Categories
мэдээ нийгэм

Азийн хурал хувийн хэвшлийн оролцоог чухалчилж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд “Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хуралдааныг зохион байгуулж байна.

Гамшигт хил хязгаар гэж байхгүй тул гамшгийн улмаас төр, хувийн хэвшлийн салбар гэлтгүй бүгд өртөж, хохирол амсдаг. Дэлхий даяар хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг хувийн хэвшил эзэлдэг тул бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөө, эрсдэлийг зөв тодорхойлж, чадсанаар хөрөнгө оруулах үйл ажиллагаагаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх боломжтой юм.

Тиймээс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бас нэгэн чухал салбар хуралдаануудын нэг нь “Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хуралдаан юм. Тус хуралдаанаар төр болон бусад хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, хурлаас гарсан санал, санаачлагуудаа хурлаас гарах баримт бичгүүдэд тусгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлье

Энэ өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Улаанбаатар хотноо болж байна. Хоёр жил тутам болдог энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм. Бага хурал нь бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах замаар тулгамдсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, шинэ арга замыг нээх боломжийг оролцогч улсуудад олгодог.

Мөн хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг хэрэгжсэн өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн гол арга хэмжээг танилцуулж, хэлэлцүүлнэ. Түүнчлэн 2016 онд болсон хурлаар батласан Шинэ Делигийн Тунхаглал, Азийн бүсийн төлөвлөгөө, 10 оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, тэдний хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг дүгнэх юм.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал-2018”-аас Улаанбаатарын тунхаглал. 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэх, оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл зэрэг үндсэн баримт бичгийг батлан гаргана. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон хэлсэн үгнээс хүргэе.

Тэрээр хэлсэн үгэндээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хуралд хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газар, НҮБ болон бусад оролцогч талын төлөөлөл Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлэн мэндчилье.Та бүхэн Монголын сайхан оронд тавтай морилно уу.

2015 оны “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-т үндэсний болон бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг Гамшгийн эрсдэлийг ойлгох; Гамшгийн эрсдэлийг удирдах засаглалыг бэхжүүлэх; Гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулах; Гамшгийн бэлэн байдлыг хангах, түүний дараах сэргээн босголт, нөхөн сэргээлтэд “сайжруулан сэргээн барих” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлд хандуулахаар тодорхойлсон билээ.

Мөн онд дэлхий нийтийн хөгжлийн дараагийн 15 жилийн хөтөч болсон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийн зэрэгцээ “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөр”, “Хотжилтын шинэ хөтөлбөр” зэрэг чухал баримт бичиг батлагдсаныг та бид хамтран хэрэгжүүлж байна.

Тогтвортой хөгжил нь олон талыг хамарсан цогц үйл ажиллагаа тул эдгээр баримт бичгийг амжилттай, уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь та бидний өмнө тавигдаж буй эрхэм зорилго төдийгүй хэрэгцээ, шаардлага болоод байна.Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн баримт бичиг батлагдсанаас хойшхи гурван жил хагасын хугацаанд бид Азийн бүсийн төлөвлөгөө болон Шинэ Делигийн тунхаглалыг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

Сүүлийн 15 жилд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал нь гамшигт хамгийн ихээр өртдөг манай тивийн улс орнуудын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ярьж хэлэлцэх, санаа бодлоо солилцох, хамтран шийдвэр гаргах үүрэгтэй хамтын ажиллагааны идэвхтэй механизм болон хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, түүний бүсийн төвийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг энд цохон тэмдэглэхийг хүсч байна. иЭнэ удаагийн бага хурлаар бид Шинэ Делигийн тунхаглал, Сендайн баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэн дүгнэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх бүсийн төлөвлөгөөг батлах зэрэг улс төрийн чухал шийдэл гаргах, улмаар улс орнууд сайн дурын амлалт авах, талууд харилцан туршлага солилцох боломжийг олгож байна.

Монгол орны газарзүй болон нийгэм, эдийн засгийн энэ өвөрмөц байдал нь гамшгийн эрсдэлийн онцгой нөхцлийг бүрдүүлж байдаг. Манай улсад хүчтэй салхи, шуурга, үер, ой, хээрийн түймэр, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, хүн амын ахуй амьдрал, улс орны эдийн засаг, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нь Төв Азийн газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж улам бүр нэмэгдэх боллоо. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах нь манай төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн билээ.

Засгийн газар НҮБ-аас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг бүрэн дэмжиж, улсынхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилго бүхий “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталж, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо хэрэгжүүлж байна.

Сендайн баримт бичиг батлагдсанаас хойш Монгол Улс гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү хурдацтай шилжиж, гамшгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн. Тухайлбал 2017 онд УИХ-аас Гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн баталж, үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэн, оролцогч талуудын үүргийг тодорхойлж, онцгой байдлын албаныхны эрхзүйн байдал, нийгмийн халамжийг сайжруулж, гамшгийн үеийнхүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болголоо.

2018 онд Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж байна. Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бусГамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулав. Мөн НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны улс болсон зэргийг дурдаж болно.

Бүс нутгийн орнууд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыггамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны нэг хэмээн үнэлж байгаад бид сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Засгийн газраас Азийн сайд нарын II бага хурлын үеэр бид,

-“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь”

-“Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр хоёр онцлох хуралдааныг зохион байгуулна.

Бүс нутгийн олон улс орон хөгжлийн бодлогоо шинэчилж, эдийн засгийн огцом өсөлтийг бий болгосноор сая сая хүн ядуурлаас гарч байна. Гэвч энэ ололт амжилттай зэрэгцэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын улмаас бүс нутагт тохиолдох гамшгийн давтамж, хамрах цар хүрээ, нийгэм-эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ улам бүр ихэсч байгаа нь бидний сэтгэлийг түгшээх боллоо.

Ази тивийн гамшгийн эрсдэл нь Африк тивээс дөрөв дахин, Европ болон Хойд Америкаас 25 дахин өндөр байна. НҮБ-аас гаргасан мэдээгээр Ази, Номхон далайн бүс нутагт 2000 оноос хойш жилд дунджаар 150 гаруй гамшиг тохиолдсон нь дэлхий дахинд жилд тохиолдож буй нийт гамшгийн 45 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ гамшгийн улмаас дэлхийн эдийн засагт учирсан хохирлын 38 хувь нь, гамшигт өртсөн хүн амын 85 хувь нь Ази, Номхон далайн орнуудад оногдож байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган бүс нутагт хотжилт эрчимтэй явагдаж байна. Ази, Номхон далайн бүс нутагт хөдөөгийн хүн амын тоо хот, суурин газарт амьдардаг хүн амын тооноос ямагт илүү байсан бол 2018 оноос хойш эсрэгээрээ хотын хүн ам хөдөөд амьдардаг хүн амын тооноос давж гарах нөхцөл бүрджээ. Тиймээс ирээдүйд бидэнд хотжилттой холбоотой олон асуудал тулгарах нь дамжиггүй болоод байна.

Олон мянган хүний амь насыг авч одсон Энэтхэгийн далайн цунами, Сычуаны газар хөдлөлт, Мьянмарын Наргис хар салхи болон эдийн засагт ихээхэн хохирол учруулсан Японы зүүн эргийн газар хөдлөлтөөс үүдэлтэй гурвалсан гамшиг, Тайландын их үер, Балбын газар хөдлөлт зэрэг томоохон гамшгийн харамсалтай түүхээс сургамж авч гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улам идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага бүс нутгийн хувьд онцгой ач холбогдолтой болоод байна.

Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсны хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал гэдгийг би маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомтод ажиллан гамшигт өртсөн иргэдийн зовлонг хуваалцаж, гамшгийг даван туулах тэдний асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, тэсвэр хатуужлаас эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж, туршлага хуримтлуулсандаа бахархаж явдаг.

Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын манлайлагч төрийн түшээ хүний хувьд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бүс нутаг, дэлхий дахинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал дэвшүүлье.

Нэгдүгээрт. Улс орон, холбогдох бүх талд хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгоё: Мэдээллийн санд тулгуурлан шинжлэх ухааны орчин үеийн арга хэрэгслийг ашиглан гамшгийн эрсдэлийн талаарх мэдээллийг шийдвэр гаргагчид, олон нийт, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, мэдлэгийг хуваалцах сүлжээг бий болгох хэрэгтэй байна. Мөн мэдээллийн нэгдсэн сүлжээний зэрэгцээ улс орон, холбогдох талууд мэдлэг, туршлагаа харилцан солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлуудаас баталсан тунхаглал, бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тогтмол үнэлэх, олон нийтэд тайлагнах механизмыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ингэж чадвал бид гамшгийн эрсдэлийн талаар нэгдмэл, үнэн бодитой мэдээлэл авах, түүндээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах боломжтой болох юм.

Хоёрдугаарт. Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлье. Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах тухай ойлголт, мэдлэгийг албан болон албан бус боловсрол, бүх түвшний иргэний боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан олгох нь хүн амын амьдралын хэвшил, зан үйлийг өөрчлөхөд дэмжлэг болж, эрсдэлийг бууруулах соёл, уламжлалыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Гамшгийн эрсдэлийн боловсролыг олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагаач болон уугуул иргэд, хүүхэд, ахмад настан зэрэг онцлог бүлгийг хамруулсан, жендерийн мэдрэмжтэй арга, хэлбэрээр олгох нь илүү үр өгөөжтэй гэж бодож байна. Бидний ирээдүй хүүхэд, залуучуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх мэдлэг, чадварыг эцэг, эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үр дүнтэй арга байх болно.

Гуравдугаарт. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжье.

Ази, Номхон далайн бүсэд хоёр тэрбум гаруй хүний амьдрал зөвхөн хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байна. Хөдөө аж ахуйд учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинж чанарыг бүрэн дүүрэн таньж мэдэж, урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас энэ салбарт гамшгийн эрсдэлээс хүлээх хохирол улам бүр нэмэгдэх боллоо.

Өнөөдөр дэлхий дахинд тохиолдож буй байгалийн дөрвөн гамшиг тутмын гурав нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд хөгжлийн түвшнээс үл хамааран бүх улс оронд нэгэн адил нөлөөлж байна. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь аль эрт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт зэрэг гамшгийн давтамж болон далайц олшрон өсч, хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйд ажиллагсдын эмзэг байдал улам бүр нэмэгдэж байна.

Иймд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлж, арга технологио шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн улс орон бүр олон зууныг дамжин амьдарч, аж төрөхдөө аливаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга ухаан, мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн улс үндэсний уламжлалт арга ухаан, үндэсний чадварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан баяжуулж үр өгөөжийг нь дээшлүүлж байх хэрэгтэй байна. Энэ нь бүс нутгийн болон улс орнуудын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах замаар урт удаан хугацаанд тогтвортой хөгжих гол үндэс болох юм.

Дөрөвдүгээрт. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлье.

Ази тив бол эрчимтэй хотжиж, дэд бүтцийг далайцтай бүтээн байгуулж буй бүс нутаг юм. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрсдэлийн мэдээллийг ашиглах, түүнчлэн хүн ам суурьшихад аюулгүй, экосистемийн үйл ажиллагааг хэвийн хадгалах боломжтой, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Гамшгийг тэсвэрлэх чадвартай дэд бүтцийг барих ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг нэн чухал барилга, байгууламжийг барилгын материалын стандарт, дэлхий нийтээр мөрддөг зарчмуудын дагуу эхнээс нь зөв загвар хийцээр, аюулд тэсвэртэй барих, хүчитгэл хийх, ашиглалтын засвар үйлчилгээний соёлыг хөгжүүлэн төлөвшүүлэх нь зүйтэй. Одоогоор тус бүс нутгийн дийлэнх улс орон өөрсдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байгаа хэдий ч эдгээрт эрсдэлийг тооцсон эсэхийг дахин нягтлах шаардлага байгаа гэж үзнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох нь тогтвортой хөгжлийг хангах нэг үндсэн нөхцөл гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй байна.

Тавдугаарт. Гамшигт тэсвэртэй байх чадварыг бизнесийн байгууллагуудад бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжье.

Ази, Номхон далайн бүсэд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагасыг үйлдвэрлэж байна. Энэ утгаараа тус бүс нутгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээ өөр хоорондоо маш нягт уялдаатай тул ганц удаагийн гамшиг бүс нутгийн эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл үүсээд байна. Иймд ханган нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, бизнесийн байгууллагууд өөр өөрийн онцлогт тохирсон гамшгийн эрсдэлийн удирдлагын загварыг нэвтрүүлж, байгууллагынхаа гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлагатай байна. 2011 онд Японы зүүн эрэгт болсон газар хөдлөлт болон Тайландад болсон үер зэрэг томоохон гамшгаас авсан нэг том сургамж бол хувийн хэвшил маш сайн бэлтгэлтэй байх нь үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хохирлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй явдал юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардлын үр ашиг нь гамшгийн дараах аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны зардлаас хавьгүй бага байдаг. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хамтран ажиллаж, нөөц, мэдлэг туршлагаа нэгтгэж, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь маш чухал болоод байна.

Зургадугаарт. Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлье.

Дэлхийн болон бүсийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, улс орнуудын хандив, татвар зэрэгт түшиглэн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ нь бүс нутгийн гамшигт өртөмтгий хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, хувийн хэвшил, бусад холбогдох талын гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих хамтын хүчин чармайлт, хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн оновчтой, өргөн хүрээтэй, хариуцлагатай шийдвэр гаргаж, туршлага солилцохоор энд хуран цугларсан төлөөлөгчид та бидний хэлэлцүүлгийн дүн, цаашдын хамтын ажиллагаа нь улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн хангахад онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдэвт Азийн сайд нарын II бага хурлыг амжилттай зохион байгуулж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна. Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон хамтран ажилласан та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж онцолсон юм.

Categories
мэдээ спорт

Швед 24 жилийн дараа шөвгийн наймд шалгарав

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Урьдчилсан шатны тэмцээнд дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийг хожиж эрхээ өвөртөлсөн Швед энэ удаа Швейцарийн багтай Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд тоглов. Энэхүү тулаанд Шведын шигшээ баг довтлогч Эмил Форсбергийн гоолоор Швейцарийг ялж шилдэг найд шалгарчээ.

Ширүүн өрсөлдөөнтэй явагдсан тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн. Швейцарийн баг бөмбөг эзэмшилтээр давуу байсан ч Шведийн хамгаалалтыг сэтэлж хараахан чадсангүй. Жердан Шакири, Рикарду Родригес нар гоолынболомж үүсгэж байсан ч гоол оруулж чадаагүй.

Харин хоёрдугаар үеийн 66 дахь минутанд Форсберг гоолдсон нь багаа хожилд хөтөлсөн юм.

Шведийн шигшээ баг энэ тэмцээний хамгийн зохион байгуулалт сайтай багаар тодорч байна. Тэд энэ удаагийн тоглолтыг оруулаад гурван тоглолтод гоол алдсангүй. Шведийн хаалганд Германы баг хоёр гоол оруулсан билээ. Шведийн баг хамгийн сүүлд 1994 оны ДАШТ-нээр шөвгийн наймд шалгарсан юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг дэмжихийг уриаллаа

Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр “Шангрила” зочид буудалд Сайд нарын хуралдаанаар үргэлжилж байна. Хурлыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн хатагтай Мами Мизутори нар удирдан явуулж байна. Энэхүү хуралдаанаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд, 2016-2018 оны бүсийн төлөвлөгөөний хүрээнд үндэсний болон бүсийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилтын талаар туршлага солилцож, санал бодлоо солилцоно.

Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн бүс нутгийн хэрэгжилтээс харахад улс орнууд уг баримт бичгийг хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгосон, хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа. Гэхдээ орон нутгийн түвшинд уг баримт бичгийн ойлголтын зөрүүтэй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах засаглалын болон хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдал, мэдээллийн болон түүнийг боловсруулах аргачлал хязгаарлагдмал зэрэг сорилтуудтай тулгарч байна” хэмээн онцоллоо.

Шадар сайд түүнчлэн “Гамшгийн аюул, түүний учруулж буй хор хөнөөл нь дэлхий дахины хөгжлийн өсөлтийг сааруулж байгаа гол хүчин зүйл болж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн нь бүс нутгийн хамтын ажиллагаа, улс орнуудын дэмжлэгээс шууд шалтгаалдаг. Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн хойд Азийн салбар бүс нутаг нь дэлхийн гамшигт хамгийн өртөмтгий бүс нутагт хамаарна. Тус салбар бүс нутагт газар нутгийн талбайн хэмжээ 20.2 сая км2, 1,8 тэрбум гаруй хүн ам амьдарч байна . Түүнчлэн Ази тивд тохиолдож буй байгалийн гамшгийн 40 хувь нь, гамшигт өртөгсдийн 88 хувь нь Зүүн өмнөд болон Зүүн хойд Азид тохиолджээ . Зүүн хойд Азийн улс орнууд нь эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байгаа хэдий ч болзошгүй гамшгийн аюул, түүнд өртөх эмзэг байдлаа арилгаж, гамшгийн эрсдэлээ мэдэгдэхүйц бууруулахуйц шаардлага байна гэж үзэж байна. Дэлхий дээр болж байгаа бүх үзэгдлүүд өөр хоорондоо нягт хамааралтай бөгөөд үүний нэг нь дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдсэн гамшгийн эрсдэлүүд юм.Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг бид дэвшүүлж “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа, хэлэлцээ” олон улсын 4, 5-р бага хурлаар хэлэлцүүллээ. Энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахыг та бүхнээс хүсэж байна” хэмээн Сайд нарын хуралдаанд оролцогчдод уриаллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг батлахад дэмжиж, тодорхой саналуудыг тусгуулсан орны хувьд Монгол Улсын Засгийн газраас уг баримт бичгийн зорилго, зорилтуудтай уялдуулан хууль эрх зүйн хүрээнд нэлээд их шинэчлэлтүүдийг хийсэн тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ. Үүнд, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулыг УИХ-аар шинэчлэн батлуулсан, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага жилийн төсвийн 1.0 хувийг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй зардлыг гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байхаар хуульчилсныг дурдав.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага, зохицуулалтын механизмыг бүрдүүлэх, бодлогын баримт бичгүүд, дүрэм, журмыг батлах, шинэчлэх чиглэлээр мөн ажиллалаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх үндэсний стратегийг Засгийн газар 2017 онд баталлаа. Уг стратегийг төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байна.Мөн гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, улсын хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөл (платформ), орон нутгийн салбар зөвлөлүүдийг тус тус байгуулан ажиллаж байна. Түүнчлэн гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоонд гамшгийн эрсдэлийн удирдлагын бүтцийг шинээр бий болгосон нь мэдэгдэхүйц үр дүнгээ өгч байна.

Нийгэм эдийн засгийн хөгжлийг даган дэлхийн хүн амын ихэнх хувь нь амьдарч байгаа хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь улс орон бүрийн анхаарах гол асуудлын нэг болж байна. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөдөлгөөнийг Монгол Улс бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа энэхүү хөдөлгөөнд нэгтгэсэн Азийн анхны орон боллоо.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлуудаас гарсан санал, зөвлөмж, та бүгдтэй харилцан солилцсон туршлагын хүрээнд бид газар хөдлөлтийн болзошгүй аюулын эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаар ихээхэн анхаарч ажиллаж байна. Хамгийн богино хугацаанд хамгийн их хохирол, сөрөг үр дагавар учруулдаг газар хөдлөлтийн эрсдэл өнөөдөр бидний сэтгэлийг ихээхэн түгшээж байна. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдийн ба улс орны бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөлийг Шадар сайд миний бие удирдан ажилладаг бөгөөд нийслэл болон 12 аймгийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтлыг нарийвчлан судалж, газар хөдлөлтийн зураглалыг шинэчилэх, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг олон нийтэд хүргэх олон улсын жишигт нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем”-ийг байгуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ” хэмээн мэдэгдэв.

Тус хуралд гамшгийн удирдлагын эрхэлсэн сайд нар, гишүүн улс орны бага хурлын төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай бусад байгууллагын ахлах түвшний төлөөлөгчид оролцож байгаа юм.Сайд нарын хуралдаанаас гаргасан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн ард иргэдийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээрх санал санаачилгуудыг Азийн сайд нарын бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Сүүлийн таван жил үйл ажиллагаа нь бүрэн зогсоод байсан “Булган Мах маркет” мах боловсруулах үйлдвэр 2018.06.30-ны билэгт сайн өдөр үйл ажиллагаагаа дахин явуулж эхэллээ.

“Булган Мах Маркет” мах боловсруулах үйлдвэр нь бүрэн шинэчлэл хийж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Олон Улсын чанар стандартын шаардлагыг хангасан мах махан бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Тус үйлдвэр нь мах бэлтгэлийг Булган, Архангай, Хөвсгөл аймгуудаас бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа нь малчид ямар нэг дамжлагагүйгээр малаа зах зээлийн бодит үнэлгээгээр худалдан борлуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.

Үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд тус нутгаас УИХ-д сонгосон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцож хэлсэн үгэндээ “Энэхүү үйлдвэр нь үүд хаалгаа нээснээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих “21:100” хөтөлбөр, мөн “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болохыг” онцлон тэмдэглэлээ.

“Булган Мах Маркет” үйлдвэр БНХАУ, Вьетнам, ОХУ болон Иран улсуудад мах, махан бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангаад байна.

Анхдагчдын өлгий нутаг болсон Булган аймагт мах боловсруулах үйлдвэр дахин үүд хаалгаа нээж, байнгын ашиглалтад орсноор орон нутагт 60-аас доошгүй ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөгжилд түлхэц болох бодит хөрөнгө оруулалт болж байгааг нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагуудын зүгээс талархан хүлээн авч дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн хоёр суманд “Сүү цагаан идээ боловсруулах” цех ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн Тариалан болон Тосонцэнгэл суманд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн хүрээнд “Сүү цагаан идээ боловсруулах” 2 цех ашиглалтад орлоо. Орон нутагт “Сүү цагаан идээ боловсруулах цех” ашиглалтад орсноор үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг нэмэгдүүлэх, сүүний нөөц ашиглалтыг сайжруулах, малчдын орлого болон ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой юм.

Цехэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Тариалан сумын “Шанш” хоршоо, Тосонцэнгэл сумын “Тосон сүүн цагаан далай” гэсэн хоёр хоршоонд төслийн зүгээс олгож нийт 23 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус цех ашиглалтад орсноор хоёр суманд цехийн ажилтан малчидтайгаа нийт 40 орчим ажлын байр бий болж сумандаа ариутгасан сүү, цөцгий, ааруул, тараг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмадууд наадмаас өмнө насны хишгээ авна

Ахмад настнуудад цагаан сарын баярын өмнө болон үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ. Үндэсний их баяр наадмын өмнөх олгох насны хишгийг олгож эхэлжээ. Энэ удаад нийт 125 мянган ахмад насны хишиг авах юм байна. Өмнө бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулсан арилжааны банзаар дамжуулан насны хишгээ авах юм байна.

-65-69 настай 43089 ахмад настан 50 мянган төгрөг

-70-79 настай 57624 ахмад настан 80 мянган төгрөг

-80-89 настай 18700 ахмад настан 150 мянган төгрөг

-90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийг олгодог юм.

“Насны хишиг”-т шинээр бүртгүүлэх ахмадууд тус хишгийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй байдаг аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм.

Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хурал Сайд нарын хуралдаанаар үргэлжилж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр Шангрила зочид буудалд Сайд нарын хуралдаанаар үргэлжилж байна.

Тус хуралд гамшгийн удирдлагын эрхэлсэн сайд нар, гишүүн улс орны бага хурлын төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай бусад байгууллагын ахлах түвшний төлөөлөгчид оролцож байгаа юм.

Хурлыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн хатагтай Мами Мизутори нар удирдан явуулж байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, Өнөөдрийн хурлаар бид “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд, 2016-2018 оны бүсийн төлөвлөгөөний хүрээнд үндэсний болон бүсийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилтын талаар туршлага солилцож, санал бодлоо солилцоно.

“Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн бүс нутгийн хэрэгжилтээс харахад улс орнууд уг баримт бичгийг хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгосон, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа. Гэхдээ орон нутгийн түвшинд уг баримт бичгийн ойлголтын зөрүүтэй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах засаглалын болон хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдал, мэдээллийн болон түүнийг боловсруулах аргачлал хязгаарлагдмал байдал зэрэг сорилтуудтай тулгарч байгааг” онцоллоо.

Сайд нарын хуралдаанаас гаргасан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн ард иргэдийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээрх санал санаачилгуудыг Азийн сайд нарын бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбит-Толгойтын уулзвараас Орбит Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:13 “Тахилт–Саппоро–3-р эмнэлэг”, Ч:47 “Орбит–Ард кинотеатр” чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон байна.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас долоодугаар сарын 9-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд доорх зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэсэн. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Манай таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтлаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен”, БНХАУ-ын Тайваньд болсон “China Open” эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээнүүдийг харгалзан чансааг шинэчлэн гаргав. Энэ удаагийн чансаанд манай таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтлаа.

Тодруулбал, гавьяат тамирчин П.Орхон 62 кг-ын жинд 33 оноо, ОУХМ Б.Шоовдор 59 кг-д 29 оноотой аман хүзүүдэж, ОУХМ Ш.Түмэнцэцэг 68 кг-д 30 оноотой гуравт бичигджээ. Харин ОУХМ Э.Сумъяа 53 кг-д 31 оноотой, А.Батцэцэг 57 кг-д 27 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэв.

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг 50 кг-д Алина Вуч (Румын), 53 кг-д Сара Хилдебранд (АНУ), 55 кг-д Бедиха Гун (Турк), 57 кг-д Ирина Ологонова (ОХУ), 59 кг-д Элиф Йесилирмак (Турк) нар тэргүүлж байна. Мөн 62 кг-д Кайла Миракл (АНУ), 65 кг-д Петра Олли (Финланд), 68 кг-д Лаура Скужина (Латви), 72 кг-д Женни Франссон (Швед), 76 кг-д Аделине Грэй (АНУ) нар тэргүүллээ.

“Будапешт-2018” ДАШТ-ээс өмнө эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох сүүлийн тэмцээн нь есдүгээр сарын 7-9-нд Варшавт болох Польшийн нээлттэй тэмцээн юм.