Categories
мэдээ улс-төр

50 монгол оюутныг тэтгэлгээр суралцуулах санал тавьжээ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Такэнори Шимизү болон Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуулийн ерөнхийлөгч тэргүүтэй тус улсын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Япон улсын тал Анагаахын чиглэлээр суралцдаг япон хэлтэй 50 монгол оюутныг тэтгэлгээр суралцуулах санал тавьсан байна.

Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь Монголын АШУҮИС-тай 2015 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байжээ. Тус санамж бичгийн хүрээнд сүүлийн гурван жил дараалан жил бүр манай хоёр оюутныг тэтгэлгээр сургаж байгаа аж.

Тус их сургуулийн ерөнхийлөгч, “Санно” эмнэлгийн захирал Күнинори Такаги Монголд сувилагчийн сургууль болон оношилгооны төв нээхээр судалж байгаагаа уулзалтын үеэр Ц.Цогзолмаа сайдад дуулгасан байна.

Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь их эмчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад англи хэл дээр хичээл ордог бол бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад япон хэлээр хичээл заадаг аж. Улмаар “Азийн Элчин сайдуудын эхнэрүүдийн холбоо”-оос тус сургуулийн их эмчээс бусад мэргэжлээр суралцаж буй гаднын оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Харин япон хэлтэй монгол оюутан цөөн байдаг учир тус тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй аж. Тиймээс япон хэлтэй оюутнуудыг их эмчээс бусад анагаахын чиглэлийн мэргэжлээр сургах ажлыг салбар яам удирдан зохион байгуулах боломжтой эсэх талаар санал тавилаа. Тус сургууль нь 10 мэргэжлээр суралцуулдаг бөгөөд 10 оюутныг таван жилийн хугацаатай гэж тооцвол нийт 50 оюутныг сургах боломжтой гэж хэлэв.

Японы төлөөлөгчдийн энэхүү ажил хэрэгч саналыг хүлээн авч, яам албан ёсоор зохион байгуулахаа салбарын сайд хариу онцолжээ.

Categories
мэдээ улс-төр

БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай оронд айлчилж байгаа БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс нь БНЭУ-ыг хамгийн ойр дотны гуравдагч хөрш орон гэж үздэг бөгөөд Стратегийн түншлэлийн харилцаандаа тэргүүлэх чиглэл өгдөг гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаар томилогдсонд нь Дотоод хэргийн сайд Ражнат Сингх баяр хүргээд БНЭУ-д айлчлахыг урилаа. Монгол Улс бол БНЭУ-ын Зүүн Хойд Ази дахь том түнш орон. Өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

Цаашид хил хамгаалах, батлан хамгаалах, боловсрол, мэдээллийн технологи, кино урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах шаардлагатай. Ялангуяа хоёр орны хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дели чиглэлд шууд нислэгтэй болохын тулд хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн эрхэмсэг ноён Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш хоёр улсын өндөр, дээд хэмжээний уулзалт, айлчлалын давтамж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа хэлж, айлчлалуудыг дагаад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаа гэсэн юм.

БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсон талаараа хэлж, энэ нь Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжих үндэс сууриудын нэг болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах Газрын тосны боловсруулах үйлдвэр нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч буйн томоохон илрэл гээд цаашдаа бүх түвшний харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн саяхан болж өнгөрсөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр улсын иргэд, эдийн засаг, соёлын зэрэг бүхий л түвшинд хамтран ажиллах замаар харилцаагаа өргөжүүлэх боломжуудын талаар ярилцсан гээд ноён Ражнат Сингхтэй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрүүлэн ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх нар боловсрол, мэдээллийн технологи, эрүүл мэнд, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгтэй санал нэгдэж, хоёр талаасаа идэвхтэй хамтран ажиллах болно гэлээ.

Мөн БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-д албан ёсоор айлчлахыг урьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боломжтой үедээ танай сайхан оронд айлчлан очно гээд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид болон тус улсын иргэдэд халуун дотно мэндчилгээг нь дамжуулж өгөхийг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ

НМХГ-аас энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүдэд гарсан ослын талаар мэдээллээ. Он гарсаар барилгын салбарт нийт найман осол гарч, таван хүн нас баржээ. Өргөх механизмын угсралтын болон ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас дөрөв осол гарч, 10 хүн гэмтсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна.

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн дөрвөн жилд нийт 140 осол гарчээ. Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, 9 буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5 хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, таван хувь нь түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлжээ.

Осол гарахад нөлөөлдөг хүчин зүйлийн 15 хувь нь удирдлагын тогтолцооноос шалтгаалдаг байна. Уг нь байгууллагууд төсвийнхөө 1.5 хувиас доошгүй аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэх дуудлагыг аймгийн Цагдаагийн хэлтэс хүлээн авчээ. Дуудлагын дагуу Орхон гол дагуу голын усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалт, ухуулга сурталчилгааны үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан таван алба хаагч ослын газар шуурхай очсон байна. Энэ үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 24 настай Г, 24 настай Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй усанд живж байсныг уснаас эсэн мэнд гаргажээ.

Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу тоглуулах, тухай гол мөрний гүн, урсацын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тухай албаныхан мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Тэжээлийн кабель хэрэглэгчид зардлаа 3-4 дахин хэмнэх боломж той

Австралийн уул уурхайн салбарт тэргүүлэгч “Хаан Электрикал Контрактинг” болон “Говь Инфрастракчер Партнерс” компанийн хамтын хөрөнгө оруулалттай “Хаан Электрикал Монгол” компанийн уул уурхайн эрчим хүчний салбарын завсар, үйлчилгээ, агуулахын төвийн нээлт Улаанбаатарт боллоо. Энэ төв нь барууны стандартад бүрэн нийцсэн гэдгээрээ онцлог юм.

Нээлтэд, Австрали улсаас манай улсад суугаа Элчин сайд Жон Лангтри оролцсоноос гадна компанийн удирдлагууд, харилцагч байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Австралид үзүүлдэг засвар, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартыг Монгол Улс болон Төв Азийн бүсэд анх удаа нэвтрүүлж буй нь энэ аж. Австралийн талаас бүтээн байгуулалтад ойролцоогоор 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Засварын төвийн гол бүтээгдэхүүн нь гүнийн уурхайн цахилгаан, машин тоног төхөөрөмжийн тэжээлд ашигладаг трэйлин кабель шинэчлэл юм. Өмнө нь кабелийн утас эвдэрч гэмтэхэд засварлах төв Монголд байхгүйгээс ихэнхдээ гадагшаа явуулж, эсвэл шинээр худалдан авдаг байжээ. Харин одоо уг засварын төвөөр дамжуулан дотооддоо засварлах боломжтой болж байгаа юм.

Хаан Электрикал Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баянзул хэлэхдээ, “Манай компанийн ашиглалтад оруулж буй засварын төв нь уул уурхайн салбарт өргөн ашигладаг цахилгаан тоног төхөөрөмжийн тэжээлийн кабелийг засварлах зориулалттай юм. Энэхүү кабелийн засварын төв нь Монголдоо төдийгүй төв Азидаа анхдагч гэдгээрээ давуу талтай. Бид цаашид тус засвар үйлчилгээний төвөө олон монгол залуусын барууны стандартаар цахилгаан эрчим хүчний салбарт ажиллаж чадах түшиц газар болгохын төлөө ажиллана” гэв. Харин хөрөнгө оруулагч “Хаан Электрикал Контрактинг” Гүйцэтгэх захирал Крейг Хаан,“Бидний хувьд Монгол Улсын зах зээлд ажиллаад нэг жил болж байна. Үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлснээруул уурхайн компаниудын хувьд маш их зардал хэмнэх боломжтой”хэмээлээ.

Дашрад дурьдахад, засварын төвд 20 гаруй монгол залуус ажиллах бөгөөд дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх юм.

М.Сувд

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбат: Нутаг усаа харж буруу шүүлт явуулсан бөх үзэхийг бид хүсээгүй

Бөхийн өргөөний маргаанаасболоод бөхчүүд хоёр хуваагдаад байгаа. Өчигдрийн болсон хэргийн дараа А.Сүхбат аваргатай цөөн хором ярилцсан юм.

-Хүмүүс наадмыг хүсч хүлээж байгаа. Хэзээнээс эв зүйгээ олж, төрийн наадам зүй ёсоороо болох вэ?

-Шударга л байя. Шударга тэмцээнийг бий болгоё. Шударгаар барилдааныг шүүж, начны найрааг зогсооё. Ийм авилгал, хээл хахууль болсон, нутаг усаа харж буруу шүүлт явуулсан бөх үзэхийг бид хүсээгүй.

-Б.Бат-Эрдэнэ аварга та хоёрын хооронд асуудал байна гэж интернет орчинд мэдээлэл их гараад байна. Тэр талаар мэдээлэл өгөөч?

-Б.Бат-Эрдэнэ аварга бид хоёрын барилдаж байсан он жилүүдэд сайхан байсан.. Амжилтын төлөө, тэргүүн байрын төлөө шударга өрсөлдөж байлаа. Барилдааны хувьд ямар ч асуудал байгаагүй. Хамгийн гол нь үзэл бодлын зөрүү харагдаж байсан. Миний хувьд шударга л байх хэрэгтэй. Аливаа зүйлийг Бөхийн өргөөнд тайланд ч гэдэг юм уу, Бөхийн холбоотой уялдаатай энэ асуудлыг бол ард түмэндээ зөв л тайлагнаж байх ёстой. Аливаа нэг бүлэглэл үүсгээд, нууц байдалд оруулаад, хуйвалдаад байвал хүмүүс дургүйцдэг юм байгаа биз дээ. Энийг л хэлээд байгаа юм.

-Сумогийн дэлхийн аваргад нэр дэвшиж байхад таныг бас явуулаагүй. Оронд нь Отгон эгчийг явуулж байсан гэсэн?

-Тэр бол өөрийгөө дөвийлгөж, хэт дээш нь гаргах байдлаас л үүссэн гэж үздэг. Тухайн үед хохирсон, эрхээ хасуулсан юм.

-Та хэвлэл мэдээллийн вэб сайтуудаар ерөнхийлөгчид хүсэлт гаргасан. 14:00 цагаас Бөхийн өргөөг хүчээр авна гэсэн мэдээллүүд тавигдсан байгаа. Одоо 14:00 цаг болчихлоо?

-Энэ тэмцлийн хэлбэр гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна. Хууль ёсны нөхдүүд нь хаалга үүдээ нээгээгүй байж хууль бус нөхдүүдтэй хуйвалдаад байгаа шүүх цагдаагийхныг юу гэж хэлэх вэ. Үүнийг л та бүхэн гаргаад ир. Бид та бүхэнд улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, гаргасан тушаал шийдвэрүүдийг бүгдийг нь үзүүлнэ бэлэн байгаа. Бид цаанаа Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний бусармаг үйл ажиллагаа, хуйвалддаг энэ байдлаас нь тасрахгүй байна. Монголын үндэсний бөхийн холбоо бол монгол бөхчүүдийн өмч. Монгол бөхийн өргөө монголын ард түмэн, монгол бөхчүүдийн өмч. Одоо яах гээд байгаа юм? Үйл ажиллагаа явуулах гэхээр бөхийн өргөө булаацалдаж байгаа мэдээлэл ийм байдал үүсгэж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж ойлгуулаад байдаг юм.

-Хамгаалалт өчигдөр буусан гэж байна. Одоо шууд яваад орох боломж байхгүй юу?

-Та нар одоо хар ямар хүмүүс дотор нь явж байна, ямар үйл ажиллагаа явуулж байгааг. Наадуул чинь дотроо зураг аваад бичлэг хийгээд л сууж байгаа. Дотор нь тэр хууль бус нөхдүүд бүгд байгаа. Магадгүй энэ зоорийн давхартаа Аварга дээд сургуулийн олон оюутнууд оруулчихсан ч байж магадгүй. Ийм л байдалтай наадуул чинь үхэн хатан зүтгэдэг. Хоёр талаасаа гэрээ хийгээд, хэл амаа ололцоод цааш явъя гэхээр түүнээсээ буцдаг. Гарангуутаа хэвлэлийн бага хурал хийгээд буруу ташаа мэдээлэл өгдөг. Тэгэхээр чинь яаж хүнд итгэж ажиллах юм бэ.

-Өмнө нь таныг хэнийг ч оруулахгүй гэж тохирч байсныг бид сонсон.

Хоёр талаасаа зөвшөлцөөд, гэрээ байгуулаад, үйл ажиллагаа явуулъя, хоёр талаасаа бүрэлдэхүүнээ сонгоё гэж тохирсон. Г.Өсөхбаяр аварга бид хоёрын хувьд тохирсон. Г.Өсөхбаяр аварга үүн дээр маш сайхан нийцтэй хандсан. Тэгээд Б.Бат-Эрдэнэ аварга дээр очихоороо л өөр болчихдог. Эмх замбараагүй байдлыг үүсгэдэг, үл ойлголцлыг төрүүлдэг, буруу ташаа мэдээлэл явуулдаг. Ийм л болчихоод байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт”-ыг нээж үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спорт тоглолтыг үндэслэгч, профессор Маурис Слапак, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны ерөнхийлөгч Д.Нямсүрэн зэрэг албаны хүмүүсээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, тэдний гэр бүлийнхэн зэрэг олон хүн оролцов.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтыг нээж:

“Тамирчид оролцогчид оо,

Зохион байгуулагчид аа, иргэд ээ

Спорт нь хүн төрөлхтний хувьд цаг үргэлжид эрүүл амьдралын хэв маяг, хүн өөрийн хүч чадал, чадварыг сорих үйл ажиллагаа байдаг. Та бид өнөөдөр Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолтын нээлтэд хүрэлцэн ирсний утга учир нь ч гэсэн иргэдийн эмчилгээний дараах бие болоод сэтгэл зүй ямар түвшинд хүрснийг бодитоор харах, донорын үйл хэргийг хүндэтгэн дурсах, таниулахад оршиж байгаа юм.

Дэлхийн анагаах ухаан эрхтэн шилжүүлэн суулгах замаар хүний эрүүл мэндийг аврах, нөхөх чадварыг эзэмшээд 60 гаруй жил өнгөрч, эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн ажил амьдрал сэргэж, биеийн тамир спортоор хичээллэн амжилт үзүүлсэн жишээ цөөнгүй. Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдээс олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн хүмүүс ч төрөн гарсан байдаг.

Анх 1978 онд Английн Уэссэкс мужид Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт зохион байгуулагдсанаас хойш олон улс орнууд дагах болж дэлхийн тоглолт нь 17 удаа зохион байгуулагджээ. Монгол Улсад Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт 2008, 2015 онд зохион байгуулагдаж байсан. Өнөөдөр гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн спортын 11 төрлөөр явагдах юм.

Манай оронд Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолтыг санаачлагчид нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг үндэслэгчдийн нэг, нэрт мэс засалч, доктор, профессор Маурис Слапак болон Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Эрүүл мэндийн дэд сайд, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүд болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд нь юм.

Би Та бүхний өмнөөс болон хувиасаа эрхэм Маурис Слапак болон түүний монгол хамтрагчдад халуун талархал дэвшүүлмээр байна. Тан бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн бол бусдад эрүүл амьдрал бэлэглэгч төдийгүй эрүүл амьдралын хэв маягийг, бэрхшээлийн өмнө хэзээ ч үл бууж өгөх тэмцэгч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэгч их буянтнууд юм.

Тэмцээнд оролцогчид оо,

Та бүхэнд ч гэсэн халуун баяр хүргэе. Хүнд мөчүүдийг бие, сэтгэлээрээ ялан давж, өнөөдөр энд өөрийгөө сорих, өрсөлдөхөөр ирсэнд би та бүхнээр бахархаж байна. Бүгдэд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор сайн үйлс дэлгэртүгэй.

Бидний цөөхөн монголчууд бие биенээ дэмжиж амьдарцгаая” гэв.

Categories
мэдээ

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Хэнтийн аймгийн “Хэрлэн тоонот” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Оросоогийн Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо. Номын нээлтийн ёслолд яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн уран бүтээлийн анд нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүл, ах дүүс, нутаг усныхан, ангийн нөхөд нь хүрэлцэн ирж оролцсон юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мушгиа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Д.Хүү, зохиолч, Хонхэрээдийн Б.Энхбат тэргүүтэй зохиолч, яруу найрагчдын төлөөлөл, Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид, мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нар О.Түвшиндэмбэрэл найрагчийн номын нээлтэд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.

“Амилахуйн үндэс” номыг төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Хэнтийн Батхүү нар ариутган шүүж, соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй өмнөтгөл үг бичжээ. Тэрээр О.Түвшиндэмбэрэлийн яруу найргийн тухай “Хур дэлнийх нь ширхэг бүр хуучин цагийн өвгөдийнх шиг оновчтой үгтэй, хусуурынх нь толионоос дуслах сувдан хөлсний үнэртэй байнам. Уран Дөшийн хүлэг минь Улзынхаа цагаан салхи шиг яваарай” хэмээсэн байна. Яруу найрагч О.Түвшиндэмбэрэл “Амилахуйн үндэс” анхны номоо ачлалт аав, ээждээ зориулсан бөгөөд тун удахгүй нийтлэл, дурсамж, хүүрнэлийн номоо уншигчдын гар дээр тавих ажээ.

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Categories
мэдээ улс-төр

Арьс ширний үйлдвэрүүдэд 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Арьс, ширний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонсов. Асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уншиж танилцууллаа.

УИХ-ын 2012 онд “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол баталж, Засгийн газарт “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140.4 тэрбум төгрөгийн таван жилийн хугацаатай үнэт цаасыг гаргах зөвшөөрөл олгосон байна. Засгийн газрын 2014 оны зургадугаар сард 30 тэрбум, долдугаар сард 110.4 тэрбум хүртэл төгрөгийн эх үүсвэрийг баталсан байна. Улмаар 2014 оны есдүгээр сараас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл эхэлсэн байна. Одоогоор 57 үйлдвэрт нийт 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны 69 хувийг эргэлтийн хөрөнгөд, 28 хувийг тоног төхөөрөмж шинэчлэхэд, гурван хувийг үйлдвэрийн барилгаа өргөтгөхөд зарцуулсныг Ерөнхий сайд асуулгын хариуд дурьджээ.
Мөн УИХ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан бөгөөд НЗДТГ-ын дэргэд “Эмээлтийн хөнгөн үйлдвэр технологийн парк” байгуулсан байна. Одоогийн байдлаар тус паркын цахилгаан хангамжийн эх үүсвэрийг байгуулаад байгаа юм.