Categories
мэдээ нийгэм

Шугам сүлжээний цэвэрлэгээ, засварын ажил үргэлжилж байна

Жил бүр Улаанбаатар хотын хэмжээнд борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, засварын ажил хийдэг. Энэ жилийн эхний шатны ажил хийгдэж дуусчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Баянмонгол хорооллын нүхэн гарц, Энхтайвны гүүрний нүхэн гарц, Вокзалын арын уулзвар, Богд ар хорооллын шугам, Сонгино-Хайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэл, Драгон орчмын шугам, Чингэлтэйн борооны усны шугам, Долоон буудлын борооны шугам, Жавсранжавын гудамж, Чингисийн өргөн чөлөөний байршилд тус тус хийгдсэн байна.

Долдугаар сарын 1-27-ний хооронд 17 гудамжны, 15 ширхэг шүүрт худагт, есөн үзлэгийн худагт засвар үйлчилгээний ажил хийжээ. Мөн онгорхой, эвдэрсэн 78 шүүр, 57 бетонон таг нөхөж тавьсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Далан давхрын авто замын ажил 70 хувьтай байна

Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1.2 км авто замын эхний шатны 700 м авто замын /нэгдүгээр хэсэг/ ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Авто замын суурийн ажил, авто зам болон явган хүний замын хашлага суулгах, мөн явган хүний замын хавтан суулгах ажил тус тус хийгдсэн. Үргэлжлүүлэн буталсан чулуун суурийн ажил хийгдэж байна.

Categories
мэдээ спорт

2020 оны Өвлийн наадам Өмнөд Монголд болно

Хятадын өвлийн спортын 14-р наадмыг 2020 оны хоёрдугаар сард ӨМӨЗО-нд зохиох гэж байна. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын өмнө болох хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр төвшин бүхий өвлийн спортын наадмын хувьд энэ удаагийн өвлийн спортын наадам бол Хятадын цас мөсний тамирчдын өвлийн олимпын наадамд бэлтгэх маш сайн бэлтгэл сорилт болох аж.

Үндэсний биеийн тамир спортын ерөнхий газар, ӨМӨЗО-ны засгийн газар энэ сарын 26-нд Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, өвлийн спортын наадмын сүлд, өлзийт амьтан жич бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Эх сурвалжаас үзвэл, Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай нэн сайн уялдуулахын тулд өвлийн спортын тэмцээний төрлийг тогтоохдоо өвлийн олимпын наадамтай бүх талаар уялдуулах юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл даншиг наадам

Даншиг өргөх ёслол буюу наадам нь Монголд шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Энэ тухай нэрт түүхч Ш.Нацагдорж “Өндөр гэгээн Занабазарыг Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзундамба Хутагтад өргөмжлөх ёслол болоход Халхын долоон хошууны олон бараг бүгдээр түүхэндээ анх удаа хуралдан цугларч их ёслол үйлдсэн нь сонирхолтой юм” хэмээн тэмдэглэжээ.

Ийнхүү Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болж байсан Монголчуудын шашин-төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн тул Монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болж байв.

Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай /бай/ харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан байна. Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байв. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн зохиогддог байсан бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ.

Энэ жилийн наадмаар өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурханы их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор Хүй долоон худагт үзэх боломжтой. Наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд Жахар цамын хурал, Хүй долоон худагт наймдугаар сарын 4-5-ны амралтын өдрүүдэд Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Тарваган тахалын өвчин үүсгэгч илрээгүй

Тарваган тахлын дархлаажуулалтын хамралт улсын хэмжээнд 65.5 хувьтай байна. Хэнтий, Баян-Өлгий, Улаанбаатар, Төв аймгийн дархлаажуулалтын хамралт 90-100 хувь, Ховд 39.7хувь, Увс 46.5 хувийн хамралттай байна.

Мөн долдугаар сарын 24-нд СХД, БЗД-ийн хэмжээнд хоёр удаагийн ирүүлсэн амьтны дуудлагад үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ хийхээр хүлээн авчээ. Он гарсаар нийслэлийн 6 дүүрэгт (БЗД, БГД, ХУД, СБД, СХД, ЧД)-ийн хэмжээнд нийт 30 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин үүсгэгч илрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

​6,4 тонн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэжээ

‘’Шарилжгүй-Улаанбаатар-3’’ аяны хүрээнд дүүргийн Нийтлэг Үйлчилгээний газрууд хариуцсан бүсийнхээ хөл газрын ургамлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал 2018 оны долдугаар сарын 23-ны өдрөөс долдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн 9, 17 дугаар хорооны үерийн усны далан, Хужирбулангийн 28 дугаар хороо өгсөх зам дагуух, Улиастай гүүрнээс Гачууртын эцэс хүртэл, Улиастай шинэ тойргоос Улиастайн шинэ эцэс болон Жанжин клуб орчмын зам дагуу нийт 319.915 м.кв талбайн хөл газрын ургамлыг цэвэрлэсэн байна.

Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулахын тулд дүүргийн НҮГ-2,3,4 ОНӨААТҮГазрын ажилтнууд нийт 6,4 тонн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэжээ

Categories
мэдээ нийгэм

Шалган бүртгэх товчоод 24 цагаар ажиллаж байна

Нийслэлд малын гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамж гарсан.

Уг захирамжийн хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хаагчид хамтран 24 цагаар, Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна.

Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нойргүйдэлд зөгийн бал тустай

Насанд хүрсэн хүн хамгийн багадаа 6-8 цаг унтаж амрах ёстой байдаг. Сайн нойр гэдэг бол хүний эрүүл, эрч хүчтэй амьдрах гол түлхүүр мөн. Хэрэв та орой унтахдаа нойргүйдэл хэмээх асуудалтай нүүр тулдаг бол, доорх маш энгийн бөгөөд өндөр үр дүнтэй аргыг хэрэглээд үзээрэй.

Зөгийн бал хүний тархин дахь триптофан буюу амин хүчлийг чөлөөтэй эргэлдэхэд тусалдаг учраас эрүүл мэндэд сайн гэж үздэг. Мөн цаашлаад зөгийн баланд агуулагддаг серотонин хүний биеийг бүхэлд нь тайвшруулах нөлөө үзүүлдэг ажээ.

Жор: Нэг цайны халбага зөгийн бал

Нэг аяга халуун бүлээн сүү

Нэг дусал ваниллын охь

Нэг аяга сүүгээ халаагаад дэрээс нь зөгийн бал, ваниллын охийг нэмж сайтар хутган орой унтахаас өмнө уугаарай.

Categories
мэдээ нийгэм

​Жилд дунжаар 7500-8000 орчим гар утас алдагддаг

Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 39.2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг аж. Үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг. Өнгөрсөн оны судалгаагаар 4722 гар утас хулгайн замаар алдагдсан байна. Үүний 46 хувь буюу 1939 нь I Phone, 42 хувь буюу 1772 нь Samsung, 12 хувь буюу 506 нь бусад загварын гар утас байгаа аж.

Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас жилд дунджаар 7500-8000 орчим гар утас алдагддаг. Эдгээр нь бидний нэрлэж заншснаар ченжүүдийн гараар дамжин цааш зарагддаг байна. Энэ төрлийн гэмт хэргийн хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэйчүүд давамгайлдаг бөгөөд насны хувьд 18-25 насны40 хувь, 10-17 насны 35 хувь, 28-35 нас 15 хувь, 36 наснаас дээш 10 хувийг тус тус эзэлдэг байна

Хэрэв гар утасны худалдаа эрхлэгчид нь гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлс гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгадаг байна. Харин хулгайчийг 7-30 хоног албадан саатуулах арга хэмжээг авдаг аж. Хулгайд алдагдсан гар утас,эд зүйлийг худалдаж авах хүн байхгүй бол хулгайн гэмт хэрэг буурах учиртай. Үүнийг хааж давхар тэмцэхгүй бол зөвхөн хулгайчтай тэмцээд үр дүн бага.

Categories
мэдээ нийгэм

Эко цутгуурын үйлдвэрлэлийг Монголд нэвтрүүлнэ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХБНГУ-ын “F.A.T GmbH” компанийн төлөөлөгч Франк Волдерт нар өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав. Компанийн 2018-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жилд 12 мянган тонн хүрч, хүчин чадал нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний чанар дээшилж, ажиллах орчны ХАБЭА-н нөхцөл сайжирч, хаягдал багатай орчин үеийн ЭКО цутгуурын үйлдвэрлэл Монгол Улсад бий болох юм. Мөн уламжлалт технологийн процесст ашиглагдаж байсан материал түүхий эдийн тоо хэмжээ, нэр төрөл багассанаар жилд 500 орчим мянган ам.доллар хэмнэнэ. ХБНГУ-ын “F.A.T GmbH” компани нь цутгуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дэлхийн 20-иад улсад нийлүүлж, 50 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг үйлдвэрлэгч юм. Гэрээнд заасны дагуу төслийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж байна.