Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime 2018” маргааш эхэлнэ

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам долоодугаар сарын 6, 7, 8-ны өдөр “Монгол Шилтгээн”-д зохион байгуулагдана.

17 дахь жилдээ болох уг наадам орчин үеийн хөгжмийн соёлыг дэлгэрүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэжээ.

“Playtime 2018” наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцохын зэрэгцээ электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх ажээ.

“Playtime 2018” маргааш эхэлнэ

“Playtime 2018” маргааш эхэлнэ

Categories
гадаад мэдээ

Монголын ноолуурын салбарыг бэхжүүлэх нь АНУ-ын хувьд ч ашиг тустай болохыг онцолжээ

Америк-Монголын худалдааны харилцааг бэхжүүлэх чухал боломж бүрдэж буйд анхаарлаа хандуулан ажиллахыг хүссэн захидлыг АНУ-ын Конгрессын Монгол улстай харилцах асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүд Монгол улсад суугаа АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт ирүүлсэн байна.

“Уул уурхайгаас хараат эдийн засгаа төрөлжүүлэх үүднээс Монгол улсын засгийн газраас нэхмэл, сүлжмэлийн аж үйлдвэрээ дэмжих бодлого явуулж байна. АНУ-ын зах зээлд гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх замаар Монголын ноолуурын салбарыг бэхжүүлэх нь тус улсын эдийн засагт ашиг тустай төдийгүй мөн АНУ-ын Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг бууруулахад тусална. АНУ-ын засаг захиргаа энэ чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд Конгрессын гишүүн Тэд Ёхо зохих хуулийн төслийг удахгүй Конгресст өргөн барина” гэж АНУ-ын Конгрессын дээр дурдсан зөвлөлийн хоёр дарга болох Дина Титус, Дон Ён нар болон Тэд Ёхо, Дэвид Прайс, Марк Мидоус, Стив Кохен зэрэг гишүүдээс ирүүлсэн энэхүү захидалд тэмдэглэжээ.

“Дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж буй ноолуурын 40 орчим хувийг үйлдвэрлэж буй Монгол улс үүнийхээ 60-70 хувийг Хятадад экспортолж, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Хятад улс дэлхийд тэргүүлэхэд тус дөхөм үзүүлж байгаа юм. АНУ Хятадаас бэлэн ноолууран бүтээгдэхүүн худалдан авахын оронд боловсруулсан ноолуурыг Монголоос шууд худалдан авах боломжтой билээ” гэж уг захидалд онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Нийслэл хотод 2018 оны долдугаар сарын 02-ны өдрөөс долдугаар 06-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал” болж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадаадын зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус газраас явган эргүүлийн өдрийн 52 чиглэлд 104, шөнийн 56 чиглэлд 112 нийт 108 чиглэлд 216 алба хаагч өдөр бүр эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Дархан аварга Х.Баянмөнх уриалга гаргалаа

Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх уриалга гаргажээ. Тэрбээр бөхчүүдэд хувийн эрх ашиг, холбоодын үл ойлголцлоос хамаарахгүйгээр наадамдаа барилдахыг уриалсан байна. Х.Баянмөнх аварга “Эвлэрлийн гэрээ хийх гээд чадсангүй. Тиймээс холбоодын үл ойлголцлоос шалтгаалахгүйгээр бөхчүүд барилдаж, ард түмнээ баярлуулахыг уриалж байна. Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй” хэмээн уриалжээ. Мөн тэрбээр барилдааны үеэр зөвхөн дүрмийг баримталж, хувийн эрх ашиг, сонирхлыг хойш нь тавихыг бөхчүүдэд сануулав.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссонтой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийт хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэнд, боловсролын зэрэг асуудалд байнга анхаарал тавьж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын ард түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн НҮБ-ын Хүн амын санд хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Ноён Бьорн Андерссон НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийлээд, саяхан Улаанбаатар хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалт зөвлөлгөөнийг УИХ амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссонтой уулзлаа

Уулзалтын үеэр хүн амын насжилт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдал, залуучуудыг эрх мэдэлжүүлэх, хүүхэд залууст бэлгийн боловсрол олгох, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг сэдвийг хөндөж, энэ чиглэлээр НҮБ-ын Хүн амын сангаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Монгол Улсын оролцоо, цаашид анхаарах асуудлуудаар яриа өрнүүллээ.

НҮБ-ын Хүн амын сан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуульд өөрчлөлт оруулах хуулийг парламентаар хэлэлцэн батлахад дэмжлэг үзүүлж ажилласныг энэ үеэр онцоллоо.

Ноён Бьорн Андерссон “Монгол Улс өргөн уудам нутагтай. Хүн ам цөөтэй, суурьшил нь таруу. Тиймээс нөхөн үржихүйн болон эмэгтэйчүүд, залуусын эрүүл мэндийн сэдвээр хэрэгжүүлсэн “Телемедицин” төсөл дэлхийн бусад улс орнуудад үлгэр дуурайл болохуйц чухал үр дүнтэй арга хэмжээ болсон” хэмээгээд, НҮБ-ын Хүн амын сангийн Захирлуудын зөвлөлөөс баталсан “Улс орнуудыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улстай бид цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд НҮБ-ын Хүн амын сан, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг парламентаас байнга дэмжиж ажиллах болно гэв.

Уулзалтад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара байлцав.

Categories
мэдээ спорт

Унаач хүүхдийн хувцас хэрэгслийг түрээслүүлэхээр боллоо

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийж байна. Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтарч ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэгсэл худалдаж авах боломжгүй зарим хүүхдэд түрээслүүлэх үйлчилгээ явуулах аж.

    • Бүрэн тоноглогдсон хамгаалалтын хувцас хэрэгсэл 20 мянган төгрөг
    • Өвдөг тохойны хамгаалалт дутуу хувцас хэрэгслийг 10 мянган төгрөгөөр түрээслүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна даатгалын системийг сайжруулах ажил хийж байгаа аж. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхдийн нөхөн олговрыг 20 хүртэлх сая төгрөг болгох талаар даатгалын компаниудтай ярилцаж байгаа аж. Ингэхдээ жилд нэг удаа төлдөг байсан 30 мянган төгрөгийн хураамжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа гэв. Одоогоор энэ асуудлыг “МИГ” болон “НОМИН” гэсэн хоёр даатгалын компани зөвшөөрсөн байр сууриа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Богдын гол руу дизель станцын хаягдал тос масло урсан оржээ

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу энэ сарын 4-ний өдрийн 15:09 цагаас эхлэн аадар бороо орсон байна. Аадрын улмаас үер бууж Богдын голын усан цахилгаан станцын харьяа дизель станцын хаягдал тос маслын тогоо усаар дүүрч Богдын гол руу урсжээ.

Тус мэдээллийг тухайн өдрийн 19:10 цагт хүлээн авсны дагуу тус аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газрын алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилтын газар, Алтай-Улиастай эрчим хүчний газар, орон нутгийн иргэд, нийт 40 хүн үерийн усны голдирлыг өөрчилж, бохир усанд автсан гурван айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

1

Categories
мэдээ нийгэм

Агрономичдыг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Тариалангийн үйлдвэрлэлтэй холбогдох эрх зүйн баримт бичиг, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөр, олон улсын чиг хандлага, салбарт нэвтэрч буй дэвшилтэт технологийн талаар шинэ мэдлэг мэдээлэл олгох зорилготой агрономичдыг мэргэшүүлэх сургалт ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Сургалтад нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Орхон аймгийн нийт 22 сум болон дүүргийн 30 гаруй газар тариалангийн мэргэжилтэн-агрономичид оролцсон юм.

Тариаланчид энэхүү сургалтад хамрагдсанаар салбарын шинээр гарсан журмуудтай танилцахаас гадна хүнсний ногооны тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга, таримлын үр, сорт, тариалах, ургуулах технологийн шинэчлэлийн талаар ойлголттой болж байна.

Сургалтын үр дүнд тариаланчдад сертификат гардуулж, газар тариалангийн бүтээгдэхүүнд гарал үүслийн буюу баталгааны тэмдэг олголоо.

Categories
мэдээ нийгэм

Цагааннуурын боомт уртасгасан цагаар ажиллана

Улсын баяр наадам ойртож, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомт энэ сарын 6-10, 16-21-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд уртасгасан цагаар үдийн цайны завсарлагагүйгээр ажиллахаар болсон талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Уг асуудлыг өчигдөр болсон Цагааннуур дахь Боомтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Харин аймгийн Гаалийн газраас өгсөн мэдээллээр тус боомт нь наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-15-ны хооронд амрах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дөрвөн хууль, Улсын Их Хурлын тогтоол нэгийг батлуулжээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөрхэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир мэдээллийн эхэнд, Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 12 удаа хуралдаж давхардсан тоогоор 24 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл гурав, сайдын мэдээлэл долоог сонсож, дөрвөн хууль, Улсын Их Хурлын тогтоол нэгийг батлуулсан. Байнгын хороо Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлтгурав, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт найм, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга хоёр, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 49, Байнгын хорооны гурван тогтоол батлан гаргасан. Тус байнгын хороонд байгууллага иргэдээс санал, хүсэлт, гомдол зэрэг нийт 41 албан бичиг ирүүлснийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгсөн. Тайлангийн хугацаанд Байнгын хороо зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт, уулзалт, ярилцлага дөрвөн удаа тус тус хийсэн гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн, батлуулсан. Ингэснээр иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхтэй холбоотой заалтуудын хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг 2028 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 жилийн хугацаагаар сунгахаар болгосон. Түүнчлэн Баяжуулсан хүнсний тухайхуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд хууль батлагдсанаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулж, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой иргэд шим тэжээллэг хүнс хэрэглэх боломж бүрдэх, бага зардлаар хүн амын аминдэмийн хэрэгцээг хангах, улирлын чанартай шим тэжээлийн дутлаас сэргийлэх, хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэдгийг Л.Элдэв-Очир гишүүн мэдээлэлдээ дурдав.

Мөн тэрбээр Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлэн батлуулсныг дурдахдаа хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний төв болон лаборатори, хүрээлэнгийн даргыг тухайн шатны засаг даргатай зөвшилцөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, тухайн шатны засаг даргатай зөвшилцөн харьяалах төв, лаборатори, хүрээлэнгийн дарга томилж, чөлөөлдөг болсон нь төвлөрлийг сааруулсан зохицуулалтыг бий болгосон гэдгийг онцолж байлаа.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо хуралдаанаараа Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл болон Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбицлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсож, Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 06 дугаар тогтоолыг батлуулсан байна.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан хуралдаанаар Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан, мэдээллийг сонсож, “Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан 07/16 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн аж.

Тайлант хугацаант тус байнгын хороо Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүн болон Мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсчээ.

Мөн Монгол Улсын Их Хурлаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталсөн бөгөөд эдгээр хуулиуд 2018 оны 06 дугаар сарын нэгнээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Иймд хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдох бэлтгэл ажлыг хангах талаар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 81, 82 дугаар тогтоолыг баталлуулжээ.

2018 оны хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хорооноос байгуулагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл болон Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус ажиллаж байна. Үүний зэрэгцээ Байнгын хороо батлуулсан хууль, тогтоолын хэрэгжилтэд анхаарч, хууль хэрэгжүүлэх төлөвлөгөө, хуулиар эрх олгож, батлан гаргахыг үүрэг болгосон эрх зүйн актуудын боловсруулалт, хуульд заасан тогтолцооны талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, үүрэг, чиглэлийг тухай бүр өгч ажиллаж байна гэж Байнгын хорооны дарга мэдээллийнхээ төгсгөлд онцоллоо.

Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.