохгүй залуу хойч үеийнхэндээ буруу үлгэр дуурайлал, хандлагыг шингээж байна. Хэрэв FIFA манай тайлбарыг сонсвол Монголын хөлбөмбөгийн холбоонд асар өндөр торгууль тавина даа.

Хөлбөмбөг тайлбарлаж дуусчихаад санамсаргүй хэлсэн үгнээсээ болж дуртай ажлаа хийж чадахгүй хавчигдсан Рон Аткинсон хэмээх англичуудын гүн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн эрхмийн жишээ бий. Тэрбээр 14 жилийн өмнө шууд нэвтрүүлэгт хөтлөгчөөр оролцож байхдаа “Челси” хожигдсон тэмцээний дараа микрофон унтарчихсан, ажил дууссан гэж бодоод хамтрагчдаа “Энэ Десай шиг хүмүүсийг бага байхад нь тэнэг залхуу не..р гэж дууддаг байлаа” гэжээ. Энэ өгүүлбэр түүнийг өдий хүртэл ажилгүй явах шалтгаан болсон аж. Рон Аткинсон бол олон ч ДАШТ-д хөтлөгч хийсэн, Английн алдарт “МЮ” багийг Фергюсоны өмнө бүтэн таван улирал дасгалжуулсан, Африк гаралтай хөлбөмбөгчдийн замыг зассан хүн. Хөлбөмбөг тайлбарлах өвөрмөц аялгатай, түүнийг нь бүр “Ronglish” гэж тусгайлан нэрлэгддэг байсан энэ хүн эфир дууссан хойно ингэж дуугарснаасаа болж арьс өнгөөр ялгаварлагч нэр зүүж шоовдорлогдон урт хугацааг туулсан тухайгаа өөрийнхөө номд өгүүлсэн байдаг юм билээ. Манай тайлбарлагчдын хагархай хэнгэрэг шиг цуурдгийн дэргэд түүний хэлсэн үг юу ч биш. Дэлхий дахинд хөлбөмбөг хэмээх спорт ийм л хатуу зарчимтай, тайлбарлагч нар нь ёс зүйтэй байхыг шаарддаг юм. Харин монголын тайлбарлагчид хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл дэлхийн хөлбөмбөгийн баярыг үзэгчд түмэнд хүргэхдээ хагалан бутаргасан үзэл гаргадаг гэдгээ мэдэж байгаа юу.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Төрийн дээд өндөрлөгүүдээс анх удаа зөв санаа сонслоо” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Эцсийн мөчид эрх баригч нам улс төрийн намуудын тохиролцооноос ухарлаа хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Төрийн дээд өндөрлөгүүдээс анх удаа зөв санаа сонслоо хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын хаврын ээлжит чуулганыг АН хэрхэн дүгнэж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Тэрбээр “Бид намрын чуулганаар УИХ-д бодлогын хэмжээний асуудлуудыг тавьж, шаардаж ажиллана” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Орон сууцны зээлийн хүүг багасгаж, хугацааг уртасгах гарцыг хөндсөн “AFIS 2018” хэмээн “Өдрийн сурвалжлага”-д өгүүлжээ.

“Центриал Эшиа Майнинг” компанийг Их булагт алт ухахыг эсэргүүцэж Загийн голынхон жагсав хэмээн “Томилолт” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрээс Үндсэн хуульд ямар өөрчлөлтүүд орох вэ? талаар хүлээн авч үзээрэй.

Доглаб буюу Нохойгоор хорт хавдар оношлох нь. Энэ талаар DOGLAB Mongolia ХХК-ийн захирал Э.Баясалтай ярилцсан байна. “Энэ тухай” нүүрээс хүлээн аваарай.

Хавдар Судлалын Үндэсний Төвийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг:Хорт хавдрын генийн тухай мэдээлэл дээр суурилаад хүн тус бүрт тохирсон эмчилгээг сонгон хийж байна хэмээн “Эмч” нүүрт ярьсан байна.

Монголын сайхан бүсгүй наадмын ялагч Э.Энхриймаа Аав ээж маань намайг боловсролтой, хүнлэг, соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд бүхнээ зориулсан хэмээн “Гоёл Соёл” нүүрт ярьжээ.

Хүчний байгууллагууд хутагт хувилгаадын орон тоо, төсөвтэй болсон уу хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлжээ.

АНУ болон ОХУ-ын дээд хэмжээний уулзалт Финландын нийслэл Хельсингкт долдугаар сарын 16-нд болно. Хельсинкт болох дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд болж буй мэдээ мэдээллийг “Дэлхий мэдээ” нүүрээс хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүрэн эхээр нь хүргэж байна

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсгийн боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ
I. УЛСЫН ИХ ХУРАЛ БОЛОН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА
Нэг.Улсын Их Хурлын гишүүний хариуцлагатай холбоотой заалт:
1.1.Санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглох
27.7.Улсын Их Хурлын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлээр санал өгнө.
1.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах
29.4.Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.
1.3.Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг нэмэх
21.3.Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын гучин нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.
Хоёр. Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай холбоотой заалт:
2.1. Улсын Их Хурал хууль тогтоох байнгын буюу тасралтгүй ажиллах байгууллага байх нөхцөл шалгуурыг хангах
27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.
2.2. Асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангаж, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх
27.6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.
Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.
2.3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах
29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

II. УЛСЫН ИХ ХУРАЛ ЗАРИМ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ

Нэг.Улсын Их Хурал сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж Ерөнхий сайдад шилжүүлж байгаа заалт:
1.1.Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломж бүрдэх
39.3.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлснээс хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгч батламжилна.
Хоёр.Төсвийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодруулах заалт:
2.1.Улсын төсвийн төлөвлөлтийн талаар Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх:
25.1.7.Улсын Их Хурал тухайн жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно.
Гурав.Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг тодруулж байгаа заалт:
22.2.Дараахь тохиолдолд Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тарна:
1/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны санал хураалтаар Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн;
2/Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс хойш дөчин тав хоногийн дотор, Ерөнхий сайдын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсноос хойш хорин нэг хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.
22.3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Ийнхүү шийдвэр гаргаснаас хойш 10 хоногийн дотор Улсын Их Хурал сонгуулийг товлон зарлах бөгөөд сонгуулийг 60 хоногийн дотор явуулна.
22.4.Улсын Их Хурлын шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Дөрөв.Ерөнхий сайдыг огцруулах процессийг нарийсгаж, Засгийн газрын “танхимаар ажиллах зарчим”-ыг тогтоосон заалт:

43.1.Улсын Их Хурал дахь олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дотор хэлэлцэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар уг асуудлыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.
43.2.Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж байгаа гишүүдийн санаачлагаар Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал арван тав хоногийн дотор хэлэлцэж, нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
43.3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
44.1.Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал арван тав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.
44.2.Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно.
Тав.Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах:
39.1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд, гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.
Зургаа.Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалт:
21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно.
Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
III. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ
Нэг. Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх заалт:
28.3.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь, эсхүл Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн хүрээний тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулж болно.
28.4.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах эрхтэй. Тус хорооны дүгнэлт шүүх, эрх бүхий бусад байгууллагад үүрэг хүлээлгэхгүй.
28.5.Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахгүй.
28.6.Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно.
IV. НАМЫН ЧИГ ҮҮРЭГ, САНХҮҮЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД СУУРИЛСАН
ХАРИУЦЛАГАТАЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ
Нэг. Намын санхүүжилт, чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой заалт:
19.1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна.
19.2.Нам Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, эсхүл бусад хуулийг зөрчсөн бол Улсын дээд шүүх хуульд заасан үндэслэлээр намыг тараах хүртэл хариуцлага хүлээлгэнэ.
19.3.Намын үйл ажиллагаа, санхүүжилтийн үндсэн зарчим, журам, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.
V. ШҮҮГЧИЙН ТОМИЛГООГ УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС БАЙЛГАХ, ШҮҮГЧИЙН ХАРИУЦЛАГА, ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
Нэг. Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх заалт:
1.1. Шүүгчийн томилгоог ил тод болгож, хугацаа зааж, Ерөнхийлөгч шүүгчээр батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлдэг, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг “томилох” бус шүүгч нар өөрсдөө “сонгодог” болох заалт:
51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна. Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ.
51.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.
1.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоо, эрх зүйн байдал, чиг үүргийг хуулиар өөрчлөх замаар улс төрийн нөлөө оруулдаг эрсдэлийг хаах заалт:
49.6.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулна:
1/Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;
2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурал, хоёрыг Ерөнхийлөгч тус тус томилох бөгөөд тэдгээр нь хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй байна;
3/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, хоёрыг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс сонгоно;
4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс томилсон гишүүд дотроос нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
1.3. Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх заалт:
51.3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын дөчин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.

Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна.

VI. ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧААС БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР БОЛОН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАХ, ЧӨЛӨӨЛӨХИЙГ ХОРИГЛОХ, ШАТЛАН ДЭВШИХ, ЧАДАХУЙН (МЕРИТ) ЗАРЧИМД СУУРИЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ ТОМИЛГООГ БИЙ БОЛГОХ
46.4.Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, эгэх хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.
VII. ОРОН НУТГИЙН ТҮВШИНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ
Нэг.Хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох:
Тавин долдугаар зүйл
57.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот (орон нутгийн харьяалалтай)-д, сум нь багт, хот (орон нутгийн харьяалалтай) нь хороонд, нийслэл болон хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд тус тус хуваагдана.
57.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
Тавин наймдугаар зүйл
58.1.Аймаг, нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлагатай, засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бүхий, иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох эрхтэй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн. Баг, хороо бол засаг захиргааны анхан шатны нэгж мөн.
Хоёр.Олон нийтийн санал авах үеэр эхний ээлжинд сум, дүүргийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлдэггүй байх санал давтамж өндөртэй тавигдсаныг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах журамд оруулж байгаа өөрчлөлт:
Тавин есдүгээр зүйл
59.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн Хурлын чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.
59.3.Аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно. Сум, дүүрэг, хот (орон нутгийн харьяалалтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэд сонгоно. Сум, дүүрэг, хот (орон нутгийн харьяалалтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд гагцхүү иргэн өөрийн нэрийг дэвшүүлэн оролцоно.
59.4.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн нэгж нь сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар тогтоох, өмчөө захиран зарцуулах эрхтэй байна.
59.5.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан болон сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.
Гурав.Олон нийтийн санал авах үеэр сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг сонгодог, аймаг, нийслэл, хот, баг, хорооны Засаг даргыг томилдог байх санал давтамж өндөртэй тавигдсаныг үндэслэн бүх шатны Засаг даргыг томилох, сонгохтой холбоотой оруулж байгаа өөрчлөлт:
Жардугаар зүйл
60.2.Аймаг, нийслэл, хотын Засаг даргыг тухайн нутгийн Хуралд танилцуулснаар Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар тус тус томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна.
60.3.Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэл, хотын Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргын сонгуульд иргэн хуульд заасны дагуу бие даан нэр дэвшинэ. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
Дөрөв.Хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахтай холбоотой заалт:
60.4.Хуульд заасан үндэслэлээр аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар аймаг, нийслэл, хотын Засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайдад, баг, хорооны иргэдийн дөрөвний нэгээс доошгүй нь баг, хорооны Засаг даргыг огцруулах саналыг сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргад өргөн мэдүүлсэн бол арван тав хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ. Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд нөхөн томилох асуудлыг арван тав хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
60.5.Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах саналыг аймаг, нийслэл, хотын Засаг дарга сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Хуралд оруулсан бол арван тав хоногийн дотор уг асуудлаар Хурал шийдвэр гаргаж, хариу мэдэгдэнэ. Хурал сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэл, хотын Засаг дарга томилно.
Дагаж мөрдөх хугацаа: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.
Categories
мэдээ нийгэм

Ноосны урамшууллыг малчдаас гадна үйлдвэрүүдэд олгоно

Засгийн газраас дотоодын үйлдвэрүүдээ дэмжих үүднээс энэ жилээс ноос самнаж ээрч боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж буй үйлдвэрүүдэд урамшуулал олгохоор болоод байна.

МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор хонь, тэмээний ноос бэлтгэн дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж буй малчдад ноосны урамшуулал олгож байгаагаас гадна ноосоор эцсийн бүтээгдэхүүн хийж буй үйлдвэрүүдэд урамшуулал олгож Засгийн газраас бодлогоор дэмжихээр болоод байна. Энэ талаар Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Эрдэнэбат, хонины ноос тэмээний ноосыг угааж эцсийн бүтээгдэхүүн гаргах ААН-үүдэд урамшуулал олгох шийдвэр гарсан. Тиймээс дунд шатанд ноос угааж самнаж ээрч боловсруулж буй ААН-үүд боловсруулалтандаа анхаарч, үйлдвэрлэгчид эцсийн бүтээгдэхүүн гаргахдаа үнийн хувьд зах зээлд нийцсэн, худалдан авах чадварт уялдсан нэмүү өртөг бүтээхэд анхаарах хэрэгтэй байна гэв.

Манай улс жилд дунджаар нийт 24 мянган тонн хонины ноос бэлтгэж үндэсний үйлдвэрүүд хагас болон бүтэн боловсруулж, гадаад болон дотоод зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Тодруулга: Манай улс 2010 онд баталсан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд МАА-н гаралтай түүхий эдийг нэмэгдүүлэх зорилгоор 2011 оноос МАА-гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэлд тушаахад урамшуулал олгож байхаар тогтсон юм. 2025 он гэхэд түүхий эдийн 80 хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ноос, ноолуурын салбарыг Монгол Улсын экспортын тулгуур салбар болгохоор зорьж байна.

Categories
мэдээ нийгэм

“Цаг хугацааны машин” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайханы “Time machine” буюу “Цаг хугацааны машин” үзэсгэлэн Зайсан дахь Белла Виста хотхоны “Q Art” галерейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна.

Эх орныхоо дүрслэх урлагийн нэр хүндийг дэлхийд гаргаж яваа түүний үзэсгэлэн өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагаар аялуулах ажээ.

Тэрбээр 2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Монголын Урчуудын Эвлэлийн хороонд хамтарсан үзэсгэлэн, 2016 онд “Маршал арт” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Түүнчлэн гадаадын 20 гаруй улсад бүтээлээ толилуулсан билээ.

Өнгөрсөн дурсамж дотор аж төрөх эсвэл алсарч одсон болон одоо цаг үе хоорондын зөрчил дунд амьдарч байх шиг мэдрэмж үзэсгэлэнд тавигдах зургуудаа сонгох үе өөрт нь төрөх шиг болсон учир “Цаг хугацааны машин” хэмээх нэр оноосон гэдгээ зураач тайлбарлаж байв.

Өнөөгийн даяаршсан нийгмийн их үерт үйж, урсахаар хамгаалах цорын ганц зүйл бол монгол гэсэн хэв маяг. Үүнийг С.Заяасайхан зураач сайн мэддэг. Дээр монгол ахуйг сюреализмаар чимэглэх арга барил нь дэлхийд танигдах нэг зам болсон юм. Монгол зураачдын хамгийн гол онцлог нь жаазнаас гадуур орших сэтгэлгээ юм. Энэ нь ямар нэгэн логик, дэс дараалал, юмсын хэлбэрт үл баригдах эрх чөлөөт задгай сэтгэлгээг эрхэмлэх явдал билээ. Тиймдээ ч “Цаг хугацааны машин” үзэсгэлэнгийн зургууд огт жаазгүй гэдгээрээ онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм

Эмийн сангууд эм бэлдмэлээс 10-15 хувийн ашиг олох боломжтой

Эрүүл мэндийн даатгалын санд сар бүр хураамж төлдөг хэрнээ ямарч тусламж, хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй байдаг. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа мэс засалд орохгүй бол эрүүл мэндийн даатгал ямар ч ашиг тусгүй хураамж татаас гэж ойлгодог. Эсвэл хөнгөлөлттэй эм олгодог аптекуудын үнийн дүн зөрүүтэй, хөнгөлөлттэй эм иргэдэд хүрэлцдэггүй нөхцөл байдал үүсдэг гэнэ.

Орхон аймагт хувийн хэвшлийн 57 эмийн сан, 8 эм ханган нийлүүлэх төв байдаг. Үүнээс 20 эмийн сан нь хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй. Тус эмийн сангууд нь 20-75 хүртэлх хувиар хөнгөлөлттэй үйлчилдэг. Тэгвэл Хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг эмийн сангуудад нэгдсэн үнэ тогтоох боломжгүй гэнэ. Учир нь өөр өөр эм ханган нийлүүлэх төвөөс эм татан авалт хийдэгтэй холбоотой юм.

Цаанаасаа авсан үнэ дээр эмийн сангууд 10-15 хувиар зарж борлуулах, ашиг олох боломжтой байдаг байна. Харин эмийн сангууд нэг төрлийн ,нэг үйлчилгээтэй эмийг 500-1500 төгрөгийн зөрүүтэй худалдаалж ард иргэдийн дунд төөрөгдөл, бухимдлыг төрүүлж байгаа тул энэ чиглэлд тавих хяналт зохион байгуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Төгсөгчид 2500 орчим хувиараас сонголт хийнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголт улс орон даяар 7сарын нэгнээс 5ны өдрүүдэд болох бөгөөд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Орхон аймгийн тухайд 12 р ангийг 48 бүлгийн 1292, өмнөх оны 130 төгсөгч, нийт 2470 гаруй төгсөгч хуваарь сонголт хийнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалт 6сарын 18 наас6р сарын 20 өдрүүдэд 11 хичээлээр зохион байгуулагдсан. Орхон аймгийн тухайд төгсөгчид оноо балаа тэр даруйд нь шударга, ил тод дүгнүүлсэн. Шалгалтын дүн мэдээгээр энэ жил 11 сурагч 800 оноо буюу дээд оноо авчээ.Тодруулбал математикаар 1, химиэр 1, гадаад хэл буюу орос англи хэлээр 9 сурагч тус бүр 800 оноо авсан байна. Төгсөгчдийн онооны жагсаалтыг өнөөдөр гаргаж байгаа бөгөөд энэ жилийн улсын их дээд сургуулийн босго оноо 480, хувийн их дээд сургуулийн босго оноо 410 байна. Өнөөдөр мөн ур чадварын шалгалтыг авч дууссан. Төгсөгчдийн нийт оноог 8 бүлгээр жагсааж, хуваарийг маргааш тарааж эхэлнэ.

Орон нутагт өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 2470 хүүхэд хуваарь сонголт хийх бөгөөд Орхон аймагт мөн ийм тооны хуваарь ирсэн гэнэ. Харин сурагчид Монголын их дээд сургуулийн консорциумын албан ёсны хуваарь тараалт эхлэхээс өмнө хувийн их дээд сургуулиас сонголт хийж бичиг баримтаа хураалгаснаар албан ёсны, гадныболон дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хуваарь сонголтыг авах эрх хязгаарлагдана гэдгийг холбогдох албанаас сануулж байна. Тиймээс эхний 2 өдөр хувийн их дээд сургууль болоод орон нутгийн сургуулиуд зөвхөн танилцуулга хийх гэнэ.

Дашрамд дурдахад энэ жил МҮЭХныдэргэдэх хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Орхон аймгаас сурах чин хүсэл эрмэлзэлтэй, бүтэн өнчин төгсөгчдийг босго оноо 400 хүрсэн тохиолдолд хөдөлмөрийн эдийн засаг,хүний нөөцийн менежмент,нийгмийн халамж хамгаалал,хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, нягтлан бодох бүртгэл гэсэн 5 мэргэжлээр элсүүлэн 4 жил 100 хувийн тэтгэлэгтэй сурах боломжийг олгож байна.


Categories
мэдээ нийгэм

Шадар сайд “Онцгой байдлын тэргүүний ажилтан” тэмдгээр Р.Сингхийг шагнав

Шадар сайд Ө.Энхтүвшин олон улсын Мерси Кор байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингхийг Монгол Улсын “Онцгой байдлын тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа. Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг дэмжих, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлснээ Шадар сайд онцлон тэмдэглэв.

Мерси Кор байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх “Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эхлүүлсэн төслөө дахин нэг жилээр сунгах хөрөнгийг босгож чадсаныг дуулгахад таатай байна. Өмнөх уулзалтын үеэр Шадар сайд Таны зөвлөж чиглүүлсний дагуу бид Монгол орны хил орчмын бүсэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа” гэв. Түүний Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа дууссан бөгөөд Мерси Кор-ын Африк дахь Суурин төлөөлөгчөөр томилогдоод байгаа юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улс дахь Мерси Кор байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд малчид маань хотондоо цаг агаарын болон малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хугацаа алдалгүй гар утсаараа мессеж хэлбэрээр хүлээн авдаг болсон нь техникийн том дэвшил юм. Малчдын ахуй амьдралд хэрэг болох илүү баялаг мэдээлэл бүхий мессеж хүлээн авах цаг ойрхон гэдэгт итгэж байна” хэмээн талархлаа илэрхийлэв.

Шадар сайд “Онцгой байдлын тэргүүний ажилтан” тэмдгээр Р.Сингхийг шагнав