Categories
мэдээ нийгэм

Ховд, Үүр голын ус үерийн аюултай түвшинг давжээ

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 95 см нэмэгдэж, үерийн түвшинг 40 см-т хүрээд байна. Мөн Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 50 см даван тус тус үерлэж байна.

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-аас завьт эргүүлийн тоог нэмжээ

Нийслэлийн онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж, борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүсэх тул ард иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Тус газар Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Аврах анги-105-ын 2 бүлэг өдөр бүр завьт эргүүлээр, нэмэлтээр Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 бүлэг хөдөлгөөнт эргүүл хийж, ард иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт болж байна

Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Уулзалтад манай улсаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын сайд Ло Шуган, ОХУ-аа Холбооны аялал жуулчлалын агентлагийн дарга Олег Сафонов нар оролцож байна.

Сайд нар хил дамнасан аялал жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах асуудлаар яриа, хэлэлцээр хийх юм. Уул уурхайгаас ихээхэн хамааралтай манай улсын хувьд аялал жуулчлал нь эдийн засгийн нэгэн тулгуур болохуйц ирээдүйтэй салбар гэж тооцогддог. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хоёр хөршийн аялал жуулчлалын салбарын бодлогыг тодорхойлогч хүмүүстэй уулзалт хийх нь өндөр ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

​Яармагийн шинэ гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээж, өнөөдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих зэрэг ажлууд хийгдэж байна. Ингэснээр Хөшигтийн хөндий болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой юм.

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Төмөр замын 20 дугаар товчоо групп” корпораци ажиллаж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Ди инженер консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэж байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярихдаа “Өнөөдөр зөвхөн хөдөлгөөнийг нээж байна. Ашиглалтад орох болоогүй. Энэ гүүр нь гол, төмөр зам, гүүрэн гарц гээд бүгдийг холбосон томоохон бүтээн байгуулалт. Ашиглалтын хугацаа 60 жил. Стандартаас давсан сайн гүйцэтгэлтэй бүтээн байгуулалт болж байгаа юм” гэлээ.

Шинэ гүүр нь 250.2 метр урт, 20.5 метр өргөн, дөрвөн эгнээтэй. Хуучин гүүртэйгээ зургаан эгнээ байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10 метрийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байх юм. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30 метрийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм. Нийслэлийн авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нийслэлийн авто замыг бүтээн байгуулалтын ажил Сонсголон, Баянзүрх, Замын цагдаа болон Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтаар үргэлжилж байна. Яармагийн шинэ гүүр ашиглалтад орсноор Нисэх, Яармаг чиглэлийн авто замын ачааллыг гурав дахин бууруулна. Гүүрийн ажлууд өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн. Бүх ажлууд товлосон хугацааны дагуу явж байгаа. Ирэх жилийн аравдугаар сар гэхэд ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Өдөртөө 35-45 мянган авто машин зорчино гэсэн тооцоог гаргасан” гэв.

Өнөөдөр шинэ гүүрийг нээж, хуучин гүүрийг хааж байна. Хуучин гүүрийн засварын ажил маргаашнаас эхлэх юм. Засварын ажлын хүрээнд гүүрийн ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх ажлуудыг хийнэ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын “Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” (HeForShe) хөдөлгөөнийхэнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, хатагтай Элизабет Няамаяаро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” хэмээн орчуулж болох энэхүү хөдөлгөөн 2014 оноос үүссэн бөгөөд хүйсийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийн оролцоог нэгтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Богино хугацаанд дэлхий дахиныг хамран өргөжсөөр буй “HeForShe” хөдөлгөөнд Монгол Улсыг хамруулах санаачилгыг УИХ-ын гишүүн А.Ундраа гаргаж, өчигдөр НҮБ-ын Хүн амын сан, Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн ордны Их танхимд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөгчид, олны танил эрхмүүд болон залуус, иргэд оролцсон чуулган зохион байгуулж, “HeForShe” хөдөлгөөний Монгол дахь албан ёсны нээлтийг хийсэн юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас санаачилсан, өдгөө дэлхийн 50 гаруй улсыг хамраад байгаа “Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” хөдөлгөөн албан ёсоор Монгол Улсад эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Хүний эрхийг хангах, хүйсийн тэгш байдлыг эрхэмлэх, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс сэргийлэх асуудал Монгол Улсын төрийн бодлогын төвд байдаг бөгөөд НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хамгийн түрүүнд дэмжиж, өөрийн орны онцлогийг тусгасан хөтөлбөр батлан хэрэгжүүлж буй орон бол Монгол юм. Бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг тууштай дэмждэг. Тухайлбал, улс төрийн намууд дүрэм, журамдаа энэ талаар тусгасан байдаг. Өдгөө парламентын олонхийг бүрдүүлж байгаа Монгол Ардын Нам гэхэд УИХ-д нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байна гэж журамласан. Энэ удаагийн парламентад түүхэндээ хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн ажиллаж байна” гэлээ.

Гэхдээ цаашид анхаарах ёстой, бэрхшээлтэй асуудлууд цөөнгүй байгаа талаар тэрбээр тэмдэглээд, “НҮБ-ын Хүн амын сангаас санаачлан Үндэсний статистикийн газартай хамтран 2017 онд хийсэн Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан өнгөрсөн 6-р сард гарсантай танилцахад эмзэглэмээр тоо баримтууд гарсан” гэж онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээрх хууль эрх зүйн орчныг өөрчлөн сайжруулах чиглэлээр УИХ нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. “HeForShe” хөдөлгөөний Монгол дахь үйл ажиллагаа бидний энэхүү хүчин чармайлтад дэмжлэг, түлхэц болно гэдэгт найдаж байна гэлээ.

АНУ-ын Төрийн департаментад Дэд сайдаар ажиллаж байсан, Элчин сайд, хатагтай Мари Кармен Апонте эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд улс орон бүхэнд, түүний дотор АНУ-д ч байдаг. Төрд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал гэдгийг сүүлийн жилүүдийн улс төрийн үйл явц улам тодорхой харуулж байна. “Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” хөдөлгөөний шинэ гүүрийг босгох гэж бид Монголд ирсэн. Энэ гүүр Америк, Монгол хоёр улс, хоёр орны эрчүүдийн эмэгтэйчүүдийнхээ сайн сайхан, тэгш эрхийн төлөө зүтгэх аяныг холбох бат бөх гүүр байна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

“HeForShe” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, хатагтай Элизабет Няамаяаро “УИХ-ын гишүүн А.Ундраа манай хөдөлгөөний манлайлагч, дэмжигчдийн нэг гэдгийг юуны өмнө онцолж хэлэхийг хүсэж байна. Дэлхийн хүн амын 50 хувь нь болсон эмэгтэйчүүдэд ижил тэгш боломж олгох замаар тогтвортой хөгжил хангагдана. НҮБ-ын Ерөнхий ассамблей ирэх есдүгээр сард болох хуралдаанаараа жендерийн асуудлыг хөндөж ярилцана. Энэ үеэр Монголын тухай бид онцгойлж ярих болно. Манай хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж орсноор хүйсийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх түүхэн үе эхэлж байна гэж би ойлгож байна” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-д эмэгтэйчүүдийн албан бус бүлэг ажиллаж буй талаар мэдээлээд, Монгол Улсын парламент “HeForShe” хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхийн хүйсийн тэгш бус байдал”-ын жагсаалтад Монгол Улс 53-рт, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор 107-рт байгаа нь муу үзүүлэлтүүдийн нэг ажээ.
УИХ-ын гишүүдийн 13.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хувийн хэвшлийн салбарын удирдах түвшний ажилтнуудын 15 хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Монголд эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгааны үр дүн гарчээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Хүүхдийн орчин дахь баар, цэнгээний газруудыг хаана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврыг гаргаж, гурван сар тутам даалгаврын хэрэгжилтийг танилцуулж байхыг холбогдох газрууд болох ОБЕГ, ЦЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг дарга мөн БСШУС-ын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хуульзүйн дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг бүхий л салбарын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Уг даалгаврын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Тус даалгаврын гол зорилго нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ” гэж онцолсон юм. Мэдээллийн эхэнд тэрээр “Сүүлийн үед бусдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаа асуудлаар улсын хэмжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үзлэг, шалгалт явуулахыг холбогдох газруудад даалгалаа. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг мөн холбогдох яамдын сайд нарт үүрэг чиглэл өглөө” гэж тодотгосон юм.

Мөн тэрээр “Аймаг, сумдын ИТХ-ын дарга нарт мөн үүрэг чиглэл өгч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хохироож байгаа бүх газар үзлэг шалгалт хийж шаардлагатай тохиолдолд засаж сайжруулах арга хэмжээ авахыг даалгаж байна. Дээрх даалгаврын биелэлтийг гурван сар тутамд шалгана. Хэрэв үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцож ажиллах болно. Мөн хүүхэд хамгааллын асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

Хүүхдийн орчинд тогтоосон хязгаарыг давж байрлах баар, цэнгээний газрууд, архи согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийг хааж замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг тодорхой нарийвчилсан төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол 22-ны ням гаригт болно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны зургаадугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа долдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​С.Жаргал: Сургуулиудын хөл бөмбөгийн талбайг МХБХ-оос гаргаж баталсан зааврын дагуу хийхээр болсон

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны техникийн хэлтсийн дарга С.Жаргалтай ярилцлаа. Тэрээр Клубуудын ДАШТ-д зохион байгуулагчаар ажилладаг арвин туршлагатай нэгэн.

– Монголын шигшээ багийн бэлтгэл ямархуу байгаа вэ?

– МХБХ нь шинэчлэгдсэн удирдлагын дор 2015 оноос эхлээд шат дараалсан олон ажлуудыг хийж байгаа. Үүний нэг нь шигшээ багуудыг нас насны зохих ангилалд олон улсын тэмцээнд байнга оролцуулж, насанд хүрэгчдийн эрэгтэй шигшээ багт Герман дасгалжуулагч, эмэгтэй шигшээ багт Япон дасгалжуулагч ажиллуулж байна.

– Дасгалжуулагчдын боловсрол шигшээ багийн хувьд чухал үүрэгтэй.Германы дасгалжуулагчийн ажлын үр дүнгийн талаар яриач. Одоогоор МХБХ-оос олон улсын чансаагаа дээшлүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?

– Майкл Вайсс шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээр маш олон өөрчлөлтүүдийг Монголын хөлбөмбөгт нэвтрүүлсэн. Тухайлбал, шигшээ багийн үйл ажиллагааг тогтворжуулж, байнгын бэлтгэлтэй болголоо. Шигшээ багийн хэлтсийн үйл ажиллагааны шавыг тавьж, шаардлагатай арын албыг байгуулсан. Үүнд хаалгачийн дасгалжуулагч, туслах дасгалжуулагч нар, мэргэжлийн эмч, багийн менежер гэх мэт. Сүүлийн жилд Монголын шигшээ багийн чансаа FIFA ranking-д ахисан. Мөн олон орны шигшээ багуудтай албан ёсны болон нөхөрсөг тоглолтуудыг байнга хийснээр тоглогчдын ур чадвар, сэтгэл зүй илт сайжирч байгаа. Тоглолтуудаас гадна МХБХ шигшээ багийг байнга гадагшаа цугларалтад явуулж бэлтгэлийг олон улсын өндөр зэрэглэлийн баазад байрлуулж бэлтгэлийг нь хангадаг болсон.

Манай насанд хүрэгчдийн шигшээ багийн гол зорилго бол ирэх жил эхлэх Дэлхийн аваргын 2022 оны эрхийн төлөө тэмцээн мөн 2023 оны Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнүүд билээ. Дээрх тэмцээнд сайн бэлдэхийн тулд МХБХ энэ оны есдүгээр сард Зүүн Азийн АШТ-ийг Монголд зохион байгуулахаар болсон.

– Гадаа талбайн тэмцээн эхэлсэн байна. Одоогоор ямар ямар тэмцээн болж байгаа вэ?

– МХБХ-ны талбайн улирал дөрвөн сарын сүүлээр эхэлсэн. Одоогийн байдлаар хүүхдийнесөн тэмцээн болж, тус тусын насны ангиллын аваргууд тодорсон. 10, 12, 14 хүртэл насны охид хөвгүүдийн тэмцээнүүд олон улсын стандартын талбай, хаалга болон бөмбөгөөр тоглож дууссан. Охидын 16 хүртэл насны аваргууд өнгөрсөн долоо хоногт тодорсон. Харин хөвгүүдийн 16 хүртэл насны аваргууд мягмар гарагт аваргуудаа тодруулна. Энэ насны тэмцээний шилдэг найман багууд ирэх наймдугаар сард эхлэх лигийн эрхийг олж авна.

Насанд хүрэгчдийн тэмцээнүүдийн хувьд эмэгтэйчүүдийн лиг саяхан өндөрлөж аваргуудаа тодруулсан. Энэ жил лиг эрт дууссан шалтгаан ньЯпон руу шигшээ багийн бэлтгэлд гарсантай холбоотой. Манай охидын 16, 19 хүртэл насны шигшээ багууд энэ намар Монгол Улсад зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байгаа. Насанд хүрэгчдийн шигшээ баг энэ есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.

“Мазала” дээд лиг болон “Мазала” нэгдүгээр лигүүд амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар солилцооны цонх наймдугаар сарын 1-ээс 14-ийг хүртэл нээгдсэн байгаа тул клубүүд шинээр хүчээ сэлбэж байгаа нь дамжиггүй. Мөн Японы “Дэнцү” компанийн ивээн тэтгэж байгаа МХБХ-ны цом тэмцээний III шат удахгүй эхэлнэ.

– Саяхан 79-р сургуулийн сурагч хөл бөмбөгийн хаалганд даруулж харамсалтайгаар амь насаа алдсан. Манай улсын хөл бөмбөгийн талбай болоод, хэрэглэж буй техник хэрэгслийн стандарт ямар байдаг вэ?

– Маш харамсалтай хэрэг болсон. МХБХ-ны хувьд талбайн стандартыг хоёр жилийн өмнө баталж БСШУСЯ-д хүргүүлсэн. МХБХ нь өөрийн мэдлийн хөл бөмбөгийн талбайг хариуцаж ажилладаг. Мөн МХБХ-ны тэмцээн зохион байгуулдаг талбайнууд дээр очиж шалгалт хийн, шаардлага хангасан тохиолдолд тэмцээн зохион байгуулах эрхийг өгдөг. Манай холбооны зүгээс сургууль болгоны талбайг очиж шалгах эрх зүйн тогтолцоо, эрх нь байхгүй. Гэхдээ саяхан Монгол улсад ирсэн АХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Улаанбаатар хотын захирагчтай хийсэн уулзалтаар сургуулиудын хөл бөмбөгийн талбайг манай холбооноос гаргаж баталсан зааврын дагуу хийхээр болсон. Мөн МХБХ болон АХБХ-оос тусгай хөтөлбөрийг 79-р сургууль дээр хэрэгжүүлж шинээр стандарт талбай барьж өгөхөөр шийдсэн байгаа.

– АХБХ-ны ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд ямар нааштай асуудлуудыг шийдэв?

– Маш олон асуудлууд шийдэгдсэн. Дээр дурдсанаас гадна МХБХ-ны бодлогын хүрээний ажлуудаас АХБХ-той хамтран ажиллах төслүүдийг эцэслэсэн. Хамгийн анхаарууштай зүйл бол МХБХ-ны Техникийн захирлыг гадаад мэргэжилтэн хийхээр болсонтой холбогдуулан түүний гэрээний хоёр жилийн цалинг АХБХ-ноос гаргуулахаар шийдүүлсэн. Мөн АХБХ-ны ерөнхийлөгчийн саналаар шийддэг төслүүдийг МХБХ маш идэвхтэй хэрэгжүүлдэг гишүүн холбоодын нэг. Одоогийн байдлаар нийт зургаан хөл бөмбөгийн жижиг талбай ашиглалтад оруулсан. Цаашид дэд бүтцийн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Мөн МХБХ-ны боловсон хүчний асуудлуудыг шийдэж дасгалжуулагч, шүүгч болон МХБХ-ны ажилчдыг мэргэшүүлэх зорилготой олон сургалт, семинарт хамруулж байна.

– Та маш олон гадаад, дотоодын хөл бөмбөгийн тэмцээнд зохион байгуулагчаар ажилласан. Тэр үед олон алдартай баг, тамирчидтай хамтарч ажилладаг байх. Мөн өнгөрсөн жил “Клубуудын ДАШТ”-д зохион байгуулагчаар ажилласан. Энэ бүх хугацаанд танд үлдсэн хамгийн үнэтэй дурсамжаасаа хуваалцаач?

– Миний бие сүүлийн зургаан жилийн хугацаанд “FIFA Match Commissioner” болон “AFC Match Commisioner” үүргийг нэр төртэйгөөр биелүүлж байгаа. Өнөөг хүртэл цөөнгүй Олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулж ажилласан. Тэдгээр тэмцээнүүдийн нэрсийг дурдвал маш олон болох байх. Хамгийн томоос гэвэл мэдээж “FIFA Club World Cup”-ийн Азийн бүсийн урьдчилсан шатны нийт найман тоглолт дээр ажилласан. Мөн Азийн хөл бөмбөгийн холбооны охид, хөвгүүдийн 14, 16, 19, 23 гээд ер нь тивийн холбооноос зохион байгуулдаг бүх төрлийн шигшээ багуудын дунд зохион байгуулдаг тэмцээнүүд дээр ажилласан. Мөн клубүүдийн тэмцээн болон Азийн Аваргуудын лиг, AFC Cup тэмцээнүүд дээр байнга ажилладаг.

Сэтгэгдлийн хувьд мэдээж клубүүдийн дэлхийн аваргад олон улсын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж цаашид Монголын хөлбөмбөгт хэрэгтэй туршлага хуримтлуулсандаа сэтгэл хангалуун байна.

– Тэр үед та “Мөрөөдөл биеллээ” гэж хэлж байсан. Одоо ямар мөрөөдөлтэй болсон бэ?

– Хөл бөмбөгчдийн амжилтын дээд оргил Дэлхийн аваргад оролцож аварга болох байх. Харин тэмцээн зохион байгуулагч хүний хувьд Дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулалтад оролцох болов уу гэж бодож байна.

– Миний ажигласнаарМонголын хөл бөмбөгийн тэмцээн уралдаан үзэгч, хөгжөөн дэмжигчдээр дутмаг санагддаг. Энэ тал дээр таны үзэл бодол? Яавал бид үзэгчдээ нэмэх вэ?

– Маркетингийн тал дээр дутуу ажиллаж байснаа мэдсэн. Одоо шинэ залуусын бүрэлдэхүүнтэй шат дараалсан олон арга хэмжээг хийхээр төлөвлөж байна. Стадионы соёлыг Монголд сурталчилж дэлгэрүүлэх, үзэгчдийг тоглолтоо үзэхэд тав тухтай орчинг бид яаралтай бүрдүүлэх хэрэгтэй.

Хүмүүс кино үзэх гэж очихдоо юу шаарддаг билээ. Үүнтэй адил, хөгжөөн дэмжигчид хөл бөмбөг үзэхдээ манай стадионд ирээд идэж уух зүйлтэй, боловсон соёлтой үйлчилгээний ажилчидтай, цэвэрхэн ариун цэврийн өрөөболон орчинтой байхад хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх гэж найз нөхөд гэр бүлтэйгээ манайхыг зорихцаг удахгүй ирнэ гэж найдаж байна.

– Таны хувьд Европт 20 гаруй жил амьдарч, хөл бөмбөгд суралцаж байсан гэсэн. Та яагаад тамирчин болоогүй юм бэ?

– Олон жил хөл бөмбөг тоглож янз бүрийн тэмцээнд ордог байсан ч хэзээ ч хөл бөмбөгчин болно гэж бодож байгаагүй байх. Чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглож, хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хажуугаар нь амьдралаа хөөж явсаар өдий хүрсэн байх./инээв/

Э.АНУДАРЬ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

Монгол Улсын эдийн засаг болон Уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн мянга мянган ажилтнуудын төлөөлөл болгож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын багш цол

Монгол Улсын консерваторын үндэс суурийг бэлтгэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн урлагийн сургалтын бодлогын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын консерваторын ахмад багш Мишигийн Цэрэндорж,

Монгол Улсын боксын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан олон арван тамирчид төрөн гарах хөрс суурийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын боксын холбооны зөвлөх дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

Мөн тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равданд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Монгол Улсын гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Монголчехметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бичээрийн Далайг,

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржааг,

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдыг,

“Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөх инженер Гүндсамбуугийн Сандуйжавыг,

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабалыг,

“Хөтөлийн цемент шохой” хувьцаат компанийн захирал Асарваанийн Шоовдорыг тус тус шагналаа.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР Улсын дуур бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг,

Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв болон Тангадын Борхүүг,

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэгийг,

“Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзааныг тус тус Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.

ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, малын эмч Райханы Хасымханыг шагналаа.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн захирал Бямбажавын Алтанцэцэгийг,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн Баасангийн Доржпалам нарыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР Ахмад багш Цэрэнгийн Адъасүрэнг болон Зундуйн Бямбаа нарыг,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн ахмад багш Дондовын Алтанцэцэгийг,

Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Найдангийн Баатаржавыг,

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохыг,

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Очирын Пүрэвийг,

Булган аймгийн шатрын “Сөрт” клубын багш Жамъяндоржийн Пүрэвсүрэнг,

Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Мөнх-Очирын Нацагюмыг,

ШУТИС-ийн тэргүүлэх профессор Гэндэнгийн Ухнааг,

Говьсүмбэр аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэвийг,

Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Дашдоржийн Тунгалагийг,

МУИС-ын Физик электроникийн сургуулийн багш Хинаятын Цоохүүг тус тус Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа.

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермерейг,

“Ньюкон” ХХК-ийн ерөнхий захирал Намдагийн Чойбалсанг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР Монгол Улсын начин Дандарын Гомбосүрэнг шагналаа.

ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР “Өгөөж сүмбэр” ХХК-ийн зөвлөх Доржийн Батааг шагнав.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Ахмад тариаланч Боожийн Цэвээнийг,

“Үйзэн тал” ХХК-ийн агрономич Пүрэвийн Даваанямыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР Ахмад тээвэрчин Цэрэнгийн Мягмаржавыг, Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Жавчигийн Сэрээтэрийг шагналаа.

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР “Багануур” хувьцаат компанийн токарьчин Пинчигийн Чулуун-Эрдэнийг,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР Ахмад холбоочин Гончигийн Баттогтохыг,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР Эдийн засагч Дашсамбуугийн Полоожийг тус тус шагналаа.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР “Зууны шуудан”, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Бямбын Ерэнтэйг,

Ахмад зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьяанг,

Үндэсний бөхийн засуулч Хадын Пүрэвийг,

Ахмад зохолч Авидын Шартолгой нарыг тус тус Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР Монгол Улсын консерваторын Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Нямбалбарын Оюуныг шагнав.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндоржийг,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Дамбийн Ширэндэв нарыг тус тус шагнав.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Ганга импекс” ХХК-ийн захирал Дамдины Гомбосүрэнг,

“Нарантуул” группын ерөнхий захирал Шаравын Оюунсогоог тус тус шагналаа.

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Цэрэндоржийн Бадамсэдийг,

“Өргөө” амаржих газрын их эмч Машлайн Энхтуяаг тус тус шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР ШУТИС-ийн профессор Цэвээний Нанзадыг шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Хүний бага эмч Гончигийн Батсуурийг,

“Этүгэн” их сургуулийн ректор Бямбаагийн Батсэрээдэнийг,

Биеийн тамир спортын газрын бага эмч Эрдэнэ-Очирын Энхбаяр нарыг тус тус шагнав.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилын Чагнаа нарыг тус тус шагналаа.

Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:

СҮХБААТАРЫН ОДОНГООР Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дашдоржийн Батбилэгийг,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмааг,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн, хурандаа Цэдэндоржийн Батсайханыг

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР Үндэсний батлан хамгаалах Цэргийн нэгдсэн сургуулийн ахлах багш Доржийн Пүрэвсайханыг,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ард талын мэргэжилтэн, дэд хурандаа Доржийн Тунгалаг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулж дууссаны дараа үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монголчууд аа, ажил үйлсээрээ манлайлагчид аа

Та бүхэнд Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Төрт ёсны уламжлалын дагуу өнөөдөр ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль гардуулж байна. Төрийн шагнал хүртэгсэд, тэдний гэр бүл, ойр дотныхон, хамт олонд халуун баяр хүргэе.

Хөгжлийн зорилго, амьдралын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайн сайхныг авчрахын төлөө, эх орондоо илүү сайныг бий болгох, бүтээх, өрнүүлэхийн төлөөх цуцалтгүй хөдөлмөрт оршдог. Ажил үйлстээ манлайлсан хөдөлмөр, зүтгэл гаргасан иргэдээ Монголын төр сайшаан шагнах нь ч зүйн хэрэг юм.

Өнөөдөр төрийн цол, одон медалиар шагнагдагсадын дунд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өрмийн машинч Батхүүгийн Батбаяр гуай байгаа. Энэ үйлдвэрт 35 жил ажилласан хүн. Энэ жил 40 жилийнхээ түүхт ойг тэмдэглэж байгаа тус үйлдвэрийн амжилт бүтээлийн төлөө амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулан үр бүтээлтэй ажиллаж ирсэн танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна. Монгол Улсын эдийн засагт олон жил үр өгөөжөө өгч буй “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрч хамт олны 40 жилийн зүтгэлийг Монгол Улсын төр үнэлж байгаагийн нэгэн жишээ нь энэ юм.

Монгол Улсын консерваторийн багш Мишигийн Цэрэндорж, Монголын Боксын холбооны зөвлөх Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цолыг олгож байна. Та бүхний сурган хүмүүжүүлэх үйлсэд гаргасан амжилт, зүтгэлийг монголчууд сайн мэднэ.

Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан танд Монгол Улсын Ардын жүжигчин цол олголоо. Театр, киноны урлагт бүтээсэн чадварлаг дүрүүд болон үгийн урлаг, өгүүлэх арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлсэд гаргасан амжилт, бүтээлийг тань төр өндрөөр үнэлж байна.

Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч Машлайн Энхтуяа таныг Монгол Улсын гавьяат эмч цолоор шагнаж байна. Монголчуудын найман хүн тутмын нэг, нийслэлчүүдийн гурван хүн тутмын нэг нь “Нэгдүгээр төрөх” гэж олноо нэршсэн энэ эмнэлэгт мэндэлсэн байдаг бөгөөд эх барих эмч, хүйн ээж нарыг төлөөлүүлэн таны нөр хичээнгүй хөдөлмөрийг Монголын төр үнэлж байгаа юм.

Усжуулалт, усны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, говийг усжуулах төслүүдийн техникийн үндэслэлийг боловсруулах, эх орныхоо усны нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлсэд чармайн ажилласныг тань үнэлж Норпилын Чагнаа танд Байгаль орчны гавьяат ажилтан цол олгож байна.

Дархан-Уул аймгийн иргэн Боожийн Цэвээн Монгол Улсын гавьяат тариаланч цолоор шагнагдаж байна. 1961 онд Хонгорын сангийн аж ахуйд илгээлтээр ирсэн цагаасаа хойш өнөө хүртэл тариалангийн талбайд зүтгэж, залуу тариаланчид, хадланчдыг сурган дадлагажуулж, нутаг орондоо хүнлэг сэтгэлийг тарааж явааг тань ийнхүү үнэлж байна.

Өнөөдөр шагнал хүртэж байгаа бүх манлайлагчид, сайчуудад халуун баяр хүргээд, ажил амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үйлс, буян тань Сүн далай шиг арвин болтугай.

Өлзий, хутаг тань Сүмбэр уул шиг бат болтугай,

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд бадраг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын үеэр өрхийн эмнэлгүүд 10-15 цагийн хооронд ажиллана

Баяр наадмын үеэр ЭМЯ-д 24 цагийн жижүүр ажиллана. Өрхийн эмнэлгүүд 11-нээс 16-нд 10-15 цаг хүртэл ажиллана. Наадмын талбай, Хүй долоо худагт яаралтай тусламжийн баг ажиллахыг ЭМЯ-наас мэдэгдлээ.

ЭМЯ-наас хүүхдийг эрсдэлээс сэргийлэх уриалга гаргасан байна. Иргэдийг наршилт, хоолны хордлого, зам тээврийн осол, үер усны аюулаас сэргийлэхийг анхаарууллаа.

Өнгөрсөн жил наадмын талбайгаас хуушуур, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа 20 гаруй хүний ходоод гэдэс өвдөж, архаг өвчин сэдэрснийг Эрүүл мэндийн яамны олон нийттэй харилцах хяналт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Б.Нарангэрэл сэрэмжлүүллээ.

Наадмын үеэр ЭМЯ 323002 дугаарт иргэдийн гомдол саналыг хүлээн авч байна.

Э.АНХМАА