Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр автомашингүй өдөр тохиож байна

Related imageЭл өдөр 07:00-17:00 цаг хүртэл төв хэсгийн буюу 12 гудамжны авто замыг хаагаад байгаа юм. Мөн нийтийн тээврийн 39 чиглэлийн 350 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орууллаа.

Марафон гүйлтийн үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж,Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпийн гудамж
Самбуугийн гудамжны автозамыг хаагаад байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ЧИГЛЭЛД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаас, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаас, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаас, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаас, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолуудаар сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагаад байна. Тиймээс Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллебус явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар худалч уу, ОУВС худлаа ярив уу гэдгийг цаг хугацаа харуулна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх жилийн төсөвт сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрх баригчид буруу тооцоолдог. Тэдэнд нэг заль бий л дээ. Тэр нь орлогоо багаар, зарлагаа өндөр тооцдог. Инэгэхээр төсвийн орлого давж биелэсэн гэж харагддаг. Давж биелүүлсэн гэдэг нэрээр дураараа тоглолт хийдэг. Энэ бол байж болохгүй асуудал. Монгол Улсын төсвийн тухай хууль гэдэг онцгой хууль. Улс орон тухайн жилдээ юу өмсөх, юу идэх, хэрхэн галаа түлх үү гэдгээ шийдэх гол асуудал. Гэтэл эрх баригчид үүнд хөнгөн хандаж, ард иргэдийн эрх ашгийг хөндөн, тодорхой бүлэг нөхдүүдийн тансаглалд тааруулах зорилгоор төсвийг захиран зарцуулах гэж байгаа үйлдэл бол маш буруу.

-Хүүхдийн мөнгийг 100, эсвэл 80 хувь олгох асуудлаар гишүүд өөр өөр байрь суурьтай байна. Танай нам хүүхдийн мөнгийг зуун хувь олгох ёстой гэж яриад байдаг. Гэтэл Сангийн сайд үүнийг 100 хувь олгох юм бол ОУВС хөтөлбөрөө татна гэж анхааруулсан гээд байгаа. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ардын нам олонхоороо эрх барьснаас хойш хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд эрх баригчдын зүгээс гарт баригдах ямар ч ажил хийсэнгүй. Эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнгүй. Ардын намын 2016 оны амлалтаас өнөөдөр бодит үр дүнтэй ажил нэг ч алга. Эрх баригчид болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ Олон улсын валютын сан гэх байгууллага руу чихдэг ажлаа л сайн хийж байна. Хүүхдийн мөнгийг зуун хувь олгож болохгүй гэж ОУВС-гийнхан хэлсэн гэж Засгийн газар яриад байгаа. Хэрэв зуун хувь олговол ОУВС хөтөлбөрөө татна гэсэн зүйлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байсан. Манай намын бүлгийн гишүүд хэдхэн хоногийн өмнө ОУВС-тай уулзаж, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, боломж бололцооны тухай ярилцсан. Энэ үеэр үнэхээр та нөхдүүд манай улсын Засгийн газартай дээрх асуудлаар ярьж тохиролцсон юм уу гэж асуусан. Гэтэд ОУВС-гийнхан үйл ажиллагаа, дотоод асууд-лаа танай Засгийн газар хэрхэн зохицуулах нь бидэнд хамаагүй. Бид танай дотоод асуудалд оролцож, ямар нэгэн тоо, хувийн талаар яриагүй ээ гэж хэлсэн. Үүнээс харахад манай Сангийн сайд худалч юм байна, эсвэл ОУВС гэж худлаа ярьдаг байгууллага юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Аль нь худлаа яриад байгааг цаг хугацаа харуулна биз дээ. Хүүхдийн мөнгийг зуун хувь олгох олон боломж, бололцоо энэ Засгийн газарт бий. Тухайлбал, энэ төрийн данхайсан бүтцээ цомхотгоод, үрлэгэн зардлаа танаад ч юм уу, эсвэл дэд сайд нарынхаа тоог цөөлөх аргаар хүүхдийн мөнгийг олгох хөрөнгийг бий болгож болно. Зөвхөн хүүхдийн мөнгө биш. Гадаа талбай дээр жагсаж байгаа эмч, багш нарынхаа цалин хөлсийг нэмэх, 380 мянган ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал байна шүү дээ. Энэ олон ажлуудыг яагаад шийдвэрлэж, хийхгүй байгаа юм бэ. Сонгуульд ялж гарч ирснээс хойш хоёр жил өнгөрлөө, эрх баригчид аа. Нөгөө сайхан амлалт хаана байна. Ийм байдлаар цаашид явж болохгүй юм. Мөнхийн суудал гэж байхгүй. Удахгүй эрх баригчдаас ард түмэн амлалт, ажлын тайланг нь нэхнэ. Тэр үед мөн адил хариуцлагын асуудал яригдах болно. Тийм учраас аливаа улс төрийн хүчин хариуцлагатай л байх ёстой.

-Хүүхдийн мөнгийг 15-20 хувь нь огт авдаггүй гэсэн судалгааг Засгийн газраас гаргаад байгаа. Тийм болохоор мөнгө авъя гэсэнд нь олгох ёстой гэсэн санал ч хүртэл гарлаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Хүсэлт гаргасанд нь олгох гаргалгааг энэ Засгийн газар гаргачихсан юм биш л дээ. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжээд явж л байсан. Өмнөх Засгийн газрын үед нийт хүүхдийн 5-10 хувь нь авдаггүй л байсан. Гол нь хүүхдийн мөнгө бол халамж биш юм аа. Хүүхдийн мөнгийг зориулалтаар нь төгс ашиглахын тулд тухайн үед Сангийн сайд байсан Улаан, бид хоёр санаачилгаар хуулинд нэг заалт нэмж байсан. Тэр нь хүүхдийн мөнгөний үлдэгдэл буюу аваагүй хэсгээс үлдсэн хөрөнгийг төсөвт буцааж төвлөрүүлэхгүйгээр хүүхэд хөгжлийн зориулалтаар ашиглана гэдэг заалтыг оруулсан юм. Энэхүү бодлогын буянд хүүхдийн олон зуслангуудыг хөрөнгө оруулж, заслаа, тохижууллаа. Өнөөдөр төрөөс хүүхэд хөгжлийн талаар авч хэрэгжүүлж, хөрөнгө хаяж байгаа ямар ажил байгаа юм. Нэг ч ажил байхгүй байна. Тийм учраас өнөөдөр хүүхдийн мөнгийн үлдэгдэл буюу аваагүй хэсгийн хөрөнгийг төсөвт буцааж татах биш, хүүхэд хөгжлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг байх ёстой.

-Таны хувьд өмнө Хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан. Тухайн үед та дэд сайдтай байсан шиг санагдана. Энэ хэл ам дагуулаад байдаг дэд сайдын эрх, үүргийг та хэрхэн хардаг вэ?

-Намайг сайд байх үед манайх Засгийн газар эвслийн Засгийн газар байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед манайх олонх болоогүй, олуулаа л байсан. Тэгэхээр хуулиараа хамгийн олон суудал авсан нам нь бусад намуудтайгаа зөвшилцөж, Засгийн газраа хамтарч байгуулдаг. Тэгэхээр эвслийн Засгийн газар байгуулагдвал дэд сайд, Шадар сайдын албан тушаал байх ёстой гэж боддог. Учир нь эвслийн Засгийн газарт эрх баригч нам, сөрөг хүчин, гурав дахь хүчнээс хүмүүс томилогддог. Эдгээр хүмүүсийн ажлыг хянаж, хамтран ажиллахын тулд дээрх албан тушаал байх ёсой юм.

Харин дангаараа төрийн эрх мэдлийг авсан буюу УИХ-ын 65 суудалтай намд дэд сайд, Шадар сайдын ямар ч хэрэг байхгүй. Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлээд ажиллаад явах ёстой. Яамдуудад дэд сайдын шаардлага байхгүй юм. Мөн сайд нарын зөвлөх гэж тоогоо алдлаа. Орон тооны зөвлөх ч гэнэ. Орон тооны бус зөвлөх ч гэж байна. Наанаа орон тооны бус, цалин авдаггүй гэж байгаа боловч цаанаа утасны төлбөрөө хийлгэж, элдэв янзын зүйлдээ төрөөр даалгаад л явж байгаа. “Зуун ямаанд жаран ухна” гэдэг шиг олон дэд сайд нарын хэрэг байхгүй шүү дээ. Энэ нь улам л төрийн бүтцийг данхайлгаж, төсвийн зарлагыг ихэсгэж, эдийн засгийн үр ашиггүй байдлыг бий болгож байгаа юм.

-Засгийн газрын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлбэл…

-Ипотекийн зээл зогсоод хоёр жил болж байна. Гэхдээ ар, өврийн хаалгаар хэдэн айл энэхүү зээлд хамрагдаж л байгаа байх. Яг жирийн иргэн ипотекийн зээл авъя гэхээр нөхцөл нь маш хүнд байгаа. Хоёрдугаарт, түрүүчийн дөрвөн жилд эхлээд дуусгаагүй байсан зам, барилга байгууламжийг одоогийн Засгийн газар ашиглалтад оруулж байна. Энэ бол Засгийн газрын хийсэн ажил биш. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлээд эхэлчихсэн ажил. Гэтэл эдгээр ажлуудыг эрх баригчид өөрсдөө эхэлж хэрэгжүүлээд хийж дуусгасан мэтээр олон нийтэд гайхуулж байна. Ийм арчаагүй байж болохгүй. Ер нь энэ Засгийн газрын хийсэн ажил, явуулсан бодлогын бодит тоо баримт, судалгааг бид хийж байгаа. Удахгүй гаргах болно.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Би дарамтлуулаад байх хүн биш

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Та Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Гэсэн ч таны оронд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо. Ажлын хэсгийн ахлагчаас болих ямар шалтгаан танд гарсан юм бэ. Ажлын хэсгийн дүгнэлтийг маш олон хүн хүлээж байгаа л даа…

-Эдийн засгийн байнгын хорооны шугамаар эдийн засгийн олон улсын хэд хэдэн форумд 10 гаруй хоног яваад ирлээ. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, манай орны эдийн засгийн нөхцөл сайжирч байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт хийх боломж нээгдсэн шүү, бид хариуцлагатай байна, дунд хугацаандаа эдийн засгаа тэлээд аваад явна гэдгийг тайлбарлаж, ярьж, хэлэлцэж байгаад ирсэн. Монгол Улс урт хугацааны бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авч байгаа, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг эс тооцвол бараг манай улсад орж байгаа хөрөнгө оруулалт алга. ОУВС-гийн хөтөлбөрийн шугамаар орж ирж байгаа хөрөнгө оруулалтууд Монголбанкин дээр валютын ханшийг барих, эдийн засгийг тогтворжуулах үүднээс орж ирж байна. Тэр утгаараа хөрөнгө оруулалт манай улсад зайлшгүй шаардлагатай. Цаашид Оюу толгойг шалгах ажлын хэсэг ажилладгаараа ажиллана. Ажлын хэсгийн дүгнэлт Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар ороод явна.

-Таныг дарамт, шахалтаас болоод ажлын хэсгийн ахлагчаас татгалзсан гэдэг зүйл яригдаад байна. Хаанаа ямар дарамт, шахалт ирээд байгаа юм бэ?

-Намайг дарамталсан зүйл байхгүй. Одоо болон өмнө ч гэсэн зарим хүмүүс шиг би шийдвэр гаргах түвшинд ажиллаагүй. Би сайд хийж, Оюу толгойн гэрээ хийхэд нь оролцож байсан биш. Эдийн засгийн байнгын хорооны дарга л хийж байгаа болохоос өмнө нь ямар нэгэн дарга, сайд хийж байсангүй. Жирийн гишүүн, бизнес эрхэлж байснаас төрд ажиллаж байгаагүй болохоор хүмүүсийн барьцаанд орж янз бүрийн асуудалд хутгалдаж байгаагүй. Тиймээс намайг дарамталж чадахгүй. Намайг дарамтлаад байх шалтгаан ч байхгүй. Би дарамтлуулаад байх хүн биш.

-Таныг гишүүн болохоосоо өмнө Оюу толгой компанитай бизнесийн харилцаатай байсан гээд байгаа. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүсч байна гээд ажлын хэсгийг болиулсан юм биш үү?

-Тийм зүйл байхгүй. Оюу толгойг шалгах ажлын хэсгийг өдөр бүр удирдлагаар хангах зайлшгүй шаардлагатай. Шалгалтууд явагдаж байгаа учраас нүсэр их ажилтай байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилна. Би уг айлчлалд явах бодолтой байгаа юм. Ойрын хэд хоногт нэлээд хэдэн газар томилолттой байгаа тул ажлын хэсгийн ажил цалгардах гээд байна л даа. Тиймээс ажлын шаардлагаар би ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлөгдсөн.

-Та олон улсын эдийн засгийн форумд оролцоод ирсэн гэсэн. Гадныхан Монголыг ямар нүдээр харж байна вэ. Монголд хөрөнгө оруулах итгэл байна уу?

-Монгол Улсад итгэх итгэл амаргүй байна. Монголд хөрөнгө оруулсан компаниудын үйл ажиллагааг ажиглаж байна лээ. Хоёрдугаарт, Монгол Улсын төрийн тогтвортой байдлыг харж байх шиг байсан. Түүнчлэн төр нь бодлогоор бизнесийг хэр дэмжих вэ гэдгийг анхааралтай харж байгаа юм билээ. Одоохондоо манайд хөрөнгө оруулахад амаргүй байгаа ч уул уурхайд хөрөнгө оруулъя гэсэн хүмүүс байна. Бид томоохон компаниудын төлөөлөлтэй уулзсан. Манайх ярьж, тохирсон зүйлсээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид сайхан зүйл ярьж, итгэл төрүүлчихээд яваад өгч болохгүй. Тиймээс яам толгойлж байгаа сайд нараасаа эхлээд амласан зүйлсээ хэрэгжүүлэх цаг болсон. Олон улсын хөрөнгийн бирж дээр том төслүүдээр хөрөнгө босгоход тусалъя, тэр чиглэлд “Goldman Sachs” банк, “Deutsche Bank”-аас эхлээд олон газрууд ярьж байна. Хонгконгийн хөрөнгийн бирж дээр монголчууд хөрөнгө босгох боломж нээлттэй.

-МАН олонх болсны дараа Засгийн газраа байгуулж, Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөө нь ердөө том төслүүдээ хөдөлгөх гол үүрэгтэй байсан л даа. Гэсэн ч хоёр жилийн хугацаа өнгөрчихөөд байхад том төслүүд хөдлөх нь бүү хэл, сураг ч алга. Том төслүүдээ хөдөлгөх болоогүй юм уу?

-Засгийн газрын гишүүд маш сайн ажиллах хэрэгтэй. Томоохон төслүүдээ хөдөлгөх нь зүйтэй. Тухайлбал, Таван толгойг Хятад, Япон, Орост тэдэн хувийг нь өгнө гэдэг юмуу, тэднийг хулхидсан гэдэг яриагаа орхи. Улс төрийн шийдвэр гаргахад үнэхээр хүнд байгаа. Таван толгойг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад үйлчилгээ, туслалцаа үзүүлэх банкуудтай Д.Сумъяабазар сайдыг ярьсан байх гэж бодож байна. Үүнийг яаравчлах цаг болсон. Том ордуудыг олон улсын зах зээлд гаргаж зөвхөн 10 хувийг нь авахад гаднаас хөрөнгө оруулагч хайх, хэн нэгнийг нь оруулж ирнэ, нөгөөхийг нь оруулахгүй тухай ярих шаардлагагүй болно. Тэгснээр бид өөрсдөө мөнгөө босгож, тэр мөнгөөрөө эдийн засаг болон дэд бүтэц, уул уурхайг хөгжүүлэх, нийгмийн асуудлаа шийдэх боломжтой юм. Тиймээс энэ чиглэлд яаралтай ажиллах ёстой. 1072 хувьцааг амилуулж, дотоодын зах зээлдээ хүртэл бага багаар гаргаж эхлэх цаг хугацаа болсон. Томоохон төслүүдийг хөдөлгөх бэлтгэл ажлууд хангагдаж байх шиг байна. Наана нь ярилцах, тохиролцох, хөрөнгө олох гээд амаргүй ажлууд үлдсэн. Засгийн газрыг шахаж байгаа. Засгийн газар зовлон, бэрхшээл тоочоод байхаасаа илүү төслүүдээ хурдан явуулъя гэдэг үүднээс асуудалд хандах учиртай.

-Төмөр зам, ТЭЦ 5, Гацуурт гээд төслүүд хөдлөх нь үү. Энэ түгжээг бид яаж мултлах ёстой юм бэ?

-ТЭЦ 5 гэдэг ч юм уу, ТЭЦ 3, 4-ийн өргөтгөлөөс эхлээд хийх ёстой. 65 суудалтай намын бүлэг дээрээ ярьж байгаад улс төрийн шийдвэрээ гаргаад цаашаа явах нь зүйтэй л дээ. 65-ын бүлэг гэдэг чинь бараг Их хурал гэсэн үг. Засгийн газар бүлэг дээр ярьж, ийм гарц шийдэл байна уу, ингэвэл болох уу гэдэг гаргалгаагаа танилцуулах нь зөв. Том төслүүдээ яаралтай хөдөлгөхгүй бол сонгуулийн хугацааны тал нь өнгөрөх гэж байна. Ядаж энэ зуны бүтээн байгуулалтын цаг хугацааг ашиглах ёстой юм.

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувь, Ерөнхийлөгч 100 хувь олгох боломжтой гээд хоёр асуудлаа нэгтгэн Их хурлаар хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох боломжтой гэж үзэж байна вэ?

-Засгийн газар 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно гэж байгаа ч Ерөнхийлөгчийн хэлснээр 100 хувьд нь олгох шийдвэр гарсан ч хүүхдийн мөнгө авахгүйгээр амьдрал ахуйгаа аваад явчихдаг хэсэг байдаг. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт нь өгөх ёстой байх. Хүүхдийн мөнгө гэдэг чинь Монгол Улсын хүн амыг өсгөх, төрөлтийг нэмэгдүүлэхэд эх, хүүхдэд урамшуулал болон очих, хүнд амьдралтай зорилтот бүлгийнхэнд амьдрах эх үүсвэр нь болдог. Тэр утгаараа заавал 100 хувь хүүхдийн мөнгийг олгоно гэхээсээ илүү зорилтот бүлэгт олгох нь зүйтэй гэж боддог. Хүүхдийн мөнгөө авъя гэсэн санал гаргаж байгаа хүмүүст хүүхдийн мөнгийг олгох нь зөв л дөө.

Бид ОУВС-гийн өмнө үүрэг хүлээж 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно гэж байснаа хэлэлцээрт орж 80 хувь болгосон. Саяхан хэлэлцээрт орж 80 хувь болгочихоод маргааш нь 100 хувь болгоно гээд гүйгээд байвал санхүүжилт өгч байгаа донор улс, банкууд үүнийг нь ойлгохгүй. Энэ нь эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байгаа үед буруу алхам болно.

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад жил гаруйн хугацааг өнгөрүүлж байна. Ямар ч байсан эдийн засаг сэргэж байна гээд ярьдаг. Гадныхан Монгол Улсыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэдэг утгаар нь хандаж байна уу, өмнөх найдваргүй, хуулиа байн байн өөрчилдөг гэсэн сөрөг талаас нь харж байна уу?

-Гадныхан мэдээж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэдэг утгаар нь Монгол Улсад хандаж байгаа. Энэ хүрээнд эдийн засгаа сахилга баттай болгож байна гэдгээр нь харж байгаа. ОУВС-гийн хөтөлбөр 2019 онд дуусна. Өнөөдөр энэ бүхнийг ярих арай эрт байна. Хүн бүрийн ам уралдан яриад байгаа эдийн засгийн өсөлтийг 3-4 жилийн хугацаанд тогтвортой авч явж чадвал бид хожно. Толгой тархи нь сайн байхад хөл гарыг нь эмчлээд явах боломж бүрдэнэ. Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмээд явна. Жил гаруйн өмнө Монгол Улс дампуурлаа зарлах гэж байна гэж ярьж байсан хүмүүс өнөөдөр бүх зүйл сайн сайхан болсон мэт ярьж болохгүй л дээ. Эдийн засаг сайжирч байгаа нь үнэн хэдий ч энэ боломжоо хадгалж байж өөр зүйлсд анхаарал хандуулах цаг ирнэ. 2019 оны төсөвт энэ оныг бодоход хөрөнгө оруулалт харьцангуй том байна гэж ойлгох хэрэгтэй. Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэх, хүндрэлтэй байгаа хөрөнгө оруулалтуудыг шийдээд явах боломж бүрдэнэ.

-Ардчилсан намын бүлгийн зүгээс арай өөр зүйл яриад байгаа. Эдийн засгийн бодит өсөлт иргэдийн амьдралд хүрэхгүй байна гэсэн. Төсвийн алдагдал улам нэмэгдэж байна гээд…

-Монголын эдийн засгийг сэргээх чиглэлийн арга хэмжээнүүдийг бид авч байна. Зээлийн хүү буурч, зээл авах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Импорт, экспортын бараа материалын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг сайжирч байна гэж ярьж байна л даа. Иргэд болон бизнесийнхний ахуй орчин сайжирч байвал хэн нь сайд дарга, аль нам засаглах нь огт хамаагүй. Иргэд, аж ахуйн нэгж, банк санхүүгийн салбарт эерэгээр тусах асуудлуудыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Иргэд, бизнесийнхэнд улстөржих огт сонин биш. Тэдний орлого нэмэгдэх нь л чухал. Ажлын байр нэмэгдэж, ажилгүй хүмүүсийн тоо буурч байна. Олон үзүүлэлт хагас жилийн хугацаанд эерэг гарлаа. Монголын эдийн засаг жижигхэн тул замбараатай болчихвол сэвхийтэл босоод ирнэ. 2018 онд эдийн засгийн өсөлт дор хаяж найман хувьтай байх юм байна гэж бодож байгаа. Нааштай гарсан эдийн засгийн жаахан өсөлтөө тамын тогоондоо татаад унагаж болохгүй. Эдийн засгаар улс төр хийж болохгүй шүү гэдгийг дахин хэлье.


Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцаанаас нэг иргэн 30 гаруй мянган төгрөгийн ашиг хүртэх боломжтой

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцаанаас иргэд ашиг нэхэж болох тухай өмнө нь мэдэгдсэн. Харин саяхан хувьцааны ногдол ашиг хэд байх боломжийн талаар судалгаа хийжээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Б.Өлзийбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед Эрдэнэс Таван толгойн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа “биежлээ”, “амиллаа” гэсэн мэдээ гарч байна. Танай байгууллага мэргэжлийн байгууллагын хувьд энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна?

-УИХ-ын тогтоолоор 2011 онд иргэн бүрт Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцаа үнэгүй олгох шийдвэр гарсан. Гэтэл өнөөг хүртэл энэ шийдвэр хэрэгжсэнгүй найман жилийн нүүр үзэж байна.

-Яагаад хэрэгжсэнгүй гэж?

-Хувьцаа гэдэг чинь наад зах нь ашиг хүртдэг. Дээр нь арилжих, өвлүүлэх эрхтэй байдаг байхгүй юу. Гэтэл өнөөдөр танд тийм эрх байна уу, байхгүй байгаа биз дээ.

-Найман жилийн хугацаанд нэр дээрээ 1072 хувьцаатай хүн нас барсан бол өв залгамжлагч нь авч болохгүй юу?

-Одоогийн мөрдөж байгаа дүрэм журмаар болохгүй.

-Тэр хувьцааг хэн авах вэ?

-Төрд очно. Найман жил болж байхад энэ компани хөрөнгийн бирж дээр гарсангүй, иргэддээ тарааж өгсөн хувьцаа нь арилжаанд орсонгүй.

-Иргэд энэ хувьцаанаас ашиг хүртэх боломжтой юу?

-Маш их боломж бий. Дэлхийд эхний тавд орох энэ ордоос хангалттай цөөхөн монголчууд хангалттай ашиг хүртэх боломжтой.

-Би өөрийгөө хувьцаатай хүн гэж тооцох уу?

-Уг нь бол хувьцаатай. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаасны эзэмшлийг бүртгэдэг цорын ганц байгууллага нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага бий. Энд иргэдийн эзэмшиж байгаа бүх хувьцаа бүртгэлтэй. Гэтэл нөгөө хувьцаа гаргасан компани нь бүртгэлгүй болохоор хувьцаа өгөөжөө өгөхгүй байгаа юм. Хувьцаанаас өгөөж авах олон арга бий. Эхний ээлжинд үнэ хямдарсан үед аваад өссөн үед зарж ашиг олж болно.

-Монгол хувьцааны ийм жишээ байна уу?

-Байна. 2016 оны дундуур нүүрсний үнэ өсч эхэлсэн. Орон нутгийн жижиг Таван толгойн уурхай гэж байдаг. 51 хувь нь төрийн өмч.

-Том Таван толгойтой харьцуулахад ямар орд вэ?

-Хаана ч хүрэхгүй Таван толгойн бүлэг ордын бараг нэг хувь дээр нь ажиллагаа явуулж байгаа.

-Энэ компани юугаар давуу талтай вэ?

-Өнгөрсөн жилийн өдийд жижиг Таван толгойн нэг хувьцаа 4800 орчим төгрөг байсан. Өнөөдөр нүүрсний үнэ өсөөд компанийн үнэлгээ өсөөд ирэхээр нэг хувьцаа нь арван мянган төгрөг давчихлаа. Хувьцаат компани гэдэг чинь ийм байдаг байхгүй юу. Энэ компанийн давуу тал нь биржээр нээлттэй хувьцаагаа зарж байгаа учраас хувьцаа эзэмшигчид ашиг хүртээд байгаа юм. Энд хувьцааны үнийн зөрүүгээс ашиг хүртэж байна. Мөн компани ашигтай ажилласан тохиолдолд хувьцаанаасаа ашиг хүртэнэ.

-Жижиг Таван толгой ашиг тараасан уу?

-Саяхан хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээд өнгөрсөн онд 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдгээ зарласан. Цэвэр ашгийнхаа 90 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр гаргасан. Нэг ширхэг хувьцаандаа 2410 төгрөг тараана. Та арван мянган төгрөгөөр авсан ч 24 хувийн ашиг авлаа. Аль ч банк танд ийм хүү амлахгүй биз дээ. Нийгэм эх орныхоо байгалийн баялагаас ийм замаар ашиг хүртдэг.

-Эрдэнэс Таван толгойгоос яаж бид ингэж ашиг хүртэх вэ?

-Хөрөнгийн биржээр л хувьцаа гаргахад болчихно.

-Яагаад Эрдэнэс Таван толгой хувьцаагаа бирж дээр гаргахгүй байна?

-Улс төрөөс дэндүү их хамааралтай байна. Ашгийг нийгэмд биш өөр хэн нэгэнд хүртээх гээд байх шиг байна. Нүүрсний үнэ өсч байгаа энэ үед ард иргэдээ бодоод хувьцаагаа гаргах хэрэгтэй. Үнийн өсөлт байнга биш.

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа энэ компанийнхан 460 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж мэдээлсэн. Харин бидний мянган хувьцаанд гурван мянган төгрөг өгөх боломжтой гэсэн.

-Би тэр тоог сайн ойлгохгүй байгаа юм. Компанийн удирдлага ямар хэмжээний ногдол ашиг хуваарилахыг шийднэ. Арай ч мянган хувьцааны ашиг гурван мянган төгрөг биш л дээ. Ашгаа зуун хувь тараана гэвэл 15 тэрбум ширхэг хувьцааны нэг хувьцаанд 30 гаруй төгрөг ногдоно. Нэг иргэнд 30 гаруй мянган төгрөг ногдоно.

-Ерөнхийлөгч 100 хувь хувьчил гэсэн санал гаргаж байсан.

-Би мэргэжлийн хүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Эрдэнэс таван толгойг 100 хувь хувьчлах тухай яриагүй гэж ойлгосон. Төрөөс, тэр тусмаа улстөрчдөөс л салгах хэмжээний хувьчлалын тухай ярьсан байх гэж бодож байгаа.

-Эрдэнэс Таван толгойн хувьцааг бирж дээр гаргавал ямар ашиг гарах бол?

-Ард байгалийн баялагтаа жинхэнэ эзэн сууж, ашиг хүртэх боломж бүрдэнэ. Хөрөнгийн бирж жинхэнэ утгаараа хөгжинө. Нийт иргэд аль нэгэн компанийн хувьцаанаас ашиг хүртэж чадах л бол бусад компанийн хувьцаа руу хошуурна. Энэ эдийн засагт асар их мөнгө орох урсгалыг нээнэ. Дээр нь уул уурхайн баялагийн үр шимийг хүртсэн ард иргэд бусад ордоос хүртэхийг эрмэлзэнэ. Энэ утгаараа улстөрчид ашиг тараах мэргэжлийн байгууллага, иргэдийг л уул уурхайг удирдуулах санал өгнө.

-Энийг яаж хийх вэ?

-Энэ маш амархан. Эрдэнэс Таван толгой, Эрдэнэтийг мэргэжлийн багаар удирдуулна гэсэн улс төрийн хүчин, улстөрчдийг сонгоно. Сонгогчид хувьцааны ашиг хүртэх боломжтой бол сонгуулийн үеэр өгдөг нэг удаагийн 1020 мянган төгрөгт хууртахгүй.

-Зарим иргэд хувьцаагаа төрд зарсан. Зарим нь сургуулийн төлбөрт өгсөн. Та мэргэжлийн хүний хувьд хувьцаагаа зарах сонирхолтой иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүний амьдрал янз бүр. Зарах сонирхолтой иргэд байгаа л байх. Гэхдээ болж өгвөл зарах хэрэггүй гэж зөвлөнө.

-Яагаад өнөө маргаашдаа ашгаа өгөхгүй ч та дэлхийн маш том ордыг эзэмшиж байгаа компанийн 1000 хувьцааг үнэгүй эзэмшиж байгаа шүү дээ.

-Нас барчихвал яах вэ, буцаагаад төр авчихна шүү дээ.

-Өнөөдөр ч та зарах эрхгүй. Төр ядахнаа өвлүүлэх асуудлыг яаралтай шийдчих хэрэгтэй байгаа юм.

-Амьгүй ч гэсэн хувьцаагаа биржид өөрийн нэр дээр бүргүүлэхэд яах ёстой вэ?

-Одоо биржид өөрийн нэр дээр байршуулах боломжтой. Эхний ээлжинд Монголын хөрөнгийн бирж дээр иргэний үнэмлэхтэйгээ очоод, таван мянган төгрөгөөр нээлгэнэ. Брокерын компаниа сонгоно. Данс нээлгэх нь хувьцаагаа данс руугаа татах асуудал юм. Та дансаа нээлгэмэгц 1072 ширхэг хувьцаа чинь шууд дансанд чинь орно.

-Брокеруудын мэдээлэл, сонголтыг яаж хийх вэ?

-52 брокерын компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний тухай мэдээллийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас авч болно. Брокероо сонгохдоо үйл ажиллагаа явуулсан хугацаа зэргийг харах хэрэгтэй. Хадгаламж нээх банкаа сонгохтой адилхан асуудал. Гэхдээ өнөөдөр манай иргэдийн брокер, хувьцааны талаарх мэдлэг 1990ээд оноос хавьгүй илүү болсон тул сонголт хийх чадвартай гэж бодож байна.

-Зарим иргэдийн хувьцаанаас ганц нэг хувьцаа дутсан тухай мэдээлэл байна.

-Зарим нэг төлбөрийн орон хувьцаа татсан тохиолдол бий. Жишээлбэл, оюутны сургалтын төлбөрт 500 хувьцаа суутгасан, 2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд 300 мянган төгрөгөөр 300 гаруй хувьцаагаа төрд зарсан тохиолдлууд бий. Зарим тэтгэврийн насныхан хувьцаагаа нэг сая төгрөгөөр төрд зарсан. Бас есөн ширхэг хувьцааг эрүүл мэндийн даатгалд авсан мэдээлэл байдаг. Энэ тухай өөрийн амьдардаг газрын Эрүүл мэндийн даатгалын газраас лавлах хэрэгтэй.

-Төрд буцааж зарсан хувьцаа хаана байна?

-Төр мөнгөөр худалдаж авсан тохиолдолд Эрдэнэс Таван толгойн төрийн мэдлийн хувьцаа нэмэгдсэн гэсэн үг.

-Төр ба иргэдэд яг хэдэн хувь нь байна гэдгийг мэдэж болох уу?

-Болно. Гэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс сүүлийн статистикийг авах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Дайчинхүү: Зөвшөөрөлтэй барилгыг хүчээр буулгах гэсэн албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна

Бурхантай хөшөөний хашаан дотор баригдсан барилгыг цагдаагийн хамгаалалт доор буулгаж байгаатай холбогдуулан барилгын эзэн, иргэн Б.Дайчинхүү өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр мэдэгдэл хийсэн. Энэ үеэр тэрээр эрх мэдэлтнүүдийн авлига авах арга нарийссан, төрийн алба шат шатандаа асар хүнд сурталтай байдаг талаар мэдээлсэн. Энэ талаар болоод Тусгай хамгаалалттай газар нутагт эрх мэдэлтнүүд хэрхэн газар эзэмших зөвшөөрөл олгодог асуудлаар түүнтэй ярилцлаа.


-Танай барилгыг зөвшөөрөлгүй гэж үзэн хүчээр буулгах үйл ажиллагаа хийгдлээ. Та төр хувийн өмчийг хүчээр дээрэмдэж байна гэж мэдэгсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Манай компани 2016 онд БОАЖЯ-ны харьяа Үндэсний аялал жуучлалын төвтэй гэрээ байгуулсан. Гэрээнд энэхүү газрыг таван жилийн хугацаатайгаар жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний төв барина гэж заасан. Мөн жил болгон газрын төлбөрөө төлж явна. Харин Үндэсний аялал жуулчлалын төвөөс манай барилгыг цэвэр бохирын шугаманд холбох зөвшөөрлийг гаргаж өгөх нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг маягаар энэхүү гэрээ байгуулагдсан. Ингээд гэрээнийхээ дагуу үндэсний хэв загварыг шингээсэн хоёр давхар байшин барьсан. Энэхүү барилгыг эхэлж барьж байхад Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас юу ч хэлээгүй. Байгаль орчны яам, хянаж, шалгадаг мэргэжлийн байгууллагуудаас хүмүүс ирдэг л байсан. Ирж, шалгаж байгаа хүмүүст зөвшөөрлөө үзүүлж, барилгын үйл ажиллагаа хэвийн л явж байлаа. Барилга баригдаад жил гаруй үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хугацаанд цахилгаан, дулаан, цэвэр, бохирын зөвшөөрөл гаргаад өгөөч гэсэн хүсэлтээ бид холбогдох газарт нь хүргүүлж байсан.

Гэвч бидний хүсэлтийг хүлээж авах, энэхүү ажлыг хийдэг нэг ч хүн байгаагүй. Алхам тутамд мөнгө харсан, хүнд суртал нь дээд цэгтээ хүрсэн хүмүүс л төрийн албанд байдаг. Ингээд бидний эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа олигтой ашиг, орлого олж чадаагүй. Хэн цахилгаан, дулаангүй газар орж ирж үйлчлүүлэх билээ дээ. Ингээд би хэдэн найз нартайгаа хамтарч энэхүү газарт томоохон барилга барья гэж шийдсэн. Улмаар өмнө барьсан барилгаа дахиж буулгаад одоо байгаа таван давхар байшинг барьсан юм. Тэр үед нөгөө холбогдох газрууд мөн л юу ч дуугараагүй. Ингээд зүгээр явж байсан манай барилгын ажил нэг эрх мэдэлтний зөвшөөрлөөр олгогдох газрыг худалдаж аваагүйгээс болж зогсчихлоо. Би өмчөө дээрэмдүүлсэн. Учир нь ямар нэгэн барилгыг буулгаад буулгасан эд зүйл буюу барилгын материалуудыг нь тухайн компани, эзэнд нь хүлээлгэн өгдөг. Гэтэл шууд л ачаад аваад явсан. Үүнийг дээрэм гэхгүй өөр юу гэх юм. Өөрөөр хэлбэл жирийн бизнесийнхэнд төр яаж хүч хэрэглэж хувийн өмч рүү халдаж байгаагийн бодит жишээ энэ л дээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлтэй үйл ажиллагааг хүчээр зогсоосон гэсэн үг.

-Барилга буулгах гэж хоёр зуу гаруй цагдаа хүчнийхэн очдог нь ямар учиртай юм бол?

-Богд хан уулын хамгаалалтын захиргааныхантай бид үл ойлголцолд хүрсэн. Зарим нэг эрх мэдэлтнүүдэд авлига өгөөгүйгээс болж төрөөс ингэж дарамт ирж байна даа гэдгээ тухайн үед мэдэж л байсан. Гэхдээ төрийн цагдааг ингэж хувийн ашиг сонирхолдоо ашиглана гэж төсөөлж байгаагүй. Тус хамгаалалтын захиргааныхан жаран хүнтэй манай барилга баригдаж буй газар хүчээр дайрч орж ирсэн. Бидэнд үзүүлэх нэг ч бичиггүй хэр нь дайрч байгаа юм. Байгаль орчны сайдын тушаалаар буулгаж байгаа л гэж хэлсэн. Тэр тушаалд 28 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсооно гэж байна лээ. Би харсан. Гэхдээ миний нэр тэнд байгаагүй. Нэр байхгүй тушаал хэлж ингэж хувийн өмч рүү халдаж болохгүй шүү дээ. Ингээд манай компани ч гэсэн харуул хамгаалалтын албатай. Тухайн үед манай хамгаалалтын албаны гурван хүн байсан. Барилга нураах гэж орж ирсэн жаран хүний өөдөөс энэ хүмүүс юу хийж чадах билээ. Эхлээд нэг ийм үйл явдал болсон юм. Үүний дараа буюу энэ сарын 1-нд Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болсон. Тэр хуралдаанд зарим гишүүд Туул гол бохирдож байна, тэр орчимд байгаа барилгуудыг буулгая, төрийн цагдаа хүчгүйдээд байна. Хуулиндаа өөрчлөлт оруулаад хүч хэрэглэдэг болъё, эсвэл Зайсан толгойг төрийн тусгай хамгаалалтаас гаръя гэх мэт асуудлыг хэлэлцсэн. Тэгэхэд Байнгын хорооны дарга нь хуульд өөрчлөлт оруулахгүйгээр тэр барилгуудыг шууд буулга гэсэн зүйлийг ярьсан. Ингээд маргааш нь 200 гаруй цагдаагийн алба хаагчид, барилга буулгалтын компанитай нийлээд хүчээр барилгыг буулгаж эхэлсэн. Ингэж хүч хэрэглэх болсон шалтгаан нь БОАЖЯ-ныхан Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр буруу тайлбар өгсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл Б.Дайчинхүү гэх хүн зөвшөөрөлгүй байшин барьдаг, төрийн цагдаа хүчгүй харагдаад байна гэсэн зүйлийг хэлсэн. Ингээд төрийг хүчтэй харагдуулахын тулд хүчээр барилгыг нь нураа гэдэг зүйлийг Байнгын хорооны дарга нь хэлсэн. Асуудал үүнээс л болсон. Үнэхээр зөвшөөрөлгүй гэж үзэж байгаа юм бол анхнаас нь манай барилгыг яах гэж бариулсан юм. Таван давхар барилга нэг өдрийн дотор л баригдчихгүй. Хагас жилийн хугацаа өнгөрнө. Энэ хугацаанд холбогдох байгууллагууд нь бидний зөвшөөрлийг үзээд л явдаг байсан. Хүчээр ингэж буулгахдаа биднээс ядаж зөвшөөрөлтэй юу гэдгийг асуух хэрэгтэй шүү дээ. Хэдэн гишүүний хэлсэн үгээр төр хүчгүй байна, хүчтэй харагдуулах хэрэгтэй гээд асуудлыг ингэж хүчээр шийдэж болохгүй.

-Та хэвлэлээр мэдэгдэл хийхдээ гурван тэрбум гаруй төгрөгөөр газар худалдан аваагүй болохоор ингэж шахаж байгаа гэж хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Энэхүү барилгын ажил явагдаж байх үед нэг хүн гарч ирсэн юм. Тэр хүн нэр бүхий УИХ-ын гишүүний дүү. Тэрээр надад Тусгай хамгаалалттай газарт тэрбум гаруй төгрөгөөр газар худалдаж авах уу гэсэн санал тавьсан. Мөнгө төгрөг цуглуулж байгаад би худалдан авч болох байх гэдэг зүйлийг хэлсэн. Энэ хугацаанд нөгөө газар хоёр тэрбум боллоо. Мөн дахиад л банк бусаас мөнгө төгрөг зээлж байгаад авах гээд уулзлаа. Тэгсэн ханш нь өсөж гурван тэрбум гаруй төгрөгөөр ав гэж хэлсэн. Яагаад үнээ өсгөөд байгаа юм бэ гэж асуулаа. Тэгсэн “эхний хэлсэн үнэ зүгээр газрын үнэ. Чи хоосон газар аваад дээр нь юу ч хийж чадахгүй шүү дээ. Харин гурван тэрбум гаруй төгрөгөөр авах юм бол бид бүх зөвшөөрлийг нь болоод төрийн байгууллагуудаас ямар ч дарамт ирэхгүй болгоод өгч чадна. Чи тэр газар дуртай зүйлээ хийж болно” гэсэн. Надад тэр гурван тэрбум нь байгаагүй учир татгалзсан хариу өгсөн. Ингэж хэлсний маргааш нь Богдхан уулын хамгаалалтын захиргааныхан хүрч ирээд шууд л барилгын ажлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн эрх мэдэлтний гарын үсэг зураад олгочих газрыг нь би гурван тэрбум гаруй төгрөгөөр худалдаж аваагүйгээсээ болж зөвшөөрлийнхөө дагуу баригдаж байсан барилгын ажлыг ингэж зогсоож байгаа юм. Хэрэв тэр газрыг нь би гурван тэрбум төгрөгөөр авсан бол өдийд ямар ч хэл ам гарахгүй байсан байх. Төрийн алба шат шатандаа ийм л болж. Ёстой өндөр түвшний авлига гэдэг нь энэ л байх.

-Хан-Уул дүүргийн засаг дарга хууль бус захирамж гаргасан гэж ярьсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Хан-Уул дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалтай газар өгөх, газрын зөвшөөрөл цуцлах ямар ч эрх байхгүй. Ер нь газар дээр ямар нэгэн барилга байшин баригдчихлаа. Тэр нь хууль бус байна уу, хууль ёсных байна уу хамаагүй. Тэрхүү байшинг буулгаж болно. Буулгахдаа Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтэд үндэслээд шүүх эцэслэн шийдвэр гаргах хуультай.

-Танд зарах гээд байсан гурван тэрбумын газар хэдэн метр квадрат, ямар аж ахуйн нэгж дээр байгаа, тухайн газрын ард хэн байгааг хэлэхгүй юу. Шаардлагатай бол үүнийг хэлнэ гэж байсан…

-Үүнийг зарлахад арай эрт байна. Мэдээж хэрэг шаардлагатай тохиолдолд хэлнэ. Ер нь нэр бүхий нэг УИХ-ын гишүүн байгаа. Энэ гишүүн бусад улс төрчтэй бүлэг болчихсон том хүн. Тийм болохоор одоохондоо нэрийг нь хэлэхээс татгалзъя. Яагаад гэхээр магадгүй миний амь насыг хохироох хэмжээний үйлдэл хийвэл яах юм. Ер нь дарга нар нэг муу нэр зүүгээд улстөрийн карер нь дуусдаг. Би энэ хүнийг хэлэх юм бол насан туршдаа гурван тэрбумын шахаа хийдэг хүн гэдэг нэртэй л үлдэнэ.

Цаашид бид энэхүү шударга бус үйлдэлтэй хатуу тэмцэх болно. Богдхан уулын тусгай хамгаалалтын захиргааны удирдлагыг АТГ-аар шалгуулах хүсэлтэй өгнө. Мөн зөвшөөрөлтэй барилгыг хүчээр буулгах гэсэн албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна.

Э.ТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Д.Нямсүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгалтын Солонгостой хамтарсан семинар ирэх зургадугаар сард болно

УКТЭ-ийн Урологийн зөвлөх эмч, Монгол Улсын гавьяат эмч, төрийн соёрхолт, доктор, профессор Д.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Монголд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг анхлан хэрэгжүүлэгчдийн нэг бөгөөд Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүний сонгуульт ажилтай юм. Д.Нямсүрэн эмчтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Монголд эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажиллагаа хэдийнээс эхэлсэн бэ?

-Аливаа юм өөрийн гэсэн эхлэл, өнгө төрхтэй байдаг. Нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс 1990-ээд оны эхнээс бөөр шилжүүлэн суулгах ажлыг салбар яамны оролцоотойгоор идэвхтэй хөөцөлдөж, Японд хүмүүсээ сургасан. Гэвч тухайн үед бааз суурь байгаагүй учраас олигтой явж чадаагүй. Монголд эрхтэн шилжүүлэн суулгах цогц төслийг АУ-ны хүрээлэн дээр эхлүүлж, анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгасан. 2002 онд Эд нийцэл молекул биологийн лаборатори байгуулагдаж, 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг УКТЭ дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн. Энд 10 гаруй эмч, мөн төдий тооны сувилагч нар оролцсон баг ажилладаг. Энэ багаа би 10 гаруй жил удирдсан. Дараа нь 2011 оноос элэг шилжүүлэн суулгах мэс ажлыг хийдэг болсон.

Энд мөн дээрхтэй адил тооны эмч сувилагчаас бүрдсэн баг ажилладаг. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгахад эмнэлгээрээ л хөдөлж эхэлдэг ийм ажил. Нөр их хөдөлмөр учраас оролцохгүй хүн гэж бараг л байхгүй. Цэвэрлэгээ ариутгал гээд үйлчлэгч цэвэрлэгчээсээ эхлээд бүхий л хүн оролцоно. Эмч нарын тухайд бол 30 гаруй хүн энэ ажиллагааг биечлэн гүйцэтгэсээр ирсэн.

-Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо гэж байгууллага байдаг юм байна. Энэ холбооны талаар товч танилцуулахгүй юу?

-Манай хамт олны дундаас Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоог байгуулъя гэсэн санал санаачилга гарсан. Ингээд сайн дураараа эвлэлдэн нэгдэж энэ төрийн бус байгууллагаа байгуулсан. Манай холбоо олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах холбоонд элсэхэд бэлэн болоод байна.

-Холбооныхоо гол зорилго чиглэлийн талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхтэн шилжүүлэн суулгалтын тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллага, хувь хүмүүс, мэргэжилтнүүдийг нэгтгэж, хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, илэрхийлэх, мэргэжил арга зүйгээр хангах, гадаадын болон олон улсын ижил төст байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа явуулах, олон нийтэд мэдээлэл түгээх, энэ талын зөв зүйтэй мэдлэг олгох, Донорын тухайхуулиа сурталчлах, эрхтэн шилжүүлэн суулгах ажлын үр дүнг иргэддээ мэдээлэх зорилготой байгууллага юм.

-Холбоо байгуулагдаад аль хэр удаж байна?

-Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо байгуулагдаад 4 жилийнхээ нүүрийг үзэж байна.

-Одоо эрхтэн шилжүүлэн суулгах хэдэн төрлийн мэс ажилбарыг хийж байна вэ. Лав бөөр болон элэг шилжүүлэн суулгаж байгаа юм байна?

-Манай улсад дөрвөн төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хөгжиж байна. Үүнд элэг, бөөрнөөс гадна ясны чөмөг буюу үүдэл эс, мөн зүрх шилжүүлэн суулгах баг ажиллаж байна. Зүрх шилжүүлэн суулгах ажил одоо туршилтын шатан дээрээ буюу амьтан дээр хийгдэж байна. Удахгүй жинхэнэ утгаараа хийгдэж эхэлнэ.

-Холбооны гишүүд дан эмч мэргэжилтнүүдээс бүрдэж байна уу?

-Үгүй. Манай холбоо гишүүнчлэлийн хувьд нээлттэй холбоо. Хэн ч элсэж болно. Учир нь энэ бол нийгмийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдсэн холбоо юм. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан тэр хүмүүсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө гэсэн сэтгэл зүрхийг агуулж байдгаараа онцлогтой. Гэхдээ манай холбооноос гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс маань мөн өөрсдөө эвлэлдэн нэгдэж, жаргал зовлонгоо яриад нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гээд явж байдаг бидэнтэй хамтран ажилладаг холбоо бий.

Манай холбоо одоогоор 70 шахам гишүүнтэй. 10 гаруй тэргүүлэгчтэй. Эд нар маань цалин урамшуулалгүй,сэтгэлээрээ л энэ ажилд оролцдог. Нийгмийн төлөө л юм. Нэг арга хэмжээ зохиох гэхээр санхүү зардал байдаггүй. Тэгээд баялаг бүтээгчдээсээ хандив гуйдаг даа. Удахгүй болох эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын IIIтоглолтыг зохион байгуулах санхүүжилтийг мөн л ийм замаар босгохоор зорьж байна.

-Холбоо байгуулагдаад дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа гэлээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа товч дурдах уу?

-Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын I, II хурлыг Монголдоо хийгээд байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард болсон хуралд гадаадын 10 гаруй орны 20 гаруй эрдэмтэд болонДэлхийн болон Азийн холбооны ерөнхийлөгчид мөн Япон, Солонгос, Австралийн эрхтэн шилжүүлэх холбооны Ерөнхийлөгч нар оролцлоо. Тэд Монголд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа тун боломжийн хэмжээнд амжилттай явагдаж байгаа юм байна гэсэн үнэлэлт өгсөн. Энэ жил бид Солонгос, Монголын эмч нарын хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг зургадугаар сард зохион байгуулна. Үүнээс гадна холбооныхоо үйл ажиллагааны хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгуулагсан иргэдийн спортын III тоглолтыг зохион байгуулах гэж байна. Ер нь ийм эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын холбоо гэж 50 гаруй орныг нэгтгэсэн дэлхийн холбоо байдаг.

-Энэ ямар учир зорилготой холбоо юм бол…

-Энэ холбоонд манай эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо мөн нэгдэж тоглолт зохион байгуулдаг. Спортын тоглолтын зорилго нь нэгдүгээрт эрхтэн шилжүүлэн суулгуулаад ингэж эрүүл саруул болдог юм байна шүү, хуучин ажил хэвшилдээ эргээд орсон, спорт биеийн тамираар өрсөлдөөд явж байна шүү гэдгээ нийгэмдээ харуулах, хоёрдугаарт, эрүүл болсон хүний хувьд сэтгэл санааны сайхан эерэг хандлагыг төрүүлэх, тухайн орны эмч нар ийм хэмжээний чадварыг эзэмшсэн байна гэдгийг таниулах гэхчлэн олон талын ач холбогдолтой. Мөн үүгээрээ дамжуулан Донорын тухай хуулийг сурталчлах нэг боломж нь энэ тоглолт юм.

-Манай эмч нарын эрхтэн шилжүүлэн суулгах ур чадварыг дэлхий нийттэй жишиж харвал ямаршуухан хэмжээнд байдаг юм бол?

-Сая хүнд ногдох хэмжээгээрээ гэсэн үзүүлэлтээр аваад үзэх юм бол манайх өнөөдөр Хятадын өмнө орчихсон байгаа. Тэгэхээр тодорхой тооны хүнд ногдож буй шилжүүлэн суулгалтаараа гэсэн үг. Бөөр шилжүүлэн суулгадаг 100 орчим орон дэлхий дээр байна. Монгол Улс нэг сая хүнд ногддог бөөр шилжүүлэн суулгалтаараа 75 дугаар байранд орж байна. (2014.BОЗ)Гэхдээ нийт дүнгээрээ бол Хятад хавьгүй олон байж таарна шүү дээ.

-Одоогоор жилд хичнээн хүнд эрхтэн шилжүүлэн суулгаж байна вэ?

-Нэг жилд дунджаар 20 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. Энэ хоёрдугаар улиралд элэг шилжүүлэн суулгалтыг 50-д хүргэхээр зорьж байна. 2018 онд 20 гаруй элэг, 20 гаруй бөөр шилжүүлэн суулгах төсөвтэй.

-Нийт төд гэсэн статистик тоо байна уу?

-Байлгүй яахав. Өнөөдөр бөөр шилжүүлэн суулгасан 275 хүн байна. Үүний 154-ийг монгол эмч нар шилжүүлэн суулгасан. Элэг шилжүүлэн суулгасан 48 хүн байгаагийн тал хувийг нь Солонгос эмч нартай хамтарч хийсэн. Бусдыг нь манай эмч нар дагнан хийсэн. Дээрх эмчилгээ Монголын хөрсөн дээр суучихлаа. Хүнд хэцүү ажиллагааг манай эмч нар тун амжилттай хийж байгаа. Ясны чөмөг шилжүүлэн суулгах ажиллагааг одоо Солонгос эмч нартай хамтарч хийж байна.

Яваандаа манайхан дангаараа хийдэг болно. Зүрх шилжүүлэн суулгах багийн тухай дээр дурдсан. Удахгүй нойр булчирхай шилжүүлэн суулгах талаар ярьж төлөвлөж байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгахад донорын асуудал нэлээн бэрхшээлтэй байдаг тухай сонсож байсан…

-Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны нэг чухал ажил бол Донорын тухай хуулийг сурталчлах явдал юм. Энэ хуулиар 25-65 насны хүмүүс донор байж болно. Гэхдээ хамгийн чухал нь эрүүл байх ёстой. Амьд донорын тухайд цусан төрөл нь байх шалгуур байдаг.

-Тархины үхэлтэй донор гэж яригддаг. Манайд энэ хэр боломжтой вэ?

-Боломжтой. Ер нь анхнаасаа боломжтой байсан. Ар гэр, ойр дотныхон нь зөвшөөрөх юм бол донор эрхтэн авч нэг тархины үхэлтэй донор 6-8 хүний амийг аврах боломжтой байдаг. Өнгөрсөн хугацаанд 6 тархи ажиллагаагүй болсон донороос 12 хүнийг бөөртэй, нэг хүнийг элэгтэй болгож амийг нь авраад байна.

-Донор байхгүйгээс хүлээгдэж байгаа өвчтөн хэр олон байдаг вэ?

-Бөөр, элэгний хувьд тийм хүмүүс бий. Монголчууд их ах дүүсэг, элгэмсэг ард түмэн шүү дээ. Энэ утгаараа ах дүү, амраг садандаа тусалчих юм сан, донор болчих юм сан гэсэн хүсэл сэтгэл их байдаг. Хэдий тийм ч асуудлын гол нь юунд байна вэ гэхээр донор маань өөрөө маш эрүүл байх ёстой. Гэтэл энэ шалгуурыг хангаж чадахгүйгээс хязгаарлагдаж, хүлээгдэх тал байдаг. Хэрвээ цогцосны донорыг ашиглаад явна гэвэл байдал өөр болно. Гэтэл цогцосны донорын тухайд иргэдийн дунд буруу зөрүү ойлголт яваад байх шиг байна. Ар гэрийнхэн нь ихэнхдээ татгалзах гээд байдаг. Уг нь Бурхны шашны лам нартай энэ талаар ярилцахад “Бурхан болж байгаа хүний хувьд үлдэж байгаа хүнд амьдрал бэлэглэж, эд эрхтнээ өгөх нь дээдийн дээд буян, дээдийн дээд өглөг” юм билээ. Үүнийг сайн мэдэхгүйгээс л шийдвэр гаргахдаа жаахан хойргодуу байдаг юм шиг байна лээ.

-Таны ярианаас сонсоход эрхтэн шилжүүлэн суулгах явц эргэлт буцалтгүй болж, цаашид хөгжих боломжтой болчихжээ гэж ойлгож байна.

-Тэгж ойлгож болно. Бүх бааз, бүх боломжийг нь бүрдүүлээд өгчихсөн. Бөөр, элэг, ясны чөмөг суулгах ажиллагаа хөрсөн дээрээ суучихсан. Төр засгаас ч гэсэн энэ талын боломжийг нь хангаад өгчихсөн.

-Техник тоног төхөөрөмж болон боловсон хүчний хувьд хэр бэхжиж байна вэ?

-Техник тоног төхөөрөмжийн тухайд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол мэдээж учир дутагдал бий. Гэхдээ байгаагаа зөв ашиглаад тухай бүрд нь сайжруулж шинэчлээд явах боломжтой. Үндэсний боловсон хүчний хувьд боломжтой болсон. Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан маань гурван цагийн төлөөллөөс бүрдсэн чадварлаг хүмүүс байгаа. Ялангуяа манай залуу эмч нар хэл устай, дэлхийн хэмжээний мэдээллийг байнга авдаг, бие даасан хэлхээ харилцаа сайтай гээд давуу байдал их болжээ. Энэ багийнхан маань үргэлж суралцаж, дадлагажиж байна. Цаашид залгамж чанараа хадгалаад явах болно. Өмнөд Солонгос улс эрхтэн шилжүүлэн суулгах, ялангуяа элэг, үүдэл эсийн суулгалтаараа дэлхийд тэргүүлдэг. Манай эмч нар Солонгосын эмнэлгүүдэд байнга сургалтанд явдаг. Ах дүүгийн харилцаатай болчихсон.

-Эрхтэн шилжүүлэн суулгах үнэ өртөг нь ямар байдаг юм бол?

-Өндөр өртөгтэй мэс ажилбаруудын зардлын дийлэнх хувийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг тогтолцоо 2017 оноос хэрэгжээд эхэлчихсэн.Тэр дундаа элэг, бөөр, үүдэл эс шилжүүлэн суулгах ажиллагааны зардлын 70-80 хувийг даатгалаас санхүүжүүлж байгаа болохоор иргэн дээр очих ачаалал тун багассан. Элэг шилжүүлэн суулгах бодит зардал 110 сая төгрөг. Үүний дийлэнхийг даатгалаас төлнө. Гадаадад очиж хийлгэвэл юун 110 сая, нөхцөлгүй их үнэтэй шүү дээ. Бөөр шилжүүлэн суулгахад 30 сая орчим болж байгаа. Иргэн үүний 5-6 саяыг л гаргаж байгаа байх.

-Эмчилгээ хийлгэхээр гадагшаа урсаж байгаа валютын урсгал багасч л байгаа юм байна. Сайхан мэдээ байна.

-Төр засгаас иргэддээ хандсан ийм ээлтэй шийдвэр гаргасан нь хүн амынхаа эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй гадагшаа гарах валютын урсгалыг багасгасан алхам болсон. Одоо иргэд Монголдоо эмчилгээ хийлгэхийг илүүд үздэг болсон. Яагаад гэвэл Монголдоо эмч нар нь хямд үнээр сайн хийгээд байгаа учраас. Гэхдээ ганц нэг хүн гадагшаа явж л байгаа байх. Хүний өөрийн сонголт шүү дээ.

-Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн сахих ёстой гам, тогтмол ууж хэрэглэх эм тан гэж байна уу?

-Байлгүй яахав. Сахих ёстой бүх гамыг нь зааж зөвлөөд өгчихдөг. Түүнээс гадна шилжүүлэн суулгуулсан эрхтнээ өөриймшүүлэхийн тулд дархлаа дарангуйлдаг эмийг байнга уух шаардлагатай байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн байнга ууж хэрэглэх ёстой програф, циклоспорин гээд эм бий. Хамгийн үнэтэй нь. Энэ эмийн үнийг Монголын төрөөс дааж байгаа. Гэхдээ үүнээс гадна цаана нь бас хоёр эмийг өөрсдөө авч уудаг. Үүнд багадаа сар бүр 200-300 мянган төгрөг зарцуулах болдог.Эмээ тогтмол уугаад дэг журмаа сайн баримтлаад явах юм бол суулгуулсан эрхтэн тухайн хүндээ өөриймсөөд тэр хүнийг олон жил амьдруулах боломжтой.

-Өмнөд Солонгос, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд эмчилгээний аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлсэн байдаг. Монголд яваандаа ийм боломж нээгдэх юм биш биз?

-Тийм боломж бий. Бээжинд эрхтэн шилжүүлэн суулгаж байна. Түүнээс нааш явсаар Улаанбаатарт байна. Хойшоо Новосибирскт бөөр шилжүүлэн суулгаж байна. Цаашаа Москва. Эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа Москва, Бээжин гэсэн энэ хоёр төвийн дунд оршиж байгаа гэдэг утгаараа Улаанбаатар нэг талаас газар зүйн давуу тал болж байгаа юм. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах талаараа Монгол дэлхийн улс орнуудын дотроо дундаас дээгүүрт бичигдэж байгаа, үнэ өртөг нь боломжийн гэдгээрээ бусдын анхаарлыг татна. Ганц нэг жишээ хэлэхэд, Өвөрмонголын нэг охинд ээж нь бөөрөө өгсөн. Бид шилжүүлэн суулгаад явуулсан. Улан-Үдээс бас хааяа санал ирдэг. Монголын эдийн засаг тэлээд ирэхээр ийм боломж бодит болох байх.


Categories
мэдээ нийгэм

“Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт боллоо

“Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг тавдугаар сарын 17-ны өдөр зохиолоо.

Сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу хийжээ. “Эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн байна. Жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил өрнүүлэх” зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, “Эрчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага хамтран хийжээ. Тус сургалтад Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 51 эрэгтэй алба хаагч хамрагдлаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүрэг, даалгавар өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдан хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хурлыг Ерөнхий сайд нээж үг хэллээ. Тэрээр Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авч байгааг хэлэв. Гэвч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгааг тэмдэглэлээ. Энэ нь нэг талаар яамд, байгууллага хоорондын ажлын уялдаа, олон нийтийн ойлголт, хандлага, эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал, хяналт, үүрэг, хариуцлага сул байгаатай холбоотой гэж Ерөнхий сайд үзэж байна.

Иймээс хууль, тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааныг хуралдуулжээ.

Статистик тоо баримтаас үзвэл өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүүхдийн үйлдсэн 950 орчим гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд хохирч, 127 хүүхэд амь насаа алдсан байна.
Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байжээ. Зам тээврийн осолд 1083 хүүхэд гэмтэж, 55 хүүхэд нас барсан. Хурдан морины 394 уралдааны үеэр 629 хүүхэд мориноос унаж 159 хүүхэд бэртэж, гэмтсэнээс хоёр нь амь насаа алдаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1019 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс улс, нийслэлийн санхүүжилтээр ажилладаг гурван төв 357 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Олон улсын болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр ажилладаг 33 асрамж, халамжийн төвд 662 хүүхэд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, засаг, төрийн бус байгууллага, олон нийт, эцэг, эхчүүд бүгд хамтран зүтгэхийг уриаллаа. Тэрээр мөн яамд, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Юуны түрүүнд хүүхдийн асрамж, халамжийн төвд өсч хүмүүжиж байгаа хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсгөхөд /хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ/ шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг судлаж шийдвэрлэхээр боллоо.
Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, илрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад нийгмийн ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг бууруулахад анхаарч, шүдний эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх боломж бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл олгох журамд хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг нэмж тусгахаар болов.
Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаа эсэхэд хяналт тавих, ялангуяа сургууль, цэцэрлэгийн хоол, үйлчилгээний чанар, эрүүл ахуйд тогтмол хяналт тавьж байх зэргийг үүрэг болгов.
Мөн хуралдаанаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, асрамж, халамжийн төв, хүүхэд харах үйлчилгээний байр зэрэгт камер суурилуулах, БЗД дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг шинэчлэх, тусгай хэв шинжтэй сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилтанд үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгох, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх тоглоом, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах зөвлөмж, зааврыг нийтэд байнга хүргэх зэрэг ажил хийх юм.
Categories
мэдээ спорт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болж байна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Спортын төв ордны А зааланд болж байна. Энэ удаагийн тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохиолоо. Төв, орон нутгийн 27 байгууллагын 130 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байгаа юм.

Тамирчид эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангилалд эмэгтэйчүүд -57 кг, -63кг , +63 кг-ын жинд өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Пагва нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзав. Гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан гамшигтай тэмцэх чиглэлээр манай хоёр орны хамтын ажиллагааны туршлага өргөжин тэлж буйг цаашид хэрхэн урт хугацаанд тогтвортой үргэлжүүлэх талаар ярилцжээ.

Франц Улсаас манай орны Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний флот байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Төслийн ажлыг бүх талаар дэмжиж өгөхийг Элчин сайд Ерөнхий сайдаас хүслээ. Шадар сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл авч танилцсан.

Онцгой байдлын асуудал хариуцсан болон шадар сайдаар ажиллаж байсан хүний хувьд Онцгой байдлын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх саналыг талархан хүлээн авч байна гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг Францаас Монголд экспортлох тухай аж ахуй нэгж хооронд зургаан жилийн өмнө хийгдсэн гэрээний хэрэгжилтийг хангуулахад Эрүүл мэнд, ХХААХҮЯ-аар дамжуулан анхаарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн Элчин сайд Элизабет Барсак хэллээ.