Categories
мэдээ нийгэм

Гадаад худалдааны бараа эргэлт өсчээ

Энэ оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 23%-иар буюу 690 сая ам.доллараар өсчээ. Ингэснээр гадаад худалдааны бараа эргэлт 3,707 сая ам.долларт хүрсэн байна. Тайлант хугацаанд худалдааны тэнцэл 543 сая ам.долларын ашигтай байсныг Монголбанк тооцоолжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаар хавсаргав.

Гадаад худалдааны бараа эргэлт өсчээ

Categories
мэдээ нийгэм

Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавиж байна

Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 19-ний өдөр эхэллээ. Энэхүү хамтарсан хяналт, шалгалтын ажил энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм байна.

Энэ удаагийн хяналт, шалгалтад Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлүүд хамрагдаж байна. Тодруулбал, “Автобус нэгдэл” ХХК-ийн Ч:З чиглэл ,“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч:2 чиглэл, “Блюбус” ХХК-ийн Ч:40, “Эрдэм транс” ХХК-ийн Ч:6 чиглэл, “Эрдэм транс” ХХК-ийн ХО:5 чиглэл, “ГБус” ХХК-ийн Ч:45 гэсэн чиглэлүүд багтжээ.

Энэ удаагийн хамтарсан шалгалтын зорилго нь автотээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, “ Ситибаз консалтинг” ХХК болон Зорчигч тээврийн нэгтгэлийн хяналтын ажилчид, шалгагч нар хамтран явуулж байна.

Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдөр буюу өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрчээ.

Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчилт хийж байхыг Нийслэлийн тээврийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хар зүрхний хөх нуурын орчим дах хогийг цэвэрлэжээ

Байгалийн үзэсгэлэни болон түүхэн дурсгалт газруудын нэг болох Хар зүрхний хөх нуурын ойр орчмыг хогоор дүүргэсэн зураг хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээгээ их түгсэн билээ.

Энэхүү зургийг олон мянган иргэн шэйр хийж, цэвэрлэхийг шаардсан бөгөөд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ЗДТГ-ынхан нуурын ойролцоох газрыг цэвэрлэж, их хэмжээний хог цуглуулжээ. Мөн нуур дагуух аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сумын байгаль орчны байцаагч шалгаж, жуулчны баазуудыг ойр орчмынхоо газрыг цэвэрлэхийг үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авлига, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд үүний дотор Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар гэх мэт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон юм.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай буюу нийслэлчүүдийн нэрлэдгээр “Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21.2.3, 33.1.1 мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн тул хотын дарга С.Батболд уг компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа.

Цаашид Хотын дарга 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэхээ илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдөрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж арванхоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийнсайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 45.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 28.1 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагдсан. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 4.3 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, авлага 4.3 их наяд, үндсэн хөрөнгө 25.8 их наяд төгрөг тайлагнагдсан. Нийт өр төлбөрийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 6.8 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.4 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 7.7 их наяд, гадаад зээлийн өглөг 9.1 их наяд төгрөг байна. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд анх удаа Үндэсний аудитын газраас зөрчилгүй санал, дүгнэлтийг гаргасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.

Мөн тэрбээр, Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1646 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5058 төсвийн байгууллагууд, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан. 2017 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 7.3 их наяд төгрөгт хүрч 108.8 хувийн биелэлттэй, зарлага 9.0 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байна. Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 6 их наяд 589.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 6 их наяд 382.6 тэрбум төгрөг, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 165.2 тэрбум төгрөгийг тус тус төлсөн бол, гадаад төслийн зээлээр 751.5 тэрбум төгрөгийг, хөтөлбөрийн зээлээр 1их наяд 478.1 тэрбум төгрөгийг авч ашигласан байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.2 их наяд төгрөгт хүрч, 109.4 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч, 96.2 хувийн биелэлттэй гарсан байна. Улсын төсвийн зарлага 7 их наяд 139.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 281.0 тэрбум төгрөгөөр бага, өмнөх оны гүйцэтгэлээс 254.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зарлагын 15.1 хувь буюу 1 их наяд 81.4 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 16.2 хувь буюу 1 их наяд 156.5 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 715.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 8 хувиар буюу 64 тэрбум төгрөгөөр бага байна гэж танилцуулж байв.

Орон нутгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 2 их наяд 437.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 2.6 хувь буюу 61.6 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн байна. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын санхүүжилтэд нийт 1 их наяд 267.9 тэрбум төгрөгийг төлөвлөгөөний дагуу бүрэн олгосон байна. Орон нутгийн төсвийн нийт зарлага 2 их наяд 437.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 7.1 хувь буюу 186.5 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Нийгмийн даатгалын сангийн 2017 оны орлогыг 2 их наяд 38.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2 их наяд 114.2 тэрбум төгрөг төвлөрч, 103.7 хувийн биелэлттэй гарсан байна.Тогтворжуулалтын сангийн орлогод 2017 онд 242.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 325.7 тэрбум төгрөг төвлөрч, 134.3 хувийн биелэлттэй гарсан. Ирээдүйн өв сангийн 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 333.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 357.7 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 107.3 хувийн биелэлттэй гарсан байна. 2017 оны Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд тавигддаг тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдлаа.

Дараа нь Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар аудитын дүгнэлтийг танилцуулав. Танилцуулга болон аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс хувьчлагдахаар төлөвлөгдсөн төрийн өмчит аж ахуйн нэгжид аудит хийсэн эсэх, эдгээр аж ахуйн нэгжүүдийн үр ашиг болон, улсын хэмжээнд дуусаагүй барилгын асуудлыг цэгцлэх, арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илүүтэй тодруулав. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ дотоод нийт бүтээгдэхүүний хэдэн хувьд байгааг лавлаж байсан.

Үндэсний аудитын газраас 2017 онд батлагдсан сэдвийн хүрээнд төрийн өмчит 128 аж ахуйн нэгжид санхүүгийн аудит хийсэн. Санхүүгийн тайланг нэгтгэхэд 68 хувь нь ашигтай ажилласан байлаа. Түүнчлэн хувьчлагдахаар төлөвлөгдсөн нэр бүхий дөрвөн төрийн өмчит аж ахуйн нэгж, обьектод Үндэсний аудитын газраас аудит хийгээгүй.Цаашдаа аудит хийсний дараа хувьчлалын асуудлыг төлөвлөх шаардлагатай байна. Мөн сэдвийн хүрээнд улсын хэмжээнд дуусаагүй барилгын 38 обьектод аудит хийсэн бөгөөд дүгнэлтийг нь барилга тус бүрээр гаргахаар ажиллаж байна. Одоогоор хоёр барилгын объектыг буулгахаар болсон гэж Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар хариуллаа.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Үндэсний аудитын газраас дуусаагүй барилгын обьектыг дуусгах чиглэл өгсөн. 2010 онд баригдаж эхэлсэн обьект өнөө хэр дуусаагүй байх жишээтэй. Тиймээс 2019 он гэхэд дуусаагүй барилгуудын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг онцлов. Мөн тэрбээр, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрч, эдийн засгийн идэвхжил сэргэсэн. Тухайлбал, ноолуурын килограмын үнэ 100 мянган төгрөгт хүрч, ноосны үнэ багагүй өссөний үр дүнд малчдын олонх банкны зээлээ хааж, зарим нь нийт зээлийнхээ 80-85 хувийг төлж дуусгаад байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар 2017 оны 10 дугаар сараас эхлээд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авахыг зогсоохын зэрэгцээ өмнө авсан өр авлагаа төлсөн. Энэ нь арилжааны банкуудын зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж байлаа. Түүнчлэн Засгийн газрын нийт өр 22 их наяд 751,6 тэрбум төгрөг буюу өнөөгийн үнэ цэнээр 20 их наяд 11.4 тэрбум төгрөгт хүрч Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувьтай байна. Засгийн газраас 2018 онд өрийн хэмжээг ДНБ-ий 63 хувь, 2019 онд 51 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэж Сангийн сайд хэлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын дэд хороо болон холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимын дагуу хийлээ.


Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тогтоолын төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “12.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” гэж нэмэхээр тусгасан байв.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52,2 хувь нь дэмжив.

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА

Чуулганы хуралдаан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.


Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Мөн хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 1 дүгээр зүйлд найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах талаар зарчмын зөрүүтэй санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэллээ. Ингээд Байнгын хорооны дэмжээгүй саналаар санал хураав. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 1 дүгээр зүйлийг 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Аймаг нийслэл,сум дүүргийн хэлтэс, албаны даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлөх, нэгжийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж тухайн хэлтэс, албаны дарга томилж, чөлөөлнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Нэгдсэн хуралдаан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав.


Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй тул зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Төслийн 1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “аймаг, нийслэл, дүүргийн ниймгийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нйислэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэснийг “аймаг, нийслэл, дүүргийн ниймгийн даатгалын байгууллагын даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга, дүүргийн нийгмийн даатгалын даргыг нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,6 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараауг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа.


Төслийн 1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэснийг “аймаг, нийслэл, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82,6 хувь нь дэмжлээ. Ингээд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Дараа нь Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд саяхан нийслэлийн 79 дүгээр сургууль дээр гарсан эмгэнэлт явдлыг дурдаад, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулав. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаахариултдаа болсон хэрэг явдалд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг тодотгохын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиудын барилга хуучирч муудсан нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд асуудал үүсгэж байгааг онцлов. Цаашлаад 2019, 2020 оны улсын төсвийг хэлэлцэхэд сургууль цэцэрлэгийн засвар, хөрөнгө оруулалтад анхаарч, дэмжлэг үзүүлэхийг гишүүдээс хүссэн.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд 18.3 Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыгМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө”, 18.4 хэсэг “Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө” гэж тус тус нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,9 хувь нь дэмжив. Иймд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Мөн хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.


Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав.

Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.52-т “Биеийн тамир, спортын эрх зүйн орчинг боловсронгуй болгож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний спортын өв соёлыг хөгжүүлэх, өвлөн уламжлах бодлого, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэж заасан аж. УИХ-аас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оноос эхлэн мөрдөж байгаа.

Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна. Мөн УИХ-аас 2015 онд баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-д “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна” гэж заасан байдаг. Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.2-т Засгийн газар нь “биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх”-ээр заажээ. Иймд УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, хариулт авав. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа хариултдаа, 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Монгол Улсын 330 сум бүрд арга зүйчид ажиллаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх болсныг дурдаад, цаашлаад тив, дэлхийн дэвжээнд өрсөлдөх их спортын тамирчдадаа спортын холбоогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх, шаардагдах хөрөнгийг нь улсын төсөвт суулгаж, 2020 оны Токиогийн олимпт оролцох баг тамирчдыг бэлтгэх албан ёсны үндэсний зөвлөл байгуулж, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг тухай бүрт шийдвэрлэнэ гэдгийг онцолж байлаа.

Ингээд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 76,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүнээс өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч гишүүн Л.Элдэв-Очир, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав.

Дээрх хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарсаар байгаа төдийгүй хууль, шүүхийн байгууллагад хандсаар байгаа аж. Дээрх хууль нь дараахь гажуудлыг бий болгож байна гэж үзэн өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн буруу зохицуулалтын улмаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах явдал байсаар байна. Хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотой тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч буй явдлыг зогсоох зорилгоор чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгож холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хандлагыг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бий болгох зэрэг хэдэн хэдэн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төсвийн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Л.Цогзолмаа, О.Содбилэг, Д.Оюунхорол,Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Н.Оюундарь, Д.Ганболд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа нарын зүгээс тендерийн маргааныг тодорхой хугацаа зааж шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргах зэргээр хуулийн төсөлд нарийн тусгах шаардлагатай байна гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хамгийн бага үнэтэй тендерийг хамгийн сайн гэж ойлголтын гажуудлыг засах,Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол уг хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төсөлтэй нэгтгэж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг тус тус хэлж байлаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79,5 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав.


Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хийжээ. Ажлын хэсгээс гаргасан Эрүүгийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бодлогыг хэт сулруулах зохицуулалтыг төслөөс хасаж, тодорхой хязгаарлалтыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлэлцэн дэмжсэн аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тулхуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалаа. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.

Байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулж, саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Болд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа.Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Ингээд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад сувилагч нарын үүрэг чухал

СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ СУВИЛАХУЙН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН боллоо.

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариуцлагатай бөгөөд томоохон үүргийг гүйцэтгэгч сувилагч нарыг албан ёсоор 1929 оноос сургаж бэлтгэж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сувилахуйн боловрол олгох төрийн өмчийн 4, хувийн хэвшлийн 10 сургуулиар сувилахуйн дипломын 3 жилийн бакалаврын 4 жилээр боловсрол эзэмшүүлж байна. СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ СУВИЛАХУЙН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН боллоо.

Сувилагчид 1997 оноос мэргэжлийн зэрэг хамгаалж эхэлснээс хойш одоо 3061 ахлах, 670 тэргүүлэх, 6 зөвлөх зэрэгтэй сувилагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт сувилагчдын 32,5 хувь болж байна.


СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ СУВИЛАХУЙН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэллээ. Тэрээр цаашид бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хөгжлөө тодорхойлох үүднээс сургалтын агуулга, арга зүйг илэрхийлэгч үндэсний контент бүхий сурах бичиг, түүнийг орчуулан хүргэгч мэргэжлийн сувилагч мэргэжлийн багш нарын бэлтгэх ёстой.

Сургалтын чанар, орчин нөхцлийг тасралтгүй сайжруулж ажиллах ёстой. Сургалтын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, удирдлагын багт сувилагч мэргэжлийн хүмүүсийн эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Одоо манай орны практикт, удирдах ажилтнууд, эмнэлгийн дарга эмч, сургуулийн захирлууд тэр дундаа сувилахуйн сургуулийн захирлууд эмч мэргэжлийн хүмүүс байж гол шийдвэрүүдийг анагаах талдаа гаргах хандлага ноёлж байгаа учраас сувилахуйн шинжлэх ухааныг бие даалган хөгжүүлэх асуудал, дэлхийн хөгжлийн түвшинд хүрсэн сувилахуйг хөгжүүлэх асуудалд бид сэтгэлгээний том хувьсгал хийх шаардлагатай байгаа юм.

Нөгөө нэг асуудал бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжруулах асуудал чанартай мэргэжилтэн бэлтгэн гаргахаас эхлэх ёстой.

Энэхүү мэргэжилтэн нь мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар бүхий, орчин үеийн техник, технологийн түвшинд түүртэлгүй ажиллах хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой.

Тиймээс энэхүү чуулганы зорилго нь дэлхийн сувилахуйн боловсролын хөгжлийн баримт бичгүүдийг судлан, өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан хөгжлийн бодлогоо тодорхойлоход оршиж байгаа юм.

Энэ утгаараа бид сувилагч бэлтгэх сургууль нь тусламж, үйлчилгээний чанартай нягт уялдаатай буюу өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд үйлчилж байгаа гол зарчим болох төгсгөсөн сургууль нь төгсөгчийнхөө гаргасан мэргэжлийн алдааг үүрдэг хариуцлагын тогтолцоог бид нэвтрүүлэх асуудлыг энэхүү бодлогын барим бичигтээ тусгаарай.

Сувилахуйн боловсролын урт болон дунд хугацаанд сувилагч бэлтгэх боловсролын чиг хандлагыг тодорхойлох энэхүү чухал үйл ажиллагаанд хүн бүхэн идэвхи санаачлагатай оролцоно гэдэгт итгэлтэй байна. гэлээ

Categories
мэдээ нийгэм

Холбоочдын тэмцээн эхэллээ

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж буй хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр өнөөдөр эхэллээ.

Холбоочдын мэргэжлийн болон спортын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэгийн цар хүрээ, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой тус тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 17 багийн 80 гаруй тамирчин оролцож байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн шуурхай удирдлагын Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн мэргэжилтнүүд, техникийн бэлэн байдал хариуцсан инженерүүд, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан операторууд, Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн алба хаагчид оролцож байгаа юм.

Тэмцээн хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

15 мвт-ийн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт Замын-Үүд суманд үргэлжиллээ. Бүс нутгийн логистикийн төвийн барилгын ажлын явц, Хилийн цогцолборын үйл ажиллагаа, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ажилтай газар дээр нь танилцаж, сумын иргэдтэй уулзалт хийж, 15 МВт-ийн “Гэгээн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулах нээлтийн ёслолд оролцов.

15 МВт-ийн Гэгээн нарны цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га талбайг хамарч байна.

Baramsai Chadraabal-н зураг.

Японы Шигемицү Шожи болон Шарп корпораци, Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалтаар “Наран тээг” компани барилга угсралтыг нь хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өглөө. Гэгээн станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, манай орны эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор бууруулж, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх зэрэг байгаль орчинд ээлтэй, Замын-Үүд сумын иргэдэд үр өгөөжөө хүртээх бүтээн байгуулалт болжээ. 2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Монгол Улсын Засгийн газрын зорилтод бодитой хувь нэмэр оруулна гэв. Санхүү эдийн засгийн хувьд шинээр байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37,11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулахаар тооцоолсон байна.
Сайншандын аж үйлдвэрийн парк, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болон уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих бүс нутгийн хэмжээнд эрс нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг ханган, цаашид нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай үйл ажиллагааг дээшлүүлнэ. Багануур, Замын-Үүд чиглэлийн эрчим хүчний шугамын ачааллыг хөнгөлж, системийн хувьд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, алдагдлыг бууруулах юм.

БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВИЙН БАРИЛГА УГСРАЛТ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Замын-Үүд суманд баригдаж буй “Бүс нутгийн логистикийн төв”-ийн барилга, угсралтын ажлын явцтай танилцлаа. Ажлын гүйцэтгэл батлагдсан хуваарийн дагуу хийгдэж, 85 хувийн ажлын гүйцэтгэлтэй, энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 71.64 сая ам.долларын төсөвт өртөгтэйгөөс 45 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг АХБ-аас Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэн ажиллаж байна.

Baramsai Chadraabal-н зураг.

Бүс нутгийн логистикийн төв нь Замын-Үүд сумын баруун урд хэсэгт 128 га талбайд баригдаж байна. Чингэлэг хүнд даацын агуулахын гурван бүс, 50-70 тонны даацтай гүүрэн өргөгч, механизмын засварын төв, төмөр замын өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай хоёр түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж 1.6 км авто зам, газар доогуурх байгууламж зэргээс бүрдэнэ.
Бүс нутгийн тээвэр логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн том оврын тоног төхөөрөмж болон дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн шинэ боломж нээгдэнэ. Ингэснээр бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц, гарц өрсөлдөх таатай нөхцөл бүрдэнэ гэв. Мөн, уг төв ашиглалтад орсноор 300 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдана.
ЗАМЫН-ҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД 58.5 ГА ГАЗРЫГ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ОЛГОЖЭЭ
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, авто зам холбоо, дохиолол суурилуулах зэрэг дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 362.2 га газарт хийжээ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 90 МВт-ын дулааны цахилгаан станц, дулаан дамжуулах төв, дулааны шугам хоолойг суурилуулаад байна.
Түүнчлэн худалдаа үйлчилгээ, зочид буудал, үйлдвэр, агуулах, логистик, шатахуун түгээгүүрийн зориулалтаар ашиглуулахаар 24 аж ахуй нэгжид 28 төрлийн төсөлд 58.5 га газрыг Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн албанаас иргэдэд олгожээ.
“УАЗ-469” АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВЭР ЭРХЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД САНУУЛЛАА
Baramsai Chadraabal-н зураг.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.
Сумын иргэд Ерөнхий сайд болон Дорноговь аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авав.
Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэн жолооч нар болон хил, гаалийн ажилчид, хэв журам сахиулах цагдаагийн ажилчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа талаар олон иргэд ярьж оновчтой гарц, шийдэл гаргахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.
Ерөнхий сайд жолооч нарыг Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өнгө, үзэмжээ сайжруулж, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн тээвэр эрхлэхийг уриалж, Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ажлын хэсэг байгуулж богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Иргэд, жолооч нарыг хилийн зурвас, улсын онцгой бүсэд танхайрахгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу анхаарууллаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байж, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах үүргээ биелүүлж, эс дагаж мөрдсөн тохиолдолд цагдаа хариуцлага тооцож дэг журам сахиж ажиллахыг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Маргааш зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна

Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил батлагдсан хуваарийн дагуу цаг хугацаандаа бүрэн хэрэгжиж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуульд хэрэглэхсаналын хуудас, техник хэрэгслийг хуульд заасан хугацаанд нь санал авах байранд хүргүүлж дууслаа.

Хуульд заасны дагуусанал авах өдрийн өмнөх өдөр буюу маргааш 09.00-20.00 цагийн хоорондсонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч болон дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд, санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нар саналаа өгөх юм.

Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу маргааш 00.00 цагаас өмнө зогсооно.

Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн 4 суманд болно. Сонгуульд оролцохоор 3 нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж өрсөлдөж байна гэжСЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Х.Баянмөнх аварга “Төрийн наадам хохирол амсана. Миний ард мянган бөх байгаа” гэж хэлсэн

Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат холбоодын маргааны асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр “Бид бүхэн учраа олж байгаа. Гэхдээ эвлэрэх дургүй ганцхан хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга байна” гэж хэлсэн. Яагаад та ганцаархнаа эвлэрэх дургүй байгаа юм бэ?

-Би эвлэрч чадахгүй байна уу, тэр хүмүүс миний нэрийг барьж худлаа гүтгэж байна уу гэдгийг ард түмэн өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудаас харж байгаа болов уу. Тиймээс олон түмэндээ илүү дэлгэрэнгүй, баримттай ойлголт өгөхийн тулд би цаг хугацааны дараалалтай, нотолгоотой зүйл ярья. МҮБХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн өнгөрсөн Гуравдугаар сарын 24-ний өдөр болсон наймдугаар ээлжит “Их Эе”-ээр сонгогдсон. Энэ өдөр шинээр сонгогдсон МҮБХ-ны дэд тэргүүн, Ц.Магалжав нөгөө талын төлөөлөл улсын заан Ж.Ганболдтой ярьсан. “Хууль, дүрмийн хүрээнд МҮБХ-ны ээлжит чуулган боллоо. МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдлоо” гэж ярьж. Харин Ж.Ганболд заан “Аварга сонгогдсон юм бол би юу хэлхэв. Залуучууд та нар идэвхтэй байр суурь эзлээд явж байгааг дэмжиж байна. Гэхдээ хуучин Р.Нямдорж, Д.Данзан нарыг удирдлагын бүрэлдэхүүнд оруулах байх, тэрийг би харж байна” гэж хэлсэн байна лээ. Энэ яриа баримттай. Үүний дараа дөрөвдүгээр сарын 6-нд Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар Л.Чинбат, А.Сүхбат, Б.Гантогтох нартай уулзсан. Энэ үеэр Ц.Магалжав наймдугаар “Их Эе”-ээр шинэчлэгдэн батлагдсан дүрэм, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан. Харин нөгөө талынхан дахин “Их Эе”-ийг хуралдуулах санал тавьсан. Уг саналыг Ц.Магалжав тэргүүтэй хүмүүс хүлээн авч, хоёр тал дахин хуралдахаар санал тохиролцсон. Ингэхдээ наймдугаар “Их Эе”-ээр баталсан дүрмийн дагуу хуралд оролцох төлөөлөгчдийг бүрдүүлэхээр тохирч. Энэ үеэр А.Сүхбат “Ийм бүрэлдэхүүнтэй хуралдвал би асуудалгүй оролцоно” гэдгээ хэлсэн. Х.Баянмөнх гуайн хүү Б.Гантогтох “Ийм “Их Эе” хийвэл Ба аварга дахиад гараад ирэх юм байна” гэсэн байна лээ. Ингээд дахин “Их Эе”-ийн хуралдаанаар миний нэрийг болоод Л.Чинбатын нэрийг МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлэхгүй байхаар тохиролцсон. Би энэ саналыг хүлээн авч дэмжсэн. Надад нийт бөхийн хамт олны багаар бодоход 80 хувь нь итгэл өгч энэ ачааг үүрүүлсэн болохоор Тэргүүний албыг хүлээн авсан болохоос зууралдсан юм байхгүй. Ингээд байж байтал монгол бөхийн ноён оргил дархан аварга Ж.Мөнхбат гуай бурхны оронд заларсан. Тиймээс хоёр тал их аваргын ажил явдлын үеэр ямар нэгэн асуудал гаргахгүй гэдгээ тохиролцсон. Гэтэл Л.Чинбат тэргүүтэй хүмүүс уг тохиролцооноосоо буцаж их аваргыг оршуулсан өдрийн үдэш Бөхийн өргөө рүү дайрах төлөвлөгөөтэй байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн. Уг мэдээлэлийг аваад Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль хяналтын бүхий л байгууллагад хандаж, мэдэгдсэн. Ингээд байж байтал яг л төлөвлөснөөрөө тэр хүмүүс 200 орчим зэвсэгтэй хүн хөлсөлж өргөө рүү дайрсан. Энэ хүний ёс, хүн чанар мөн үү. МҮБХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн сонгогдсон цагаасаа эхлээд сөргөлдөгч талын хүмүүстэй эв зүйгээ олох чиглэлээр байнгын санал санаачилгатай ажилласаар ирлээ.

-МҮБХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хууль бус үйл ажиллагаа явуулахаа зогсоо гэдэг мэдэгдлийг Л.Чинбат тэргүүтэй холбооноос удаа дараа шаардсан. Энэ талаар тодруулбал?

-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Чинбатад МҮБХ-ны гэрчилгээ, тамгыг хууль зөрчин давхардуулан олгосон. Улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн ажилтанд хуулийн этгээдийг татан буулгах эрх байхгүй. Ийм хууль бус үйлдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан хийхдээ Хууль зүйн яамны Хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Уянгын шахалтаар хийсэн тухай мэдээлэл бий. Л.Уянга хэмээх мэргэжилтэн нь Л.Чинбатын төрсөн дүү юм билээ. Ингэж өөрсдөө хууль зөрчсөн ажиллагаа явуулсан учир бид дөрөвдүгээр сарын 13-нд уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Одоо гэрчилгээ, тамгатай холбоотой асуудал шүүхийн шатанд явж байгаа.

-Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон гэдгийг баталгаажуулсан гурван шатны шүүхийн шийдвэр байна гэдэг нь ямар учиртай вэ?

-Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсоны гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг юм байхгүй. Тэднийг 2017 оны тавдугаар сарын 28-нд зохион байгуулсан ээлжит бус “Их Эе” гэдэг нь хаана болсон МҮБХ-ны дүрмийн дагуу хууль ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй эсэх нь тодорхойгүй. Энэ талаар шүүхэд хандсан шийдвэр гарсан юм байхгүй. Нөхдүүдийн ярьж байгаа гурван шатны шүүхийн шийдвэр гэдэг нь ээлжит бус “Их Эе” товлох ёстой. 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс байгуулагдсан Цэцдийн Зөвлөлийн хурлыг хууль бус бүрэлдэхүүнгүй, ирцгүй хуралдууллаа. Цэцдийн зөвлөлийн гишүүдийг итгэмжлэлээр оролцуулсан гэж. МҮБХ-ны хуучин удирдлагуудаас шүүхэд маргаан үүсгэснийг гурван шатны шүүхээс ЦЗ-ийн хурлын ирцийг ЦЗ-ийн гишүүдийн өмнөөс итгэмжлэлтэй хүмүүс оруулсан зөрчилгүй гэж үзсэн. Үүнийг л тэд яриад яваа юм.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоёр холбоодын төлөөллийг тус тусад нь хүлээн авч уулзсан. Уг уулзалтаар та бүхэнд ямар чиглэл өгсөн юм бэ?

-МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, дархан аварга Х.Баянмөнх нарыг хүлээн авч уулзаж, Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс “Саяхан Бөхийн өргөө рүү дайрсан, олон түмнийг үймээн самуунд өдөөн хатгасан хэрэг гарлаа. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Буруутай этгээдэд хариуцлага тооцож, цолыг нь хураах хүртэл хатуу арга хэмжээ авна” гэдгээ мэдэгдсэн юм билээ. Мөн хоёр тал эвлэрч, хурлаа хийж, цаашдын үйл ажиллагаагаа богино хугацаанд хэвийн байдалд оруулах үүрэг өгсөн. Үүний дараа дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ц.Магалжав, Б.Сайнбаяр, Х.Баянмөнх гуай, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Дуламсүрэн нар Л.Чинбатын өрөөнд уулзсан. Бидний дунд олон уулзалт болсон. Тэр бүрд нь Л.Чинбат нарын хүмүүсийн гаргасан санал, шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Бид уулзалтад оролцохоор төлөөлөл болгон явуулсан хүмүүсийнхээ ярьж тохирсон зүйлсээс буцаж ухарсан юм огт байдаггүй. Харин нөгөө нөхөд бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй зовлон бий. Дээрх уулзалтын үеэр Х.Баянмөнх гуай “Одоо хоёр үнэн байна. Нэгд, 2002 оны дүрэм үнэн, Хоёрт 2002 оны Цэцдийн зөвлөл үнэн” гэж хэлсэн. Уг уулзалтын гарын үсэгтэй протокол, бүрэн дүрс бичлэг Б.Сайнбаярт бий. Тэрхүү протоколд Ц.Дуламсүрэн “Зөвхөн дүрмийн дагуу хуралдах ёстой шүү” гэж бичээд гарын үсгээ зурсан байна лээ. Ингээд Х.Баянмөнх гуай, Ц.Дуламсүрэн нарын саналаар Дээд шүүхийн 403 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр байгаа 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн.

-Тавдугаар сарын эхээр МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаж байна гэж сонссон. Уг хурлыг Л.Чинбат тэргүүтэй МҮБХ-ны төлөөлөл Ж.Ганболд заан ахалсан гэдэг үнэн үү?

-Үнэн. Тавдугаар сарын 3-нд өмнө уулзсан “Эвлэрлийн комисс” дээр ярьж тохирсноороо 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулсан. Гэтэл уг хуралд учир зүгээ олох гээд байгаа нөгөө талын хүмүүсийн ихэнх нь ирээгүй. Ирсэн нэг нь хурлыг орхин гарсан. Харин Ж.Ганболд заан өөрийн талаа төлөөлөөд хуралд үлдсэн. Ингэхээр нь тус Цэцдийн зөвлөлийн хурлыг Ж.Ганболд заанаар даргалуулан явуулсан. Энэ үеэр түүний гаргасан бүхий л саналыг хурлын шийдвэрт тусгаж, хүлээн авсан. Тэрээр “21 аймгийн төлөөлөл орсон бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэж чадлаа. Одоо “Их Эе”-д бэлдэх комиссыг шинээр байгуулна” гэдэг санал гаргасан. Үүний дагуу 21 хүний бүрэлдэхүүнтэй комисс гарсан. Уг бүрэлдэхүүний олонх буюу 11 хүн нь Л.Чинбат тэргүүтэй холбооны хүмүүс болж бүх асуудлаа олонхоороо өөрсдийн талд шийдэх боломжтой байхаар байгуулж өгсөн. Мөн Ж.Ганболд зааны гаргасан саналын дагуу наймдугаар “Их Эе” биш тавдугаар “Их Эе” болгоё, тус чуулганыг тавдугаар сарын 18-нд хуралдуулна гэдэг саналыг нь бид дэмжсэн. Ингээд ашгүй хоёр талын бүрэлдэхүүнтэй, хурал болж, эв зүйгээ олох юм байна гэж санасан чинь Х.Баянмөнх, Л.Чинбат нарын хүмүүс “Ж.Ганболд хэн юм. Биднийг төлөөлөх ёсгүй. Та нарын зарласан “Их Эе”-ийг бид хүлээн зөвшөөрөхгүй” гээд дахиад маргаан эхэлсэн.

-Гэтэл Л.Чинбат тэргүүтэй холбооныхон “Ерөнхийлөгч хэлсээр байхад Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Их Эе”-ийг хийлгэхгүй, биднийг шүүхэд өглөө” гэж мэдэгдэж байсан даа…

-Энэ бол худлаа гүжирдлэг. Ж.Ганболдын даргалсан 2002 оны Цэцдийн зөвлөлөөс тавдугаар сарын 18-нд “Их Эе”-ийг хуралдуулна гэж шийдвэрлэсэн. Энэ үеэр Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийсэн. Хурлаараа 2002 оны Цэцдийн зөвлөл чадамжгүй, “Их Эе” хуралдах боломжгүй гэж мэдэгдсэн. Уг нь Х.Баянмөнх гуай хоёрхон үнэн байгаа гэж ярьж байсан шүү дээ. Гэтэл тэгж хэлж байгаагүй юм шиг хэвлэлээр худлаа мэдээлэл явуулсан. Тэр шүүхэд өгсөн гэдэг асуудал чинь Ерөнхийлөгчийн захидал ирэхээс хагас сарын өмнөх үйл явдал. Түрүү нь хэлсэн байгаа шүү дээ. Гэтэл Х.Баянмөнх гуай “Ерөнхийлөгч хэлээд байхад биднийг шүүхэд өглөө” гэж биднийг улаан цагаан худлаа гүжирдсэн хүн. Тэдний хэвлэлийн мэдээний дараа уг асуудлаар Р.Нямдорж, Д.Данзан гуай нар хариу мэдэгдэл хийснийг олон түмэн санаж байгаа байх. Энэ үеэр тэд Монголын бөхийн өргөө нь МҮБХ-ны өмч болохыг татварын газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн татвараа төлсөөр байгаа баримтаар нотолж байсан.

-Л.Чинбат тэргүүтэй холбооны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар “Б.Бат-Эрдэнийн мэдлийн “Аварга” дээд сургуулийн ажилчид бүрдүүлсэн Допингийн эсрэг үндэсний төв”-өөрөө ид барилдаж яваа бөхчүүдийг допингч болгон нэр төрийг нь гутааж байна” гэж мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Үүн шиг худлаа гүжирдлэг гэж юу байна вэ. Гэтэл Допингийн эсрэг үндэсний төв гэдэг байгууллага нь Монголын үндэсний олимпийн хорооны дэргэд хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн Олон улсын олимпийн хорооны Допингийн эсрэг агентлагийн гишүүнчлэлтэй албан ёсны байгууллага. Ийм байгууллагыг намайг удирддаг, үүгээр дамжуулж их мөнгө олдог гэж ор үндэсгүй худлаа гүжирдэж байна. Энэ байгууллага зөвхөн үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг гэж нийгэмд буруу ойлголт өгсөн. Гэтэл үгүй шүү дээ. Тус байгууллага нь 16 төрлийн спортын холбоодын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Энэ бол БСШУСЯ, БТСГ оролцоотой төрийн ажил болоод улс орон даяар хэрэгжиж байгаа төсөл. Хэдхэн хоногийн өмнө Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүсэлтээр долоон аварга уулзах үеэр би Х.Баянмөнх гуайд хэлсэн. Намайг допингийн сүлжээг барьж мөнгө олдог гээд гүтгээд байна. Үүнийгээ боль. Та мэднэ дээ, би наадмын дэвжээнд эв эеийг хичээж, цол даваа наймаалцахаас ангид явж ирснийг гэж хэлсэн. Тэгэхэд Баянмөнх гуай “Би допингийн холбоотой буруу ойлголттой байсан байна” гээд хүлээн зөвшөөрч байсан. Бас чамайг насаараа эв эеийг хичээж ирснийг би мэднэ. Харин улс төрд ороод ногоон дэвжээн дээр байснаасаа өөрчлөгдсөн гэж хэлж байсан.

-А.Сүхбат аварга мэдэгдлийнхээ үеэр хоёр талын төлөөлөл оролцсон уулзалтын бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Тэрхүү бичлэг дээрээс харахад хоёр холбоо үнэхээр учраа олчихсон мэт яриа хөөрөө дэлгэж байна лээ. Тэр уулзалтын маргааш нь таныг тус эвлэрлийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөөгүй учир бид учраа олж чадсангүй гэдэг зүйлийг А.Сүхбат аварга мэдэгдсэн. Та яагаад зөвшөөрөөгүй юм бэ?

-Уг асуудалд тодруулаад хоёр зүйл хэлье. Тэдний саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлөө хуралдуулж тавдугаар сарын 18-нд “Их Эе” хуралдуулахаар тогтчихсон байсан шүү дээ. Гэтэл үүнийг үгүйсгэсэн. Дараа нь Л.Чинбат гэх хүн манай Г.Өсөхбаярыг уулзъя гэсэн хүсэлтийг тавьсан юм билээ. Ингээд бид “Уг уулзалтыг хий, очиж санал бодлыг нь сонсоод ярилцаад ир” гэж явуулсан. Ингэж уулзахдаа хаа байсан Дархан руу очиж уулзаж байгаа юм. Уулзалтаар Л.Чинбат “Хорвоо дээр тохиролцохгүй юм гэж байдаггүй. Тохиролцъё” гэж байнга шахсан юм билээ. Тэр тохиролцоо нь МҮБХ-ны тэргүүнээр Д.Мөнх-Эрдэнийг, дэд тэргүүнээр Б.Гантогтохыг, харин Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг ажиллуулъя гэдэг саналыг тавьж. Тус саналыг МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаад хүлээж авсан. Тэднийхээр болъё гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Л.Чинбат дахин дуудаж уулзсан. Энэ удаад тэрээр “Өмнөх санал биш юм байна. Д.Мөнх-Эрдэнэ тэргүүнд тохирохгүй хүн билээ. ҮБХ-ны дэд тэргүүнээр улсын начин С.Эрхэмбаярыг, Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг ажиллуулъя, Б.Бат-Эрдэнэ аваргыг тэргүүнээс түдгэлзүүлье” гэж өмнөх саналаа өөрчилсөн. Тэр орой нь мөн Тэргүүлэгчид маань хуралдаад Намайг тэргүүнээс түдгэлзүүлье, ИхЭе хуралдах цаг хугацааны боломж наадмын өмнө байхгүй тул дүрмийн хүрээнд Цэцдийн зөвлөлийн хуралаа яаралтай хуралдуулж Дэд тэргүүн Ц.Магалжав, Цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр нарын нэрийг татуулж, Цэцдийн зөвлөлийн гишүүддээ үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгуулж, тэдний тулгаж байгаа албан тушаалыг өгье гэж Л.Чинбатын саналыг дахин хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тэрээр “Дахиад уулзъя, өмнөх санал биш байна, өөр санал тавья, тохиролцъё” гэсэн. Ингээд бас л саналыг нь хүлээж аваад өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатарт уулзсан юм. Тэр А.Сүхбатын бичлэг хийсэн уулзалт гэдэг чинь шүү дээ. Гэхдээ бүрэн бичлэгийг монтажлаад, найруулаад олонд хүргэсэн нь жудаггүй зангаа дахиад л харуулж байгаа хэрэг. Энэ уулзалтаар Л.Чинбатын удаа дараагийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлсэн байна лээ. Гэтэл Х.Баянмөнх гуай, А.Сүхбат нар Л.Чинбатынхаа гаргасан саналыг өөрчилж байгаагаа мэдэгдсэн Тэд “Наадмын бөхийн салбар комисст Л.Чинбатыг оруулж, “Их Эе” хуралдуулахгүйгээр дархан аварга Х.Баянмөнхийг МҮБХ-ны тэргүүнээр шууд томилъё” гэдэг санал хэлсэн. Манайхан уг саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцээд “Дүрмийн бус учир хүлээн авах боломжгүй” гэдэг шийдвэр гарсан байсан. Яг энэ үеэр миний бие Оюу толгойн ажлын хэсгийн гишүүнийхээ хувиар Өмнөговь аймгийн Ханбогд суманд албан ажилтай маргааш өглөө нь эрт явах байсан юм. Тиймээс дээрх тэргүүлэгчдийн хуралд оролцож чадаагүй. Дэд тэргүүн Ц.Магалжаваас мессэжээр “Та хуралд ирэх үү” гэхэд “би өглөө эрт Оюу толгой явна” гэж хариулсан. За тэгвэл та сайхан амраарай” гэсэн. Ц.Магалжав бид хоёрын харилцан бичсэн мессэж оператор компанид хадгалагдсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ эвлэрэхээс татгалзаж, бөхчүүдийг дахин талцуулах, холбооны маргааныг үргэлжлүүлэх боллоо гэж мэдэгдсэн. Ингэж худлаа гүжирдэж болохгүй. Өмнө нь Сумо бөхийн холбооны дүрэм журмын дагуу гаргасан хамтын шийдвэрийг шууд надтай холбон дайрч байсан. Нэгд би тэрхүү Тэргүүлэгчдийн хуралд байгаагүй. Хоёрт, тэдний гаргасан санал ямар ч төрийн бус байгууллагын дүрмийг зөрчсөн, хууль бус хүсэлт байсан учраас авч хэлэлцээд шийдвэрлэсэн ч гэсэн шүүх дээр очоод унана шүү дээ. Бид тэдний бүх хүсэлт, саналыг хүлээн зөвшөөр ч буулт хийж, эвлэрэх чигийг барьж ажиллаад байхад дүрмийн бусаар А.Сүхбат хадам аавыгаа МҮБХ-ны тэргүүнээр шууд томилуулах гээд байгааг нь тэдний зүгээс тавьсан бүх саналыг нь үг дуугүй хүлээн аваад байхаар яавч биелэхгүй тулгалт хийж, үймээн самуун дэгдээх өөр зорилго байна гэж үзэж байна.

-Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний бөхийн аваргуудыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр яг юу яригдсан юм бэ. Аваргууд наадмаас өмнө түр эвлэрлээ гэдэг мэдээлэл явсан шүү дээ?

-Одоо амьд сэрүүн байгаа найман аварга байдаг. Энэ уулзалтад Д.Сумъяабазар аварга ирж чадаагүй учраас долоон аварга уулзалтад очсон. Уулзалтын дараа хэвлэлээр “Аваргууд тэмцээ түр зогсоож, эвлэрлээ” гэдэг мэдээлэл явсан. Би хувьдаа уг мэдээлэлд харамсаж явдаг. Бидний хэдэн аваргууд тэмцэлдсэн, талцсан зүйл огт байхгүй. Тэнд Х.Баянмөнх гуай, А.Сүхбат хоёроос өөр хэл ам хийж байгаа хүн байхгүй. Бусад аваргуудыг нийтээр нь хамруулж тэмцэлдээд байгаа мэтээр ярьж байгаа нь харамсалтай. Энэ уулзалтын үеэр хамгийн ноцтой нэг зүйлийг Х.Баянмөнх гуай хэлсэн.

-Юу гэж хэлсэн гэж…

-Монголын Үндэсний бөхийн ноён оргил, дархан аварга хүнээс ийм үг гарна гэж би тухайн үед огт бодоогүй. Тэрээр “Баяр наадмын комиссын бөхийн салбар зөвлөлд Л.Чинбатыг оруулж ажиллуул. Хэрэв түүнийг бөхийн салбар зөвлөлд оруулж ажиллуулахгүй бол Монгол Төрийн наадам их хохирол амсана шүү. Миний ард мянган бөх бий шүү” гэж хэлсэн. Энэ бол ерөөсөө Үндэсний их баяр наадмын үеэр үймээн самуун дэгдээнэ гэсэн уриалга гэж ойлгогдож байгаа юм. Дараа нь зургадугаар сарын 18-нд түүний хүргэн А.Сүхбат хэвлэлийн хурал хийж “Та нар бөхчүүдийг талцууллаа. Наадмаар бөхчүүд барилдахгүй. Улмаар замбараагүй байдал үүсвэл Б.Бат-Эрдэнэ хариуцлагаа хүлээгээрэй” гэж мэдэгдсэн. Энэ бүх хэлсэн ярьсан, мэдэгдсэн зүйлээс нь харахад нэг л зүйл харагдаж байна. Эд нар Төрийн баяр наадмын үеэр үймээн самуун дэгдээх гэж байна шүү. Дөрөвдүгээр сарын 13, 14-нд Л.Чинбат нарын хүмүүс 200 орчим хүн хөлсөлж Бөхийн өргөө рүү дайрч, нийтийг хамарсан үймээн гаргах гэж байгааг мэдээд холбогдох хууль, хүчний байгууллага шуурхай арга хэмжээ авсаны хүчинд харьцангуй тайван өнгөрсөн. Одоо эд нар дахин нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах гэж байна шүү гэдгийг Монголын хууль, хүчний байгууллагын бүх шатны түвшинд анхааруулъя. Бид тэдний санасан бүгдийг хүлээн зөвшөөрч аль болох буулт хийхийг, эвлэрэхийг боддог. Гэтэд тэд маань даварсаар даварсаар сүүлдээ Төрийн их баяр наадмыг үймүүлнэ, наадмаар их хохирол амсана гэсэн бэлэггүй хийгээд бусдыг замбараагүй байдал өдөөн хатгасан зүйл рүү турхирч байгаа нь эрээ цээргүй үйлдэл юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны шөнө, 14-ний өдөр Бөхийн өргөө рүү дайрах үймээний тэргүүн эгнээнд Х.Баянмөнх гуай хүргэн А.Сүхбаттайгаа зогсож байсан. Энэ халдлага дайралтыг хэн зохион байгуулсан бэ гэсэн Цагдаагийн албан хаагчийн асуултад А.Сүхбат би энэ хүмүүсийг авчирсан хэмээн хэлж байсныг олон нийт ТВ лайваар харсан. Тэд дахиад замбараагүй байдал үүсгэнэ гэж ярьж байна. Тиймээс хууль, хүчний байгууллага үүнийг анхааралдаа авч, болзошгүй аюулаас ард олныг хамгаалах арга хэмжээ авч ажиллаарай. УИХ-ын гишүүн олон нийтийг гэмт хэрэгт уруу татах, үймээн самуун дэгдээх сэдэл өгөх, бусдыг буруу зүйлд уриалан дуудах нь хуулиар хориотой үйлдэл шүү дээ энэ хүний гэмт үйлдэлд нь хариуцлага тооцож чадахгүй өнөөдрийг хүрсэн учраас ийм ноцтой байдалд хүрч байна.

-Таныг Хаан банктай хуйвалдаж, МҮБХ-ны олон зуун сая төгрөгийг хууль бусаар захиран зарцуулж байна. Үүнийгээ зогсоо гэж Ү.Хүрэлбаатар мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Бас л худлаа гүжирдлэг шүү дээ. Юугаар нотлоод, ямар үндэслэлээр ингэж яриад байгаа юм бэ. Ямар ч нотолгоогүй ингэж хүн гүжирдэж болдог юм уу. Эдгээр хүмүүсийн балгаар Бөхийн өргөө хоёр сар гаруй хугацаанд үйл ажиллагаа нь зогслоо. Үүний цаана жилийн өмнөөс гэрээ хийсэн уран бүтээлчид, үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд асар их хөрөнгөөрөө хохирч байна. Мөн Бөхийн өргөө өдөр болгон үйл ажиллагаа явуулдаг, түүнээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Үүнээсээ улсад татвар төлдөг. Энэ бүх үйл явцыг хохироож байгаагаа тэр хүмүүс ойлгох хэрэгтэй байна.

-Одоо цаашид яах ёстой юм. Таны хэлснээс үзвэл тэр хүмүүсийн санал, тохиролцоог та бүхэн зуун хувь хүлээж аваад байгаа юм байна гэж ойлголоо. Ингээд байхад яагаад эвлэрэхгүй байна вэ?

-Нөгөө тал маань хууль, дүрмээс гадуур ажил албан тушаал, удирдлагыг авъя гэж тулгаад байгаа. Гэхдээ дүрмийн дагуу МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар уг асуудлыг чинь шийдье л дээ. Асуудал ямар байгаа талаар бид нухацтай авч хэлэлцээд тэр хүмүүсийн саналыг авч хэлэлцье. Тэдний хүсээд байгаа тэргүүн, дэд тэргүүний албан тушаалыг нь өгье. Одоо байгаа тэргүүн Б.Бат-Эрдэнэ түдгэлзье. МҮБХ-ны гол эрхийг барьдаг албан тушаалыг нь Ү.Хүрэлбаатарт өгье. Ер нь МҮБХ-ны бүх удирдлагыг тэдэнд шилжүүлье. Ганцхан тэргүүнийг дүрмээр “Их Эе”-ээс сонгох ёстой. Хоёрхон сар хүлээгээч, 9 сарын эхээр “Их Эе” хийе Х.Баянмөнх гуайг нэр дэвшүүлье. Х.Баянмөнх гуай тухайн үед баярласан. Би нэр дэвшээд санал авахгүй байсан ч хамаагүй гээд хэлсэн байна. Бид хүлээн зөвшөөрье. Ер нь энэ хүмүүс өөрсдийн үзүүлсэн амжилт, алдар цолоороо олон жил түрий барьж яваад ирсэн учраас дийлдэхгүй, хууль, дүрэмд захирагдахгүй байна. Ийм байж болохгүй гэдгийг Шадар сайдтай аваргууд уулзах үеэр би Х.Баянмөнх, А.Сүхбат хоёрт хандаж хэлсэн. Энэ хүмүүст хэлдэг, сургадаг хүн байвал хэлээд өгөөч ээ гэж хүсмээр байна. Сүүлдээ Төрийн баяр наадмыг шантаачилж, олон түмнийг үймээн самуунд уриалсан маш ноцтой зүйл яриад явж байж болохгүй л баймаар.

-Таныг “Монгол тулганы 100 эрхэм” нэвтрүүлэгт орж байх үеэр А.Сүхбат аварга цагаан хадагтай танд золгож байсан биз дээ. Та ер нь гэм хийчихсэн болоод энэ хүмүүс таны эсэргүүцээд байдаг юм бэ?

-Тэрийг үнэн дээ хэлж мэдэхгүй юм. Надад А.Сүхбат, Х.Баянмөнх аваргатай зөрчилдөх зүйл огт байхгүй. Би угтаа А.Сүхбатыг бөхийн дэвжээнд ч, улс төрийн хүрээнд ч тэр үргэлж дэмжиж ирсэн. Дэмжсээр ч байгаа хүн. 18 настайгаасаа эхлээд 50 хүртлээ барилдахдаа наадмын дэвжээ, гадаад дотоодын тэмцээн уралдаанд бусадтай ам мурийж, хэрүүл хийж явсан тохиолдол надад нэг ч байхгүй. А.Сүхбатыг анх улсын цолонд нь хүрснээс хойш өнөөдрийг хүртэл дэмжиж байдаг. 1998 оны наадамд Х.Баянмөнх гуайн хүү, хүргэн хоёр нь туначихаад бөртөлзөөд байж байхад надаас нэгийг нь авчихаач гэж гуйж байсан. Тухайн үед танай хоёр хүүгийн хэнийг ч авсан ялгаа юу байхав дээ. Би хүргэнийг чинь амлаж авъя гэтэл Х.Баянмөнх гуай “Чи Гантогтохыг авчих” гэхээр нь авсан. Би найман жил улсад тасралтгүй түрүүлж байхдаа ес дэх жилээ Гантогтохыг авч даваа ахиулж өгч байсныг ард түмэн мэднэ. Миний энэ үйлдэл нэгдүгээрт том аваргыг хүндэтгэж, ач санаж байгаа хэрэг юм. Мөн бөхийн дэвжээн дээр байдаг баруун, зүүн, халх, дөрвөд гэсэн буруу ойлголт талцлыг эцэслэх, эв эеийг дээдлэх алхам байсан. Тэр цагаас хойш бөхийн дэвжээнд дэмжиж явсан хүн. А.Сүхбат өмнө Ардчилсан намд байсан. Тэрээр Ардын намд орж, УИХ-д нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн. Тухайн үед би Ардын намын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Тэр үед намын удирдлагуудаас “А.Сүхбат манай намд элсэх хүсэлтээ тавьсан байна, та ямар байр суурьтай байна” гэж надаас асууж байсан. Би надад татгалзах зүйл байхгүй. Хамгийн гол нь наад хүн чинь жаахан төлөвшөө байлгүй дээ, түүнийг нь та нар үзээрэй л гэж хэлсэн. Ингээд УИХ-д орж ирсэн. Би ах хүний хувьд хэд хэдэн удаа зөвлөж хэлж байсан. УИХ-ын гишүүн хүн өргөсөн тангаргаа сахин ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Хурал чуулганд хоцорч болохгүй, хүний өмнөөс кноп дарж болохгүй, хүний картанд хүрч болохгүй. УИХ-ын гишүүдийн үзэл бодолд хөндлөнгөөс нөлөөлөх үйлдэл гаргаж болохгүй. Нэг гишүүн наад зах нь 70, 80 мянган иргэд сонгогчдыг төлөөлж ажиллаж байгаа хараат бус, өөрийн итгэл үнэмшлээр ажил асуудалд хандах ёстой байдаг юмаа гэж Байнгын хорооны хурал дээр албан ёсоор хэлж анхааруулж байсан. Мөн монгол бөхтэй холбогдуулан чи, бид нар алдарт Намхай аваргаас өгсүүлээд дээд үеийн бөхчүүдийнхээ хүн байсны хүч буяныг эдэлж , төр түмнийхээ хайранд өлгийдүүлж явна. Тиймээс хураасан буяныг нь барчихалгүй, монгол бөхийнхөө нэрийг өндөрт авч явж дараа үедээ өгөх үүрэгтэй.Элдвийн маргаан тэмцэл хэрэггүй гэж хэлж байсан. Бид Х.Баянмөнх, А.Сүхбат, Л.Чинбат нарын тавьсан санал, тулгалтуудаас нэгээс нь ухралгүй 100 хувь хүлээн авсаар байтал огт ор үндэслэлгүй гүжир гүтгэлгийн мэдээллийг тарааж, олон түмнийг үймээн самуунд уриалж, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан, ноцтой мэдэгдлийг удаа дараа хийж байна. Тэдний зорилго нь МҮБХ-ны удирдлагыг авахдаа биш байгаа нь тодорхой болж байна. Тэгэхээр аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг үл тоомсорлож байгаа. Энэ нөхдийн ар талд ямар нэгэн хүчин, албад байгааг шалгаж үзэх хэрэгтэй. Дэлхийн олон оронд гарсан “өнгөт хувьсгал” нэртэй үймээн самуун нь тухайн орны олон нийтийн хамгийн их сонирхдог спортын тэмцээний үеэр үзэгчдийн дунд мөргөлдөөн үүсгэн эхлүүлж байсныг бид бэлээхэн мэдэж байгаа.