Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад “Цэрэгжилт”-ийн хичээл орно

Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг эх оронч үзэл, аюулгүй амьдрах ухаан, цэрэгжилт гэсэн гурван агуулгаар тодорхойлохоор ажиллаж байна. Хоёр яамны хамтарсан уг ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагийн нэгдсэн хуралдаанаа хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын үр дүн, санал, зөвлөмжийн анхны хувилбарын төслөө хэлэлцлээ.

Хуралдаанаар Монгол Улсын иргэн, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл, түүнд өгөх саналын тухай БХЯ-ны хурандаа О.Нямчулуун илтгэл тавьж, уг хөтөлбөрийн талаар ажлын хэсгийн гишүүд санал солилцов.

Мөн Бага насны хүүхдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх хүрээнд сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүл, олон нийтэд хандсан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зөвлөмж, эх оронч үзэл, аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх зөвлөмж, Ерөнхий боловсролын бага ангийн сургалтын хөтөлбөрт эх оронч хүмүүжил, аюулгүй амьдрах арга ухаан олгох агуулга, түүнд хийсэн шинжилгээ, санал дүгнэлтийн талаар хамтарсан ажлын хэсгийн гишүүд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

БХЯ, БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсгээс ерөнхий боловсролын 10, 11 дүгээр ангиудад заавал сонгон судлах хичээлээр “Аюулгүй амьдрах ухааны үндэс” хичээлийг 3 кредит цаг, сонгон гүнзгийрүүлж судлах хичээлээр 3 кредит цаг нийт 6 кредит цаг судлах цөм хөтөлбөрийн агуулгыг боловсруулаад байна.

Иргэдийг эх орноо хамгаалахад оролцох, цэргийн боловсрол, бэлтгэл эзэмших зорилтын хүрээнд 12 дугаар ангид “Цэрэгжилт” хичээлийг заавал сонгон судлах 1 кредит цаг, сонгон гүнзгийрүүлж судлах хичээлээр нэг кредит цаг, нийт 2 кредит цаг судлах цөм хөтөлбөрийн агуулгыг боловсруулсан байна.

Эдгээр цөм хөтөлбөрийн агуулгыг сургалтын хөтөлбөрт тусгаснаар сурагчид аюулгүй амьдрах, цэрэг, батлан хамгаалах мэдлэг, чадвартай, хүрээлэн буй орчинтой зөв харилцдаг, түүнд дасан зохицож амьдрах чадвартай, амьдралын зөв дадал, хэвшилтэй, хүнлэг энэрэнгүй, эх оронч үзэлтэй иргэн болж төлөвшинө гэж үзэж байгаа юм.

Мөн тус ажлын хэсэг төрийн өмчийн их, дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн танхим” байгуулах санал дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус алт олборлогч компаниас болоод Баянголын рашаан ширгэсэн гэв

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол, Баянгол, Бор толгой зэрэг газруудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эко Алтан Заамар” ХХК хууль бусаар эзэмшиж, алт олборлолт хийдэг байна. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэн, тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсч буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Их тохойрол хэмээх газар нь Хайлааст багийн дундуур урсах Туул голын дагуух 56 км газраас уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн гурван км үргэлжлэх хэсэгхэн газар аж. Тус компанийн үйл ажиллагааг зогсоож, газар нутгаа авч үлдэх гэсэн 420 гаруй иргэд өнгөрсөн сарын 20-нд нэгдэн, 80 гаруй машинаар хаалт хийн жагсаал хийжээ.

Жагсаалын үр дүнд, хөрс хуулалтын ажлыг зогсоож, хоёр км гаруй үргэлжлүүлэн татсан хашлагыг олборлолт хийж буй газраас 150м зайд хүртэл багасгуулж чаджээ. Мөн ил уурхайн нөхцөл байдалтай аймгийн БОАЖГ 7712 тоот тушаалаар шалгалт явуулахад, олборлолтоос гарсан бохир шүүрлийн усаа Туул гол руу шууд урсгаж байсан нь тогтоогдсон байна. Тиймээс аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран тус компанийн үйл ажиллагааг цуцалж, лацаджээ.

Гэвч энэ сарын гурванаас эхлэн лацадсан газарт дур мэдэн орж, олборлолтоо үргэлжлүүлжээ.

Тиймээс нутгийн иргэдийн зүгээс “Эко Алтан Заамар” ХХК-ийн эзэмшдэг MV007712, MV007713, MV018995, MV021015 тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгөхийг шаардаж байгаа юм.

Тус сумын иргэдийн төлөөлөгч Б.Отгонбаяр “Энэ компани үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Уурхайд шалгалт явуулахад, 2016 оны тайландаа иргэдийн саналыг тусгаагүй, 2018 оны төлөвлөгөөгөө батлуулахдаа хууль бус үнэлгээн дээр үндэслэн батлуулсан. Бохирдолдоо амны ус руу шууд цутгасан гэхчлэн зөрчлүүд илэрсэн” гэв.

Олборлолт явуулж эхэлснээс хойш хүний биед ашиг тустай “Баянголын рашаан” ширгэж үгүй болсон байна. Мөн нутгийн иргэдийн хэлж буйгаар ганц үлдсэн амны устай газар нь энэ аж.

З.СУВД




Categories
мэдээ нийгэм

Монгол хувцасны түүх, соёлыг театрчилсан хэлбэрээр үзүүлнэ

Чойжин лам сүм музейн 110 жил, “Монгол Костюмс” төвийн 15 жилийн ойд зориулсан “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан загварын тоглолт энэ сарын 09-нд болно.

Чойжин ламын сүм музейд болох уг тоглолтод хадны сүг зураг анх үүссэн Шинэ чулуун зэвсгийн үеэс өдгөөг хүртэлх монгол хувцасны түүхийг театрчилсан хэлбэрээр үзүүлэх юм.

“Монгол костюмс” компанийн захирал Б.Сувд, “Анх бид энэ тоглолтоо Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх ёслолд ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга агсан хатагтай Ирина Боковагийн урилгаар Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд 2012 оны 6 сарын 4-нд өндөр хэмжээнд толилуулж байсныг дуулгахад таатай байна. 2012 оноос хойш их түүхээ урагшлуулж олон сонирхолтой цуглуулгаар баяжуулсан” хэмээн тодотгов.

Тоглолтод ирснээр монголын хувцасны түүхэн хөгжлийг маш сонирхолтойгоор богино хугацаанд үзэж сонирхон мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг нууцлаг орчинд тухлан соёлын биет болон биет бус өвүүд “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд”, “Монгол төрийн сахиусын өргөө” үзэсгэлэнгийн хэсэг болон шөнийн музейг нэг дор үзэх боломжтой. Мөн музейн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгож байна. Эдгээр нь тасалбарын үнэд багтсан бөгөөд тасалбар нь 80 мянга төгрөг байх аж. Түүнчлэн тоглолтод хүрэлцэн ирснээр үндэсний үйлдвэрлэгч “Best shoes”-ын олон нэр төрлийн шинэ загварын гутлуудыг сонирхох боломжтой.

Тасалбарыг Монгол костюмс ХХК-ийн байр, Чойжин ламын сүм музейн билетийн кассаар болон “Ноён зууч 1900-1950 хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Тошиба” компани Монголын 13 залууг ажилд урьжээ

Япон улсын “Тошиба” компани МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Электроникийн инженер” хөтөлбөрийн 13 төгсөгчийг мэдлэг, ур чадвараар нь шалгаруулан электроникийн инженерийн ажилд урьжээ. Тус сургуулийг энэ онд дүүргэсэн 11 төгсөгчийн долоо нь дээрх тоонд багтсан байна.

Залуус ялтсан төхөөрөмжийн загварын чиглэлээр ажиллах аж. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил”-ийн чиглэлд хамаарагдах 40 хөтөлбөрөөс Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд 12 нь харьяалагддаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сансарын тойрогт долоон машин мөргөлдөв

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр болсон ноцтой ослыг мэдээлэв. Нийслэлийн баруун зүгээс төв рүү чиглэсэн “Дорж”-ийн гудамжаас “Их тойруу”, Сансарын тойргийн урсгалаар замын хөдөлгөөнд оролцож байсан долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна.

Үүний улмаас тухайн ойр орчмын замын хөдөлгөөнд түгжрэл үүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нээлттэй нийгэм хүрээлэнгийн ази, номхон далайн бүсийн захирал хатагтай Бинайфер Новрожег хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 7 дугаар сарын 5-ны өдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Бинайфер Новроже-г хүлээн авч уулзаж, ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, түүнчлэн Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд ардчилал, шинэчлэлийн үйл явцад олсон туршлага, сургамжийг бусад улстай хуваалцах үйл хэргийг Нээлттэй нийгэм хүрээлэнгээс дэмжиж, хамтран ажиллаж байгаад сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв.

Талууд энэ оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй Авлигатай тэмцэх асуудлаарх олон улсын хурлын бэлтгэл ажлын талаар болон Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

​Наадмын бэлтгэл ажил дуусаж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхээр нийт 557 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Баяр наадмын нээлт, хаалт болон Есөн хөлт цагаан туг залах, соёолонгийн уралдаан, Сүхбаатарын талбайн тоглолтын үеэр хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийгдэнэ. Иймд FM 100.1, 100.5, 88.8, Авто радио 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран зорчигчдод замын ачааллын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэхээр боллоо.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Энэ жил “А”, “Ж”, “DK”, “Ү”, “Г”, “улаан М”, “цэнхэр М” гэх нийт долоон төрлийн зөвшөөрөл олгогдож байна. Зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг талбайн ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн. Жишээ нь “Г” төрлийн зөвшөөрлийг хоёр чиглэлд байршуулжээ. Нэг дэх байршил нь СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дах нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулна.

Зөвшөөрөл аваагүй иргэд Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоолд автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Мөн замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг түгээмэл байдлаар байршуулжээ. Зөвшөөрлийг “Дүнжингарав” худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээ, НЗДТГ-ын нэг давхарт борлуулж байна.

Өмнөх жилүүдэд морины уралдааныг дамжуулах үед эхний зургаан байрыг л харуулдаг байсан. Энэ талаар уяачид гомдол, санал ихээр ирүүлсэн тул уралдааныг дуустал нь дамжуулахаар болжээ. Мөн хурдан морины уралдааныг дагаж явдаг машины тоог цөөлж, 16-аас дээш машин явах боломжгүй гэж үзсэн байна.

Энэ жил Үндэсний их баяр наадмыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа иргэддээ зориулж МҮОНРТ, TV9, TV5, NTV, UBS, SPS зэрэг телевизүүд шууд дамжуулан ажиллахаар болжээ. Бусад телевизүүдийн хувьд эдгээр телевизүүдээс сигнал аван шууд дамжуулна. Мөн гадны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болох BBC, Японы болон, Хятадын олон улсын радио зэрэг байгууллагууд баримтат кино, нэвтрүүлэг, мэдээ, сурвалжлагахийхээр болжээ.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар МҮХАҮТ-тай хамтран бизнесийн таатай орчин бүрдүүлнэ

Засгийн газар бизнесийн хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хэлэлцэл, түншлэлийг хөгжүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор МҮХАҮТ-тай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

Бизнесийн хууль, эрхзүйн орчинг сайжруулах, Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл, түншлэлийг хөгжүүлэх, Бизнесийн орчны судалгааны тайлан, мэдээлэл солилцох тухай тусгасан Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурлаа.

“Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэн ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Засгийн газар ажил олгогч, баялаг бүтээгчдээ дэмжинэ. Бизнесийн орчинтой холбоотой хууль, тогтоомж, бодлого, шийдвэр гаргахдаа бизнес эрхлэгчдийн саналыг авч байх болно” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав “Бид бизнес эрхлэгчдийнхээ санал, бодлыг нэгтгэн Засгийн газарт уламжилна. Цаашид макро эдийн засгийн гол томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр урт, удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллана” гэлээ.

Засгийн газар бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хууль, эрхзүйн тогтвортой байдал, тааламжтай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, зөвлөлийн дэргэд “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ажиллуулж эхэлсэн. Энэ хороог бизнес эрхлэгчдийн талаас МҮХАҮТ удирдаж байгаа юм.

МҮХАҮТ нь 21 аймагт салбартай, 25 оронд төлөөлөгчтэй, 100 гаруй орны 126 байгууллагатай хамтран ажилладаг, 3400 гаруй аж ахуйн нэгж гишүүнтэй. Танхим энэ онд УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг 13 байгууллага, гадаадын худалдааг дэмжих 28 байгууллагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажилд 400 сая төгрөг зарцуулжээ

Сүхбаатар дүүргийн нутаг байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг орчин үеийн хэв маягт оруулж, сэргээн засварлах тохижилтын ажил өнөөдөр дуусч, ашиглалтад хүлээлгэн өглөө. Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэд, оршин суугчдад хандан “Иргэд маань өөрийнхөө хотыг, төрж өссөн гудамж, талбайг яг тэр чигээр нь авч үлдэхийг хүсч байна. Бид цаашдаа хот төлөвлөлтөндөө энэ байдлыг харгалзаж үзнэ. Хотын даргаар хоёр жил ажиллах хугацаандаа орон сууцны хороолол дунд, цэцэрлэг, сургуулийн хашаанд, олон нийтийн спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай дунд ганц сөөм ч газар өгөөгүй. Цаашдаа ч өгөхгүй. Цаашдаа ийм гудамж талбай нийслэлд олон бий болох ёстой. Ийм төрлийн гудамжийг би дэмжих болно” хэмээн хэллээ.

Б.Цэрэндоржийн гудамжийг сэргээн засварлах ажлыг Хот тохижилтын газар гардан гүйцэтгэжээ. Дөч, тавин мянгатын иргэд Хот тохижилтын газрын хийж буй ажлыг ойлгохгүй дундуур нь таслах, хашааг нураах зэрэг эсэргүүцлээ илэрхийлж байсан нь ажил гүйцэтгэхэд хүнд байсан гэж ажилчид хэлж байлаа.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Сар гаруйн хугацаанд онцгой нөхцөлд ажиллан Б.Цэрэндоржийн гудамжийг ашиглалтад орууллаа. Цаашид олон нийтийн гудамж талбайг өмнөх загварыг нь алдагдуулахгүй сэргээн засварлах ажил үргэлжлэх болно” хэмээв.

Тус гудамжинд 2,400 м.кв боржин чулуун хавтанг шинээр тавьжээ. Мөн орчин үеийн шийдэл бүхий таван янзын хошуугаар цацардаг, битүү усан оргилуурыг ашиглалтад оруулсан байна. 4,284 м.кв газарт зүлэг тарин мод хэлбэржүүлэлт хийж, ногоон байгууламжуудад троссон хашлага хийжээ. Гудамжийг бүхэлд нь гэрэлтүүлэх гэрэлтүүлгүүд, иргэд суухад тухтай шинэ сандалнууд байршуулсан байна. Тохижилтын ажилд нийт 400 сая төгрөг зарцуулсан байна.

Categories
мэдээ спорт

Өнөө орой Уругвай – Францын тоглолттой

Тоглолтын өмнө: УРУГВАЙ – ФРАНЦ

Хаана: Нижний Новгород цэнгэлдэх, Нижний Новгород хот

Хэзээ: 2018 долдугаар сарын 06-ны 22:00’ цаг

Шүүгч: Нестор Питана (Аргентин)

2018 оны ДАШТ хамгийн сонирхолтой үе дээрээ ирээд байна. Өнөөдөр шөвгийн наймын тоглолтууд эхлэх ба хоёр тоглолт биднийг хүлээж байгаа. Эхлээд Уругвай болон Францын шигшээ багуудын онц сонирхолтой тоглолтыг үзнэ. Уругвайн шигшээ баг одоогоор 4 дараалан хожиж хаалгандаа ганц л гоол алдаад байгаа гэсэн сүрдэм үзүүлэлттэй байна. Тэд өмнөх шатанд Европын аварга Португалын шигшээ багийг Эди Каванигийн хоёр гоолоор мулталсан юм. Харин Европын дэд аварга “Гурван Өнгөтөн”-үүд шөвгийн 16-д Аргентины багтай хүндхэн тулааныг хийж хожил авсан ба энэ шатанд тэдний хөршүүдтэй нүүр тулна.
“Ла Селесте”-ээс гол довтлогч Эдисон Кавани гэмтэлийн улмаас оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд түүний оронд Кристиан Стуани гараанд гарч Луис Суарезтай хамтрах магадлалтай гэнэ. Харин Францаас Блайз Матиуди торгуулийн улмаас тоглохгүй ба түүний орыг Корентин Толиссо залгах бололтой.

• Францын шигшээ баг Уругвайтай хийсэн өмнөх найман тоглолтодоо ердөө ганц л хожиж байсан (4 тэнцээ, 3 хожигдол). Тэд хамгийн сүүлд 2013 оны зургадугаар сард тоглоход Уругвайчууд Луис Суарезын ганц гоолоор хожиж байжээ.
• Уругвай ДАШТ-нд Францад хожигдож үзээгүй. (1 хожил, 2 тэнцээ) 1966 онд 2:1, 2002 он болон 2010 онуудад 0:0.
• Энэ бол Дидье Дешамын Францын шигшээг удирдах 81 дэх тоглолт. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны наймдугаар сард Уругвайн эсрэг нөхөрсөг тоглолтоор эхлүүлсэн ба 0:0-р тэнцэж байв.
• “Гурван Өнгөтөн”-үүд ДАШТ-нд Өмнөд Америкийн багуудын эсрэг хийсэн сүүлийн 9 тоглолтодоо хожигдоогүй (5 хожил, 4 тэнцээ). Ингэхэдээ тэд 7 тоглолтод нь хаалгаа хуурай манажээ.
• Францууд ДАШТ-ний шөвгийн наймд таарсан сүүлийн 5 учрааныхаа 4-г нь хожиж байжээ. Зөвхөн 2014 онд Германд л дийлдэж байж.
• Энэ бол Уругвайн шигшээ багийн 2010 оноос хойших анхны шөвгийн наймын тоглолт. Тэд тухайн жил Ганын багийг үндсэн цагт тэнцээд торгуулийн цохилтоор хожиж байв.
• Францын шигшээ баг ДАШТ-ний хасагдах шатны (Финалыг оролцуулаад) сүүлийн 7 тоглолтынхоо зургаад нь хожоод байгаа ба бүгд 90 минутад шийдэгдсэн байна.
• 1958 онд Пелегийн оруулсан 6 гоолоос хойш өсвөр насандаа ДАШТ-нд хамгийн их гоол оруулсан тоглогч бол Клиан Мбаппе юм. Тэрээр одоогоор 3 гоолтой явж байна.
• Мбаппе энэ жилийн тэмцээнд хаалганд нийт 5 удаа цохиж бүгд “бай”-гаа оносон ба гурав нь гоол болжээ.
• Францын довтлогч Антуан Грийзманн томоохон тэмцээнүүдэд (ДАШТ, ЕАШТ) хийсэн хасагдах шатны сүүлийн 5 тоглолтодоо 6 гоол оруулсан.
• 2018 оны ДАШТ-нд оруулсан Уругвайн сүүлийн гурван гоолыг довтлогч Эдисон Кавани оруулсан.