Categories
мэдээ нийгэм

Люксембургийн зүрхний мэс заслын хамтарсан баг нээлттэй мэс заслыг хийлээ

Люксембургийн Их Гүнт улсын Зүрхний мэс заслын 8 хүний бүрэлдэхүүнтэй эмч мэргэжилтний баг 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 09-ний өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны төвд ажиллалаа.
Тус баг Монгол улсад 2012 оноос эхлэн жилд 2-3 удаа ирж ажиллаж байгаа бөгөөд манай эмч мэргэжилтнүүдтэй хамтран зүрх судасны мэс засал хийх, ажлын байран дах сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаа нийт 11 өвчтөнд зүрхний мэс засал хийсний 6 нь том хүн, 5 нь 5 сартайгаас 5 настай хүүхдүүд байлаа. Зүрх судасны хавсарсан гажиг, эрсдэл өндөртэй насанд хүрэгч 1 хүнд гол судасны хавхлагыг солих мэс заслыг өгсөх хэсгийг хиймэл судсаар солих мэс засалтай нэгэн хийсэн. Мөн гол судасны хавхлагыг нөхөн сэргээх мэс заслыг гол судасны өгсөх хэсгийг хиймэл судсаар солих мэс засалтай нэгэн зэрэг амжилттай хийлээ. Түүнчлэн 2 хавтаст хавхлагыг нөхөн сэргээх мэс засал, 2 хавтаст хавхлагыг солих мэс засал, зүрхний титэм судасны зэрэг мэс заслуудыг тус тус хийсэн.
Харин хүнд, хавсарсан хэлбэрийн зүрхний төрөлхийн гажиг оноштой бага насны 5 хүүхдэд Фаллогийн дөрвөл гажиг засах, ховдол хоорондын таславчийн цоорхой нөхөх, коарктаци засах, уушгины артери бөгжлөх зэрэг мэс заслуудыг амжилттай хийлээ.

Categories
мэдээ нийгэм

‘’Өгөөмөр өдөр’’ үргэлжилж байна

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй ‘’Өгөөмөр өдөр’’ арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэгт нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон дүүргийн дотоод хэлтэс албадын дарга, мэргэжилтэн, хороод, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Энэхүү өдөрлөг ‘’Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе’’ уриан дор дүүргийн Мэргэжил Боловсролын Үндэсний төвийн 55 дугаар тусгай сургуулийн гадна талбайд зохион байгуулагдаж байна.

Уг арга хэмжээнд оролцож буй иргэд хуучин эд зүйлсээ худалдаж, солилцож мөн үнэгүй өгч байгаа бөгөөд өдөрлөг өнөөдөр 11:00-17:00 хүртэл үргэлжлэх тул иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууны албан ёсны видео цацагдаж эхэллээ

Энэ сарын 14-нд ОХУ-д болох Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Live it Up”-ийг Холливүүдийн алдарт кино жүжигчин Уилл Смит, дуучин, хөгжмийн зохиолч Ники Жэм, Эра Истрэфи нар дуулна гэдгийг ФИФА-гаас зарласан билээ. Тэгвэл “Live it Up”дууны албан ёсны видео өчигдөр цацагдаж эхэллээ. “Live it Up”дууны видеонд Бразилын алдарт хөлбөмбөгчин, 2002 оны дэлхийн аварга Рональдино оролцсон байна.

“Live it Up”дууг долдугаар сарын 15-ны өдөр Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөө тоглолтын өмнө 80,000 үзэгчдийн өмнө дуулж, мөн нэг тэрбум орчим телевиз үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

2018 оны ДАШТ нь Оросын 11 хотод зургадугаар сарын 14-нээс долдугаар сарын 15-ны хооронд болох юм.

Categories
мэдээ спорт

Мэргэжлийн иогийн аварга шалгаруулах тэмцээн болно

Монголд анх удаа мэргэжлийн иогийн асана аварга шалгаруулах тэмцээн (Mongolian Professional Yoga Sports Federation) тэмцээн болох гэж байна. Энэ сарын 10 буюу маргааш Шангриллад болох уг тэмцээний эрхийг Монголын мэргэжлийн иогийн спортын холбоо авсан юм байна.

Тэмцээн хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгч, ахмад настан гэсэн шаттайгаар явагдах бөгөөд тэргүүн байрын ялагч нь эх орноо төлөөлөн тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

Энэхүү спорт нь биеийн хүч тамираар иогийн чадвар шаардсан дасгалуудыг урлагтайгаар хийж, цуцалтгүй, тууштай, тэсвэр тэвчээртэйгээр, бүрэн дайчласан иогт зориулсан тамирчдын тэмцээн юм.

Иог нь хүнийг зөв төлөвшүүлж, тэсвэр тэвчээртэй, тууштай, үнэнч шударга, багаар ажиллах бүхий л сайхан чанаруудыг суулгаж ѳгдөгөөрөө давуу талтай. Гэхдээ өөрийнхөө иог дэмжих биш төлөвшиж буй ухамсараа иогийн дасгалаар, иогийн спортын тэмцээнээр батлан харуулах хэлбэр ажээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн “Монголиа Опен” тэмцээн болж байна

Чөлөөт бөхийн найм дахь удаагийн “Монголиа Опен” тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Дэлхийн Бөхийн холбооны дэлхийн чансаа олгох тус тэмцээнд ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Кахастан, БНСУ, Автрали, Нигери, Гватемал, Монголын 300 орчим тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөнө.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн барилдаан бол маргааш хүнд жингийн өрсөлдөөн болсноор өндөрлөх юм. Өчигдөр ОХУ-ын Якут, Тува, Эрхүүгийн бөхчүүд ирсэн. Якутаас сүүлийн хоёр жилийн Оросын дэд аварга, оюутны дэлхийн аварга, Виктор Рассадин, 2016 оны ОХУ-ын аварга Егор Пономарев, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Алексей Копылов тэргүүтэй 10 тамирчин иржээ. Тувагаас энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, 2012 оны оюутны дэлхийн аварга Хуреш-оол Дондук-оол тэргүүтэй 11, Эрхүүгээс Дмитрий Коркин, Улаан-Үд, Рамазан Кадыровын ОУТ-ий медальт Юлиан Гергенов тэргүүтэй дөрвөн бөх зодоглох юм.

‘Монголиа Опен” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Монгол, Казахстан, Буриад, Якут, Эрхүү, Тувагийн шилдэг бөхчүүдийн гал гарсан барилдаанууд ялангуяа хөнгөн жингүүдэд олноор гарахаар байна. “Монголиа Опен” тэмцээнийг MNB үндэсний телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөө жилийн наадмаар Н.Жаргалбаяр заан түрүүлнэ. Гэвч арслан цол авах нь эргэлзээтэй

Өдийд чинь бөхийн гал энд тэндгүй гарчихсан, наадмын түрүү бөх хэн байх тухай яриа ид гаарч байдаг сан. Гэвч нэг л нам гүм, бөхчүүд нь гэж хулхи нь буучихсан хэдэн харчууд юун гал, бэлтгэл манатай байна. Бөхийн өргөө хэмээх шуналтай шунаг нөхдийн хэрүүл жатгын талбар болсон байшин, төрийн бүслэлтэд ороод царцсан барилга гэдэг шиг эзэнгүй хоосон. Бөхчүүд нь болоод бөхийн холбоо нь хоёр хуваагдчихаад, хоёр талд сүрхий гэгч нь наадам хийгээд манаргаад байгаа. Баянаа, Сүхбат, Бат-Эрдэнэ, Өсөхбаяр аваргуудын талцал яг энэ байдлаараа сар гаруйхны дараа болох монгол төрийн наадмын өмнө шийдэгдэнэ гэж байхгүй. Тиймээс өнөө жилийн наадмын бөх тус тусдаа болох нь дамжиггүй биз ээ.

Манай сонины өчигдрийн дугаарт “Ерөнхийлөгчийн үзсэн наадамд улсын цол олгоно” гэж бичсэнчлэн Ерөнхийлөгчийг аль тал нь лоббидож өөрийнхөө наадамд байлгаж чадна, тэр талын бөхчүүд улсын цол хүртэх магадлалтай. Ийм л инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг нөхцөл байдал үүсчихээд байна. Наадмын бөхийн тухай ярихад мөн ч ярвигтай байна. Хоёр тусдаа барилдахаас гадна хэн хэн зодоглох бэ гэдэг асуудалтай. Учир нь Ө.Бат-Орших гарьд, Б.Пүрэвсайхан заан, Э.Даш начин гээд их дээгүүр барилдах, магадгүй түрүү үзүүрт ч хүрч болох бөхчүүд допинг хэрэглэсэн нь батлагдсан. Тэд барилдах эрхгүй болно. Харин Баянаа, Сүхбат нарын үндэсний бөхийн холбооны барилдаанд Бат-Орших, Пүрэвсайхан нар барилдаж таарна байх .

Нямдорж, Данзан нарын гаргасан шийдвэрийг тэд хүчингүй гэж үзэх нь мэдээж. Мөн өнгөрсөн жилийн түрүү бөх улсын арслан Ц.Содномдорж, сүүлийн үед шуугиан тарьж барилдаж байгаа О.Хангай харцага нарыг бас допингийн асуудалтай гэж хардах хүмүүс байна. Тэднээс допинг илэрсэн гэх албан ёсны мэдээлэл байхгүй учир зодоглож таарна. Содномдорж, Хангай нар аль талд зодоглох вэ гэдэг бас л сонирхолтой л асуулт мөн. Бат-Эрдэнэ аварга, Магалжав заан нарын үндэсний бөхийн холбооны барилдаанд зодоглоно биз дээ гэсэн горьдлого буй. Уйлган голын хүчит гурван аваргын барилдааныг албан ёсны гэгдэх Бат-Эрдэнэ аваргын тэргүүлж буй холбооноос зохион байгуулахад Содномдорж арслан, Хангай харцага гээд ид барилдаж байгаа залуучууд зодоглосон. Увсын нэг ч цолтой бөх домогт гурван аваргын барилдаанд “манай холбооны наадам биш ээ” гээд зодоглоогүй. Харин Увсын гаралтай ганц бөх байсан нь улсын заан Н.Жаргалбаяр юм.

Өнөө жилийн наадмын түрүү бөхийн тоонд зүй ёсоор нэр нь бичигдэж байгаа бөх бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр. Тэрээр “Увс нуур” бөхийн галд бэлтгэл сургуулилтаа базаадаг. Жаргалбаяр зааны хувьд маш сонин нөхцөл байдал үүсчихээд байна. Түүнийг Увс нутгийнхан өөрийнхөө бөхийн холбооны барилдаанд зодоглуулна гэж үзнэ. Д.Бумбаяр заан, Б.Ганбат арслан, Б.Гантогтох гарьд гээд “Увс нуур” дэвжээг удирдаж ирсэн өндөр цолтой ах нар, багш нар нь ятгах нь мэдээж. “Жагай, чи увс нуур дэвжээний бөх. Тийм болохоор Бат-Эрдэнэ аварга нарын эсрэг талын бөхийн холбооны наадамд зодоглож болохгүй. Чи өөрийнхөө наадамд зодоглох ёстой” гэж бараг л барим тавим хэлнэ. Яалт ч үгүй дэвжээний бөхчүүд, өндөр цолтой ах нар нь ингэж хэлэхэд түүнд эсэргүүцнэ гэдэг амаргүй. Аав нь ч “Миний хүү, домогт Баянаа аваргынхаа наадамд л зодоглодог юм шүү. Чи бол Увс нуур дэвжээний бөх гэдгээ мартах эрхгүй” гэх утгатай үгийг ч хэлж магад. Жаргалбаярын аав Увс аймгийн Тэс сумын унаган хүү, 1979 оны улсын наадамд Ө.Эрдэнэ-Очир арслангаар тав давж начин болж байсан нэгэн. Яалт ч үгүй таван Тэсийн хүчит бөхчүүдийн нэг. Хүүгээ монгол бөхийн өндөр цолонд хүрчих болов уу гэж Монголын ард түмний адил харж, хүлээж суугаа. Хүү нь төрийн наадмын түрүү үзүүрт ид яригдаж буй цагт бөхийн хуваагдал болж, хоёр тусдаа наадам хийх болсон нь харамсал халаглалыг дагуулж байгаа нь тодорхой.

Жаргалбаярын өсч төрсөн нутаг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум. Тэрээр төрсөн газраараа дуудуулж, түрүү жил өөрийн төрсөн нутгийн бөх, энэ цагийн хүчит аварга Г.Эрхэмбаяраар долоо давж заан цолны босго алхсан. Эрхэмээ аваргынхаа баруун мөрнөөс адис авч буй зураг тодхон байдаг. Сэлэнгэ нутгийнхан, түүнийг бөхийн дэвжээнд хөтөлсөн Өсөх-Ирээдүй харцага гээд олон бөхчүүд Жагаа зааныг өөрийнхөө наадамд барилдуулна гэж үзнэ. Үндсэндээ Увсын наадам буюу Баянаа аваргын тэргүүлээд байгаа бөхийн холбооныхны наадамд зодоглохыг нь огтоос зөвшөөрөхгүй. “Чи бол Сэлэнгэ аймагт төрсөн хүүхэд. Тухайн ус нутгаар овоглож, цоллуулж яваа. Тиймээс Эрхэмээ аваргаа дагаж, Өсөх-Ирээдүй багшаа дагаж, Санжаадамба, Пүрэвдагва, Гончигдамба нарын шилдэг хүчтэнүүдтэй хамт наадамдаа зодоглох болно” гэж шуудхан хэлнэ. Залуу заанд алиныг нь сонгох бэ гэдэг амаргүй сонголт тулж ирж байгаа. Аавыгаа сонгох уу, төрсөн газар нутаг, бөхийн дэвжээнд хөтөлсөн багш нараа сонгох уу гэдэг ацан шалаанд унана. Юун наадмын түрүү бодох, бэлтгэл сургуулилт бүх зүйл ярвигтай болж эхэлнэ. “Увс нуур” галынхан “Хэрэв чи манай холбооны наадамд барилдахгүй юм манайд галд…” гээд үг хэлэх ч байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Ийм л зовлонтой сонголт энэ жилийн наадамд хамгийн онцгой барилдах, ер нь бол түрүүлэх магадлал маш өндөр байгаа заанд тулгарчээ.

Н.Жаргалбаяр заан ямар чиг л байсан аль нэг наадамд зодоглоод түрүүлчихлээ гэж бодъё. Гэтэл түүнд улсын арслан цол авах асуудал мөн л эргэлзээтэй. Түүний зодоглоод түрүүлсэн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч ирж үзээгүй бол хүчингүй наадам болно. Ингээд залуу зааны бүтэн жилийн хөдөлмөр талаар боллоо гэсэн үг. Уйлах ч хэцүү байдал үүсч мэдэх юм. Зөвхөн Жаргалбаяр гэлтгүй улсын цол горилж байгаа, цолоо ахиулахын төлөө зүтгэж байгаа, мөн найраа энээ тэрээд оролцоод тав, арван төгрөгтэй болчихыг бодож байгаа бөхчүүдэд хандаж хэлэхэд Ерөнхийлөгчийн үзсэн наадамд зодлоглохыг хичээх хэрэгтэй. Хамгийн зөв сонголт тэр болно. Нэг нөхөрт тавын даваанд буугаад өглөө гэж бодъё. Багагүй өндөр мөнгөний сураг сонсоод буулт хийнэ. Гэтэл тав давсан нөхөр нь улсын начин цол авч чадахгүй бол начин болсон хийгээд начин болгосон хоёр хоёулаа үр дүнгүй. Өгөө авааны асуудал, өнөө наймаа нь буцахад хүрнэ. Тэгэхээр бөхчүүд минь төрийн цол олгох наадамдаа л зодоглох л чухал болоод байна.

Холбооныхоо тэргүүнүүдэд “Ерөнхийлөгчийг л яаж ийгээд наадамдаа авчирах”-ыг ятгах чинь бөхийн бэлтгэлээс илүү амин чухал асуудал болжээ. Жаргалбаяр заан Асашёорюү аваргатай сүрхий дотно харагдаад байгаа. Өнөө жилийн цагаан сараар Аса аварга Жагаа зааныг дагуулчихсан айл хунар хэсч, бууз идэж яваагаа фэйсбүүкээр дамжуулж олон нийтэд цацсан. Сумогийн их аварга хүн Монголын төрт ёсны баяраар зүгээр нэг хүүхэд дагуулаад явахгүй нь мэдээж. Түүнийг монгол бөхийн ирээдүйн аварга гэж харж байгаа байх. Жагаа заан ч Аса аваргын итгэлийг алдахгүй байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрөгч хавар Асашёорюү аваргын зохион байгуулсан “Шинэ Өвөрхангай” төслийн нээлтийн барилдаанд Санжаадамба аварга тэргүүтэй энэ цагийн бүх л шилдгүүд зодоглоход Н.Жаргалбаяр заан Б.Гончигдамба гарьдтай үлдэж түрүүлсэн. Аса аваргынхаа хишиг өнөө олон сая төгрөгийн бай шагналыг нь хүртсэн. Их аварга бол дотроо Жагаадаа хайртай л байгаа. Энэ жилийн наадмын түрүүг хусчихаж мэднэ дээ гэж далдуурхан бодож л байгаа. Тэгэхээр Жаргалбаяр заан аавыгаа биш, дэвжээний багшаа ч биш ерөөсөө Аса аваргаа дагасан нь зөв. Гол нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж бол Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хамгийн ойр хүмүүсийн нэг. Жагаа дүүгийнхээ зодоглосон наадамд Ерөнхийлөгчийг залаад аваад ирж чадна. Тиймээс Аса аваргадаа л найд гэж хэлээд байгаа юм шүү. Жагаа заанаас гадна нөгөө л шуугианы эзэн болох Хангай дээгүүр барилдана. Эгзэг нь таарвал бүгдийг нь мушгиж хаяад түрүүлчихээд зогсож байхыг ч үгүйсгэхгүй. Хангайгийн хамгийн хатуу учраа нь нэг нутгийн, нэг дэвжээний бөх болох Б.Бат-Өлзий харцага. Өнөө жилийн цагаан сарын барилдаанд Бүрэнтөгс арслантай үлдэж түрүүлсэн Бат-Өлзийг наадмын түрүүгээр нэрлэж суугаа хүмүүс олон. Санжаадамба аварга маань тавын давааг гайгүй шиг давчихвал их шөвгийн дөрөвт зоолттой зогсож байна. Түүнд тавын даваа л хэцүү. Тэр жил заан цолтой ид байхдаа баараггүй түрүүлнэ хэмээн наадамчид харж суухад Дундговийн Пүрэвжав харцагыг тавын даваанд амлаж аваад хамгийн түрүүнд тахимаа өгч байсан. “Пүрэвжавыг авдаг нь яаж байгаа юм бэ, буруу ам авчихлаа” гээд хүмүүс өмнөөс нь харуусч байсан. Түрүү жил яалаа. Найдвартай түрүүлнэ гэж бодож байтал мөн л тавын даваанд Төв аймгийн Ганжад гэж нөхрийг амлаад “жадлуулчихсан”. Ганжадын тохой түрүүлж хүрч байгаа зураг өнгөрсөн жилийн наадмын гол дуулиан болсон. Тиймийн учир Санжаа аваргад тавын даваа хэцүү. Санжаа аварга Бүрэнтөгс арсланд амархан уначихаад байх болсон. Цагаан сарын барилдаанд их шөвөгт үлдээд яалт ч үгүй унасан. Харин энэ жилийн наадмаар Бүрэнтөгс арслантай таарна гэж айж түгшихийн хэрэггүй. Учир нь Бүрэнтөгс, Батсуурь нарын арслангууд Баянаа, Сүхбат нарын бөхийн холбооны барилдаанд зодоглох болов уу. Өнөө жилийн наадмын бөхийн барилдаан ийм л дүр зурагтай байна. Хоёр холбооны зүгээс наадам хүртэл ямар ч акц зохион байгуулахыг үнэндээ таашгүй ээ.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ука “Don’t Stop” цомгийн баяраа тэмдэглэж байна

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн хамгийн сүүлд гаргасан “Don’t stop” дуу нь Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтсан. Монголын хип хоп хөгжмийн чартуудыг тэргүүлж байсан энэхүү дууг “Youtube” сувгаар дөрвөн сая гаруй удаа үзсэн байна. Залууст хөнгөн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх энэ бүтээлийг сонссон хүн бүр эрч хүчийг мэдэрнэ хэмээн дуучин бүсгүй онцолж байсан. Тэгвэл шинэ хит дуугаараа нэрлэсэн түүний дөрөв дэх цомгийн баяр өнөөдөр хоёр дахь өдрөө “Crocus Event Hall”-д 19.00 цагт болох юм.

Ука уран бүтээлээс гадна Монголын дуу хоолойг дэлхийд гаргах зорилготой “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажилласан билээ. Тэгвэл түүний бэлдсэн багаас Ц.Энгүүн финалд үлдэж, улмаар ялагч болсон юм.

Ука “Don’t Stop” дөрөв дэх цомгийн баяраа тэмдэглэж байна

Categories
мэдээ цаг-үе

Нохой, муур “үсчин”-д орохдоо таатай байдлаар хүлээж авдаггүй ч тэдэнд тустай билээ

Бага балчраасаа эхлэн гэрийн тэжээмэл амьтантай байсан хүүхдийн сэтгэл зүй илүү уян хатан байдаг төдийгүй дархлалын хувьд ч илүү сайн байдаг гэдэг. Хүний суурь хүмүүжил, зан авирт онцгой сайн нөлөөтэй гэрийн тэжээмэл амьтдын үсийг хэрхэн засч янзалдаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

Нохой, муур, туулай зэрэг амьтдыг гэртээ тэжээдэг хүмүүс олон бий. Муур авхайн тухай мэдээллийг хүргэхэд ихэнх муур төрөлхөөсөө цэвэрхэн байх дуртай тул усанд оруулахдаа үсийг нь байнга самнана. Ингэснээр таны муур чинь цэвэрхэн байж, үс унахаас сэргийлэх мөн үсэн бөөн буюу үсээ байнга долоосноос үс гэдсэнд бөөгнөрөхөөс сэргийлнэ. Нохойн үсний тухайд, тухайн нохойны стресс, хоол тэжээл, эрүүл мэндийг илтгэдэг толь нь болдог. Иймд нохойн үсийг эрүүл өнгөлөг байлгахад сайхан орчин нөлөөтэй ба амин дэмтэй хоол тэжээл нэн хэрэгтэй юм. Бараг бүх нохой үсээ хаядаг. Герман хоньч нохой гэхэд үсээ их хаядагт ордог бол зарим төрлийн нохой бүтэн жилийн турш ч үсээ хаях нь бий. Үсээ хамгийн бага хаядаг нь пүүдл үүлдрийнхийг гэж хэлж болно. Нохой үсээ хэр их хаях нь улирлаас их хамааралтай байдаг боловч нохойн эрүүл мэндийн байдал нь үсээ хэр их хаях вэ гэдгийг тодорхойлох гол зүйлийн нэг. Хэвийн бус, хэт их үсээ хаяж байвал нохойн тань эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байна гэсэн үг. Нохойгоо эрүүл байлгаж, үсийг нь тогтмол самнаснаар үс уналтыг багасгаж болно. Шим тэжээллэг хоол өгснөөр таны нохойн үс уналт багасах болохоос бүрмөсөн унахаа болино гэсэн үг биш юм гэдгийг санаарай. Оливын тос эсвэл маалингын үрийн тос зэргийг нохойн хоолондоо нэмснээр (биеийн жингээс хамаараад 4,5 кг тутамд 1 цайны халбага (5 mL) тос хийвэл сайн) арьсны үрэвсэл намдаах, хаг багасгах болон үсний бүтэц нь сайжирдаг. Мөн шингэний дутагдал нь нохойн арьсыг хуурайшуулж, үс уналтыг ихэсгэхээс гадна өвчин хүртэл тусахад амархан болгодог.

Гэрийн тэжээвэр амьтадтай хүмүүсээс тодорхой цөөхөн хүн л тэднийг хэрхэн зөв арчлах талаар нухацтай бодож үздэг гэсэн судалгаа нэгэнтээ байдаг. Муур, нохой, туулайны үсийг байнга засч байх шаардлагатай. Энэ нь загварын чиг хандлага хөөж байгаадаа ч биш, анхаарал халамжийн үндсэн дүрмийн нэг амьтдыг асран халамжлах явдал юм. Гэрийн тэжээмэл амьтдын үсийг засдаг тусгай мэргэжлийн салонууд гадаадад маш өндөр түвшинд хөгжсөн байдаг бол Монголд муур, нохойны үсийг засдаг салонууд хэдийнэ үүд хаалгаа нээжээ. III, IV хорооллын амьтны дэлгүүрүүдийн дэргэд амьтдын үсчин, салон ажилладаг, олон хүмүүс тэнд очиж үйлчлүүлдэг. Нэгэн жишээ дурдахад, Тайванийн үсчин залуу 30 настай Ли Мэй Чен гэрийн тэжээвэр амьтдын үсийг хэлбэр, дүрс оруулан засдаг гэдгээрээ алдартай байх жишээтэй. Тэрбээр амьтдын нуруун дээр тедди баавгайгаас эхлээд китти, арслан гэх мэт амьтдын дүрсийг гарган засдаг байна. Заримдаа түүн дээр хайртай амьтдынхаа биеийн аль нэг газарт байгаа өө сэв, толбыг нуухыг хүссэн хүмүүс ч ханддаг ажээ. Үсчин залуу хэлэхдээ “Муурнуудын үсийг засахад ихэнхдээ тэдэнд маш тухгүй байдаг. Дараа нь өөрсдийн дүр төрхөө толинд хараад нүүрээ самардахыг хүртэл оролддог. Харин ноход бол энэхүү хэв маягтаа илүү хурдан дасан зохицдог” гэж ярьсан нь бий. Тэгэхээр гэрийн тэжээмэл амьтад маань “үсчин”д орохдоо тийм ч таатай ханддаггүй байх нь. Амьтны онцгой мэргэжлийн гоо сайхны салонууд танд туслах ч гэрийн нөхцөлд амьтдын үсийг хэрхэн засах тухай тодорхой хэмжээнд мэдлэгтэй байх нь зүйтэй болов уу. Гэрт амьдардаг нохойны үсийг тогтмол самнаж байхыг зөвлөдөг. Ингэж үсийг самнаснаар нохойн илүүдэл болон унасан үсийг арилгана. Тэгснээрээ нохойн арьсны тослог дахин боловсорч шинэчлэгдэн үлдсэн үсэнд тэнцвэртэй тослогтой болоход тус болдог байна. Таны нохойн үсний онцлогоос хамаараад та сойзон, төмрөн эсвэл тармууран сам хэрэглэж болно. Сойзон сам нь терьер, хав, тайга зэрэг үүлдрийн тачир зөөлөн үстэй нохдод тохиромжтой бол төмөр сам нь дунд зэргийн урттай, буржгар үстэй retriever, Cocker Spaniels, St. Bernards зэрэг олон үүлдрийн нохдод тохиромжтой байдаг. Энэ сам нь зүү шиг маш нарийн, нягтаршилтай төмрөн сам юм. Тармууран сам нь урт, өтгөн үстэй Collies, German Shep­herds, болон Chow Chows гэх мэт үүлдрийн нохдод тохиромжтой. Тармуур сам худалдаж авах үедээ самны шүдний урт таны нохойн үсний урттай ижил хэмжээтэйг авбал их сайн. Нохойны үсийг өвлийн улирал дууссаны дараа буюу үс нь унах үед хаврын улирал эхлэхэд засуулбал сайн гэж үздэг. Мөн өвлийн улиралд зориулан үс ургах үед буюу намрын сүүл үед бас засуулж болно. Үс засахдаа тачир үстэй нохдын хувьд үс авагч резинэн самаар самнаж болдог.

Нохой самнах сам манайд дунджаар 810 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг байна. Харин урт, өтгөн үстэй нохдын хувьд зайлшгүй үс авагч машин хэрэглэх шаардлагатай болдог. Амьтад үсээ засуулахынхаа өмнө угаалгаж цэвэрхэн болсон байх шаардлагатай. Эхлээд алчуураар сайн арчих хэрэгтэй. Тэгээд сул үсийг сэнсээр сэнсдэж хатаана. Гэхдээ халуун сэнс бол хамгийн бага хэмжээн дээр нь тохируулж сэнсдэх хэрэгтэй гэнэ. Хэрвээ нохой, муурныхаа үсийг авахгүй удвал юу болдог гээч. Америкийн Пенсильвани мужийн Хэйди гэдэг нэгэн муур бараг нэг килограмм жинтэй болсон өөрийн үс, ноосонд дарагдаж золтой л амьсгал хураагаагүй аж.

Түүний эзэн альцгеймерын өвчин туссан учраас хайртай муураа удаан хугацаанд зөнд нь орхижээ. Үүний үр дүнд муурны үс, ноос дэндүү ихээр ургаж, амьсгалахад ч хүнд болсон гэдэг. Эзнийг нь Питтсбург хотын нэгэн асрамжийн газар руу явуулснаар Хэйди болон Сайэм гэдэг муурыг харах хүнгүй болсон аж. Өвгөнд муурнууд бий гэдгийг санаад гэрт нь ирсэн танил нь үс ноосондоо баригдсан Хэйди муурыг хараад айсандаа хөдөлж ч чадахгүй байсан гэнэ. Улмаар өнөөх муурыг орон нутгийн амьтан асрах газар аваачсанаар эмч нар мэдээ алдуулаад үсийг нь засчээ.

Ер нь муурны үс байнга унадаг учраас түүнийг байнга самнаж байх хэрэгтэй. Хэдийгээр гэрийн тэжээмэл амьтад өөрийгөө байнга цэвэрлэж байх инстекттэй ч зориулалтын шампуниар угаавал үс унах нь багасаж, элдэв нянгаас цэвэрлэгдэнэ. Үс ихээр унаж байх үед муур өөрийгөө долоосноор үс залгидаг, ер нь байнга л долоож залгиж байгаа. Энэ нь цугларсаар байгаад үсэн бөмбөлөг(hairballs) болж гадагшилна. Хэрэв муур үүнийгээ гаргаж чадахгүй хахаад байвал бага зэрэг ургамлын тос уулгахыг зөвлөх байна.

Ер нь амьтдын гоо сайхны салоноор тогтмол үйлчлүүлэхийг зөв гэж үздэггүй. Салоны нэрт мастерууд нохой, муурны үс, сарвууг огтолж, шүдний оо болон бусад олон төрлийн шүдийг цэвэрлэж, үүлдрийн тохирох муурны үс засах сонголтыг хийж өгөх гэх мэтээр цогц үйлчилгээ үзүүлэх нь нэн тааламжтай. Гэвч эдгээр үйлчилгээг хэт олон удаа бүү хэрэглэ. Яагаад гэвэл таны гэрийн тэжээмэл амьтны эрүүл мэндэд хор хөнөөл учруулах болно гэж үздэг. Жилд ердөө хоёр л удаа салонд очсон байхад хангалттай гэж зөвлөжээ. Ер нь гэртээ хайртай амьтныхаа үсийг засах, ноосорч ноолруулахаас сэргийлэх гарын дор аргуудаас сурчих хэрэгтэй юм. Үсээ засахын тулд та тусгай машин, /эсвэл хүний хэрэглэдэг үсний машин/ хайч, мэдээжийн хэрэг сам хэрэглэж болно. Тааламжтай хувцас өмсөөд тав тухтай байх талаас нь бодолцох хэрэгтэй. Нэг дор үс засах биш, дунд нь бяцхан завсарлага авах хэрэгтэй. Энэ нь тайвшруулахад тусалдаг гэнэ. Муурны үсний засалтын тухайд ихэнх тохиолдолд эзэд нь “арслангийн доор” нэртэй үсний засалтыг сонгодог гэж амьтны дэлгүүрийн эзэн ярьсан. Энэ хувилбарт үс нь толгой, сарвууны доод хэсэг, сүүлний үзүүрээс бусад үсийг бүрэн хуссан байхыг хэлнэ. Төрөл бүрийн үс засалтын загвараас үргэлжүүлэн танилцуулахад

“Пума дор” муур (“нэхий”) засалт. Морь болон хажуугийн ноосыг нь огтолж авдаггүй. “Cat in Boots” муурыг зүсэх засалт нь “Арслангийн доор” аргыг давтдаг боловч сэвсгэр “гутал” нь хадгалагддаг. Амьтдын үс, хөмсөгийг зохих мэдлэггүйгээр дур мэдэн авч болохгүй. Нохойныхоо хөмсгийг хайчилснаас болж сохорсон гашуун түүхийг амьтан тэжээдэг хүмүүс ярьж байсан.

Гэрийн тэжээмэл туулайн хувьд үсийг байнга засах “зовлон” харьцангуй бага талдаа. Дэлхийн хамгийн их ноолууран үстэй молтогчин туулай бол ангорын туулай гэгддэг. Тэдгээрийг урт зөөлөн ноосных нь төлөө үржүүлдэг гэнэ. Хэрвээ гэрийн тэжээмэл амьтан хайж байгаа хүмүүст молтогчин туулай зөв сонголт гэж хэлж болно. Хэрвээ сайн арчилж маллах юм бол туулай долоон жил хүртэл амьдардаг байна. Гэрийн тэжээмэл амьтдад үс ноосоо арчлуулахын зэрэгцээ халцрахын аюул бас тохиолдох нь бий. Стресст орох нь халцрах шинж тэмдгийн түгээмэл шалтгаан болдог. Магадгүй гэрийн тэжээвэр амьтны халзангийн хамгийн нийтлэг шалтгаануудын нэг нь зохисгүй хооллолтоос үүсдэг. Тухайлбал, муур стресстэй байгааг муу хоол идэх, хөлөө сэгсрэх зэрэг стрессийн бусад шинж тэмдгүүдээс мэдэж болно. Амьтдыг улирлын гялбааны үед тун сайн анхаарах шаардлагатай байдаг. Муур гэхэд улирлын гялбаанд жилд хоёр удаа ордог бөгөөд үсээ алдаж, шинэ хэлбэрээр солигддог. Муур болон бүх амьтад улирлын уур амьсгалтай үед үсээ алддаг. Энэ бол байгалийн жам ёс юм. Гэрийн тэжээмэл амьтдаа усанд оруулахаас эхлээд үс, ноосыг нь засч янзлах зэргээр эгээ л хүүхдийн адил тодорхой хэмжээнд арчилгаа асаргааг сайтар хийдэг байх нь зүйтэй. Мөн цэвэр агаарт тогтмол гаргаснаар дархлааг нь бэхжүүлэх төдийгүй улирлын шинж тэмдгүүдийн эрлийзжилтийн хугацааг эрс багасгадаг талаар амьтан сонирхогчид ярьсан билээ. Гэр бүлийн гишүүний тоонд багтсан гэрийн тэмжээмэл амьтдын үсийг хэрхэн арчлах, засах тухай мэдээллийг энэ удаагийнхаа дугаарт онцлон хүргэсэн нь энэ юм.

Б.ОДМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлаа хангая гэвэл мал аж ахуйн салбарын шинэчлэлийг дэмжих ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Малын генетик нөөцийн тухай хууль энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Уг хуулийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Малын генетик нөөцийн тухай хуулийн зорилгыг эхлээд сонирхуулахгүй юу?

-2017 онд өргөн баригдаад хэлэлцүүлсэн Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай багц хууль ерөнхийдөө мал аж ахуйн салбарт үндэс сууриар нь том реформ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Малын генетик нөөцийн тухай хуулийн үндсэн зорилго нь өнөөгийн нийгэмд мал аж ахуйн салбарыг эргэлтэд оруулах бодлогын өөрчлөлтүүдийг хийнэ. Иймд малыг бүртгэлд хамруулах, ээмэгжүүлэх, эрүүл мэндийн хяналтыг төрийн мэдэлд байлгах юм. Мөн хуулинд үржил селекцийг мэргэжлийн байгууллагын хяналт дор явуулдаг, тухайн ажилд шинжлэх ухаанчаар ханддаг зэрэг асуудлуудыг зохицуулж өгсөн. Дээрээс нь шат шатандаа эдгээр асуудалтай холбогдуулж үүрэг хариуцлагуудыг тодорхой болгож өгч байгаа юм. Нөгөө талаас босоо удирдлагатай тогтолцоог бий болгоно. Хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын цаашдын 30-40 жилийн хөгжлийг тодорхойлох юм. Ерөнхийдөө тэргүүлэх эдийн засгийн салбараа гэж авч үзэх юм бол төрөөс анхаарал тавьж, хяналтдаа байлгах зайлшгүй шаардлагатай байна.

-Малыг бүртгэлжүүлэх ажлыг яаж хийх вэ?

-Бид өнөөдөр махаа зах зээлийн эргэлтэд оруулъя гэхээр хамгийн түрүүнд гарал үүслийнх нь асуудал яригддаг. Тухайн мал чанартай юу, аль бүс нутагт байршиж байсан юм, ямар өвс ургамал идэж байв, хэн гэдэг малчин маллаж хариулав, тухайн цаг хугацаандаа эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаад явсан уу гэх зэрэг суурь мэдээллийн бүртгэлийн асуудал хамгийн чухал. Тиймээс хамгийн түрүүнд үржлийн болон таваарын малыг бүртгэлжүүлэх юм. Үүгээрээ дамжуулж малынхаа чанарт нөлөөлөх ажлыг хийхийг хуулиар зохицуулсан. Үржлийн болон таваарынхаа малаар дамжуулж малынхаа ашиг шимийг дээшлүүлнэ.

-Манайхан малаа хээлтүүлэхдээ дураараа эцэг малыг энд тэндээс авчирдаг тал бий. Энэ нь өнөөх малын шүлхий тархах нэг нөхцөл болдог. Ер нь үржил селекцийн асуудлыг хэрхэн зохицуулсан юм бол?

-Энэ хуулийн бас нэг гол асуудал бол үржил слекцийг заавал мэргэжлийн байгууллагын түвшинд хийнэ. Хэн нэгэн малчин, аж ахуйн нэгжүүд дураараа гаднаас болон хөдөө орон нутгаас тухайн бүс нутгийнхаа онцлогт таарахгүй малыг авчирч хээлтүүлдэг ажлыг хориглож байгаа. Энэ тал дээр малчдаа мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх арга зүйн заавар зөвлөмж, зөвлөгөөг босоо тогтолцооныхоо хүрээнд өгдөг байна. Ингэж байж бид малынхаа ашиг шимд нөлөөлөх ажлыг хийж чадна. Өнөөдөр малын тоо толгой ярихаасаа илүү чанарыг нь анхаарч чухалчилахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Тухайн малын тоо толгой өсөөд байдаг ч малчдын амьжиргаа өсдөггүй.

Малыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай байлгах, хяналтыг бүрдүүлэхийн тулд бүртгэлийн асуудал зайлшгүй тавигдаж байна. Өнөөдөр энэ салбар зөнгөөрөө, малчдынхаа нуруун дээр явдаг болчихсон. Нэг талаасаа энэ байдал мал аж ахуйн салбарыг уналтад оруулах хэмжээнд хүрчихлээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд малын гоц халдварт өвчин байнга гарч байгаа. Ойрын хоёр, гурван жилийн хугацаанд илүү эрчимжиж, жил тойрон үргэлжилдэг боллоо. Тэгэхээр энэ асуудалд хаана хаанаа анхаарах хэрэгтэй.Энэ нь малын эрүүл мэндтэй холбоотой боловч нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудалтай уялдаж байгаа юм. Хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалтай хамааралтай асуудал.

-Малын гоц халдварт өвчин тархдаг өөр нэг шалтгаан бол яах аргагүй уяачидтай холбоотой гэсэн шүүмжлэл байдаг. Өвчний голомттой бүсээс хурдан удмын морьд авчирч нутагшуулдаг. Бас малчид хаа дуртай газраа сэлгэж, оторлодог шүү дээ. Иймэрхүү асуудлыг яаж шийдэх вэ?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар энэ асуудал зохицуулагдаж байгаа. Малын генетик нөөцийн тухай хуулиар бол тухайн малыг ямар нэг зөвшөөрөлгүй, бүртгэлгүй малыг постуудаар дамжин өнгөрүүлэх, авч явах, тээвэрлэх, шилжүүлэх асуудлыг хориглосон. Бүртгэлтэй буюу чиптэй малыг постуудаар нэвтрэхэд бүртгэгдэнэ гэсэн үг. Тэр чип дээр тухайн малын талаарх бүх мэдээлэл хадгалагдаж байгаа юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн тийм сумын тэр малчны мал гээд л гараад ирнэ. Улмаар энэ мал тэдэн сарын тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээгээ авсан юм байна. Вакцин тариагаа хийлгэж, угаалга туулганд хамрагдаж байсан юм байна гэх зэрэг асуудлууд нь тодорхой харагдана. Үржил угсаа нь ингэж хийгдэж явсан юм гэдэг нь хүртэл бүртгэгдсэн байх юм. Тэгэхээр малыг чипжүүлэх, бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх ажил хийгдэхэд цаанаа буцах эзэн хаягтай болж байна гэсэн үг. Хариуцлагын тогтолцоо нь энэ юм. Нэг ёсондоо мөшгих тогтолцоотой болчихож байгаа юм.

-Малын тоо толгой өсөөд байгаа хэрнээ малчдын амьжиргаа дээшлэхгүй байна гэж та дээр хэллээ. Тэгэхээр хуулийн хүрээнд малчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарсан бэ?

-Малчин хүнийг уламжлалт ойлголтоор цэвэр амьжиргаагаа авч явах түвшинд ойлгодог байсан. Тэгвэл малчин хүн бол нэг талаасаа мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгч болохыг энэ хуулийн хүрээнд тодорхойлж өгсөн. Нөгөө талаасаа компани байгууллага аж ахуйн нэгжийн түвшинд малчин өрхийн статусыг дээшлүүлж, өргөж байгаа юм. Энэ бол бизнес хувьчлал талаасаа ч тэр, малчдын хоршоолох, хувийн хэвшлийг тухайлан бүс нутагт хөгжүүлэхэд тэднийг илүү хариуцлагатай болгоно. Ингэснээр мах болон малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн статустай түвшинд авчирч байгаа юм. Энэ хүрээндээ бид малчдаа үнэмлэхжүүлэх, малчдаа сургаж, дадлагажуулах, мэдээлэлжүүлэх ажил давхар хийгдэнэ. Хандлагын өөрчлөлтийг малчдынхаа сэтгэхүйтэй нэлээд тулж хийнэ гэсэн үг.

-Сүүлийн үед бэлчээрийн талхлалт тулгамдсан асуудал болсон. Тэгэхээр эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж их ярьж байгаа. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд сум аймаг болгонд тухайн нутгийн цөм буюу шилмэл сүргүүдтэй болох асуудал яригдаж байгаа. Жишээлбэл, сарлагийн, хээлтэгч, хээлтүүлэгч малын цөм сүрэг гэж байна. Тухайн бүс нутагтаа таарсан нутагшдаг, ашиг шим нь өндөр, ноос ноолуур, махны, сүүний чиглэлээр гэх зэргээр хөгжүүлэх боломжтой малын цөм сүргүүдийг бий болгох юм. Энэ ажлыг мал зүйч нар хийнэ. Босоо тогтолцооны хүрээнд мал эмнэлэг болоод малын үржил слекцийнхээ нэгжийг тусад нь салгаж байгаа. Улсын мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж, аймаг, сумдад нэгжүүдтэй болно. Суманд 2-3 малын эмчтэй байна. Тэд жилийн хугацаанд малаа эрүүлжүүлэх, хуучин хаврын 13, намрын найм гэх зэрэг төлөвлөгөөт ажлуудыг хариуцна. Энэ маягаар суманд байгаа хувийн хэвшил, мал эмнэлгийн нэгжүүдээ хариуцлагажуулах тогтолцоогоо хэрэгжүүлээд ажиллах юм. Нөгөө талдаа сумын хөдөө аж ахуйн тасаг дээр мал зүйч заавал байна. Улсын хэмжээнд мал зүйчээр төгсдөг буюу суралцдаг хүмүүс орхигдчихсон. Ер нь малын зоотехникч гэдэг асуудлыг сүүлийн 20, 30 жилийн хугацаанд орхигдуулж ирсэн. Тэр үүднээс мал аж ахуйг хөгжүүлье, малыг чанаржуулъя, ашиг шим, үйлдвэрлэх байдлыг нь дээшлүүлье гэх юм бол мэргэжлийн шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, мал зүйч нарын заавар зөвлөгөөг дагадаг байх ёстой.

-Манай улс мах экспортлогч орон болох том амбицтай. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө санхүү хэрэгтэй вэ?

-Улс орны хэмжээнд хөрөнгө мөнгөний асуудал хөндөгдөж байна. Зөвхөн бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх, ухаалаг чип ашиглахад нэг мал дээр 1000-1500 төгрөгийн ханштай. Үүнийгээ дахиж хэрэглэж болоод байна. Нийт Монгол Улсын мал сүргийн хэмжээнд аваад үзэх юм бол зөвхөн чипнийхээ хүрээнд 70-80 тэрбум төгрөг шаардлагатай болчихож байна. Тэгэхээр эдийн засаг хүнд тул учраас эхний ээлжинд бог мал, таваарлаг, үржлийн малынхаа түвшинд ээмэгжүүлэх, чипжүүлэх ажлыг хийгээд явах төлөвлөгөөтэй байгаа. Харин 2020 оноос хойш бүх малаа бүртгэлжүүлнэ. Малын бүртгэлийн мэдээллийн сантай болохыг дэлхий нийтээр шаардаж байгаа. Дэлхийн глобал сүлжээнд хамрагдъя гэвэл үүнийг хийхээс өөр аргагүй. Төсөв мөнгөний асуудал нэлээд хүнд байгаа ч нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал талаасаа ч тэр авч үзэх юм бол энэ салбартаа ач холбогдол өгч онцгой анхаарах хандуулах ёстой. Энэ хууль батлагдаад хагас жил боллоо. Хэрэгжилтийн явц удаашралтай байна. Дөнгөж сая Их хурлаар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлууд, тухайн тогтолцоог бүрдүүлэх бодлогын шинж чанартай асуудлуудыг хэлэлцэж тогтоолын дүгнэлтийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан. Бүрэн ёсчлох асуудал хүлээгдэж байгаа. Үүн дээр мэдээж төсөв мөнгө, бүтэц орон тооны асуудал яригдана. Тиймээс Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам санаачилгатай ажиллах ёстой. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын асуудлыг бүрэн дэмжих хэрэгтэй.

-Чипжүүлэх асуудал бол малын хулгайтай тэмцэх том ажил болно. Нэгэнт малчид өөрийнхөө өмчийн төлөө өөрсдөөсөө мөнгөө гаргаад чипжүүлэх ёстой биз дээ?

-Одоогоор зөвхөн цөм сүрэг юмуу, үржлийн малыг чипжүүлэх хөрөнгийг улсаас гаргана. Харин малчид дээр очихоор хариуцлагынхаа хүрээнд өөрсдөөсөө мөнгөө гаргаад малаа чипжүүлэх юм. Бид энэ ажлыг хэд хэдэн сумдад туршиж үзсэн л дээ. Тухайн сумдын бүх малыг чипжүүлээд, эрүүл мэндийн хяналтад байлгасан юм. Ингээд “Мах маркет” компанитай гэрээлээд тухайн бүсийн малыг нийлүүлсэн. Компанийн зүгээс үнэхээр бүртгэлжүүлсэн, гарал үүсэл нь тодорхой мал байвал зах зээлийн ханшаас 1000 төгрөгөөр илүү авъя. Унаа тээвэр явуулъя гэсэн. “Мах маркет” компани тухайн малын махыг бүтээгдэхүүн болгоод гаргахдаа үнийн дүнгийнх нь хажууд тухайн малын QR кодыг тавиад өгчихөж байгаа юм. Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа өөрийнхөө гар утсаар тэр кодыг нь уншуулахад бүх мэдээлэл нь тодорхой гараад ирнэ. Миний идэж байгаа мах тэр малчны тийм малынх юм байна. Тэр сумын тийм нэртэй малын эмчийн хяналт дор эрүүл мнэдийн үйлчилгээ авч, вакцин тарилгадаа оржээ гэх зэрэг нарийн мэдээллүүдийг авах боломжтой. Улмаар тэдэн сарын тэдний өдөр 22-ын товчоогоор орж ирсэн гэдгийг нь хүртэл мэдчихнэ. Дэлхий нийтийн тавьж байгаа шаардлага ерөөсөө л энэ. Малчин хүн өөрийнхөө малын таваарлаг байдлыг өсгөөд, зах зээлд гарах гарцыг нээе гэвэл санаачилгаараа энэ шинэчлэлд хамрагдах ёстой.


Categories
мэдээ нийгэм

Эвийн өргөө энхийн гүйлтийн бамбарыг өртөөллөө

Шри Чинмойн эвийн өргөө энхийн гүйлтэнд нийслэлийн Онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагчид нэгдэж оролцлоо. Энхийн гүйлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, Улаанбаатар төмөр замын Соёлын ордон, Саппоро, Геологийн төв лаборатори, 22-ын товчоо гэсэн маршрутаар зохион байгуулагдлаа. Алба хаагчид гал бамбарыг өртөөлөн энхийн гүйлт зохион байгуулагчдад гардуулж өгсөн юм.

Шри Чинмой хорвоо дэлхий бүрэн дүүрэн найрамдал нөхөрлөл, эв эетэй оршоосой гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулсан юм. 40 гаруй жилийн турш тэрээр урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлыг дэмжиж иржээ.

Шри Чинмой дэлхийн олон оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийг хамардаг соёлын, хүмүүнлэгийн, хүний дотоод сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.