Categories
мэдээ нийгэм

15 гудамж талбайг хатуу хучилттай болголоо

Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-53-ийн 3.3.4-т Хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгох ажлын хүрээнд 10 байршлын 15 гудамж зам талбайн 9771 м2 талбайд стандартын шаардлагад нийцсэн явган замыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/95 тушаалыг гарган төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн судалгаанд хамрагдсан байршлуудад явган замын хавтанг хэрхэн ямар загвар шийдлээр тавих талаар заавар зөвлөмж гаргаж мэргэжлийн компаниудтай хамтран ажиллаж байна.

Бага тойруугийн гудамж 995 м2

Партизан, Цэрэндорж, Элчин, Чагдаржавын гудамж 880 м2

Жасрайн гудамж /4 замын уулзвар/ 890 м2

С.Зоригийн гудамж 885 м2

Эрхүү, Токио, Ханддоржийн гудамж 880 м2

Лааганы гудамж 875 м2

С.Шарав, Занабазарын гудамж 875 м2

Юнескогийн гудамж 875 м2

Олимпийн гудамжны хуучин хавтанг хуулан авч заагдсан гудамж талбайд шилжүүлж тавих багц-1 1308 м2

Олимпийн гудамжны хуучин хавтанг хуулан авч заагдсан гудамж талбайд шилжүүлж тавих багц-2 1308 м2

2018.05.23-наас 2018.06.10-ны өдрүүдийн хооронд хийж гүйцэтгэж иргэдийн явганаар зорчих, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэн хотын тоосжилтыг бууруулан ажиллав гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу хэв журмын хамгаалалт зохион байгуулж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр үүссэн асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.


-Өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жолооч нар жагсаал цуглаан зохион байгуулж, үүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Энэхүү жагсаалын талаар мэдээлэл өгнө үү?

– Жагсаалын үеэр яригдаж буй асуудал яг өнөөдөр /2018.06.19/ үүсчихээгүй юм байна. Хоёр жилийн өмнөөс БНХАУ-ын хилийн албанаас Эрээн хот руу манай улсаас зорчиж байгаа автомашинуудыг өнгө үзэмж муутай, хүн тээврийн автомашинаар ачаа зөөж зориулалтын бусаар ашигладаг зэрэг зөрчлөө засах шаардлагуудыг тавьж байсан. Харин Дорноговь аймгийн ЗДТГ-аас нутгийн иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс Эрээн хотын захиргаатай удаа дараа ярилцан тохиролцож байсны үндсэн дээр ийм зөрчилтэй жолооч нарыг хил нэвтрүүлсээр байж. Гэвч энэ асуудал таслан зогсоогдохгүй, шаардлагыг нь биелүүлэхгүй байсны улмаас БНХАУ-ын талаас 17-18 жолоочийн хил нэвтрэх эрхийг хасах шийдвэрийг гаргахад өнөөдөр жолооч нар болон тэднийг дэмжсэн иргэд нийлэн 30 орчим хүн хууль бус жагсаал цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэдгээр иргэний төлөөллийг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан, шаардлагыг нь хүлээн авах ажиллагаа явагдаж байх үед Улаанбаатараас БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд зорчиж явсан 200 гаруй зорчигчтой 14 том оврын автобус боомтод ирэхтэй таарсан байгаа юм. Гэтэл жагсагчид эдгээр автобусыг хил нэвтрүүлэхгүй гэж замыг нь хааж зогсох, хэвтэх зэргээр хөдөлгөөнд нь хууль бусаар саад учруулж, зорчигчидтой маргаан үүсгэснийг зохицуулахаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалтыг зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид, хилийн албаныхантай хамтран иргэдийг хил гаргах ажиллагааг явуулсан. Энэ үеэр жагсаал цуглаан зохион байгуулагчид цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар дорожлох зэрэг хууль бус үйлдэл гарсан.

-Энэ үеэр нэг иргэнийг цагдаа нар зодож гэмтээсэн гэсэн мэдээлэл гарч байна.

-Бидэнд ирсэн мэдээллээр “Хүн тээвэрлэж явсан автобусны урдуур орж хэвтэн эсэргүүцлээ илэрхийлж байсан Х гэх 30 орчим настай иргэн миний бие муудлаа, би гэмтчихлээ” гэсний дагуу эмнэлгийн яаралтай тусламж шуурхай дуудаж үзүүлэхэд гадна харагдах ил шархгүй байсан бөгөөд нарийн шинжилгээнд хамруулж байна. Цагдаагийн алба хаагчид иргэнийг зодож гэмтээсэн асуудал гараагүй. Хуулийн дагуу нийгмийн дэг журам сахиулж үүрэг гүйцэтгэсэн.

-Жагсаал үргэлжилж байгааг оролцогчид нь цахим орчин, фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж байна. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Гэхдээ иргэд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиа мөрдөх хэрэгтэй. Жагсаал зохион байгуулагчид иргэдийн зорчих эрхийг зөрчиж, улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан зүй бус үйлдэл гаргаж байна. Цаашид ийм хууль бус үйлдэл гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Дүрэм шинэчлэн батлах тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.

Дүрэм шинэчлэн батлах тухай

Д.ЦОГТБААТАР

3.

Хэлэлцээр соёрхон батлах тухай

С.ЧИНЗОРИГ

4.

Олон улсын чуулга уулзалт зохион байгуулах тухай

Х.БАДЕЛХАН

5.

Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай

Х.БАДЕЛХАН

6.

Газрын үнэлгээний бүс (зэрэглэл тойрог) суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Х.БАДЕЛХАН

7.

Журам батлах тухай

Ц.ЦОГЗОЛМАА

8.

Журам батлах тухай

Ц.ЦОГЗОЛМАА

9.

Концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг сунгах эрх олгох тухай

Ж.БАТ-ЭРДЭНЭ

10.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Д.СУМЪЯАБАЗАР

11.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай

Д.СУМЪЯАБАЗАР

12. “

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Б.БАТЗОРИГ

13.

Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай

Б.БАТЗОРИГ

14.

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Б.БАТЗОРИГ

15.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

16.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар

Д.ЦОГТБААТАР

17.

Монгол Улсын Шадар сайд Олон улсын чуулга уулзалтад оролцох талаар

Д.ЦОГТБААТАР

18.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төслүүд хэрэгжүүлэх талаар

С.ЧИНЗОРИГ

19.

Зах зээлд борлогдоогүй, бэлэн байгаа орон сууцнуудын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, цаашид авах арга хэмжээний саналын талаар*

Х.БАДЕЛХАН

Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: ”Төрийн банк”-ийг хувьчлахын оронд тусгай зориулалтын банк болгох боломжтой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-УИХ өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа бололтой. Зарим нь өмч хувьчлал нэрийн дор луйврын үйл ажиллагаа явуулах гэж байна гэх юм. АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмч хувьчлалд хардлага дагуулсан асуудал үүсгээд байгаа нь Засгийн газар оруулж ирсэн тогтоолын төсөлдөө тодорхой үндэслэлүүдээ гаргаж өгөөгүйтэй холбоотой. Тухайлбал, аль, аль объектыг яагаад хувьчлах гэж байгаа юм, хувьчиллаа гэхэд холбогдох салбаруудад нь ямар үр дүнтэй байх нь тодорхойгүй байна. Уг нь энэ асуудлыг салбар яам нь Төрийн өмчийн хороотойгоо нэгтгэсэн байдлаар, өмчлөх гэж байгаа объект тус бүр дээр тодорхой санал оруулж ирвэл гишүүд ойлгоно. Гэтэл нэг амьсгаагаар баахан олон объектуудыг оруулаад ирэхээр “Ийм аж ахуйн нэгжүүд байх хэрэггүй юм байна. Одоо алдагдалтай байдаг, муу менежмэнттэй, зарим нь гэхдээ сайжирчихсан” гэх зэрэг логикийн зөрчилтэй харагдаад байгаа юм. Тийм болохоор “Яагаад энэ олон объектуудыг хувьчлах гээд оруулаад ирэв, цаана нь хэн авах гээд байна вэ” гэсэн хардлага яваад байна л даа. Засгийн газар оруулж ирж байгаа тогтоолын төсөл дээр тун муу ажилласан. Төрийн өмчийн хороо, салбарын яам хоёрынх нь байр суурь ерөөсөө нэгдээгүй. Энийг хувьчлаад ямар үр дүнд хүрэх гээд байга юм гэсэн тооцоо байхгүй. Ийм юм хийгээд хэрүүлийн алим тариад, Их хурлын гишүүдийг хооронд нь талцуулж болохгүй. Эцсийн дүндээ өмч хувьчлалыг АН эсэргүүцээд байгаа юм шиг улс төр хийгээд байгаа нь үнэхээр зохимжгүй байна. Иймд Засгийн газар тогтоолын төслөө буцааж татаад, объект болгон дээр нь тодорхой байр суурьтай, нэгдмэл санаа зорилготойгоор оруулж ирмээр байна.

-Ер нь өмч хувьчлалыг яаж явуулах ёстой юм бэ?

-Өмч хувьчлах гэж байгаагийн зорилгоо бодох ёстой. Төрд ачаа үүрүүлээд байгаа аж ахуйн нэгжүүдийг хувийн өмчлөлд шилжүүлэх нь зөв гэдэг зарчмын байр суурин дээр бүх гишүүд зогсч байгаа. Гэхдээ тухайлсан объект болгоноор ярихад “Хувьчлахад бэлэн үү. Хувьчлаад үнэ цэнэ оруулах боломж байна уу. Тэрийг хувьчилснаар манай улсын хөгжлийн бусад хөтөлбөр төслүүдтэйгээ үзэл баримтлалтай нь нийцэж байна уу” гэх зэрэг асуудал дээр судалгаа хийгээд Засгийн газар оруулаад ирэх юм бол бид дэмжихэд бэлэн байгаа.

-Хөрөнгийн биржийг хувьчлах ёстой гэдэг асуудал байнга хөндөгддөг. Тийм болохоор энэ объект олны анхаарлыг яах аргагүй татаж байгаа. Харин та ямар бодолтой байна вэ?

-Монгол Улс санхүүгийн зах зээл, тэр тусмаа хөрөнгийн зах зээлээ олон улсад нээлттэй сайн үйл ажиллагаатай бирж болгоё гэж байгаа. Гэтэл Засгийн газрын тогтоолын төсөлд “Хөрөнгийн биржийнхээ тав хүртэлх хувийг Лондонгийн хөрөнгийн биржид өрөндөө өгнө” гээд бариад ороод ирж байна. Ингэх юм бол манай хөрөнгийн зах зээл сайжирна гэж үү. Хөрөнгийн биржийнхээ таван хувийг өрөндөө өгчихсөн байхад бусад хөрөнгө оруулагч энэ зах зээл дээр орж ирнэ гэдэг итгэл төрөхгүй байна.

-Төрийн банкийг хувьчлах асуудал олон хүнд хардлага дагуулж байна. Зайлшгүй хувьчлах ёстой объект мөн үү?

-Төрийн банк бол системийн хэмжээнд ач холбогдолтой банк. Жижиг зээл ихээр гаргадаг. Менежмэнт нь улс төрийн оролцоо ихтэй учраас хоёр, гурван жилийн дараа үйл ажиллагаа нь доголдох магадлал өндөр. Гэхдээ одоогоор Төрийн банк төлбөрийн чадварын эрсдэлд ороогүй. Стратегийн хувьд санхүүгийн зах зээлийн хамгийн том тоглогч. Энэ банкийг төрд байх нь утгагүй юм гэдэг өнгөц шалтгаанаар хувьчиллаа гэж бодъё. Тэгвэл банкийг авсан хөрөнгө оруулагч аль болохоор зардал багатайгаар, ашиг өндөртэй бизнес явуулахыг хүснэ. Хэрвээ салбаруудыг нь татан буулгаад зөвхөн хамтын ажиллагаа тал руугаа бүтцээ өөрчилье гэвэл манай орон нутагт санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн байхгүй болчихно. Эргээд арван хэдэн жилийн өмнөх шигээ “Хаан банк”-ны өндөр хүүтэй зээлэн дээр оочирлодог шиг нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Тиймээс Төрийн банкны өмч хувьчлалыг бодолтой хийх хэрэгтэй.

Төрийн банкаа орон нутгийн хөгжлийг дэмждэг, тусгай зориулалтын банк болгож яагаад болохгүй гэж. Ийм жишээ бусад оронд бий. Өнөөдөр төрөөс үзүүлж байгаа тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээнүүд, ЖДҮ, орон нутгийг хөгжүүлэх бүх хөгжлийн хөтөлбөрийн дагуу төсвөөс гарч байгаа хөрөнгүүдийг олгодог тусгай зориулалтын банк болгох боломжтой. Гэтэл өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн болон орон нутгийн хөгжлийн сангийн зээлүүд бүгд ямар ч мэргэжлийн санхүүгийн байгууллагаар дамжихгүй байгаа учраас эрсдэл нь тооцогддоггүй. Тухайн орон нутгийн хөгжилд үнэхээр хэрэгтэй төсөл үү, үгүй юу гэдэг дүгнэлт хийгддэггүй. Зүгээр намын томилгоогоор үнэлгээний хорооны хэдэн хүний үзэмжээр шийдэгдээд, төсвийн хөрөнгөөр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зарцуулалтын үр өгөөж нь муу байна. Тэгэхээр энэ байдлыг сайжруулахын тулд Төрийн банкийг тусгай зориулалтын банк болгоод үүгээр Төрийн бүх үйлчилгээг дамжуулж болно шүү дээ. Ингэж хяналтыг нь сайжруулаад тодорхой хувийг төр аваад, зарим хэсгийг нь нийтэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлээд явах боломжтой. Энэ мэтчилэн хувьчлах бүх хувилбар хэлбэрүүдээ тал талаас нь гаргаж чадахгүй байна. Тийм хувилбар орж ирэхгүй байгаа учраас хардлага төрүүлээд байна.

-Банкуудыг дахин хөрөнгөжүүлэхийн тулд 511 тэрбум төгрөгийг төрөөс гаргах тухай хуулийн төслийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Арилжааны банкууд хүүгээ бууруулахгүй хэр нь төрөөс хөрөнгө оруулалт татах гэж байгааг та юу гэж үзэж байна вэ?

-Банкуудыг дахин хөрөн-гөжүүлэх хууль батлагдах ямар ч шаардлагагүй. Төв банкны эрх хэмжээг өгсөн хангалттай заалтууд бий. Банкны өөрийн хөрөнгө гэдэг бол тэр банкинд оруулсан хувь нийлүүлэгчдийн мөнгө. Банкаа зөв сайн удирдаад эрсдэлгүй зээл олгоод явж байвал тэр зээл нь мууд ангилагдаж, сан байгуулах ямар ч шаардлагагүй. Санг банкуудын эздийн өөрийн өмчөөс нь байгуулдаг. Тиймээс банкныхаа зээлийг муу болгож, эрсдэл их үүсгэсэн банкууд дээр сан байгуулахаар өөрийн хөрөнгө нь хорогдоод, нэмэлтээр хөрөнгө гаргах шаардлага тавигдаж байгаа. Хэрэв тухайн эзэн нь нэмэлт хөрөнгө оруулаад банкаа удирдаад авч явж чадахгүй бол түүний оруулсан хөрөнгөөр нь алдагдлыг нь хүлээлгээд дараачийн хөрөнгө оруулагчид санал болгоно. Дараагийн хөрөнгө оруулалтыг төр албадлагын хэмжээгээр авах бүх заалт нь банкны хуулинд байгаа. Энэ бол банкинд бизнес хийх гэж буй хөрөнгө оруулагчид хамгийн их хариуцлага хүлээлгэдэг механизм. Гэтэл одоогийн орж ирсэн хуулиар банкны өөрийн хөрөнгө нь дутагдсан байвал төр тэнд нь мөнгө хийж байх харилцааг хүлээн зөвшөөрч байна. Энэ бол хөрөнгө оруулагчдын хариуцлагыг чангатгах биш харин ч “Би хөрөнгөө оруулж чадахгүй бол төр дахин хөрөнгөжүүлээд аваад явчихна” гэдэг хандлагыг илэрхийлж байгаа юм. Төр хувийн өмч рүү орох ямар ч хэрэггүй. Банкууд дээр үнэхээр муу зээл байгаа бол тэрийг нь тэнцүү хэмжээний харилцах хадгаламжтай нь нийлүүлээд бусад банкуудад зараад, үнэхээр банкаа ажиллуулж чадаагүй хүмүүс хариуцлагаа хүлээлгээд явах ёстой. Хамгийн гол нь хадгаламж эзэмшигч, харилцагч нар хохирохгүй, хадгаламжийн даатгалын сангаас тэр хүмүүс учирч болох эрсдлийг нь даах байдлаар одоогийн хууль эрхзүйн орчныг ашиглаад явах бүрэн боломж байгаа. Тэрийг заавал Их хуралд оруулж ирээд нэг удаагийн шинж чанартай дахин хөрөнгөжүүлэх асуудлыг байнгын болгож хуулийн зохицуулалтад оруулж ирж байгаа нь буруу.

-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүний хувьд ямар зарчмаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу. Иргэний хөдөлгөөнийхөн ажлын хэсгийг айлын талд үйлчилж байна гэж шүүмжилж байгаа. Бас ард түмэн Оюу толгойгоос 51 хувиа эзэмших иргэдийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлжээ?

-Эхлээд мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон дэд ажлын хэсэг дүгнэлтээ гаргах юм. Дэд ажлын хэсгүүдийн дүгнэлт, хийж байгаа ажлын явц ямар байгаа ч том ажлын хэсэг дээрээ сонссон. Зарим тодруулах шаардлагатай асуудлуудыг хэлсэн. Дэд ажлын хэсэг эцсийн байдлаар дүгнэлтээ гаргасны дараа ажлын хэсэгт орсон Их хурлын гишүүд дүгнэлттэй танилцах юм. Үүний дараагаар нэгдсэн дүгнэлт гарах ёстой. Одоогоор судлах шатандаа явж байна. Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэж гараагүй байхад манай иргэд болон төрийн бус байгууллагууд хөдөлгөөн өрнүүлэхгүй байвал зүгээр юм. Тэд ажлын хэсгийн дүгнэлт бодитой гарахад нөлөөлөл орох нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийг бодитойгоор гаргахын төлөө ажиллаж байгаа.

-Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Гэтэл зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчөөд байна гэдэг асуудал байгаа?

-УИХ-ын гишүүд чуулганыхаа хуралд хариуцлагатай оролцож, ажил хэрэгчээр санал санаачилгатай байж, сайн хуулиуд гаргах үүрэгтэй гэдэг дээр 100 хувь санал нэг байна. Өргөн барьсан хуульд УИХ-ын гишүүдийг эргүүлж татах тухай асуудал нь Үндсэн хуульд заасан хоёр тохиолдлоос илүү гарсан заалт байгаа учраас үүн дээр эргэж харах нь зүйтэй байх. Ер нь бусад орны парламент дээр санал хураах, гишүүд саналаа хэлэх процесс яаж явагдаж байгааг бүх гишүүд явж туршлага судалсан. Ер нь хуулийн төсөл хэлэлцэж байхад гишүүд зайлшгүй хуралдаанд биеэрээ оролцож саналаа өгч байх ёстой гэх зэрэг заалтыг оруулах нь гэмгүй.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр

Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна. 2003 оны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан юм.

Албаны өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд алба сурталчлах болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Онцгой байдлын алба хаагчид маань нийт 10174 аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 195,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 20-нд болох үйл явдал

09.30 цагт “Корпорэйт Конвеншн Центр”-т “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болно.

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт” болно.

10.30 цагт АТГ-ын үүдэнд Дархан аварга Х.Баянмөнх Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд “Монголын олимпийн медальтнуудын холбоо”-ноос Монголчууд олимпийн их наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, Монголын анхны олимпийн аварга төрсний 10 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт НЗДТГ-т НИТХ, БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурал хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас:80063230

11.00 цагт “Драгон” авто вокзалд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны нээлт болно. Утас:99193734, 99186496, 88106605

11.00 цагт Спортын төв ордонд “Монголын тамирчдын өдөр” болон “Олон улсын олимпийн өдөр”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Аврах тусгай ангийн жагсаалын талбайд “Онцгой байдлын албаны өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний аврах бригадын туг гардуулах ёслол болно. Утас:99007969, 99249813, 86150069

12.00 цагт УДБЭТ-т Атилла хааны түүхээр сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн ташуур” балетын уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт болно.

13.00 цагт МУИС-ийн Номын санд “Research and Development in Chemistry” химийн салбарын олон улсын хурал болно.

14.00 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд МУИС-ийн оюутнууд тоног төхөөрөмж хандивлана.

14.30 цагт Монелын уулзварт Дарь-Эх-Ганц худаг-Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын нээлт болно. Утас: 9191-9697

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос иргэд химийн бодисын хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Categories
мэдээ цаг-үе

Жанчивын Шагдарын хүү Суумэргэн: Аав минь Лодонгийн Түдэв, Далай лам хоёртой чацуутан гэдэг сэн

Яруу найрагч Жанчивын Шагдар зохиолчдын хамт

“Униар татсан хөндийд чинь

Унаган бие минь өсөн жаргав аа

Унаган бие минь жаргасны учраа

Ухаан хүчээ тандаа зориулнаа

Рашаан болор мөрөнд чинь

Алдхан бие минь торнин жаргав аа

Алдхан бие минь жаргасны учраа

Амь насаа тандаа зориулнаа

Нарны буман цацрагт чинь

Нас бие минь тэнхрэн жаргав аа

Нас бие минь жаргасны учраа

Нандин бүхнээ тандаа зориулъя аа” гэсэн “Эх орон танаа” хэмээх алдарт дууг мэдэхгүй монгол хүн ховор. “Тод магнай”, “Дэлтэй шувуу”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Хаврын найраг”, “Оторчны баясгалан”, “Өдрийн од”, “Наран төглийн өглөө” зэрэг олон арван дууны найраг, гуч гаруй ном туурвисан нэрт сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Жанчивын Шагдарын отгон хүү, удам дамжсан яруу найрагч Суумэргэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдлөө.


-Аав тань аль нутгийн хүн билээ?

-Миний аав Жанчивын Шагдар Булган аймгийн Орхон сумын уугуул. Мянга есөн зуун гучин таван оны модон гахай жил төрсөн болохоор “Би Лодонгийн Түдэв, Далай лам хоёртой чацуу” гэж бахархан ярьдаг байсан. Шувуутын голын Арбулагийн Ямаа майлдагийн хондонд төрсөн гэж бичиж үлдээсэн нь бий. Овоглосон Жанчив гэдэг хүн чинь өвөг эцэг нь. Аав Ням эмээтэйгээ аж төрж өссөн юм билээ. Эцэггүй өссөн болоод ч тэр үү “Бутач” гэсэн роман бичнэ гэж их ярьдаг байсан ч бидэнд үлдээсэнгүй. Бас Чин ван Ханддоржийн тухай найраглал бичих бодолтой байсныг ч хүү нь мэднэ. Жамын хорвоо аавд минь цаг хугацаа богино өгсөн дөө. Булган аймгийн арван жилийн сургуулийг 1954 онд төгсөөд монгол хэл-уран зохиол, түүх-газар зүйн хоёр дэвтрээ өвөртлөөд хотод ирж МУИС-д шалгалт өгөөд монгол хэл-уран зохиолын ангид тэнцсэн байгаа юм. Аав минь их ухаантай хүн байсныг одоо л ухаарч суух юм. Хөвүүддээ гэхэд “Хүн хоёр вариантаар амьдрах хэрэгтэй” гэж захидаг байсан нь учиртай л үг байж. Ямар сайндаа аль нэг шалгалтад уначихвал нөгөөд нь шалгалт өгөхөөр хоёр дэвтэртэй ирж байх вэ дээ.

-Монголын толгой ганц их сургуульд ороод олон сайхан нөхөдтэй болсон байх даа?

-Аав минь “Их сургуулиас би дөрвөд, сартуул, буриад гурван сайхан нөхөртэй болсон” гэдэг байсан. Дөрвөд нь Алтжин гуайн аав Готов, буриад нь утга зохиолын алдарт шүүмжлэгч Ц.Мөнх, сартуул нь зохиолч, эмч Ш.Ванчаарай нар л даа. МУИС-ийн утга зохиолын нэгдэлд харин ардын уран зохиолч Тангадын Галсан, зохиолч Ч.Алгаа, С.Надмид, Б.Халтар, Ш.Ванчаарай, сэтгүүлч Ж.Бадамдаш, И.Гүрринчин, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян, Дамдины Бямбаа нарын олон сайхан сэхээтэнтэй авьяас онгодоо сорьж явсан байдаг. Тэдний цомог зураг нь одоо ч манайд бий. Монголын радиогийн боловсон хүчин Б.Халтар, С.Цэдэв ах, нэрт шатарчин Данзан, ардын уран зохиолч Балжирын Догмид ах нартай их найзална. Догмид ахтай “Шинэ хөдөө”-д хамт ажиллаж байлаа. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн ахтай бүүр ч их дотно. Пүүжээ ах надад аавын тухай нэг инээдтэй зүйл ярьж билээ.

-“Аварга”-ын яриа ч амттайхан л юм байгаа даа?

-Яруу найрагч, аавын амьдай Жамцын Шагдар ах, Пүүжээ ах тэр гурав ганц юм өвөртөлж явтал газар унагаад хагалчихжээ. Гожин юмаа унагасандаа харамссан Жам.Шагдар ах ахин дахин эргэж хараад шогшроод явж. Тэгтэл аав “Харах тусам харамсдаг юм. Урагшаа харж яв. Ундармаар их олдоно” гэсэн байгаа юм. (инээв. сур)

-Оюутны ширээнээс ямархан ажлын талбарт очсон бол?

-Тавин найман онд сургуулиа дүүргээд “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагчаар очоод 1965 он хүртэл орлогч эрхлэгч, эрхлэгч болтлоо ажилласан. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч байж байгаад мэргэжлийн зохиолчийн томилолт өвөрлөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг зорьж БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, хоньчин Зундуйн Очир гуайг бүтэн жил даган мал маллаж “Эргэх дөрвөн цаг” баримтат зохиолоо бичсэн түүхтэй.

Ш.Суумэргэн аав ээжийн хамт. 1978 он

-Биднийг сурагч байхад таны аавын “Эргэх дөрвөн цаг” сурах бичигт байдаг байсан шүү?

-Байсан. Одоо Хишиг-Өндөр сумынхан жилд хэд гурвыг хэвлүүлж залуу малчдад гарын авлага болгон өгдөг юм билээ. Энэ баримтат зохиолын амин сүнс нь анхны хоньчин баатар З.Очир гуайн “Мал хайраар өсдөг”, “Би муу малчныг хараад сайн малчин болсон” гэсэн нинжин сэтгэл, ажилсаг чанар юм.

-Аав, ээж хоёр нь тоонот гэрт толгой хэзээ холбож та бүхнийг төрүүлээ вэ?

-Миний ээж М.Найдан Булганы Бугатын хүн. УБИС-д насаараа номын санчаар ажилласан. Тэд минь 1957 онд гэрлэж аавын хэлдгээр “тулгын гурван чулуу” болсон биднийг төрүүлж өсгөсөн. Ууган ах Түмэнжаргал 1959 онд төрсөн, Монгол Улсын олон удаагийн аварга гольфчин байлаа. Тайландад болсон гольфийн тавиас дээш насны ангилалд хүртэл аваргалж байсан. Ах теннис, дартс гээд ер спортын хүн байсан. Бат-Итгэл, Батцэцэг гэсэн хүү, охин хоёртой. Ануухан бурхан болсон ахдаа зориулж би саяхан “Гэгээн үргэлжлэл” номоо хэвлүүллээ. Удаахь ах Цогтжаргал 1961 онд төрсөн, аавын мэргэжлийг өвлөн монгол хэл-уран зохиолын багш болж Булган аймгийн Сансар, Дашинчилэн суманд насаараа багшилж байна даа. Мягмаржаргал, Билэгжаргал, Билгүүн гэх гурван хүүхэдтэй. Миний хувьд 1969 онд төрсөн. Аав, ээж хоёр найман жил амарчихсан юм уу, яасан юм дунд ахаасаа найм дүү л хүн байгаа юм. Эхнэр маань Ч.Саруулням гэж Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, Төмөр замын төв эмнэлгийн их эмч хүн байна. Бид Хонгор, Мөнхжин гэж хоёр хөвүүнтэй. Ууган хүү СУИС-ийн харьяа РТДС-ийн зураглаачийн төгсөх ангийн оюутан, бага БНСУ-д арваннэгдүгээр ангийн сурагч даа. Аав, ээжийн үргэлжлэл болсон үр ач нь олширч л явна. Миний аав хүүхдэд их хайртай, хэний ч үр хүүхдийг хүнийрхэж, зэнзийрхдэггүй болохоор хүүхдүүд өвөр дээр нь эрхэлж тоглосон хүн байлаа. Би аавыгаа дагаж жил бүхэн л Булган нутаг руу нь явдаг хүүхэд байлаа. Багаасаа л унага татаж, айраг уудаг сан.

-Очир баатрыг дагаж жил болж ирээд юу хийж байв?

-Ирээд “Пионерын үнэн”, “Спортын мэдээ” сонинуудын эрхлэгчээр ажиллаж байсан. Хааяа хөөрхөн халамцахаараа “Над шиг гурвын гурван сонины эрхлэгчийн албыг хэл амгүй хашсан хүн байхгүй шүү” гэж цагаахан онгирно оо. Хожим Бурхан шашинтны төвийн “Номын хүрдэн” сонинг эрхлэн гаргаж байлаа. Мөн “Шинэ хөдөө”, “Бодлын солбицол” сонинд ажиллаж, “281-ийн холбоо”-нд төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, Зундуйн Дорж ах нарын хамт тэргүүлэгч гишүүнээр хүчин зүтгэж явлаа. Аав маань “Монгол адуу”, “Монгол тэмээ” нийгэмлэгүүдийг үүсгэн үндэслэн байгуулсан нийгмийн зүтгэлтэн шүү дээ. Аав ер нь хэнээр ч өөд нь татуулж, хэнтэй ч сундалдаж яваагүй хээгүй монгол эр хүн.

-Жанчивын Шагдар найрагч олон сайхан дуунаас гадна гуч гаруй ном хэвлүүлсэн гэдэг байх аа?

-Анхны ном нь “Тал дахь уулзалт”. Тэгээд “Болжмор хожимджээ” гээд явж өгнө. “Түүчээ тогоруу” номоороо 1979 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн байдаг. Сүүлчийн ном нь “Шувууд буцах цаг”. Алганд багтам жаахан эл номыг аавыг 1993 онд бурхан болсны хойно төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат ах гаргаж өгч байлаа. Аавын гуч гаруй номыг анхнаас нь сүүлчийг хүртэл анзаарахад хүний амьдрал гэдэг шувуудын цуваа юм, ирж буцах тэр шувуудын цуваа дундаа олон сайхан жигүүртэн хуруулж нөхөрлөөд эцэстээ цагийн жамаар буцдаг юм байна гэсэн философи байдаг. Аав маань ерээд оны эхээр “Чоно бороондын хувилгаан буюу далдын хар малгайтай пүүсийн эзэн” гэсэн тууж бичсэн нь өнөөгийн улс орноо, ард түмнээ бодохоо больсон бэртэгчид, хөрөнгөтнүүдийн үнэн нүүр царайг илчлэн зөгнөсөн зохиол байж.

-Монголын ард түмний аманд аялагдсан олон сайхан дуутай найрагч даа?

-Гавьяат жүжигчин Өлзий-Орших ахын дуулсан “Тод магнай” дууг соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат нар саяхан дуулж дүрсжүүлсэн. Гол дүрд “Тод магнай” киноны жүжигчин Дорждагва ах маань амилуулсан. Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын хоршин дуулдаг “Хаврын найраг” дуу сайхан клиптэй болсон. Анх энэ дууг дуучин Одмаа эгч дуулсан. Энэ хоёр дуу хөгжмийн зохиолч Хайдавын Сэргэлэн ахын ая зохируулсанаар олноо хүрсэн. Дуучин Хумбагарын Батмэнд хөгжмийн зохиолч Б.Цогоогийн аялгуу “Эх орон танаа” дууг мөн ч сайхан дууллаа. Энэ дууг Гэрэлт-Од ах анх дуулсныг монгол түмэн мэднэ. Монголын радиогоор эгшиглэж өглөөг сэрээдэг

“Хувцсаа түргэн өмсөөрэй

Хурдан гавшгай алхаарай

Найзууд аа, Бүгдээрээ багаасаа

Арвич гамчийг эрхэмлэн

Ажил хөдөлмөрт суралцъя” гэж төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг ахтай хийсэн дуу бий. Аавынхаа унасан газар, амьдран суугаа нутаг хоёрт зориулж миний бие “Багахангайн дуу”, “Нарны бороотой Орхон” гэсэн хоёр дуу бүтээсэн.

-Өөрийг чинь шүлэг бичихийг аав тань мэддэг байв уу?

-“Миний хүү шүлэг бичих гэж хадуурав” гэж наргиж хэлдэг байсан ч сэтгэлийн дуудлага, бодлын хөгөө хөглөхгүй байж чадахгүй юм даа. Саяхан “Сүүлчийн пионерууд”, “Гэгээн үргэлжлэл” хоёр номоо хэвлүүлж, номын хуримаа хийлээ. Аавынхаа гэрэлт үргэлжлэл болж явах юм сан л гэж бодох юм. Аав минь

“Яаж хөлд орсноо би мэдэхгүй

Ээж минь мэднэ

Яаж хэлд орсноо би мэдэхгүй

Ээж минь мэднэ

Яаж амьдарч явааг минь ээж минь мэдэхгүй

Би мэднэ” гэж бичсэн. Хөшөөн дээр нь

“Хүний хайрыг дааж явсан бол миний шагнал

Хүмүүсийн хайрыг татаж явсан бол миний гавьяа” гэсэн үгийг нь сийлсэн дээ. Энэ онд Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн түүхт ой болно. Тиймээс Булган аймгаас төрсөн хайрт аавынхаа “Эх орон танаа” хэмээх эгшиглэнт дурсамж тоглолтыг олноо хүргэх санаа хүүгийнх нь сэтгэлд явдаг даа.


Categories
мэдээ цаг-үе

О.Билгүүн: “Яг түүн шиг” шоунд зургаан өөр хэлээр дуулчихаад байна

“Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь дугаарын ялагч болсон загвар өмсөгч О.Билгүүнтэй ярилцлаа.


-“Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь дугаарт ялалт байгуулсанд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Дэмжсэн үзэгчид, оролцогч нартаа бас баярлалаа.

-Та өөрийгөө энэ дугаарт ялагч болно гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?

-Их найдаж байсан л даа. Урьд урьдын дугаарууд дээр бага оноо авч байсан болохоор энэ удаагийн үзүүлбэрээ ганц найдвар л гэж бодож байсан. Найдсан минь ч талаар болсонгүй.

-Оролцогчид дугаар бүрт л ялагч болохын төлөө бэлтгэдэг. Өмнөх дугааруудад таны дуурайсан үзүүлбэрүүд ерөнхийдөө танаас нэлээд хэлний мэдлэг шаардчих шиг болсон шүү?

-Харин тэглээ. Зургаа дахь дугаар хүртэл нийт зургаан өөр хэлээр дуулсан байна. Хэцүү ч байлаа. Үнэхээр их авьяас, чадвар шаарддаг юм байна. Гэхдээ эрчээ алдахгүйг хичээнэ ээ.

-Таны хувьд загвар өмсөгчдөөс бүрдсэн “VR” хамтлагийн дуучин. Тийм учраас дуулалтын тал дээр асуудалгүй байгаа. Бүжиг, жүжиглэлт тал дээр та яван чангарч байна гэж харагдаж байна?

-Яг бас дуучин гэх нь хаашаа юм (инээв). Гэхдээ дуулах дуртай. Багаасаа л мөрөөддөг байсан болохоор мөрөөдөлдөө л хөтлөгдөж явна даа. Гэхдээ дуулангаа бүжиглэнэ гэдэг хэр баргийн хүний хийх зүйл биш юм байна лээ.

-Эрэгтэй оролцогч эмэгтэй хүнийг дуурайх нь үзэгчдэд илүү хүрээд байх шиг байдаг. Та ч бас эмэгтэй дуучныг дуурайсан. Шүүгч Г.Ганхүү хүртэл таны хөлийг магтаад авна билээ. Ер нь та өмнө нь эмэгтэй дүрд хувирч байв уу?

-Тэр бол дэндүү хэцүү байсан. Анх удаа эмэгтэй дүрд хувирахад их сонин мэдрэмж төрдөг юм байна. Гэхдээ үзэгчдэд их хөгжилтэй санагдаж таалагдсан байна лээ шүү (инээв).

-Таны хувьд тайзан дээр хөгжилтэй, өөрөөрөө байдаг нь анзаарагддаг?

-Тэгэлгүй яахав. Тайзны соёл тал дээр их анхаардаг л даа. Ер нь байгаа минь нь л тэр шүү дээ. Найзууд дундаа бол жинхэнэ хөгжилдөнө дөө.

-Энэ шоунд оролцсоноор оролцогчид маш их зүйл сурч мэдэж, өөрийгөө шинээр, тал бүрээс нь нээж байгаагаа илэрхийлсэн. Таны хувьд энэ шоунд оролцсоноор олж авч байгаа сайхан зүйлс гэвэл?

-Энэ шоунд орсноороо үнэхээр задарлаа. Манай оролцогч Тэмүүлэнг л харчих. Тэгээд л тодорхой биз (инээв). Тийм даруухан хүнийг хүртэл тоглоом шоглоом хийж чаддаг болтол нь задалж байна. Одоо энэ нэр хүнд, олны итгэлийг хэрхэн цааш нь хадгалж авч явах вэ гэдэгт том ур чадвар, хөдөлмөр шаардана гэж бодож байна.

-Өмнөх шатуудад бүтээсэн дүрүүдээс хамгийн хэцүү нь хэнийг дуурайх байв?

-Таркан, Тэйлор хоёрыг дуурайх их хэцүү байсан. Тарканы дуулалт нь хэцүү байхын зэрэгцээ хөдөлгөөн нь элдэвтэй байсан болохоор их хөдөлмөр, хөлс хүч зарцуулсан.

-Та Улаанбаатарынх билүү?

-Би Улаанбаатарт төрсөн. Бага нас минь Төмөр Зам гэдэг газарт л өнгөрсөн дөө. Тэнд төрсөн цагаасаа л амьдарсан. Товчооны 73 дугаар сургуульд арван жил сурч дүүргэж амьдралын их далайд гарсан даа.

-Хэдэн настайгаасаа загвар өмсч эхэлсэн юм бэ?

-16 настайгаасаа загвар өмссөн. Загвар өмсөөд арван жил болсон байна шүү. Цаг хугацаа хурдан юм. Яаж харин азаар модель болсон юм гэж баярладаг шүү.

-Манайхны дунд эмэгтэй хүн л загвар өмсдөг, мисс болдог гэсэн түгээмэл ойлголт олон жил явсан. Харин сүүлийн арав гаруй жил эрэгтэйчүүд энэ салбарт хүч үзэж гадаадын тайзнаа хүртэл алхах боллоо?

-Ёстой үнэн шүү. Яг бидний үе гарч ирээд загварын эрчүүдийг таниулахад түлхүү байсан болов уу гэж бодогддог.

-Та гэр бүлтэй юу?

-Ганц бие шүү дээ. Гэхдээ бурхан шиг хөөрхөн охинтой хүн шүү, би.


Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн сүлжээний ОНИЛОГСОД ба ОНИЛУУЛАГЧИД

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


Олон жил уулзаагүй хуучны танил маань тааралдаад: “Чи минь яажшуухан явна даа? Орон даяар чамайг хараагаад, үзэн ядаад байхаар их л хэцүү байгаа биз дээ?” хэмээн мэндлээд ихэд өрөвдсөн бололтой эгээтэй л нулимс дуслуулсангүй. Би гайхан: “Хаана хэн тэгж үзэн ядаад байгаа юм?” гэвэл “Олон нийтийн сүлжээгээр” гэлээ.

Би гадаад дотоодгүй ил задгай явдаг, хэзээ ч бие хамгаалагч, жолооч, дагалдантай байж үзээгүй, автобус таксигаар зорчдог, дэлгүүр захаар байнга орж гардаг. Үзэн ядагчтай нэг ч удаа таарч байгаагүй. Харин ч залуучууд тааран хамт сэлфи хийлгэнэ, гарын үсэг авна гэж шална, нүүр улайтал магтан амжилт хүсч ерөөнө. Хөгшчүүл болохоор улс төрийн яриа өрнүүлэх гэж элдэв асуулт тавин дагана. Зүгээр л гар барих гэсэн хүмүүс зөндөө таардаг. Ихэнхдээ урьд нь зүс үзээгүй хүмүүс.

Ганц намайг биш, хасаг тэрэгнээс толгой нь илүү гарсан болгоныг мунадах явдал нийтийн сүлжээний гол сэдэв мөн нь мөн л дөө. Гэхдээ энэ нь сүлжээгээр нүдүүлсэн болгоны толгой бөндийдөг гэсэн үг биш. Фэйсбүүкт Монголоос нэг сая таван зуун мянган хаяг бий. Твитэрт 200 мянган хаяг байна. Гурван сая хүн амтай гэж бодоход энэ нь аварга тоо. Гэвч энд нэг хүнд хамаарах давхардсан хаяг маш олон байгаа. Фэйсбүүкт хаяг эзэмшигчдийн дийлэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд аж. Фэйсбүүк нь оролцогсдыг бүлэглэдэг болохоор нэг хаягт хамаарагсад тийм ч олон биш. “Баянхонгорын Шинэжинстийн сургуулийг 1980 онд төгсөгчид”, “Шанхай пүүз сонирхогчидынх”, “Ондатр малгай худалдан авах хүсэлтэнгүүд” гэх мэтээр хэдэн арван мянган хаягт хуваагдана. Өөрөөр хэлбэл бүх монголчуудад нэгэн зэрэг нөлөөлөх чадамж фэйсбүүкт байхгүй. Онцгой хов, сонин хачинг хоорондоо дамжуулах үйлдэл их ч гүтгэлэг сэнсаацаар үерэлсэн орчинд тэр болгон нь тогтоогддоггүй, тогтоосон ч дараагийн шуурганд автан амархан мартагдана.

Харин твитэр нь фэйсбүүктэй харьцуулахад нэгэн зэрэг бүх хаягтнуудад хүрч чаддагаараа давуу талтай. Нөгөө нэг давуу нь гэвэл энд хүүхдүүд бараг байхгүй, юутай ч бичиг үсэгтэй насанд хүрэгчдийн талбар. Түүнээс гадна элдэв зүхэл хараал гүтгэлгийг тараахад илүү чадварлаг. Трамп фэйсбүүктдэггүй, твитэрээр бүх дэлхийтэй харилцдаг учир энэ. Фэйсбүүкийнхэн голдуу сонирхлоороо нэгддэг болохоор мэдээллийн маш олон сэдэвт хуваагддаг бол, твитэрийнхний гол сэдэв нь улс төр. Үгүйдээ л Монголд тийм.

Гэвч хамрах хүрээ нь аль зэрэг вэ гэсэн асуулт гарна. 200 мянган хаягийн талаас илүү нь нэг хаягтанд хамаатай давхардсан байх нь маш түгээмэл үзэгдэл. Идэвхтэй твитэрчид 5-6 давхардсан хаягтай байх нь ховор юм биш. Хаяг эзэмшигчдийн дийлэнх нь өөрийн нэр ус, нүүр царайгаа нуудаг. Үүнийг хуурамч хаяг гэх. Чухам ийм хуурамч хаягийн араас гүтгэлэг доромжлол тарна. Жинхэнэ нэр, царайныхаа цаанаас “ал, бул цаазал, үр удмыг нь устга, цусыг нь холь, толгойг нь ав” гэх мэтээр зүхэж чадах зүрхтэн үгүй нь ойлгомжтой. Твитэрт хаягтай боловч бараг хэзээ ч бичдэггүй ажиглагч нар маш олон. Монгол твитэрийг ажиглаад байхад нэртэй болон нэрээ нуусан 200-300 орчим идэвхтэн бичигчид байдаг. Тэдний нэг нь би өөрөө л дөө. Гэхдээ нэр усаа нуудаггүй, нэгэнт ил болохоор ална шулна гэж заналхийлдэггүй, гүтгэлэг тараадаггүй. Надад хандсан асуултад хариулахыг голчилдог.

Нийгмийн сүлжээ аль зэрэг нөлөөтэй вэ? Сонин судалгаа хийж үзлээ. “Эм Си Эс компани ямар бизнис эрхэлдэг вэ?” гэсэн асуултад судалгаанд хамрагсадын бараг 60 хувь нь “коко кола үйлдвэрлэдэг” гэсэн бол ердөө 4 хувь нь уул уурхайн компани гэжээ. Гэтэл нийгмийн сүлжээ үүссэн өдрөөс л Монголын фэйсбүүк, твитэр энэ компанийг уул уурхайтай холбогдуулан алаад шулаад булаад сүйдийг нь хутгаа биз дээ? Хүмүүс бүгдээрээ кола уудаг, иймээс кола бүгдэд нь хамаатай өдөр тутмын амьдрал нь. Уул уурхайн асуудал бол үер. Хүн болгонд хамаатай ч юм биш. Энэ компаний муу муухайн тухай сонсоод л мартчихна. Тэгээд ч твитэрээр цөөхөн хүний хүрээнд яригдаж байгаа хэрэг. Судалгаагаар манай иргэдийн 90 орчим хувь нь мэдээллийг зурагтаас авдаг гэнэ. Гэтэл 420 орчим бие даасан зурагтын суваг буй. Өөрийн гэх бараг арван сувагтай томхон сумд ч бий. Монгол Улс зурагтын сувгийн тоогоор дэлхийд эхний аравт багтдаг ба манай араас Герман, Бразил зэрэг аваргууд жагсдаг. Иймээс мэдээллийн гол эх үүсвэр болох зурагт ч нийгмийг бүхэлд нь хамарч чаддаггүй. Тэгэхэд ердөө 200 идэвхтэн бичигчтэй твитэр, сонирхлын дагуу хэдэн арван мянган бүлэгт хуваагдсан фэйсбүүк юу ч юм билээ дээ! Гэтэл нөгөө талаас нийгмийн сүлжээг нийгэмд нөлөөгүй гэвэл ёстой худлаа. Асар их нөлөөтэй, бүр улс орны бодлогыг залах чиглүүлэх нөлөө түүнд бий.

Нийгмийн сүлжээний улс төрийн хэлэлцүүлэг олонд танигдсан тоотой хүмүүсийг онилдог. Айл хотлоор нь сүйтгэж гэр орныг нь шатаасан хөв хөдөөний гэмт хэрэгтний тухай тоож хэлэлцэхгүй. Их бодож нэг шуугиад өнгөрнө. Томоохон улс төрийн маргаанд хааяа ишлэгдэж л болох. Хэрэв тэр этгээд олны танил аль нэг зүтгэлтний хамаатан гэсэн баримт илэрвэл харин шуугина, гэхдээ гэмтэн рүү биш, үнэн худал нь батлагдаагүй өнөөх нэрд гарсан “хамаатан” руу бууны онь чиглэнэ. Энэ нь зөвхөн манай онцлог биш, хаана ч хүмүүс дундын танилынхаа тухай л хов хэлэлцдэг. Хэн нь ч таньдаггүй мэддэггүй аль нэг хүний шунахай, худалч, хүний үнэргүй тухай хэлэлцээд сууж байх нь утгагүй шүү дээ.

Онилогдогсод өнөөгийн Монголын шалгуураар төрийн дивтаат, сайд, алдартай жүжигчин, тамирчин, зурагтаар байнга гардаг чөдөр галзуучууд, шуугиантай хэрэгт холбогдсон дунд тушаалын албан хаагчид, байнга хэрүүл хийсээр байгаад олны анхаарал татаж чадсан “ердийн” ангиллынхан, томоохон компаний эзэд, нийгмийн амьдралд идэвхтэй оролцогсод, улсыг хамарсан том гэгдэх олон нийтийн байгууллагын удирдагчид, шуугиантай том гэмт хэрэгт холбогдогсод гэх мэт. Гэхдээ эдний хамрах хүрээ янз бүр, өөрийн зиндаатай. Аймаг сумын дарга гэхэд орон нутгийн хүрээндээ хэлэлцүүлгийн баатар, улсын нийт сүлжээгээр төдийлөн таньдаггүй болохоор ноцтой хэрэг тарьчихгүй бол тэр болгоныг авч хэлэлцэхгүй. Улс даяар шившгээ дуудуулагсдын тоо тухайн цаг үедээ мөн л 200-300-аас хэтэрдэггүй болохоор бүхий л улс төрийн асуудал хэлэлцүүлэг энэ хэд дотроо л эргэлдэнэ. Ийм тооны хүмүүс идэвхтэй бичиж, мөн ийм тооны “алдартнууд” өргөн хэлэлцүүлгийн бай болно. Өөрийн цаг хугацаатай. Их хурлын танхимд боов идээ л биз, бөөн шуугиан, учир нь дивтаат. Дивтаат болохоосоо өмнө гудамжинд согтуу унасан байсан ч тоохүй, яагаад гэвэл хэн ч танихгүй учраас. Дивтаатаа больсны дараа гэр бүл үймүүлсэн байсан ч “өө!” гэсхийгээд л өнгөрнө, яагаад гэвэл толгой нь хасаг тэрэгнээс цухуйхаа больсон учраас.

Ихэнх онилогдогсод нийгмийн болон төр улсын шийдвэр гаргагсад, эсвэл шийдвэр гаргахад нөлөөлөгсөд байдаг учраас тэдний бие хүн рүү нь чиглэсэн сум байгаа яг зөв онодог. Гай болоход бай болоод байгаа эрхмүүдийн ихэнх нь нийгмийн сүлжээнд асар их ач холбогдол өгдөг. Нийгмийн сүлжээний далайц, хамрах хүрээг ойлгодоггүй учраас үүнийг бүх ард түмний үзэл бодол, аягүй бол дэлхий даяар шившиг болж магадгүй гэж ухаардаг учраас чухам нийгмийн сүлжээнд зөв хүн болж харагдах гэж хамаг анхаарлаа ийш чиглүүлнэ. Тэд шийдвэр гаргах эрхтэй, эсвэл үүнд нөлөөтэй болохоор нэг үгэндээ нийгмийн сүлжээний идэвхтэн бичигч 200-300 хүнд шууд хөтлөгдөнө. Тоохгүй яваад байгаа хүн тэгтлээ доройтдоггүй, ард түмэн коко кола хийдэг хүн гэсэн ойлголттойгоо хоцордог гэдгийг ер анзаардаггүй.

Эдний энэхүү эмзэг байдал довтлогсодод илүү боломж олгодог. Энэ дэвсгэр дээр довтлогсод өөрийн арми байгуулдгийг “хөлсний коментчид” гэж нэрлэх. Довтолгоонд өртөгсөд ч мөн өөрийн арми байгуулна. Ингээд цусгүй тулалдаан даамжирсаар интернэтээр дүүрэн ална шулна гэсэн заналхийлэл, огт ор үндэсгүй гүтгэлэг дүүрч буй нь тэр. Хэн нь довтлогч тал, хэн нь довтлуулагч нь ч танигдахаа байна, таниад ч яах юм билээ, аль алин нь түрэмгийлэгч. Сонгуулийн үеэр энэ нь оргил цэгээ даван хальж аазгайтах аж. Хэн ялах нь тактикийн асуудал. Сүүлчийн сонгуулийг ажихад Миеэгийн тал Баттулгыг хэдэн зуун хэрэгт холбогдуулан дайрсан бол цаадах нь “хужаа”, “60 тэрбум” гэсэн хоёрхон асуудлыг тогтвортой баримтлан сөрсөн нь ялалт авчирсан. Компьютер л биш юм бол хэн тэр хэдэн зуун ялыг тогтоож цээжлэх билээ дээ. Тэгээд ч нэгтгэн дүгнэх чадвар цөөн хүнд байдаг.

Хэн нэгний толгойлсон нийгмийн сүлжээний армиуд нь цалинтай цэргүүд юм. Тэдэнд онцын зорилго, үзэл санаа байхгүй, тогтмол бичихгүй. Зөвхөн тодорхой зорилго руу чиглүүлж хэн нэгнийг “алах” ажиллагаанд дайчлагддаг. Өөрсдийг нь удирдан давшилтанд оруулдаг байнгын штабтай. Сонгууль мэтийн их үйлсэд хамгийн завгүй байдаг цэргүүд. Ер нь ч орлого олдог сезонуудтай.

Гэтэл ерөөсөө цаанаас захиалагч удирдлага байхгүй золбин идэвхтэнүүд нэлээд олон. Тэдний нэг хэсэг нь юу ч байсан хамаагүй харлуулж муутгаж харааж загнадаг, сэтгэцийн юмтай болов уу гэмээр этгээдүүд. Интернэтээр гарч буй бүх мэдээний дор хараал зүхэл бичиж сууна. Дон юм даа. Ганцаардсан хүмүүс ингэж донтох нь их бий. Вашингтон, Чикаго, Сөүл, Хөххот, Лондон, Бээжин гээд монголчууд олонтой газар ийм донтон барагтай бол байхгүй атал харь газар цөөн монголчуудтай газраас улаан галзуу нэг хоёр нь алгасалгүй идэвхтэй коментолж суудгийг өөрөөр тайлбарлах аргагүй. Равдан, Зоригоо гэх мэтээр өөртөө пароль нэр өгчихөөд ямар ч мэдээний дор занал зүхэл бичиж суудаг хүмүүс донтон гэхээсээ сэтгэцийн өвчтөн байх юм билээ. Хэд хэдэн идэвхтэн илэрсэн нь эмнэлгийн байнгын хяналтанд байдаг хөөрхийс.

Нийгмийн сүлжээгээр өөрийн нэр ус, зураг хөрөг, хаягтайгаа орж байнга бичдэг хүмүүсийн дийлэнх нь эрүүл саруул нийгмийн идэвхтэй хүмүүс. Нийгэм, улс төр, эдийн засаг, ёс суртахуун гээд олон асуудалд өөрийн санал бодолтой, түүнээ бусадтай хуваалцах гэсэн бодолтнууд байдаг. Зарим нь нэрээ нуусан байдаг ч хандлагат харилцаа нь занал зүхэл огт биш. Бүгдийг зүхэгчид дорхноо блоклуулчихдаг учир идэвхтэн бичигч байлаа гээд тоогдох нь ховор.

Хүний энергийг хамгийн их оргилуулдаг юм бол атаархал, хонзогнол, комплекс гурав. Энэ дотоод бухимдлаа гаргах нь олон хүнд мөнгөнөөс хавьгүй чухал. Ийм коментчид тодорхой хүн рүү цуцахыг мэдэхгүй шүршинэ. Надтай гэхэд тасралтгүй 30 жил “барилдаж” яваа сайн эрчүүд ч бий. Гүтгэнэ, хараана, зүхнэ, байж ядна, тачаадна. Хужаа л гэнэ, түүх гуйвууллаа л гэнэ, гадны гар хөл л гэнэ, хөлсний бичээч л гэнэ, энд тэндээс хахууль авсан гээд л яг таг огноо, мөнгөний тоог бутархай зоос хүртэл нь нарийвчлан гаргаж ирнэ. Ганц нь ч нотолгоо үгүй. Нотлох хэрэг ч тэдэнд байхгүй л дээ. Тээр жил казиногийн гурвыг анхлан баривчлагдсан хэргийг нь шүүх хэрэгсгэхгүй болгох мөртөө татварын асуудал нь будлиантай гээд ял өгч шоронд суулгасан. Би тэгж их мөнгө энд тэндээс авсан юм бол татварын асуудлаар цагдаад өгөхөд л шоронд сууж хөөрхийг нойртой хонуулмаар. Олон хүн иймэрхүү өдөөлтөд автан хариу өчиж олны анхаарал шуугианд өртдөг. Атаархагч чухам үүнийг л хүсэж эрүүлд дуудсан хэрэг. Харин үл тоон чимээгүй өнгөрвөл бусдаас дутуу төрсөндөө шатаж яваа хөөрхийг улам хүндрүүлж бараг л амиа хорлоход хүргэдэг. Бусдыг зүхэж, доромжилж, гүтгэчихээд зовлонд унагачихлаа гэж хөөрч байтал ямар ч хариу ирэхгүй болохоор чааваас өөрөө шаналалд автана. Байдаг бүхий л оюунаа шавхан шавхан хийсэн уран бүтээл нь хумхийн тоос боллоо гэсэн үг.

Зарим онилуулагчид шүүмжлэлийг хүлээж аваад хийж бүтээн чимээгүй хариу өгдөг. Хотын шинэ даргыг Улаанбаатарыг минь сөнөөхөөр хаа газраас ирсэн амийтан бэ гэж олон хүн бодож байсан. Харин тэрээр твитэрийн идэвхтэй сонсогчийн хувьд дор нь алдаагаа зассан. Залуусын гудамж байгууллаа, замын уулзвар өргөсгөлөө, мод тарьлаа. Хамгийн шуугиантай нь өөрийнх нь орлогч гэгдэг цочмог гарын аймаар шинэ санаачилгуудыг нь цаг тухайд нь цуцалж олны талархал хүлээсэн. Тийм орлогчтой байхад атаархагчид, гүтгэгчид, хонзогногсод хэрэггүй юм билээ дээ.

Төрийн байгуулагуудын интернэт дэх нийгмийн сүлжээг хаах шийдвэр гарчээ. Төрийн байгууллага хийх юмаар хомс болохоор ажиллагсадынх нь ганц зугаа, ер нь дагнадаг ажил нь нийгмийн сүлжээ гэдэг нь үнэн боловч хааж бариад дэмий дээ. Тэднийг ажлаа хийхгүй байна гэж хааж байгаа юм биш шүү дээ, нэр нүүрээ нууж байгаад дарга нарынхаа хошногыг ухаад байна гэж эмзэглэсэн хэрэг. Хааж боохоор тэд улам азаартана. Яаж ийж байгаад аргаа олно. Хонзогнол нь улам бадарч илүү хортой явуулга хийнэ дээ, харж л байгаарай!

2018.06.03

Categories
мэдээ нийгэм

“Нийгмийн сүлжээний онилогсод ба онилуулагчид”-ын талаар Баабар “Өдрийн сонин”-д өгүүлэв

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сурвалжлага” буланд“МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг ирэх оны төсөвт суулгах саналыг хүргүүлжээ” хэмээн мэдээлсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Хөрөнгийн биржийг хамгийн түрүүнд хувьчлах хэрэгтэй хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Монгол Улсын гавьяат барилгачин Д.Нанзаддорж: Хотын удирдлага түгжрэлийг бууруулъя гэвэл “Home Plaza”-г буулгах ёстой хэмээв.

У И Х – ы н г и ш ү ү н Ж . Б а т з а н д а н ө ч и г д ө р сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ С.Зориг агсны гэргий Б.Булганаас Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Үндэсний аюулгүй байдлын гишүүдэд илгээсэн захидлын талаар мэдээлэл хийсэн байна. “Б.Булган захидалдаа “Ханийг минь хөнөөсөн хэргээр ял авсан гурван этгээдийг би хэзээ ч харж байгаагүй” гэсэн байжээ.

“Нийгмийн сүлжээний ОНИЛОГСОД ба ОНИЛУУЛАГЧИД”-ын тухай Баабар энэ удаа өгүүлэв. “Би тэгж их мөнгө энд тэндээс авсан юм бол татварын асуудлаар цагдаад өгөхөд л шоронд сууж хөөрхийг нойртой хонуулмаар. Олон хүн иймэрхүү өдөөлтөд автан хариу өчиж олны анхаарал шуугианд өртдөг” хэмээн тэр бичжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт сургуулийн хөл бөмбөгийн талбайд осолдож амиа алдсан сурагч хүүгийн тухай сурвалжилжээ.

Яармагийн гүүрэн дээр өчигдөр өглөө гарсан ослоос болж, замын түгжрэл үүсэн,хорь гаруй хүүхэд ЭЕШ-аас хоцорсон тухай энэ нүүрт мөн мэдээлсэн юм.

“ДЭЛХИЙН МЭДЭЭ”Ким Жөн Ун Хятадад айлчилж байгаа болонБ.Обама улс төрд дахин хөл тавьж магадгүй байгаа талаар онцолсон байна.

“FIFA 2018” нүүрт “ Эхний тойрог өндөрлөлөө”, “Саудын Арабын шигшээ багийн нисэх онгоц шатав” хэмээжээ.

“Өд, бэх” нүүртзохиолч Х.ЗАНДРААБАЙДИЙ “Мишигийн Жавганыг мартахын аргагүй” хэмээн бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ