Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшийг нийслэлийн зургаан дүүргийн 390 цэгээр борлуулна

2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт түүхий нүүрсний хэрэглээг хорих тогтоол Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар баталжээ.

Өдгөө 200,000 өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд хариуцах бол сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа. Бидний зүгээс сайжруулсан түлшийг нийслэл дэх дундын агуулахад нөөцөлж, төвийн 6 дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байна. Азийн хөгжлийн банкны 2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын иргэдийн 91 хувь нь нүүрсээ бөөнд нь, 9 хувь нь жижиглэнгээр худалдан авдаг гэж гарсан байдаг.

Categories
гадаад мэдээ

Газрын тосны үнэ өсч болзошгүй гэж мэдэгджээ

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж, тус улсын газрын тосны экспортод хязгаарлалт тогтоосон тохиолдолд тун удахгүй нэг торх газрын тосны үнэ 100 ам.долларын босгыг давж болозошгүй. Ингэснээр газрын тосны үнэ өндөр байх нь ашигтай Орос болон Саудын Арабын барьцаанд Д.Трамп орох болно” гэж Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК дахь Ираны төлөөлөгчдийн тэргүүн Хосейн Каземпур Ардебели Reuters агентлагийн сурвалжлагчид мэдэгджээ.

“Дэлхийн хэрэглэгчид газрын тосонд, ялангуяа АНУ-д бензинд, илүү мөнгө төлж байгаагийн төлөө хариуцлагыг ноён Трамп дангаараа үүрэх болно” гэж тэрээр тэмдэглэсэн байна.

Лхагва гарагт Д.Трамп газрын тосны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна хэмээн ОПЕК-ийг буруутгаж, АНУ-ын хамгаалалтад байхыг хүсч байгаа бол газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг холбоотнуудаасаа, тухайлбал, Саудын Арабаас шаардсан юм.

Categories
мэдээ спорт

Д.Отгонжаргал өсвөрийн дэлхийн аваргын төлөө барилдана

“Загреб-2018” чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий охидын 46 кг-д “Женко” клубын тамирчин Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр энэ жилийн өсвөр үеийн Ази тивийн АШТ-ий хүрэл хүртсэн бөгөөд өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай шилдэг залуу бөх юм. Д.Отгонжаргал 1/8 шигшээд Энэтхэгийн Деви Санжу, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шорыг тус бүр цэвэр ялснаар маргааш Японы Сакүра Мотокитой аваргын төлөө барилдана. Мөн 53 кг-д “Женко” клубын тамирчин Б.Эрдэнэсувд маргааш дагах барилдаан хийхээр болжээ.

Тус тэмцээний охидын 40, 46, 53, 61, 69 кг жингийн хагас шигшээ барилдаанууд ийнхүү өчигдөр болж манай хоёр тамирчин үлдээд байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах хуваарь

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.

“Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 10 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос такси үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:

  1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;
  2. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол;
  3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartmentбаруун талын зогсоол.

Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр үйлчлэх чиглэлүүд

Чиглэл

Тээврийн хэрэгслийн тоо

Хүлээлгийн хугацаа

1

“Давааны зөрлөг-Хүй 7 худаг”

5

4 мин

2

“Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн”

3

10 мин

3

Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо

20

3 мин

Рейлбусын үйлчлэх цагийн хуваарь

Баярын өдрүүдэд наадамчдад зориулж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд Нийслэлийн тээврийн газраас 5 төрлийн тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд:

Такси үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Шар өнгөтэй байна.

“Дүнжингарав -Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв”, “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Бор өнгөтэй байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал буюу Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байна.

Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Ногоон өнгөтэй байна.

Хүй 7 худаг чиглэлийн богино эргэлтийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ХӨХ өнгөтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Дахин нэг хүүхэд тогонд цохиулж амиа алджээ

Найзуудтайгаа тоглож байгаад эмийн сангийн хаалганы бариулаас барьж тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Гэтэл дахин нэг хүүхэд тогонд цохиулж амиа алдлаа. Тодруулбал, Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд 07-р сарын 05-ны 15:00 цагийн үед хүүхэд цохиулж нас барсан байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Азийн хотын дарга нарын манлайлагчдын уулзалтыг нээлээ

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлын хүрээнд болж буй Азийн хотын дарга нарын манлайлагчдын уулзалтыг нээж үг хэллээ.

Тэрбээр “Дэлхийн хүн амын тэн хагас нь хот, суурин газарт амьдарч байгаатай холбоотойгоор хотуудын аюулгүй байдлыг хангах нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан нэн чухал асуудал болоод байгаа бөгөөд төрөл бүрийн гамшгийн тоо хэмжээ, давтамж, хамрах хүрээ нэмэгдэхийн хэрээр тогтмол өсөн нэмэгдэж буй хот суурин газрын иргэдэд учруулах эрсдэлийг тэр хэмжээгээр ихэсгэж байгаа билээ. Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж буй Ази, Номхон далайн бүс нутагт хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь улс орон, орон нутаг, хот суурин газрын удирдлагын нэн чухал анхаарах асуудал болж байна.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж улам бүр нэмэгдэж байгаа билээ. Иймд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор 2011 онд “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулан ажиллаж байна.

Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэж, гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байна. Уг хөтөлбөрт Улаанбаатар хот нэгдсэн орсонтой холбогдуулан хотын Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага хамтран “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж төр, захиргааны байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, иргэд олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хотын эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хотын ерөнхий төлөвлөлтөд тусгах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мөн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж буй Япон Улсын туршлагыг Монгол Улсын онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хүн амын гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, барилга, байгууламжийн норм, норматив, стандартыг шинэчлэх, орон зайн мэдээллийн технологийг нэвтрүүлэх зорилгоор ОБЕГ, Жайка олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж байна” хэмээв.

Энэхүү уулзалтаар гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутаг, хотуудын ололт амжилт, хэрэгжүүлж буй шилдэг туршлагыг харилцан солилцож, олон улс орны нийслэл, хотуудын түншлэл, хамтын ажиллагааны эхлэл тавигдана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“National Geographic”-ын оны шилдэг гэрэл зургаар монгол охины хөрөг шалгарчээ

“National Geographic” сэтгүүлээс зарласан гэрэл зургийн уралдааны шилдэг арван гэрэл зураг тодорчээ. Ойролцоогоор тус шалгаруулалтад 13 мянган гэрэл зураг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж. Бүх ангиллаас шалгарсан шилдгийн шилдэг зургийг 10 мянган ам.долларын шагнал дагалддаг нь энэхүү уралдааныг нэр хүндтэй болгосон билээ.

Энэхүү гэрэл зургийг Зургийг Алессандра Мениконзи (Alessandra Meniconzi) авчээ.

“Би удаан хугацааны турш монголчуудын бүргэд агнадаг уламжлалт аргыг биширч ирсэн. 2018 оны гуравдугаар сард бүргэдийн анчин нэгэн гэр бүлийг нүүдэллэж байхтай нь таарсан юм. Тэд өвөлжөөнөөс хаваржаа руугаа нүүж байсан билээ.”

“Монгол Улс маш сийрэг хүн амтай мөн маш найрсаг, уриалгахан хүмүүс юм. Казах соёлд зочин хүлээж авах уламжлал нь тун элэгсэг. Цай бол зөвхөн уух зүйл биш. Харин өв соёл, тайвшрал, ёслолыг илэрхийлдэг юм.”

“Монголын хүйтэн өвөл Дамел охин үстэй дээл өмсөж, дулаацахын тулд аяга цай ууж байна” гэж зурагчин хэлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хужирбулан дахь сургуулилтын талбайд өчигдөр 08 цагт очлоо. Энд Монгол төрийн их наадмын есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүд бэлтгэлээ базааж байгаа юм. Тус ангийн захирагч, хурандаа Л.Батболд биднийг угтан аваад бэлтгэл хийж байгаа офицер, цэргүүдтэй уулзаж, морьдын бэлтгэлийг сонирхохыг зөвшөөрөв. Өглөөний 05:30 минутаас тэд бэлтгэлээ хангаж өглөөний гүйлтээ хийж ирээд цайгаа уучихаад морьдоо унаад бэлтгэлийн талбайд очиж өдрийн цайны цаг хүртэл халуун нар, аагим халуун, усан бороог ч үл ажран бэлтгэлээ хийж, хөдөлгөөн бүрээ жигдэлж амжжээ. Төрийн ордноос есөн хөлт цагаан тугийг аваад Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулаад буцаан Төрийн ордонд тугаа залах гэсэн энэ маршрутын турш хийх бүх хөдөлгөөнийг өдөрт хорь гаруй удаа давтана. Гэхдээ морьдоо ядраахгүйн тулд бэлтгэлээ үе үе завсарлуулна.

Өчигдөр тус ангийн малын эмч Б.Энхболд морьдоо шинжиж дархлаа сайжруулах витамин, үрэвслээс урьдчилан сэргийлэх тарилгыг зарим морьдод тарьж байлаа. Хүн хаврын цагт ч юмуу, ядарсан үедээ амин дэмтэй, тамир тэнхээ сайжруулдаг дусал тариа хийлгэдэг шиг төрийн хариуцлагатай албанд торгон цэргүүдтэй хамт зүтгэж байгаа найман шарга, хоёр загал, хар, хээр, хүрэн зүсмийн 22 адууг наадмын өмнө эмчийн үзлэгт оруулж шаардлагатай бол ингэж тарьдаг юм байна. Яагаад гэвэл эдгээр морьдын хувьд сар гарны өмнөөс ижил сүргээсээ холдож наадмын бэлтгэлд гарахдаа өдөрт олон тооны бэлтгэл хийхдээ унаачаас гадна 20-32 кг-ын жинтэй их туг, хөл туг өргөх учир яалт ч үгүй тамир тэнхээтэй байх нь чухал. Торгон цэргүүд ч гүйлтийн бэлтгэлийнхээ дараа хүчний, сунгалтын дасгал заавал хийдэг. 32 кг-ын жинтэй тугийг хөдөлгөөнгүйгээр Төрийн ордноос Төв цэнгэлдэх рүү залахад дунджаар 40 минут болдог учир тэр хугацаанд мэдээж маш их хүч, тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой.

Өдөрт 10 цагийг бэлтгэлдээ зориулна. Ангийн захирагч Л.Батболдын хувьд 2012 оноос хойш долоо дахь жилдээ наадмын бэлтгэлд ийн гарчихаад байгаа туршлагатай нэгэн. Тэрээр “Бид Шажин хурахын аманд бэлтгэлээ хийж байгаад энд ирсэн. Маргаашнаас хотын төв рүү дөхөж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд бууж Төв цэнгэлдэх рүүгээ ойртоно доо” гэж байлаа.

“Анхаар! мориноос”, “Морь! шилжүүл”, “Анхаар! марш”, “Анхаар! зогс”, “Зүүн тийш эргэ” гэсэн командуудаар цэргүүдийн алхаа нэгэн хэмнэлээр газар бөмбөрдөхөд “Нээрэн 11-ний өглөө наадам ингэж эхэлдэг дээ” гэж бодогдож байлаа. Энэ үеэр ангийн захирагч “Өлмий дээрээ, өлмий дээрээ” гэж цэргүүддээ хандан тушаана. Морьд ч бэлтгэлдээ дассан нь илт. Амгай, дөрөөгөөрөө чимээлэх байтугай ялаархсан ч шинжгүй, эзнийхээ хөдөлгөөнийг мэдэрч байгаа мэт хөдөлгөөнгүй зогсоно. Зүс ижилссэн морьд ямар ч илүү дутуу хөдөлгөөн хийхгүй аж.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хошууч Д.Хашхүүтэй ярилцлаа.

-Энд ирэхээс өмнө Шажин хурахын аманд бэлтгэл хийжээ?

-Зургадугаар сарын 13-наас 22ны хооронд Шажин хурахын аманд бэлтгэл хийсэн. Морьд маань Хэнтий аймгаас 232 дугаар ангиас ирдэг.

-Аль сумаас вэ?

-Дэлгэрхаан.

-Найман шаргын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу. Шинэ, залуу шарга нэмэгдсэн үү?

-Өөрчлөлт ороогүй байгаа. Ойрын гурван жилдээ шинээр шарга нэмэгдээгүй.

-Найман шаргыг бүрдүүлэхдээ хаанаас яаж авдаг вэ. Тааралдсанаа энэ сүрэгт нийлүүлдэггүй байх?

-232 дугаар ангийнхан Дорнод, Сүхбаатар зэрэг адуу сайтай газруудаар явж сүргээ өөрсдөө бүрдүүлнэ. Иргэд ганц нэгийг бэлэглэх тохиолдол бий.

-Найман шаргыг дээдэлдэг нь Чингис хааны үеэс уламжлагдан ирсэн төрийн том соёл шүү?

-Чингис хааны үеийн түүхэнд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. Найман шарга, хоёр загал. Найман шарга нь дагуур найман тугаа авч явна. Төрийн хонжин (Тугийг залах торгон цэргүүдийг залдаг захирагчийг хонжин гэж нэрлэдэг) нэг загалыг унана. Их цагаан тугчин нөгөө загалыг нь унана. 22 бараан морьдтой. Нийтдээ 32 морь туг залах ёслолд оролцдог.

-Найман шарга, хоёр загал гээд эдгээр морьд жилийн дөрвөн улирлын турш өндөр хамгаалалтад байдаг байх даа?

-Тэгэлгүй яахав. 232 дугаар ангийнхан хариуцаж малладаг.

-Малын эмчээс гадна морьдод анхаарал тавьж ажилладаг ямар хүмүүс байна вэ, энд?

-232 дугаар ангиас ирсэн агтчин нь байгаа.

-Морьдоо усанд оруулсан уу?

-Одоогоор байгалиараа байна даа. Наадам дөхөхөөр 10-нд усанд оруулна.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын үеэр бөмбөр нижигнэж, алга ташиж, дуу чимээ нүргэлж, агаарын бөмбөлөг хийсээд сүртэй байдаг. Тэр бүх дуу чимээнд яаж дасгадаг вэ?

-Бүх л төрлийн арга хэмжээ авдаг. Оркестр авчирч тоглуулж байна. Наадмын үеэр хэвлэл мэдээллийнхний камерны элдэв янзын утас, кабельд хүртэл дасгах гэж зохиомлоор утас кабель бэлдээд дээгүүр нь алхуулж байна. Сая цэргүүд маань улаан хувцас өмсчихсөн байсан шүү дээ. Энэ чинь цэргүүдийнхээ хувцасыг хүртэл морь малтайгаа дасгаж байгаа нэг дасгал. Наадмын ажиллагаанд бид чинь энэ улаан хувцастайгаа оролцдог.

-Шаргуудаас олон жилийн туршлагатай нь гэвэл хэдэн жил наадмын ёслолд оролцож байна вэ?

-Тав, зургаан жил оролцсон нь бий. Тэрнээс дээш жил ч оролцсон морьд байгаа.

-Наадмын бэлтгэлд аваад ирэхээр морьд ер нь зөнгөөрөө энэ бүхнийг мэдрэх үү?

-Морь чинь сэтгэхүйтэй амьтан. Өөрсдөө мэдэрнэ. Наанадаж л уяагүй байхад л уяан дээрээ ирээд зогсоно. Яг өөрийнхөө зогсдог байрандаа орж ирээд дагаад явна.

-Цэргүүдээ яаж сонгодог юм бэ?

-Офицер, ахлагчдаас тугчдаа сонгодог. Энэ бол хүндтэй алба. Манай ангид алба хааж байгаа офицер, алба хаагчдын хүсэл мөрөөдөл нь энэ. Албандаа сахилга, зохион байгуулалтын хувьд сайн, сурлага, хөдөлмөрөөр амжилт гаргасан офицер, ахлагч, түрүүч, байлдагчдыг сонгон шалгаруулж авдаг.

-Та тугчаар нэлээд хэдэн жил ажиллаж байгаа, тийм ээ?

-Би өмнө нь зургаан жил тугчаар ажиллаад гурван жил завсардаад өнөө жил дахин энэ сайхан албыг гүйцэтгэж байна. Ингээд харж байхад төрийн есөн хөлт цагаан тугийг залж, найман шарга, хоёр загалын нуруун дээр явсан офицер, ахлагч, цэрэг, түрүүч нарын амьдрал ахуй, ар гэр, төрийн алба нь жил ирэх бүр дэвжиж, тууштай сайхан явдаг гэж боддог юм.

-Шаргууд нэртэй юм билээ?

-Ганц хоёр нь нэртэй. Бүдүүн шарга, Зэхэр шарга гэж нэртэй шаргууд бий. Өндөр шарга бол арван хэдэн жил төрийн ёслолд орсон шарга байсан юм. Би зургаан жил унасан. Хөөрхий амьтан нас нь яваад жамаараа одсон доо.

-11-ний өглөө есөн хөлт цагаан тугаа бариад Төв цэнгэлдэх рүү ороход шарга, загалууд орчин тойрноо мэдэрч, биеэ барих ч юм уу, сандрах тийм шинж тэмдэг илэрдэг үү?

-Мэднэ. Илт биеэ бариад эхэлдэг. Тэр нь унаачид нь мэдрэгдээд байдаг юм. Ямарваа нэгэн байдлаар мэдэгдээд байдаг юм гэлээ. Д.Хашхүү хошуучийн хувьд яах аргагүй энэ ажилд гаршсан, морьдоо мэдэрдэг болчихсон нэгэн. Тиймдээ ч шинээр ирсэн цэргүүддээ морьтойгоо хэрхэн харьцахыг нэгд нэгэнгүй зааж өгч байлаа.

Өнөө жилийн наадмын ёслолд анх удаа оролцож буй байлдагч У.Гантулгатай энэ үеэр уулзлаа. Тэрээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас 2017 оны хоёрдугаар ээлжээр 032 дугаар ангид татагдсан иржээ. У.Гантулга “Наадмын бэлтгэлд гараад маш гоё байна. Найман шарга, хоёр загал морьдтой ёслолд бэлтгэж туг шилжүүлж байгаадаа баяртай байна. Өмнө нь туг залах ёслолыг зурагтаар л харж байсан. Гэтэл одоо энэ ёслолд өөрийн биеэр оролцоод Их туг шилжүүлж байгаадаа үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Гэрийнхэн маань намайг энд бэлтгэлд гарсныг дуулаад маш их баярлацгааж байна билээ. Найман шаргатай, ёслолын улаан хувцас өмсөөд туг шилжүүлээд явна гэдэг мөрөөдөл төдий байснаас ингээд яг дунд нь ороод бэлтгэл хийгээд явна чинээ төсөөлж байсангүй. Би чинь өөрөө хөдөө өссөн болохоор морь малтай харьцахад хүндрэл бэрхшээл гарахгүй байгаа” гэж сэтгэгдлээ илэрхийллээ. Төрийн өндөр хэмжээний уламжлалт энэ ёслолд морь унаж оролцож байгаа 32 офицер, ахлагч, түрүүч, байлдагч бол хамт олноо хошуучлан манлайлж, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан, Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн ирээдүйтэй, чадвартай, шилэгдмэл эрс гэдгээрээ онцлогтой.

Төрийн ёслолд оролцох морьдыг Туул голын усанд оруулдаг гэсэн мэдээллийг уншсан зарим хүмүүс “Гол ус бохирдуулллаа” гэж нэг бус удаа шүүмжилжээ. Харин өнөө жил тус ангийнхан морьдоо тусгай шүршүүрээр шүршиж угаана гэж байлаа. Усанд оруулсны дараа дэл, сүүлийг нь самнаад байх шаардлагагүй гэнэ. Зориулалтын шингэн савангаар угаачихад дэл, сүүл нь аяндаа сэргээд намираад гялалздаг юм байна. Хээрийн майхны гадаа зөөврийн зуухны яндангаас утаа савсана. Өдрийн хоолны цаг дөхөж байгаа бололтой. Тогооч Т.Жавзанпагма, бэлтгэгч Г.Ерөнчимэд нар хоолоо бэлдээд завгүй ч сүүтэй будаа, масло, чихэртэй талхаар дайллаа. Өдөрт гурван удаа хоол хийнэ. Өдөр нь нэг, хоёрдугаар хоолтой. Т.Жавзанпагма мах хэрчих зуураа “50 хүний хоол хийж байна. Энэ чинь хийгээд сурчихсан ажил болохоор түүртэх юм байхгүй ээ. Дөрөв дэх жилдээ найман шаргаа дагаж офицер, ахлагч, байлдагчийнхаа хоолыг хийж явна даа. Эд нартайгаа гар нийлээд ажиллаад сурчихсан болохоор наадмын бэлтгэлд гарах нь нэг талаар бэлгэ дэмбэрэлтэй сайхан байдаг юм” гэж байлаа.

Ийнхүү Монгол төрийн наадамд есөн хөлт цагаан тугийг залах цэрэг эрс, морьдын бэлтгэл жигдэрч, наадмын талбай, төв цэнгэлдэх хүрээлэн рүү дөхөж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Улиастай-Алтай чиглэлийн зарим хэсгүүдэд далан сэтэрчээ

Улиастай-Алтай чиглэлийн автозам дагуу Ганцын даваанд аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг үүсээд байна. Үерийн улмаас 4 дэх км-т байрлах модон гүүрийн тулгуур суусан, 4-14 дэх км-т замын зорчих хэсэг угаагдаж, зарим хэсгүүдэд далан сэтэрсэн байна. Тиймээс энэ чиглэлэд зорчиж байгаа жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчин хурдаа хэвтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Улиастай-Алтай чиглэлийн зарим хэсгүүдэд далан сэтэрчээ

Улиастай-Алтай чиглэлийн зарим хэсгүүдэд далан сэтэрчээ

Улиастай-Алтай чиглэлийн зарим хэсгүүдэд далан сэтэрчээ

Улиастай-Алтай чиглэлийн зарим хэсгүүдэд далан сэтэрчээ

Categories
мэдээ нийгэм

Архангай руу явах маршрут өөрчлөгдлөө

Архангай аймагт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тус аймагт улсын баяр наадам тэмдэглэх өдрүүдэд өөрчлөлт оруулаад байгаа билээ. Үүний зэрэгцээ тус аймаг руу зорчих аяллын маршрутад өөрчлөлт оруулж шинэчилсэн байна.

Тус аймгийн Хашаат суманд хэд хоногийн өмнө шүлхий өвчний голомт нэмж бүртгэгдсэнтэй холбоотойгоор сумын төв, Хөшөө цайдамын музей, бааз хорио цээрийн бүсэд орсон учраас аяллын маршрутаас хасагджээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Булган аймгаас орж ирсэн машинаас үүсэлтэйгээр Архангай аймгийн Өгийнуур, Хотонтод шүлхий гарч даамжран Ихтамир суманд гарсан байна. Тавдугаар сарын сүүл гэхэд бүрэн вакцинжуулж, шүлхий өвчнийг дарж, хорио цээрийн дэглэмээ цуцалтал шүлхий өвчин дахин хонинд гарчээ. Түүний улмаас зургадугаар сарын эхээр дахин хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж буй юм байна.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед Архангай аймгийн Өгийнуураас Хашаат, Төвшрүүлэхийн Хөх сүм рүү айл оторлосноос болж дээрх сумдад хонины шүлхий өвчний голомтууд бий болжээ. Мөн Цэнхэр сумын Хүрэлхүү гэж айл Өгийнуур сумын шүлхийний голомтоос 100 эм хонь худалдаж аваачсанаас болж Цэнхэр суманд энэ өвчний голомт нэмэгдсэн байна.
Зургадугаар сарын 26-ны байдлаар, тус аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт сумдад шүлхий өвчний голомтууд бий болжээ. Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд 260 гаруй хүн, 33 пост ажиллаж байгаа аж. Вакцинжуулалтыг аймгийнхаа гаднаас дотогш нь хумих чиглэлээр хийж байгаа аж.