Categories
мэдээ нийгэм

Энэ жил хурдан морины уралдааныг найман машин дагана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл камержуулах, хяналтын бичлэг хийхээр болсон. Энэ нь бүртгэгдээд гарсан морьдыг маршрутаар явуулах, санаатай, санаандгүй байдлаар хүүхэд хүүхэд унагадаг зэрэг зөрчлүүдийг илрүүлэх боломжтой. Мөн уяачид, хурдан морь сонирхогчидод хандаж хэлэхэд хурдан морины уралдааныг машинаар дагадаг асуудлыг болиулна” гэв.

Бямбадорж “Уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг тодорхойлох мэргэжлийн хүмүүс ажиллана. Сэрвээний өндөр болон морины үйлдвэрлэг байдлыг харж ялгана. Сэрвээний өндөр нь даага 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, соёолон, азарга 140 см, их насны морьд 141 см байхаар заасан байгаа. Сэрвээний өндөр заасан хэмжээнд хүрэхгүй байгаа боловч үйлдвэрлэг байдал нь илт эрлийз байвал уралдаанд оролцуулахгүй. Уяачид ёс зүйтэй байж, эрлийз морьдоо өөрсдийн ангилалд нь уралдуулахыг хүсч байна” хэмээлээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудал буюу хүүхдүүдийн даатгалыг 100 мянган төгрөг болон нөхөн олговорыг 20 сяа төгрөг болгосон. Энэ асуудлыг мэдсээр байж орон нутагт мэдэн будилж, хуучинаар нь даатгаж байна гэсэн мэдээлэл ирж байна. Бид иймэрхүү байдал гаргасан газрын удирлагуудад арга хэмжээ авахуулж, олон нийтэд мэдээлэх болно. 21 аймагт бүх уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар явуулна” хэмээв.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг 12-20 машин дагадаг байна. Хурдан морины салбар хорооноос энэ жил хурдан морины уралдааныг найман машинаар дагуулахаар төлөвлөсөн байна. Энд морь тайлбарлагч, эмч, чиглүүлэгч, морины комисс, шууд дамжуулалтын телевиз багтах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёцгооё

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус наадам өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг болжээ. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцоно. Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчдад Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг таниулна.

Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулахаас гадна, эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг толилуулан хурсан олонтой хамт бүжнэ.

Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулна.

Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримттайгаа талбай дээрх “Зохион байгуулагчдын асар”-т хүрэлцэн ирж бүртгүүлэн шалгаруулалтад оролцох мандатаа авна. Баярын жагсаалд оролцох байгууллагууд 2018 оны долоодугаар сарын 9-ний өдрийг дуустал ажлын цагаар 70128687 тоот утсаар бүртгүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хадгаламж, зээлийн хоршоодыг шалгаж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зохицуулалтын байгууллагуудад газар дээрх хэсэгчилсэн хяналт шалгалт хийж байна. Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудад хийх хяналт шалгалт өнгөрөгч сард эхэлж, нийслэлийн 437 ББСБ-ыг хамруулан, үнэлгээ, дүгнэлт өгөх шатандаа үргэлжилж байгаа бол энэ долоо хоногт хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дод хийх хяналт шалгалтын ажил эхэллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 289 хоршоо Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллаж буй бөгөөд хяналт шалгалтанд эдгээрийн 186 нь буюу нийслэлийн хоршоод хамрагдах юм. Шалгалтаар хоршоодын үйл ажиллагааг бүхэлд нь бус салбарын болон нийтлэг хууль тогтоомжийн хэрэгжилт, тэр дундаа “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт ямар байгааг хянан үзэх юм.

Хороо энэ оны тавдугаар сараас санхүүгийн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүй, зохицуулалтын орчин, үүний дотор олон улсын болон бүс нутгийн шинж чанартай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын тогтолцооны асуудлаар улсын хэмжээнд сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангах талаар тодорхой заавар, чиглэл өгсөн юм. Энэхүү сургалтын үр дүн, өгсөн заавар, зөвлөмжийн биелэлт ямар байгааг энэ удаагийн хэсэгчилсэн хяналт шалгалтаар нягталж, үнэлгээ дүгнэлт өгөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баянмөнх аварга бөхчүүдийг гялалзтал сайхан барилдахыг уриалав

Дархан аварга Х.Баянмөнх өчигдөр бөхчүүдэд хандан дараахь уриалгыг гаргасан байна. Тэрээр “Монголын үндэсний их баяр наадмын чимэг болж зүлэг ногоон дэвжээн дээр эр бие, эрэлхэг зориг гарган ясныхаа хөлсөөр ахан дүүс болсон зодог шуудагны садан төрөл Та бүхэнд баярын мэнд хүргэж аз жаргал, сайн сайхны ерөөл дэвшүүлж мэндчилж байна. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагт, үзэл бодлын зөрчилдөөн та биднийг тойрсонгүй. Гэхдээ хэний ч үзэл баримтлалыг үл ойшоон монгол хүний нинжин сэтгэл, хүнлэг ёс, гүндүүгүй сайхан ноён нуруу, ёс суртахуун, эр зориг, золбоо хийморь, хоёр нүүргүй шударга үйлс, алдар гавьяа, өнгө зүс, нэр төрийг тээж явдаг заяагдмал үүргээ нэр төртэй биелүүлж зөвхөн зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдааны дүрмээ ямар ч зөрчилгүй биелүүлж, эр бяраа үзүүлж, ов мэх давамгайлсан зориг төгөлдөр сайхан барилдаанаараа наадамчин олноо баярлуулан цэнгүүлэхийг цагийн байдал та биднээс шаардаж байна. Өвгөд дээдэс үе үеийн аваргуудын хүч чадал, авьяас чадвараа сорьж өргөн олон түмнээ цэнгүүлж явсан зүлэг ногоон талбайгаа ихэд дээдлэн бөх хүний хатан тэвчээр, голч ухаан, хэзээ ч хувирч ганхахгүй ноён нуруутай байж, шударга үнэнчээр монгол ёс суртахуунтай барилдах нь “Аварга” цол хүртсэнээс илүү нандин чанар гэдгийг ямагт санаж, өөртөө хэлж биелүүлж байхыг сануулж, захиж зөвлөж байна.

Монгол орон даяар 330 орчим сум 21 аймаг, хот, Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдах 512 бөх нийт 25 мянга орчим бөх бурхнаас заяасан үүргээ сайтар ойлгож, эзэн Чингис хааны гол хүч болж хамтран зүтгэж, Хамаг Монгол Улс хаан төрөө байгуулж явсан түүхэн улбаагаа дээдлэн, өөрийн жижиг эрх ашгаа умартан тэвчиж, төр ард түмний бат нэгдэл болсон их баяр наадамдаа гялалзтал сайхан барилдахыг уриалж, сануулж, захиж байна. Цаашид албан тушаал, эрх мэдэл танил талаараа түрүү барьж хууль шүүхийн шийдвэрийг уландаа гишгэдэг увайгүй үйлдэл, зөрчигдсөн эрх, олгогдоогүй цол, гүтгэлэг доромжлол, хуйвалдаан дарангуйллыг таслан зогсоож бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно” хэмээжээ.


Categories
мэдээ нийгэм

Гурван аймгийн 3000 гаруй иргэнд үнэт цаасны талаарх цогц үйлчилгээ үзүүлэв

Санхүүгийн зохицуулах хорооноос олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх хүрээнд явуулж буй орон нутгийн иргэдэд чиглэсэн цуврал үйл ажиллагаа хэдхэн хоногийн өмнө “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-өөр үргэлжиллээ. Дархан-Уул, Булган, Орхон аймагт тус бүр нэг өдрийн турш зохион байгуулсан өдөрлөгийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай хамтран хийж, нийт 3000 гаруй хүнд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэв.

Өдөрлөгүүдэд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон үнэт цаасны брокер, дилерийн компаниуд оролцож иргэдэд хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн захаас компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт, сурталчилгаа явуулсан юм. Иргэд 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээлэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон 1072 хувьцааны талаар илүүтэй сонирхож байлаа.

Зохион байгуулагч байгууллагууд өдөрлөгт ирсэн иргэдэд үнэт цаасны данс, ногдол ашгийн мэдээллийг шүүж өгөх, арилжааны данс нээх, бирж дээрх хувьцааны гүйлгээ, үнэ ханшийн талаар зөвлөгөө өгч үйлчилсэн бол Хороо тэдний хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэн хариу өгч, шалгах шаардлагатай асуудлуудыг Хяналт шалгалт, зохицуулалтын газарт шилжүүлэв. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн болон зохицуулалтын орчин, Хорооны чиг үүрэг, бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Categories
гадаад мэдээ

Агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаанд оролцож байсан шумбагч амиа алдлаа

Тайландын хойд хэсгийн Тхам Луанг агуйд гацсан хөвгүүдийг багшийнх нь хамт аврах ажиллагаанд оролцож байсан шумбагч амиа алджээ. Талийгаач Саман Гунан нь 38 настай, урьд нь Тайландын Тэнгисийн цэрэгт алба хааж байсан офицер хүн бөгөөд албанаас халагдсан ч аврах ажиллагаанд оролцож байсан юм байна.

“Тэрээр агуйд гацсан хөвгүүдэд хүчилтөрөгч аваачиж өгөхөөр явсан. Харамсалтай нь буцах замдаа хүчилтөрөгч нь хүрэлцсэнгүй” хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ. ВВС агентлагийн мэдээлснээс үзвэл талийгаач буцах замдаа бага зэрэг төөрснөөс хугацаа алдсан байж магадгүй аж.

Талийгаач Саман Гунам нь усан спортоос гадна гүйлт, дугуйн спортоор хичээллэдэг бие бялдрын бэлтгэлжилт өндөртэй хүн байсан гэнэ. Тэрээр аврах ажиллагаа эхэлснээс нь хойш оролцож байсан гэнэ. Аврах ажиллагаанд одоогийн байдлаар хуурай замын болон тэнгисийн цэрэг, иргэдийн төлөөлөл нийлсэн 1000 гаруй хүн оролцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол” наадамд ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид оролцоно

Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор “Дээлтэй Монгол” наадмыг энэ сарын 10-нд Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулна.

Тус наадам нь монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлэхдээ, “Энэхүү наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд гайхуулан сурталчлах, жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн. Мөн Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм. Дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён Үндэсний их баяр наадмаа угтахыг урилаж байна” гэв.

Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй болдог бөгөд энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид оролцох юм. Наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой хамт тойрон бүжиж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлох боломжтой.

Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах бөгөөд оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тус тус тодруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн шинэ гүүрийг наадмын өмнө хэсэгчлэн нээнэ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж байна. Энэ онд багтаан гүүрийн ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах юм байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил байдаг. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил өнөөдөр үргэлжилж байна. Хотын гүүрнүүдийн ихэнх хувь нь 1960-1986 оны хооронд баригдаж , хагас зуун жил ашиглагдсан байдаг юм. Тиймээс салбарынхан эдгээр гүүрнүүдийг их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Яармагийн хуучин гүүрний хувьд 1959 онд ашиглалтад орсон. Шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Яармагийн гүүрний ажлын гүйцэтгэл, чанар маш сайн хийгдэж байна гэж дүгнэж байна. Ганц асуудал нь энд тавьсан гэрэлтүүлэг нь өнгө үзэмж, чанар стандартын хувьд шаардлага хангахгүй байна. Хотын гол гүүрэн замын гэрэлтүүлгийг чанар, шаардлага хангах хэмжээнд байна уу гэдэг дээр эргэлзээтэй байгаа учраас үүнийг дахин харж өөрчлөх ёстой гэж бодож байна. Яармагийн гүүрийг урьдчилсан байдлаар энэ долоо хоногт багтаан нээх, эцсийн байдлаар бүх гүйцэтгэлийг нь хангуулан энэ оны сүүлээр хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна”

Яармагийн шинэ гүүрийг наадмын өмнө хэсэгчлэн нээнэ

Төслийн ерөнхий зохицуулагч Ц.Түмэн “Яармагийн гүүрний ажил төлөвлөсөн хугацаагаар явж байгаа. Харин ч наашаа гурван сарын хугацаа татсан байгаа. Хугацаагаараа 2019 оны нэгдүгээр сарын 31-нд нээнэ гэж байгаа. Аравдугаар сарын 1-нд шинэ болон хуучин гүүрний засварыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна”

Харин Замын цагдаагийн газрын уулзварт гүүрэн гарц барих бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа гэж НИТХ-ын дарга хэллээ. Тэр утгаараа бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах, хүлээлгэж өгөх хугацааг наашлуулах хэд хэдэн үүрэг даалгавар гүйцэтгэгч Хятадын компанид өгсөн байна. Тодруулбал, тус бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийг өөр төслүүдэд шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс гэрээг дахин дүгнэхээр болсон байна.

Яармагийн шинэ гүүрийн зорчих хэсгийг наадмын өмнө түр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх юм байна.

Тус гүүр нь Туул гол дээгүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай бөгөөд хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөвт өртгөөр есөн сарын хугацаанд баригдаж дуусч байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажиллаж байна.

Энэ гүүр байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай ба баталгааны хувьд 100 жил байх ч бололцоо бий гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Шинэ гүүр одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд шинэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурна гэж үзжээ.

Мөн шинэ гүүрний доогуур 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй, ямар нэг саадгүй зорчих боломжтой болох аж. Улмаар шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрийг хааж засварлах ажлыг эхлүүлэх аж.

Categories
гадаад мэдээ

Мексикийн ерөнхийлөгч тангараг өргөх ёслолдоо Дональд Трампыг урина

Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ирэх 12 дугаар сард болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урина хэмээн пүрэв гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

“Мексик улсын АНУ-тай тогтоосон харилцаа онцгой чухал ач холбогдолтой билээ” гэж Лопез Обрадор хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна.
“Бид Д.Трампыг тангараг өргөх ёслолдоо урина. Манай хоёр улс бол хил залгаа оршдог найрсаг харилцаатай хөрш орнууд бөгөөд худалдаа, эдийн засгийн нягт харилцаатай билээ. Бид хөгжлийн төлөө хамтран ажиллахыг эрхэмлэдэг” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Японы зарим мужийн суурингууд үерт автжээ

Япон улсын ихэнх нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, тус улсын баруун хэсэгт оршдог мужуудад үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас хүмүүс ор сураггүй алга болоод байгаа тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн ням гарагт тус улсын цаг уурын агентлаг орох борооны хэмжээг урьдчилан таамаглаж, үер, хөрсний гулгалт хийгээд аянга цахилгаанд цохиулах аюулаас ард иргэддээ сэрэмжлүүлж байсан юм байна.

Японы баруун хэсэгт оршдог Киото, Кочи, Осака болон Хиого мужуудын хүн амыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа бөгөөд Кочи мужийн Аки хотод боогдоод байгаа иргэдийг тус улсын өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн албан хаагчид аврахаар ажиллаж байгаа ажээ.

Киото мужийн Камэоко хотын оршин суугч 50 гаруй насны нэгэн эмэгтэй гэрээсээ машинтай гарсны дараа ор сураггүй алга болсон бөгөөд үерлэсэн голоос түүний машиныг олсон байна. Түүнчлэн Кочи мужийн Конан хотод сүү хүргэдэг залуу мөн алга болоод байгаа ба цагдаагийн ажилнтууд түүнийг машинтайгаа үерт автсан байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм байна.