Мал эмнэлгийн Ерөнхий газрын Ерөнхий эпидемиологич эмч Б.Цолмонтой ярилцлаа.
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжилтийн талаар асууя. Тухайлбал, бүх сумдад мал эмнэлгийн салбар нэгжүүд байгуулагдана гэж байсан?
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль энэ оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын чуулганаар батлагдаж, өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингээд зургадугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Мал эмнэлгийн ерөнхий газар” байгуулагдаад байна. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцооны хүрээнд одоогийн байдлаар улсын хэмжээнд Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдан бүтэц нь батлагдаад байна. Удахгүй орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын бүтэц, орон тоо хэлэлцэгдэж эхэлнэ. Үүний дараа аймаг, сумын мал эмнэлгийн байгууллагын бүтэц өөрчлөгдөх бөгөөд суманд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулагдана. Уг тасагт нэг малын эмч буюу мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч болон мал эмнэлгийн тархвар зүйчийг нэмж ажиллуулахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр суманд хоёр орон тоотойгоор мал эмнэлгийн тасаг ажиллана.
-Энэ хуульд орж буй томоохон гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-Бид “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг 1993 оноос хойш мөрдөн ажиллаж байсан. Уг хуулийн хүрээнд мал амьтны эрүүл мэнд, малын үржил селекцийн асуудлыг бүхэлд нь авч үздэг байсан бол Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 7 бүлэг 37 зүйлтэй, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, малын эм, нэмэлт тэжээлийн хяналт, бүтэц тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэх зэрэг асуудлуудыг зохицуулахаар хуульд заасан байдаг. Түүнчлэн малчид, иргэд, малын эмч, төрийн байгууллагын уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоог сайжруулах, малын эрүүл мэндийн үйлчилгээний үйл ажиллагааны хяналтыг Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтцэд оруулснаар олон улсын шаардлагыг хангах нэг нөхцөл болсон.
-Малын эргэн мөшгөх системийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Уг системийг нэвтрүүлэх төсөв зардлыг шийдсэн үү. Энэ систем ямар хүрээнд ажиллах вэ?
-Мал эмнэлгийн гэрчилгээ, эргэн мөшгөх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Манай Улсаас мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлоход экспортлох мал нь малын гоц халдварт өвчингүй, тайван бүс нутгаас бэлтгэгдсэн байх, хаанаас бэлтгэсэн мал болох нь тодорхой байх зэрэг шаардлагуудыг худалдан авагч улс орнууд тавьдаг. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн онд төслийн багтай хамтран Архангай аймгийн гурван суманд туршилтын төслийг хэрэгжүүлсэн. Үр дүн нь мах боловсруулах үйлдвэр, худалдан авагч, малчдад хүртээлтэй сайн үр дүнтэй болсон. Иймд энэ оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн төслийн таван аймгийн 15 суманд болгон өргөжүүлэн ажиллаж байна. Бидний хамтран хэрэгжүүлж буй аргачлал нь олон орнууд хэрэгжүүлдэг бөгөөд вэбэд суурилсан цахим систем юм. Тухайлбал, малчин малаа мал эмнэлгийн арга хэмжээнд бүрэн хамруулах ба үйлчилгээ хийсэн тухай малын эмч мэдээллээ вэбэд суурилсан мэдээллийн санд гар утасны аппликейшний тусламжтай оруулна. Мөн малчин сумаас амьд малаа худалдааны, нядалгааны, үржлийн зориулалттай гаргах тохиолдолд малаа бүртгэлд хамруулах бөгөөд чип бүхий ээмэг зүүж цахим мэдээллийн санд оруулна. Хэрвээ малчин малаа мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулаагүй бол цахим мэдээллийн сан хоосон гарах ба гэрчилгээ авах баталгаажилт үүсэхгүй болно. Уг үйл ажиллагааг сумын малын эмч гүйцэтгэх ба малын эмчийн хүсэлтийг хүлээн авсан улсын байцаагч зөвшөөрснөөр бар код бүхий мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ хэвлэгдэнэ. Уг гэрчилгээг зориулалтын уншигчаар унших бөгөөд уншсан мэдээллийг системтэй холбоход ямар сумаас ямар маршрутаар явж байгаа талаарх бүх мэдээлэл цахимаар харж болно. Уг бар код нь амьд мал нядлагдахад маханд нь уг бар код наагдах бөгөөд мах худалдан авч буй иргэд гар утасны аппликейшнээ ашиглан ямар аймгийн ямар сумаас бэлтгэсэн болохыг мэдэх боломжтой болох юм. Иймд вэбэд суурилсан мэдээллийн системтэй болсноор аймаг, сум нь тодорхой, эрүүл нь баталгаажсан малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих боломжтой болно. Одоогоор уг арга хэмжээ төслийн санхүүжилттэй хэрэгжиж байгаа ч ирэх 2019 оноос улсын төсөвт тодорхой зардлыг тусган хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнд төвийн болон говийн бүсийн зарим аймгуудыг хамруулахаар төлөвлөчихсөн байгаа. Ингээд 2020 он гэхэд улс орон даяар хэрэгжинэ.
-Малын шүлхий өвчний гаралт, тархалт одоо ямар цар хүрээнд байна вэ?
-Энэ он гарснаас хойш Дорноговь аймгийн долоо, Дундговь аймгийн найм, Булган аймгийн зургаа, Төв аймгийн дөрөв, Өмнөговь аймгийн хоёр, Сүхбаатар аймгийн гурав, Говьсүмбэр аймгийн нэг, Орхон аймгийн нэг, Дорнод аймгийн нэг, Хэнтий аймгийн нэг, Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн таван сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг нийт 13 аймаг, нийслэлийн 46 суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн. Нийт 644 өрхийн 7000 гаруй толгой мал эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 5000 гаруй толгой малыг устгалд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл суманд хонинд шүлхийгийн шинж тэмдэг илэрсэн байна. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд үхэрт мөн шинж тэмдэг илэрч, мал сүрэгт урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийж байна.
-Шүлхий өвчин гарч байгаа нь урьдчилан сэргийлэх вак-цины хамрагдалтыг гүйцэт сайн хийгээгүйтэй холбоотой юу?
-Энэ 2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын гүйцэтгэл харьцангуй сайн хийгдсэн байсан. Уг өвчний гаралт тархалтыг хязгаарлах, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Шадар сайдын энэ зургадугаар сарын 25-ны өдрийн тушаал гарч Архангай аймагт ажиллах “Шуурхай бүлэг” томилогдон ажиллаж байна.
-Өнөөдөр хүнсэнд хэрэглэж буй малын мах өвчинтэй үгүй нь баталгаатай биш байна. Малын махнаас нялуун үнэр үнэртэх, амт чанарт нь өөрчлөлт орсон шинж тэмдэг ажиглагддаг. Энэ нь вакцинтай малын мах гэсэн үг үү?
-Малын махнаас нялуун үнэр гарах нь ямар ч шалтгаантай байж болно. Ихэнхдээ бороо хуртай үед мал нядлах, нядалсан малын махыг буруу хадгалах, буруу загсаах зэргээс шалтгаалдаг. Иймээс бүх зүйлийг вакцинтай холбож тайлбарлах нь тийм ч зөв биш байх. Малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жилд дунджаар улсын хэмжээнд давхардсан тоогоор дунджаар 30 сая малыг хамруулдаг. Вакцины тарилга болгон тарих технологит хугацаатай, вакциныг тарьснаас хойш тодорхой хугацааны дараа нядлахыг зөвшөөрдөг. Үүнийг суманд үйлчилгээ үзүүлж буй малын эмч өөрөө тарилгын ажлаа гүйцэтгэдэг учраас хэзээ мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ өгөхөө шийдддэг. Одоо хэрэгжиж эхэлсэн “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулиар малын эмч хэзээ вакцин тарьсан, паразитын эмчилгээ үйлчилгээг хийсэн тухай тодорхойлолтыг гаргах ба үүнийг үндэслэн сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ олгохоор заасан. Удахгүй мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ олгох журам батлагдах бөгөөд мөрдөгдөж эхэлнэ. Одоо мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээг сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч олгож байгаа хэдий ч анхан шатны үзлэгээ хийсний дараа үндсэн тамга тэмдэгээ дарж баталгаажуулан олгож байна. Вакцин бол химийн бодис биш юм. Өвчин үүсгэгч бактери, эсвэл вирусийн өвчин үүсгэх шинж чанарыг байхгүй болгосон бичил биетийг мал, ургамлын гаралтай эд эсэд ургуулж гаргаж авдаг био бэлдмэл юм. Харин паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх бэлдмэлийг малчид дур мэдэн хэрэглэх, малын биеэс гадагшлах хугацааг тооцохгүйгээр нядлах, борлуулах, хүнсэндээ хэрэглэх асуудал өнөөдрийг хүртэл байсаар байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, малчин өнөөдөр малдаа ивомек тариаг өөрөө тариад л маргааш нь нядлах жишээтэй байна. Энэ нь малын маханд химийн бодисын үлдэгдэл үлдэх, цаашлаад хүний эрүүл мэндэд ч нөлөөлөх аюултай. “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулиар жороор олгох малын эмийн жагсаалт батлахаар заасан байгаа. Түүнчлэн мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ олгох асуудалд ч энэ асуудлыг шийдвэрлэхээр холбогдох заалтууд нь орж байна. Энэхүү журмууд мөрдөгдсөнөөр баталгаагүй малын мах хэрэглэхгүй байх боломжтой болох юм.
-Одоо наадам айсуй. Баяр наадам дөхөхөөр морины туурайгаар дамжин шүлхий гэх мэт малын өвчин тархдаг. Үүнээс сэргийлэх ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Мал, амьтны халдварт эсвэл гоц халдварт өвчин тус бүрт халдвар дамжих эрсдэл, дамжих замууд байдаг. Тухайлбал шүлхий өвчний тухайд халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархах аюултай. Мөн өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл шүлхийн вирусээр бохирлогдсон эд зүйлээр л дамжин тархах боломжтой. Энэ эрсдлийг бууруулах зорилгоор халдваргүйжүүлэлтийн ажлыг сайжруулахаар ажиллаж байна. Түүнчлэн мал эмнэлгийн хяналтын зургаан цэгээр дамжуулан мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээг хянах, ямар аймаг сумаас ирж явж байгааг бүртгэх, голомт бүхий сумаас амьд малын хөдөлгөөнийг хориглох зэрэг ажлуудыг хийж байна. Шаардлагатай тохиолдолд хяналт халдваргүйжүүлэлтийн цэгийг нэмж ажиллуулахаар төлөвлөсөн.
-Хууль хэрэгжиж эхэлснээр тухайлбал, махны экспорттой холбоотой ямар эерэг дүн гарах вэ. Эхний үр дүнгүүд хэзээнээс гарах вэ?
-“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдан гарснаар мал эмнэлгийн үйл ажиллагаа шинэ шатанд гарч байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын мал эмнэлэг мал, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээ эрүүл болохыг баталгаажуулдаг, эрүүл бүс нутгаа зарладаг, олон улсад итгэлцэлтэй болно гэсэн үг юм. Мал эмнэлгийн байгууллагаас хяналтыг салгасан нь мал эмнэлгийн үйл ажиллагааны гажуудлыг үүсгээд зогсохгүй олон улсад ч итгэх итгэлийг бууруулсан. Бид ирэх 2020 он гэхэд малын махаа экспортлодог, мал амьтны гоц халдварт өвчингүй, тайван нөхцөлийг хангахын төлөө ажиллана. Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор бодлогын хүрээнд мал, амьтны эрүүл мэндийн хуулийг даган зургаан хуульд нэмэлт, өөрчлөлт орж байна. Хуулийн хүрээнд дүрэм, журам, заавар мөрдөгсөнөөр олон улсын шаардлагад мал эмнэлгийн үйлчилгээг ойртуулах, жишигт нийцүүлэх боломжтой болж байна.
Б.ОДМАА
Б.БОЛОРЧИМЭГ