Categories
мэдээ нийгэм

Өгийнуур сумынхан ерөнхий сайдад өргөх бичиг илгээжээ

Архангай аймгийн Өгийнуур суманд малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож өнгөрсөн онд тус сумын 71 малчин өрх 2459 хонио устгуулсан билээ.

Мөн 2018 оны 3 сарын 2-нд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин үхэрт гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Гэтэл хорио цээрийн дэглэм тогтоосон гэх боловч өвчин улам даамжирч газар авч одоо хонинд халдварлаад байна. Энэ жил өвөл хавартаа цаг хатуу орж мал өл алдахын зэрэгцээ шүлхий өвчинд нэрвэгдэн олноор хорогдсон юм.

Малчид иргэд сэтгэл санааны болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амссан энэ үед тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон Аймгийн удирдлагууд ирж орон нутагт болж байгаа хүндрэл бэрхшээлтэй танилцаж малчдад сэтгэл санааны дэм өгөх байх гэж горьдлого тээн мөн ч их харсан боловч харамсалтай нь үзэгдээгүй.

Өгийнуур сумын засаг дарга Л.Алтангэрэл өнгөрсөн 03 сарын 28-нд хувийн өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдөн гадаад орон яваад сураг тасарчээ.

Сумын ИТХ өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаж, дахин Засаг даргаа сонгосон боловч өнөөдрийг хүртэл Засаг даргагүй, сумын төр захиргааны байгууллага нь удирдлагагүй явж ирлээ.

Хариуцах эзэнгүй хариуцлага тооцох удирдлагагүй байсны улмаас энэ өвчин өнөөдрийг хүртэл намжих нь битгий хэл газар авч тархсан гэж бид үзэж байна. Ийм эзэнгүй төрийн эмгэнэл энэ нутагт нүүрлээд удаж байна.

Одоо зэргэлдээ Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Цэнхэр сумдад энэ өвчин гарч эхэлсэн.Энэ хавар, зундаа бороо орохгүй байгаагийн улмаас өвс ногоо ургаагүй ган болж одоогоороо мал өргүүлээсээ гарахгүй байна. Иймд малчид бид зэргэлдээ сумаар отор нүүдэл хийх, өөр аймгийн нутаг дэвсгэрт очиж отор нүүдлээр явах аргагүй болсон.
Тойрсон бүх сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон учир тухайн сумдын нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрөх нь битгий хэл бензин шатахуун авах, хоол хүнсээ залгуулахаар ороход хөөж туугаад оруулахгүй болсон.

Аймаг орон нутгийн удирдлагууд өдий болтол анхаарал хандуулахгүй байгаа тул аргагүй эрхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, өргөх бичиг илгээжээ.

Малчидын мал 3 жил дараалан малын халдварт өвчинд нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэр болсон таван малаасаа салж сэтгэл санааны болон эд материалын ихээхэн хохирол амсаж байгаа гэнэ.

Иймд Ерөнхий сайдыг энэ суманд үүссэн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд яаралтай төрийн ажлыг царгалдуулалгүй авч явах эзэнтэй болгуулах, малын гоц халдварт өвчнийг богино хугацаанд намжаах зэрэг тулгамдсан асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлүүлж өгөхийг сумын иргэд хүсчээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлана

Энэ долоо хоногтоо хуралдаад завсарлах УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуваарийг хүргэж байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын 2017 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулах товыг тогтоохоор төлөвлөжээ. УИХ-ын ажлын хэсэг, Байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 25-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 25-ны Даваа гарагт:

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд;
Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Нээлттэй сонсгол” танхимд;
“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

6 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд.

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:

Татварын багц хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

6 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
“Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Бусад.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
Батлан хамгаалахын сайдын мэдээлэл сонсох.

5. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Байгууллагын санал.

6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай мэдээлэл сонсох /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийнэ/;
Байнгын хорооны 2018.05.22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр хүргэгдсэн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн зарцуулалтыг шалгасан ажлын хэсгийн тайлангийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл сонсох /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийнэ/;
Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн төсөл.

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхим” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

2. Цахим бодлогын түр хороооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Иргэд, Төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай асуудлыг хэлэлцэх;
Туул голын эргийн дагуу Баянзүрхийн гүүрнээс яармагийн гүүр хүртэлх газар ашиглах, барилга барих эрхийн зөвшөөрөл олгосон асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг даргын мэдээлэл сонсох.

5.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт 15.00 цагаас:

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

6 дугаар сарын 28, 29-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг/;
“Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатараас “Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар” Зам, тээврийн хөгжлийн сайдад тавьсан асуулгын хариу;
Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хаалт.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэгт Д.Сумъяабазар мэдээлэл өгч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонсч байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

УИХ энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж, өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байгаа. Харин энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Ардчилсан намын бүлэг салбарын сайдын мэдээллийг сонсч, байр сууриа нэгтгэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцлоо.Тэрбээр, “Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна. Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе” гэлээ.

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Засгийн газраас боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх 100 хувь төрийн өмчит компани байгуулах тухай 92 дугаар тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг гаргах Зөвлөхөөр Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компани шалгарсан. Хөндлөнгийн хяналт тавих “Захиалагчийн Инженер”-ээр (Owner’s Engineer) Италийн “Кинетик технолог” компани ажиллаж байна.

ТЭЗҮ-ийн гол өгөгдөл:

  • Хүчин чадал: жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах
  • Үйлдвэрийн байршил: Дорноговь аймгийн Алтанширээ сум
  • Боловсруулах тос: Тосон Уул XIX, Тамсаг XXI тос, Цагаан элс
  • Жилд ажиллах хугацаа: 8000 цаг
  • Эрчим хүчний хангамж: Үйлдвэр өөрийн цахилгаан станцтай байх (33 MB)
  • Усны хэрэглээ 2,5 сая м3, (70%-ийг цэвэршүүлэн дахин ашиглана)
  • Үйлдвэрийн бүтээгдэхүүн: автобензин, дизель, онгоцны шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий
  • Түүхий тосны тээвэрлэлт: Дамжуулах хоолой

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импортын банкны хооронд байгуулсан нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт багтаан уг үйлдвэрийг байгуулахаар тооцож тохиролцоод байна. Түүхий тос дамжуулах хоолойн хувьд манайхтай ижил төстэй цаг уурын нөхцөлтэй улс орны технологийг ашиглан барьж байгуулна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.350 тэрбум орчим ам. доллар бөгөөд хөрөнгө оруулалтын зардлаа 7-8 жилийн дотор нөхөх боломжтой. Боловсруулах үйлдвэрийг 2022 оны IV улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Стратегийн ач холбогдол бүхий энэ үйлдвэр байгуулагдсанаар манай улс эрчим хүчний нэг гол эх үүсвэрийн импортын хамаарлаас гарч, түлш шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжихоос гадна аж үйлдвэрийн нэгэн шинэ салбар, эдийн засагт маань нэгэн шинэ тулгуур бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар биелэлтийн талаар танилцууллаа

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24606 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1481, архидан согтуурсан 4285 дуудлага мэдээлэл байна. Согтуутай холбоотой дуудлага, мэдээллийн 3272 буюу 86.4 хувь нь зөрчлийн шинжтэй, 667 буюу 13.1 хувь нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн, 23 буюу 0.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллүүд байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/520 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Хар усан тохойгоос Маршал, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутын дагуу гэмт хэрэг, зөрчил, иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж завьт эргүүл ажиллуулж байна. “Камержуулалт-2” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион явуулж гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд 2530 хяналтын камерыг байршуулаад байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2552 дуудлага мэдээлэл хүлээн авч 753 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 123 бүртгэгдэж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны мөн үед нийт 31647 зөрчил илрүүлж байсан бол энэ оны мөн үед 39357 зөрчил илрүүлж 24.4 хувиар өссөн дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм, шөнөдөө 9-11 хэм дулаан, салхины хурд 7-9 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 106, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 10 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос нийт 73 иргэнийг авран хамгаалж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 800 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал ирэх 07 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Тус ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 27 зочид буудал, аж ахуй нэгж байгууллагын барилга, байгууламжуудад 06 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 175 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад 27 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллалаа” гэж танилцуулав.

“Энэ оны эхний хагас жилийн байдлаар өргөгч механизмд гарсан 4 осол бүртгэгдсэн. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоодод 24 цагаар 71 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар сумын код бичигдээгүй, бүтээгдэхүүн нэр төрөл тусгагдаагүй, хянан баталгаажуулалт хийгдээгүй, албан бус тодорхойлолттой зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор адуу 6920 толгой, үхэр 504 толгой, хонь 1352 толгой, ямаа 622 толгой, тэмээ 2 толгой нийт 9400 толгой малыг Нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэлгүй буцаасан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар гарч байгаа. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахад дүүргүүд болон холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” гээд “Нийслэл хотод газрыг зориулалтын бусаар ашиглаж авто худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ цуцлаж байгаатай холбогдуулж газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах, Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах, Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах, Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлэгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний аюулгүй байдал, гал түймрийн болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах””-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамгаалалтын бүсэд олборлолт явуулж байжээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Шарын голын хамгаалалтын бүсэд хууль зөрчин ашигт малтмал олборлосон тухай мэдээллийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, сумын удирдлага хамтран шалгалт хийлээ.

Шалгалтаар Этногоулд БГБХ нөхөрлөл нь олборлолтын талбайг хэтрүүлэн, Шарын голын онцгой хамгаалалтын бүс дотор олборлолт явуулж байсныг таслан зогсоож, холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ аван тус нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг цуцлах, нөхөн сэргээлт хийлгүүлэх талаар сумын Засаг дарга, ИТХ-д санал хүргүүлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн хүчирхийлэлд 499 хүүхэд өртжээ

Өнгөрсөн онд бага насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн статистик мэдээлэл буй. Үүнийг эцэг эхийн хараа хяналт сул байсантай холбоотой гэж дүгнэж байгаа аж.

Харин “Гэр бүл, хүүхэд залуучуудын газар”-т энэ оны нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 68 дуудлага ирсэн байна. Улс орны хэмжээнд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2018 оны эхний улирлын байдлаар 424 байсан бол өнөөдрийн байдлаар 499 болон нэмэгджээ.

Эдгээрийн 71.2 хувийг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл, төрсөн эцэг, хойд аавдаа, хамаатныхаа ах, танилдаа хүчиндүүлсэн гэнэ.

Түүнчлэн он гарсаар бие махбодын хүчирхийлэлд 299 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд 68 хүүхэд өртсөн аж.

Categories
мэдээ нийгэм

Нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт явуулна

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль өчигдөр буюу энэ сарын 24-нд 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болсон.

Уг сонгуульд МАН, МАХН болон Төв аймгийн АН, МАХН-ын Төв нутаг эвслийн 79 нэр дэвшигч өрсөлджээ. Нөхөн сонгуулийн нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь, дахин сонгуульд 50.78 хувь нь санал өгчээ. Мөн сонгуулийн 17 хэсэгт ирц тавь буюу түүнээс доош байсан тул Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 30-нд нэмэлт санал хураалт явуулахаар төлөвлөсөн байна.

Аймаг, сумын сумын сонгуулийн санал хураалтын дүнг нэгтгэж байгаа бөгөөд тав хоногийн дотор олон нийтэд мэдээлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх юм.

Categories
гадаад мэдээ

Туркийн сонгуульд Эрдоган ялалт байгууллаа

Саналын хуудсуудын 98%-ийг боловсруулсан дүнгээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сонгогчдын 52,5%-ийн санал авч, хугацаанаас нь өмнө явуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд итгэл төгс ялалт байгуулжээ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

Нэгэн зэрэг явуулсан парламентын сонгуульд эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам” 42,4%, “Үндэсний хөдөлгөөний нам” 11,1%-ийн санал авснаар тэднийг нэгтгэдэг “Ард түмний эвсэл” парламентын 600 суудлаас 342-ыг нь авсан байна. Турк улс ерөнхийлөгчийн засаглалд шижлсэнээс хойшхи тус улсын анхны ерөнхийлөгч нь Эрдоган болж байгаа ажээ.

Түүний гол өрсөлдөгч болон сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Мухаррема Инже 30,7%, курдуудын талыгн баримтлагч “Ард түмнүүд ардчилал нам”-аас нэр дэвшигч Селахаттин Демирташ 8,3%, “Сайн нам”-аас нэр дэвшигч Мераль Акшенер 7,4%-ийн санал авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Жэй Си Дэко Монголиа компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болжээ. Тохилжилтын ажлын хүрээнд 50 автобусны буудалд саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, автобусны чиглэлийн машрут байрлуулах юм байна. Тохижилтын ажлыг ирэх долдугаар сараас эхэлж, есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

2018 онд тохижилт хийх автобусны буудал:

  1. Ар согоот (баруун)
  2. Салхит (баруун)
  3. Зунжин худалдааны төв (зүүн)
  4. 5 буудал (баруун)
  5. 5 буудал (зүүн)
  6. 17-р сургууль (зүүн)
  7. 17-р сургууль (баруун)
  8. 32 тойрог (баруун)
  9. 32 тойрог (зүүн)
  10. Ногоон нуурын буудал (зүүн)
  11. Ногоон нуурын буудал (баруун)
  12. Их наран 1 (урд)
  13. 65-р дэлгүүр (урд)
  14. 65-р дэлгүүр (хойд)
  15. Толгойт 1 (урд)
  16. Толгойт 1 (хойд)
  17. Гэмтлийн эмнэлэг (хойд)
  18. Гэмтлийн эмнэлэг (урд)
  19. Кёкүшю цамхаг (баруун)
  20. Эм импекс (хойд)
  21. Их засаг их сургууль (хойд)
  22. КТМС (хойд)
  23. КТМС (урд)
  24. Сөүл хотхон (хойд)
  25. Нисэхийн дэнж (урд)
  26. Нисэхийн дэнж (хойд)
  27. Англи сургууль (урд)
  28. Англи сургууль (хойд)
  29. ИНЕГ (хойд)
  30. ИНЕГ (урд)
  31. Буянт ухаа 1 (урд)
  32. 118-р сургууль (урд)
  33. 118-р сургууль (урд)
  34. Шинэ яармаг (зүүн)
  35. Буянт ухаа 2 (баруун)
  36. Сансарын ШТС (зойд)
  37. Сансарын үйлчилгээний төв (зүүн)
  38. Хүч бөөний төв /Таксийн зогсоол/ (хойд)
  39. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (урд)
  40. Ардын эрх / Үндэсний шуудан (урд)
  41. СБД-ийн эмнэлэг (хойд)
  42. Таван богд (хойд)
  43. Богд ар хороолол (баруун)
  44. Богд ар хороолол (зүүн)
  45. Эм Ай Ю дээд сургууль (баруун)
  46. Чулуун овоо (хойд)
  47. Хууль сахиулахын их сургууль (урд)
  48. Жигүүр гранд (хойд)
  49. Хурд хороолол (урд)
  50. Орчлон сургууль (хойд)