Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван аймгийн 10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан.

Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон билээ.

Гэмтлийг сэргээн засварлахаар Эрдэнэт, Булган “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт 3 бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 кВ-ын 15 ширхэг, 0,4 кВ-ын 30 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана, нэг шугамын төгсгөлийн анкерыг босгож, гурван аймгийн 10 сумын цахилгааныг холбож хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

​Цагдаагийн есөн хурандаатай ангийнхан

Энэ удаагийн “Нэг анги” буландаа Цагдаагийн дээд сургуулийн Хуулийн салбарын ангийг 1997 онд төгссөн алба хаагчдыг онцолж байна. Цаг наргүй цагдаагийн албыг хашиж, эрдэм оюуныг хослуулан, ард түмний амар амгаланг сахиулах үйлст хүч зүтгэж яваа алба хаагчид 25 жилийн өмнөх өдрүүдээ дурсан, ангийн сонсогч бүрийнхээ нэрийг дурдаж, хэн хаана, хэрхэн ажиллаж байгаагаа ам уралдан ярилаа. Өнөөдөр тэд бүгдээрээ л албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн эрхмүүд болжээ.

Одоогоор тус ангийн 31 төгсөгчөөс цагдаагийн байгууллагад 17 хүн ажиллаж байгаа гэнэ. “Цагдаагийн хурандаа” цолтой ес, “Цагдаагийн дэд хурандаа” цолтой тав, газар, хэлтсийн дарга, тэнхимийн эрхлэгчээр есөн хүн ажиллаж байгаа аж. Ийм олуулаа удирдах алба хашиж, өндөр цолонд хүрч, хариуцлагатай албанд зүтгэж явна гэдэг аргагүй л бахархал юм. Тодруулбал, Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баяр энэ сарын 19-нд тохиосон билээ. Энэ үеэр эдний ангиас хугацааны цагдаагийн хурандаа цолоор Ц.Насанбат, Б.Түмэнбаяр нар шагнуулсан баярт мөч тохиожээ. Ингээд долоон цагдаагийн хурандаа цолтон байсныг ийнхүү ес болгож, гавьяа үйлсээ бэхжүүлжээ.

Эдний ангийн П.Батбаатар “Одоогоос 25 жилийн өмнө арван жилийн дунд сургуулиа төгссөн. Ингээд хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн, цагдаагийн байгууллагад ажиллаж байлаа. 1993 онд шижигнэсэн сайхан 34 залуу Цагдаагийн дээд сургуульд элсэн орж, Хуулийн салбарын 1ё ангид хуваарилагдаж байсан юм. Тэдгээр өдрүүдээ эргэн санахад амьдралд минь үргэлж илүү тод гэгээ нэмэх шиг санагддаг. Тухайн үед Замын цагдаагийн газарт зохицуулагчаар ажиллаж байгаад ирсэн С.Хасбаатарыг курсийн орлогч буюу ангийн даргаар сонгож байсан. Атгасан гар шиг нэгдэн, нэг хамт олон болж суралцаад 1997 онд 31-үүлээ сургуулиа төгссөн. Сургуульд сонсогч байсан үед сайн сурч боловсорч, инээж баясаж, тоглож наадаж, ангиараа хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн хэзээ ч мартагддаггүй. Дахин олдохгүй, хамгийн аз жаргалтай, дурсамж дүүрэн үе минь байсан юм” гэж ярилаа. Тэрээр одоо Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа юм байна.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баярсайхан нь тус ангийн онц сурлагатан байсан гэнэ. Тэрээр “Манай ангиас Хууль сахиулахын их сургууль, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэс зэрэг хуулийн бусад байгууллагад ажилладаг хүмүүс ч бий. Тухайлбал, С.Хасбаатар, У.Болдбаатар, Д.Борхүү, Б.Мөнхбаяр нар алба, хэлтэс, тасгийн даргаар ажиллаж байна. Бизнесийн салбарт л гэхэд Б.Ариунболд, Б.Сүрхийсайхан нар амжилттай ажиллаж ангийнхаа бахархал нь болж явна. Эх орноосоо алс хол Англид А.Дүүрэнжаргал, АНУ-д О.Алтан-Өлзий, Д.Дашмягмар, Ц.Сайханжаргал, БНСУ-д Д.Баттөмөр, Л.Наранбаатар, Ц.Цэрэндорж, Швед улсад С.Эндгэрэл нар гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа. Гэсэн хэдий ч тэд маань алс хол нутгаас хамт олонтойгоо үргэлж холбоо харилцаатай байдаг” хэмээсэн юм.

Тус ангийнхан 30 жилийн ойтойгоо золгоход цөөхөн жил үлдсэн байгаа ч гэсэн он цагийн урсгалд бие биенээ мартаагүй, нэг нэгнийхээ хийж, бүтээж байгаад нь сураг тавина гэдэг одоо цагт ховордсон чанар билээ. Тиймээс аргагүй л амь нэгтэй хамт олон гэдэг нь тод харагдаж байв. Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа T.Баатар “Сургуулиа “Онц” дүнтэй төгссөн И.Батчулуун, Б.Баярмандах нар маань шууд “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор шагнуулж байсан. Тэгэхэд ангийн багш, цагдаагийн дэслэгч Б.Батцэрэн “Шавь нарын маань хоёр нь надаас том цолтой, бусад нь надтай адилхан цолтой болчихлоо шүү дээ” гээд хошигнож байсан нь хөгжилтэй. Энэ үе огт мартагддаггүй юм” хэмээн инээмсэглэн ярилаа.

Он цагийн шалгарлыг даван туулж ирсэн тус ангийн хамт олон энэхүү үерхэл нөхөрлөлийн нандин холбоогоо гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээ гэсээр үргэлжлүүлж явна. Ангийн зарим нөхөд нь бурхны оронд одсон ч тэднийгээ мартаагүй, үргэлж дурсан санаж явдгаа ч илэрхийлж байсан юм. Мөн ангийн цагдаагийн хурандаа Т.Баатар “Мөрдөн байцаах албанд ахлах мөрдөн байцаагч байсан цагдаагийн дэд хурандаа А.Пүрэвхүүгийн хүүг Хууль сахиулахын их сургуульд элсэн ороход ааваас нь дутуугүй хандаж, бид тусалсан. Дорнод аймагт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад бурхан болсон цагдаагийн дэслэгч С.Тулгынхаа охиныг мэргэжлийн сургалтад хамрагдаж, ажилтай болоход нь тусалж дэмжсэн л дээ. Энэ нь бидний үүрэг юм даа” гэж хэлэв. Бие биенийхээ үр хүүхдийг хайрлаж, хүндэлж, амьдралын замд нь хөтөлнө гэдэг үлгэр дуурайл болохоор сайхан чанар. Хүний амьдралын хамгийн сайхан нь бие биенээ хайрлаж хүндлэх гэдгийг эдний ангийн хамт олны халуун дулаан яриа, төлөвшил хүмүүжлээс нь харж болно.

Ангийнхнаасаа цагдаагийн хурандаа Т.Баатар анхлан ОХУ-ын Москва хотод Дотоод явдлын яамны Удирдлагын академийг 2008 онд төгсөж, түүний дараа цагдаагийн хурандаа И.Батчулуун 2010 онд энэ Академийг “Онц” дүнтэй төгсч байжээ. Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун “Би ийм сайхан залуустай нэг ангид суралцсан болохоор ажил алба маань өөдрөг байдаг гэж бэлгэшээн бодож, бахархдаг” гэдгийг хэлж байлаа.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр онцгой гавьяа байгуулж дэлхийн 7-8 улс орноос сайн ажилласан нэг хүнийг АНУ-ын Төрийн департаментаас баатраар тодруулж өргөмжлөл олгодог. Дээрх өргөмжлөлийг Монгол Улсаас анх удаа 2008 онд энэ ангийн төгсөгч одоо Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түмэнбаяр хүртсэн нь ангийнхны бас нэгэн бахархал юм. Ц.Насанбат нь ч гэсэн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд цагдаагийн хурандаа цол хүртсэн нь баярлаж, бахархмаар сайхан үйл явдал болжээ. Ангийн багш Н.Гантулга “Хурандаа” цолтой, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа аж. Хичээл заадаг байсан багш нар нь ямагт үнэт сургааль хэлж, хүн чанартай байх зэргийг зааж сургасан байна. Ангийн дарга буюу курсийн орлогч, цагдаагийн дэд хурандаа С.Хасбаатар Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Албаны бэлтгэлийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, бие хамгаалах урлагаар амжилттай хичээллэсэн нэгэн гэнэ. Тэрээр Монголын гардан тулааны холбооны хар бүс, тавдугаар дантай, Каратэгийн төрлөөр Монгол Улсын спортын мастер цол хүртсэн ажээ. Мөн Цагдаагийн байгууллагын “Цагдаа” цогцолбор тэмцээнд олон удаа оролцож алт, мөнгө, хүрэл зэрэг зургаан медаль хүртсэн талаар ярилаа. С.Хасбаатар нь Цагдаагийн байгууллага, Хууль сахиулахын их сургуулийн бахархал болсон алба хаагч болжээ.

Мөн АНУ-ын Сан Франциско хотод амьдарч байгаа Д.Дашмягмар багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан чадварлаг тамирчин гэнэ. Тэрээр АНУ-д хувийн “Даша дожо” каратэгийн дэвжээг нээн ажиллуулсан төдийгүй шавь нар нь Америкийн олон тэмцээнд аваргалж, амжилт үзүүлдэг байна. Тиймээс түүнийг мундаг үлгэр жишээ болохуйц багш болсон гэдгийг ангийнхан дуу нэгтэйгээр дурслаа. Ангийн С.Эндгэрэл нь Швед улсад амьдарч байгаа. Монгол шагайн харваагаар хичээллэж, Европын тэмцээнүүдэд хоёр удаа түрүүлжээ.

Ангийнхнаас Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр хүн, Цэргийн гавьяаны одонгоор гурав, Цэргийн хүндэт медалиар 15, “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр хоёр, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр нэг, “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр нэг, “Цагдаагийн алдар”, “Цагдаагийн гавьяа” хүндэт тэмдгээр 12, “Монгол Улсын спортын мастер” цолоор хоёр хүн шагнагдсан байна. Мөн хууль зүйн ухааны магистр найм, докторант нэг, Үндэсний бөхийн “Аймгийн заан” цолтой нэг төгсөгч байгаа нь энэ ангийн хамт олон аливаа ажилд идэвх зүтгэлтэй, тууштай ханддаг, хөдөлмөрч зан чанартайг нь илтгэж байгаа юм.

Нэг хамт олон болж, бие биенийхээ алдаа оноо, жаргал зовлон, ололт амжилтыг одоо хүртэл хуваалцаж нэгэн гэр бүлийн хүүхдүүд шиг ижилсэж, ихэрлэж явна гэдэг ховорхон хувь тохиол. Суралцаж эхэлсэн намтар түүхийг уншиж, анд нөхдөө дурссан халуун яриа нь үргэлжилж, бурхны оронд одсон нэгнийхээ үр хүүхдийг дэмжсэн, зүтгэсэн, сургуульдаа хүндэтгэл үзүүлсэн, сургаж заасан эрдэмтэн багш нараа дурссан гээд “Нэг ангийнхан” гэж ийм л байх ёстой доо гэж бодогдмоор олон гэгээн сайхныг дэлгэлээ.

Ангийн хайрын түүхийг ч бас өгүүлэхгүй байж боломгүй. Тэр үед шефийн холбоо гэж анги, байгууллага бүхэнд байдаг байж. Энэ нь ямар нэг үйл явдал зохион явуулдаг холбоо юм байна. Эдний ангийнхан Анагаахын их сургуулийн эмчилгээний нэг ангитай шефийн холбооны үеэр харилцаа холбоо тогтоосноор хоёр ангиас одоо гурван хос гэр бүл болжээ. Ингээд тэд олон хүүхдийн аав, ээж болон аз жаргалтай амьдарч байгаа аж. Уг гэрлэсэн гурван төгсөгч гурвуулаа “Цагдаагийн хурандаа” цолоор шагнагдсан нь ч ховор тохиолдол юм билээ.

Өнгөрсөн жил төгсөлтийнхөө 20 жилийн ойг тохиолдуулан ангиуд хамтран тэмдэглэж, төрөлх сургуульдаа Сонсогчийн хөшөө, талбайг бүтээн байгуулж, мод тарьж тохижуулжээ. Үүнийг 1997 оны төгсөлтийнхөн төдийгүй Хууль сахиулахын их сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчид бахархан дурсах сайхан үйл явдал болсон гэдгийг ч онцлов.

Categories
мэдээ цаг-үе

​Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох: Бүрэнтөгс арслантай сайхан салхилж барилдъя гэж бодон давхар ачин давсан

Заг сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтохтой уулзаж ярилцлаа. Тэрээр өнөө жилийн наадамд үнэн хүчийг үзэн барилдаж түүхт Хүрэн бэлчир, Залаа, Чандмань овоо, Загийн голдоо улсын начин хэмээх цолыг анх удаа авч ирсэн билээ.

-Төрсөн нутгаараа овоглож явахаас сайхан зүйл хаа байх сан билээ?

-Би Баянхонгор аймгийн Заг сумын харьяат хүн. Аавыг маань Б.Дашдорж, ээжийг минь Болормаа гэдэг. Миний хувьд 1992 онд төрсөн айлын ганц хүү.

-Заг сумын сургуульдаа хэддүгээр анги төгстөлөө суралцав?

-Нутагтаа би дөрөвдүгээр ангиа төгсгөөд нийслэл хот руу шилжиж ирсэн. Хотод ирээд IV хорооллын 86 дугаар сургуульд суралцаж, жүдогийн секцэд явдаг байлаа. Энэ сургуульд зургадугаар ангиа төгстөл суралцаад “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн лицейд шалгалт өгч тэнцэн орсон.

-Япон руу нэг явж байсан санагдах юм?

-“Ирээдүйн аваргууд” сумогийн тэмцээнд түрүүлэн, Кекүшюзан Д.Батбаярын зодог тайлах ёслолд очиж оролцож байсан. 2007 оны долдугаар сард наадмын бэлтгэлд Баянхонгорынхоо бөхчүүдтэй гарчихсан байж байхад Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Японоос хүмүүс ирчихсэн шалгалт авч байгаа юм байна” гээд намайг авчирч шалгуулсан. Тухайн үедээ ч юунд шалгаж байгааг сайн ойлгоогүй өнгөрлөө. Сүүлд аравдугаар сард “Тэнцсэн байна” гээд Японы сургуулийн урилга өгсөн. Ингэж Японы Нагаяогийн жүдогийн сургуульд дөрвөн жил суралцсан.

-Жүдогоороо аль хэр амжилт үзүүлж байв?

-Жүдогийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт орж байсан. Бүстэй барилдаан, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хэд хэдэн медаль авч байлаа.

-Заг сум бөх аль хэртэй нутаг билээ дээ?

-Аймгийн арслангууд бол нэлээд хэд байдаг. Дээр үеийн бөхчүүдийг би сайн мэдэхгүй. Аймгийн арслан Баасанбат ахыг сайн мэднэ. Аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр ах маань байна.

-Заг сумаас түүхэндээ анх удаа улсын цолтон төрлөө гэж зарлаад байх шиг байсан?

-Анхны улсын цолтон нь би болж байх шиг байна.

-Аав тань барилддаг байв уу?

-Аав маань намайг бага байхад сумын наадмын тавын даваанд Анхныбаяр гэдэг ахтай тунаж барилдаад гараа хугалж байсан ч гэл үү. Би жаахан хүүхэд байсан болохоор тэрийг нэг их сайн санадаггүй юм аа. Сумын начин цолтой, үедээ сайхан барилддаг л бөх байсан гэх юм билээ.

-Аав, ээжийн чинь талд бөхийн удамтай хүн байдаг бол уу?

-Манай ээжийн талд Самбуу гэж аймгийн цолтой хүн байсан гэдэг. Ээж маань Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул хүн.

-Үндэсний бөхийн анхны амжилтаа дурсахад сонин доо?

-Би 2011 онд Заг сумынхаа наадамд барилдаж сумын начин цол авсан юм. Тухайн үедээ жүдогоор барилддаг байсан болохоор үндэсний бөхийн бэлтгэл хийдэггүй байсан. Хойтон жилийнх нь наадамд сумандаа түрүүлж заан цол авлаа. 2013 онд сумын заан цолоо баталж байсан.

-Сумын заанаас цэргийн цол хүртсэн байх аа?

-Сумандаа түрүүлсэн жилийнхээ намар аравдугаар сард цэрэгт явж албаа хаагаад халагдахдаа “Үндэсний бөхөөр барилдъя” гэсэн бодолтой ирсэн. Үндэсний бөхийн бэлтгэлдээ 2014 оноос тууштай хичээллэж эхэлсэн дээ. Ингээд 2015 оны Бүх цэргийн наадмаар тав давж цэргийн начин болж, 2016 онд түрүүлж цэргийн арслан болсон. Аймгийн арслан М.Бадарчтай барилдан түрүүлж билээ. Өнгөрсөн наадмуудын бэлтгэлээ Монгол Улсын харцага Даш-Очирын Батболд багшийн удирдлага дор “Их Богд” дэвжээнд базааж байлаа.

-Энэ жилийн хувьд наадмын бэлтгэлээ хаана хангав?

-Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан ахын санаачлан байгуулсан “Хонгор нутаг” дэвжээнийхэнтэй наадмын бэлтгэлд гарсан.

-Улсын харцага Н.Золбоо та нар чинь тусдаа бэлтгэлд гарсан байл уу?

-Бид тусдаа бэлтгэлд гарсан. Манай дэвжээнд аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү тэргүүтэй тавиад бөхчүүд байлаа. Багш-дасгалжуулагчаар аймгийн арслан Дамдин, Отгонням, аймгийн заан Батгэрэл, “Хилчин” спорт хорооны Лувсанпүрэв гэсэн дөрвөн багштай гарсан.

-Ахмад бөхчүүд, дасгалжуулагчид тань юу гэж зөвлөж байв?

-Бид нэг их юм яриагүй. “Өөр өөрсдийн барилдааныг гаргаж барилдана” гэж ярилцаж байлаа.

-Энэ жилийн наадмаар өөрөө их сайхан хувирч, барилдааны хувьд тэсрэлттэй байгаа чинь анзаарагдаж байсан шүү…

-Ер нь яахав, бяртай байгаад тэсэрч барилдахгүй бол дан ганц бяраар хүнтэй барилдаад хаяхад хэцүү л дээ. Миний жаахан тэсрэлттэй барилдсан гэдэг маань жүдогоор барилдаж байсны гавьяа гэж боддог юм.

-Наадмын хоёрын даваанаас эхлээд учраанууд чангараад ирэх шиг болсон шүү?

-Хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Нурланы Мустафатай нугалаагаар таарч барилдан давсан. Гурвын даваанд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, улсын начин Чулуунбатын Цогбаяртай барилдсан.

-Дөрвийн давааны нугалаанд Монгол Улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнийг хэд хэд дүүгүүрдэн эргүүлж сайхан давсан. Гарьдтай таарна гэж бодож байв уу?

-Би яг таарна ч гэж бодоогүй. Гэхдээ улсын гарьд, улсын заануудаас ер нь нэг их зөрөхөөргүй байсан. Гарьдтай барилдахад дэвжээн дээр гарснаас хойш биеэ барих зүйл байгаагүй. Ямар ч байсан өөрийнхөө мэхийг хийгээд зоригтой сайхан барилдъя гэж бодсон. Тэрүүгээрээ санасандаа хүрч сайхан л барилдлаа.

-Монгол Улсын хүчит арслан Пүрэвийн Бүрэнтөгс өөрийг чинь тавын даваанд амлахад их зүрхшээж бэрхшээв үү?

-Жаахан бэргэж байсан тал байгаа л даа. Ямар сайндаа улсын заан Мягмарсүрэн “Чи ямар улангассан баавгайтай таарчихаа юу. Адилхан л хүн юм чинь өөрийнхөөрөө барилд” гэсэн үг их зориг оруулсан. “Намайг ямар талбай дээр гаргаад алж хядах гэж байгаа биш. Юунаас нь ч айх вэ” гээд санаснаа хийж л барилдъя гэж бодсон. Нагац ах Авэрмэдийн Пүрэвсүрэн, Эрдэнэхүү арслан нар маань ч зоригжуулсан.

-Бүрэнтөгс арслангийн хувьд энэ жилийн наадмын үзүүр түрүүнд л яригдаж байсан бөх шүү?

-Монгол хүн бүхэн, наадамчин олон бүгд л арсланг дээшээ сайхан барилдана гэж бодож байсан л даа. Миний хувьд гараад, дайраад, сайхан салхилж барилдая л гэж бодсон. Жаахан удвал тэр хүнтэй чинь золгоод, барилцаад авна. Ер нь хэцүү шүү дээ, том биетэй хүн чинь. Жин их, арал бяртай. Бярдуулах ч магадлал өндөр. Тиймээс л бодсоноороо давхар ачсан.

-Та хоёрын биеийн жин, өндөр намын хувьд аль хэр зөрүүтэй бол?

-Бүрэнтөгс арслан надаас гуч, дөчин килограммаар илүү байх. Өндөр ч гэсэн арав гаруй сантиметр өндөр байх.

-Өөрөө ямар жин, өндөртэй билээ?

-Би одоо нэг метр 87 сантиметр өндөр. Жин 128 килограмм байсан. Одоо юу болж байгаа юм бол доо.

-Зургаагийн даваанд Баянхонгор нутгаас Н.Золбоо арслан та хоёрын хэн нэг нь харцага болох нь тодорхой тунаж үлдэн барилдсан. Начин цолондоо өөрөө сэтгэл жаахан ханасан тал байв уу гэж анзаарагдсан даа?

-Золбоо маань чөлөөт бөхөөр барилддаг болохоор ажиллагаа ихтэй бөх л дөө. Золбоотой чинь ер нь сэрмэж барилдана гэдэг хэцүү шүү дээ. Би их амарчихсан байсан болохоор халаалтгүй, зуурчихсан тал байгаа. Цочир шууд гараад барилдсан болохоор бие халаалт муудсан. Тэрнээс начин цолондоо ханасан зүйл байхгүй. Эндээсээ улсын наадамд цолоо ахиулж барилдана л гэж бодож байгаа.

-Өөрийг чинь бөхийн спортод уруу татсан хүн гэвэл дэлхийн аварга Халтмаагийн Баттулгыг гэхэд хилсдэхгүй юм байна?

-Ер нь намайг бөхөд уруу татсан хүн гэж Ерөнхийлөгчийг хэлж болно. Гэхдээ хамгийн анх бөхөд уруу татаж, барилдах урам зориг өгсөн хүн бол миний аав, нагац ах Пүүжээ хоёр л доо. Тэр хоёр маань л “Миний хүү барилдана. Миний дүү түрүүлнэ” гэж сэтгэл харамгүй сайхан үгээр шагнадаг байсан. Дунд сургуулийн хичээлийн амралтаар Пүүжээ ах минь л хот руу дагуулан ирж бөх үзүүлнэ. Нармандах харцага, аймгийн заан Батгэрэл хоёртой хамгийн анх нагац ах маань л уулзуулж байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч 2006 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хүүхдүүд барилдуулсан. Тэрэнд нь ч би сайн барилдаж амжилгүй хоёрын даваанд ойчсон. Тэр үед намайг “Бөх болох дуртай юу” гэж л байсан. Би ч тухайн үедээ нэг их юм яриагүй. Харин аав, ээж хоёр маань л “Ийм сайхан боломж олдож байгаа дээр яваад сайхан бөх болчих” гэж ятгасан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цолныхоо үнэмлэхийг гардаж аваад хамгийн түрүүнд юу бодогддог юм байна?

-Улсын начин цолоо Ерөнхийлөгчөөс гардаж аваад аав, ээж хоёроо л их бодсон доо. “Аав, ээж хоёр маань байсан бол хамгийн түрүүнд л над руу залгаад ярих байсан даа” гэж бодогдсон. Энэ дайтай яваагаа аав, ээж хоёртоо харуулж чадаагүйдээ л их харамслаа. Тэр хоёр маань их л баярлах байсан даа. Цол авсан бусад нөхөд маань аав, ээж рүүгээ яриад хөөрч байхад надад ярих ч хүн байхгүй нь их муухай байлаа. (санаа алдав. Л.Б)

-Тэгэхдээ хүний зэрэгт хүргэж яваа нагац ах чинь байна даа?

-Пүүжээ ах минь байсаан. Гэхдээ л аав, ээж маань юун түрүүнд бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд л ах дээрээ очсон. Ах уйлаад, тэвэрч аваад л. Аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж яваа нагац ах Пүүжээдээ маш их хайртай шүү. Баярлалаа гэж танаар дамжуулж хэлье дээ. Ах маань Улаанбаатар хотод амьдардаг, “Арвижих” компанийн захирал хүн дээ.

-Улсын начин цолны тань найр энэ сарын 20-21-нд Баянхонгор аймгийн Заг суманд болох тов гарсан байсан. Нутаг усныхан чинь ярьж байна уу?

-Хамгийн түрүүнд нутгийнхан ярьсан. Сумын Засаг дарга Д.Мөнхнасан, нутгийн хөгшчүүл, аав ээжийн минь найзууд бүгд ярьцгааж байна лээ. Найр наадмын тухайд би сайн мэдэхгүй л явна. Ямар ч байсан тов нь гарчихсан л байгаа.

-Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээж авч уулзлаа гэв үү?

-Сайд “Алдар” спорт хорооны бөхчүүдээ өнөөдөр (өчигдөр. Л.Б) хүлээж авч уулзлаа. Манай “Алдар”-ын бөхчүүдээс аварга Санжаадамба үзүүрлэсэн. Аймгийн арслан Бэгзсүрэн, Ш.Мөнгөнбаатар нар улсын харцага цол хүртсэн. Аймгийн арслан Амаржаргал бид хоёр улсын начин боллоо. Бид бүгдийн цэргийн цолыг ахиуллаа. Миний хувьд “Алдар” спорт хороо, Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн 339дүгээр ангийн бөх гэж явдаг. “Малчин” телевиз, “Хангайн даваа” компанийн захирал Жаргал ахдаа үргэлж тусалж дэмждэгт нь баярлаж явдаг даа.


Categories
мэдээ нийгэм

Буруу талдаа хүрдтэй машинуудад гэрлийн тусгал сарниулах наалт нааж байна

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйн улмаас зам тээврийн осол гарах хандлага буурахгүй байгаа статистик байна. Ослыг бууруулах зорилгор Замын цагдаагийн газрын албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагчийг нааж эхэлжээ.

Уг наалт гэрлийн тусгалын гялбуулах хэсгийг сарниулдаг эерэг нөлөөтэй аж. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг “anti lights”-ыг зарим автомашинд үнэгүй нааж өгч байгаа юм байна. Мөн энэ үеэрээ гэрлийн гялбааны талаар жолооч нарт хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж байгаа гэсэн.

Шөнийн цагаар гарч буй зам тээврийн ослын 60 хувь нь энэ төрлийн үйлдлээс болдог ажээ. Ялангуяа буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийн нүдийг хүчтэй гялбуулдаг сөрөг нөлөөтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахыг шаардав

Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сумдын Засаг дарга, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарт албан даалгавар хүргүүлжээ. Тодруулбал, аймгийн Засаг даргын долдугар сарын 24-ний өдрийн 03 дугаар аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгавар өгсөн байна. Энэ жил 19 сум тус бүр сумынхаа аюулгүй нөөцөд 50 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэх аж. Мөн малчдын түвшинд сум тус бүр 3000-5500 тн өвс, 40-90 тн гар тэжээл буюу нийт 80,000 тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэх юм.

Аймгийн нөөцөд 450 тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгэх юм. Аймгийн аюулгүй нөөцөд 33 албан газар, байгууллагууд ажиллаж байгаа хүнийхээ тооноос хамааран 500 кг-аас 6600 кг өвсийг бэлтгэж өгөхөөр тооцоолж албан даалгаварт хавсаргажээ. Албан даалгавар нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, сум, багийн Засаг дарга, малчид, мал бүхий иргэд, төв, суурийн газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах гэсэн дөрвөн чиглэлээр гарсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас долоон хүн гэмтжээ

osol baynhoshuu

Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуунд хүнд даацын том тэрэг өнөө өглөө ноцтой осол гаргасан. Тодруулбал, өглөө 11.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуунд тоосго ачиж явсан том автомашин амбаар ачиж явсан том тэрэгтэй мөргөлдөж нэг нь замын хажуу хашлага руу унасан.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тоосго ачиж явсан том автомашин замын дэргэдэх ТҮЦ-ийг мөргөжээ. Ослын улмаас нийт долоон хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн ТҮЦ-нд худалдаа хийж сууж байсан 15 настай охины биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдсэн талаар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Өмнөговь аймгийн Даланзадгадаас Баяндалай хүрэх чиглэлийн замаар зорчихгүй байхыг анхааруулав

Өмнөговь аймгийн Даланзадгадаас Баяндалай хүрэх чиглэлийн хатуу хучилттай авто замын 58-60 километрт 30 орчим метр газар 2018 оны 07 дугаар сарын 27-28-ны шөнийн орсон борооны улмаас эвдэрсэн байна.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар тус чиглэлийн замаар зорчихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим бүртгэлд өчигдрийн байдлаар 38740 хүүхэд бүртгүүлжээ

Цэцэрлэгийн хүүхдийг цахимаар бүртгэж эхлээд гурав хонож байна. Ирэх сарын 23 хүртэл 30 хоногийн хугацаатай явагдах цахим бүртгэлд өчигдрийн байдлаар 38740 хүүхэд бүртгүүлжээ. Тодруулбал, цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлсэн эхний өдөр 31354, хоёр дахь өдөр 7386 хүүхэд бүртгүүлээд байгаа юм.

Цахимаар хүүхдээ бүртгүүлж чадахгүй байгаа мөн интернэт ашиглах боломжгүй бол харьяа дүүрэгтээ хандах боломжтойг албаныхан сануулсан. Харьяа дүүргүүдэд туслах ажилтан ажиллаж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Мал амьтны галзуу өвчин илэрчээ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн “Цэцэрлэг”, “Бүгдгээн” гэдэг газар мал амьтны галзуу өвчин бүртгэгдсэн тухай мэдээлэв. Тус суманд 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Эрсдэлд өртсөн тохиолдол байхгүй. Голомтот нутгийн 19 хүнд үзлэг хийж, гурван хүнд вакцин хийсэн.

Нийт найман өрхийн 38 хүн амд галзуу өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын дархлаажуулалтын хамралт улсын хэмжээнд 65.5 хувьтай байна

Тарваган тахлын дархлаажуулалтын хамралт улсын хэмжээнд 65.5 хувьтай байна. Хэнтий, Баян-Өлгий, Улаанбаатар, Төв аймгийн дархлаажуулалтын хамралт өндөр буюу 90-100 хувьтай Ховд 39.7хувь, Увс 46.5 хувийн хамралттай байна.
Мөн долдугаар сарын 24-нд СХД, БЗД-ийн хэмжээнд хоёр удаагийн ирүүлсэн амьтны дуудлагад үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ хийхээр хүлээн авав. Он гарсаар нийслэлийн 6 дүүрэгт (БЗД, БГД, ХУД, СБД, СХД, ЧД)-ийн хэмжээнд нийт 30 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин үүсгэгч илрээгүй байна.