Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Тавган дээрх Таван толгой

Таван толгойн уурхай бол монголчууд бидэнд бурхнаас хайрласан бэлэг. Үндсэндээ бурхнаас таваглаад бидний өмнө тавьчихсан хоол юм. Гэвч энэхүү тавган дээрх бэлэн хоолыг хүртэх гэж мөн ч олон жил хүлээсэн. Ард түмэн сөхөрч унатлаа итгэн горьдож хүлээсэн. Монголчуудын олон жилийн энэ их хүлээлтийг Ардын намын засаг тайллаа. Өнгөрөгч баасан гаригийн Их хурлын чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолыг баталж, түүхэн шийдвэр гаргалаа. Уул нь бурхны таваглаад тавьчихсан энэ бэлэн хоолыг бид хэзээ ч хүртэх боломжтой байсан. Ард түмэндээ ээлгүй төр засгийн удирдагчид тэрхүү хоолыг нь өгөхгүй, ходоодыг нь хонгинуулж тамлаж, тавласаар ирсэн нь үнэн.

Гол учир нь эрх барьж буй улс төрийн хүчний бүлэглэлүүд хоорондоо таардаггүй, хэн нэг нь өрсөж идэх гээд алалцаан болж, түүнийх нь хариуд ард түмэн өлсгөлөн байсан юм. Их хуралд сонгогдож төрийн жолооноос атгахын тулд бүгд том төслүүдээ хөдөлгөнө, та бүхнийг хоолтой болгоно гэж амладаг. Харин төрийн түшээд болчихоод Таван толгойгоо ярих завгүй байсаар сонгуулийн ээлжит хугацаагаа дуусгана. Олон нийтийг Таван толгойг ярих завгүй байлгана. Амьдралд ямар ч хэрэггүй улс төрийн акцууд хийж нийгмийг самууруулна. Улстөрчдийн Таван толгойг ард түмэнд мартагнуулж, өөрсдөө завгүй мэт харагддаг гол арга нь ердөө шударга ёсыг тогтоох, арчиллыг хөгжүүлэх. Шударга ёс ярьсан шударга бус нөхөд өөр хоорондоо дайсагнаж, дайснуудтайгаа тэмцэж байгаа мэт жүжиг тавьсаар нэг л мэдэхэд дөрвөн жил нь өнгөрсөн байдаг. Яг Таван толгойг ярьж, монголчуудаа хоолтой болгох нь уу гэтэл огт өөр асуудал нийгэмд шуугиан болгон гаргаад ирнэ. Түүнийгээ таван толгойгоос маш чухал зүйл гэж итгүүлнэ. Улстөрчдийн увайгүй ийм хар технологиор Монголын төр сүүлийн 30 жил явлаа. Эрх баригчдын бүлэглэл хоорондын тэмцэл, ханаж цадахыг мэдэхгүй, ард түмнээ хайрлахгүй сувдаг шунахай байдал том төслүүдийг хөдөлгөлгүй тал талаас нь яхийтал зуурч зогсоосон.

Ард түмэн эрх баригчдын шударга төрх үг, үйлдэлд эхлээд үнэмшдэг байсан. Одоо бол цаг өөр болсон. Хэн нь хэн бэ гэдгийг нийгэм сайн мэддэг болсон. Төрийн түшээдийн шударга болж харагдах жүжиг, шоу ард түмнийг тэгтлээ хэрсүүжихэд хүргэсэн байхгүй юу. Их хурлаас баталсан Таван толгойн түүхэн шийдвэрээс харахад улс төрийн бүлэглэлүүд тохиролцсон бололтой. Үндэсний аюулгүй байдал дээр тохирсон гэж дуулдсан. Гэхдээ сая яаж зүгээр байхав, Таван толгойг хөдөлгөхөөс өмнө мөн л улс төрийн башир аргаа хэрэглэх гэж үзсэн. Жаран тэрбум гэж нийгмийг төөрүүлсэн юм яриад эхэлсэн.

Монголчуудын аяган дахь хоолонд жаран тэрбумын гэх энэ хэрэг ямар ч нэмэргүй, ёстой нөгөө ганц боорцогны ч нэмэргүйг хэрсүүжсэн ард түмэн мэдэлгүй хаачихав. Тиймээс жаран тэрбум хэмээн шуугиан шаагиан болж, Таван толгойгоосоо зөрж давхисангүй. Таван толгойгоос илүү юм өгнө гэж худлаа амлаж, хоосон хоцорсон бүлэглэл нь хонзогнохдоо үлгэр зохион гол асуудлаас төөрүүлдэг жишиг энэ удаад бас давтагдлаа. Тодруулбал, Таван толгойн 30 хувийг өгөхтэй зэрэгцээд “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцааг иргэн бүрт хүртээж, 34 хувийг ард түмэнд тараах болов. Сонсоход чихэнд чимэгтэй ийм гоё үлгэрийг Ардчилсан нам зохиож Их хурлын чуулганд оруулж ирсэн. Энэ бол яагаад ч бүтэхгүй эд, ард түмнээ дахиад гоё үгээр хуурч хоосон байлгах гэсэн арга мэх. Ардчилсан намын энэ үлгэртэй холбогдуулж Их хурлын дарга “Ардчилсан намын гаргасан саналаар санал хураалаа. Олонх дэмжсэнгүй. Магадгүй энэ саналыг олонх дэмжээгүй нь зөв байсан байх. “Эрдэнэс МГЛ” компанийг би байгуулж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Таван толгойн ордыг ашиглах үеэр “Эрдэнэс МГЛ”-ийн талаар нэг ч үг байгаагүй” гэдгийг хэлсэн.

Мөн Ц.Нямдорж “Эрдэнэс Монголын талаар Засгийн газар дээр яриагүй. Энэ компанийн бүх компаниудыг тус бүрээр нь оруулж ирэх ёстой. Засгийн газар оруулж ирэх боломжтой. Судалгаа тооцоогүй зүйл дээр яаж шийдвэр гаргах вэ. 1072 хувьцааны асуудал одоо болтол тодорхой биш байхад тооцоо судалгаагаа хийж, Засгийн газар дээр яриагүй зүйлийг ингэж оруулж ирж болохгүй. Намрын чуулганаар тус бүрээр нь санал оруулж хэлэлцэх хэрэгтэй. Ханцуйны зарчмаар асуудал оруулж ирдгээ Их хурал болих хэрэгтэй” гэв.

“Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 10 жил болж байгаа. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрэгжүүлэгч ордуудын үйл ажиллагааг хариуцдаг. “Эрдэнэс Таван толгой” 65 хувь, “Эрдэнэс Оюу толгой”, “Багануур”, “Шивээ овоо”, “Эрдэнэс метан”, “Эрдэнэс шивээ энержи”, “МонАтом”, “Гашуунсухайт роуд” зэрэг компаниудын заримыг нь 100 хувь, зарим нь тодорхой хувиар эзэмшдэг. Хууль дүрэм зөрчсөн Ардчилсан намын энэ асуудал Таван толгойн хувь заяаг дахиад залгих нь гэж бодтол эрх баригч хүчин дэмжсэнгүй. “Эрдэнэс МГЛ”-ийн 34 хувийг хэлэлцэнэ гэж Ардчилсан намын бүлгийг чуулганд оруулангуутаа саналыг нь унагаж молигодсон. Д.Эрдэнэбат “Монголын уул уурхайн баялгийг ард түмэнд олгох санал санаачилга гаргаж МАН-тай улс төрийн зөвшилцөлд хүрсэн гэж ойлгосон боловч чадсангүй. Энэ Монголын баялгийн эзэд бид биш, Засгийн газар, МАН-ынхан ч биш. Энэ шийдвэрээс татгалзлаа. Тиймээс бид Таван толгойн ордыг эргэлтэд оруулах асуудал дээр гурав хоногийн завсарлага үргэлжлүүлэн сунгахыг хүсч байна. Дахин завсарлага авах, завсарлагын хугацааг сунгах хоёр өөр юм” гэж мэдэгдсэн ч УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглоно, төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр завсарлага авсан учраас дахин завсарлага авах боломжгүй гэх тайлбарыг Их хурлынТамгын газраас өгсөн.

Ингэж Таван толгой хөдлөхөөр боллоо. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Өмнийн говьд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, гадаргын усны бүтээн байгуулалтын ажил гэсэн томоохон төслүүд хэрэгжинэ. Зүүн төмөр зам болон Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тодорхой хэсгийг санхүүжүүлнэ. Макро эдийн засгийн тооцоогоор барилга, зам тээврийн салбарт шууд өсөлт гарч, дагалдах жижиг дунд үйлдвэрүүд олноор байгуулагдан, хэрэгжих төсөл бүр дээр багадаа 200-300, томоохон төслүүдийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болох аж. Төсөл хэрэгжих эхний жилд 5000-8000 ажлын байр шууд бий болж, дам нөлөөгөөр 43 мянга орчим хүний ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болгоно. Мөн Сангийн яам болон холбогдох албаныхны гаргасан тооцооллоор экспортын орлого 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж улсын төсөвт жилд 400-гаас нэг тэрбум ам.долларын орлого орно гэдгийг салбарын сайд нь хэлээд байгаа. IPO гаргахдаа гадаад дотоодын хөрөнгийн биржүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн зөвлөх компаниудаас ирүүлжээ. Хонгконгийн хөрөнгий бирж дээр IPO гаргах шаардлагыг бүрэн хангасан. Мөн Нью-Йоркийн хөрөнгийн биржийг судалж байгаа гэсэн. Ер нь IPO-г хэн авахаа эрх баригч хүчин хэдийнэ тохирсон байлгүй. Мэдээж хувьцаагаа зарлана, ард түмэн чадлаараа ганц нэгийг нь авна. Тэгээд л эрх баригч намын нэг нөхөр бөөнөөр нь авна биз. Түүнд ард түмэн огтхон гудийхгүй байгаа. Томыг нь томчууд иддэг, жижгийг нь жижигчүүд иддэгийг мэдэхтэйгээ болсон. Олон түмэн “Та нар дээгүүрээ учир зүйгээ олчих оо. Таван толгойгоос бидэнд хусам байхад л хангалттай” гэж сүүлийн найман жил төр засгаас шаардсан, хусмаа горьдож хүлээсэн.

Монголчууд энэ зун ажлын бараа харах нь бололтой. Авсан хувьцаагаараа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, нийлүүлж байгаад нэг нь байртай болчих, ажилд ороод найман хувийн зээлнээсээ гарчих гээд маш олон боломж бидний амьдралд нээлттэй болж ирнэ. Ажилтай болсон нөхөд зургаан сарын дараагаас л лизингээр машин, байртай болно. Эдийн засаг сэргэж, тэр их ажлын байр бий болоод эхлэхэд Монголын нийгэмд гэрэл асаад ирэх нь мэдээж. Монголчууд бид бүтээн байгуулалтыг өрнүүлж, том том хотууд бий болгож, ажил ундарч, айл бүхний амьдрал дээшлэх цаг болсон баймаар. Алийн болгон морио уралдуулж, бөхөө барилдуулж, дуу хуур болж наргиж цэнгэн, хоосон гуйлгачин суух юм бэ. Ажилгүй өлсгөлөн байхын төлөөс маш хүнд. Монгол орноо ч устгаж мэднэ. Өлсгөлөн хүнд ардчилал ч хамаагүй, тусгаар тогтнол ч хамаагүй. Хоол өгч байгаа хүн л чухал байдаг. Таван толгой ингээд хөдөллөө. Одоо бол бүтээн байгуулалтын их түүхээ эхлүүлж улс шиг улс болох цаг нь ирсэн байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Дарханы замд зарах 60 саяыг 300 саяар шийдүүлж болох байсан юм шүү дээ, уг нь” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Төрийн далбааны өдөрт
жагсах дайчин эрсийн бэлтгэл
хангагджээ” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Дарханы замд зарах
60 саяыг 300 саяар
шийдүүлж болох байсан
юм шүү дээ, уг нь хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

МАХН-ын дэд
дарга Ц.Оюунбаатар: Н.Энхбаяр дарга Монгол
Улсын хаана ч очсон дэмжигдэнэ хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Altai gold” компанийн
ерөнхий захирал Ц.Мягмардорж: Сэргээгдэх эрчим хүчний
чиглэлээр төсөл боловсруулан ажиллаж байна хэмээн “Шинэ цагийн Монгол” нүүрт ярьсан байна.

УИХ-ын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны
дарга Д.Дамба-Очир: Манай намынхан хоорондоо
зодолдохгүй байвал зүгээр байна хэмээн “Улс төр” нүүрт ярьсныг хүлээн авч уншаарай.

“Баримт үйл явдал” нүүрт Авлигатай тэмцэх
газрын Хэвлэл , олон
нийттэй харилцах
ажилтн, комиссар Т.Мөнхтунгалаг: Г.Баасан гуай АТГ-ийн үйл ажиллагааг улс төрийн зорилгоор гутаахаа зогсоо хэмээн ярьжээ.

“Эдийн засаг” нүүрт Дэлхийн банк Монголын эдийн засаг өсч 2019 болон 2020 онуудад дундаж өсөлт зургаан хувийг давахаар байна хэмээн өгүүлсэн байна.

СУИС-ийн уртын дууны
багш, Улаанбаатар чуулгын
дуучин, Үндэсний бөхийн
манлай засуул Монгол Улсын
гавьяат жүжигчин уртын
дуучин Б.Батболд: Монгол хүн бүрт
уртын дууны ген цусанд нь
шингэсэн байдаг юм хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

Охин газарт унасан шонгийн модны утаснаас дугуйгаа салгах гэж байгаад амиа алджээ хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Өд бэх” нүүрээс Монголын нэрт найрагчдын наадмын
тухай шүлгүүдээс тольдон уншаарай.

Дархан аварга Х.Баянмөнх:
Ард түмнээ цэнгүүлж, наадуулах
нь бөхчүүдийн заяагдмал үүрэг хэмээн “Дэвжээ” нүүрт ярьсан байна.

Гагцхүү Европ тивийн
баг л аварга болно хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.

“Дэлхий мэдээ” нүүрт Японд үерт 64 хүн амиа
алдаад байна хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Охин газарт унасан шонгийн модны утаснаас дугуйгаа салгах гэж байгаад амиа алджээ

Охины цахилгаанд цохиулж амиа алдсан газар

Налайх дүүргийн VI хорооны Горхины баруун салаанд долоон настай эмэгтэй хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 5-нд гарчээ. Хэргийн газарт Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиход “Болор” гэх амралтын газрын ойролцоох арван айлын цахилгаан дамжуулдаг 220 вольтын цахилгааны шон газар унасан байсан аж. Улмаар цахилгааны утасны хажуугаар дугуйтай явж байсан охин утсан дээр унахдаа цахилгаанд цохиулж амь насаа алджээ. Одоогоор уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг шалгаж байна.

Тэрэлжийн “Болор” хэмээх газрын “Benibana” гэх амралтын газраас доош 250 метрийн зайд цахилгааны шон унажээ. Үүнийг тэр хавийн оршин суугчид ажиглаагүй байна. Ер нь Тэрэлжийн амралтын газруудын ойролцоо байх цахилгааны шонгуудыг ажиглахад зарим нь хазайсан, аюулгүй байдал огт хангагдаагүй, ил задгай байх юм. Энэ сарын 5-нд Тэрэлжид хэсэг бороо орсны дараа нар гарч долоон настай Д.Номин гэх охин хамаатны хүүхэдтэйгээ гадаа гарч, дугуй унахаар болсон байна. Тэр хоёр гэрээс нь 250 метрийн зайд байрлах шонгийн мод хүртэл дугуй унаж, уралдахаар болсон гэнэ. Ингээд охин хурдтай явж байтал дугуй нь халтирч, газар унасан шонгийн модны утсанд орооцолдож, нүхэлсэн хэсэг рүү орчихжээ. Харин Д.Номин үсэрч модны ойролцоо шидэгдсэн байна. Тэрээр дугуйгаа шонгийн модны утаснаас салгаж, гаргаж авахаар хүрэхдээ цахилгаанд цохиулжээ. Түүний баруун гар нь тэр чигтээ хөө болж, амьсгал нь боогдсон гэнэ.

ОХИН ГЭР РҮҮГЭЭ ОЧИХ ЗАМДАА АМЬСГАЛ ХУРААСАН ГЭВ

Бид охины амиа алдсан газарт ирж, гэрийнхэнтэй нь уулзахаар очив. Гэвч гэр нь эзэнгүй байсан юм. Тиймээс хөрш айлын иргэн С.Гэрэлтнямаас зарим зүйлийг тодрууллаа.


-Амиа алдсан долоон настай охины талаар ярихгүй юу. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Д.Номин гэх охины өвөө нь “Benibana” гэх амралтын газарт манаач хийдэг. Нэг ёсондоо охины өвөө, эмээ энд ирж, зусдаг юм. Сарын өмнө охин ээж, дүү нартайгаа өвөөгийндөө ирж, амарч байсан. Тэрээр өвөөгийнхөө хамгийн бага хүүгийнх нь хүүхэд буюу ач охин нь юм билээ. Охины цахилгаанд цохиулж амиа алдсан шонгийн модонд гэмтэл гарч, бороо орсны улмаас газарт уначихсан юм байна лээ. Бид юу ч мэдээгүй. Тухайн өдөр бороо орсны дараахан үйл явдал өрнөчихсөн. Дугуй нь халтирч, шонгийн модны утсанд орооцолдож унасан гэсэн. Ингээд охин дугуйгаа татаж авахаар хүрэхэд цахилгаан цахиж, гар нь тэр чигтээ хөө тортог болж, хар болчихсон байсан гэсэн. Хажууд нь нөгөө хамаатных нь эрэгтэй хүүхэд байсан юм билээ. Тэрээр гэрийнхэнд нь ирж, дуулгасан. Охины ээж “Миний охин” гээд л сандраад, нулимс нь цийлэгнээд явсан. Гэрт байсан хүмүүс хурдхан машинаа унаад очсон чинь хоолойных нь тус газарт харлаж, хөө болчихсон байсан. Охиныг дуудахад сайн ярьж чадахгүй байсан гэнэ лээ. Тэрээр гэр рүү нь авчрах замд амьсгал хураачихсан гэсэн.

-Цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийнхан хурдан ирж амжаагүй юм уу?

-Цагдаагийн ерөнхий газар, онцгой байдлын алба хаагчид 40 орчим минутын дараа ирсэн. Тэд тухайн газрыг сайтар шинжилж, шонгийн мод, дугуй гэх зэргийг авч явсан. Биднээс шөнийн 01.00 цаг хүртэл мэдүүлэг, байцаалт авсан. Охин нэгэнт амиа алдчихсан учраас гэрийнхэн нь түргэн тусламжийнханд дуудлага өгч, моорогт байлгасан.

-Талийгаач охины аав нь хаана байсан юм бэ?

-Охины гэрийнхэн Зам-Үүдэд амьдардаг юм билээ. Аав нь Замын-Үүдэд ажил хийдэг. Ээж нь гэртээ бага насны хүүхдүүддээ асардаг байсан. Тухайн өдөр ээж нь нялх хүүгээ асарч, том охин нь гадаа тоглохоор явчихсан. Хажуугийн гэрт нь өвөө нь болон хамаатных нь хүмүүс байсан юм билээ. Эмээ нь Ховд руу ажил явдал гараад явсан гэж сонссон юм байна. Охинтой хамт тоглож явсан хүү гэнэт л чанга орилоод ороод ирсэн гэсэн. Долоон настай охин их сэргэлэн цовоо, энэ жил нэгдүгээр ангиа төгссөн юм байна лээ. Тэр хоёр дүүтэй. Нэг нь ой гарантай, нөгөө нь 5-6 зургаан сартай гэж сонссон. Харамсалтай юм. Хэн нэгний хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд амиа алдчихлаа. Одоо гэр бүлээрээ Замын-Үүд явсан байх. Налайх дүүргийн VI хороо дөрвөн хэсэгтэй. Хороо хариуцсан дарга, хэсгийн ахлагч нар юу хийж явдаг байна аа. Энэ хавиар явж, шонгийн модны аюулгүй байдлыг сайтар шалгаж байх ёстой биз дээ. Одоогоор хоёр гурван хоног тог тасарчихсан байна.

-Та бүхэн хорооны засаг дарга болон хариуцсан албан тушаалтнууд руу ярьж, шаардлага тавьж байна уу?

-Бид хорооны ажилтан, хэсгийн ахлагч нар руу ярьсан. Тэгсэн шуурхай хуралдаж байна гэсэн. Тус шонгийн моднууд 1986, 1987 оны үед баригдаж байсан. Эдгээр шонгийн моднуудыг одоо налайхын Цахилгаан түгээх станц огт хариуцдаггүй. Манайх ч гэсэн бага насны хоёр гурван хүүхэдтэй. Бид одоо тэмцэнэ. Энэ ил задгай харагдах шонгийн моднуудыг цэгцэлж, гадна талд нь аюулгүй байдал хангасан зориулалтын хаалт хийх хэрэгтэй. Манай энд тухайн өдөр хүчингийн хэрэг гарсан. Мөн нэг иргэн өөрийгөө боомилж амиа хорлох дөхсөн гэсэн. Аюултай юм гэв.

Л.ГАНТӨГС: ТЭРЭЛЖ ОРЧИМД ЦАХИЛГААНЫ ХҮРТЭЭМЖ МУУ БАЙДАГ

Налайх дүүргийн Улаанбаатар цахилгаан түгээх станцын мэргэжилтнүүдтэй уулзахад “Бид шуурхай хуралдаж байна. Энэ талаар тайлбар хэлэх боломжгүй” гэсэн юм. Мөн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр очиход “Хэргийг шалгаж байна” гэв. Тус дүүргийн зургадугаар хорооны иргэн Л.Гантөгс “Талийгаач охин эмээтэйгээ манайд ирж морь унадаг байсан. Хичээлээ уйгагүй давтаж, онц сурдаг, сэргэлэн цовоо охин байсан. Их хэцүү байна. Эмээтэй нь холбогдсон. Тэдний гэр бүлд их хүнд байгаа. Налайх дүүрэг, тэр дундаа Тэрэлж орчимд цахилгааны хүртээмж их муу байдаг. Бид цахилгааны станцынханд хандахад, дорвитой арга хэмжээ авч өгдөггүй. Засаг дарга ч ажлаа хийдэггүй. Хэд хоног угаалгын машин ч ажиллуулж чадсангүй. Цахилгааны төлбөрөө хугацаанаасаа хоёр гурван хоног л хэтрэхэд биднийг хорооны ажилтнууд ирж загнадаг. Тэгсэн хэрнээ огт аюулгүй байдлаа бодож, зөв алхам хийдэггүй. Хоёр жилийн өмнө айлын цахилгааны шон унаснаас болж хүн амь насаа алдах дөхсөн. Төр, засгийн удирдлагууд ард иргэдийнхээ төлөө ямар ч ажлыг хийнэ, аюулгүй байдлыг хангана гэдэг мөртлөө огтхон ч хөдөлдөггүй. Дүүрэг, хорооны дарга нар ч гэсэн юу ч хийдэггүй. Өмнө нь бага насны хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдсан. Тэгээд холбогдох албан байгууллагынханд хатуу хариуцлага тооцоогүй биз дээ. Мөн хяналт шалгалт хийж, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэсэн зүйл ч алга. Ямар нэг байгууллага, төрийн алба хаагч нартай тулж ажиллах хэрэгтэй. Тэд тавьсан шаардлага, дүрэм журмаа баримтлахгүй бол торгож, шийтгэх ёстой” гэж ярилаа.

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд осолд орж, амь насаа алдсан харамсалтай хэргүүд их гарч байна. Улаанбаатар хотод цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс болж хоёр ч хүүхэд амь насаа алдлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VII хороо “Эко шинэс” эмийн сангийн гадаа тоглож явсан есөн настай хүү цахилгаанд цохиулсны улмаас амиа алдсан хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 25-ны өдөр гарсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа гэв. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зам дагуух гэрлийн шонгийн хажуугаар гүйсэн 12 орчим насны охин тогонд цохиулж шидэгдсэн хэрэг энэ сарын 1-нд гарсан билээ. Тухайн үед учраа олохгүй айж сандарсан хүмүүсийн дунд анхан шатны тусламж үзүүлсэн эмэгтэй охины амийг аварсан байдаг. Тэрээр охинд хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийсний дараа охин ухаан орсон аж. Ийнхүү ил задгай цахилгааны утас, ухсан нүх, онгорхой траншейн зэрэг эрсдэлтэй зүйлсийг бүх тасаг нэгжийн хэмжээнд сайтар шалгаж, цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажилдаа хойрго, хайхрамжгүй ханддаг иргэд, албан байгууллагаас шалтгаалсан золгүй ослуудын тоо буурахгүй бололтой. Удахгүй улсын их баяр наадам болно. Энэ үеэр эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулахыг холбогдох албаныхан анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

Өмнөговь аймгийн наадамд Б.Амгаланбаатар түрүүлжээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам Өмнөговь аймгийн наадмаар эхэлсэн билээ.Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн баяр наадам долдугаар сарын 5, 6-ны өдөр боллоо. Барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдсанаас аймгийн заан Б.Амгаланбаатар түрүүлж, аймгийн арслан болсон бол аймгийн хурц арслан Ш.Дарханбат үзүүрлэв. Барилдааны шөвгийн дөрөвт аймгийн арслан Э.Нямаа, аймгийн харцага М.Адъяахүү нар үлджээ. Барилдааны үеэр Цогт-Овоо сумын харьяат Ц.Пүрэвсүрэн, Баян-Овоо сумын харьяат Б.Мөнхбат нар аймгийн начин болж, цолоо ахиулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар рейлбус 1500 төгрөгөөр үйлчилнэ

Наадмын өдрүүдэд нийслэлчүүд Хүй долоон худгийг зорих бол рейлбусаар зорчиж болно. Тасалбарын үнэ том хүн-1500 төгрөг, хүүхэд үнэгүй үйлчлүүлнэ. Тасалбараа рейлбус доторх явуулын тасалбарын нярваас авч болох юм байна.

ЗОГСООЛУУД: Амгалан-Худалдааны төв-Дунд гол-УБ2-УБ-Таван шар-Толгойт-Эмээлт-Давааны буюу ХҮЙ ДОЛООН ХУДАГ

Онцлоход, рейлбусыг Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа үйлчилгээнд нэвтрүүлж байсан ч иргэд суухгүйгээс алдагдал ихээр хүлээж арга буюу зогсоосон. Харин одоо наадмын өдрүүдэд дээрх үйлчилгээг эргэн сэргээлээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтаа бүртгүүлээд азтан болоорой

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирлыг энэ сарын 22-нд зохион байгуулна. Иргэн та 2018 оны зургадугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх ёстой юм. Ингэхдээ долдугаар сарын 21-ний өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хөх нуур орчмын 17,5 тонн хогийг цэвэрлүүлжээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурын ойр орчмын 30 га талбайг хамарсан хог хаягдлыг тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг 17,5 тонн хогийг цэвэрлүүлж, сумын төвийн төвлөрсөн хог хаягдлын цэгрүү зөөвөрлөсөн байна. Мөн амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлын түр цэг, хогийн савтай болгожээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Богд хааны музейд “Торгоны Зам 2018” загварын шоу болно

Уламжлалт болон орчин үеийн төрөл бүрийн технологи, материалыг ашиглан энгийнээс гоёмсог бүхий л төрлийн хувцас, загварыг ертөнцийн аливаа юмс үзэгдлээс урган гарах содон шийдлээр нэгэн хэв маягт баригдалгүй урлан бүтээдэг “Monalun” брэнд энэ жилийн “Торгоны Зам” загварын шоугаа 7-р сарын 9-нд 20:00 цагт ХVII-ХХ зууны үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг Богд хааны музейд зохион байгуулах гэж байна.

Торгоны зам” загварын шоу нь монголын түүхэн өв соёлыг олон нийтэд сурталчлах, залуус хойч үедээ энэхүү соёлоороо бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг бий болгох энэхүү үйл хэрэгт залуусыг уриалан оролцуулах зорилготой.

Энэ үдэш Моналун брэндийн 2018 оны цуглуулгыг танилцуулахын хажуугаар орчин үеийн контемпорари дижитал арт, цам харайх ёслол, амьд хөгжмийн тоглолт, хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй танилцах боломжтой.

Мөн Сингапурын “UpFront Models” агентлагийн загвар өмсөгч Аида Минибаева урилгаар хүрэлцэн ирж загвар өмсөхөөрөө онцлог. Түүний хувьд Хятад, Орос, Сингапур, Хонг Конгын тайзнаа загвар өмсөж байсан. Үүнийхээ хажуугаар тэрээр сонирхлоороо DJ хийдэг бөгөөд шоуны дараа өөрийн сэтээ тоглох юм байна.

Моналун брэнд 2017 оны “Торгоны Зам” загварын шоугаа Чойжин ламын музейдзохион байгуулж нийт орлогын тодорхой хувийн тус музейн сэргээн засварлалтад хандивлаж байсан. Энэ жил мөн адил нийт орлогоос Богд хааны ордон музейн тохижуулалтад зориулна.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай холболттой шонг цэгцлэх ажил хийгдэж байна

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд цахилгаанд цохиулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай хуралдаан зарлалаа. Хуралдааны эхэнд холбогдох албаныхан хэрэг явдал, нөхцөл байдлын талаар товч танилцуулсан юм.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР:

Долоодугаар сарын 5-ны өдөр 14:00-16:00 хооронд салхитай, хүчтэй аадар бороо орсон. Энэ үеэр манай дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үер буусан. Налайх дүүргийн зургадугаар хороо Тэрэлжийн Зүүн салаа гэх газар дугуй унаж явсан Н гэх хүүхэд цахилгаанд цохиулан нас барсан хэрэг гарсан. Энэ дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт явуулж байна. Хариу бүрэн гараагүй. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд бүх албан байгууллагыг үүрэгжүүлж шалгалт хийсэн. Хүүхдийн тоглоомын талбайн ойр орчимд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулга өгч ажиллаж байна гэлээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН НАЛАЙХ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ ТӨВИЙН ДАРГА Н.БАТТӨМӨР:

-Налайх дүүргийн цагдаагийн газраас Болор амралтын газрын орчимд 220-ын шугам унаж хүүхэд цахилгаанд цохиулсан гэсэн дуудлага бидэнд ирсэн. Шуурхай баг 30 минутын дараа очиход “Болор” амралтын газраас 10 айл руу татсан өөрсдийн эзэмшлийн 15 тулгуурын найм дахь тулгуур хазайсан байдалтай, хүчдэл нь газардуулгагүй хүчдэлтэй байсныг таслалт хийж чөлөөлсөн. Уг шугам нь Болор амралт анх байгуулагдахад ажилчдыг байрыг тэжээхэд зориулж татсан шонгууд гэв.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Мэргэжлийн байгууллагаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд 2018 оны нэгдүгээр сарын 30-нд цахилгаан эрчим хүчээр хангах дүрмийг баримталж ажиллаач гэсэн гурван заалттай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хариуг ирүүлээгүй. Энэ сарын 2-нд дахин мэдэгдэл хүргүүлсэн. Төлөвлөгөөт шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-нд хийсэн. Шалгалтын хэсэгт 11 улсын байцаагч орж багагүй зөрчил илрүүлсэн. УБЦТС ажилдаа маш хариуцлагагүй хандсан. Удаа дараа хяналт шалгалтын дүн, зөрчил дутагдлаа арилгах талаар албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч огт хариу ирүүлээгүй” гэлээ. Мөн тэрбээр Нийслэлийн Засаг даргын өгсөн албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг дурьдаад “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам, биеийн тамирын болон тоглоомын талбайн судалгаа гаргаж шалгалт хийсэн. Үүнд 142 сургууль, 206 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын 370 талбайд үзлэг шалгалт хийгдлээ. Шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илрүүлсэн.Цахилгааны шит, гэрэлтүүлэг шугам сүлжээний 224, траншейн, худгийн таг онгорхой 98, хурд сааруулагч шаардлагатай 16, хамгаалах хашаа шинээр хийх шаардлагатай 27, газар чөлөөлөх шаардлагатай 11, үерийн далан суваг, ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай 1, чанар стандартын шаардлага хангаагүй хаяг рекламны самбар 26, хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангаагүй 102, шилэн кабел утас унжсан 205, бусад 46 зөрчил илэрсэн. Энэ талаар бүх албан байгууллагад шаардлага хүргүүлж хугацаатай үүрэг өгсөн гэв.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.ЯДАМДОРЖ:

-Дорноговь аймгийн харьяат долоон настай Д.Н гэх эмэгтэй хүүхэд амь насаа алдсан дуудлага ирсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Цахилгааны шонгийн гарал үүсэл, ямар байгууллага хариуцдаг, уг шонгийн ашиглалт талыг аль газар хариуцдаг гээд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргана. Зохих журмын дагуу шалгалт хийнэ гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой Туул голын орчмоор иргэд ихээр амарч зугаалж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл гаргаж цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, үер усны аюулаас болгоомжлох талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчлах ажлыг хийж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа

-“Нийслэлийн Засаг даргын өгсөн албан даалгаврын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч сургууль цэцэрлэгийн орчимд шалгалт хийсэн. Одоогоор 6 дүүргээс тайлан мэдээ ирсэн байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сургуулийн орчмын эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан. Төсөв мөнгөтэй холбоотой тохижилт, хүүхдийн аюулгүй орчныг бий болгох тал дээр ирэх оны төсөвт улс, нийслэлийн төсөвт санхүүжилт тавиулахаар төсөл боловсруулж байна” гэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Даваасүрэн

-“Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 55 мянган гэрэлтүүлэг, 46 мянган ширхэг гэрэлтүүлгийн шонд 13 аж ахуй нэгж ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Манайхаас жил бүр холболтын таггүй ил задгай шонг цэгцэлдэг. Энэ жил нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамжийн дагуу үндэсний их баяр наадмаас өмнө ил задгай холболттой шонг цэгцлэх ажил хийгдэж байна. Эхний шатны тооллогоор 1800 гаруй таггүй задгай холболттой шон байна гэж мэдээ ирсэн. Нарийвчилсан самналт явуулахад гэр хороолол болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн газарт таггүй задгай холболттой 2640 шон байсан. Өнөөдрийн байдлаар 1693 шонг засварлан тагжуулж, 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяраас өмнө бүрэн дуусна. Шонгийн таг нь төмрөөр хийгдсэн байдаг учир хулгайд алдагдах нь их. Тиймээс жил бүр тагжуулах ажлыг хийдэг. Мөн Улаанбаатар хотын шуурхай удирдлагын зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсаар 24 цагийн турш дуудлага хүлээн авч байна. Дуудлагын дагуу, иргэдийн сошиалаар ирүүлсэн гомдлыг тухай өдөрт нь шийдвэрлэж зөрчлийг арилгаж байгаа” гэв.

 Ил задгай холболттой шонг цэгцлэх ажил хийгдэж байна

Холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд

-“Хүүхэд харамсалтайгаар осолдож амь насаа алдсан тохиолдол ойр ойрхон гарч хүмүүст хариуцлага, сахилгын асуудлыг сануулж байна. Мэргэжлийн байгууллагууд болон дүүргийн Засаг дарга нар, боловсролын салбарын удирдах албан тушаалтнууд хэн бүхэнд хамаатай асуудал учраас ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Үндэсний их баяр наадмын үеэр бүх байгууллага хариуцлагатай жижүүр ажиллуулж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шуурхай багийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах хэрэгтэй” гээд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Хэдийгээр эрчим хүчний байгууллага босоо удирдлагатай ч гэсэн хүүхэд эндсэн энэ асуудлууд эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой. Нийслэлийн нутаг дэвсгэрт гарч байгаа учир та бүхэнтэй холбогдохоос өөр арга алга. Эрчим хүчний дүрэм журам, зааврыг зөрчсөнтэй холбоотой эдгээр ослууд гарсан гэж хэлж болно. Зөвшөөрөл олгодог байгууллага үүнд онцгой анхаарах хэрэгтэй. УБЦТС болон баруун болон зүүн цахилгаан түгээх салбарууд энэ зундаа багтаж үзлэг шалгалт хийж солих шаардлагатай шонгуудыг сольж, стандартын шаардлагад нийцүүлэх талаар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангахдаа эрчим хүчний байгууллагатай хамтран ажиллах, өмнөх албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, Тэрэлжийн амралт, зуслан дагасан амралт, суурьшлын бүс хэт задгай байгааг цэгцлэх, газар олголт, зөвшөөрөл зэрэгт шалгалт хийж дүнг энэ сарын 20-ны дотор танилцуулахыг Налайх дүүргийн Засаг даргад, голын сав дагууд амралт зугаалгаар явж буй иргэд олширдог зуны улиралд завьт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг, мөн иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг, анхааруулга хүргэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газарт тус тус үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Замын компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийв

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн дагуу ажил гүйцэтгэж буй замын компаниудын үйл аижллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар албан шаардлага өгчээ.

Мөн аймгийн БОАЖГ, Жаргалант сумын ЗДТГ, Хар нуур, Ховд голын сав газрын захиргаатай хамтран Буянт голын сав газарт зусаж буй айл өрхийн орчны бохирдол, хогийн цэг болон нүхэн жорлонгийн байдал шалгалт хийсэн байна.