Categories
мэдээ нийгэм

Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлагатай гэв

Төвлөрлийг сааруулах асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсэг хамтран хэлэлцүүлэг хийлээ. Holiday Inn зочид буудалд болсон “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Нийслэлийн засаг дарга С.Батболд, Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар нар оролцсон юм.

Улаанбаатар хотод эдийн засаг, хүн ам, эрх мэдлийн төвлөрөл их байна

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахлан ажилладаг. Тэрээр “Монгол Улсад төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага бий болчихсон. Улаанбаатар хотод эдийн засаг, хүн ам, эрх мэдлийн төвлөрөл их байна. Үүнээс болоод төвлөрөл задарч саарахгүй, хот ачааллаа даахгүй байдал бий боллоо. Энэ хүрээнд нэлээн олон ажил төлөвлөж байгаа. Захиргааны төвлөрөл буюу эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага урган гарч ирсэн. Энэ хүрээнд “Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийг өөрчлөх, чиг үүргийн дахин хуваарилалт хийх зайлшгүй шаардлага байгаа юм. Мөн орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх төсвийн зарлагын чиг үүргийн дахин хуваарилалтад хуваарилж өгөх гэх мэт хийх ажил их байгаа. Жишээ нь, орон нутагт байгаа төрийн байгууллагуудын удирдлагын босоо тогтолцоог хэвтээ болгоход чиглэгдсэн хуулийн төслийг долоо хоногийн өмнө УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийн талаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчидтай уулзаж мэдээлэл хийлээ. Орон нутгийнхан энэ хуулийг дэмжиж байгаа” гэлээ.

Улаанбаатар хотын түгжрэл ойрын хэдэн жилдээ буурахад хүнд

Нийслэл хот нэг сая 400 мянган хүн амтай. Монгол Улсын их, дээд сургуулиудын 90 гаруй хувь, банкны салбар, хадгаламжуудын маш өндөр хувь Улаанбаатар хотод бий. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Төвлөрлийг сааруулахын тулд олон хоттой болох хэрэгтэй. Хотууд болон дэд төвүүдийн хөгжил нэг шугамд ирж байж төвлөрөл саарна. Өнгөрсөн даваа гаригт нийслэл Улаанбаатар хотын захирагч “Хөгжлийн-алтан гурвалжин” гэх төвийн таван аймагтай нийлээд төвлөрлийг сааруулах хамтран хөгжих санамж бичиг байгуулсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр ганцхан дэд бүтэц гэлтгүй хууль эрх зүйн хүрээнд хамтад нь шийдэх олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа. Төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцээс гадна хүний хөгжил хууль эрх зүй олон хүчин зүйлийн нөлөө байгаа. Тиймээс үүнийг ул суурьтай шийдэхийн тулд бүхий асуудлыг гаргаж ирж шалтгаан нөхцөлүүдийг нь судалж байж асуудалд зөв зүйтэй хандана гэж ойлгож байна. Улаанбаатар хотод эдийн засаг болон нийгмийн том төвлөрөл бий болсон. Тийм учраас Улаанбаатар хотын түгжрэл ойрын хэдэн жилдээ буурахад хүнд. Эдийн засгийн болон нийгмийн цугларсан том бөөгнөрлийг тодорхой бодлогын хүрээнд бүсүүдэд тараах, бусад бүсүүдийг хөгжүүлэх асуудал төвлөрлийг сааруулахад хамгийн чухал” гэв.

Мөн тэрээр “Улаанбаатар хот найман дэд төвтэй байх ёстой. Найман дэд төвийн хоёр нь хотын чанартай. Үүний нэг нь Яармаг. Шинэ Яармаг дэд төвөөр төвлөрлийг сааруулах Улаанбаатар хотын захиргааг шинэ яармаг руу нүүлгэх асуудал бий. Зургаан дэд төв нь Баянхошуу, Сэлбэ, Амгалан, Био, Дамбадаржаа, Дэнжийн мянга юм. Эднийг хотын төв шиг хөгжүүлэх дэд бүтэц, барилгын ажлууд эхлээд явж байгаа. Дагуул хот, Оюутны хотхонуудын асуудал байна. Их дээд сургуулиудыг бусад аймгууд руу гаргах, дагуул хот тосгод дүүргүүдийг гаргах асуудал хөгжлийн том өөрчлөлт болно” гэдгийг онцолсон юм.

Төвлөрлийг сааруулахад төрийн зөв бодлого, чиглэл шаардлагатай байна

Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар “Бид төвлөрлийг сааруулна, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьсан. Зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Гэвч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Иймд төвлөрлийг сааруулах шинэтгэлийг дэс дараатай, харилцан уялдаа холбоотой, цогц байдлаар хэрэгжүүлэхэд төрийн зөв бодлого чиглэл, дэмжлэг шаардлагатай байна” гэж хэллээ.

Мөн тэрээр “Энэхүү асуудлуудыг шийдвэрлэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан. Улмаар энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм” гэдгийг дурдлаа.

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ

ЗГХЭГ-аас УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн гишүүдтэй төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан аж. Улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлээд байгаа гэв. Тодруулбал, хуулийн төсөлд нийгмийн даатгал, нийгмийн халамж, аудит, цаг уур, орчны шинжилгээ, татвар, улсын бүртгэл, статистикийн байгууллагын тогтолцоог хэвтээ тогтолцоонд шилжүүлэхээр тус тус заасан байна. Энэ хуулийн төслүүдийг баталснаар тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага томилдог томилгоог аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд нь томилдог болох аж. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, засаглалын чадавх сайжирч, орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж чанар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Архангай аймгийн бөхчүүд урлагийн тоглолт хийнэ

Архангай аймгийн улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд энэ сарын 25-нд “Арын хангайн түрлэг” нэртэй дуун цэнгүүн зохион байгуулахаар болжээ.

Тоглолтонд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга, Ч.Санжаадамба, арслан Д.Мөнх-Эрдэнэ, Р.Пүрэвдагва, гарьд Д.Рагчаа, харцага Г.Батбаяр, М.Бадарч, улсын начин Л.Шинэбаатар, дүү А.З Л.Отгонбаатар, Д.Алтаншагай, В.Мишигдорж, В.Нэргүйбаатар, Ц.Н А.Мөнхболд, С.З А.Ихбаяр зэрэг алдар цолтой бөхчүүд оролцох бол урилгаар А.Ж Д.Самбуу МУГЖ Г.Равдан, Т.Ариунаа, С.Эрдэнэцэцэг, Г.Ариунбаатар, С.Баттулга, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Тайхар нэгдлийн уран бүтээлчид оролцох ажээ.

Тоглолтоос олсон орлогоор барилдаж байгаа бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтанд дэмжлэг үзүүлэх, Архангай аймгаас төрөн гарсан ширэн зодогны ширээс атгаж байсан ч одоо хүнд хэцүү амьдарч байгаа бөхчүүддээ бодит тусламж үзүүлэх юм байна. Сүүлийн жилүүдэд манай улсад хурдацтай тархаж байгаа Дауны синдром, Аутизмтай хүүхдүүдийн нийгмийн харилцаа, бие бялдарын хөгжил, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц юм. Иймд нэр дэвшигчид Үндсэн хуулийг сахин хамгаалах үйл ажиллагаагаа өндөр ёс суртахуунтай, хараат бусаар, хууль дээдлэх зарчимд нийцүүлж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц улс төр, бизнесийн нөлөөллөөр аливаа асуудалд хандаж, шийдвэр гаргадаг гэх олон нийтийн шүүмжлэл байгааг сануулж, ийм нөхцөл байдлыг өөрчлөх, үйл ажиллагааг бие даасан, хуульд нийцсэн байлгахад анхаарах ёстойг сануулсан.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэрийг, 100 хувийн саналаар нэр дэвшигч Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу УИХ-аас санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар хэлэлцлээ. Уг саналыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг. 1979 онд нийслэлийн 23 дугаар сургууль, 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. Орос, англи хэлтэй. Ажиллаж, хөдөлмөрлөсөн байдлыг нь танилцуулбал, 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажиллажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан гэдгийг УИХ-ын дарга танилцуулгынхаа төгсгөлд хэллээ.

Нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Олон жил төрийн ажил хийсэн туршлагатай, чадварлаг боловсон хүчин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дэвшин ажиллаж байгаад баяртай байна” гээд амжилт хүссэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ш.Солонгыг дэмжлээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.

Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдагбөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

Албадан эмчилгээний өнөөгийн үр дүнг бууруулахгүй байх, албадан эмчилгээнээс зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх, эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болох тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд зарим зүйлийг тодруулсан. Хэлэлцэж буй төсөл Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцитэй нийцэж буй эсэхийг тодруулсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариулт өгөв. Одоо хэрэгжиж буй хуулиар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлүүлдэг бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид төслийг нийцүүлэн албадан хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг хассан байна. Согтуурах, мансуурах донтой этгээдийг гэмт хэрэгтэн, эсвэл хохирогч болохоос нь өмнө албадан эмчлэх, эмчилгээний стандарт болон холбогдох бусад асуудлыг нарийвчлан тодорхой болгосноороо одоо хэрэгжиж буй хуулиас ялгаатай гэв. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, үүнтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тодруулсан гишүүний асуултад хариулахдаа “2017 оны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 282 үйлдэлтэй 117 эрүүгийн хэрэгт 275 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явуулсан. Энэ оны эхний улирлын байдлаар энэ төрлийн 61 гэмт хэрэгт 132 хүнийг холбогдуулан саатуулж байгаа бөгөөд насны хувьд залуужиж байгаа” гэв.

Мансууруулах бодис хэрэглэж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэв. Засгийн газарт энэ чиглэлээр танилцуулга хийж, энэ үндсэн дээр Аюулгүй зөвлөлд танилцуулж, зөвлөмж гаргасан. Цагдаагийн Ерөнхий газарт хар тамхитай тэмцэх бие даасан нэгж байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тодорхой үр дүн гарч байгааг тэрбээр хэллээ. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа идвэхжиж, хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг хэлсэн юм. Хил гаалийн шалган нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлага байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр мөн дурдагдаж байлаа. Ийнхүү гишүүний асуултад хариулт өгсний дараа төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Миний Улаанбаатар” төслийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, Монгол Улсын их сургуультай хамтран “Миний Улаанбаатар” шилдэг төслийн санаа сонгон шалгаруулах уралдаан зохион байгууллаа. Уралдааны материалыг энэ сарын 15-18-ны хооронд хүлээн авсан бөгөөд шилдэг төслүүдийг өнөөдөр шалгаруулсан юм. 8 их дээд сургуулийн 20 гаруй материал ирүүлснээс шилдэг 10 төслийг илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, байр эзлүүлэв. МУИС, ШУС-ийн БУ-ны салбарын Газарзүйн тэнхимийн оюутан Ж.Дашням, Г.Адьяа-Очир, Ч.Болорчулуун нар “Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслөөрөө тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байрт МУИС, ШУС-ийн Эдийн засгийн хөтөлбөр, МУИС, ОУХНУС-ийн оюутан А.Алтанбаяр, Б.Ангирмаа нар “Үзээд алдах уу? Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан нийгмийн суурь хүртээмжийг нэмэгдүүлэх” төслөөр, гуравдугаар байрт МУИС-ийн оюутан Н.Нандинцэцэг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр судалгаа” төслөөр тус тус шалгарав.

Тус тэмцээний зорилго нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр нээлттэй, бүх салбарыг хамарсан шинэ төслийн санаа-шилдэг инноваци санаачлагыг нээн илрүүлэх, дэмжихэд оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулж, 51-ээс доошгүй хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид эзэмшүүлэх болов.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн дулаарал амьтдад хэрхэн нөлөөлж байгааг баримтат киногоор үзүүлнэ

Орос орны зэрлэг ан амьтан, ургамалд дэлхийн дулаарлын учруулж буй нөлөөг үзүүлэх “Онгон зэрлэг диваажин: Орос” нэртэй баримтат киног АНУ-ын “National Geographic” телевиз бүтээжээ.
Уг баримтат бүтээлийг Оросын цөмийн энергийн “Росатом” корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Сочид зохион байгуулагдсан “АТОМЭКСПО” олон улсын хурлын үеэр нээлтийг нь хийв.
Тус киноны зураг авалтыг Орос орны Камчаткын хойг, Арктик зэрэг бүс нутаг, мөн Орос, Монголын хилийг дамнан орших Алтайн нуруунд жил орчмын хугацаанд хийж, энэ нутгийн зэрлэг ан амьтан, ургамлын амьдрах орчинд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн сөргөөр нөлөөлж буйг үзүүлжээ. Тухайлбал, Алтайн нурууны янгир, цоохор ирвэс зэрэг амьтны хоорондын тэмцлийг өндөр чанартай дүрс бичлэгээр баримтжуулан үлдээсэн байна.
Дэлхийн дулаарал нь зөвхөн хойд туйлын цагаан баавгайн асуудал биш бөгөөд бүх зэрлэг ан амьтан, ургамалд аюул учруулж буйг энэ зун дэлхийн үзэгчдэд хүрэх энэхүү баримтат киноноос харж болох юм. Баримтат цувралын дараагийн ангийг Турк улсад хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын модон баримлын фестивальд монгол урлаачид тэргүүллээ

ОХУ-ын Эрхүү мужид жил бүр болдог модон баримлын “Лукоморье на Байкале” уралдаанд Монгол Улсаас оролцсон Д.Цэрэнбат, Б.Базарсад нарын урласан “Нөхөрлөл” сийлбэр тэргүүлжээ. Мөн Д.Лхагвасүрэнгийн “Төрөлх үнэр” баримал хоёрдугаар байрт шалгарсан байна. Харин гуравдугаар байрт оросын Санкт-Петербургийн сийлбэрч Матвей Макушкин, Семён Жохов нарын хамтын бүтээл “Үнсэлт” бүтээл оржээ.

Оросын Эрхүү мужийн засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэн дэмжих зорилгоор найман жилийн турш зохион байгуулж байгаа модон баримлын эл уралдаан, симпозиумын бүтээл 200 гаруй баримал, сийлбэр үлдсэнийг зөөвөрлөн Байгалийн төв замаас 49 км-т шилжүүлэн байрлуулжээ.

“Итгэл, найдвар, хайр” гэсэн сэдвээр зохион байгуулсан энэ жилийн уралдаанд Эквадор, Аргентин, Иран, Герман, Хятад, Бразил, Япон, Турк, Сири, Испани, Чили, Израиль, Өмнөд Солонгос, Бельги, Судан, Польш, Колумб, Иран улсаас ирсэн 32 баг модон баримлын олон улсын уралдаанд оролцсон байна.

Categories
мэдээ спорт

Асашёорюүгийн дүү Хоошёорюү 6 дараалан давлаа

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд 6 дараалан ялсан талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.

Түүний өрсөлдөгч нь жониданы 17 дахь бөх Рикито байлаа. Хоошёорюү “Өрсөлдөгч маань макүшитад барилдаж байсан бөх тул би ингэж барилдана энэ тэр гэсэн тактик боловсруулалгүй, урагш л довтлох бодолтой байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Түүний дараа дохёнд гарсан Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэ харин өнөөдөр унаж, мэргэжлийн сумо дахь анхны ялагдлаа хүлээлээ. Наягийн дараалсан ялалт 12 дээр ийнхүү зогслоо.
Ная ялагдсанаар Хоошёорюү ийнхүү түүнээс энэ башёд даагаа нэхэх аргагүй боллоо. Учир нь С.Бямбасүрэн дараа нь мөн өөрийн нэгэн адил унаагүй байгаа бөхтэй учраа тааран барилдах юм.
Монгол, Японы аваргуудын удмын залуус дунд сургуульд сурч байхдаа болон нэгдүгээр сард шинэ бөхийн чансаа тогтоох барилдаан, Хаврын тэмцээн гээд нийт 3 удаа таарч бүгдэд нь Ная ялж байжээ.
Монгол бөхчүүд
Жюүрёо
Зүүн 3 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-6
З-6 Азүмарюү С.Тодбилэг 5-5
Б-6 Дайшёохо Р.Шижирбаяр 6-4
3-7 Сэйро А.Өнөболд 6-4
З-8 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-4-6
Б-9 Миторюү Б.Төрболд 5-5
Б-11 Таканоива А.Баасандорж 7-3
Макүшита
Б-25 Гочёозан Д.Ууганбаатар 2-3
Б-29 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 3-2
З-31 Кагамио Б.Нанжид 0-0-5
Б-32 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-3
Б-32 Сакигакэ Я.Баттүшиг 1-4
Б-35 Кирибаяма Б.Лхагвасүрэн 5-0
Санданмэ
З-75 Саданохикари Д.Наранцогт 0-0-5
Жонидан
Б-6 Ёошёояма Б.Анхбаяр 2-3
Б-42 Хоошёорюү С.Бямбасүрэн 5-0
Categories
мэдээ нийгэм

Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯам, Соёл, урлагийн газар, МХЕГазар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн зохих албан тушаалтан, мэргэжилтэнүүд ажиллаж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Их Дагина Дондогдулам хатны дурсгал”-ийн өнөөгийн байдалтай танилцаж дүгнэлт гаргасан.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/178 дугаар захирамжийг гаргаж тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд байрлах Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын дэргэд газар эзэмших зөвшөөрөл авсан байсан иргэдийн газар эзэмших гэрчилгээг цуцлаад байна.

Цаашид ажлын хэсэг “Улсын Эх Дагина Дондогдулам хатанд холбогдох дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлохоор ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Багш нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хэлэлцүүлэгт орж ирэхийг шаардан эсэргүүцлээ илэрхийлж байна

Төрийн ордонд багш нар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод салбарын сайд Ш.Цогзолмаа нарыг хэлэлцүүлэгтээ суухыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Өнөөдөр Төрийн ордонд “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх, үндсэн цалин нэмэгдүүлэх арга зам, гарц-шийдэл” хэлэлцүүлэг болсон юм. Энэхүү хэлэлцүүлэгт төрийн албан хаагч, багш нарын төлөөлөл болон 200 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн гол зорилго багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар арга зам байгаа эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж, тодорхой үр дүн шийдвэр гаргах юм. Хэлэлцүүлгийг нээж Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ш.Цогзолмаа үг хэлж, багш нарын асуултад хариулт өгсөн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийн байр суурь болоод хөдөлмөр эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Гэвч оролцогчдын байр суурь, хэлж буй санал Засгийн газрын гишүүдийг хэлэх үггүй болгож, уур амьсгал эрс ширүүссэн. Энэ үеэр салбарын сайдууд хэлэлцүүлгийг орхин гарснаар багш, төрийн албан хаагчдын бухимдлыг өдөөсөн хэрэг болсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайдуудыг хэлэлцүүлэгт эргэн орж ирэхийг шаардаж, 10 минутын турш алга дашин эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хэрэв Засгийн газрын тэргүүн, танхимын сайдууд хэлэлцүүлэгт орж ирэхгүй, уг хэлэлцүүлгээр шийдвэрт хүрэхгүй өндөрлөвөл Төрийн ордонд суулт зарлаж, танхимаас гарахгүй гэдгээ багш нар мэдэгдлээ.