Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” нээгдлээ

Орхон аймагт “Нийгмийн Эрүүл мэндийн төв”-д “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” төвийг нээлээ. Уг төвд ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Уг төвийг Орхон аймагт нэг жилийн турш үргэлжилсэн “Сэтгэлийн анир” төслийн хүрээнд нээж байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол, зөвлөгөө өгөх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд “Сэтгэлийн анир” төсөл хэрэгжсэн. Үүний хүрээнд сэтгэл зүйч, гэр бүл судлаач, хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэц, наркологийн эмчийн бүрэлдэхүүнтэй баг төрийн өмчийн 16, хувийн гурав, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн хоёр төвийн 8-12 дугаар ангийн 5000 орчим сурагчдад сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

Мөн сэтгэл зүйн боловсрол олгох сургалт, “Өсвөр насны сурагчдын стрессийн түвшин, сэтгэл гутрал, гэр бүлийн харилцааны сэтгэл ханамжийг илрүүлэх” судалгаа авсан байна. Судалгаанд 4797 сурагч хамрагджээ. Судалгааны дүн хараахан гараагүй байна.

Харин сэтгэл зүйчдийн баг сурагчидтай уулзахад, дийлэнхи нь гэр бүлийн харилцаа, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, үе тэнгийхний дарамт, гадуурхал, ганцаардлын асуудлаар зөвлөгөө авсан байна. Тодруулбал, 1254 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлт тавьсаны дагуу тус баг 1024 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгчээ.

Аав, ээжийнхээ таарамжгүй харилцаанаас болж сэтгэл гутралд орох цаашлаад амиа хорлох оролдлого хийж байсан хүүхдүүдэд дээрх төслийн багийхан ганцаарчилсан зөвлөгөө өгсөний үр дүнд сэтгэл зүйн тогтворгүй үедээ мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчид хандаж сурах хэрэгтэй гэсэн ойлголтыг өгч чадсан байна.

Өсвөр наснынханы сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлын шалтгаан нь гэр бүлийн харилцаа, гэр бүл салалт, архидалт, хүчирхийлэлтэй холбоотой байсан аж. Хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг талаар судлахад, 53.73 хувь нь яаж шийдвэрлэхээ мэдэхгүй гэж хариулсан байна. Энэ нь хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсролыг зайлшгүй олгох хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймд орон нутаг энэ хэрэгцээ, шаардлагыг харж өнөөдөр “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” –ийг байгуулж байгаа нь сайшаалтай гэж төслийн багийнхан онцолсон юм.

Орон нутгаас Орхон аймаг анх удаа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх, зөвлөгөө, сургалт өгч байгаа нь аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх бодлого, шийдвэрээ “Хүний хөгжил”-д чиглүүлж буйтай уялдаж ирээдүйд сэтгэл зүйн боловсролтой эцэг, эхийг бий болгоход чиглэгдсэн гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар сайд жонш олборлогчидтой уулзлаа

УУХҮЯ, АМГТГ хамтран “ЖОНШ ОЛБОРЛОГЧДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг өнөөдөр буюу 2018.05.30-ны өдөр Төрийн ордонд зохиолоо. Уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, дэд дарга М.Энхжаргал тэргүүтэй яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар болон жонш олборлогч компаниуд, уул уурхайн мэргэжлийн холбоодын 100 орчим төлөөлөл оролцов.

Салбарын сайд уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол орны газар нутагт тогтоогдоод байгаа олон төрлийн ашигт малтмал, эрдэс түүхий эдийн дотор хайлуур жонш томоохон байр суурийг эзэлдэг. Хайлуур жонш нь хими металлургийн үйлдвэрлэлийн гол түүхий эд төдийгүй түүнийг уран, нефть боловсруулах үйлдвэр, сансрын техник, оптикийн линз, электрон техник, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж байна. Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна” гэлээ.
Мөн тэрбээр цаашид салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хууль эрх зүй, татварын орчныг сайжруулах, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Түүнчлэн “Нөөцийн хөдөлгөөн, бүртгэлийн системийг шинэчлэх, олборлолт, боловсруулалтыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан явуулах, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэх, мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, “Эрдэс баялгийн бирж”-ийн зарчмаар хэрэгжүүлэх, дэд бүтэц, бүс нутгийн хөгжил зэрэг тулгамдсан олон асуудлууд байгааг үндэсний хэмжээнд авч үзэж, харилцан уялдаатай байх зарчмаар шийдвэрлэхийг цаг үе шаардаж байна” хэмээн сайд Д.Сумъяабазар онцлон хэлэв.

Жонш олборлогч аж ахуйн нэгжүүд салбарын сайд жоншны салбарыг анхааран, төлөөллүүдтэй нь уулзаж, санал бодлыг нь сонсож байгаад талархалтай хандаж буйгаа хэллээ. Тэдний зүгээс гар аргаар жонш олборлогчдын асуудлыг цэгцэлж өгөх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, “Жонш хөтөлбөрийг хэрэгжүүлэх”зэрэг саналуудыг хэлж байсан юм.

АМГТГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 3287 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгаагаас 1643 ашиглалтын тусгай зөвшөөрөлбүртгэлтэйгээс жоншны 175 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Монгол орны жоншны нөөц хүдэрээр 74 сая тонн эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. УУХҮ-ийн сайдын 2017.06.30-ны өдрийн А/131 тоот тушаалаар “Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд баяжуулах үйлдвэрийн журмын төслийг боловсруулж дуусгаад байна. Монгол Улсын экспортын голлох ашигт малтмалд хайлуур жоншны экспорт 1.4 хувийг эзэлж байна. 2018 оны 1-р улиралд МУ-ын жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өсөж, 25 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс 42 хувийг БНХАУ-д, 55 хувийг ОХУ-д, 3 хувийг бусад улсад экспортлосон байна. биет хэмжээгээр тооцвол 78.3 мянган тонн жоншны хүдэр болон баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 47.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Үнийн хувьд 97 хувийн агуулгатай жоншны баяжмал нэг тонн тутамдаа 308 ам.доллар, 85 хувийн агууламжтай бүхэллэг жоншны баяжмал 1 тонн тутамдаа 278 ам.доллар байна.

Уулзалтын төгсгөлд УУХҮЯ-аас “Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо”-той харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Хамгаалалтын малгай 2018” арга хэмжээ боллоо

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нийт мотоцикльтой иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор “Хамгаалалтын малгай-2018” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сумын нийт 500 мотоцикльтой өрхөд хамгаалалтын малгайг нэг удаа үнэ төлбөргүй олгожээ.

Малгайжуулалтын аян нь улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан шинэлэг арга хэмжээ болсон бөгөөд МАК ХХК, Чинхуа МАК, Өмнийн говийн элс ХХК, Өсөх зоос ХХК, АГМ майнинг ХХК, Баатарван транс ХХК, Бласт ХХК, Жавхлант орд ХХК дэмжин оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 31-нд болох үйл явдал

09.00 цагт Монголбанкинд “Автомат клиринг хаус” буюу ACH+ систем нэвтрүүлэх төслийн нээлт болно.

09.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд “Хайраас хайр” үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ хуралдана.

10.00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

11.00 цагт Орон нутгийн нөхөн сонгуулийн асуудлаар СЕХ-ноос өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11.00 цагт ЭМЯ-нд “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан нийтлэл нэвтрүүлгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

11.00 цагт ЗЦА-наас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Интерном” номын их дэлгүүрт “Kids Science” Augmented Reality /AR/ технологид суурилсан “Амьтан судлал” 4D цуврал номын нээлт болно.Утас: 99993988

11.30 цагт Улаанбаатар зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн үнэлгээ:Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг төрөлжүүлэх нь” тайланг танилцуулна.

11.40 цагт Үндэсний аудитын газраас өөрийн байрандаа “АСЕМ-ийг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүн”-д хийсэн аудитын тайланг танилцуулна.

12.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд “ФИБА 3х3 УЛААНБААТАР” болон U23 насны “Nations League” тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:88023710

12.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Хүүхдийн баяр”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 911100461

13.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн тасагт ажиллана. Утас: 99179899, 86885060

13.30 цагт “Оюу толгой” компанийн байранд иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, тус компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ. Утас: 99191388, 88117157

Categories
мэдээ цаг-үе

Хар тамхины наймаа прокурор, хуулийнхны ивээлд байдаг уу?

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээ зогсолтгүй өсөн нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал, хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж, ургуулсан хоёр иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Энэ сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёр иргэнийг баривчилж, гэрээс нь мансууруулах төрлийн их хэмжээний ургамал хураан авсан байна. Хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн үед нэмэгдсээр байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Тус газрын хар тамхитай тэмцэх газар зөвхөн энэ сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирсэн, худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман хэрэг үйлдлүүдийг илрүүлэн таслан зогсоожээ.

Манай улсын иргэн Ч, иргэн Б-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явахад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан гэнэ. Иргэн Ч нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хорих ялаар шийтгүүлж байгаад энэ оны хоёрдугаар сард ялын хугацаа нь дууссанаар суллагдсан байсан аж. Ийнхүү дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Мөн 36-41 насны гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баригдсан гэнэ. Дээрх гурван иргэний хоёр нь хуулийн байгууллагад ажиллаж байхдаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бол нэг нь хар тамхины гэмт хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Төрийн тусгай албан хаагч гэдэг утгаар нь энэ гурван иргэний хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Харин бусад хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм.

ПРОКУРОР, ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН УДАА ДАРАА НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОДОГ ЮМ БАЙНА

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхи, авлигын хэрэгт 2015 онд холбогдсон байдаг. Уг хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Тэд “мөс” хэмээх мансууруулах бодисыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял, Б.Сүхбаатар гэх этгээдэд 6.5 жилийн хорих ял оноожээ.

Үүнээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга хандсан, бусдаас авлига авсан хэрэгт давхар шалгаж байсан юм. Анх Б.Сүхбаатар тэдэнд хар тамхийг хилээр нэвтрүүлж авчирч өгсөн гэдэг. Гэтэл Б.Сүхбаатар хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн, хорих ял авсан ч ялаа эдлээгүй байгаа юм. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцоод, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Х.Тамирын хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан, 15.8 сая төгрөгийн хахууль авсныг нь гэм буруутайд тооцсон байна. Эдгээр хүмүүсийг хар тамхины хэрэгт холбогдоод, ял авах үеэр Өршөөлийн хууль үйлчилж байж таараад, өршөөл үзүүлсэн аж. Ингээд хахууль авсан 15.8 сая төгрөгийг Х.Тамираас гаргуулж улсын орлого болгож, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Шүүгдэгч Д.Жавхлан нь хүний амь бүрэлгэсэн хэрэгт 15 жилийн ялаар шийтгүүлж, тэнсэнгээр суллагдсан нэгэн байна. Тэрбээр тэнсэнтэй байх хугацаандаа зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан. Гэтэл энэ ослын хэрэг нь Өршөөл үзүүлэх хуульд тооцож, хахууль өгсөн үйлдлийг нь хамруулан хэрэгсэхгүй болгожээ. Дээрх хүмүүст ногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг.

Х.ТАМИР, АМАРБАЯСГАЛАН НАР ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОВ

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар прокурор, хууль хүчний байгууллагынхан хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол их байдаг гэв. Тухайлбал, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхад нь өнгөрсөн баасан гаригт саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагийн үед тэднийг автомашиндаа мансуурчихсан байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Тухайн үед Х.Тамир, Б.Амарбаясгалан нараас шинжилгээ авахад мансууруулах төрлийн “мөс” хэмээх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байгаа юм. Улмаар тэдний автомашин болон орон гэрт нэгжлэг хийж, тэдний биеэс “мөс” хураан авчээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Х.Тамирын дүү Х.Идэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ажилладаг юм байна. Х.Тамир Б.Амарбаясгалантай их сургуульд хамт суралцаж байсан найз нөхөд. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн шүүх шалгаж байгаа. Хэргийг шалгаж байгаа гэсэн нэрийн дор прокурор, хууль хүчний алба хаагчид хар тамхи хэрэглэсэн, хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулсан байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгож, торгож, батлан даалтад гаргаж, тэнсэн болгодог уламжлал тогтсон нэгэнт тогтсон гэж эх сурвалж хэллээ. Ийм арын хаалгатай хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоход хэсэг шуугиан болж, намжсаны дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, хорьж, баривчилдаггүй. Манай улсын телевиз, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхичдыг сурталчилж, мэдээ, ярилцлагыг нь гаргасаар байдаг. Энэ ужгирсан асуудлын угсааг хөөвөл хар тамхины хэрэглээ урлаг соёлын оддоос эхлэлтэй. Тухайлбал, “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс 10 жилийн хорих ял оноосон. “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн, зарим хүнийг удаа дараа ийм үйлдэл гаргасан хэмээн яллах дүгнэлттэй хэргийг 2011 онд анхан шатны шүүхээр шийдвэрлэж байв. Үүний араас урлаг соёлын одод хар тамхийг ихээр хэрэглэж, ял авч, тэнсэн болгож байсан тохиолдлууд цөөнгүй. Мөн хар тамхины хэрэгт Улсын начин Ц.Улаанхүү холбогдож, 2010 онд шүүх хурлаар 11 жилийн хорих ял авч байсан. Ийнхүү спорт, урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогддог ч ихэнх нь хар нүдний шил зүүчихсэн, уран бүтээлээ туурвиж явдаг. Энэ талаар манай сонин хар нүдний шилтэй, урлаг соёлын оддыг тайзан дээр гаргахаа больё, тэднийг өргөмжилж цол өгөхгүй байя гэж удаа дараа бичиж байсан.

Г.САРАНГЭРЭЛИЙГ 461 ДҮГЭЭР АНГИД ХОРЬЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас саяхан хар тамхи хэрэглэсэн “Ice Top” хамтлагийн дуучин 38 настай С.Чулуунбаяр буюу Кобиг баривчилжээ. Тэрээр 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож байсан билээ. Харин түүнтэй 29 настай дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа хамт шалгагдаж байгаа гэнэ. Тэднийг энэ сарын 4-5-нд шилжих шөнө баривчилж, буцаан суллан, гадуур байцааж байгаа гэв. Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл Улсын хилээр хар тамхи бэлэг эрхтэндээ нуун оруулж ирэх гэж байгаад цагдаагийн байгууллагын алба хаагчдад өнгөрсөн дөрөвдүгээр сард баригдсан байдаг. Улмаар хэргийг бүлэглэлээр үйлдэхийг завдаж байсан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд иргэн Г.Сарангэрэлийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний “мөс” гэх мансууруулах бодис гарч ирсэн билээ. Эд мөрийн баримтаар уг хар тамхийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор Г.Сарангэрэлийг 461 дүгээр хорих ангид хорьж байгаа гэнэ. Г.Сарангэрэлийг ч мөн цаашдаа гадуур байцааж хэргийг нь хэрэгсэхгүй болгох байх гэж эх сурвалж хэлж байна. Өмнө нь хэд хэдэн удаа хар тамхины хэрэгт тэрбээр холбогдож байсан ч дорвитой шийтгэл оногдуулж байгаагүй.

Хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлэхийн хэрээр уг хэрэгт өндөр албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, тэдний үр хүүхдүүд холбогдох болжээ. Нийслэлийн тээврийн хоёр прокурор, Эрээнд сууж байсан консул А.Мурат, Дэд сайдын хүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хүүхэд гээд олон хүмүүс холбогдсон ч тус хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байдаг. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Доктор, профессор Ш.Лхагвасүрэн “Монголд хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн, ноцтой асуудал болсон” талаар манай сонинд ярилцлага өгсөн байдаг. Тэрээр сүүлдээ дунд сургуулийн хүүхдүүдийн хэрэглээ болчихсон. Энэ нь их санаа зовоож байгаа гэдгийг ч дурдсан. Нийслэлийн эрүүл мэндийн газраас судалгаа явуулахад 400 гаруй хүүхдийг насанд хүрсэн хүмүүс уруу татаж, хар тамхи хэрэглэж үзэхийг санал болгосон гэжээ. Харин хар тамхи хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь сонирхолтой санагдаад, санамсаргүйгээр, саваагүй зан хөдлөөд, бусдыг дуурайж хэрэглэсэн гэсэн хариултыг өгсөн юм байна. Энэ мэт баримт мэдээллээс харахад хар тамхины хэрэглээ Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг харуулж байна. Хүүхэд, залуусын дунд аюулгүй харанга мэт дэгдсэн энэ ноцтой асуудалтай тэмцэх дорвитой арга хэмжээ авах цаг аль нэгэнт болжээ. Гэвч хар тамхины хэрэгт урлаг соёлын одод, томоохон албан тушаалтнуудын хүүхдүүд, прокурор хууль хүчнийхэн холбогдоод, арын хаалгаар хэргээс мултраад байхаар яах болж байна. Хамгийн ноцтой асуудал нь хууль хүчний байгууллагынхан хэрэгт холбогдсон хүмүүст зөөлөн хандаж, өөрсдөө дунд нь орж, хар тамхины бизнес эрхэлж, хилээр оруулж, гаргадаг, худалдан борлуулдаг болох нь эхнээсээ баримттайгаар тогтоогдож эхэллээ. Энэ мэт ажиглалт хийхэд л хар тамхины хэрэглээ зогсолтгүй үргэлжилж байгаа нь хууль хүчний байгууллагынхантай шууд холбоотой байна. Сэтгүүлч бид ингэж бодож, хардаж байгаа юм. Яагаад гэвэл хар тамхины хэрэглээ сүүлийн арван жилд маш хурдтай газар авч, даамжирч байна. Нийгэмд хар тамхины бизнесийг атгаж, залуучуудын хэрэглэх нөхцөл бололцоог нь хангаж өгч байгаа прокурор, шүүгч, цагдаа, хууль хүчнийхнийг хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй. Хууль хүчний алба хаагчид та бүхэн хар тамхи хэрэглэгчдийг өмгөөлөөд, бүр ивээлдээ авч энхрийлээд байгаа юм шиг харагдаад байна. Улс үндэстнийг мөхөөж байгаа энэхүү аюулыг Монголын хууль хүчнийхэн зоригтойгоор таслан зогсоож, хорьж шийтгэж чадахгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: “Монгол базальт”-ын хувьцаанд 19 тэрбумын захиалга ирлээ, цаашдаа бүх том компани IPO гаргана

“Novel investment” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.


-“Монгол базальт” компанийн IPO -гийн захиалга олон тэрбумаар давлаа гэсэн мэдээлэл хөрөнгийн зах зээлийн гэгээтэй сонины нэг болж байна. Хичнээн төгрөгийн захиалга ирэв гэдгээ ярилцлагаа эхэлье?

-“Монгол базальт”-ын IPO-нд 19 тэрбум төгрөгийн захиалга ирлээ. Анх төлөвлөсөн хэмжээнээсээ гурав дахин илүү хэмжээний захиалга. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид хувьцаанд мөнгөө хийх сонирхол өссөнийг энэ удаагийн IPO харууллаа. Өмнө нь дундаж иргэд мөнгөө банкинд л хадгалдаг байсан. Гэтэл өнөөдөр цаг өөр болж байна. Хоёрдогч, гуравдагч сонголтуудыг хийж сурч байна. “Монгол базальт”-ын өмнө “Айтүүлс”, “Lend.mn” IPO гаргасан. Хөрөнгө оруулагч талаасаа шинэ сонголт гэж ярьж байгаа ч компаниуд талаасаа бас шинэ сонголт болж байна л даа. Компаниуд мөнгө хэрэг болохоороо банк руу явдаг байсан бол одоо өөр зам байдгийг хараад эхэллээ. Санхүүгийн зах зээл дээр маш хэрэгтэй дүр зураг. Ингэж байж л компаниудын маань өрсөлдөх чадвар сайжирна, бүтээмжээ нэмэгдүүлнэ, тоног төхөөрөмжөө шинэчилнэ, үйлдвэрээ томсгоно. Сүүлийн хэдэн жил баахан дарга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засгаа хөгжүүлнэ гэж ярьснаас өөрийг хийсэнгүй. Гэтэл эдийн засгийн суурь нь дарга нар биш, аж ахуйн нэгжүүд. Аж ахуйн нэгжээ дэмжиж зээлийнх нь хүүг буулгая гэдэг бодлого хэрэгжээгүй учраас компаниуд өөрсдөө чардайсаар байгаад хөрөнгийн зах зээлтэй холбогдлоо.

-Сүүлийн хэдэн IPO амжилттай болчихоор бусад компанийн захирлууд IPO гаргах сонирхлоо илэрхийлж байна уу?

-Саналаа, сонирхлоо илэрхийлж байна. “Монгол базальт” мөнгө босгочихож байгаа хэрэг үү, тэгвэл бидэнд боломж байна шүү гэх жишээний үг сонсогдоод эхэллээ. Компанийн захирлууд хөрөнгийн зах зээлд мөнгө байдагт итгэж эхэлж байна. Тэд сая “Монгол базальт”-ын IPO-г анхааралтай ажигласан. Өмнөх хоёр IPO-нд бол төдийлөн ач холбогдол өгөөгүй байх. Lend.mn банк бус санхүүгийн байгууллага учраас чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. “Айтүүлс” технологийн компани. Тийм учраас нарийн ширийнийг мэдэхгүй гэсэн шалтгаанаар сонирхоогүй байх. “Монгол базальт”-ын Л.Ариунболд гэхээр өөрсдийнх нь насны, өөрсдийнх нь дайны хүн учраас харьцуулаад эхэлчихэж байгаа юм. Хувьцааныхаа 30 хувийг зургаан тэрбумаар зарж болдог юм байна, хүүгүй зээл авах арга байна гэж олзуурхаад эхэллээ. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа зарж босгосон мөнгө бол хүүгүй гэдэг маш том давуу талтай. Хөрөнгийн зах зээлээс босгосон зургаан тэрбум төгрөг тэр чигтээ үйлдвэрлэлд зарцуулагдана. Зөвхөн ашигтай ажиллаж эхэлснийхээ дараа л хөрөнгө оруулагчдадаа өгөөжөө өгнө.

Аль аль талдаа харилцан ашигтай модель. Ингэж байж үйлдвэрлэл өсдөг, томордог. Томорсныхоо дараа хөрөнгө оруулагчдадаа өгөөжөө өгнө гэсэн үг. Тугалтай зүйрлэвэл том дэлэнтэй үнээ болтол нь хүлээнэ гэж ойлгож болно. Өнөөгийн банкны өндөр хүүтэй зээл бол тугал байхад нь саах гээд нүдээд байна л даа. Харин хувьцааны зах зээл компаниа маш сайн дэмжиж өгдөг. Хувьцаа бол хүн төрөлхтний түүхэн дэх санхүүжилтийн хамгийн зөв хэлбэр. Аль ч улсын өсч дэвжих амбицтай том компаниуд хувьцаагаа л зардаг. Тэд хэзээ ч зээл авдаггүй.

Монгол базальт-ын хувьцааг хөрөнгө оруулагчид яагаад сонгож авч байна вэ гэсэн асуултад та ямар тайлбар хэлэх вэ?

-IPO гарахад үнэт цаасны танилцуулга тараагддаг. Компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг андеррайтер нь бэлдээд өгчихдөг юм. Хөрөнгө оруулагчдын хувьд ирэх арван жилд хэрхэн ажиллах бол гэдгийг сонирхдог л доо. “Монгол базальт”-ын давуу тал бол ирэх жилүүдийнх нь өсөлт. Ирэх таван жилийнх нь өсөлт маш сайн байна. Энэ удаа босгосон мөнгөөрөө үйлдвэр барина, тоног төхөөрөмжөө шинэчилнэ, бүтээгдэхүүнээ худалдана. Өнөөдрийн байдлаар борлуулалт нь хоёр тэрбумаар хэмжигдэж байна. Хувьцаагаа зарж мөнгө босгоод үйлдвэрээ шинэчилсний дараа дөрвөн жилийн дотор борлуулалт нь долоо дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Энэ тоо хөрөнгө оруулагчдад таалагдсан хэрэг л дээ. Хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө долоо дахина өснө гэдэг бол онцолж сонирхох том шалтгаан.

Монгол базальт-ын тухайд өөрийн гэсэн үйлдвэртэй, үйл ажиллагаа нь тогтворжсон гэсэн давуу тал нь ч нөлөөлсөн байх…?

-Тийм давуу тал бий. “Айлтүүлс”-ийн хувьд технологийн компани учраас өрсөлдөгч гарч ирэх боломжтой. “Монгол базальт”-ын хувьд үйлдвэрлэл учраас яг ийм хэмжээний ноу хау нэвтрүүлээд туршлага олохын тулд магадгүй 10-15 жил шаардагдана. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд үйлдвэрлэл өсөөд тогтворжчихвол өрсөлдөгч байхгүй гэж “Монгол базальт”-ыг харсан байх. Тодруулж хэлбэл “Айлтүүлс”, Lend.mn дээр өрсөлдөгч гарч ирэх боломжтой бол “Монгол базальт” дээр гарч ирэхгүй гэсэн том давуу тал бий. Үйлдвэрлэлийн өсөлтийн онцлог байна л даа. Үүнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид харсан учраас захиалга нь хэд дахин давж орж ирлээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид хэр сонирхсон бол?

-Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын брокерийн компани хоёр, гурав байдаг юм. Тэднээс мэдээлэл авахад Солонгосын том хөрөнгө оруулагчид орж ирээд “Монгол базальт”-аас их хэмжээний хувьцаа авсан сураг байна. Гурван хоногийн дараа албан ёсны мэдээлэл гарахаар баталгаажих байх.

-Хөрөнгийн зах зээлд оролцогчид гэхээр арилжааны банкныхан юм уу, их мөнгөтэй хүмүүс л байдаг гэдэг. Дунджаар хичнээн төгрөгтэй хүмүүс энэ зах зээлд идэвхтэй тоглож байна?

-Яг зарчмын хувьд 380 төгрөгтэй хүн ч орж болно. Яагаад гэвэл “Монгол базальт”-ын нэгж хувьцааны үнэ 380 төгрөг. Манай компанийн жишгээс харахад дор хаяж арван саяас дээш төгрөгтэй хүмүүс хувьцааны арилжаанд орж байна. Хөрөнгө оруулагчдын гэхээс илүү манай зах зээлийн тушаа байдал нөлөөлөөд байна л даа. Мянган төгрөгөө больё, ядаж сая төгрөгтэй хүн яагаад хувьцааны зах зээлд орж болохгүй байна вэ гэхээр процесс нь түвэгтэй гэсэн ганц том шалтгаан бий. Брокерийн компани дээр ирж дансаа нээлгэнэ, аппликэйшн бөглөнө, захиалгаа өгнө, мөнгөө байршуулна гээд маш олон процесстой. Онлайнаар дансаа нээлгэх боломжгүй гэх мэт дотоодын техникийн бэлэн биш байдал нь жижиг хувьцаа эзэмшигчдийг үргээдэг. Зах зээл нь хурдтай хөгжөөд байдаг. Гэтэл Хөрөнгийн бирж маань хуучин арга барилаараа яваад байна л даа.

-Захиалга нь гурав дахин давчихаар захиалгаа нэгэнт өгчихсөн хүмүүст ямар зарчмаар хувьцааг нь хуваах бол?

-Захиалга өгсөн хэмжээнийхээ гуравны нэгийг авна гэсэн үг. Захиалга өгчихөөд авахгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Сая төгрөгөөс доош хэмжээний мөнгөөр захиалга өгсөн хүмүүс нь эхэлж аваад үлдсэнийг нь хувь тэнцүүлчихнэ гэсэн үг.

-Lend.mn хүмүүст их хүрч байна. Энэ үйлчилгээний талаар санаа бодлоо хуваалцаач?

-Lend.mn бол ломбардыг л соёлтой болгочихсон хэрэг. Ломбардыг хэрэглэхэд амар, хүртээмжтэй болгосон хэлбэр. Хүү нь өндөр, сарын 10, жилийн 120 хувийн хүүтэй. 200, 300 хувийн хүүтэй ломбардтай харьцуулахад дэвшил мөн үү гэвэл мөн.

Үүнийг би буруу гэж бодохгүй байна. Зах зээл дээр гарч ирэх ёстой. Одоо энэ моделийг дагаад бусад компани орж ирэх хэрэгтэй. Саяхан Lend.mn-ий эхний улирлын санхүүгийн тайлан маш сайн гарсан. Тэгэхээр үүн шиг компаниуд дахиад гарч ирнэ, магадгүй зарим компани чиглэлээ ийм болгох байх. Санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болж байж л зээлийн хүү буурна. Lend.mn зорилтот зах зээл дээрээ зөв юм хийсэн. Төр зээлийн хүүг гаргуунд нь хаячихсан, 200-400 хувийн хүүтэй зээл байгаа нөхцөлд гар утсаараа барьцаагүй 100 хувийн зээлийг арай бага хувийн хүүтэй авч эхэлсэн нь ололт мөн л дөө. Монголын бизнесийн бүх салбар өрсөлдөгчтэй. Нэг нь жаахан үнэ хэлэнгүүт нөгөөх нь хямдруулж үнэд нь нөлөөлж чаддаг. Ганц өрсөлдөөнгүй салбар нь санхүүгийн зах зээл. Хэдхэн банк нийт зах зээлийнхээ 90-ээд хувийг эзэлдэг. Ийм тохиолдолд хоорондоо өрсөлдөх шаардлага байхгүй. Харин сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд санхүүгийн зах зээл рүү шинэ тоглогч, оролцогчид орж ирж байна. Ингэж байж л өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ өрсөлдөөнөөс хожих хүмүүс нь хэрэглэгчид. Өөрөөр хэлбэл зээлдэгчид.

-Хөрөнгийн зах зээлд блокчейн технологийг нэвтрүүлэх боломжийн тухай яриад эхэллээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай яваа бол?

-Блокчейн бол мундаг технологи гэдэгтэй маргах юм байхгүй. Олон хэлбэрээр ашиглаж болно, өсч хөгжих орон зай дэлхийд байгааг үгүйсгэхгүй. Гагцхүү Монголд энэ технологийг ашиглаж төлбөр тооцоо гүйлгээ хийх боломжгүй. Татвараас зугтах, мөнгө угаах гэх мэт асуудал яригдах эрсдэлтэй.

-Яагаад?

-Яагаад гэвэл Монгол Улс мөнгө угаахын эсрэг, терроризмын эсрэг, татварын эсрэг гэх мэт байж болох бүх л олон улсын гэрээ, конвенцид аль хэдийнэ нэгдчихсэн. Одоо бидэнд буцах зам байхгүй. Харин ийм гэрээ, конвенцуудад нэгдээгүй улсууд блокчейн, биткойныг хөгжүүлээд ашиг олоод явж болно. Швейцарь, Хонгконг, Япон гэх мэт улсуудад болоод байгаа нь ийм учиртай.

Харамсалтай нь манай улс учир мэдэхгүй явах үедээ олон улсын баахан гэрээ, конвенцод аль хэдийнэ гарын үсгээ зурчихсан. Өнгөрсөн жил Европын холбоо манай улсыг саарал жагсаалтад орууллаа. “Та нар иргэдийн хадгаламжийн мэдээллийг бидэнд өгөхгүй байна, магадгүй үүгээр дамжиж мөнгө угаагдаж, татвараас зугтаад байна” гээд л саарал жагсаалтад оруулсан. Үүний дараа УИХ гэнэт хууль гаргаад буулт хийх жишээний. Блокчейн биткойныг нэвтрүүлээд, том тоглогчоор цойлох боломж Монголд байхгүй нь харамсалтай ч гэлээ бодитой үнэн.

-Блокчейноор том тоглогч байх боломжтой, тодорхой ажлууд хийгээд эхэлсэн гээд байгаа шүү дээ?

-Том тоглогч байж болно л доо. Гэхдээ ингэхийн тулд өмнө нь нэгдэж орсон бүх гэрээ, конвенцоосоо гарах ёстой. Энэ асуудлыг ярих хэрэгтэй. Швейцарь бол угаасаа оффшор. Хүний мөнгийг нууж амьдарч яваа улс. Гэрээ, конвенцод нэгдээгүй учраас тэр л дээ. Муугаар хэлэхэд сүүлийн тавин жилд “Манай улсад мөнгөө угаа, манайд татвараа нуу” гэсэн бодлого хэрэгжүүллээ. Үр дүнд нь эдийн засаг нь хөгжсөн. Одоо дараагийн тавин жилийн хөгжлөө блокчейн, биткойн гэж харж байж болно. Тэгэхээр Швейцарьт бол боломж нь байгаа. Харин бидэнд боломж нь байхгүй. Швейцарьт болж байгаа юм чинь бид чадна гэж яриад ч бүтэхгүй. Дахиад хэлэхэд блокчейн мундаг технологи гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.

-Хөрөнгийн зах зээл дээр амжилттай тоглож байгаа компаниуд гэвэл хичнээнээр тоологдох вэ?

-Цөөхөн байгаа. Манай компаниуд хувьцаагаа олон нийтэд гаргасан хэрнээ хувьцаатай дагалдаж явдаг хоёр гурван зүйлд ач холбогдол өгдөггүй. Хариуцлагатай, ил тод байж, хөрөнгө оруулагчдадаа ашиг өгөөжтэй ажиллах ёстой. Энэ гурван зарчмыг компаниуд алдагдуулсан. Маш харамсалтай дүр зургаар явж ирсэн. Бүх компани дэргэдээ трейдинг гэсэн охин компани байгуулаад тэр компаниараа дамжуулаад хамаг ашиг орлогоо хуваагаад авчихдаг.

Тэгэхээр хувьцаа эзэмшигчдэд нь ашиг ирдэггүй. Харамсалтай нь энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Шинэ гарч байгаа компаниуд яг ийм замаар явбал нэр хүндгүй болно. Миний хувьд “Lend.mn”, “Айтүүлс”, “Монгол базальт”-д маш их найдлага тавьж байна. Энэ компаниуд хуучин компаниудын захирлуудтай адил сэтгэхүйтэй ажиллавал хөгжихгүй. Манай хувьцаат компанийн захирлууд ингэж явлаа гээд хөгжөөгүй. Хувьцаат компани гэсэн нэртэй хэр нь банкнаас өндөр хүүтэй зээл аваад явж байна.

Монгол базальт-ын дараа IPO хийж мөнгө босгох сонирхолтой компани хөрөнгийн зах зээл дээр гарч ирэх болов уу?

-Дараагийн нэг хоёр жил гурваас дөрвөн IPO л гарах болов уу. Харин цаашдаа жил бүр 10-15 IPO гарах дүр зураг харагдаж байна. Ирээдүйд IPO олноороо гарна гээд байгаа шалтгаан нь хөрөнгийн зах зээлийн гэхээс илүү өнөөгийн компанийн захирлуудтай холбоотой. Зах зээл эхлэхэд компани байгуулсан хүмүүс өнөөдөр тэтгэврийн нас руугаа ойртож байна. Өөрсдөө удирдаж хүчрэхээ байсан, үр хүүхэд нь өөр бизнест сонирхолтой гэх мэт байгалийн шаардлага гараад эхэлчихсэн. Тэр хүмүүсийн тухайд компанийнхаа хаалгыг нээж, мэддэг чаддаг сайн хүнийг гэрээний дагуу гүйцэтгэх захирлаар томилж, СЗХ гэх мэт газраар компаниа хянуулчихаад өөрөө аялах сонирхолтой болж байна. Би долоо хоногийн өмнө том хүлээн авалтад орлоо. Тэр үеэр хэд хэдэн компанийн захирал яг иймэрхүү өнгөтэй үг хэлж байна.

“Одоо ах нь дангаараа бизнесээ аваад явах боломжгүй болчихлоо, хүүхдүүд маань өөр юм сонирхоод байна, ерөөсөө компаниа нээлттэй хувьцаат компани болгоод мэддэг чаддаг хүнд нь дэлхийн хэмжээний цалинг нь өгөөд удирдуулъя. Хувьцааныхаа ногдол ашгийг аваад явъя” гэж байна л даа. Цаашдаа ТОП-100-д багтдаг бүх компани IPO хийдэг болно.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Хураасан зөөснөө аваад “буцаж” болдог “ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хураасан зөөснөө аваад “буцаж” болдог“ хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын “Чуулганаар ШХАБ-д элсэх асуудлыг хаалттай хэлэлцлээ” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

“Үндэсний их баяр наадмыг хоёр тэрбум 981 сая төгрөгөөр зохион байгуулна” гэсэн байна. Энэ тухай та бүхэн тавдугаар нүүрээс уншаарай.

Эрүүл мэнд нүүрт “Баянгол дүүрэг хүүхдийн хоёр дахь эмнэлгээ нээлээ” хэмээн өгүүлжээ.

Сонины 12 дугаар нүүрт “Чинагийн Галсан: М.Ю.Лермонтов шиг найрагч болно гэдэг байлаа” хэмээн “Ардын цолтон” буланд ярьжээ.

Баримт үйл явдлын долоодугаар нүүрт “Сэтгүүлч, редакцийг цагдаа, хууль хүчний байгууллагаас тогтмол дуудаж байцаахыг олон улсад зөрчил гэж үздэг” хэмээн бичжээ.

Дэлхийн мэдээнээс та бүхэн “С.Лавров өнөөдөр Умард Солонгост айлчилна” гэсэн нийтлэлийг унших нь.

“Б.Пүрэвдорж: Дэлхийн, олон нийтийн хамтын ажиллагаанд оролцох боломжоо бататгах нь чухал” хэмээн ярьсныг нэгдүгээр нүүрт бичсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараа суншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 32-34 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол Алтайн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 30-35 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдын хуримын ёслол боллоо

Image may contain: one or more people, shoes, car and outdoor

Төв аймаг дахь цагдаагийн газрын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус цагдаагийн газраас алба хаагчдын нийгмийн асуудалд чиглэсэн олон үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хуримын ёслолын үйл ажиллагааг хүндэтгэлтэйгээр зохион байгуулжээ.

Хуримын ёслолд Төв аймаг дахь цагдаагийн газрын 36 алба хаагч, тэдгээрийн гэр бүл оролцсон байна. Хуримын ёслолын үйл ажиллагааг Гэрлэх ёслолын ордон, Төв аймаг дахь цагдаагийн газар хамтран зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ илгээсэн юм.

Image may contain: one or more people, wedding and outdoor

Image may contain: 12 people, people smiling, wedding

Image may contain: 1 person, wedding and shoes


Categories
мэдээ нийгэм

Аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох анхан шатны сургалтыг зохиолоо

Онцгой байдлын ерөнхий газраас Аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох анхан шатны “УС-18.1” сургалтыг Улаанбаатар хотноо Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д 2018 оны тавдугаар сарын 1-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Орон нутгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн аврах анги 105-ын нийт 25 алба хаагч 240 цагийн сургалтад хамрагдан, гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, дадлага эзэмшлээ. Сургалтын төгсгөлд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Усчин-аврагч, шумбагчдын мэргэжлийн үнэлгээний ажлын хэсэг”-ийн шалгалтыг өгч тэнцсэн алба хаагчид өнөөдөр “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”-ээ гардан авлаа.

Аврагч-усчин, шумбагчдын усанд сэлэлтийн сургалтыг Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагч, ОУХМ Н.Даваадорж удирдан явуулсан юм. Тэрээр, аврагчдад мэргэжлийн үнэмлэх гардуулах үеэрээ, гурван алба хаагч мэргэжлийн тамирчинтай эн зэрэгцэхүйц амжилтыг үзүүлсэн нь сургалтын үр дүн, аврагчдын мэргэжлийн ур чадвар сайн байгааг харуулсан явдал боллоо гэж дүгнэсэн юм.

Цаашид Онцгой байдлын байгууллагын сургалтын бодлого, төлөвлөлтийн хувьд мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг “анхан”, “дунд”, “дээд”, “гүнзгий” шатаар бэлтгэх, мэргэшүүлэх, зэрэглэл олгох давтан сургалтыг дотооддоо зохион байгуулах бөгөөд “Олон улсын хэмжээний одтой сургалт”-ыг гадны улс орнуудаас мэргэжлийн сургагч багшийг урьж авчран зохион байгуулахаар ажиллаж байна.