Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн сургалт үргэлжилж байна

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Замын цагдаагийн албаны захиалгаар “Олон нийтийн цагдаа бэлтгэх” сургалт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна.

Сургалтын хөтөлбөрт “Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлын зохицуулалт”, “Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн алба хаагчийн харилцаа, анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллагаас Замын цагдаагийн албаны олон нийтийн цагдааг мэргэжлийн удирдлагаар хангах нь”, “Зөрчлийн тухай хуулийн ойлголт, агуулга түүний хэрэгжилт, олон нийтийн цагдаа шалгах зөрчил”, “Жагсаалын бэлтгэл”, “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэх журам” зэрэг сэдвүүдээр 80 цагийн сургалт багтжээ.


Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар Олон нийтийн цагдаа “Гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох” үүрэгтэй гэж заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Голомт банкны картаар үйлчлэгч байгууллагууд дата анализыг ашиглан борлуулалтаа нэмэгдүүлнэ

Харилцагч таны аль бүтээгдэхүүнийг худалдан авч, ямар үйлчилгээг түлхүү сонгож байна вэ? Энэ асуултын хариултыг мэдсэнээр бизнесээ амжилттай удирдаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэх юм. Иймд Голомт банкны хамт олон картаар үйлчлэгч байгууллагууддаа дээрх асуултын хариуг өгөх Аналитик платформыг танилцууллаа.

Өмнө нь Голомт банкны картаар үйлчлүүлэгч байгууллагууд зөвхөн хуулгаа хардаг байсан бол тус платформыг ашигласнаар өөрийн ПОС терминалын гүйлгээг илүү дэлгэрэнгүй харах, сүүлийн үеийн шинэ технологи болох Machine Learning, AI программ дээр суурилсан анализыг бизнестээ ашиглах боломжтой болж байна.

Голомт банкнаас харилцагчдадаа бас нэгэн шинэ бүтээгдэхүүн зориулж байгаагаа энэ үеэр танилцуулсан нь Мерчант аппликейшн байлаа. Картаар үйлчлэгч байгууллагууд өмнө нь Пос төхөөрөмжтэй холбоотой дуудлагыг заавал банк руу утасдаж, аль нэг салбарт хандаж шийдвэрлүүлдэг байсан бол одоо тус аппликейшныг ашиглаж дуудлага өгөх боломжтой болж байна.
Түүнчлэн харилцагчдадаа хөнгөлөлт урамшуулал олгох хүсэлтээ тус аппликейшнээр илгээснээр банк түүнийг нь зорилтот харилцагчдадаа хүргэх юм. Мөн та Голомт банкны карт эзэмшигч бол хаанаас, ямар хөнгөлөлт авах боломжтойг Мерчант аппликейшнаас мэдэх боломжтой юм.
Categories
мэдээ нийгэм

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан болж, тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо.

Баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийж, наадмын бэлтгэл бүрэн хангагдаж байгааг хэллээ.

Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийлгэх журмыг тус хурлаар шинэчлэн баталлаа. Сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад даалгалаа. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг зохион байгуулах хорооны хурлаас гаргалаа.

Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих MNS 6264:2018 стандарт, энэ стандартын дагуу хийгдсэн хувцсыг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн танилцууллаа. Энэ наадмаар хамгаалалтын шинэ хувцсыг бүх уралдаанч хүүхдэд өмсгөхийг албадахгүй ч дараагийн наадмуудад мөрдөх нь зүйтэй гэж зохион байгуулах хорооны гишүүд үзлээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа.

Үндэсний их баяр наадмыг ард иргэдийн дөнгөж нэг хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд үздэг. Харин 99 хувь нь телевизээр үзэж, радиогоор сонсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тухай мэдээллээ авдаг. Иймд баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажилладаг хэвлэлийнхний ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин хэлээд Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэнд зориулсан өрөө гаргаж өгөхийг холбогдох хүмүүст даалгав.

Баяр наадмаа будилаан, маргаангүй, шударга зохион байгуулах нь Үндэсний хорооны гишүүдийн үндсэн үүрэг. Энэ үүргээ эрхэмлэж ажиллахыг Зохион байгуулах хорооны гишүүдэд Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп Елизавета II-т бараалхана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид ажлын айлчлалт хийхдээ хатан хаан II Елизаветад бараалхана гэж Sky News мэдээлэв. Энэ тухай Их Британид суугаа АНУ-ын Элчин сайд Вуд Жонсон мэдэгдсэн байна.

“Ерөнхийлөгч Их Британийн нутагт хөл тавингуутаа л үүнийг хийнэ. Энэ ажил хэрэг бол нэн чухал бөгөөд том бэлгэдэл” гэж Элчин сайд хэлжээ. Эрхэм дээдийн хатан хаантай уулзах нь яагаад чухал гэвэл тэрбээр төрийн тэргүүн юм.

Хатан хаан Трампыг Виндзорын ордонд ордонд долдугаар 13-нд хүлээн авна гэсэн таамаг байгаа. Дараа нь Америкийн лидер Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзах юм.

Categories
мэдээ спорт

ДАШТ 2018: Өнөөдрийн хуваарь

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдана. Өнөө шөнө “G” хэсгийн нэг, “Н” хэсгийн хоёр тоглолт болно. Тоглолтын хуваарийг хүргэе.

Өнөө шөнө ”G” хэсгийн Англи-Панам, ”H” хэсгийн Япон-Сенегалын тоглолт болох бол маргааш өглөө Польш-Колумб тоглох хуваарьтай. Эхний тоглолт 20:0 цагаас MNB телевизээр гарах бол удаах хоёр тоглолтыг NTV-р хүргэх юм байна.

G хэсэг:

Англи – Панам (20:00, Доод Новгород хот, “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэн)

“G” хэсэгт Англи, Бельги, Тунис, Панамын шигшээ баг багтсан. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт өчигдөр Бельги, Тунисын тоглолтоор эхэлсэн. Москва хотод болсон тоглолтод Белги хожиж, гурван оноогоо авсан юм. Хоёр дахь хожлоо авсан Бельги 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Англи 3 оноогоор удаалж байна.

H хэсэг:

Япон – Сенегал (23:00, Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэн)

Польш – Колумб (02:00, Казань хот “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэн)

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэр барих ажилд нутгийн залуусыг дайчилна

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шав тавьж, энэ ажил гараанаас нэгэнт хөдөлсөн. Сайншандын төвөөс Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл барих 20 километр төмөр замын барилгын ажлын зураг төсөл ч бэлэн болжээ. Тэгвэл тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцуулах зорилгоор Дорноговь аймаг болон Алтанширээ сумын залуучууд дунд судалгаа явуулж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй залуусыг бүртгээд эхэлжээ. Эрхэлсэн ажилгүй залуучуудын хувьд бол үндэсний томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцох болсондоо туйлын баяртай байгааг орон нутгаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх 7 хоногт УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ. Хуваарийн дагуу ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийнэ. Тиймээс эрхэс гишүүд нилээд шахуу хувираар ажиллах юм байна.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 25-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 25-ны Даваа гарагт:

  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Нээлттэй сонсгол” танхимд;
  • “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

6 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд.

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:

  • Татварын багц хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

6 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

5. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

  • Байгууллагын санал.

6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхим” танхимд:

2. Цахим бодлогын түр хороооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

  • “Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Иргэд, Төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай асуудлыг хэлэлцэх;
  • Туул голын эргийн дагуу Баянзүрхийн гүүрнээс яармагийн гүүр хүртэлх газар ашиглах, барилга барих эрхийн зөвшөөрөл олгосон асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг даргын мэдээлэл сонсох.

5.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “В” танхимд:

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт 15.00 цагаас:

6 дугаар сарын 28, 29-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

“Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Хэнтийн аймгийн “Хэрлэн тоонот” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Оросоогийн Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт өнөөдөр боллоо. Номын нээлтийн ёслолд яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн уран бүтээлийн анд нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүл, ах дүүс, нутаг усныхан, ангийн нөхөд нь хүрэлцэн ирж оролцсон юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мушгиа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Д.Хүү, зохиолч, Хонхэрээдийн Б.Энхбат тэргүүтэй зохиолч, яруу найрагчдын төлөөлөл, Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид, мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нар О.Түвшиндэмбэрэл найрагчийн номын нээлтэд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.

“Амилахуйн үндэс” номыг төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Хэнтийн Батхүү нар ариутган шүүж, соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй өмнөтгөл үг бичжээ. Тэрээр О.Түвшиндэмбэрэлийн яруу найргийн тухай “Хур дэлнийх нь ширхэг бүр хуучин цагийн өвгөдийнх шиг оновчтой үгтэй, хусуурынх нь толионоос дуслах сувдан хөлсний үнэртэй байнам. Уран Дөшийн хүлэг минь Улзынхаа цагаан салхи шиг яваарай” хэмээсэн байна. Яруу найрагч О.Түвшиндэмбэрэл “Амилахуйн үндэс” анхны номоо ачлалт аав, ээждээ зориулсан бөгөөд тун удахгүй нийтлэл, дурсамж, хүүрнэлийн номоо уншигчдын гар дээр тавих ажээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас энэ онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болжээ. Тодруулбал, 50 автобусны буудалд саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, автобусны чиглэлийн маршрут байрлуулах аж. Тохижилтын ажлыг ирэх сараас эхэлж, есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Жэй Си Дэко Монголиа компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд энэ ажлыг хамтарч хийхээр болсон байна.

2018 онд тохижилт хийх автобусны буудал:

1. Ар согоот (баруун)

2. Салхит (баруун)

3. Зунжин худалдааны төв (зүүн)

4. 5 буудал (баруун)

5. 5 буудал (зүүн)

6. 17-р сургууль (зүүн)

7. 17-р сургууль (баруун)

8. 32 тойрог (баруун)

9. 32 тойрог (зүүн)

10. Ногоон нуурын буудал (зүүн)

11. Ногоон нуурын буудал (баруун)

12. Их наран 1 (урд)

13. 65-р дэлгүүр (урд)

14. 65-р дэлгүүр (хойд)

15. Толгойт 1 (урд)

16. Толгойт 1 (хойд)

17. Гэмтлийн эмнэлэг (хойд)

18. Гэмтлийн эмнэлэг (урд)

19. Кёкүшю цамхаг (баруун)

20. Эм импекс (хойд)

21. Их засаг их сургууль (хойд)

22. КТМС (хойд)

23. КТМС (урд)

24. Сөүл хотхон (хойд)

25. Нисэхийн дэнж (урд)

26. Нисэхийн дэнж (хойд)

27. Англи сургууль (урд)

28. Англи сургууль (хойд)

29. ИНЕГ (хойд)

30. ИНЕГ (урд)

31. Буянт ухаа 1 (урд)

32. 118-р сургууль (урд)

33. 118-р сургууль (урд)

34. Шинэ яармаг (зүүн)

35. Буянт ухаа 2 (баруун)

36. Сансарын ШТС (зойд)

37. Сансарын үйлчилгээний төв (зүүн)

38. Хүч бөөний төв /Таксийн зогсоол/ (хойд)

39. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (урд)

40. Ардын эрх / Үндэсний шуудан (урд)

41. СБД-ийн эмнэлэг (хойд)

42. Таван богд (хойд)

43. Богд ар хороолол (баруун)

44. Богд ар хороолол (зүүн)

45. Эм Ай Ю дээд сургууль (баруун)

46. Чулуун овоо (хойд)

47. Хууль сахиулахын их сургууль (урд)

48. Жигүүр гранд (хойд)

49. Хурд хороолол (урд)

50. Орчлон сургууль (хойд)

Categories
мэдээ нийгэм

Оргилоос нь 12 сумын нутаг харагддаг хайрхайны тэнгэрийг тайх ёслол боллоо

Өмнөговь аймагт төрийн тахилгат хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо.
Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын Хошуу овоо хайрханыг анх 1721 онд тахиж байсан ажээ. Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, Хошуу овоо хайрханыг анх тахихдаа монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байжээ. Хангарьдын шинжтэй, сарлагийн сүлдтэй их хайрхан уулын оргилоос нь Өмнөговь аймгийн 12 сумын нутаг дэвсгэр ил харагддаг юм байна. Зуун дамжсан түүхтэй Хошуу овоо хайрханыг 1990 оны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн зон олон тахиж, улмаар 2005 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн ард иргэд, сүсэгтэн олон тахин сүсэглэж, 2012 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2013 онд төрийн тахилгат хайрхан болгож тахисан байна.


Таван жилд нэг удаа ийн ёслол үйлддэг юм бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигтай болсноос хойш энэ жил хоёр дахь удаагаа ийнхүү энэ сарын сарын 22-ны билэгт сайн өдөр төр, шашны ариун үйлийг хослуулан хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо. Энэхүү ёслолд ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энхболд оролцсон юм.

Мөн Өмнөговь аймгийн удирдлагууд, нутгийн зон олон, ард иргэд, хөрш зэргэлдээ аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, хайрхан уулынхаа тэнгэрийг тайх ёслолыг үйлдлээ. Энэ үеэр улс аймгийн цолтой 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас шөвгийн дөрөвт Монгол Улсын начин Ц.Одбаяр, Аймгийн хурц арслан Ш.Дарханбат, Аймгийн арслан С.Идэрсүрэн, Аймгийн заан Б.Амгаланбаатар нар үлдэж Ш.Дарханбат түрүүлж, Монгоол Улсын начин Ц.Одбаяр үзүүрлэв.