Categories
мэдээ нийгэм

ХСҮТ, ховдын эмч нар хамтран элэг тайрах хагалгаа хийв

Ховд аймагт ХСҮТ, тус аймгийн БОЭТ-ийн мэс заслын эмч нар хамтран 50 гаруй настай эмэгтэйд “Элэгний хорт хавдар тайрах хагалгаа” амжилттай хийж, алслагдсан баруун бүсийн ард иргэдэд итгэл, эдгэрэл, эрүүл энх бэлэглэлээ.

Тус хагалгааг ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын их эмч Э.Дөлгөөн, ХСҮТ-ийн Норкоз мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасгийн их эмч н.Болормаа, тус аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасгийн их эмч Г.Шижир, БОЭТ-ийн мэс заслын тасгийн их эмч Э.Эрхэмбаяр, БОЭТ-ийн мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч их эмч С.Нагашбай нар болон сувилагч, асрагч зэрэг нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хагалгааг хийсэн бөгөөд энэ нь элэгний хүнд хагалгаануудын нэг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байлаа.
Ховд аймгийн хэмжээнд элэгний В, С В вирустай 624 хүнийг хяналтанд бүртгэгдсэнээс 147 хүнийг эмийн эмчилгээнд хамруулсан тоо баримт байдаг.
Хавдрын эсрэг үндэсний аяныг Хаан банк, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Ховд аймгийн БОЭТ дээр ирж ажиллаж ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулж байна.
Categories
мэдээ спорт

Б.Мөнгөнтуул чансаагаа ахиуллаа

Энэтхэг улсын Мумбай хотод болсон “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ. Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд долоон орны 12 шатарчин өрсөлдсөн байна.

2018 оны Монгол Улсын аварга, Гавьяат тамирчин, Олон улсын мастер, эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар байрт оржээ.

Б.Мөнгөнтуул уг тэмцээнд түрүүлснээр чансаагаа +6 оноогоор ахиулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

ОХУ-д соёл урлагийн чиглэлээр төгсөгчид тоглолт хийнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ОХУ-д 2000-2018 онд суралцаж, төгссөн нийт соёл, урлагийн ажилтнууд сурсан мэдсэн эрдмээ тайлагнах “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд буюу Оросын Шинжлэх ухаан, спортын төв (РЦНК)-д 18.30 цагт толилуулна.

Манай улс 1990-2004 онд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр оюутан бэлтгэх ажлаа түр зогсоогоод байсан. ОХУ-ын Соёлын яам, тухайн үеийн Монгол Улсын БСШУЯ-тай хамтарсан уулзалт хийснээр 2004 оноос өнөөдрийг хүртэл соёл, урлагийн ажилтан бэлтгэх ажил амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар манай 250 гаруй оюутан, соёл, урлагийн ажилтан ОХУ-д мэргэжил дээшлүүлж, суралцаж төгссөн байна. ОХУ-д драм, кино, циркийн найруулагч, балетмэйстр, бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, уран зураг, киноны зураач, жүжигчин, хөгжимчин, бүжигчин, дуучин, номын сан-мэдээллийн ажилтан, соёлын менежер, арга зүйч зэрэг мэргэжил эзэмшүүлж буй.

ОХУ-д амжилттай суралцаж, төгссөн оюутнууд Монгол Улсын бүхий л театр, чуулга, соёлын сургууль болон хувийн хэвшилд түүчээлэн ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Тэрчлэн гаднын нэр хүндтэй буюу ОХУ-ын Марийнский, Новосибирский дуурь, Пермийн дуурь, бүжиг, Улаан-Үүд хотын дуурь, бүжиг, Хүүхэлдэйн театр зэрэг байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

Categories
мэдээ нийгэм

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн хариуцлага тооцно

Нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч 79 дүгээр сургууль дээр болсон асуудал дээр очиж, ажилласан. Хэдийгээр хичээл тарсан ч хүүхдүүдэд өөр тоглох орчин байхгүй учир сургуулийн хөл бөмбөгийн талбайд тогложээ. Хөл бөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан. Үүнийг анзаарч засах нь сургуулийн удирдлагуудын үүрэг.

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага авна, жижүүрт арга хэмжээ авна. Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн. Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийлж байна гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөх бол төр А.Сүхбат

УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат бөхчүүдийн дунд үүсээд буй маргааны талаар уржигдар Төрийн ордонд мэдээлэл хийхдээ бараг л ингэж хэлэв. Тэрбээр “Баасан гаригийн уулзалтаар бөхчүүд үл ойлголцлоо эцэс болгож, монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцлаа” гэсэн юм. А.Сүхбат гишүүний энэ давлиун үг нийгэмд дургүйцэл төрүүлж эхэллээ. Түүний хэлсэн “Бөх бол төр” хэмээх агуулга нь дунд зууны үеийн Францын хаан XVI Людовикийн хэлсэн “Би бол төр” гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Өөрийгөө хэт өндөрт өргөсөн ийм мунхаг үзлээсээ болж XVI Людовик хаан сэнтийгээсээ мултарсан юм. Тухайн үед түүнийг эсэргүүцсэн бослого үймээн дэгдэж, төрийн эргэлт болж, шинээр бүгд найрамдах төр засаг байгуулагдаж байсан түүхтэй.

Дархан аварга А.Сүхбатын мэдэгдлийг өнөөгийн улс төртэй холбоод харахаар ингэж хэлэхээс ч аргагүй юм байна. Монголын эрчүүд бөх барилддаг. Бөх барилдаад түрүүлэхээрээ аварга болдог. Аварга болоод улс төрд орж ирдэг. Улс төрд хөл тавихаараа УИХ-ын гишүүн, сайд цаашлаад Ерөнхийлөгч хүртэл болдог. Тийм болохоор дархан аварга А.Сүхбат оодорч л ингэж ярьсан биз ээ. Үнэн хэрэгтээ монгол бөхийн хэлсэн тэр үг бол дэндүү алдаатай томьёолол юм. Төрийг бөх биш оюун санаа, ухаан бодол удирддаг. Тиймээс төрийг боловсролтой, мэдлэгтэй, ухаантай хүн л залж, чиглүүлж авч явах ёстой. УИХ-ын гишүүн А.Сүхбат та ард түмнээ басамжилж, дорд үзсэн энэ үгнээсээ уучлал гуй. Төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрт бөх гэдэг хүн ямар ч хамааралгүй.Энэ нийгмийг түүчээлж, улс орноо удирдах ирээдүй хойч үеийнхнийг “Эрдэм ном сур. Боловсролтой бол” гэхийн оронд “Бөх бол. Биеийн хүчийг тэргүүнд тавь” гэж уриалж болохгүй. Биеийн хүчний өчүүхэн амжилт, нэр сүрд омойтож монгол төрийг мянга, мянган жил оюун ухаанаараа барьж ирсэн цэцэн мэргэдийг дархан аварга А.Сүхбат та тэр хэлсэн үгээрээ дорд үзлээ гэж ойлгогдож байна. Бөх хүн бол зүгээр л олныг цэнгүүлэгч. Үүнтэй хэн ч маргахгүй. Бөхийн цолыг засуулууд нь дуудахдаа хүртэл “Олныг баясуулагч, цэнгэлийн манлай, тод сонин, үзэсгэлэнтэй…” гэдэг шүү дээ. Харин УИХ-д суугаа хоёр их аварга монгол бөхийнхөө хөгжлийг улдан чангааж байна уу даа. Ер нь тэр хоёрт монгол наадам ямар хамаатай юм бэ. Тэдэнтэй, тэдэнгүй монгол төрийн наадам болдгоороо л болно. Хэний ч хүү байсан үндэснийхээ баяр наадамд зодоглоно. Ард түмэн ч гэсэн жилдээ ганц болдог наадмаа хэнээр ч заалгахгүй очоод үзнэ. Монголын төр оршин байхад шинээр начин, заан, аварга цолтнууд төрж л таарна. Гагцхүү монгол түмнийг цэнгүүлдэг наадмын маань бөхийн барилдааныг элдэв булхай, бузрын үүр болгогч допингийн хэрэглэгч, найраа хийдэг хэнийг нь ч гэсэн барилдуулахгүй хасдаг байх хэрэгтэй. Дэлхийн дахин допингоос татгалзаж байгаа өнөө цагт тамирчин хүнд байх ёстой тэр стандартыг нь монгол бөхчүүд мөрддөг болох шаардлагатай. Гэтэл манай аваргууд талцаж шившгээ тарих юм. Монгол бөхийн жудаг дагаж хийморь сүлд нь өөдөө байдаг биш бил үү. Японы сумочдыг хар л даа. Тэд сумо бөхөө хөгжүүлэхийн төлөө ямар их ёс зүйтэй, хатуу дэгтэй, эв эетэй, зарчимч байна вэ. Монгол бөхчүүд уг нь ингэж л зөв үлгэр дуурайлал болмоор байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанбаатар: Хоёр албан хаагчийн оронд нэг хүн томилно гэвэл ачааллыг улам нэмнэ

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Н.Алтанбаатартай ярилцлаа.


-Та цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэн. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би одоо цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан. Миний аав мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад намайг дунд сургуульд байхад өөд болсон. Удам дамжин энэ албанд зүтгэж, ухаан суусан үеэсээ эхлэн энэ албаны жаргал, зовлонг харж, туулж ирсэн гэж хэлж болно. Тиймээс цагдаагийн алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх,алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчилах, таниулах, нийгэм эдийн засаг, эрх зүйн баталгааг нь бүрдүүлэхэд тус нэмэр болох зорилгоор 2013 оны наймдугаар сард цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо төрийн бус байгууллагыг хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулаад ажиллаж байна.

-Танай холбоонд хэр олон цагдаагийн алба хаагчид ханддаг вэ?

-Манай холбооны үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг өдөр тутамдаа 8000 орчим цагдаагийн алба хаагч тогтмол авч байна.

-Сошиал сүлжээнд цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээ, мэдээллийг авдаг ганц суваг нь танай хаалттай групп. Яг өнөөдөр ажлаа хийж буй 8000 орчим алба хаагч энэ группт байдаг гэсэн үү?

-Төрийн бус байгууллагын тухай хуулиараа гишүүдийн татвар, хандив болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив зэргээс санхүүжилт бүрдэх учиртай. Тиймээс санхүүжилт муу учраас олон нийтийн сүлжээг ашиглан “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо” нэртэй пэйж хуудас, хаалттай фэйсбүүк групп нээсэн. Энэ группийн хувьд 19.400 гаруй иргэд, олон нийт, дэмжигчид нэгдээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа 7926 алба хаагчид байна. Тэдгээрийн ар гэр, хүрээллийн хүмүүс мөн тус группт нэгдсэн байдаг онцлогтой. Цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээ мэдээллийг авдаг ганц суваг нь гэж хэлж болно. Энэхүү фэйсбүүк группээрээ дамжуулан алба хаагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээл, санал бодлыг нь нэгтгэн хүлээн авч, цааш нь шийдвэр гаргах түвшинд буюу ХЗДХЯ-ны сайд, ЦЕГ-ын дарга, удирдлагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг.

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд алба хаагчдынхаа асуудлыг шийдэхэд нь хэр их нөлөөлсөн бэ?

-Холбоо үүсгэн байгуулагдснаас хойш хэдийгээр санхүүжилтгүй ч гэсэн бид энэ хугацаанд давхардсан тоогоор 200 гаруй алба хаагч, тэдгээрийн гэр бүлд хууль, эрх зүйн зөвлөлгөө биечлэн өгсөн. Онлайн хэлбэрээр 800 гаруй хүнд хууль, эрх зүйн зөвлөлгөө өгч ажилласан. Гурван алба хаагчид холбооноос өмгөөлөгчийн зардлыг нь дааж өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Ганцаараа ажил хийдэг олон хүүхэдтэй гурван алба хаагчийг сонгон авч иж бүрэн зуны дүрэмт хувцас гардуулж өгсөн гээд олон ажил бий.

-Алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар Хүний эрхийн үндэсний комисс-д хүртэл хандаж байсан гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Цагдаагийн албаны дүрэмт хувцасны шинэчлэлтэй холбоотой чанар, эдэлгээний шаардлага хангахгүй талаар асуудлууд хөндөгдсөн. Улмаар алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хүртэл зөрчиж эхэлсэн. Энэ асуудлыг ХЭҮК-т хүрснээр 2014 онд цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийн заалтыг хэрхэн биелүүлж байгаад тус байгууллагаас хяналт шалгалт хийж, судалгааны ажил зохион байгуулсан. ХЭҮК цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөж буй заалтуудыг хяналт шалгалт, судалгаагаар тогтоогоод Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 14 дэх тайландаа тусган УИХ-д санал хүргүүлсэн. Энэхүү саналуудыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах талаар тус холбооноос ХЗДХ-н сайд Ц. Нямдоржид хүргүүлсэн.Гэвч өнөөдрийг хүртэл дээрх саналууд хангалттай хэрэгжихгүй байгаад харамсаж байна.

-2019 оноос тэтгэмжийн хэмжээ багасна, буурна гэсэн ойлголт явж байна. Та энэ талаар тодорхой судалгаа хийж үзэв үү?

Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2018.02.02- ны өдөр баталсан.

Уг хуулийн нэгдүгээр зүйлд ”Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд зургаан жил, 2020 онд долоон жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.”

Хоёрдугаар зүйлд “Энэ хуулийг 2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

Эдгээр хуулийн заалтууд нь нэг мөр ойлгомжгүй учраас 2019 оноос нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээ, тэтгэвэр тогтоолгох хэмжээ зэрэг нь буурч алба хаагчдад хохиролтой байдал үүсэх нь гэсэн болгоомжлол үүсч байгаа учраас олон алба хаагчид 2018 онд тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаагаа талаар манай холбоонд илэрхийлж гомдол тавьж байна.

Цаашид дадлага туршлагатай алба хаагчид олноор тэтгэвэрт гарах болсон нь энэ албанд мэдлэгтэй, дадлага туршлагатай алба хаагчид бага үлдэж цагдаагийн байгууллага хэвийн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байдал үүсэх бий гэсэн эмзэглэл төрж байгаа. Дээр нь эмэгтэй алба хаагчдын эрх ашиг ихээр хөндөгдөж байна. Учир нь дараалсан 6, 7 жил гэдэг эмэгтэй алба хаагчдын эрхийг зөрчиж байна. Бид хүүхэд төрүүлээд хүүхдээ асрах хугацаандаа ажлаас чөлөөлөгддөг. Энэ дараалсан 6, 7 жилээс улбаалаад бид хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах боломж бүрдэхгүй болж байна гэсэн гомдлууд тавьсан.

2019 оны нэг дүгээр улирлын байдлаар 480 гаруй алба хаагчид тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн судалгаа байдаг.

Холбооны зүгээс нийгмийн даатгалаас эдгээр хуулиудын талаар тодруулга авахад зайлшгүй тэтгэмж, тэтгэвэр буурна гэж хэлсэн. ЦЕГ-аас буурахгүй, УИХ-ын зарим гишүүдээс тодруулахад яг таг ойлголтгүй байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлаар холбогдох албаныхан нэгдсэн тооцоо судалгаа, хуулийн талаар нэг мөр ойлголтгүй байна гэж харж байгаа. Тийм учраас тус холбооноос УИХ-ын гишүүн С.Бямбацогтод энэ талаар болон хууль хэрэгжүүлэх сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын алба хаагчдаас өнөөдөр цагдаагийн алба хаагчдын цалин хөлс хамгийн бага түвшинд байгаа тул цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, ХЭҮК-с УИХ-д хүргүүлсэн саналуудыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах тухай саналуудыг хүргүүлсэн.

-Засгийн газрын 153 дугаар тогтоол гэж ямар учиртай юм бэ?

-2011 оны Засгийн газрын 153 дугаар тогтоол гэж байдаг. Энэ нь цагдаагийн газар, хэлтсийн, бүтэц, орон тоог тогтоосон жишиг норматив. Цагдаагийн алба хаагчдын ажлын ачааллыг зүй зохистой байлгах, ажлын чанарыг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд уг тогтоолд заасан нормативын дагуу улсын хэмжээнд офицер, цагдаа, энгийн ажилтан буюу нийт 3517 хүний орон тооны хомсдолтой ажиллаж байна гэсэн тооцоо судалгаа гарсан.

Мөн УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан 29 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт “Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд тэтгэвэрт гарах хоёр төрийн албан хаагч тутамд нэг албан хаагчийг нөхөн томилох” гэсэн байдаг.

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 480 гаруй албан хаагчид тэтгэвэртээ гарах өргөдлөө өгсөн байна. Тэгвэл хоёр төрийн албан хаагч тутамд нэг албан хаагчийг нөхөн томилно гэвэл өмнөх 3517 албан хаагчийн орон тоо дутуу байгаа дээр дахин нэмэгдээд ирэхээр хүмүүсийн ажлын ачаалал нэмэгдэж, ажлын стресст өртдөг асуудлууд ихэсдэг. Энэ тогтоолын талаар бид УИХ-ын гишүүн С.Бямбацогтод саналаа өгсөн.

Н.ЭНХТЭНГЭР

Categories
мэдээ улс-төр

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй.

Ингээд төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНД ХҮРГҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО

Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүгийн үеэр гишүүд нөхөрлөл, хоршоолол эрхлэгчид, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас үйлчилгээ, дэмжлэг авахтай холбоотой асуудлаар тодруулж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 7, 12, 23 дугаарт зүйлд заасан “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэснийг хасахаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасныг хасах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд зарчмын зөрүүтэй санал гаргасан.

Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

ХУУЛИЙН
ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзориг зарчмын зөрүүтэй санал гаргасан.

Тэрбээр Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагыг тухайн асуудал эрхэлсэн байгууллагын удирдлагатай зөвшилсөн тухайн шатны Засаг дарга томилох нь Төрийн албаны тухай хуультай нийцэхгүй байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Улстөрийн албан тушаалтан болох Засаг дарга төр албан хаагчийг томилох нь зарчимд нийцэхгүй хэмээсэн бөгөөд дээрх байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн асуудлыг эрхэлсэн төв байгууллагын удирдлага томилж, чөлөөлөх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гаргасан.

Тухайлбал, “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгасныг Засаг даргатай зөвшилцөн асуудал эрхэлсэн байгууллагын удирдлага томилж чөлөөлөхөөр гишүүн саналдаа тусгажээ.

Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

ЗАСГИЙН ГАЗАРТ
ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв.

Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажилласан бөгөөд ажлын хэсэг төлөвлөгөө гарган хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн болон зарим мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, уулзалт хийсэн хэмээн тэрбээр танилцуулсан юм. Ингээд гаргасан санал, дүгнэлтдээ үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн тайлан, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг баталлаа.

Уг тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 216 дугаар тогтоолын 2 дахь заалтад туссан Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах, хууль эрх зүйн орчинг бий болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын багш бэлтгэх, давтан сургах төв буй болгож ажиллуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг болон дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгасан байна.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН
ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан УИХ-ын гишүүн танилцуулга хийсэн.

Ажлын дэд хэсэг болон ажлын хэсэг нийт 6 удаа хуралдсан бөгөөд төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж зарчмын зөрүүтэй 23 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.


Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзжээ.

Ингээд Ажлын хэсэг санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналынтомьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн зарчмын зөрүүтэй саналуудаатанилцуулсан бөгөөд дээрх саналууд тус бүрээр санал хураалт явуулан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсний дагуу Ус сувгийн удирдах газарт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг удирдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, мөн яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, ажлын дэд хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачид, Монголын байгаль орчны иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Арьс шир, Уул уурхайн компаниудын төлөөлөл бүхий 70 орчим хүн оролцож, санал бодлоо солилцлоо.

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудаас бүрдсэн, талуудын оролцоог тэгш хангасан уг хэлэлцүүлэгт оролцогч талууд хуулийн төслийг яаралтай батлуулж, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй санал нэг байлаа.

Categories
мэдээ нийгэм

Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна

Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 20-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Гэрэл зургийг MPA.mn

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-18:30 цагт: 2-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамжууд, 65А, Б байр, Бархгол, Голдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 3-р хороо 12-р хорооллын 1-3, 3А, 5, 6А, 7А, 8А, 9, 10, 11А, Б, 13, 47, 55-59 -р байрууд, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, СЭЗДС, СЭЗДС-ийн ажилчдын байр, ХААЯ, ЦЕГ-ын мэдээллийн төв болон эдгээрийн ойр орчмоор;

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 4, 5, 6-р хороо 10-р хорооллын 2, 3, 4, 5А, Б, 6, 7А, Б, 8, 9, 10, 11, 14А, Б, 26/1-26/8, 28, 46, 47, 47/2, 47/3, 49/5, 49/6, 51, 53, 66, 80А, Б, 87/3, 201, 202, 203, 302-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 45 дугаар тогтоол буюу Д.Муратын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхээс татгалзах шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авахыг дэмжлээ.

УЕП-оос Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлснийг УИХ энэ сарын 08-нд хэлэлцэж, хүлээж авахаас татгалзах тогтоол баталсан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-нд хориг тавьсан юм. УИХ-аас Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон гэдгийг Ерөнхийлөгчийн хоригтоо дурьджээ. Мөн УИХ-ын гишүүнД.Муратын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө энэ сарын 11-нд гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн юм.