Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ сарын 3-6-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр хоол, хүнсний аюулгүй байдалд хөндлөнгийн хяналт тавин, хариуцлагатай жижүүр ажиллуулж, шуурхай удирдлага, мэдээллээр ханган ажиллаж байна.
Month: July 2018
Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын орчноор дамжуулан хүүхдэд юмс үзэгдлийн талаарх ойлголт, байгаль орчныг хамгаалах хандлагыг зөв төлөвшүүлэх нь чухал нөлөөтэй байдаг. Учир нь хүүхэд 3-5 насандаа амьдралын туршид авах мэдээллийнхээ 70 хүртэлх хувийг авдаг гэсэн судалгаа бий. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хүрээлэн буй орчны танин мэдэхүйн сургалт багтдаг боловч тухайн хичээлийн хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл цэцэрлэг бүрд харилцан адилгүй байдаг.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилга, Дэлхийн байгаль хамгаалах сан, Нийслэлийн Байгаль орчны газрын дэмжлэгээр цэцэрлэгийн орчинд экологийн боловсрол олгох загвар тохижилтыг нийслэлийн 242 дугаар цэцэрлэгт хийж, хүлээлгэн өглөө.
Цэцэрлэгийн зай талбай, сургалтын стандартад нийцүүлэн тохижуулсан орчинд хүүхдүүд шувуу, загас, гэрийн тэжээмэл амьдыг хооллох, судлах, тасалгааны ногоон ургамал, цэцэг тарих, гадна талбайд өөрийн гараар туршиж үзэх боломжийг бүрдүүлсэн ба нэг бүлгийн бүх хүүхдэд хүрэлцэхүйц багаж хэрэгсэл, материалуудыг бэлтгэсэн. Цаашид уг тохижилтын ажлыг бусад цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын төвүүдэд загвар болгон ашиглах юм.
“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага” MNS 6558:2015 стандарт 2016 оноос мөрдөгдөж эхэлсэн бөгөөд цэцэрлэгийн орчинд тавих норматив шаардлагыг заавал дагаж мөрдөх эрхзүйн хэм хэмжээтэйгээр тусгасан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг хэмнэх, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чухал түлхэц болж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын орлогч, гүйцэтгэх захирал Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг эко хот байгуулах чиглэлээр санал солилцож, хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөтгөн бэхжүүлэх талаар ярилцав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Бид асуудлаа дотооддоо ярихаас гадна олон улсын хэмжээнд, тэр тусмаа зүүн хойд Азийн хотуудтай ярилцаж, санаачилга гарган ажиллаж байна. Өнгөрсөн сард зүүн хойд Азийн 6 улсын 16 хотын удирдлагуудыг оролцуулсан форум зохион байгуулсан. Форумаар агаарын бохирдлыг бууруулж, чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах талаар ярилцсан. Улаанбаатар хот Засгийн газартай хамтран агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ирэх оноос эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлүүлэхгүй, сайжруулсан түлш хэрэглүүлэхээр болсон. Ингэснээр агаарын бохирдол 45-50 хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа” гэж хэллээ.
Кавей Захадит “НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж харагдаж байна. Бид байгаль орчны чиглэлээр “Нэксус” төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээг тэлж, улам өргөжүүлж болно. Мөн эдийн засгийн чиглэлд, ЖДҮ-ийг дэмжих зэрэг гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Энэ чиглэлүүдэд та бүхний гаргасан санал дээр тулгуурлан шууд хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газар дээр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг хоёр жилийн өмнө нээсэн.
Тэгвэл энэ жил тус цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын нэмэлт ажил хийгдсэн байна. Тодруулбал, баавгай, буга, хэрэм зэрэг 50 гаруй зүйлийн 200 гаруй амьтны баримлыг цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ. Үүнээс гадна эвдэрч гэмтсэн тоглоомуудыг засан, орчныг камержуулж, усалгааны систем байрлуулан, цэцэрлэгжүүлсэн байна.
Залуус руу чиглэсэн “Оюу форум” нээлттэй чуулган өнөөдөр өндөрлөлөө. Чуулганаар нийт долоон сэдвийн хүрээнд нэгдсэн болон салбар хуралдаанууд хуралдсан байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжил, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, гарааны бизнесийн экосистем, хиймэл оюун ухаан зэрэг сэдвээр хэлэлцжээ. Энэхүү салбаруудын төлөөлөл хүрэлцэн ирж, хурлыг удирджээ.
“Өсвөрийн парламент нийгэмлэг” ТББ уг чуулганыг зохион байгуулжээ. Уг төрийн бус байгууллагын тэргүүн Б.Али “Аливаа улсын шинжлэх ухааны хөгжил тухайн улсын шинжлэх ухаан технологийн паркаар дамжин хөгждөг. Монгол Улсад шинэ технологиудыг үйлдвэрлэж, гарааны бизнес эхлүүлэхэд технологийн паркийн хөгжил маш чухал. Үүний тулд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тухайн паркийг авч явж буй хүмүүс нь мэдлэгтэй, чадвартай байх ёстой. Мөн гадаад орноос мэргэжилтэн авчирч туршлага судалж болно” гэлээ.
Форумын хүндэт зочноор МУГБ, доктор профессор Б.Галиндэв, “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх, “Коллпро” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн, зохиолч Ц.Оюунгэрэл нар оролцсон байна.
Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдлээ. Хэлэлцүүлэгт 15-42 насны нийт 1250 хүн оролцсон байна.
Э.АНХМАА
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд энэ сарын 5-ны өдрийн 08:30 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаяна. Улсын хэмжээнд 207 эмнэлгийн 16611 ажилтан ажил хаялтад оролцохоо шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ. Үүнээс нийслэлийн 98, аймгийн төвийн 21, сумд 88 эмнэлэг байна. Хөдөлмөрийн хамтын маргааны нэг тал болох Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсан тул ажил хаях эрх хуулийн хүрээнд үүссэн гэж үзжээ.
Энэ хугацаанд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ, гэмтэл, мэс засал, төрөх,хүүхэд, нярай, сэхээн амьдруулах зэрэг хүний амь настай шууд холбоотой үйлчилгээ үзүүлнэ. Ингэхдээ “Бид ажил хаялтад оролцож байна” гэсэн наалтыг энгэртээ зүүж, өргөсөн тангарагтаа үнэнч байна гэдгээ илэрхийлэх аж.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн хобооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалин орлого нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулахын төлөө, хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг тэмцэл хөдөлгөөнийг тасралтгүй зургаан сар зохион байгуулсан. Энэ хугацаанд 32 удаа шаардлага хүргүүлсэн. Мөн V сарын 29-ний өдөр “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр”-ийг Эрүүл мэндийн сайд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй зөвшилцөн байгуулсан. Гэтэл ХНХЯ хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр бүртгэж авахаас татгалзсан. Иймд тэмцлээсээ алхам ч ухрахгүй. Ажил хаялт зохион байгуулахтай холбоотойгоор эмнэлгийн ажилтнуудыг ажлаас халах тухай сүрдүүлж байгаа хууль бус дарамт, шахалтаа зогсоохыг шаардаж байна” гэв.
Ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг бүхий арван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан хуульчдын баг ажиллаж байна.
Э.АНУДАРЬ
БОАЖЯ, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн хамтран “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг бий болгох чадавхийг бэхжүүлэх замаар Монгол Улс дахь Олон улсын химийн бодисын асуудлаар стратегийн механизм (SAICM)-ын хэрэгжилтийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төслийн хүрээнд НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх, холбогдох яамд, аж ахуй нэгж, байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд сургалтад хамрагдлаа.
Сургалтын үеэр НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг улс орнуудад бий болгоход олон улсын байгууллагууд хэрхэн дэмжлэг үзүүлдэг болон цаашид БОАЖЯ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн, Бүгд Найрамдах Серби Улсын Байгаль хамгаалах яамны төлөөлөл тухайн улсад бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийг хэрхэн бүртгэж, мэдээллийн санд нэгтгэн олон нийтэд түгээж буй талаар туршлага хуваалцлаа.
Ази Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны 2018 оны хурал, олон улсын татварын форумыг Улаанбаатар хотноо ирэх есдүгээр сарын 12-14-нд болно.
Ази Номхон далайн орнуудын татварын зөвлөхүүдийн нийгэмлэг буюу AOTCA нь 1992 онд байгуулагдсан, тус бүс нутгийн 13 улсын 19 мэргэжлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага байдаг аж. Тус нийгэмлэгийн гишүүд жил бүр хуралдаж нийгэмлэгийн үйл ажиллагааны тайлан, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэхээс гадна тухайн цаг үед олон улсад татварын чиглэлээр асуудал болж буй гол сэдвээр олон улсын форум зохион байгуулдаг юм байна. Монголын Татварын Мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг нь AOTCA-ын гишүүнээр 2002 онд элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож иржээ. Үүний үр дүнд ТМЗН нь АОТСА-ын 2018 оны жилийн хурал, олон улсын татварын форумыг эх орондоо зохион байгуулахаар сонгогдсон байна.
Хурал, форумыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа ба бэлтгэл ажлын явц нилээд сайн байгааг зохион байгуулагчиддуулгалаа. Тухайлбал, есдүгээр сарын 12-ний өдөр АОТСА-ын 2018 оны жилийн хурал, техникийн ажлын хэсэг, аудиторуудын зэрэг дотоод хурал, хэлэлцүүлгүүд нь Гадаад хэргийн яамны хурлын зааланд, VIP хүлээн авалт орой нь ACEM Велла цогцолборт, есдүгээр сарын 13-ний өдөр олон улсын татварын форум, гала хүлээн авалт Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдахаар болсон. Харин гадаадын зочид төлөөлөгчдөө зориулж мини наадмыг есдүгээр сарын 14-ний өдөр Чингисийн хүрээ цогцолборт, номадик тур арга хэмжээг есдүгээр сарын 15-ний өдөр Тэрэлжид тус тус зохион байгуулах аж.
Дээрх арга хэмжээнүүдийн хөтөлбөр хэдийнээ бэлэн болсон бөгөөд олон улсын татварын форумын ерөнхий болон панел тус бүрийн сэдэв, илтгэгчид тодорчээ.
Монголын уран зургийн ертөнцөд шинэ өнгө төрхийг бийрийнхээ үзүүрээр бүтээж чадсан зураач С.Заяасайханы бие даасан “Time machine” үзэсгэлэн “Q Art gallery”-д нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art галерейн захирал Селио Барратто ажилласан байна.
Тэрбээр Монголын Соёлын элч зураач бөгөөд Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг дэлхийн 20 гаруй оронд өөрийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан юм.
Энэ удаагийн үзэсгэлэндээ урьд өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй 20 гаруй бүтээлээ үзэгчдэд сонирхуулсан байна. Тэрбээр 2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Монголын Урчуудын Эвлэлийн хороотой хамтарсан үзэсгэлэн гаргаж бажээ.
С.Заяасайхан Япон улсад ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиад багагүй хугацааг өнгөрөөсөн аж. Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2016 онд “Маршал арт” галерейд гаргаж байжээ. Тухайн үед Монгол хатдыг, монгол эмэгтэйчүүдийг бишгүүр хөгжим барьж буйгаар тун сонирхолтой, өнгөлөг байдлаар дүрсэлсэн нь олон ч хүний анхаарлыг татсан гэнэ.
Түүний уран бүтээлээс эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, мөн чанар, байгалийн шүтэлцээ,монгол ахуйг орчин үеийн хэв маяг, олон өнгөний хоршлоор илэрхийлсэн байгаа нь харагддаг бөгөөд бүтээлээ уламжлалт болон контемпорари арга барилыг ашиглан зурдаг гэлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүнтэй хэдэн хором ярилцлаа.
-Өмнө нь дэлгэж байсан бүтээлүүд одоо танилцуулж байгаа бүтээлүүдийн ихэнх нь Монгол эмэгтэйг тал талаас нь дүрслэн харуулсан байна. Заавал яагаад Монгол эмэгтэйг өөрийн уран бүтээлдээ тусгах болов?
-Аливаа зураачид уран бүтээлээрээ дамжуулан бусдад түгээх гэсэн санаа, нөлөөлөл байдаг. Миний бүтээлийн бусдад хүргэх гэсэн гол агуулга нь эрт үед амьдарч байсан монгол эхнэр, монгол бүсгүйчүүдийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг нийтэд таниулах болон өвөг дээдсийн өв соёл, монгол ахуйг өөрийн уран бүтээлийг материал болгож ашигладаг юм. Энэ нь нэг талаараа эх орноо дэлхийд таниулж буй хэрэг.
– Яаж урлагтай холбогдов? Хэрхэн уран бүтээлч болсон талаараа бидэнтэй хувцаалцахгүй юу?
-Анх урлагт ороход аав маань их нөлөөлсөн. Миний аав арван жилийн сургуульд зургийн багшаар ажилладаг байсан. Зураг хэрхэн бүтэж байгаа, хэрхэн амилж байгааг харж өссөн нь зураг зурах сэдлийн өдөөж өгсөн. Нэг удаа “Цагаан дарь эх” бурхныг шөнөжингөө зураад яг аавынхаа нүдэнд харагдахаар газарт тавьж унтаад өглөө боссон чинь “Миний хүү чинь зураач болчихжээ” гэж хэлсэн одоо ч мартагддаггүй.
–Таны хувьд энэ үзэсгэлэнгийн онцлох бүтээл аль нь вэ?
-Энд хүрэлцэн ирж буй хүмүүсийг үзэсгэлэнгийн хаалгаар орж ирэхэд л “Хөгжимчин бүсгүйчүүд” бүтээл угтаж байгаа. Энэ бүтээлд монгол үндэсний хувцасаар бүрэн хувцасласан монгол эмэгтэйчүүдийг хийл, бүрээ зэрэг сонгодог хөгжмийн зэмсэг тоглож буйгаар дүрсэлсэн юм. Харин үзэсгэлэн үзэж дуусаад гарахад “Олны танил хүн” зургаар үдэж байгаа. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлох бүтээл нь матар толгойтой, гар хуруугаа хөдөлгөсөн өөртөө итгэлтэйгээр урдаа суух эмэгтэйтэй ярьж буй костюм өмссөн бизнесмен залуугийн зураг юм. Орчин үед хүмүүс өөрөө байхыг бус амжилттай яваа хүнийг дагадаг, тэднийг дуурайн ярьдаг болсон. Мөн цахим мэдээллийн хэрэгслүүд нь хүний амьдралын хэв маягийг ихэд өөрчилж, бусдын анхаарлыг татах сэдлийг нь өдөөх болсон. Мөн өөрийн гэсэн дэмжигчидтэй болохын тулд хүн өөрийгөө алдаж байгаа талаар энэ зурагт тусгасан. Зураг дотор талд толь байрлуулсан нь үзэгчидзурган дотроос өөрийгөө олж харж болох юм.
-Уран бүтээлийн санаа хэрхэн төрдөг вэ. Мөн эх орноо дэлхийд таниулахын тулд уран бүтээлээрээ дамжуулан ямар зүйлсийг хийж байна?
– Өгөгдлөөсөө хамаараад маш олон төрлийн бүтээл туурвих сэдэл төрдөг. Өнөөдрийн миний хийж буй зүйл бол суурь уран зураг, гэхдээ бидний амьдарч байгаа үеийг контемпорари үе гэж нэрлэдэг. Энэ утгаараа уран бүтээлдээ энэ чиглэлийг тусгадаг. Мөн зарим бүтээлдээ японы зурах техникийг ашигладаг. Японд амьдарч байх хугацаандаа эх орноо дэлхийд сурталчлахыг хүсдэг. Энэ ч утгаараа Япон Монголыг холбосон олон ч найз нөхөдтэй болсон. Үзэсгэлэнд ч мөн Японы зарим телевизээс хүрэлцэн ирсэн.
Мөн тэрбээр “Өмнө нь туурвисан бүтээлүүд маань дараа дараагийнхыг аа хийх урмыг өгдөг. Ер нь бүх юмны сэдэл нь чи өөрөө байх ёстой гэж боддог. Хэн нэгнээс болоод сайн юм уу муу байж болохгүй. Бас гэр бүлээсээ урам зориг авна. Яаж ч бүтэлгүйтсэн хүүхдүүдээ унтаж байхыг хараад сэтгэл дүүрээд явчихдаг. Байгалийн сайхнаас мэдээж урам зориг авна. Бусдын гоё сайхан бүтээлүүдээс урам авдаг” гэж өөрийн бүтээл туурвих сэдлээ хэрхэн авдаг талаар нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.
З.СУВД
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын баяр наадам ойртож, аялал жуулчлалын үе эхэлсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд Манхан, Дарви сумын нутаг, төв замуу дагуух хоолны газруудад шалгалт хийж, ажиллагсдад сургалт зохион байгуулж, сэрэмжлүүлэг зөвлөмж тараажээ.
Мөн аймгийн БОАЖГ, ГХБХБГ, ЦУОШТ, Жаргалант сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран Жаргалант сумын хэмжээнд нам даралтын уурын зуух ашигладаг аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийж, зургаан уурын зуухны үйл ажиллагааг зогсоож, төвлөрсөн халаалтын шугамд холбуулсан байна.