Categories
мэдээ соёл-урлаг

Завхан аймагт “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт болов

Завхан аймаг Соёл урлагийн газрын даргын 2018 оны тавдугаар сарын 21-ны өдрийн “ Их наадам зохион байгуулах тухай “ 01/171 дугаар тушаалыг үндэслэн Аймгийн Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 31-ний өдрийн А/273 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн анхан шатны салбар хороог байгуулан ажиллалаа. Наадмын холбогдох удирдамжийг 24 сумдад мэдээллэн, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар өгч иргэдэд наадмын анхан шатны шалгаруулалтын талаарх мэдээллийг хүргэсэн. 2018 оны зургадугаар сарын 08-ны өдөр наадмыг зохион байгуулах салбар хороо хуралдан тус наадмыг урд, хойд, зүүн, говийн, төвийн гэсэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж анхан шатны шалгаруулалтыг явуулахаар шийдвэрлэсэн юм.

Иймд Завхан аймгийн хэмжээнд таван бүсэд хувааж анхан шатны шалгаруулалт явуулах комисс томилогдон тухайн өвлөн уламжлагч, өв тээгч нарыг орон нутагт нь бүтээлтэй нь танилцаж шалгаруулах ажлыг зохион байгууллаа. ”Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтанд нийт 23 сумын 116 ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцсон бөгөөд 08 сарын 11-15нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд Завхан аймгаас 5ай савын хүрээнд 17 төрөлд 25 –н өвлөн уламжлагч, ардын авьяастанууд оролцохоор шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг сайжруулах аян” үргэлжилж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос санаачлан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг сайжруулах аян”-ыг улсын хэмжээнд зургадугаар дугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Таван сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох хурлын өрөө, хүлээлгийн танхим, ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хэлбэрээр засч тохижуулах, эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааны талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн санал, гомдол, хүсэлтийг нээлттэй хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох үйл ажиллагааг сурталчилан таниулах ажлыг хийх юм.

Аймаг, дүүргийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэн (даатгуулагч)-ийн сүүлийн таван жилийн судалгаа, Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчийн судалгаа, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгоод ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн (даатгуулагч)-ийн судалгаа, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хугацаагүйгээр тогтоолгосон иргэн (даатгуулагч)-ийн судалгааг тус тус хийж, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг даатгуулагчийн тэтгэврийн хувийн хэргийг цахим мэдээллийн сантай тулган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээ, мэдээллийг нэгтгэн, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын чиглэлээр суурь судалгаатай болох юм.

Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар нийт аймаг (дүүрэг)-ийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байна хэмээн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын номын санчид орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлагаас суралцлаа

Номын сангийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой бүхий АНУ-ын Төрийн департаментийн “International Visitor Leadership Program on Demand” буюу Олон улсын манлайлагчдын зочин хөтөлбөрт Монгол Улсын номын сангийн арван төлөөлөл хамрагдаж 2018 оны 06 дугаар сарын 10-22-ны өдрүүдэд Америкийн номын сангийн хөгжлийн шинэ түвшинд хүрсэн ажил үйлчилгээтэй нь танилцан “Номын сангийн нөөцийн менежмент” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Монголын номын санчид орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй мэдээллийн технологи өндөр хөгжсөн Америкийн Нэгдсэн Улсын 12 номын санд зочилж, мэргэжил нэгт нөхдөөсөө шинэ мэдлэг, туршлагаас нь суралцаж ирлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Вашингтон ДиСи хот дахь Конгрессийн номын сан, Питтсбург хотын Карнегийн нэрэмжит хотын номын сан, Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сан, Карнегийн бизнесийн номын сан, Питтсбургийн их сургуулийн номын сан, Манчестер хотын нийтийн номын сан, Нью Хэмпшир мужийн номын сан, Конкорд хотын нийтийн номын сан, Дартмоут коллежийн номын сан зэрэг томоохон хотууд, мужийн, орон нутгийн олон нийтэд болон хүүхдэд үйлчилдэг номын сангийн үйл ажиллагаатай танилцав. Мөн их, дээд сургуулийн болон хувийн номын сангуудын үйл ажиллагаа, номын санч бэлтгэдэг сургуулийн сургалтын хөтөлбөрөөс судалгаа хийжээ.

Америкийн номын санчид монголын номын санчдад өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж, хамтран ажиллах боломжоо тодорхойлсон нь Монголын номын сангуудын гадаад харилцаа, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох юм.

Орчин үеийн техник технологийн ашиглан уншигчдад түргэн шуурхай мэдээлэл хүргэх үйлчилгээ

Бурлингтоны бизнесийн номын сан Питтсбург хот

Үнэт ховор номыг хадгалагч тусгай зориулалтын тавиур

Дартмоут коллежийн номын сан Конкорд хот

Хөтөлбөрт хамрагдсан номын санчид суралцаж ирсэн мэдлэгийн богцоо задалж, хот, хөдөөгийн номын санчидтайгаа мэдээллээ хуваалцахаар ирэх сарын сүүлээр орон нутагт сургалт семинар, Монголын номын санчдын улсын зөвлөгөөнийг 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байгааг дуулгахад таатай байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдахад бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн БСШУСЯам, АНУ-ын Элчин Сайдын Яамны хамт олон Монголын номын сангуудын консорциум талархал илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

Мами Мизутори: Бид өнөөдөр Ази тивийн зүрхнээ хуран чуулж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй хүндэт зочдын нэг бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн хатагтай Мами Мизутори юм. Тэрээр Азийн сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, Юуны өмнө, энэхүү Бага хурлыг эх орондоо хүлээн авч, амжилттай зохион байгуулахад шаардлагатай бүхий л дэмжлэг, туслалцааг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газар, зочломтгой ард иргэд та бүхэнд талархал илэрхийлье.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд би анх удаа оролцож байгаа хэдий ч та бүхнийг 2005 оноос хойш хоёр жил тутам хуран чуулж байгааг болон энэхүү Бага хурал Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг 2015 онд баталснаас хойш хоёрдахь удаагаа зохион байгуулагдаж байгааг сайн мэдэх билээ.

Энэ тоо баримт нь та бүхнийг улс төрийн манлайллын хувьд ч, гамшигт хамгийн их нэрвэгддэг бүс нутгийн хувьд ч гамшгийн аюул, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавраас ард иргэдээ хамгаалах сорилтыг даван туулах хүсэл эрмэлзлэл дүүрэн байгааг харуулж байна.

Бид энэ долоо хоногт харилцан ярилцах, үйл ажиллагаагаа тодорхойлох уламжлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Дели хотноо зохион байгуулагдсан Азийн Сайд нарын бага хурлаас Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны манлайлагч-төрийн түшээ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар бид өнөөдөр Ази тивийн зүрхнээ хуран чуулж байна.

Эдгээр олон асуудлын талаар та бүхэн ойрын хэд хоногт хэлэлцэн ярилцах билээ.

Бүс нутгийн гамшгийн нөхцөл байдал

Өнгөрсөн жил Ази-Номхон далайн бүс нутагт маш олон гамшиг тохиолдсон бөгөөд эдийн засгийн хохирол 34 тэрбумам долларт хүрсэн бөгөөд эдгээр нь Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатайг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо буурсан хэдий ч гамшгийн улмаас амьнасааалдсан хүний бараг 50 хувь энэ бүс нутагт байна. Гамшгийн эрсдэлийн удирдлагын асуудлаар тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Бангладешийн Кокс Базаар бүсэд санаачилга гаргаж Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагууд хоргодох байр байгуулж, далайн хар салхинд нэрвэгдсэн 1 сая орчим нэрвэгдэгсдийг хамгаалсан байна. Орон нутгийн шилжих хөдөлгөөний хяналтын төв болон Норвегийн дүрвэгсдийн зөвлөлийн мэдээллээр зөвхөн 2017 онд Ази, Номхон далайн бүс нутагт 8.6 сая хүн, Өмнөд Азид 2.8 сая хүн ам гамшгийн үр дагавараас зугтаж нутаг сэлгэн шилжин суурьшсан байна. Гэнэт тохиолддог гамшиг аюулт үзэгдэл, тухайлбал үер, салхи шуурга нь уур амьсгал, цаг агаарын нөлөөллөөс нэмэгдэж, бүс нутагт шилжин суурьших үндсэн шалтгаан болж байна.

Бид гамшгийн улмаас амиа алдсан, нэрвэгдсэн хүний тоог бууруулахын тулд эдгээр хүндрэл бэрхшээлүүдийг давах арга замыг олж, нэн чухал дэд бүтэц, эдийн засагт учруулж буй хохирлыг бууруулах боломжтой юм.

Бусад бүс нутгаас илүү их гамшиг болдог энэ бүс нутгийн ихэнх бэрхшээл Монгол оронд мөн тохиолдож байна. Монгол оронд газар хөдлөлт, үер, ойн түймэр, ган гачиг тохиолддог. Энэ оронд онцлон тохиолддог байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн нэг бол Зуд бөгөөд зуны улирлын гангачиг, өвлийн улирлын эрс хүйтэн, хүчтэй салхи шуургатай холбоотой үүсдэг.

Монгол орны хүн амын 1/3 нь бэлчээрийн мал аж ахуй түшиглэн амьдардаг бөгөөд зудын улмаас бэлчээргүй болж, мал сүрэг өлдөн хорогдож, нүүдэлчин малчид амьжиргааны эх үүсвэрээ алдсанаар хөдөөгөөс хот суурин руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэсдэг.

Монгол Улс эрт зарлан мэдээлэх тогтолцоогоо сайжруулах, хот суурин газар, орон нутгийн аль алинд Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх үүрэг амлалттайгаа нийцүүлэн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зорилтуудаа тодорхойлон ажиллаж байна.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн газрын Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулах санаачлагыг бүс нутгийн хэмжээнд дэмжин ажиллаж байгаа бөгөөд ялангуяа Улаанбаатар хот гамшгийн эрсдэлийн менежментийн стратегиа Сендайн үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн сайжруулах туршилтын төслийг идэвхтэй хэрэгжүүлж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарсан ололт, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар та бүхэнд танилцуулъя.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг улс орон бүр өөрийн түвшинд хүчин чармайлт гарган хэрэгжүүлж, гамшгийн хохирлыг бууруулж, гамшгийн аюулаас сэргийлэх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхэд улс төрийн хүчтэй манлайлал хэрэгтэй.

Энэ хөтөлбөрийг өөрийн хэлнээ хөрвүүлэн нутагшуулсан улс орон олон болж, Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг баталсан үр дүнтэйгээр бид дахин золгож байна.

Бусад улс оронтой нэгэн адил, Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг байгуулан, нийгмийн бүхий л төлөөллийг багтааж, гамшгийн аюулд эмзэг байгаа байгууллага, иргэдийн санал бодлыг тусгаж байна.

Оролцоог хангасан байна гэдэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийн нэгэн чухал үзэл санаа юм.

Засаглал сайн байвал холбогдох талуудын сайн оролцоо бий болдог бөгөөд аль нэг засгийн газар дангаараа гурван жилийн өмнө НҮБ-ын гишүүн улс орнуудын хамтран баталсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн зорилтод хүрэх боломжгүй, олон талын оролцоо чухал байна.

Гамшгийн аюулд харилцан адилгүй өртөж байгаа иргэдийн дуу хоолойг бид сонсох нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хүүхэд эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан зөвшилцөж хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Холбогдох талуудын төлөөллөөс бүрдсэн бүлгүүд тэдгээр иргэдийг бүрэн гүйцэд төлөөлөн, энэхүү хурлын үеэр олон арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бүс нутагт оролцоог хангахад өндөр ач холбогдолтой байна.

Сендайн хөтөлбөрийг баталсан 3 жилийн хугацаанд хөтөлбөрийн 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэн үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулсан улс орнуудын сайн жишээг бид энэ долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй хурлын үеэр сурталчлах юм. Бидэнд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд 2 жилийн хугацаа үлдээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын конвенцийн 23 дугаар хуралдааныг Фижи Улс даргалан оролцож, энэ жилд Үндэсний гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын баримт бичгийг шинэчлэн, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөртэй уялдуулан, дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр боллоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулж, олон чиглэлээр дэвшил гаргасаар байна. Сендайн хөтөлбөрт суурилсан үндэсний түвшний гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлан гамшгийн хохиролын мэдээллийн санг байгуулан, тус улсын нийт 640 дүүрэгт эрсдэлийн мэдээллийн сан байгууллаа.

Цаашилбал олон улс оронд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг манлайлан оролцож байгаа номхон далайн улс орнуудын сайн жишээнээс суралцаж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаатай уялдуулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг үнэлэх мониторингийн механизмыг бид бий болгож 3 сард зарласан бол ихэнх улс орнууд Сендайн хөтөлбөрийг хариуцсан алба хаагчийг томилсон зэрэг нь цаашид улам өндөр үр дүнтэй ажиллах суурь нөхцөл болж байна.

Эдгээр ажилтнууд өөрийн улс оронд статистик мэдээллийн албатай нягт хамтран ажиллаж, үндэсний гамшгийн хохиролын мэдээллийн санг бий болгох талаар тодорхой ахиц гаргаж, 7 зорилт 38 индикаторын дагуу хэрэгжилтээ тайлагнана гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг бодитоор хэрэгжүүлэх гол үндэс нь бүс нутгийн бүхий л улс оронд гамшгийн хохирлын мэдээллийн сантай байх явдал юм.

Хохирлыг бүртгэж эхэлснээр ирээдүйн хөрөнгө оруулалтыг зөв хуваарилж, 2030 он хүртэл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх бололцоотой болох юм.

Гамшгийн хохирлын мэдээллийг цуглуулж, анализ хийх асуудал олон бэрхшээлтэй тулгарч байгааг бид сайн ойлгож байна. Ийм ч учир НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ салбарт чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байдаг. Үүнээс гадна олон улс орон Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны механизмаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Эрхэмсэг зочид төлөөлөгчид өө,

Гамшгийн дараа хор уршгийг арилгах үе шатнаас гамшгийн өмнөх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг биднээс өөр дэлхийн аль ч бүс нутаг илүүтэй ойлгохгүй. Гамшгийн суурь шалтгаан болж байгаа эдгээр эрсдэлүүдийг бууруулах нь чухал байна.

Бидний өмнө тулгамдаж байгаа аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхээс гадна шинээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Ирж буй жилүүдэд энэ бүс нутагт олон хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжиж байгаа нь гамшгийн эрсдэлийг хөгжлийн төлөвлөлттэй уялдуулах чухал боломжийг бий болгож байна.

Бид тогтвортой хөгжлийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг уялдуулах, цаашлаад “Шинэ хотжилт” хөтөлбөрт нийцүүлэх ажлыг анхаарах нь зүйтэй байна.

Харилцан уялдаатай ажиллах нь давхардал үүсгэхгүй, хязгаарлагдмал нөөцөөр олон ажлыг амжуулах бодит боломжийг бий болгох юм.

Бид ядууралтай тэмцэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, хот суурин газруудад дэд бүтцийг сайтар төлөвлөж, экосистемийг хамгаалан, гамшгийн эрсдэлийг бууруулах институцийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна.

Хэдийгээр гамшгийн эрсдэлийг бууруулах ажил үндэсний Засгийн газрын үүрэг мөн хэдий ч нийгмийн олон талуудын оролцоог хангаж, иргэний нийгэм, хувийн хэвшил, шинжлэх ухаан технологийн болон хэвлэл олон нийтийн олон талт оролцоог хангахын ач холбогдол өндөр болохыг цохон тэмдэглэмээр байна.

Үүгээр хэлэх үгээ өндөрлөхийн ялдамд Монгол Улсын Засгийн газарт энэхүү хурлыг өөрийн улс оронд зохион байгуулж байгаа явдалд дахин талархал илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа

Онцгой байдлын ерөнхий газар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадам

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


МОНГОЛ ТҮҮХ ДӨРВӨН БОТЬ НОМЫН ХЭСГЭЭС

Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой. Бөх барилдаж, морь уралдуулж, сур харван сэц мэргэн, хүч чадлаа сорьдог байсан ба үүнээ “Эрийн гурван наадам” гэж нэрлэнэ. Талаар нэг тарж байрласан, тэгээд ч байнга нүүж, нүүдэл нь биенээс нь зугтаалгадаг байсан монголчуудад цуглаж уулзах маш том далим нь наадам байжээ. Социализмын үед багийн үдэшлэг, эвлэлийн хурал, депутатын уулзалт зэрэгт малчид маш их идэвхтэй оролцон аль л өнгөтэй өөдтэйгөө өмсөж ирдэг байсан нь улс төрийн идэвх гэхээсээ хүнтэй уулзаж сонин сонсон хэлнийхээ загатнааг гаргах гэсэн сонирхол давамгайлж байсан байх.

Тогтмол хийж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Тэр жил Занабазарыг Богдоор тодруулж, Халхын шашны тэргүүнээр өргөмжилснийг тохиолдуулан Ширээт цагаан нуурт өргөн наадам зохион байгуулсныг “Даншиг өргөх наадам” гэж нэрийдсэн аж. Уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэх хүний морь магнайлжээ. Даншиг цааш уламжлал болсон нь Долоннуурт 1696 оноос эхтэй. Тэр жил “Түмэн эх” хэмээх уртын дуу зохиогдсоноор наадмын албан ёсны сүлд дуутай болсон байна. Халх Манжид дагаар орж Манжийн хаанд даншиг өргөн наадаж буй нь энэ. Даншигийн наадам Монгол улс тусгаар тогтнолоо зарлах хүртэл буюу 1911 он хүртэл үргэлжилсэн юм. Богд Жавзандамба хаан ширээнд суунгуут энэ наадмыг болиулсан. Даншигийн утга учир үүнээс тодорхой харагддаг.

Нүүдэлчид хэдэн мянганы турш Хангайн нуруунд Орхоны хавиар нийслэлддэг байжээ. 1727 оны Хиагтын гэрээгээр Орос Хятадын худалдааны гол боомт нь Хиагт болжээ. Бээжингээс Сибирь хүрэх замын хамгийн тохиромжтой буудал нь өнөөгийн Улаанбаатар байгаа газар. Учир нь энэ бол Сибирийн их уулсын хамгийн өмнөд цэг. Богд уулаас урагш цагаан хэрэм хүртэл уудам говь тал хязгааргүй үргэлжилнэ. Газар зүйн энэ тохиромжтой байдал нь Монголын нийслэлийг Туул голын хөвөөнөө байгуулах үндсэн шалтгаан болсон бололтой. Шашны тэргүүнээ дагаж нүүдэг нийслэл XVIII зууны дундуур Туулын хөвөөнөө дөрвөн уулын дунд ирж байрламагц оросууд энд консулаа тогтмол суулгах болжээ. Богд ч Хангайн нуруугаа орхин шинэ газар суурьших болсон тул уул ус аргадаж тахих шаардлага гарсан байна. Ингээд 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийжээ. Үүнийг Арван засгийн наадам гэнэ. Алдаг оног хийдэг байсан Арван засгийн наадам 1912 оноос тогтмолжин төрийн наадам боллоо. Монгол Улсын сүүлчийн хаан VIII Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл Арван засгийн наадам хийж үндэсний баяраа тэмдэглэдэг байлаа. Энэ хооронд Арван засгийн наадам нийт 125 удаа болсон гэх.

1922 оноос Цэргийн наадам гэж тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг тэр наадмыг “Богдыг хаан ширээнд дахин залсан ба Ардын хэмээх засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд” наадахаар заасан байна. Хаан нас баpсны дараа Цэргийн ба Арван засгийн наадмыг хамтруулан явуулах шийдвэр 1925 оны тавдугаар сарын 15нд Улсын II бага хурлаас гарчээ. Наадмын товыг долдугаар сарын 11 хэмээн зааснаас ийм огноо анх үүсчээ. Түүнээс биш 1921 оны долдугаар сарын 11ий өдөр тэмдэглэчихмээр ямар ч үйл явдал Монголд болоогүй. Гэхдээ нөгөө талаас зуны оргил үеийн сайхан өдрүүдийг ажиглаж мэдсэн туршлагаараа энэ өдрийг тухайлан сонгосон байх талтай. Тэр үеэс “Ардын наадам” гэж нэрлэдэг болжээ.

1946 оны нэгдүгээр сарын 6-нд Хятад улс, мөн оны хоёрдугаар сарын 27нд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр монголчуудын олон жил зүтгэж тэмцсэн тусгаар тогтнолын их үйлс ялалтанд хүрч хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс боллоо. Тэр жил нь 1921 оны үйл явдлын 25 жилтэй давхцаж байв. Маршал Чойбалсан энэ ойд их ач холбогдол өгөн өөрөө ч их бэлджээ. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлээд Монголын түүхэнд мөнхийн гавьяа байгуулан баяр хөөртэй байсан түүнийг наадамд уригдаж ирсэн Тувагийн (Тагна Урианхай) Салчиг Тогоо Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон нь их сайхан оновчтой зүйл боллоо хэмээн өөрөөрөө сайрхаад энэ жишээг дагахыг ятгажээ. Улмаар Тува, Монголын хилийн маргаан дэгдээсэн байна. Уур нь хүрсэн Чойбалсан Тогоог алгадчихсан гэдэг. Цаадах нь Зөвлөлтийн элчин сайд дээр очин “Намайг алгадна гэдэг Туваг, улмаар ЗХУыг алгадсан гэсэн үг” хэмээн уйлагнасан гэдэг. Наадмыг энэ үеэс “Ардын хувьсгал ялсны ой” хэмээн албан ёсоор нэрлэх болжээ.

1996 оны сонгуульд Ардчилсан хүчин ялалт байгуулаад хэдхэн хоногийн дараа болсон наадмыг “Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой” гэж нэрлэжээ. Тэр жилийн наадмыг энэ нэрээр нь тэмдэглэсэн юм. Тулгар төр гэдэг нь анхны төр улс үүссэнийг хэлж буй учир энэ нэр тохироогүй байж болох юм. Монгол нутагт анхны төрт улс МЭӨ209 онд байгуулагджээ. Чингис хааны Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ой болж байсан хэрэг. Харин 790 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь урд хөршийн үзэл сурталчдад таалагдсангүй. Тэднийхээр монголчууд үе үеийн турш Хятадын нэгэн жижиг үндэстний маягаар амьдарч ирсэн ба зөвхөн 1921 онд коммунист хувьсгал хийсэн учраас л эх газар нь тусгаар байхыг нь хүлээн зөвшөөрсөн аж. Сургуульд ч тэд ингэж заадаг. Нэг үгэндээ өнөөгийн Бээжингийн Монголын түүхээс хүлээн зөвшөөрдөг ганц факт нь Ардын хувьсгалын ой. Иймээс л диплoмат шугамаар ч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцлийг тэр дор нь хүлээн авч 1997 оноос Ардын хувьсгалын ойгоо дахин сэргээн тэмдэглэх болов.

2006 онд Монгол орон даяар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Сайхан байсаан. Гэхдээ наадмаар үүнийгээ Ардын хувьсгалын 85 жилийн ойн хавсрага болгон тэмдэглэхээ мартсангүй. 2011 он бол түүхт ойн жил. Монгол нутагт тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой, мөнөөх Ардын хувьсгалын 90 жилийн ой. Уг нь алхам алхмаар урагшлаад л байгаа юм. Монголын тусгаар тогтнолын өдрийг хүлээн зөвшөөрч тэмдэглэж байхаар болсон. Энэ олон жил Монголын төр тусгаар тогтнолоо зарласан өдрөө өөрснөө хүлээн зөвшөөрдөггүй байлаa шүү дээ! Одоо наадмаа “Монгол Улсын их баяр наадам” гэдэг юм уу, “Тулгар төрийн ой”, эсвэл “Их Монгол Улсын ой” гэх зэргээр нэрлэдэг болчихвол, тийм ээ? Зүгээр л “Наадам” гэсэн ч сайхан шүү дээ. Дэнж хотойтол цэнгэдэг Монгол наадам мину!

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна

Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 04-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

09:00-21:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо,

⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ

10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004


Categories
мэдээ нийгэм

Шашны зан үйлд оролцсон цагдаагийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Б/476 тоот тушаал гаргаж, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ.

Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцсон үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байна.

Хурандаа С.Баатаржав бусад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагуудад Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийн дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн алба хаагчийн хувьд оролцохгүй байх зэрэг хуулийн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг үүрэг болгожээ.\

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Эцсийн мөчид эрх баригч нам улс төрийн намуудын тохиролцооноос ухарлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгох санал гаргасан. Уг саналыг гэнэт оруулж ирэх болсон шалтгаан нь юу вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийг уул уурхай, ашигт малтмалын орд газар, компаниудыг нэгтгэсэн Казахстаны жишгээр байгуулах гэж төлөвлөсөн юм. Харамсалтай нь өнөөдөр Гашуусухайтын замын ашиглалтыг хариуцсан компани болоод хувирчихсан. Одоо “Эрдэнэс Монгол” ХХК дээр төвлөрсөн компани бараг байхгүй. Компани бүр өөр, өөрийн хөрөнгийн бүртгэлтэй, үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа. Уг нь бол “Эрдэнэс Монгол” ХХК дээрээ төвлөрүүлээд, өөрийн хөрөнгө ихтэй том компани болгож, түүгээрээ IPO хийж, хөрөнгийн зах зээл дээр гарган хөрөнгө босгоё гэдэг гол зорилготой юм. Цаашдын хувь заяа бол их бүрхэг байна. Миний хувьд Монголд байгаа уул уурхай ашигт малтмалын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны бүхий л компаниуд дээр тавих төрийн хяналтыг чангатгах хэрэгтэй гэж бодож байна. Нэгтгэж нэг хяналт тавих ёстой. Тэгж чадахгүй бол Монгол Улс байгалийн баялгаасаа ашиг хүртэх тухай ойлголт тун бүрхэг, тааруухан байна.

Гэнэт оруулж ирсэн юм бол байхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол гэж бий. Уг тогтоолоор “Эрдэнэс Монгол” дээр уул, уурхайн компаниудын баланс, хөрөнгийн тооцооллыг нэгтгээд нэгдсэн том компани болгох, цаашлаад хөрөнгийн зах зээлд оруулах тодорхой төсөл боловсруулж УИХ-д оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Энэ тогтоолын биелэлт одоог хүртэл хангагдаагүй. Худал, үнэн ярьсаар л ирсэн. Тогтоол биелэгдээгүй найман жил болж байна.

-УИХ-ын гишүүд тус саналыг дэмжээгүй. Угтаа бол “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг батлахаас өмнө хоёр нам хэлэлцээрийн ширээнд суухдаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгоход санал нэгдсэн юм биш үү?

-“Эрдэнэс Монгол” бол уул уурхайн компаниудын толгой компани. Манай нам эхлээд 49 хувь олон нийтийн хяналтын багцтай байя гэсэн санал гаргасан ч зөвшөөрөөгүй. Тэгвэл 34 хувьд нь хяналтын багцтай байя гэснийг эрх баригчид зөвшөөрсөн.

Ийнхүү хоёр нам тохиролцоод, зөвшилцөөд орсон юм. Гэтэл яг санал хураалтын явцад олонх хэлсэн амнаасаа буцсан. Хяналтын ямар ч багцгүйгээр баталчихлаа. Улс төрийн намын хувьд ёс зүйгүй үйлдэл. Тохиролцоонд хүрчихээд түүнээсээ улайм цайм бултаж, үгүйсгэж байгаа нь улс төрийн намын хувьд байж боломгүй асуудал. Цаашдаа бид эрх баригчидтай ямар нэгэн яриа тохиролцоонд хүрэх боломжгүй болчихож байгаа юм. Дахиад хэдэн ч удаа хулхидах юм хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Хоёр намын хоорондох хэлэлцээрийн дагуу явсан бол иргэдэд ямар ашигтай байх байсан юм бэ?

-Олон нийтийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа, түүний харьяа компаниудад тавигдах хяналтын багцтай болно гэсэн үг. Аливаа үйл ажиллагаа орлого, борлуулалт, бусад санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд нь олон нийтийн зүгээс хяналт тавих оролцоо байх боломжийг бүрдүүлж өгөх байсан.

-АН-ын зүгээс хаврын чуулганыг үр дүнгүй боллоо гэж дүгнэж байна. Энэ тухайд?

-Хаврын чуулганд хувь хүний хувьд ч сэтгэл дундуур байгаа. Хаврын чуулган хэт улстөржсөн, тэр дундаа эрх баригч намын дотоод зөрчил хурцадсан, бие биенээ давах гэсэн, аливаа асуудалд нэгдсэн байр суурьтай хандаж чадахгүй, эв түнжингүй л байсаар дууслаа. Хаврын чуулганаар нийгэм эдийн засагт үр ашигтай, томоохон хууль тогтоомжууд гарсангүй. Зарим нэг шалдар булдар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төдийгөөр асуудлыг аргацаалсан байдлаар яваад өнгөрлөө. Дээрээс нь хаврын чуулган эрх баригч намын хувьд маш хариуцлагатай чуулган байсан. Учир нь бүрэн эрхийн хугацааны 50 хувьд орсон. Эргээд харахад бүрэн эрхийн хугацааны тэн хагаст юу хийж бүтээж чадав. Эдийн засгийн өсөлттэй гэж байгаа боловч хүн ардын гар дээрх бодит орлого нэмэгдсэнгүй. Эрх баригчид ярихдаа өрхийн орлого, иргэд дээр очиж байгаа бодит орлого 10 хувь орчмоор нэмэгдсэн гэж ярьж байгаа боловч мөн хувиар буурсан. Түүнээс ч их хувиар буурсан байх магадлалтай. Сүүлийн хэд хоногт бензин шатахууны үнэ хэд дахин өсөв. Энэ бол тоглоом биш шүү дээ. Шатахууны үнэ өснө гэдэг суурь үнэ хөдөлнө гэсэн үг. Суурь үнийг дагаад өргөн хэрэглээний бараа, таваарын үнэ өснө. Цалин тэтгэвэр нэмэгдээгүй энэ цаг үед сагсан дах өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд эхлэхээр худалдан авах чадваргүй болно, өрхийн бодит орлого буурна. Энэ цаг үед эрх баригчид худлаа ярьж байна. Эдийн засгийн үзүүлэлт өсөж байгаа статистик байгаа нь үнэн. Гэтэл яг эдийн засгийн өсөлт цэвэр өсөлт болж ард иргэдийн өрхийн орлого, гар дээрх бодит орлого нөлөөлж байна уу гэвэл үгүй л байгаа байхгүй юу.

Монгол Улсад гадаад, дотоод зах зээлээс орж ирж байгаа мөнгөний урсгал хэдийгээр нэмэгдсэн ч бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нэг ч хийгдсэнгүй. Хоёр жилийн хугацаанд нэг километр зам ч тавьсангүй. Монгол Улсад юу ч хийсэнгүй. Хэрүүл хийж Засгийн газараа огцруулан, хоорондоо талцаж, өнгөрснөө муулаад л өнгөрлөө.

-УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөсөн барьсан. АН уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын хурлын дэгийн дагуу нийтийн сонсгол явагдах байх. Ер нь 60 тэрбумтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох цаг болсон. Хурдан шуурхай шалгаад ийм асуудал байдаг гэм буруутай хүмүүст нь зохих арга хэмжээг аваад, байдаггүй бол түүнийг нь тогтоох ёстой. Үнэн худал нь мэдэгдэхгүй асуудал нийгэмд яваад л байх юм. Үүнийг эцэслэх газар нь хуулийн байгууллага шүү дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ ондоо багтаан хэлэлцэн шийдвэрлэхээр зорьж байгаа хэмээн ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд сөрөг хүчний зүгээс ямар саналтай байгаа бол?

-Үндсэн хуульд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шаардлагатай зарим зүйл заалт байгаа л байх. Гэхдээ яг өнөөдөр иргэдийн өмнө хүлээгдэж байгаа бодит зорилго, зорилт маань юу вэ гэдгээ бодох ёстой. Үндсэн хууль өөрчлөөд асуудал шийдчихгүй л байхгүй юу. Хоёрдугаарт, эрх баригчдын 2016 онд амласан амлалт амьдрал дээр биелээгүй. Өрийг өрөөр дарахгүй гэж хэлж байсан бол энэ амлалтдаа хүрсэнгүй. Бүх л өрийг өрөөр дарж байна. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дим Сан бондын мөнгийг эдийн засгийн цэвэр өсөлтөөр дарлаа гэж худлаа яриад л байж байна. Үнэндээ “Гэрэгэ” бондын үлдэгдэл мөнгөөр дарсан шүү дээ.

Бондыг бондоор дарах, тэр тусмаа өмнөх бондынхоо нөхцөлөөс муутгаж байгаа нь цаг хожсон, гацаасан юм болж байна. Одоо өрийн тааз талийгаад өгсөн. Хуучин АН-ын үеийн Засгийн газар өрийн таазыг 58 хувь хүргэх гэтэл бөөн хэл ам болж болиулсан. Одоо өрийн тааз гэдэг ойлголт Монголд байхгүй. Хэмжээ хязгааргүй л өр тавьцгааж байна. Тэр битгий хэл төрийн томчууд гадагшаа явахаараа хэн нь илүү зээл тавьж байна гэдэг уралдаанд оролцож байгаа юм шиг л болж. Өр тавьснаа баатарлаг үйл явдал мэтээр сурталчилж байна.

Дээрээс нь цалин тэтгэврийг нэмнэ гэж амласан. Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно гэж мөн амласан. Өр нэмэгдүүлэхгүй гэж ч амласан. Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэсэн. Ямар төслүүд хөдлөв. Оюу толгой, Эрдэнэт маргаантай хэвээрээ л байна. Сая Таван толгойг хөдөлгөх шийдвэр гарсан ч эцсийн мөчид эрх баригч нам улс төрийн намуудын тохиролцооноос ухарлаа. Будлиантай л юм хийчихлээ. Цаашаа явах үгүйг хэлж мэдэхгүй байна. Таван толгойн цахилгаан станц барина гэсэн амлалт ч биелээгүй хэвээр. Үндэсний шатахуун биензин үйлдвэрлэхээр шав тавьлаа л гэсэн. Бодит амьдрал дээр эхлээгүй л явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үлдэгдлээр л амьдарч байна. Түүнээс энэ Засгийн газар санаачлаад, эхлүүлчихсэн ажил алга.

-Захиргааны ерөнхий хууль дээр сөрөг хүчин завсарлага авсан. Завсарлага авах болсон тухайгаа тодруулаач?

-Нэг, хоёр хүнтэй хариуцлага тооцох гэж байгаа нь энэ гээд бүхэл бүтэн системээр нь нурааж болохгүй. Захиргааны ерөнхий хууль нь өнөөдрийн эрх барьж байгаа намд маш том хяналт тавьдаг хууль юм. Маш олон мянган хүн ажлаасаа халагдсан. Зөвхөн ардчилсан намын угшилтай гэж хардагдсан 30 гаран мянган хүн ажлаасаа халагдлаа. Энэ олон мянган хүний ажлаасаа хууль бусаар халагдсан эсэхийг тогтоох шүүх нь Захиргааны хэргийн шүүх юм. Мөн Захиргааны эрх зүйтэй холбоотой маш олон маргаан байдаг. Тэр олон маргааныг хянадаг, шүүдэг газар нь Захиргааны хэргийн шүүх юм. Гэтэл Засгийн газрын гаргасан аливаа шийдвэр тогтоол Захиргааны хэргээр хянагддаггүй болчих юм бол Засгийн газар гэж хяналт, захиргаагүй, дураараа шийдвэр гаргах болно. Хэн тэнд хариуцлага тооцож, хяналт тавих юм. Өөрсдөө ярихаараа ганц, хоёр шүүгчийн тухай асуудал яриад байдаг. Хууль зөрчсөн нь үнэн л юм бол Захиргааны хэргийн шүүгч байх эсэх нь сонин биш. Монгол Улсын иргэнийх нь хувьд хянадаг, шалгадаг байгуулагат нь өгөх хэрэгтэй. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй, ашиг сонирхлыг зөрчил гаргасан бол хуулийнхаа дагуу хариуцлага хүлээгээд л явна биз. Ямартаа ч бид Захиргааны ерөнхий хуулийг дэмжээгүй. Үүний ард маш олон мянган иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг хөндөгдөх учраас бид зөвшөөрөөгүй.

-Төрийн өмчийг 2016-2018 онд хувьчлах үндсэн чиглэл УИХ-аар хэлэлцэгдсэн. Танай намын зарим гишүүдийн зүгээс өмч хувьчлалын эзэд тодорчихсон байгаа гэх зүйлийг ярьсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Цаг хожоод бушуу түргэн идээд уучихъя гэдэг хандлагаар хандаад байна уу даа л гэж харж байна. Үндсэндээ МИАТ-ийг ашигтай ажиллаад ирэнгүүт бушуухан хувьчлах гээд л зүтгэх юм. Далайд гарцгүй манайх шиг орны хувьд агаарын орон зай бол маш чухал. Үндэсний аюулгүй байдлын ганц гарц шүү дээ. Гэтэл агаарын үндэсний ганцхан компаниа хувьчилна гэж байгаа нь цагаа олоогүй асуудал гэж харж байгаа. Харин ч төрөөс илүү анхаарч, хүчирхэг үндэсний авиа компанитай болох ёстой. Хөрөнгийн биржийг мөн хувьчилна гэж байна. Хоосон байшин л 20 тэрбумаар зарагдаж байхад хөрөнгийн биржийг түүнтэй адил үнээр хувьчилна гэдэг байж боломжгүй зүйл. Цаг үеийн тохироог ашиглаад үнэгүй хувьчилж завших гэсэн оролдлого гараад байгаа юм шиг л санагдаад байна. Жишээ нь Төрийн банкийг л гэхэд 75 тэрбумаар хувьчилна гэнэ. 2014 онд Японы компаниас Төрийн банкийг 500 тэрбум төгрөгөөр хувьчилж авах санал ирж байсан. Тэр үед Засгийн газрын гишүүн байсан учир санаж байна. Бодит үнэлгээ хийгдээгүй, нийгэм, эдийн засгийн үр ашгийг зөв тооцоололгүйгээр төрийн өмчийн томоохон компаниудыг хувьчилна гэж байгаа нь цаг үеэ олсон асуудал биш. Бодит үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж байж хувьчлалын асуудлыг гаргах ёстой.

Эзэд нь тодорсон гэх асуудал бол ортой. 500 тэрбумаар хувьчлах санал ирж байсан төрийн өмчийг 75 тэрбумаар хувьчилна гэж байна шүү дээ. Балансын үнэ нь л энэ гэдэг шалтгаанаар үнэгүй шахуу л хувьчлах гэж байна. Энэ бол шударга асуудал биш.

-Ирэх намрын чуулганаас хүлээж буй үр дүн юу байгаа бол?

-Хэлэлцэх шаардлагатай гол гол хуулийн төслүүд бий. Хууль гэхээсээ илүү бидний тавьж байгаа гол зорилго бол Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх шаардлагатай гэж үзэж байгаа явдал юм. Оюу толгой, Таван толгой төсөл хөтөлбөрүүд байна. Мөн нефтийн үйлдвэр, V цахилгаан станц, төмөр зам, эдийн засгийн коридорыг нээх, эхлүүлэх гэх мэт хийх ажил зөндөө байна. Харамсалтай нь эрх баригчид маань эрх мэдэл, албан тушаал, сандал суудалтайгаа зууралдаад, зодолдоод гол ажлаа хийхгүй байна. Тиймээс ирэх намар бол эрх баригчид байгаа байдалдаа бодит дүгнэлт хийж, улс орнынхоо бүтээн байгуулалт, амлалт мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэл рүү шаргуу, дайчин ажиллаасай л гэж бодож байна. Үндсэндээ ганц л жил үлдлээ. Сүүлийн жил сонгуулийн жил гээд юу ч хийхгүй нь ойлгомжтой.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын тойрог дахь нөхөн сонгуулийн тов хэдийнэ гарчихсан. Тэгвэл Д.Мурат гишүүнтэй холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэгдэнэ гэж харж байгаа вэ?

-Д.Гантулга болон Д.Мурат гишүүний холбогдоод байгаа асуудлууд тэс өөр. Нэг нь бол цэвэр эрүүгийн хууль зөрчсөн хүчингийн, бусдын эрх чөлөөнд халдсан зүйл бус үйлдэл. Нөгөөх нь гэр бүл хоорондын харилцааны асуудал. Эхлээд гэр бүл хоорондын харилцаа хэлбэрийн маргаан байж байгаад сүүлдээ эрх чөлөөнд нь халдсан, хүч хэрэглэсэн, зодсон гэх зэрэг асуудал яригдсан. Тэр нь шүүх хуулийн байгууллагаар тогтоогдохдоо хууль бусаар, гүтгэлгийн шинж чанартай асуудал байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Есдүгээр сард зодуулсан гэсэн хэрнээ шүүх эмнэлгийн дүгнэлт нь бүтэн таван сарын дараа буюу нэгдүгээр сард гарсан байх жишээтэй. Шүүх эмнэлгийн дүгнэлт ямар хугацаанд гарах ёстой, ямар хугацаанд гарсныг нь хүчин төгөлдөр гэж үзэх юм гээд тусгай хууль дүрэмтэй. Хэн дуртай нь очоод хуучны шарх, сорвио үзүүлээд гэмтлийн зэргээ тогтоолгоод байж болох юм бол Монголд дуртай хүнээ гүтгэж, хэрэгт оруулах нөхцөл байдал үүсэх нь л дээ. Би Д.Мурат гишүүнийг өмөөрч байгаа юм биш. Шүүх хуулийн байгууллага нь үнэн мөнийг нь олж үнэхээр гэм буруутай бол хариуцлагыг нь тооцож, гэм буруугүй бол түүнийг тогоогоод л явах ёстой. Тэр утгаараа АН энэ асуудалд хөндлөнгөөс оролцоогүй. Оролцох ч үгүй. Харин АН-ын гишүүнийх нь хувьд хэлмэгдүүлэх, улстөрийн нөлөөлөл орохгүй байх тал дээр нь бид анхаарах ёстой.

-Таны өргөн барьсан Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ дэмжсэн. Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоосноор иргэд, аж ахуйн нэгжид ямар давуу тал бий болох вэ?

-Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилготой хууль. Түүнээс хэн нэгэн мөнгө төгрөгтэй олигархууд, хэсэг бүлэг банк санхүүгийн байгууллагыг хамгаалах гэсэн хууль биш. Мөн тэд-нийг хохироох тухай ч ойлголт байгаа юм биш. Монголд банкны зээлгүй, өргүй иргэн, аж ахуйн нэгж гэж байхгүй. Сүүлийн 28 жил Монголын банк санхүүгийн байгууллагад төрөөс ямар нэгэн оролцоо байгаагүй. Тиймдээ ч зах зээлийнхээ зарчмаар явах байх гэж харсан. Гэтэл сүүлдээ банкны салбар нийгэм, эдийн засгийн монополь салбар болж хувирлаа. Санал санаачилга бүр нь хууль болж, хүссэнээрээ хүүгээ тогтоож, дуртай хэлбэрээрээ мөнгө хүүлж байдаг болсон. Иймд тодорхой хэлбэрээр зохицуулах шаардлага үүссэн. Гадны улс орнуудад банк санхүүгийн тогтолцоог төрөөс хэрхэн зохицуулдгийг гурван жил шахуу судалсны үндсэн дээр уг хуулийг санаачилсан. Банкны зээлийн хүү, мөнгө хүүлэлтийг дэлхийн 76 оронд төрөөс зохицуулж, өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хуулиар зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, аливаа хэлбэрийн зээлийн хүүг өөрчилж тооцон бөөнөөр авдгийг нь зогсоох, тавьсан хязгаараас давсан хүү тооцвол мөнгө хүүлэлт гэж үзэх, хариуцлага тооцох гэх мэт зохицуулалтуудыг хийж өгсөн. Баялаг бүтээх гэж хөдөлмөрлөж байгаа иргэд аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалсан хууль юм.


Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 04-нд болох үйл явдал

10.00 цагт Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хамтарсан “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн МХАҮТ-ийн байранд нээлтээ хийнэ.

10.00 цагт Өвөрмонголын 12 компани оролцож, Монголын компаниудтай хамтарч ажиллах гарц, боломжуудыг Корпорэйт зочид буудалд хэлэлцэнэ. Холбоо барих: 99090339

11.00 цагт “Монголчуудын уламжлалт шүтээн, сахиус” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд “Загийн гол” хөдөлгөөн, “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, “Ардын заргын товчоо” ТББ-аас “Централ Эшиа Майнинг” компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийнэ.

12.30 цагт МҮЭХ-ны 4 давхрын хурлын зааланд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас 99203600

14.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод Монгол-Оросын бизнес уулзалт болно. Холбоо барих: 89918969, 99090339

Categories
мэдээ нийгэм

З.Маралгоо: Бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүй бүтээхийг уриалж байна

-АЗИЙН САЙД НАР УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЖ ЭХЭЛЛЭЭ-

Өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын нээлтийн ажиллагаа эхэллээ. Энэхүү хурлыг хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори нар Төрийн ордны өмнөх Сүхбаатарын талбайд эрхэм хүндэт зочдоо ёслон угтав.

“Тогтвортой хөгжлийг хангахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт энэ удаагийн Азийн сайд нарын хуралд нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байна. Ази, Номхон далайн бүс нутгийн 50 орон, Америк, Европ, Араб, Африк тивийн улс орон болон Засгийн газар хоорондын, бүс нутгийн болон төрийн бус байгууллагын 1584 төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

Бага хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хурал газар зүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог” хэмээн тэмдэглэв.

Мөн тэрээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацийг нэвтрүүлэх үүргээ бүсийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа платформ гэж дүгнэж байна.

Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөнд учирч болзошгүй төрөл бүрийн аюул заналтай тэмцэх, хариу арга хэмжээ авахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд илүү их ач холбогдол өгч тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг байгуулахын чухлыг онцлон үзэх болсон байна” гэж хэллээ.

Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын хоёр онцлох арга хэмжээ, сайд нарын болон сонирхогч талуудын хуралдаан, 14 техникийн ба сэдэвчилсэн, 53 салбар хуралдаан болон 13 дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. Маргааш 51 байгууллага оролцох танилцуулах үзэсгэлэн нээх бөгөөд 47 илтгэгч өөрийн үйл ажиллагаагаа танилцуулах юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг бид бүхэн хэлэлцэн батлах болно” гэж мэдэгдлээ. Тэрбээр хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт илтгэл төгс байгаагаа илэрхийлэв.

-БАЙГАЛИЙН ГАМШГИЙН АЮУЛААС БОЛЖ ОРОН ГЭРГҮЙ ХОЦОРЧ, ЭЦЭГ ЭХЭЭ АЛДАЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ ХАРААД БИ ӨӨРИЙН ЭРХГҮЙ УЙЛДАГ-

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, видео мэндчилгээ дэвшүүлжээ. Бага хурлын нээлтийн ёслолд “American school” сургуулийн тавдугаар ангийн сурагч, 10 настай З.Маралгоо Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэллээ.

Тэрээр “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Маралгоо гэдэг би арван настай. Би Улаанбаатар хотод сурдаг бөгөөд энэ тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэлэхээр ирлээ.

Газар хөдлөлт, үер, цунамигаас болж амь насаа алдаж зовж, зүдэрч байгаа хүмүүсийг зурагтаар үзэхэд надад маш их айдас төрдөг. Байгалийн гамшгийн аюулаас болж орон гэргүй хоцорч, эцэг эхээ алдаж байгаа хүүхдүүдийг хараад би өөрийн эрхгүй уйлдаг.

Манай оронд “ЗУД” гэдэг өөрийн онцлог бүхий байгалийн гамшиг болдог. Зудын үеэр цаг агаар тэсгим хүйтэн болж, ан амьтдын хөл хөдөлж чадахгүй болтлоо тас хөлддөг.

Гамшиг тохиолдсон үед өөрсдөдөө тусалж чадахгүй байгаа хүмүүсийг хараад надад харамсалтай санагддаг. Гэсэн хэдий ч тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө гараа сунгах сая сая эрэлхэг, зоригтой хүмүүс байдгийг би мэднэ. Аврагчид эцэг эх, хүүхдүүдийг аюулаас аварч байгааг хараад би хязгааргүй ихээр баярладаг.

Манай хотод газар хөдлөлт болсон тохиолдолд яах ёстой талаар сургуулиас минь бидэнд зааж өгдөг. Ангийн найзууд болон багш нарынхаа хамтаар аюултай үед барилгаас болгоомжтойгоор түргэн, шуурхай гарах сургуулилтуудыг хийдэг. Мөн хэрвээ найз маань гэмтвэл анхан шатны тусламж үзүүлэх тухай ч зааж өгдөг.

Эдгээр энгийн анхан шатны тусламжуудыг Та, Би, Бид Бүгд мэддэг байх ёстой гэдэгтэй надтай санал нийлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ шалтгааны улмаас өнөөдөр миний төрөлх хот болох Улаанбаатарт дэлхийн 50 гаруй улсын мянган мянган хүмүүс цугларч байгааг би мэднэ.

Чин сэтгэлээсээ би та бүхнийг Ази-Номхон далайн бүсийн хүүхэд залуучуудтай хамт сэтгэл зүрх, бодол санаа, хүсэл тэмүүллээ нэгтгэн бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна. Баярлалаа” гэв.