Дэлхийн нийтэд хотжилт, техник, технологийн хөгжил хурдацтай хөгжин суурин иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөн улс орнууд биеийн тамир, спортыг дэмжих замаар хүний дундаж наслалтыг дээшлүүлэх, хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Монгол Улсын хүн амын 67 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа. Хүн амын 64 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Бие бялдрын сорилын 2017 оны судалгаагаар өсвөр үеийнхний 80.2 хувь нь бие бялдрын хөгжлийн хувьд “С” буюу тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшингээс доогуур, илүүдэл жин ба таргалалтын түвшингээр Ази тивдээ хамгийн өндөр, хүн амын 55 хувь буюу хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдэл нэмэгдэхэд хүргэж байна.
Монголын тамирчдын үзүүлж байгаа амжилт нь тусгаар тогтнолоо бататгах, улс орны хөгжлийн түвшинг илэрхийлэх, эх оронч үзлийг сурталчлахад онцгой ач холбогдолтой билээ. Түүнчлэн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөн, спорт нь бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой байснаар хувь хүний хөгжлийг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх хамгийн үр дүнтэй, аюулгүй, нийгэм-эдийн засгийн үр ашигтай аргын нэг юм.
Иймээс хүн амд үзүүлэх биеийн тамирын үйл ажиллагаа, идэвхтэй хөдөлгөөн, спортыг орон нутгийн нөхцөл байдал, хувь хүний онцлог, бие бялдрын хөгжилд нийцсэн олон хувилбартай, сонголт хийх боломжоор ханган хөгжүүлж, оюуны болон бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хөдөлмөрийн бүтээмж сайтай иргэдтэй байж, идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэхийг хувь хүний хэрэглээ болгох, хамт олон, байгууллагын түвшинд хэвшүүлэх шаардлагатай байна.
Эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад биеийн тамир, спортын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хөгжих нөөц боломжийг эрхэмлэн үзэж, хүний хөгжлийг хангах гол хүчин зүйл болохыг нь онцлон “Төрөөс биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого (цаашид “бодлого” гэх)-ыг тодорхойлов.
Энэхүү бодлогын цөм нь биеийн тамирын үйл ажиллагаа байх бөгөөд идэвхтэй хөдөлгөөн, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хүн амын ажил, амьдралын салшгүй хэрэглээ болгох, улмаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.