Categories
мэдээ нийгэм

Могойд хатгуулж амь алдах тохиолдол гарч байна гэв

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд могойд хатгуулах тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн сард могойд хатгуулсан дуудлага ГССҮТ-д олноор бүртгэгдсэн байна.

Тус эмнэлэгт хүргэгдэн ирж буй хүмүүсийн ихэнхи нь хөл, гуя, шилбэ хавиар гэмтэл авсан байдаг бол нярай хүүхдийн гар, биеийн эмзэг хэсгээр хатгасан тохиолдол гардаг аж. Анхны тусламж зөв үзүүлээгүйгээс болж хүндрэх цаашлаад амь насаа алдсан тохиолдол гарсан тухай мэргэжлийн эмч мэдээлжээ.

Могойд хатгуулсан бол:

Могойд хатгуулсан даруйд ямар нэг зовиур шинж анзаарагддаггүй. Үзүүртэй өвс, өргөс яльгүй хатгах шиг л мэдрэгддэг байна. Тун удалгүй хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг. Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг.Хатгасан могойн тос жижиг болон биед нэвтэрсэн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг.

Могойд хазуулсныг мэдсэн даруйд гарын дорхи материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь хамгийн чухал. Чангалуурыг резинээр тавьбал илүү сайн. Тэгээд яг хатгасан нүх харагдаж буй газарт бага зэрэг зүсэлт хийж, цусыг гоожуулах хэрэгтэй. Сорж хэрхэвч болохгүй. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог байна.

Categories
мэдээ нийгэм

Веб контентыг олон улсын зах зээлд гаргана

Сангийн яам болон Дэлхийн банкны хамтарсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо веб дизайны чиг хандлага, олон улсын стандартын чиглэлээр 15 хоногийн сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтанд тус холбооны гишүүн таван компани оролцож байгаа бөгөөд олон улсын стандартад нийцсэн веб дизайн хийх аргачлал, ур чадварыг эзэмшүүлж буйгаараа онцлогтой юм.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын чадавхийг бэхжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой юм.

Ингэснээр Монголын мэргэжилтнүүд үндэсний соёл, уламжлал, онцлог байдлыг илэрхийлсэн оюуны бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж нээгдэж байна. Монголын Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд уг сургалтын агуулга, ач холбогдлын тухай хэлэхдээ “Монголын экспортын бүтээгдэхүүнийг уул уурхай, хөдөө аж ахуй, ноос ноолууран бүтээгдэхүүнээр төсөөлдөг. Тэгвэл Монгол хүний оюун ухаан, мэдрэмжээр бүтээсэн оюуны контентыг дэлхийн зах зээлд гаргах суурийг бэлтгэж байна. Веб дизайны чиглэлээр мэргэшсэн чадварлаг монгол залуучууд уг сургалтыг зааж байгаагаараа онцлогтой.Монгол залуус нэгнийгээ дэмжиж, үндэсний контентоо дэлхийд гаргахаар гар нийлж, шаргуу ажиллаж байна” гэсэн юм.

Манай залуучууд веб контент үйлдвэрлэх чиглэлээр олон улсын зах зээлд амжилттай ажиллаж, өнгөрсөн хугацаанд 500 мянган ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Энэхүү эдийн засгийн үзүүлэлт нь манай залуучуудын ур чадвар, мэдлэг боловсрол энэ салбарт хүчээ үзэхэд өргөн боломж нээлттэй байгааг харуулж байгаа юм. Экспортыг дэмжих төсөлд одоогийн байдлаар 150 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хүсэлт гаргаснаас 46 аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо. Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн зүгээс хоолны салбартай холбоотой ирж буй гомдлын 40 хувийг орон сууцны нэгдүгээр давхарт байрлах хоолны газрын хиншүү, хярвас гэрт орж ирж байна, дуу чимээ ихтэй байна гэх мэдээлэл эзэлдэг аж. Мөн хоолны газруудад ашиглаж буй хийн түлш буюу газ аюулгүй байдал хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газрууд хийн түлш хэрэглэхийг хориглохгүй бол томоохон гарз хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй гэдгийг энэ үеэр онцолж байв.

Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог бөгөөд эргээд хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хурлын үеэр онцолж байв. Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүл. Наймдугаар сарын 1-нээс өмнө бүгдийг нь зогсоо. Мөн Япон, Солонгос, Хятад хоолны газруудад хоолны стандарт гэж байхгүй байгаа тул энэ тал дээр мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг анхаарал хандуулахыг хурлаар сануулж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Залилангаас болгоомжил

Хуурамч фэйсбүүк хаягнаас зээл, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу.

Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэчимэг: Хүүхдийн өмчлөх эрхийн дагуу тэтгэмжийг нь тогтоож, тухайн хүүхэд хүчирхийлэлгүй орчинд өсөх нөхцөлийг харгалзан шийдэх боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслөөс санаачлан “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хүүхдийн өсөж хөгжих, боловсрох, аюулгүй орчинг бий болгоход Төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчдийн оролцоо, хууль, эрх зүйн боломжийн талаар санал бодлоо солилцсон юм. Мөн салбарын Төрийн бус байгууллагууд, про-боно хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульч нар хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хэлэлцүүлэгт Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчид оролцлоо.

Энэ талаар “Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг “2017 оны арваннэгдүгээр сараас хойш гэр бүл цуцлах талаар шүүхийн шийдвэрт хүүхдийн өмчлөх эрхийг хэрхэн тусгаж байгаад дүн шинжилгээ хийсэн. Гэр бүл салахад хамгийн ихээр хүүхэд хохирч үлддэг. Хүүхдийн эрхийг зөрчсөн зарим шийдвэрийн шүүхээс гаргаж байгааг судалгаагаар тогтоосон. Үүнээс хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдэхдээ хүүхэд тус бүрт биш нийт дунд нь шийддэг нийтлэг дутагдал байгаа нь тогтоогдсон. Шүүхээс тэтгэмж тогтоогдсон байхад эцэг, эх нь орлогогүй гээд олгодоггүй. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шийдүүлэхээс өөр аргагүй. Гэрлэлт цуцлах явцад долоон наснаас дээш насны хүүхдээс эцэг, эхийнхээ хэнтэй хамт байхыг асууж асрамжийн асуудлыг шийддэг. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байна. Хүүхэд өөрөө аав намайг зоддог гэж хэлээд байхад аавыг нь асран халамжлагчаар нь тогтоосон хэд хэдэн нийтлэг алдаа ажиглагдсан. Ингэхдээ эдийн засгийн хувьд хэн нь илүү боломжтой байгааг харгалзан шийдэж байна. Хүүхдийн өмчлөх эрхийн дагуу тэтгэмжийг нь тогтоож, тухайн хүүхэд хүчирхийлэлгүй орчинд өсөх нөхцөлийг харгалзан шийдэх боломжтой. Харин эдийн засгийн боломжийг харгалзаж байгаа нь учир дутагдалтай байна” гэлээ. Энэ мэт шүүх, эрх зүйн орчинд хүүхдийн эрх зөрчигддөг тохиолдол байгааг хэлэлцүүлэгийн үеэр хуульч, хүүхдийн эрхийн ажилтнууд хэлж байлаа.

“Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэн “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цагдаагийн ерөнхий газартай хамтран хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээний талаар судалгаа хийсэн. 1067 хүүхдээс 74 хувь нь хар тамхи хэрэглэж үзээгүй. 26 хувь нь ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэн байна. Эдгээрийн тэн хагас нь донтсон гэдэг нь тогтоогдсон. Өмнөх судалгаанаас харахад өссөн үзүүлэлттэй байгаа нь эцэг эх, багш нар хүүхдүүддээ анхаарах цаг болсныг харуулж байна. Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй байна. Хүүхдүүдийн дунд нийтийг хамруулсан урьдчилан сэргийлэх лекц хийх нь хангалттай биш байна. Эцэг эхчүүд хүүхдээ дунд ангид орсноос нь хойш анхаарахаа больж, хараа хяналтаа сулруулдаг. Энэ нь хүүхдийн буруу замруу орох нэг шалтгаан болж байна. Дотны зөвлөгч нь байж, хүүхдээ анхаарч байх хэрэгтэй. Ингэснээр аливаа буруу хэрэглээнээс урьдчилан сэргийлж чадна. Хар тамхи, мансууруулах бодис нь сэтгэхгүй, эрүүл мэнд цаашлаад нөхөн үржихүйд нөлөөлдөг. Хэрэв цаашдаа энэ хэвээр байсаар байвал удмын сан мөхөх аюулд орохыг үгүйсгэхгүй” гэв.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд мансууруулах бодис хэрэглэх тохиолдол гарсаар байна. Түүний хор уршгийг мэдэхгүйгээсээ хохирч байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Усны ослоос урьдчилан сэргийлье

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед иргэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн “Морьт, Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүл ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна.

Иймд бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байх, тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр тохиролцсон олон төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчлан, Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихөнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Монгол, БНХАУ, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэлээ. Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той нягт хамтран ажиллах шаардлага байгааг тэмдэглэв.

Хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтрах, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр ӨМӨЗО-ны хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг тэмдэглэв.

БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг гэдгийг намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихөн хэллээ. Цаашид аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Хилийн боомтууд, чөлөөт бүс, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ли Жихөн илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг батлагдлаа

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль, эрх зүйн орчин банкны үйл ажиллагааны макро болон микро хүчин зүйлсээс шалтгаалж нийт активт чанаргүй активын эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь санхүүгийн зуучлалд тасалдал үүсгэх, банк санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй байна. Банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 140/400/А-168/38 дугаар хамтарсан тушаалаар баталлаа.

Энэхүү стратеги нь бодлогын чиглэл болсон банкны системийн чанаргүй активын нөхцөл байдлыг тодорхойлж, хууль, эрх зүй болон шүүхийн шинэчлэлийг хийх, банкуудын чанаргүй зээлтэй ажиллах ажиллагааг үр дүнтэй болгон сайжруулах агуулгаар хэрэгжих юм.

Стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулах, шүүхийн бус замаар зээлдэгч байгууллагын санхүү, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх чиглэлээр харилцан уулзалтууд хийж, нэгдсэн систем, аргачлалыг удирдах байгууллагатай болох, “Чанаргүй активын удирдлагын журам” батлан мөрдүүлэх зэрэг ажлууд хийгдэх бөгөөд банкны системийн чанаргүй зээлийн хувийг 2021 он гэхэд 4-5, 2023 он гэхэд 2-3 хувь хүртэл бууруулах тоон зорилттой хэрэгжинэ.

Стратегийн баримт бичгийг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Бүтцийн өөрчлөлт нэрийдлээр 14 хүнийг ажлаас нь чөлөөлжээ

Төрийн байгууллага алба хаагчдадаа ажлаас нь халсан талаарх мэдээллийг гаргаж байсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Жавзандулам ажилчиддаа бүтцийн өөрчлөлт нэрийдлээр ажлаас нь чөлөөлжээ.

Энэ талаар нэрээ нууцалсан эх сурвалж “Өнгөрсөн баасан гарагт ажлаас халах тушаалаа уншиж танилцуулсан. Нийт 60 гаруй хүнээс 14 хүнийг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр халсан. Гэхдээ өмнө ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь халаад сүүлд шинээр ажилд орсон хүмүүсээ дарга нь авч үлдсэн.

Дарга нь томилогдож ирээд 3 сар болж байгаа түр орлон гүйцэтгэгч хүн бөгөөд албан тушаалдаа жинхлэгдээгүй байгаа. Гэтэл энэ хооронд хийсэн ажил нь гэвэл бүтцээр оролдож, хүмүүсийг ажлаас нь чөлөөллөө.

Энэ даргын хувьд ирэнгүүтээ хүмүүсийг хольж сольсон. Мөн орон тоо илүү ажиллуулсан. Ажилчдын тоо хэмжээндээ байхад дээрх дарга нэмж өөрийнхөө хүмүүсийг авч ажиллуулж, цалин өгч байсан. Одоо ажлаасаа халагдсан хүмүүс шүүхээр явах нь тодорхой. Төрийн албыг өөрийнхөө төрлийн алба танил талын алба болгож хуучин ажиллаж байсан хүмүүсийг дур зоргоороо ажлаас нь халж болдог ч юмуу үгүй ч юмуу ёстой мэдэхгүй байна” гэлээ.

Мөн уржигдар НДЕГ-аас тус хэлтсийн газарт шалгалт оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дарханы зам засварын санхүүжилт шийдэгдлээ

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталжээ.

Энэ зээлээр шинэчлэх 311 км зам нь худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзжээ.

Манай улсын авто замын өнөөгийн сүлжээ 48,538 километр. Гэвч 13 хувь нь л хатуу хучилттай. “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-өөр Монгол Улсыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улстай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд их засвар шинэчлэлт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах юм.

“Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд удааширч, 2011 онд 17.3 хувь байсан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017 онд 5.1 хувь болон буурсан.” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцаа холбооны хэлтсийн дарга Сужата Гупта хэлээд, “Аюулгүй, найдвартай авто замын сүлжээ худалдаа, аялал жуулчлалыг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр эдийн засгийн хэтийн төлөвт эерэгээр нөлөөлөх юм” гэжээ.

Авто замд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбарууд байршуулснаар замын аюулгүй байдал сайжирна.

Монгол Улс дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтаа зөвхөн бүтээн байгуулалт төдийгүй засвар арчлалт, их засвар шинэчлэлт рүү чиглүүлэхийн чухлыг, мөн дотоод, гадаадын зах зээлд гарах боломж бололцоог сайжруулах бүс нутгийн интеграцийг бэхжүүлэхийн ач холбогдлыг АХБ-ны Зүүн Азийн газрын Тээврийн ахлах мэргэжилтэн Масахиро Нишимура онцолсон байна.

Энэ нь эдийн засгийн цаашдын төлөв, ялангуяа ажлын байр, худалдаа, холбоонд сөргөөр нөлөөлдөг. АХБ-наас олгох зээл болон техникийн туслалцааны хүрээнд авто замын үндсэн хөрөнгийн менежментийг сайжруулна. Мөн замын засвар арчлалт, их засварт хөрөнгө оруулснаар ажлын байрбий болгож, зах зээлийг ойртуулж, замын аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээ иргэдэд илүү хүртээмжтэй болно.

Төслийн хүрээнд авто замд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбарууд байршуулснаар замын аюулгүй байдал сайжирна. Мөн авто замд аюулгүй байдлын хараат бус аудит хийнэ.