Categories
мэдээ нийгэм

Ирвэсийг хамгаалах төсөл хэрэгжүүлнэ

Энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг хэрэгжүүлэх танилцуулга хурлыг зохион байгууллаа. Хуралд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Цогтсайхан болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж нар оролцож, цоохор ирвэсийн талаар хэрэгжүүлж буй бодлого, төслийн зорилт, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын талаар танилцууллаа.


Энэ үеэр холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэд Монгол улсад цоохор ирвэсийн тоо толгой өсч 1200 орчим болсонг дурьдаад, төсөл хэрэгжих болсонд баяртай байна хэмээн онцолж байсан юм.

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг Говь-Алтай аймгийн Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Увс аймгийн Түргэн, Цагаан шувуут уул болон Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу орчимд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн үндсэн зорилго нь нэн ховор цоохор ирвэс болон түүний идэш бологч амьтдыг амьдрах орчинтой нь хамгаалах юм. Энэ ажлын хүрээнд нутгийн иргэд, малчид, орон нутгийнхны оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдын хамгааллыг сайжруулах төдийгүй хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтний худалдааг хууль хяналтын байгууллагуудын хамтын оролцоотойгоор бууруулна. Төсөл хэрэгжих хугацаа 5 жил бөгөөд зөвхөн ирвэс хамгааллаар хязгаарлагдалгүй, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Лихтенштайны хант улсын угсаа залгамжлагчид итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Лихтенштайны Хант Улсад суух Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 20-нд тус улсын угсаа залгамжлагч Хунтайж Алойсд бараалхаж Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсан ёслолын үеэр Лихтенштайны Хант Улсын угсаа залгамжлагч Хунтайж Алойс Элчин сайд Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Элчин сайд Л.Пүрэвсүрэн уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Лихтенштайн Улстай бололцоотой бүхий л салбарт, тэр дундаа банк, санхүү, соёл, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, мөн хоёр улсын хувийн хэвшлүүдийн хоорондын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэн бэхжүүлэх сонирхолтой, мөн Лихтенштайн Улс Европын Чөлөөт Худалдааны Холбоо (ЕЧХХ)-ны гишүүн орны хувьд Монгол Улс, ЕЧХХ-ны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв. Хунтайж Алойс санал болгосон чиглэлүүдээр Монгол Улстай хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Мөн өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Элчин сайд Л.Пүрэвсүрэнг Лихтенштайны Гадаад хэргийн сайд хатагтай А.Фрик хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Лихтенштайны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой 2018 онд тохиож буйг онцлон дурьдаад, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, гадаад бодлогын талаар танилцуулж, хоёр талын харилцааг банк, санхүү, хөдөө аж ахуй, соёлын чиглэлээр хөгжүүлэхийн төлөө бодит боломжийг эрэлхийлж ажиллах талаар харилцан санал солилцов.
Монгол Улс Лихтенштайны Хант Улстай 1998 оны 3 дугаар сард дипломат харилцаа тогтоосон. Лихтенштайны Хант Улс нь байгалийн хязгаарлагдмал нөөц баялагтай хэдий ч аж үйлдвэр, санхүүгийн салбар өндөр хөгжсөн, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг орон. Тус улс нь Монгол Улстай адил далайд гарцгүй бөгөөд гадаад зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэх зорилгоор 1924 онд Швейцарь Улстай Гаалийн холбоо байгуулж, 1991 онд Европын Чөлөөт Худалдааны Холбоо (ЕЧХХ-EFTA)-д, 1995 онд Европын Эдийн Засгийн Бүс (ЕЭЗБ- EEA)-д тус тус нэгдэн орсон ба швейцарийн франкыг үндэсний мөнгөн тэмдэгтээр ашигладаг.
Categories
мэдээ нийгэм

79-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр үүссэн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажиллалаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах зорилготой “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт”-ыг 2018 оны 06 сарын 20, 21-ний өдрүүдэд Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Уг сургалт уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.

Туршлага судлах сургалт, уулзалтад Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төсөл хэрэгждэг Нийслэлийн 43 хорооны хамтарсан багийн 215 гишүүд оролцох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хийгдэх ажлуудыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэргүүн туршлага нэвтрүүлэх, хүүхэд гэр бүлд зөвлөгөө мэдээлэл өгөх, хүүхэд хамгааллын үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж буй Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Түр хамгаалах байр, Монголын Сос хүүхдийн хотхон гэсэн 5 байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн хэмжээнд Хамтарсан багаар ажиллаж үйлчилгээ үзүүлж байгаа нийт 615 кейс байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 1375 хүүхдэд үзүүлснээс кейс нээж хамтарсан багаар ажилласан нь 320 хүүхдэд, богино хугацааны үйлчилгээг 1055 хүүхдэд үзүүлсэн байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товложээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт долоон хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын эхэнд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн өнөөдөр Хүнсний тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Наранбат итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбат 6 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхийлөгч Андрей Кискад итгэмжлэх жуух бичгээ барилаа.

БНСлУ-ын Ерөнхийлөгч Андрей Киска Элчин сайд Н.Наранбатыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Элчин сайд Н.Наранбат Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч Андрей Кискад уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа байнга өргөжин тэлж, үр ашигтай хэлбэрүүдээр баяжин хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Андрей Киска илэрхийлээд Элчин сайд Н.Наранбатад ажлын амжилт хүслээ.

Монгол, Словак хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрөгч 2017 оны 11 дүгээр сард Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй тус улсын Засгийн газрын гишүүд манай улсад айлчилсан бол Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Словак Улсад 2018 оны 4 дүгээр сард айлчилсан нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Словак Улсад манай улсаас хийгдсэн анхны өндөр түвшиний айлчлал болсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“ЧИНГИС ХААНЫ ТАЛ НУТАГ-МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИД” үзэсгэлэн данийн үндэсний музейд нээлтээ хийлээ

Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн 2018 оны 6-р сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд Данийн аялагч, угсаатан судлаач Хэнинг Хаслунд Кристенсений 1920-30-аад онуудад хийсэн судалгаа, угсаатны эд өлгийн цуглуулгын дээж болох 1240 орчим үзмэр, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 13-р зууны эд хэрэгсэл, түүхэн олдворуудыг багтааж, орчин үеийн дижитал технологийг ашиглан олон нийтэд сонирхолтой байдлаар Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, Чингис Хааны дэлхийг эзэлсэн түүхэн үйл явдлыг дэлгэн харуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис Хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай байгаагаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэж цохон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, БСШУСЯ, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг хамтран оролцсон талуудад талархаж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан тус үзэсгэлэнгийн нээлтэнд хэлсэн үгэндээ “Өнгөрөгч хугацаанд Монгол Улсыг бүхий л талаар дэмжиж ирсэн Данийн Вант Улсын Засгийн газар, Данийн нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье. Данийн Вант Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны Өрнөдийн ардчилсан улсуудын нэг бөгөөд Монгол, Дани хоёр улс нь ардчилал, хүний эрх, хуулийн засаглал, тогтвортой хөгжлийн зорилт зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан баялаг түүхэн харилцаатай улсуудын нэг билээ.
Түүхэн баримтуудаас харахад “The Great Northern Telegraph” нэртэй Данийн компанийн барьж байгуулсан телеграфийн шугам нь Бээжин, Их Хүрээ, Санкт-Петербургийг холбон Лондон хүрсэн байдаг бөгөөд үүний ачаар Нью Йорк Таймс сонины 1911 оны 12 дугаар сарын 28-ны дугаарт “маргааш Богд хаан тэргүүтэй Монгол нь тусгаар тогтнолоо зарлан тунхаглах гэж байна” гэсэн жижигхэн нийтлэл гарч байсан нь тохиолдлын зүйл яав ч биш юм. “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг зохион байгуулахад сэтгэл зүтгэлээ нэгтгэсэн Moesgaard музейн удирдлага, эрдэмтэд судлаачид, нийт хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэв.
Мөн тус үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс түрээслэн Данийн музейд анх удаагаа дэлгэн, олны хүртээл болгож буй 13-р зууны үеийн морьтон цэргийн булш /сүлжээтэй үс, хумс, шүд, нум сум, тухайн үед хэрэглэж байсан эд хэрэглэлтэйгээ олдсон/ олны анхаарлыг ихэд татаж, Даний музейн удирдлагын зүгээс ихээр олзуурхан цаашид мумиг судлах, судалгаанд хамтран оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төмөр зам шуурхай тавигдаж, Таван толгой хөдлөх сайн мэдээ дуулдаж эхэллээ

-ТАВАН ТОЛГОЙН ХУВЬЦААНЫ 30 ХУВИЙГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АРИЛЖСАН ТОХИОЛДОЛД ИРГЭДИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА БАТАЛГААЖИНА–

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж чихэнд чимэгтэй хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, Засгийн газар Таван толгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа татахаар болсон байна. Ингэснээр дотоодын улстөржилтөөс болж олон жил гацаанд ороод байсан энэ том төсөл хөдлөх нь тодорхой боллоо. Таван толгой төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт гарна. Мөн манай улсад цөөнгүй ажлын байр нэмэгдэнэ. Эдгээр ажлын байр нь дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

Д.Сумъяабазар сайд “Одоогоос долоон жилийн өмнө Таван толгой бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан. Ордын үнэлгээ цаашид дахин нэмэгдэх боломжтой гэдгийг олон улсын судлаач, шинжээчдийн зүгээс хэлж байна” гэсэн юм. Харин иргэдийн нэр дээр байгаа 1072 ширхэг хувьцаа хэрхэн биежих нь Засгийн газрын хуралдаанаар яригдсан эсэх мэдээлэл алга. Өнөөгийн мөрдөж буй Үндсэн хуулиар иргэд хувьдаа өмчтэй байх эрхтэй. Хувьцаа зөвхөн Хөрөнгийн биржээр баталгааждаг. Хэрэв Засгийн газар Эрдэнэс Таван толгойн хувьцааны 30 хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжсан тохиолдолд иргэдийн 1072 ширхэг хувьцаа баталгаажих эхний алхам болно.

Засгийн газраас мөн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлэхээр боллоо. БНАСАУ-аас БНХАУ-д нийлүүлдэг нүүрс НҮБ-ын хоригт орсон нь Таван толгой төсөл хэрэгжихэд ашигтай нөхцөл болж байна. Мөн урд хөршийн зүгээс АНУ-аас импортолдог нүүрсэндээ 25 хувийн татвар тавих болсноор Монгол Улсын нүүрсний салбарт бас нэг боломж нээгдэж байна.

Тиймээс нүүрсний үнэ өсөлттэй байгаа энэ цонх үеийг ашиглах боломж Монгол Улсад бий. Энэ алтан боломжийг алдах учиргүй. Засгийн газар хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа юм. Таван толгойн нүүрсний орд газрыг ингэж цогцоор нь хөгжүүлж байж эдийн засагтаа нэг том алхам хийнэ.

Төмөр зам шуурхай тавигдаж, Таван толгой хөдөлснөөр иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж нээгдэнэ. Одоо Засгийн газраас УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь цагаа олсон зөв шийдвэр болно.

НҮҮРСНИЙ ТЭЭВЭРТ ҮҮССЭН ДАРААЛЛЫГ ДАХИН БУУРУУЛАХААР БОЛОВ

Засгийн газрын хуралдаанаар мөн Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Таван толгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчилсөн байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийхийг салбарын сайд, аймгийн Засаг даргад даалгасан байна. Засгийн газар өмнө нь шуурхай арга хэмжээ авч 100 гаруй км үргэлжилж байсан нүүрс тээврийн автомашины цувааг арилгаж байсан ч өнгөрөгч гуравдугаар сараас дахин дараалал үүсээд байсан юм.

Тухайлбал, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахаас Гашуунсухайт боомт хүртэл богинын тээвэр хийж байгаа автомашины цуваа 23 км болж өсчээ. Таван толгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжээс Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэл тээвэр хийж байгаа автомашины цуваа 39 км байгаа юм.

НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ УУТЫГ ИРЭХ ХАВРААС ХОРИГЛОНО

Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг Засгийн газраас хориглосон шийдвэр гаргалаа. Иргэд, импортлогчид эртнээс бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө уг шийдвэрийг гаргаж байгаа нь энэ юм.

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ИРГЭДДЭЭ ТУСЛАХ САНГИЙН ДҮРМИЙГШИНЭЧЛЭВ

Сангийн дүрэм, зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хурлаар хэлэлцэн шинэчлэхээр боллоо. Энэ нь гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд тогтмол тулгардаг эрх зүйн туслалцааны хүсэлтийн гадаад хэлээрх орчуулгын зардлыг гаргах зохицуулалт бий болгох зорилготой.

Манай улсын 150 мянга гаруй иргэн гадаадад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдсээр байгаа аж. “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан” нь 2009-2017 онд өргөдөл гаргасан иргэдэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан 1.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хамгийн урт өдөр, богино шөнө тохиож байна

Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ.

Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт нь болдог аж. Харин экватороос урагшхи бүсийн орнуудад эсрэгээрээ арванхоёрдугаар сарын 21, 22-нд хамгийн урт өдөр болж, зургадугаар сарын энэ өдрүүдэд хамгийн богино өдөр болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Тунаж үлдсэн үнэ цэнэтэй бүхнийг нэг далайлтаар хувьчилж болохгүй

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Дэгийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг өндөрсгөх асуудал яригдаж байгаа. Энэ парламент хэр ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж байна вэ?

-Хөх тэнгэрийн доор, хөрстийн дээр гишгэж яваа л бол байгалийн хууль гэж хүртэл захирагддаг зүйл байна. Салхи сөрж яваа хүн шиг нүд чихээ таглаж явах боломж ордонд байтугай орцонд ч байхгүй. Бид парламентийн тогтолцооны сул, давуу талыг амсаж, хаа хаанаа хариуцлагажих тийшээ явж байна. Төрийн хүн хэнээс ч илүү өндөр ёс суртахуунтай байх ёстой гэдэг сануулгыг ард түмэн хүчтэй өгч эхэллээ. Энэ нь маш зөв хандлага. Нийгмийг хуулиар засаглахаас гадна хүн чанарын дархлаагаар хэлбэршүүлнэ. Үйлийн үр гэж байна. Үүнийг л санаж явахад хариуцлага өөрөө зүрх сэтгэлд оршдог. Төрийн хуулийг сахихаас гадна түмнийхээ ёсыг дээдэлж, сэтгэл ариун, цагаан мөртэй явахсан гэж хичээдэг.

-Зарим гишүүд УИХ-ын дэгийг хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Ийм хуулийн төсөл эрх барьж буй намаас орж ирж байгаа нь өөрсдийгөө хариуцлагагүй ажиллаж байгааг илэрхийлж байна гээд байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-УИХ-ын дэгийг харин ч сайн хуульчлах ёстой гэж боддог. УИХ-ын гишүүн хүн ард түмнээ төлөөлж сонгогдсоны хувьд хэлэлцэж буй асуудал бүрт хариуцлагатай хандаж, санал, бодлоо илэрхийлж байх нь чухал. Адуунд явсан хүн гурав хоног алга болоход л айж сандардаг шүү дээ. Өрөөлийн амь амьдралыг үүрч яваа гэдгээ мартах учиргүй. Шаардлагатай бол чөлөө зөвшөөрлөө аваад хэлэлцэгдэж байгаа асуудлууд дээр бичгээр байр сууриа илэрхийлэх бүрэн боломж бий. УИХ-ын гишүүд өөрсдөдөө хариуцлага ногдуулж чаддаг байх ёстой. УИХ-ын дэгийн хуулинд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг цэгцлэх нь зөв. Гадаадын улс орнуудын жишгийг ч судалсан байна лээ.

-Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээж авсан. Тиймээс түүний гарч ирсэн тойрогт нөхөн сонгууль явагдах нь тодорхой. Уг сонгууль хэзээ хэрхэн явагдах бол?

-Нөхөн сонгууль мэдээж хуулийн дагуу явагдана. Тойргийн ард иргэдийг хууль тогтоох байгууллагад төлөөлөлгүй удааж болохгүй. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ товыг зарлана.

-Ерөнхийлөгчийн хориг одоо зөвхөн Д.Мурат гишүүнд үйлчлэхээр боллоо. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Д.Мурат гишүүн бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, шалгуулах болно. Улмаар гэм буруугүй нь нотлогдвол буцаад эрхээ сэргээх байх. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг холбогдох байнгын хороод нь дэмжсэн. Тиймээс уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тухайн үед хувь гишүүн өөрөө байр сууриа илэрхийлэх байлгүй дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх хууль хяналтын байгууллага гэж бий. Үнэхээр гэм буруугүй юм бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад нэр төрөө сэргээгээд буцаад ороод ирэх боломж Д.Мурат гишүүнд бий.

-УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн байр суурийг та хэрхэн хүлээн авдаг вэ?

-Энэ удаагийн УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь түүхэндээ хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй болсон. Эмэгтэй хүн ядарсанд зөөлөн, задарсанд хатуу байж чаддаг. Нийгмийн энэ л захиалгаар УИХ-д эмэгтэй гишүүдийн төлөөлөл нэмэгдсэн гэж боддог. Өмнөх эмэгтэй гишүүд нийгмийнхээ халуун цэгт ойр байсан. Энэ удаагийн УИХ дахь эмэгтэй гишүүд бодит ажил хэрэгт илүү анхаарал хандуулж байна. Санхүү, эдийн засгийн боломжоос хамаарч нийгмийн халамжийн хүрээ хумигдаж эхэлсэн энэ үед хязгаарлагдмал нөөцийг оновчтой зарцуулах, нийгмийн халамж хэрэгтэй хэсэгт түлхүү хүргэх, нийгэмд гэрэл гэгээ үүсгэх зүйлс, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхэд эмэгтэй гишүүд голлон ажиллаж байна. Гадаадын улс орнуудын жишгийг харахад ч нийгмийн салбарыг эмэгтэйчүүд удирдаж илүү амжилтанд хүргэдэг юм билээ. Энэ ч утгаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг эмэгтэй сайд нар удирдаж байгаа нь нүдээ олсон шийдвэр гэж хардаг. Харин өнгө, мөнгө дагасан бүлэглэлээс хол байж гэмээнэ эмэгтэй хүний мөн чанар “толгойны эргээс”-т автахгүй гэж боддог.

-Сүүлийн үед ШХАБ-д элсэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Таны бодлоор энэ байгууллагад манай улс элсэх шаардлага байгаа юу?

-Дэлхий дахины улс төрийн нөхцөл байдал, уур амьсгал эгзэгтэй байна. Монгол Улс олон улсын түвшинд энх тайвныг тогтоох талаарх байр сууриа тууштай хадгалдаг төвийг сахисан, энх тайванч орон. Энэ байр сууриа баталгаажуулах, хадгалахын төлөө явахаас гадна хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг эрхэмлэх ёстой. Энэ чиглэлд баримталж ирсэн байр суурь ч бий. Судалж, хэлэлцэж байгаа үйл явцыг ч мэдээж УИХ-ын гишүүний хувьд анхааралтай хандаж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар задгай ярих боломжгүй.

-Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна. Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд гарын үсэг зурж эхэлсэн гэх яриа гарсан. Энэ үнэн үү?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн хариуцдаг. Түүний удирдсан Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг энэ л шалгуураар харах ёстой. Энэ утгаар авч үзвэл үе үеийн Засгийн газар гал унтраах байдлаар явж ирснээс асуудал их хуримтлагдсан. Монгол Улсад бүтэн хэрэгждэг хууль байхгүй болчихсон. УИХ-аас баталсан хуулиудыг хэрэгжүүлэх, дүрэм журам, шийдвэрүүд нь гардаггүйгээс муу хууль гэсэн нэр зүүгээд өнгөрч байна. Миний бие энэ асуудлыг хөндөж, УИХ-аас батлагдсан бүх хуулиа эргэж хараад хууль дагаж гарах хичнээн шийдвэрийг үе үеийн Засгийн газар гаргаагүй байгааг тооцож, хууль нь муу байна уу, хэрэгжилт муу байна уу гэдгээ тодорхой болгооч гэдэг асуудлыг тавьсан. Зөвхөн Соёлын өвийг хамгаалах асуудлаар 24 журам батлах ёстойгоос 15-ыг нь одоо хүртэл батлаагүй бодит жишээ байна. Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн ямар нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгааг ч бодолцох ёстой. Миний бие УИХ, Засгийн газар хамтарч, зөвхөн улс эх орны эрх ашгийн төлөө нэг чигт харж ажиллаасай гэсэн байр суурийг хадгалж ирсэн. Ер нь Засгийн газрыг огцруулах яриа бодитой, бодигүй нь мэдэгдэхгүй л явж байдаг асуудал болчихжээ. Нэг намын Засгийн газар гэлтгүй өндөр хариуцлагатай ажиллах ёстойг сануулсан цаг үеийн сэрүүлэг гэлтэй. Үе үе гэрээ нураагаад байвал үнсэн дээр хаясан шалз гэдэг шиг үнэний сүүдэргүй болчих вий гэж түгшдэг.

-Төрийн өмчийн 27 байгууллагыг хувьчлах асуудал яригдаж байна. Өмч хувьчлах асуудал үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Энэ удаагийн өмч хувьчлалын асуудлаарх таны байр суурь ямар байна?

-Монгол Улс 27 жил өмч хувьчлал явуулсан. Төр муу менежер гээд л хувьчлаад байсан. Гэтэл төр сайн менежерийг л олж тавих ёстой юм байна гэдгийг хоёр хөрш маань баталчихлаа. Бүхэлд нь хувьчлах биш, тодорхой нөхцөлтэйгөөр, тогтоосон хувийг хувьчлах нь зөв ч байж болохоор харагдаж байна. Өнгөрсөн хугацааны хувьчлалд дүн тавьж, дүгнэлт хийж, алдаа оноо, сургамжаа санамжиндаа эхлээд авч байж, хувьчлалыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх нь зөв. Тунаж үлдсэн үнэ цэнэтэй бүхнийг нэг далайлтаар хувьчилж болохгүй. ААН, байгууллага бүр дээр нэг бүрчлэн хэлэлцэх хэрэгтэй. Газар дээр нь танилцах, ажиллагсдынх нь байр суурийг ч сонсох шаардлагатай. УИХ-ын даргын за-хирамжаар том ажлын хэсэг гараасай гэж хүлээж байна.

-Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийг өмнөх хуулиасаа дордуулж оруулж ирлээ. Түүхий байна. Зарим нэг заалтууд нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Төсвийн орлогыг багасгах гэх мэт сөрөг үр дагавартай хууль орж ирлээ гэж сөрөг хүчнийхэн дүгнэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бүтээж буйгаас нь илүү олж байгааг нь хянах гээд байдаг муу зуршил бий болчихжээ. Тоолж баршгүй, тооцож давшгүй нийгмийн тус бүтээж байгаа хүмүүсээ илүү хараад байдаг. Энийг л засах агуулгаар татварын хялбаршуулсан тогтолцоо бий болгох гэж энэ хуулийн шинэчилсэн зохицуулалт орж ирсэн гэж ойлгож байна. Хэлэлцүүлгийн шатанд мэдээж анхаарах, засах боломж бий. Манай улс татварын хэмжээгээрээ бусад улс орнуудтай харьцуулахад их биш, дундаж юм билээ. Харин татвар тооцож, хураах, тайлагнах, хяналт тавих тогтолцоо гээд хэрэгжүүлэхэд хүндрэл чирэгдэл ихтэй байсан. Өөрөөр хэлбэл татварын байгууллага, байцаагчдын үзэмж, нөлөөлөл их ордог, төвөгтэй зохицуулалттай гэж байнга л шүүмжлэгддэг. Гадаадын зарим улсад жижиг, дунд аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд маш хялбар зохицуулалттай байдаг юм билээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд бол сургалтандаа суугаад л тогтмол хэмжээгээр татвараа төлөөд явчихдаг. Тайлагнах хугацаа нь жилдээ нэг байдаг. Манайд болохоор улирал бүр тайлан өгдөг, тэр бүхнээс нь татвар тооцох гээд байдаг. Гэтэл манай бараг бүх бизнес улирлын чанартай. Энэчлэн ажлын байр бий болгож, амьдралаа аваад явж байгаа иргэддээ ээлтэй баймаар байна. Мөн орчин үеийн технологийн дэвшил, цахим тайлан, мэдээллийн тогтолцоог ашиглах талаас ч дэвшилттэй заалтууд орсон байна. УИХ дээр ажлын хэсэг гарч, хэлэлцүүлгүүд явагдана. Үүнд иргэд, ААН, мэргэжлийн байгууллагууд орж ажиллан, саналаа өгөх хэрэгтэй. Энэ чухал хуулиа хамтраад зөв зүйтэй болгоод гаргачихвал аштай юу даа.

-Удахгүй хаврын чуулган өндөрлөх гэж байна. Энэ чуулганы хугацаанд та ямар хуулийн төсөл дээр голлон ажиллав. Ирэх намрын чуулганы хугацаанд хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-УИХ-ын нэг удаагийн чуулганаар дунджаар 30 гаруй бие даасан хууль, 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, 50 орчим тогтоол, шийдвэрийг гаргадаг. Энэ бүхэнтэй нэг бүрчлэн танилцаж, саналаа хэлж, тусгуулж, ард иргэдийнхээ дуу хоолой болж ажилладаг. Өнгөрсөн чуулганы хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай болон нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжид олон том өөрчлөлтүүд орсон. Миний хувьд ажлын хэсэгт нь орж, зарим нэг ажлын хэсгийг ахалж ажилласан. Ямагт чухал байдаг нэг асуудал бол жил, жилийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, бодлогын баримт бичгүүд байдаг. Энэ чуулганы хувьд эдгээрт анхаарч, Байнгын хорооны гишүүний хувьд боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудлаар голлон санал бодлоо тусгаж, тодорхой ажлуудыг барьж авч үр дүнд хүргэхийн төлөө ажиллалаа. 1996 онд батлагдсан Соёлын өвийн тухай болон 2014 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, цаашид боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээг тодорхойлж гаргаж ирэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Төв номын сан, Соёлын өвийн үндэсний төв, Байгалийн түүхийн музейн барилгуудын ажил урагшлахгүй байгаа. Хүүхэд залуучуудын урлаг соёлын байгууллагууд үндсэндээ байхгүй болчихож. Салбарын боловсон хүчин 5600-гаадхан хүн бий. Тэдний цалин хангамж, төрийн албан хаагчдын жишгээс бараагүй хоцорчихсон байна. Улс, орон нутгийн чанартай музейнүүд засвар арчилгаа байхгүй, соёлын хосгүй үнэт өвүүд тоосонд дарагдаж, дусаалд идэгдэж, устаж үгүй болоход ойрхон боллоо. Улаанбаатар хотод байгаа бүх музей, урлаг, соёлын байгууллагууд эзэмшил газраа өм цөм алдсан. Бүгд маргаантай гээд Монголын соёл дайны талбарт байгаа юм шиг хүнд байдалд байна. Гэтэл хөрш орнуудад монгол үндэстний соёлыг ямар өндөр түвшинд бодлогоор авч дэмжиж хөгжүүлж байна вэ. Гэтэл бид энэ их оюуны баялгийг дэлхийн соёлын өвд ч бүртгүүлэх зардалгүй, бүртгүүлснээ хамгаалах чадалгүй, улсын тусгай хамгаалалтад авах гэхээр хамгаалалтын захиргаа байгуулах зардлаа ч шийдвэрлэж чадахгүй сууж байна. Бид хөрш, орнуудаасаа ядаж л үндэснийхээ соёл, урлагаар хоцрох эрхгүй. Энэ бол тусгаар тогтнолын үндсэн баталгаа.

-Энэ чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болов уу. Гол өөрчлөлт оруулах заалт нь юу байгаа юм бол. Таны байр суурь ямар байна?

-Мал мянга хүрэхээр алж идэх хонь олддоггүй гэдэг. Монгол Улс тавхан хуультай байхдаа товхон явж ирсэн. Одоо таван зуу гараад баригдах, мөрдөгдөх нь цөөн болжээ гэж санагддаг. Үндсэн хууль руугаа бид өнөөдрөөс илүү маргаашаа бодож орох ёстой. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал гээд тухайн улсын үнэ цэнийг илтгэх туг сүлднээсээ хүртэл эхлэх ёстой гэж хардаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт ард түмнийхээ санал хүсэл дээр тулгуурлаж хийх ёстой гэсэн чиглэлийг би анхнаасаа барьсан. Жил тойрон ард түмнээсээ санал асууж, орон нутгаар хэлэлцүүлэг хийж, эрдэмтэн судлаачдаар олон удаа хэлэлцүүлсэн. Гэхдээ цөөхөн хэдэн чиглэлээр буюу санал нэгдэж болох хэмжээндээ л өөрчлөлт оруулахаар боловсруулж байгаа юм байна лээ. Өргөн баригдлаа гэхэд хэлэлцэн батлах онцгой дэгтэй. Энэ хаврын чуулганаар амжихааргүй болж байх шиг байна. Нэлээд нухацтай хэлэлцэх шаардлага гарна. Миний хувьд төсөл өргөн баригдахаар заалт бүрээр судалж, тойргийн сонгогчид, эрдэмтэн судлаачид, туршлагатай хүмүүсээс санал авах ажлыг чадах хэрээр хийнэ гэсэн бодолтой байгаа. Одоогийн боловсрогдож байгаа төсөлд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, сайдаар давхар ажиллахыг хязгаарлах, мөн УИХ-ын гишүүний хариуцлагыг чангатгах, эгүүлэн татах нөхцөлийг тусгах, сонгогдох насыг нэмэгдүүлэх, аймаг, хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох гээд ард иргэдийн тавьдаг асуудлуудыг түлхүү тусгаж байгаа. Үндсэн хууль ард түмний язгуур эрх ашгийг тусгаж илэрхийлж байдаг тул тогтвортой хэрэгжүүлэх нь чухал ч зайлшгүй шаардлагаар өөрчлөлт оруулахад болохгүй зүйлгүй гэж боддог. Мөн Үндсэн хуулиндаа хүрэхгүйгээр хийж хэрэгжүүлэх боломжтой зүйлийг заавал тусгах гэж зүтгэх хэрэггүй болов уу.