Categories
мэдээ цаг-үе

Хоёр жилийн соёолонгийн түрүүтэй Тод манлай уяач Д.Одгэрэлийн ажнай хүлгүүд өнгөтэй байна

Хүй долоо худаг өнгөрөөд төрийн наадмын даага зурхайгаас эргэдэг Цагаан хөтөлийн наахна жалга өгсөөд гараад иртэл хурдан морь унасан хүүхдүүдтэй халз тааралчихлаа. Барагцаалбал, 50 гаруй хурдан их насны морь явж байгаа харагдлаа. Хэдэн талаас нь машин, мотоциклиор шахаад л “Эргэх болоогүй байна. Зурхай хүрэлгүй эргэвэл морийг чинь уралдаанаас хасна” гээд л хашхирах. Харин нөгөө талд хижээл насны эр “Эргэх болоогүй. Юугаа хийгээд байгаа юм бэ. Яваад өгөөч” гээд л машиныхаа цонхоор хашхирах. Хүүхдүүд түүний хэлж байгааг тоож, сонсож байгаа шинж алга. Өөдөөс нь “Эндээс эргэ гэж хэлсэн ш дээ. Ямар хол явуулдаг юм бэ. Эргээрэй, гүүг” гэж хашхираад ташуураа агаарт хий эргүүлэх юм. Энэ мөчид хурдан морьд тогтож ядан дүүхэлзэн, хоёр тийшээ ханараад байх. Хурдан морь унаад удаагүй байгаа бололтой жаалууд архаг унаач ах нарынхаа өөдөөс хараад нүд нь бүлтэлзээд, айж сандарч байгаа бололтой. Хэдхэн хормын дараа зурхайгаас морьд эргэлээ.

Хөндий талаар дурдан шаргал тоос тэнгэр баганадан босч, морьдын туурай газрын хөрс бөмбөрдөх аж. Бөөн тоосон дундаас хүүхдүүдийн гүүглэх цолгиун дуу л холдож, ойртон сонсогдоно. Гарааны зурхайгаас эргэсэн морьд салхи исгэрүүлэн бөөндөө хурд булаалдан давхилдаж, километр хүрэхгүй явсаар зул задарч, цуварлаа. Тод ногоон хувцас өмссөн хүүхэдтэй улаан буурал зүсмийн морь ганцаараа гараад зугтаачихлаа. Араас нь элбэгхэн биетэй, тавиухан давхилтай хээр, ухаа хонгор, цавьдар зүстэй гурван морь зуузай холбоотой, уралдах юм. Хурдан их насны морьд даган давхисаар хуучин Баянцогт сумын төв байсан газарт ирлээ. Ямар морь түрүүлж ирснийг харж амжсангүй. Барианд орсон морьдынхоо хөлсийг уяачид нь хусаад, нүүр нь халтар болсон унаач хүүхдүүд хүйтэн ундаа залгилж байхад нь очлоо. Багийн төвийн өдөрлөг наадам болж байгаа нь энэ аж. Наадмын баруун талд гандсан дээлтэй, бүсэндээ хусууртай өвгөд тойроод суучихжээ. Хажуугаар нь өнгө өнгийн шинэхэн дээлээр гангарсан залуус, морьтой, мотоцикльтой тоос татуулан давхилдах ажээ. Ай дэлхий дэлэгнэсэн дэлгэрхэн тал нутагт минь наадам айсуй. Хүн бүрийн амнаас наадам, наадмаар тэгнэ, наадам гэсэн үг гарах нь даанч сайхан. Монгол наадам хаяанд ирээд ирээд айлсчихжээ.

Хуучин Баянцогтоос зүүн хойш давхисаар Хар чулуутын өвөлжөөний хажууханд зусаж байгаа Монгол Улсын тод манлай уяач Дэшцэрэнгийн Одгэрэлийнд хүрч очлоо. Уяа дүүрэн, багширсан морьд уяатай байна. Зургаан гэр эгнүүлээд барьчихжээ. Уяач Д.Одгэрэл торгон цагаан монгол цамц өмсөөд тод манлайн тэмдэг бүхий улаан залаатай малгайгаа тавьчихаад уяан дээрх морьдынхоо хазаарыг амгайвчлаад зогсож байлаа. Түүний хажууханд Монгол Улсын начин Г.Батбаатар өнгөрсөн жилийн соёолон насанд түрүүлж, тод магнай болж торгон жолоо өргүүлсэн саарал үрээгээ сойзоор тоосыг нь буулгаж байв. Тэдэнтэй мэнд мэдэлцлээ. Д.Одгэрэл тод манлай болон “Унаган хурд” галынхныгзуны дунд шар морь сарын шинийн гуравны шарагчин туулай өдөр морьдоо барьж байхад нь очиж таарсан юм. Төв аймгийн Баянцогт сумаас Монгол Улсын тод манлай уяач хэд хэд төрөн гарсан байдаг. Тэдний нэг нь Д.Одгэрэл билээ. Тэрбээр уяач төрийн наадмын торгон ногоон дэвжээнээ сүүлийн 20 гаруй жил одтой сайхан наадаж, олон түрүү айраг хүртэж байгаа гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Гэрэлээ уяач аавынхаа өвлүүлж үлдээсэн унаган адуугаараа улс бүсийн наадамд уралддаг. Түүний уясан морьд түрүүлж, айрагддаг гэдгээрээ ихээхэн онцлогтой. Өнгөрсөн жил анхны цас орох үед Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг руу адуугаа аваад оторт явсан гэнэ. “Олон адуутай оторлож ирлээ” гэж нутгийн иргэдэд нүд үзүүрлэгдэн хэцүүдсэн талаараа ярьж байна. Мөн цагийн хатууд олон адуу эндсэн гэдгээ ч нуулгүй хэлж байна лээ, Д.Одгэрэл уяач. Хавар ногоо гарах үед адуугаа туугаад нутаг руугаа зүтгэжээ. Ингээд лам багшийнхаа зааж өгснөөр зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр морьдоо барьж байгаа нь энэ аж.

Д.Одгэрэлийн аав аймгийн алдарт уяач байсан. Сумынхаа эмнэлэгт их эмчээр олон жил ажилласан байдаг. Дөрвөн хүүгээ морь уях, адуунд хайртай болоход нь уруу татсан гэнэ. Цаг наргүй ажилтай эмч сумынхаа төвийн ойролцоо хөдөө гарчихдаг. Буурлын буян болсон морьдоо уячихдаг байжээ. Хүүхдүүдээ тэр мориноосоо хөлс ав, энэ үрээндээ тийм ажил хий гэж зааварлаж хэлчихээд явчихдаг байсан гэдгийг тод манлай уяач дурсан ярив. Тэднийх сумын наадмын түрүү, айраг алдаж үзээгүй гэнэ. Дөрвөн хүү нь аавынхаа зааснаар нэг л мэдэхэд сумандаа гайхагдсан уяачид болжээ. Тэрбээр “Миний аав улсын наадамд соёолон айрагдуулж байсан уяач хүн л дээ. Тэр жил Төв аймгийн Баянцогт сумаас гурван соёолон дараалан орсон гэдэг. Самдангийн халзан, Даваасүрэнгийн халиун алаг, аавын бор дараалаад орсон байдаг юм” хэмээн ярив. Д.Одгэрэл хүүхэд байхдаа хурдан морь сайн унадаг хүүхэд байсан гэнэ. Аавынхаа уясан морийг түрүүлж, айрагдуулаад гэр бүлээрээ баяр хөөртэйгөөр нааддаг байжээ. Харин долдугаар ангид байхдаа өөрөө морь уяад сумынхаа наадмаас айраг, түрүүг хоёр гурваар нь авдаг болжээ. Анх морь уясан жил сумынхаа наадамд хоёр хязаалан уясан нэг нь түрүүлээд,нөгөө нь таваар ирж байсан аж. Уяачийн анхны хамгийн том наадам нь Эрдэнэтийн овооны тахилга наадам байсан гэнэ. Анх удаа холын наадмыг зорьж очин тэртээ 1997 онд шүдлэн үрээгээ мордуулсан байна. Шүдлэн нь долоолж, анхны “Их хурд” наадамд морио уралдуулах урилга авсан байна. Тэр ингэж л улс, бүсийн томоохон наадам уясан мориороо уралдах боломж нээгджээ. Хамгийн анх аавынх нь унаган адуу Туулай хээр азаргаараа “Баянцагааны хурд” улс бүсийн наадамд мордуулан айрагдуулжээ. Эцэг, өвгөдөөс уламжлагдан ирсэн Туулай хээр азаргаараа залуухан уяач томчуудтай уралддаг байсан бол одоо азарганыхаа төлөөр наадмын дэвжээн дээр дийлж уралдах болжээ. Туулай хээр хэмээн алдарт азарганы үр төл нь түүний өнөөдрийн Монгол Улсын тод манлай уяач хэмээх эрхэм цолонд хүргэсэн билээ. Туулай хээр азарганы 11 төл улс, бүсийн наадмаас есөн түрүү, 14 айраг эзэндээ авчирсан байдаг. Туулай хээр азарганыхаа төл “Алтан үст” ухаа “Орхоны хурд 2003” хангайн бүсийн даншиг наадамд түрүүлсон байдаг. Ламын гэгээний наадам, Говь-Алтай аймгийн бүсийн наадам, Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит Зүүн бүсийн наадам гээд л олон наадмаас түрүү айраг хүртсэн байдаг. Д.Одгэрэл уяач “Олон жил улс бүсийн наадамд уясан хүлэг минь түрүүлж, айрагдлаа. Уясан морь давхиад ирж байгааг харах шиг жаргал хаана байх билээ. Миний санаанаас тэр жилийн сумын наадам ердөө гардаггүй юм. Намайг цэргээс ирсний дараа манай гурван азарга сумын наадамд хоёр километр шахуу тасархай гурвуулаа холбоотой орж ирсэн юм. Тэгэхэд л их баярласан даа. Тэр наадамд аавын маань хул азарга түрүүлж, миний туулай хээр аман хүзүүлж, дүү Одноогийн маань хул азарга гурав тасархай орж байлаа” гэв.

Алдарт туулай хээр азаргандаа зориулж,

Сонор хайрханы энгэртээ сойлго нь ханасан хүлэг минь

Хоёр төхмөөс ундаалсан

Ховорхон төрсөн ажнай мину зээ

Цацалсан хээр давхилтай нь Туулай хээр ээ

Цалгилсан их домогтой Монголын тал хээр ээ

Бумбалсан алтан тоостой Унаган хурдын хурд аа

Буян хишгийн даллагатай Дуун хадагтай хээр ээ гэсэн дуу бүтээлгэжээ.

АВАРГА Ч.САНЖААДАМБА МОРЬДОО ЁСЛОХООР ИРЭВ

Биднийг ийн ярилцаж байтал гэрийн гадаа машин давхилдаад ирлээ. Уяан дээр байсан хүмүүс ч “За, нөгөөдүүл чинь ирж байна. Одоо ч морь барих ёслол болох нь дээ” гээд л хоорондоо ярилцах аж. Хурдан морины хүүхдүүдийг моринд нь мордуулаад уяа тойруулж эхэллээ. Унаач хүүхдүүдийн хөндий талаар дүүрэн хоолой нийлүүлэх гийнгоон дуу хадаж, хүлэг морьд уяа дэрлэн зүүрмэглэх ажээ. “Унаган хурд” галын уяачид болоод Д.Одгэрэл уяачаар морио уяулж байгаа хүмүүс ар араасаа цувран давхилдаад ирэв. С.Будням, Б.Буяннэмэх гээд л олон зочин ирсэн байна. “Унаган хурд” галынхан сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадмаас 20 гаруй түрүү, айраг аваад байгаа. Хар чулуутын зүүн хойноос гялалзсан хар жийп чигээрээ давхисаар хүрээд ирэв. Машинаас улаан өнгийн подволктой том биетэй хүн буугаад ирсэн нь Монгол Улсын аварга Ч.Санжаадамба байв. Тэрбээр сүүлийн жилүүдэд Гэрлээ уяачаар морио уяулж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн намар зүүн аймгаар тэр хоёр хамт явж олон хурдан адуу авчирсан байна. Өнөө жилийн баяр наадамд хурдан хүлгүүдээ хэрхэн давхихыг харах гэж байгаа гэнэ. Аварга хүмүүстэй гар барин мэндлээд шууд уяа рүү гүйгээд очих юм. Зөв хийцтэй, дун бүрээ хамартай азарган хүрэн үрээний хоёр талд гараад л хараад байх. Тэгснээ очоод л магнайг нь илж, сүүлний шуултыг нь засч янзлав. Мань эрд хүрэн үрээгээ сайхан давхичих болов уу гэсэн баярын совин байгаа нь илт.

Өглөө босч бэлтгэлээ хийчихээд л наашаа давхижээ. 61-ийн гарамны тэнд Архангай аймгийн бөхчүүд өнөө жил бэлтгэлд гараад байгаа гэсэн. Аваргын бэлтгэл сайн байгаа гэдгийг багш нь хэлж байна лээ. Одоогоор хүчний бэлтгэл сайн хийж байгаа аж. Аварга өнгөрсөн жил будлиантай барилдаж, Төв аймгийн бөх улсын начин Г.Ганжадад тахимаа өгсөн. Аварга “Сүүлийн үед бөхчүүд сэргээш хэрэглэх нь хэрээс хэтрээд байна. Бас сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулаад байх юм. Сэргээш хэрэглэсэн хүнтэй барилдах хэцүү. Амжилтаас арагш нь татаж байгаа гэдгийг хэлж байв. Бас бөхийн холбооныхон сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг нууцалж байгаа. Тэр хүмүүстэй оноолтоор таарвал би барилдахгүй шүү. Наадам бужигнуулсан энэ тэр гээд байв. Та нарт эртхэн хэлж байна шүү гээд хэлсэн” гэж ярив. Д.Одгэрэл манлай ирсэн олны хөлийг тоосон шинжгүй өмнөх ажлаа хийгээд завгүй. Хэрэг болгож, түүнээс хэн нэгэн лавлахгүй л бол барагтай дуугарахгүй, баргийн юмыг бусдаар хийлгэхгүй юм.

СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН СОЁОЛОНГИЙН ТҮРҮҮ ЭНЭ УЯАН ДЭЭРЭЭСМОРДЖЭЭ

Д.Одгэрэл уяач өөрийнхөө морьдыг уяхаас гадна өөр хүмүүсийн морийг уяж өгдөг. Сүүлийн хоёр жилийн соёолонгийн түрүү энэ уяан дээрээс тодорсон. 2016 оны баяр наадмаар Сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржын хурдан бор соёолон уягдаж түрүүлсэн. Түүний дараа буюу өнгөрсөн жил Г.Батбаатар начины саарал үрээ магнайдаа тоосгүй ирж, уясан эзэн, уралдсан хүүхэд, наадамчин олныг баярлуулсан билээ. Энэ жил ч энэ уяан дээрээс хурдан морины түрүү тодрохгүй гэх газаргүй.

Д.Одгэрэл уяач “Сүүлийн үед унаач хүүхдийн эрхийн асуудал яриад байгаа. Өвөл уралдаж болохгүй. Хүүхэд хүйтэнд даарна гээд байдаг. Үнэндээ морины илчинд дулаацаад хөлөрчихсөн явдаг юм. Унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар яриад л байдаг. Үнэндээ мориноос унаж байгаа хүүхдийн 80 орчим хувь нь тоосжилт, замын бартаа нүхнээс болж байна шүү дээ. Тэгэхээр зам засаад өгчихвөл хүүхэд унахгүй болно. Уяачдыг буруутгах хүн олон болжээ. Бид Монголын эдийн засагт маш их эргэлт авчирч байгаа хүмүүс шүү. Өвс, тэжээлнээс эхлээд нэмнээ, хазаар, чөдөр, туслах уяач, унаач хүүхдүүдийн цалин, идэж уух хоол хүнс,өмсөж зүүхээс авахуулаад бүх зүйлд хөрөнгө оруулалт хийж байна. Бас өв соёлоо тээж байгаа хүмүүс. Цөөхөн хэдэн хүн л хурдан моринд хайртай байна. Тэд морь худалдан авч уяулж байгаа. Гэтэл биднийг ад үзээд байх юм” хэмээн ярилаа. Мөн эрлийз, монгол адуу гэсэн ойлголтыг нэг тийш шийдэх ёстой. Монгол адуу тийм ч давжаа, жижигхэн байгаагүй. Эрлийз гэх нэрээр өндөр адууг хасдаг байдлыг таслан зогсоох ёстой талаар онцлон ярьж байлаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат н.Шинэбаатар Д.Одгэрэлийн туслах уяачаар ажиллаж байна. Тэрбээр “Цалин боломжийн. Бас морь уях сонирхолтой болохоор сайхан байдаг” хэмээн ярив. Мөн Говь-Алтай Халиун сумын Ж.Дүгэржавч сайн уяач болох мөрөөдөлтэйгөөр тэднийд туслах уяачаар ажиллаж байгаа нь энэ. Д.Одгэрэл уяачийн уясан морьд өнгөрсөн жил түрүүлж, айрагдсан болохоор 13 настай Г.Эрхэмбаяр хүү “2016 оны шилдэг унаач хүүхэд” болжээ. Хүү“Д.Дагвадорж аваргын бор үрээг унаж түрүүлсэн гэнэ. Төв цэнгэлдэхэд Дагваа аваргаар морио хөтлүүлээд орох хамгийн гоё байсан. Хүмүүс шуугилдаад микрофон барьж байгаад чанга дуугаар гийнгоолоход үзэгчид хашхираад алга ташсан” хэмээн баяр хөөртэй ярих юм. Харин өнгөрсөн жилийн саарал соёолонг унаж түрүүлгэсэн н.Өсөх-Од 2017 оны шилдэг унаач хүүхэд болжээ. Тэрбээр мөн гарьд хээр, Г.Батбаатар начингийн саарал үрээг түрүүлгэсэн байна.

Нар баруун тийш хэвийжээ. Уяан дээрх морьдоо хөлс авахаар нэмнэж байв. Унаач хүүхдүүд салхи сөргүүлэн цогиулах ажээ. Уяан дээр хөлстэй нэмнээ өнгө өнгөөр нь дэлгээд тавьчихсан байна. Үүрийн гэгээ хаяараагүй байхад босч, үдшийн бүрийгээр унтах залуу уяачид өдөржин борви бохис хийх чөлөөгүй ажиллаж байна лээ. Тун удахгүй морьдынхоо нарийн ажлыг хийж, торгон ирийг нь оруулах биз ээ. Наадам ойртох бүрт хүн, морины цог хийморь улам сэргэж, хөндий талаар хүүхдийн гийнгоо хадаж, уяа нь ханасан морьдын сувдаг хөлс хусуур дүүргэдэг билээ.

Монгол Улсын тод манлай уяач Д.Одгэрэлд “Манай сонины сэтгүүлчид жил болгоныг наадмын өмнө улсын алдарт уяачдын гэрт өнждөг юм. Өнжсөн айл болгоны азарга төрийн наадамд түрүүлээд байгаа шүү” гэж хэлтэл ихэд бэлгэшээн хүлээн авч байна. Тэрбээр “Ах нь улсын наадамд олон шүдлэн түрүүлгэж, айрагдуулсан байдаг. Төрийн наадамд азарга түрүүлгэж үзээгүй байна. Энэ жил сайхан наадах байх” гээд инээсээр биднийг үдэн гаргасан юм. Энэ жил бороо хур тэгширсэн сайхан зун болох төлөвтэй байна лээ. Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд Монголын хөдөөд наадам ярьсан хүн олон байна. Бөх, харваа, морины түрүүгээр таамаг гарган цэц булаалдаж, наадмын налгар өдрүүдэд яарах түмэн олон тэмүүлж, хүлээх зүйлтэй дэлгэр жаргалтай зусаж байна аа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Улсын цол горилогсод

Наадам хаяанд иржээ. Бөхчүүд ч тус тусын харьяаллын дэвжээнийхэнтэйгээ наадмын бэлтгэлдээ гарсан байна. “Дэлтэй болгон уралдсан ч айраг амсдаггүй наадам, дээлтэй болгон барилдсан ч начин болдоггүй наадам” гэж улсын цолны өндөр босгыг тайлбарласан үг бий . Монгол бөхөд сонирхолтой хэн бүхэн ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар улсын цолны өндөр босгоор алхах аймгийн цолтнуудыг дор бүрнээ таамаглаж суугаа. Тухайн жилийнхээ заалны барилдаануудад амжилттай барилдсан аймгийн цолтнууд баяр наадмаараа амжилттай барилдаж цолд хүрэх магадлал өндөр байдаг.

Хонгор нутгийн түмэн Ж.Чулуунбат 2011 онд начин болсноос хойш улсын цолтон өлгийдөж аваагүй л байна. Энэ хүлээлтийг өнөө жил Баянбулаг сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо тайлах болов уу. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд үзүүр бөх Ө.БатОршиход тахим өгсөн тэрээр 20172018 оны улирлын аймаг цэргийн цолтнуудын барилдаанд дөрөв түрүүлж, нэг удаа үзүүр булаасан. “Их богд” дэвжээнээс улсын цолд зүтгэх өөр нэг хүчтэн нь аймгийн хурц арслан Болдын хүү Эрдэнэхүү.

Тэрбээр аавынхаа цолыг ахиулахаар олон наадамд зодоглож буй ч болж өгөхгүй л байгаа. “Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг жамтай. Аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг учиртай” гэж үг бий. Арслан энэ жилийн наадмаар тав даваад гараад ирж мэдэх л юм. Өнгөрсөн жилүүдийнхээс барилдааны арга барилаа өөрчилж урагш довтолж, задгай барилдаж буй нь улсын цолд хөтөлж ч болно. Тэрээр саяхан болсон монгол туургатны барилдаанаар аймгийн арслан Т.Бэгзсүрэнг босоо өмсөөд чулуудчихаж байгаа харагдсан. Тулж зогсож хүлээх биш, дайраад давшлаад барилдвал хэнийг ч аваад л залах бөх дөө.

Өнгөрсөн жил төрийн наадмын түрүү хүртсэн Хөвсгөл нутгаас улсын цолны тааварт орж сайн барилдаж буй аймгийн арслангууд хэд хэд бий. Сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ баяр наадмаар амжилттай барилдаж цол ахидаг уламжлал бий. Үүнээс үзвэл Шороон нохой жилийн сар шинийн барилдаанд улсын арслан Н.Батсууриар дөрөв давж “Улсын цолд ойрхон бөх”ийн шагнал гардсан ИхУулын Б.ДавааОчир арслан цол ахих нь баараггүй. Биеэр жижиг ч сэтгэл зүй өндөртэй, дайчин барилддаг энэ залуу 2017 оны баяр наадмын дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболдтой эн тэнцүүхэн хүч үзэж будилаантай барилдаанд өвдөг шороодож цурхиртал уйлаад дэвжээг орхиж байгаа харагдсан. Дөрөв даваад гараад ирэхэд Б.ДавааОчирыг давна гэж зориглоод амлах том цолтон байхгүй дээ.

Хөвсгөл нутгийн нэрийг төв цэнгэлдэхэд сайнаар дуурсгах өөр нэг хүчтэн нь Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан БатЭрдэнийн ХашЭрдэнэ. Бяртай бас мэдрэмжтэй барилддаг ХашЭрднэ арслан өнгөрсөн жилийн наадмын хоёрын даваанд улсын начин Д.Амарсайхантай оноолт таарч давсан ч хөлийн цэц засуулуудын харалган шийдвэрийн золиос болж, улсын цолтны өнөр бүлд багтах мөрөөдлөө ахин нэг жилээр хойшлуулсан гашуун туршлагатай. Барилдааны үеэр хаяа нэг гаргадаг хайнга алдаагаа засчихвал начин Хөвсгөлийн хүчтэнд начин цол ойрхон байгаа даа. Мөн улсын наадамд арван жил дараалж шөвгөрсөн хүчит арслан Х.Мөнхбаатартай усны дусал шиг адилхан Ц.Сандагдорж гэж залуу улсын цол хүртэхээр бэлтгэлээ шаргуу хийж байгаа сураг дуулдсан. Тав даваад туг тойрч мэдэх л хүчтэн дээ.

Отгонтэнгэр хайрханы өвөрт орших Отгон сумаас ардын хувьсгалын жилүүдэд улсын цолтой бөх хараахан төрж амжаагүй л байгаа. Энэ нутгийн зон олны хүлээлтийг тайлахаар хөдөлмөрлөж буй залуу хүчтэн бол аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн. Дархан аварга А.Сүхбатын гараас “Ирээдүйн аварга” шагналыг хүртсэн бөхчүүд улсын том цолд хүрдэг уламжлал бий. Алдарт аваргын итгэлийг дааж аварга цолд хүрэхийн тулд Т.Бэгзсүрэн улсын цолны босгоор эртхэн алхах хэрэгтэй. Арал чацтэй залуу арслан гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бөхийн чөлөөт барилдааны бэлтгэл хийдэг нь үеийн өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог нь болж өгдөг. Монгол туургатны наадмын буриад барилдааны түрүү бөхөөр тодорсон тэрээр үндэсний баяр наадамд тав давчихвал цаашаа ямар ч цолд хүрэх бүрэн боломжтой. Хутагт хувилгаадын нутгаас улсын цол зүүдэлж буй өөр нэг хүчтэн нь аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд. Өнгөрсөн зууны шилдэг бөхчүүдийн нэг улсын заан З.Дүвчингийн гарын шавь тэрээр жин массаар ноёлж барилддаг өнөө үед уран хурц барилдаанаараа монгол бөх сонирхогчдын талархлыг хүлээж байгаа. Ямар ч нэр алдартай аварга, арслантай таарсан бэргэлгүй барилддаг залуу арсланг ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар улсын цолд хүртэх өндөр магадлалтай бөхөөр нэрлэж байна.

Говьсүмбэрээс сүүлийн жилүүдэд Төмөрбаатарын Пүрэвсүрэн гэж аймгийн арслан тун сайн барилдаж байгаа. Хийгүй нягт, тэвчээртэй барилддаг онцлогтой энэ залуу өнгөрсөн оны арван нэгдүгээр сард зохион байгуулагдсан Лу.Энхбаяр начны нэрэмжит аймаг цэргийн цолтнуудын барилдаанд олон хүчтэй өрсөлдөгчдийг өвдөг шороодуулж түрүү бөхөөр тодорсон. 2008 оны ардын хувьсгалын 87 жилийн ойн их баяр наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж байсан жаахан хүү Т.Пүрэвсүрэн өнөөдөр аварга арслангуудыг айлгах хэмжээний мундаг бөх болжээ.

Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнийхэн өнгөрсөн жил одтой наадаж начин цолтон хүлээж авсан. Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганжад энэ цагийн манлай хүчтэн улсын аварга Ч.Санжаадамбаар тав давж начин цолыг “гуйж биш гуядаж” авсан. Түүний амжилтыг түүчээлэх хүчтэн нь Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр юм.

Сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтнуудын барилдаанд түрүү бөхөөр тодорсон залуу арслан, улсын цолтнуудад ч сайн барилдаж хурц бадрангуй арслан Н.Золбоогоор гурав давсан. Бяртай арсланд дархан аварга А.Сүхбат “Ирээдүй аварга шагналаа” зүгээр нэг гардуулаагүй биз.Төв нутгаас өөр нэг хүчтэн улсын цолны босгоор алхахад бэлэн байгаа нь Угтаалцайдам сумын харьяат аймгийн арслан Ганболдын Өсөхбаяр. Мэдрэмжтэй барилддаг залуу арсланг бөхийн багш, дасгалжуулачид ирээдүйд том цолд хүрнэ гэж үнэлдэг юм билээ.

Баруун хязгаар Увс нутгаас аймгийн арслан Ц.Мөнхбаяр улсын цолны тааварт яригдаж байна. Өнгөрсөн жил нутгийн арслан П.Бүрэнтөгсөд тахим өгсөн Ц.Мөнхбаяр энэ жилийн баяр наадмаар улсын цол хүртэж бөхийн өлгий Тэс нутгийн зон олныг баярлуулж мэдэх юм. Мөн Дамдингийн Тогтохжаргал, Хүрэлбаатарын Оргилболд, Навааны Хүрэлсүх гээд залуу арслангууд XX зууны манлай монгол бөх, дархан аварга Х.Баянмөнхийн үнэтэй сургаалийг нь сонсож “Увс нуур” бөхийн галд наадмын бэлтгэлээ базааж байгаа.

ГовьАлтай аймгийн “Хантайшир” дэвжээнээс жил бүр л начин төрчихөөд байдаг уламжлалтай. Өнөө жил аймгийн хурц арслан Ц.БямбаОчирын бэлтгэл их сайн байгаа харагдсан даа. Сая аваргуудын нэрэмжит барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд явагдахад бяртай арслан Ц.БямбаОчир их шөвөгт шалгарсан. Мөн Тотохмэндийн Сайханжаргал гэж сийрэгхэн барилддаг залуу арслан энэ жил начин цолны тааварт яригдаж байна. Тэрбээр аваргуудын нэрэмжит барилдаанд энэ жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэгдэж буй улсын арслан П.Бүрэнтөгсөөр гурав давж бэлтгэл сайтай байгаагаа харуулна лээ.

Дээр дурдагдсан бөхчүүдээс гадна БаянӨлгийн Н.Мустафа, Өвөрхангайн Т.Ядамсүрэн, Булганы Д.Амаржаргал, Б.Ганбаатар, Төвийн Д.Хүдэрбулга нарын арслангууд улсын цолны тааварт байна. Мөн Булганы Б.Түмэндэмбэрэл, Э.Энх-Амгалан, Увсын Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангайн М.Даваасүрэн нарын аймгийн заанууд тав даваад туг тойрч мэднэ.


Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 25-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалт болно. Утас: 99026671, 91119757

09.00 цагт Корпорэйт зочид буудалд Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас:99127866, 80709411

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Ази бүсийн эмэгтэйчүүдийн сангуудын ээлжит уулзалт” болно. Утас:88029087, 99666022

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Мал аж ахуйн салбарын технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” олон улсын бага хурал болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт болно. Утас:95883542

10.00 цагт МҮЭСТО-д “Хүүхдэд хайртай Монгол” хэлэлцүүлэг болно. Утас:98118404

11.00 цагт Олон нийтийн төвд АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал болно.

11.00 цагт ХНХЯ-нд “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба Хөгжил” олон улсын бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Мансуурлын эсрэг олон улсын өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өөрийн байрандаа хурдан морины унаач хүүхдүүдийг хамгаалах талаар мэдээлэл хийнэ. Утас: 88209963

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд иргэний нийгмийн байгууллагууд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төрийн ордонд “Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилгууд” үндэсний хэлэлцүүлэг болно.

Categories
мэдээ цаг-үе

О.Чимэдсүрэн: Чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах нь нийтийн эрүүл мэндийн эрсдлийг хязгаарлах бодлогын чухал шийдэл

АШУҮИС-ийн Олон улсын Сайбер их сургуулийн захирал анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэнтэй ярилцлаа.


-Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнүүд, тэр дундаа ундаа шүүсний чихэрлэгийн хэмжээ маш өндөр байдаг. Танай багийн хийсэн судалгааны үр дүнгээс бидэнтэй хуваалцана уу.

Манай баг 2015-2017 онд УБ хотын 2100 орчин сургуулийн сурагчдын чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалж үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 1/3-2/3 нь чихэртэй ундаа, ус, цай эзэлж байна. НЭМҮТ –өөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна. Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалтай байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна.

Илүүдэл жин, таргалалтанд хүргэдэг олон хүчин зүйлийн нэг нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, тэр дундаа чихэрлэг хүнс, ундааны хэрэглээ юм. Сургуулийн орчинд зарагдаж буй шингэний дийлэнх нь чихэртэй, хийжүүлсэн ундаа, шүүс мөн чихэр, жигнэмэг, шоколад байдгийг бид мэднэ. Судалгаанд хамруулсан сурагчдын хувьд ялангуяа тарган, илүүдэ жинтэй хүүхдүүдийн ууж буй шингэний дийлэнх нь чихэрлэг ундаа, мөн чихэр,жигнэмэгийн хэрэглээ хэвийн жинтэй хүүхэдтэй харьцуулахад 2-5 дахин их байсан.

Бид импортын болон дотоодын үйлдвэрийн 39 нэр төрлийн чихэрлэг ундаанд агуулагдаж буй сахарын хэмжээг тодорхойлоход хийжүүлсэн ундаанд 100 мл-т 11.5г, жимсний ундаанд 11.0 г, амтлаг усанд 4.8 г, хүч тамирын ундаанд 14.9 г байсан. Ундааны шошгонд бичсэн сахарын агууламжийг хийсэн шинжилгээний үр дүнтэй харьцуулахад 13 бүтээгдэхүүнд сахарын агууламж шошгонд тусгаснаас 20 хүртэл хувиар өндөр тодорхойлогдсон.

Эдгээр үр дүнгээс харахад яаж энэ хэрэглээг бууруулах вэ, ууж буй шингэн дэхь сахарын агууламжийг хэрхэн хязгаарлах вэ гэсэн асуудал гарна. Үүний тул хэрэглэгчид болох хүүхдүүд, насанд хүрэгчид бид өөрсдөө “Зөв хэрэглээ”-нд сурах буюу ус, хярам, цай зэрэг чихэргүй шингэн уух, үйлдвэрлэгчид бүтээгдхүүнийхээ сахарын агууламжийг багасгах, шошгонд түүний агууламжийг зөв бичих нь чухал.

Чихэрлэг ундааны хэрэглээ маш их, таргалалт илүүдэл жин сүүлийн 5 жилд эрчимтэй нэмэгдсэн байна. Та бүхэн судалгаа хийж, чихэрлэг ундаанд татвар ногдуулах хэрэгтэй талаар зөвлөж байгаа юм байна. Татвар ногдуулсан бусад орны туршлага, амжилт юу байна.

ДЭМБ-аас 2016 онд бүх улс орнуудад хандан таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмсэн ундаанд хамгийн багадаа 20%-ийн татвар ногдуулахыг уриалсан байдаг.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах замаар илүүдэл жин, таргалалттай үр дүнтэйгээр тэмцэхийг зөвлөмж болгосны дагуу АНУ-ын ихэнх муж, Австрали, Мексик, Чили, Дани, Финлянд, Норвеги, Франц, Их Британи, Ирланд, Номхон далайн арлын орнууд, БНСУ, Камбож, Өмнөд Африк зэрэг дэлхийн олон улсад чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулаад байна.

Эрүүл зохистой хооллолт, ус ундааны зөв хэрэглээ зэрэг ХБӨ-өөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн болон төсвийн бодлогын үр нөлөөг үнэлэх зорилгоор ДЭМБ-ын хийсэн сүүлийн үеийн 11 тойм судалгаанаас үзэхэд чихэрлэг ундааны татварын үр дүнд түүний хэрэглээ 20-50% буурдаг нь нотлогдсон байна. Татварыг чихэрлэг ундаанд тогтоон харин түүнийг орлох бүтээгдэхүүн жимс, ногооны хэрэглээг дэмжсэн нь тэдгээрийн хэрэглээг 10-30%-иар нэмэгдүүлдэг байна.

Тухайлбал, Мексик улс таргалалт, чихрийн шижингийн тархалттай дэлхийн хэмжээнд хамгийн өндөр улсад тооцогддог. Иймээс Мексикийн Засгийн газраас 2014 оноос чихэрлэг ундаанд 10%-ийн татвар ногдуулсан. Энэ татварын бодлогын үр дүнд дараагийн арван жилийн хугацаанд илчлэгийн хэрэглээг нэг хүнд хоногт 8.38 ккал-аар бууруулж, илүүдэл жингийн тархалт, чихрийн шижингийн өвчлөлийг бууруулах боломжтойг тооцоолон амжилттай хэрэгжүүлж байна. Мексик улсад чихэрлэг ундааны татвар нэмсэнээс хоёр жилийн дараа чихэрлэг ундааны худалдаанд хийсэн дүн шинжилгээгээр эхний жилд 5.5 хувь, дараагийн жилд 9.7 хувь буурсан. Мөн татвар ноогдуулсан бүтээгдэхүүний үнэ дунджаар 10-12 хувь нэмэгдсэн бөгөөд хэрэглээ 10 хувиар буурсан нь тамхины татвараас илүү үр дүнтэйг харуулсан. Нийтдээ чихэрлэг ундааны татвар 2014 онд нэмсэнээс хойш MXN 107.2 тэрбум ($5.7 тэрбум) болж өссөн байна. Мекскийн хувьд энэхүү нэмэлт орлогыг ундны усны хангамж нэмэгдүүлэхэд зориулж, тухайн орны бүх сургуулиудад цэвэр усны цорго суурилуулсан байна.

Чихэрлэг ундаанд татвар ноогдуулах тооцлолыг хэрхэн хийсэн бэ. Хэдэн хувиар татвар ногдуулах, түүний эдийн засгийн болон эрүүл мэндийн үр өгөөжийг хэрхэн харж байна. АШУҮИС-ийн НЭМС-ийн судалгааны баг 2015 оноос эхлэн чихэрлэг ундааны хэрэглээ, түүний эрүүл мэндийн эрсдлийн судалгааг эхлүүлсэн бөгөөд 2017 онд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран энэ судалгааны үр дүнд тулгуурлан чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах тооцооллыг хийсэн. Татварын тооцоолол хийхдээ хилээр орж ирсэн ундааны импортын болон дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ, жижиглэлийн үнэ, борлуулалтын хувь зэргийг харгалзан олон улсад ашигладаг стандарт арга болох “TaxSim” загварыг ашигласан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах зөвлөмжийг 2016 онд өгсний дагуу манай улсын Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газарт чихэрлэг ундааны зах зээлийг судалж, татварын боломжит хувилбаруудыг тооцоход техникийн туслалцаа үзүүлэх хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу АШУҮИС, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яамны бүрэлдэхүүнтэй гарч “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах” тооцооллыг хийж үр дүнг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг бид 2018 оны зургадугаар сарын 1-нд зохион байгуулсан. Тооцооллыг хамтрагч, хэрэгжүүлэг талууд эерэгээр хүлээн авч даруй хэрэгжүүлэх нь зүйтэй байгаа талаар санал, зөвлөмж гаргасан.

Бид чихэрлэг ундааны онцгой татварыг 10, 20, 30 хувиар нэмэхээр тооцож үзсэн. . Тухайлбал 20%-ийн онцгой татвар ногдуулахад л татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба улсын төсвийг мөн хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой. 20 хувийн онцгой татвар тогтоосны үр дүнд жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой тооцоолол гарч байна. Онцгой татвар ногдуулахын цаад мөн чанар нь үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловрсол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэдэг байна. Тэрнээс биш татварын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг шууд хязгаарлах гэдэг талаас харах нь өрөөсгөл бөгөөд ямар ч бодлого, шийдвэрийг зөв хэрэгжүүлэх, түүнд тавих хяналт их чухал.

-Манай улсын хувьд чихэрлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хэр өндөр байна вэ?

-Манай улсад чихэрлэг ундааны зах зээлд дотоодын үйлдвэрлэл голлох байрыг эзэлж байгаа. Дэлхийд чихэрлэг ундааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Кока Кола” компани 2001 онд Монгол Улсад салбар үйлдвэрээ нээснээр чихэрлэг ундааны дотоодын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Манай орны хүн амын нийт нас баралтын дотор зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 1/3 хувийг эзэлж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 55%-ийг зөвхөн зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүд эзэлж, жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг зөвхөн энэ өвчнийг эмчлэхэд зарцуулж байна. Энэ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Манай улсад чихэрлэг ундааны борлуулалт сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30%-иар, жимсний шүүстэй харьцуулахад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл эрс өссөн. Мөн Монгол Улсын 2012 оны өрхийн чихэрлэг ундааны зардлыг 2015 оныхтой хурьцуулахад 41 хувиар өссөн нь ноцтой үзүүлэлт. Энэ нь хэрэглэгчийн эрүүл мэнд ноцтой үр дагавар хүрэхийг сэрэмжлүүлж байгаа баримт. Өвчилсөн үеийн оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх зардал нь асар их бөгөөд харин сэргийлэх, хамгаалах, хянахад чиглэсэн бодлогын зөв мөн цаг үеэ олсон шийдэл, шийдвэр нь зардал бага ч үр дүн нь хэмжээлшгүй их байдаг. Иймээс НЭМ-ийн салбарынхан бидний үүрэг бол бодлогын энэ мэт судалгааг хийн төр засгийн зүгээс оновчтой шийдвэр гаргах нотолгоог бүрдүүлэх, тэднийг энэ чиглэлд ажиллахыг шахах шаардахад чиглэдэг.

-Зөвхөн ундаа төдийгүй хүнсний боовон бүтээгдэхүүнүүд нялуун, чихэрлэг амттай байна. Ааруулыг хүртэл их чихэртэй хийх юм. Чихрийн агууламж өндөртэй бүх бүтээгдэхүүнд татварын бодлого хэрэгжүүлэх ёстой юу?

-Ер нь чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулснаар хаяг шошгон дээр тэмдэглэгээ хийх, мөн үнийн хувьд ялгаатай байдлаар хэрэглэгчдэд хүрнэ. Тиймээс хэрэглэгчдэд зөв сонголт хийж худалдан авах боломжийг олгох юм. Юуны өмнө чихрийн агууламж өндөртэй ундаанд татварыг ногдуулах замаар эхлүүлье гэсэн санаачилгыг судалгааны дүнгээс хамаарч гаргасан байгаа юм. Хүн өдөрт доод тал нь 1.5-2 литр шингэн уудаг. Гурилан бүтээгдхүүн боорцог, мөн аарц,ааруул, зайрмаг гэх мэт хүнсний бусад бүтээгдэхүүнийг бодвол хүний шингэний хэрэгцээ харьцангуй илүү байдаг учраас эхлээд юуны өмнө ундаа, шүүсэнд татвар ногдуулж эхлэх тухай хөндөх нь чухал. Цаашлаад дараа дараагийн чихэр агуулсан бүтээгдэхүүнүүд дээр яригдана. Хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Тэгэхээр өвчилсөн, хорхойтсон шүд, эмгэгшсэн эрхтэнтэй зууралдах бус түүний шалтгаан болж буй хүчин зүйл, эрсдлийг бууруулах нь хамгийн зөв шийдэл. Энэ дашрамд дурдахад эрүүл элэг хөтөлбөрийн хувьд өвчилсөн элэгтэй хүмүүсийг эмчилж тэдний амьдрах хугацааг уртасгах, эрүүлжүүлэхэд асар их хөрөнгө зарахаас илүү эрсдэл болоод буй вирусийн халдвар тархах эрсдэл, замыг таслах нь гол анхаарах зарчим нь юмаа.

Чихэрлэг ундаанд татварыг улс орон бүр эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн болон нийгмийн орчноос хамааран олон түвшинд, олон хувилбараар тогтоосон байдаг. Зарим улс татварыг зөвхөн зөөлөн ундааг хамруулан тогтоосон байсан бол зарим нь нэмэгдэл сахартай бүх төрлийн ундаанд болон тэдгээрийг бэлтгэх түүхий эдэд ногдуулсан байгаа. Татварын түвшин улс орон бүрт өөр өөр байсан. Тухайлбал АНУ-ын янз бүрийн мужид татварын хэмжээг 0-7 хувиар тогтоосон байлаа. Онцгой татварын хэмжээ Бабадос, Камбож, Лаос, Соломоны арлууд, БНСУ-д 10 хувиар тогтоосон бол хамгийн өндөр түвшинг Өмнөд Африк (20 хувь), Бангладеш (25 хувь), Микронезийн холбооны улс (25 хувь), Кирибати (40 хувь) улсуудад тогтоосон. Номхон далайн арлын орнуудад чихэрлэг ундаанд импортын татвар тогтоосон байсан.

-Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хүний биед ямар хор хөнөөлтэй байгааг судалгаагаар тогтоосон уу?

-Чихэрлэг ундаа нь шимт чанаргүй бөгөөд энгийн нүүрс-ус ихээр агуулсан бүтээгдэхүүн юм. Чихэрлэг ундааны хэрэглээ илүүдэл жин, таргалалт, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Манай улсад таргалалттай холбоотой үүсдэг халдварт бус өвчнүүд хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр эмгэгүүдийн шинэ тохиолдол 2004-2015 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт жил бүр 100 мянган хүн тутамд 500-гаас дээш тоогоор тохиолдож байгаа нь Монгол Улсыг зүрх судасны эмгэгээр нас барж байгаагаар нь дэлхийд тэргүүлэгч улсуудын тоонд оруулж байна. Чихэрлэг ундаанд элсэн чихрийн нэмэлттэй бүх төрлийн зөөлөн ундаа, хийжүүлсэн ундаа, жимсний ундаа, кофе, цай, хүч тамирын ундаа, спортын ундаа, амтлаг ус багтдаг. Энэ төрлийн ундааны хэрэглээ нь зөвхөн хөгжингүй улс орнуудын төдийгүй бага болон дунд орлоготой улс орнуудын хүмүүсийн элсэн чихрийн хэрэглээний гол үүсвэр болоод байна. Зах зээлийн судалгааны бие даасан агентлагаас судлахад чихэрлэг ундааны 100 мл тутамд ойролцоогоор 4гр-аас 13гр хүртэл хэмжээтэй элсэн чихэр агуулагддаг. Чихэрлэг ундаа нь хэрэглэсний дараа бусад хүнстэй адил цадах мэдрэмж төрүүлдэггүй. Иймд хэрэглэчид чихэрлэг ундаанаас авсан нэмэгдэл илчлэгийг бусад хүнсний хэрэглээгээ бууруулах байдлаар орлуулдаггүй. Чихэрлэг ундааг хэт их хэмжээгээр уух нь энгийн нүүрс усны хэрэглээг ихэсгэдэг. Үүний үр дүнд цусан дахь триглиферидийн хэмжээ болон цусны даралт нэмэгдэж, өндөр нягтралтай липопротейдын хэмжээ буурч, зүрх судасны эмгэгийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Мэдээж шүдийг гэмтээхэд нөлөөлж байна. Ундаа, шүүс шүдийг хамгийн ихээр гэмтээдэг. Тэр тусмаа одоогийн хүүхдүүд шүд их муутай болсон нь ундаа, шүүстэй холбоотой байхаас аргагүй. Хүний шүд сайн биш байгаа бол хүний эрүүл мэнд төдийлөн сайн байхгүй нь ойлгомжтой.

-Хэрэглэгч нар чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг ялгаж таних боломж өнөөдөр манайд алга байна. Худалдан авагч нар энэ ялгааг хэрхэн таних ёстой юм бэ?

-Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах анхны алхам болох эдийн засгийн хувьд тохиромжтой арга болох чихэрлэг ундааны онцгой татварын системийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Одоогоор манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа чихэрлэг ундааны сахарын агууламжийг заасан стандарт, лавламж хэмжээ байхгүй байгаа.

Нөгөө талаас сахарын агууламжаар ялгаатай чихэрлэг ундааны дотоодын үйлдвэрийн болон импортын хэмжээ, худалдаа борлуулалтын статистик тоо баримт хангалттай байхгүй байгаа тул бид чихэрлэг ундааны татварын тооцооллыг хийхдээ уг бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээг харгалзан үзэх боломжгүй байсан. Цаашид статистикийн нарийвчилсан мэдээлэл бий болсон тохиолдолд сахарын агууламжаас хамааруулан татвар ногдуулах төрөл бүрийн хувилбараар тооцоолол хийх боломж бүрдэнэ. Хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгааны бодлогын үнэлэмжийг ярьж байхад хар шошготой бүтээгдэхүүн гэж байдаг юм билээ. Тэр бүтээгдэхүүн нь эрүүл бус хоолнууд гэдгийг шууд илтгэнэ. Хүүхэд тэрхүү шошгыг харснаар энэ нь эрүүл бус бүтээгдэхүүн байна гэж ойлгодог туршлага гадныханд байдаг. Манайд одоогоор тийм үйлчилгээ байхгүй учраас тодорхой шошгоны үйлчилгээг оруулах саналыг юуны өмнө тавьж байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ганц банкны шүүгчээс болж шүүхээсээ салах нь харамсалтай яа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч ард түмний дуу хоолой болдог баримт үзэл бодол нүүрээс “Ганц банкны
шүүгчээс болж
шүүхээсээ салах нь
харамсалтай яа” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-аар Бүртгэлийн
багц хуулиудыг өнгөрсөн
долоо хоногт баталлаа. Уг
хуулийн талаар Хууль зүй,
дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Иргэд, хуулийн этгээд өөрсдөө
хүсвэл мэдээллийг нь ил болгоно хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

АСЕМ-ын төсвийн санхүүжилтээс
завшсан этгээдүүд хэмээх нийтлэлийг “Баримт үйл явдал” нүүрээс хүлээн авч уншаарай.

А.Ундраа: Агаарын тээврийн салбарыг либериалчилснаар
гадаад валют орж ирэх суваг нэмэгдэнэ хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Таван толгойн 30 хувиа IPO-д тавьж
туугаад алдчихвал хэн хариуцлага хүлээх вэ хэмээн ярьсан байна.

ЭЕШ-ын үеэр Химийн
хичээлийн цаг
солигдсоноос болж
олон хүүхэд хохирчээ хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Түүхийн жимээр” нүүрт Байтаг Богдын
тулгаралтад есөн дайчнаа
удирдан эрэлхэг тулалдсан
Хилийн 24 дүгээр отрядын
аравдугаар заставын улс
төрийн орлогч, дэслэгчХаянхирваагийн охин Алтанцэцэг: Аавыг газар орны
байдлыг сайн судлалгүй дайсныг хэт
ойртуулсан гэж буруутгасан хэмээн ярьжээ.

“Miss Mongolia-2018”
тэмцээний ялагч Б.Мөнхчимэг: “Дэлхийн мисс”-т
оролцож байсан Монголын
миссүүдийн амжилтыг
ахиулахын төлөө хичээнэ хэмээн “Соёл урлаг” нүүрт ярьжээ.

“Танин мэдэхүй” нүүрт “Ирээдүйд бий болох
эрэлттэй мэргэжлүүд”-ийг жагсаан харуулсан байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий
хоёр дахь долоо хоног
хачин сонин үйл явцаар арвин
байлаа. Энэ талаар” FIFA 2018″ нүүрт “Цоглог бельги, золбоогүй аргентинчууд,
Неймарын нулимс, Кроосын гавьяа” хэмээн бичсэнийг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буланд Олимпийн анхны медальт
Ч.Дамдиншарав багшийн нэг өдөр-ийг та бүхэнд хүргэж байна.

“Дэлхий мэдээ” нүүрт Зимбабвегийн ерөнхийлөгч, Этиопийн
ерөнхий сайдыг хөнөөхийг завджээ хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажилаагааг бэхжүүлэх” нь сэдэвт зөвлөгөөн боллоо

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл, Дэлхийн Байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн болж байна.

Энэхүү зөвлөгөөний зорилго нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар сурталчилж, аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл бусад оролцогч талуудыг орон нутгийн түвшинд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.

Зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчны газар болон аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцлоо.

Categories
гадаад мэдээ

В.Путиныг хамгийн туршлагатай улс төрч гэж үзэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон өөрийгөө НҮБ-ын Ерөнхий Ассамблей дахь хамгийн туршлагатай улс төрчид гэж үзэж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “TRT” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

“Одоогоор НҮБ-ын Ерөнхий ассамблейд үнэхээр туршлагатай хоёр улс төрч байгаа нь ерөнхийлөгч В.Путин, бид хоёр. Өөр туршлагатай хэн нэгэн байж магадгүй хэдий ч одоохондоо санаанд орохгүй байна. В.Путин бид хоёр хоёул өмнө нь ерөнхий сайдын албан тушаалыг хашиж үзсэн билээ. Бид олон зүйлд хүрч байсан хэдий ч бидний өмнө өөр хийх олон зүйл байна” гэж Эрдоган ярьжээ.

Түүнчлэн тэрбээр В.Путинтай тогтоосон онцгой харилцаа болон хоёр улсын ГХЯ хоорондын нягт харилцаа холбоо нь Сирийн асуудлаархи хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчрахад тус болсон гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ спорт

ОХУ-2018: ДАШТ-нд оролцож буй хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчид

  1. Лионель Месси /Аргентин/, 111 сая ам.доллар
  2. Криштиану Роналду /Португал/, 108 сая ам.доллар
  3. Неймар /Бразил/, 90 сая ам.доллар
  4. Поль Погба /Франц/, 29.5 сая ам.доллар
  5. Луйз Суарез /Уругвай/, 26.9 сая ам.доллар
  6. Серхио Агуеро /Аргентин/, 23.5 сая ам.доллар
  7. Анхел Ди Мариа /Аргентин/, 22.6 сая ам.доллар
  8. Килиан Мбаппе /Франц/, 22.5 сая ам.доллар
  9. Тиагу Сильва /Бразил/, 22.4 сая ам.доллар
  10. Хамес Родригез /Колумби/, 22.1 сая ам.доллар
Categories
мэдээ нийгэм

Нүдний ядаргаа тайлах дасгалууд

Нүд нь хүний биеийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй мэдрэхүйн маш эмзэг эрхтэн бөгөөд хүний биеийн үйл ажиллагааны 80-аас илүү хувь нь нүдээр дамжин нүдний оролцоотойгоор гүйцэтгэгдэж байдаг.

Нүдийг зургийн аппараттай зүйрлэж болдог. Гэрэл дамжуулах буюу хугалах орчны үүргийг эвэрлэг, болор гүйцэтгэдэг бол гэрэл хүлээж авах үүргийг нүдний торлог гүйцэтгэдэг.

Аливаа гэрлийн туяа нь хүүхэн хараагаар нэвтрэн ороод нүдний торлогт шар толбо дээр тусдаг. Ингэснээр торлог дээр тусгай эсүүдийн тусламжтайгаар дүрс бий болж, тэр нь цааш мэдрэлийн импульс болж хувиран харааны мэдрэлийн тусламжтайгаар тархинд очсоноор хараа үүсдэг.

Нүдний ядаргаа тайлах дасгалууд

Нүдний ядаргаа тайлах дасгалууд

Нүдний ядаргаа тайлах дасгалууд

Нүдний ядаргаа тайлах дасгалууд

Нүдний ядаргаа тайлах дасгалууд

Нүдний ядаргаа тайлах дасгалууд

Нүдний ядаргаа тайлах дасгалууд

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“GAME OF THRONES’ цувралын хосууд хуримлалаа

HBO телевизийн ‘Game of Thrones’ цувралаас гарсан Кит Харрингтон, Рөүз Лесли нар өнөөдөр хуримаа хийлээ. Төрөлх Шотландын Абердийнд болсон хосуудын хуримд цувралын гол дүрийн жүжигчид болох Эмилиа Кларк, Софи Турнер, Мэйси Уиллиамс нар тэдний хуриманд хүрэлцэн иржээ. Хосууд тус цувралд тоглож эхэлснээс хойш үерхээд удаж байгаа бөгөөд 2017 оны есдүгээр сард сүй тавьсан юм. Game of Thrones кино нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй цувралуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Хосууд 2012 онд киноны зураг авалтын үеэр танилцжээ. Түүний сүйт бүсгүй Лислей нь Шотландын сурвалжит гэр бүлээс гаралтай бол Харрингтон өөрөө Английн II Чарльз хааны үр удам аж.

Кит Харрингтон ‘Game of Thrones’ цувралын Жон Снөүгийн дүрээр олонд танигдсан бөгөөд жүжигчин Лесли тус цувралын Игриттийн дүрийг бүтээснээр нь мэдэх билээ.

Game of Thrones цувралын наймдугаар бүлэг 2019 онд гарах аж.