Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн боловсрол-Тогтвортой хяналт” сэдэвт сургалт боллоо

БНСУ-ын Инчон хотноо 2015 оны тавдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Боловсролын дэлхийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Нийт 160 улс орны 1600 гаруй төлөөлөгчид ирэх 15 жилийн дэлхийн боловсролын шинэ алсын харааг тодорхойлох Инчоны тунхаглал “Боловсрол 2030”-ыг баталсан.

Энэхүү чуулга уулзалтаар “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” гэсэн үндсэн зорилтыг дэвшүүлсэн юм.

Энэхүү зорилтын хүрээнд МХЕГ, БСШУСЯ-тай хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-Тогтвортой хяналт” сэдэвт сургалтыг хийлээ.

Семинар сургалтад мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол, соёлын хяналтын 54 улсын \ахлах\ байцаагч, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнүүд болон БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд нийт 85 хүн хамрагдаж байна.

“Боловсрол 2030” хөтөлбөрийн “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” гэсэн үндсэн зорилтын хүрээнд:

  • Боловсролд болон боловсролоор дамжуулан тэгш боломж, оролцоо, тэгш хамран сургалт;
  • Хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжихүйц сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх;
  • Бүх охид, хөвгүүд үнэ төлбөргүй, албан \заавал\ чанартай бага, суурь боловсрол эзэмших боломжоор хангагдах;
  • Бүх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд чанартай баталгаажсан техникийн боловсрол, мэргэжлийн сургалт, дээд боловсролд хамрагдах тэгш боломжоор хангагдах;
  • Ажил, хөдөлмөр эрхлэхэд холбогдох техникийн болон мэргэжлийн ур чадвартай залуус, насанд хүрэгчдийн тоог эрс нэмэгдүүлэх;
  • Боловсрол дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар бүх шат болон мэргэжлийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд, залуусыг хамран суралцуулах;
  • Бүх суралцагчид боловсролоор дамжуулан хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван, хүчирхийллийг үл дэмжих, дэлхийн иргэн байх хандлага, төлөвшил, соёлд суралцсан байх;
  • Насан туршийн суралцахуй \албан бус боловсрол\-г дэмжих;
  • Боловсролын хяналт шинжилгээ, үнэлгээний цогц тогтолцоог хөгжүүлэх гэсэн зорилтууд болон “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-т боловсролын чиглэлээр тусгагдсан зорилтуудын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавих хяналт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг тодорхойлох, энэ чиглэлээр улсын байцаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршиж байгаа юм.

Мөн “Боловсрол 2030” хөтөлбөр, “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-т дэвшүүлсэн алсын хараа, зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангуулахад МХЕГ, БСШУСЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Энэ нийгмийг боддог, сэтгэдэг, бизнес хийдэг, баялаг бүтээдэг, мөнгө олдог хүмүүс л авч явна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Төрийн ордонд хоёр өдөр чуулсан “Эдийн засгийн форум”-д таны хэлсэн үг олны анхаарлыг татсан. Тухайлбал, “Монголчууд ардчилсан хувьсгалд шилжсэний эхний арван жилд эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн. Харин 2000 оноос эргээд харанхуй цаг үе ирж, том ухралтууд хийсэн. 2008 оны үйл явдал дахиад сэргэн мандалт гэмээр дэвшил авчирсан бол өнөөдөр буцаад харанхуй үе эхэлж байна” гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Бүхэл бүтэн 30 жил гэдэг бол бидний өөрсдийн түүх юм. Мэдээж аливаа зүйл өсөлттэй, бууралттай байдаг шүү дээ. Одоо бууралтын цаг үе эхэлчихээд байна. Нэг талдаа нээлттэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч нөгөө талд нь дандаа эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх тэмцэл өрнөж байдаг. Ардчилал эхлэхэд бүгд нэг гараанаас хөдөлсөн. Бор зүрхээрээ наймаа хийх нь хийцгээж, бизнес эрхэлж, мэдлэг боловсролтой залуус өөрсдийнхөө чадах бүхнээрээ зүтгэж байлаа. Олон мянган залуус гадагшаа гарч, ар гэрээ тэжээж, нэг хэсэг нь тодорхой мэдлэгийг эх орондоо авчирлаа. Ер нь Монголын нийгэмд том шинэчлэл авчирсан. Харамсалтай нь тодорхой хэмжээний баялаг бүтээхээр тэрийг нь булааж авах, хяналтдаа оруулах эрх мэдэлтнүүдийн тэмцэл дахиад гаардаг л даа. Жишээлбэл, 2000 онд яг ингэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуруу дарам цөөн байв. Хоёр, гуравхан сонинтой, нэг, хоёр л телевизтэй байсан. Үүнээс хойш манай улс хичнээн телевиз, сонинтой болов. Бизнес цэцэглэсэн. Гэтэл одоо хүртэл шинэ хуучны тэмцэл яваад л байна. Хүмүүсээ хянадаг нийгмийн тэр тогтолцоо одоо л амиа тавих байх. Тухайн үедээ “Мусайнууд даварч байна” гээд эрх мэдэлтнүүд нэлээд нийгмийг хумиж эхэлсэн шүү дээ. Энэ бол гэм биш, сурсан зан л даа. Хуучин мөнгө төгрөгөө ЗХУ-аас авчихдаг. Гэхдээ байгаа эрх мэдлээрээ нийгмээ багалзуурдаж чаддаг байсан. Одоо бол тэгж чадахгүй гэдгээ 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаар харсан. Нээлттэй нийгэмд шилжсэнээр хичнээн зуун мянган залуус гадагшаа гарсан билээ дээ. Харин гадагшаа гарч чадахгүй хүмүүс нь дотроо бухимдаад тэсэрсэн. Тиймээс иргэний хөдөлгөөнүүд гарч ирцгээсэн. Залуус үнэхээр нийгэмд байр сууриа илэрхийлж том хөдөлгөөн үүссэн шүү дээ. Ингээд үзэхээр тэрний дараа сонгуулиар парламентын засаглалтай болж, манай улс хөгжлийнхөө түвшинд дэлхийд яригдах болов. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Тийм ч учраас гадны хөрөнгө оруулалт их орж ирж, том төслүүд хөдөлж байлаа. Байгалийн баялаг гэдэг бол хэн ч бүтээгээгүй баялаг. Гэтэл эрх мэдэлтнүүд үүнийг сүр хүчээрээ далимдуулаад авчихдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа үед тэд туйлж байгаа. Үнийн уналтын цикль дээр бизнес хийж чадахгүй. Тэд эргээд социализмын үе шиг нийгмээ аваад явчихдаг бол болж байна. Гэвч чадахгүй. Нийгмийг чинь боддог, сэтгэдэг, бизнес хийдэг, баялаг бүтээдэг, мөнгө олдог хүмүүс л авч явна. Эрх мэдэлтнүүд зөвхөн дээрэмдэж чаддаг. Захиргаадаж, хүмүүсийг хэлмэгдүүлж чадна.

Тэрний цаана баялаг бүтдэггүй. Энэ нийгэм эргээд ангал руу унадаг. Одоо гадна, дотны хөрөнгө оруулалттай Монголын шинэ цаг үеийг дахиад дороо хумьж, харанхуй ангал руу чирч оруулах гэж байна. Тэдний нийгмийн ойлголт бол Монголоо сүйрүүлж байгаад л дунд нь ноёрхлоо тогтоох гээд байгаа юм. Зүгээр л нэг арцалдсан, жоом шиг нийгмийг л тэд удирдаж чаддаг. Цэцэглээд, хүн болгон өөрийнхөө сэтгэлгээгээр хөгжөөд байгааг нь ойлгодоггүй, үзэн яддаг. Яг ийм цаг үед эдийн засгийн форум боллоо шүү дээ.

-Өнөөдөр манай нийгэм тэр ангал руу унахгүйн тулд ямар замыг сонгох ёстой вэ?

-Баялагаа ард түмэнд нь өгчих л дөө. Тэгвэл ямар ч эрх баригч, хуулийн байгууллага халдаж чадахгүй. Ингэж том нийгмийнхээ хөгжлийг бий болгох тал дээр үндэсний зөвшилцөл хийх хэрэгтэй. Үүний үр дүнд иргэд, төр л хожино. Тэрний мөнгөө энэ бүх нийгмийнхээ шинэ хөгжил дэвшлийн суурийг бэлдэхэд зориулъя. Монголд энэ бол бололцоотой. Азид хаана ч хувьсгал болоогүй байхад 1990 онд зөвхөн Монголд хувьсгал тэмцэл болж ялсан. Яагаад 2008 онд ялав. Яагаад өнөөдөр ялах вэ гэхээр Монголын хөгжлийг хойш нь татаж байгаа нэг сая хүн бий. Нийтлэлч Баабар хэлсэн байдаг даа. “Миний үеийнхэн дуусч байж Монгол Улс хөгжинө” гэж. Харин улсаа урагш нь татаж байгаа хоёр сая хүн байна. Хүүхэд, залуус байгаа. Тиймээс Монголд ямагт гэрэлтэй ирээдүй байна. Тэгэхээр ийм хүмүүст юу хэрэгтэй юм бэ гэхээр нүүрс ухаад хэдэн цаасаар зараад сайхан амьдарна гэж явцуу бодохгүй. Залуу хүний оюун сэтгэлгээ дандаа сайхан ирээдүй рүү тэмүүлж байдаг. Тэр үе рүү явах цаг үед ирээд байна.

-Та форумд оролцохдоо хөгжье гэвэл зөвшилцөлд хүрэхийг уриалсан. Ер нь том төслүүд хөдөлж байж эдийн засаг сайжирна. Үүний тулд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гэтэл манай улсад хөрөнгө оруулалт орж ирэх хандлага байна уу?

-Манайд олигтой хөрөнгө оруулагчид ирэхгүй байгаа нь аргагүй шүү дээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ бариад хорьчихсон. Хамгийн том төсөл рүүгээ 300 гаруй шалгалтын байцаагч оруулчихсан. Ер нь хэн ч харсан Монголд гадны хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй. Хөрөнгө оруулалтыг бүрэн зогсоочихсон. Монголд өнөөдөр тэнэг эсвэл гэмт хэрэгтэн хүн л хөрөнгө оруулна. Одоо байгаанууд нь барьцаалагдчихсан хөрөнгө оруулагчид сууж байна. Энэ бол бидний ирээдүй биш л дээ. Одоо дэлхийн хамгийн шилдэг оюун санаа, тархийг Монголдоо оруулж ирж байж хөгжих юм. Үүнийгээ ойлголцъё гэж уриалаад байгаа юм л даа.

-Энэ удаагийн эдийн засгийн форумын үр дүнг та хэрхэн харж байна. Аль нэг нам гарч ирэхээрээ зохион байгуулагчид нь өөрчлөгдөж, уламжлал нь алдагдчихаад байх шиг?

-Эдийн засгийн форум гэдэг бол бие даасан байх ёстой.Энд ямар нэгэн төр засаг, эрх баригчид оролцох ёсгүй. Тэд зөвхөн ирж тайлангаа тавьдаг байх хэрэгтэй. Гэтэл одоо эрх баригчид өөрсдийгөө сурталчилах арга хэрэгсэл буюу пиар арга хэмжээ болгочихоод байгаа юм. Уг нь энд яг үнэн бодит нөхцөл байдлыг ярьдаг байх ёстой. Анх бид эдийн засгийн форумыг зохион байгуулахдаа Давосын чуулганы төлөөлөгчдийг Азид хийж байсан уулзалтаас нь тусгай онгоцоор авчирч байлаа. Намайг Гадаад харилцааны сайд байхад олон улсын бие даасан эдийн засгийн чуулган болгохоор санаачилж, ингэж зохион байгуулж байв. Харин ажлаа өгснөөс хойш энэ нь үргэлжлээгүй. Бид тэр чуулганаар Монголыг дэлхийд холбох гарцыг эрэлхийлж байлаа. Монголын бүхий л оюуны тархи жилдээ нэг удаа цуглаад хоёр өдрийн турш өөрөө өөрийгөө оношилдог, болж бүтэж байгаа болон саатсан асуудлуудаа ярьдаг арга хэмжээ болох ёстой. Гэтэл энэ удаагийн эдийн засгийн форумаар ямар ч гарц шийдэл харагдсангүй. Хэн ч манай улсад зориглож ирэхээргүй нөхцөл байдал бүрдүүлчихээд эдийн засгийн форумаа явууллаа. Дээрээс нь бусад улсын нуудаг зүйлийг дэлхий дахинд “Өнөөдөр Монгол Улс ийм байгаа юм аа” гээд зарлачихлаа. Бид үнэхээр хүнд мухардалд орчихсон шүү гэдгээ бүх хүнд ойлгуулаад өгчихлөө. Ийм байхад бидний хамгийн хүсэхгүй хөрөнгө оруулагчид л зорьж ирэх болчихоод байгаа юм.

-Ингэхэд та Оюу толгойн асуудлыг яах ёстой гэж бодож байна вэ?

-Оюу толгой дээр шалгах хэрэггүй. Хэлэлцээр хийх ёстой. Одоо барьцаа ахиулж, үр ашгаа нэмэгдүүлэх асуудал ярих нь чухал. Тодорхой үр дүнгээс нь хүртдэг хугацаагаа наашлуулахын тулд ойлголцож, шийдвэрт хүрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол шорон, хяналт, мөрдөн байцаалтаа дээр нь тавьчихаад нөгөө талдаа бүх процессуудыг зогсонги байдалд оруулчихаад баахан шалгаад байх юм. Ямар ч үр дүнгүй шалгаад яах юм бэ.

Энэ төсөл ойлгомжтой шүү дээ. Зуун төгрөг байлаа гэхэд үүнээс бидэнд хэд ногдож байна вэ. Түүнийгээ өсгөх асуудлаа л ярих ёстой. Ганцхан тоо харахаар чинь шалгалт хэрэггүй шүү дээ. Хилээр гарч байгаа баялгаа болон дансанд байгаагаа үнэлээд л хоёр талдаа сууж байгаад ярь л даа. Олон улсын дэлхийн стандартаар ажиллаж байгаа төслөөс бид зөрчил илрүүлэх гээд л шалгаад ямар ч бололцоо байхгүй. Одоо хэлэлцээр хийх цаг болсон.

-Ажлын хэсгийнхэн одоо хүртэл хуралдаагүй юм билээ. Тэднийг АТГ-д өгнө гээд иргэний хөдөлгөөнийхөн тэмцэл өрнүүлээд л байх юм?

-Ингээд асуудал дуусахгүй ээ. Тамын тогооны үлгэр болж байна. Үүний уршгаар тухайн компани хожиж, ард түмэн л хохирдог. Иймэрхүү дуусахгүй маргаан руу чирч оруулна гэдэг бол дараагийн ээлжийнхэн хоолонд орж байгаа асуудал болоод байна. Эцсийн дүндээ ард түмэн хохирч үлддэг.

-Таван толгойн төсөл яагаад хөдлөхгүй байна вэ. Эдийн засгийн форум дээр ч энэ талаар хөндсөнгүй. Сүүлийн үед Таван толгой IPO гаргах тухай яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Таван толгойг эхлээд ард түмэндээ өгчих. IPO гаргахыг эзэн нь буюу ард түмэн шийдэг. Хэн нэгэн эрх баригч, компани, хувь хүн Таван толгойг өмчилж, эзэмших ямар ч бололцоо байхгүй. Тиймээс яаралтай Таван толгойгоо ард түмэндээ өгчих юм бол IPO гаргаж болно. Шилдэг хөрөнгө оруулагчид ч ирнэ. Яагаад гэвэл тэд Монголын ард түмэнд итгэнэ. Харин зургаан сарын настай Засгийн газруудад итгэхгүй. Элдэв авлига нэхэж, рекет хийдэг энэ эрх баригч, шийдвэр гаргагчдад итгэхгүй.Эсвэл шударга, шударга бус гээд янз бүрийн аргаар эрх мэдэл, төсөл, уул уурхай олж авсан энэ компани нэртэй бүлэглэлүүдэд итгэхгүй. Таван толгой бол ард түмний заяагдмал өмч. Дотоодын юмуу, гадны компани байсан ч ард түмэнтэйгээ ярь. IPO гаргасан ч ард түмэнтэйгээ ярь. Тэгэхгүй бол юу ч шийдээд мухардана.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай байнга яригддаг. Энэ удаагийн эдийн засгийн чуулган хүртэл “Хүчээ нэгтгэе” уриан дор боллоо. Ямар шийдлүүд байж болох уу?

-Төр нь ч бай, хувийн хэвшил нь ч бай хүчээ нэгтгээд явах санаа нь бол зөв. Гэтэл дэлхийн дампуурсан улс орны жишээ бол төр, хувийн хэвшил нь хоорондоо ан цав үүсээд, бие биедээ итгэлцэл байхгүй болдог. Ингээд сүйрдэг. Төрөөс хувийн хэвшил нь ямар ч сайныг хүлээдэггүй. Төр нь бол хувийн хэвшлээ дарамталж, дээрэмдэж, барьцаалж, үйл ажиллагаанд нь саад болдог. Ердөө ийм чөтгөрийн тойрог руугаа яваад орчихсон. Одоо бол хүчээ нэгтгэх, хэлцэл ярих ерөөсөө болоогүй.Өнөөдөр хамгийн наад захын итгэлцлийн механизмыг идэвхжүүлэх үе шат бий болчихоод байгаа юм. Ингэхийн тулд өнөөдөр төр засаг, УИХ, Засгийн газар хүчээ нэгтгэж зөв шийдвэрүүдээ гаргах ёстой. Эцсийн дүндээ бүх эрх мэдэл тэдэнд байгаа. Гэтэл тэд бүх эрх мэдлээ ард түмнээс худлаа ярьж авчихаад цаашаа хүнд барьцаалагдаад дамжуулчихаж байгаа юм. Өөрсдөө гаднаас дохио занга хүлээгээд, жаахан бие даасан ард түмний, улсынхаа төлөө шийдвэр гаргахад нь “Ална шүү” гэхээр нь айчихдаг ийм л нөхцөлтэй байна.Өнөөдөр манайх шиг арчаагүй төр засагтай орон алга. Дэндүү арчаагүй. Хийх асуудал байхгүй. Хэлэлцэх асуудал байхгүй. Санаа байхгүй. Бодож байгаа зүйл байхгүй.Бүгдээрээ нуувчинд орчихсон. Дор бүрнээ хувийнхаа жижиг, жижиг барьцаанууд дээрээ амаа үдүүлчихсэн. Үнэн жигшмээр нөхцөлд байна. Тийм учраас ийм хүмүүс нэгдээд юу гарах юм бэ. Арван аймхай хүн нэгдээд арми гарахгүйтэй адил шүү дээ. Бүгдээрээ гавнаасаа салах хэрэгтэй. Ингээд хөдөлбөл нийгэмд өөрчлөлт авчирч магадгүй. Ер нь хувьсгалын тохироо бүрдэж эхэлж байна. Хохь чинь шүү гэдэг цаг үе ирэх гээд байна.

-Ард түмэн босоход бэлэн байна гэж үү?

-Бэлэн байна шүү дээ.

-Гэтэл энэ хоёр том нам чинь ээлжилж төрийн эрхийнд суух сонирхолтой байдаг. Харин ард түмнийг хүссэн гурав дахь хүчнийг гарч ирэхэд том намуудын бүлэглэл хааж боогоод байна гэж судлаачид үздэг юм билээ?

-Гурав дахь хүчин бол гудамжинд л төрдөг. Гудамжинд төрж чадахгүй бол Монголд гурав дахь хүчин бий болохгүй. Үнэхээр ард түмний тэр үзэл санааг тээж, жинхэнэ угт нь байгаа хүсэл эрмэлзлийг нь тээж гарч ирвэл чадна. Өнөөдөр бол тэр нөхцөл нь бүрдэж байна л гэж харж байна.

Хувьсгалыг жинхэнэ гэр хороолол хийнэ шүү. Хамгийн гол нь газрыг өмчилж авангуут нь үнэлгээг нь багасгаж байна. Тиймээс гэр хорооллын хөгжлийг баталгаажуулсан хууль зайлшгүй хэрэгтэй байна. Газар өмчлөл өнөөдөр шударга бус байгаа. Өнөөдөр иргэдийн 80 гаруй хувь нь хохирсон. Дахиад зуун жил хохирохоор байна. Иргэн бүр тэгш эрхээ эдэлж, үр ашгийг нь хүртэх ёстой. Бас Шүүмжлэгчийн эрхийн тухай хуулийг Их хурал гацаачихсан байна. Өнөөдөр нийгэмд чөлөөт хэвлэл, эрх зүй, шүүмжлэл илэрхийлдэг төрийн болон хувийн аль ч байгууллагад энэ хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал чухал. Дээр нь Баялгийн хуваарилалтын хууль байна. Ерөнхийлөгчийн зүгээс шинэ хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэгдэж байгаа. Энэ мэт нийгэмд хүлээлт үүсгэсэн, тулгамдсан ауудлуудаа эрх баригчид шийдэхгүй дэндүү хойрго байна. Их хурал өнөөдөр “үндсэн чиглэл” гэх мэтчилэн ямар ч агуулга хэлбэр байхгүй социализмын үеийн үлдэгдэл болсон ёс төдий асуудлаар өдөр хоногийг барж байгаа нь харамсалтай. Сар гаруйхан хугацааны дараа хаврын чуулган өндөрлөнө. Улс төрийн намуудын тухай хуулиа цэгцлээгүй, сонгуулийн тогтолцоогоо шударга болгоогүй. Маш их цаг алдаж байна.

-Үндсэн хууль орж ирвэл өөр ямар ч хууль зэрэгцүүлж хэлэлцэхгүй биз дээ. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуулиа хэлэлцэнэ гэсэн амжихгүй бололтой?

-Ер нь үндсэн хуулинд буруудсан юм байхгүй. Харин Үндсэн хуулийг гуйвуулсан хуйвалдааны тогтолцоо нурж унаж байгаа. Үндсэн хуулиа нурааж, улсаа сөнөөх юм руу явж байна шүү дээ. Дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгох юм бол Үндсэн хууль бүхэлдээ ажиллах бололцоо бүрдэх юм. Үндсэн хуулийнхаа дагуу энэ нийгэм засарч сайжирч, ёс зүйгээ барьдаг болох ёстой. Гэтэл гэтэл өөрсдийнхөө муу зангаа авч үлдээд Үндсэн хуулиа тэрэндээ тохируулчихсан. Одоо тэр нь бүр дотоод сүйрэл рүүгээ очиж байна.

-Монголчуудын 30 жилийн мөрөөдлийг биелүүлж, хөрөнгө оруулалт татаж, Оюу толгойн төслийг хөдөлгөж чадсан хүмүүс өнөөдөр торны цаана сууж байна. Улс төрийн хилс хэрэгт уначихлаа гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө талд тэднийг авлигачид гээд адалж байгаа. Тэднийг хоригдсоны дараахан та Хүний эрхийн дэд хорооны шугамаар очиж нөхцөл байдалтай нь танилцсан байх аа. Дахиж очих уу?

-Удахгүй дахин очиж танилцах төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд байр сууриа илэрхийлсэн. Шалгах нь зөв. Хардалтыг тайлах нь ч зөв. Бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой.Гэтэл улс төрийн акци маягаар зүгээр л барьж, хорьж байгаад тэрний цаана бахаа хангаж, өс хонзонгоо авдаг юм уу. Эсвэл өмч хөрөнгийн маргаанаа шийдэж байгаа ч юм бил үү. Ийм байдлаар явах юм бол олон түмэн улам эргэлзээнд орно. Үүн дээр бүх л хуулийнх нь механизм байгаа шүү дээ. Гэтэл барьж, хорьдог хугацаатай. Үүнийг дуусгахгүй сунгаад байдаг нь ямар учиртай юм бэ. Ийм зохиомол найруулсан байдал руугаа орчихлоо. Энэ чинь сайн хөрөнгө оруулагчдыг улам үргээж байна шүү дээ. “Монголд шударга хөрөнгө оруулагч түншүүд битгий ирээрэй. Бид Монголоо сүйрүүлээд тамын тогоо руу нь хийж байгаад тэр харанхуй ангал дотроо өөрсдөө мэддэг юмаа мэдээд амьдарна. Одоо Монголд дэлхий бол хамаагүй шүү” гэсэн мессэж өгч байна. Дэлхийн хөрөнгө оруулагчийг урьчихаад хүний эрх, хууль зүй талаасаа төрийн өндөр албан тушаалтнуудаа гаднаас шалгуулах гээд ирсэнийх нь төлөө барьж хориод байх юм. Хорьж болно, хугацаатай шүү дээ. Шүүхийн шийдвэр гараад хэрэг нотлогдох юм бол хэдэн ч жил хорих нь өөр асуудал. Энэ бол бидний 1990 онд байгуулсан нийгэм. Гэтэл энэ нийгмийн маань үндсийн үндсийг доргиож, халдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нэг ч хүн баталгаагүй. Зөвхөн өөрсдийнхөө дохио зангаагаар хөдөлгөж, гадна талынхныг хөөж явуулаад, дотор байгаа хүмүүсээ нухаад ганц сайхан бүлэглэл жаргах юм байлгүй дээ.

Оюу толгойтой холбоотой асуудлыг мөлжөөд байгаа хэрнээ том том асуудлуудаа шалгаж байна уу. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг идчихсэн юм уу, идээгүй юм уу. Хууль зөрчсөн юм уу, зөрчөөгүй юм уу. 60 тэрбумын асуудал хэрэг мөн үү, биш үү гэх мэтчилэнд ард түмэн хариугаа авах гээд цөхрөнгөө бараад хүлээж байна. Таван толгойг тойрсон томоохон уул уурхайн шийдвэрүүд чинь юу юм бэ. Яахлаараа бүгдээрээ нийлж байгаад Монголд болж бүтэж байгаа, Монголын ирээдүйд том үр дүнгээ өгөх энэ төслийг л бүтэлгүйтүүлэх найруулга руу яваад байна вэ. “Эрдэнэт”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудлыг шалгаж байгаа юм уу. Ер нь бол өнөөдрийг хүртэл олон асуудал байгаа шүү дээ. Энэ бүгдэд хариултууд алга. Гэтэл цаана нь найруулж байгаа шударга бус тогтолцоо ялаад дийлээд гараад ирчихлээ. Үүнийг хэзээ ч ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт болно.

Өвөрхангай аймагт болох уулзалт:

  • Тавдугаар сарын 26-нд 19:00 цагаас Арвайхээр хотын Хөгжимт драмын театрт
  • Тавдугаар сарын 27-нд 13:00 цагаас Хархорин хотын Соёлын төвд болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдрийн байдлаар 20 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, иргэдийн биечлэн болон бичгээр ирүүлж буй санал, санаачилга, хүсэлт, гомдолтой танилцсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 20 аймаг, есөн дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Categories
мэдээ цаг-үе

В.Ганзориг: Нийгэм улстөр, шашин үнэт зүйлс гэх мэт хөндөхөөс аргагүй асуудлуудыг онцолж байгаа нь энэ жилийн форумын онцлог

CEO клубийн гүйцэтгэх захирал В.Ганзоригтой энэ сарын 21-22-нд Төрийн ордонд болох Монголын эдийн засгийн форумын талаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн форумын энэ жилийн онцлог нь юу бол. Ямар сэдвүүдийг хөндөх вэ?

-Төрийн байгууллага, бодлого тодорхойлогчидтой зөвшилцсөний эцэст форумын сэдвүүдээ баталлаа. Нэгдсэн, нээлттэй, дэд гэсэн гурван төрлийн хуралдаан болно. Төрөл бүрийн сэдвээр нийтдээ 16 салбар хэлэлцүүлэг өрнөнө. Энэ жилийн форум нэлээд онцлогтой. У.Хүрэлсүхийн Засгийн газар саяхан Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарлалаа. Юу хийх гээд байна вэ гэсэн асуулт хариулттай болж, нэг үеэ бодвол бодлого нь тодорхой, хийж буй ажил нь цаг хугацаатай боллоо. Тодорхой болсон бодлогод нь хувийн хэвшлийнхэн яаж оролцож, хэрхэн хамтын үнэ цэнэ үүсгэж, бие биедээ харилцан ашигтай бодитой ажлуудыг хийх боломжтой вэ гэдэг асуудлыг форумын үеэр дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Хоёр хүндэт зочны илтгэлтэй. Нэг нь Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал доктор Кристин Чианг хөрөнгө оруулалтын бодлого, олон улсын хандлага ба Монгол Улсын боломж сэдвээр тавих бол Рио тинто компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттөр хувийн хэвшлийн түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, мега төслүүдийн амжилттай кэйсүүдийн талаар туршлагаа бидэнтэй хуваалцана. Дэлхийн банк дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын өрсөлдөх чадварын маш том судалгаа хийсэн. Дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын хувьд гээд харахад Монгол Улс хаана нь жагсав, юу нь болохгүй байна, яах ёстой вэ гэдэг дээр зөвлөмж гаргаж байгаа юм билээ. Энэ тайлан Монгол Улс дэлхийн газрын зургийн яг хаахна нь явааг нэлээд тодорхой гаргаад ирчих байх. Дараа нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого ба баталсан хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг төр засгийн төлөөлөл хүргэнэ. Хувийн хэвшлийнхэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тухайд баталсан хөтөлбөрүүдэд нь хэрхэн оролцох тухай төрийнхөнтэй мэдээлэл солилцох боломж байгаа. Форумын үндсэн сэдвийн нэг нь “Төрийн хувийн хэвшлийн диалоги, хамтын ажиллагаа”. Ярьсаар ирсэн сэдэв ч гэлээ үр дүн нь сайн биш хэвээр байна. Төр, хувийн хэвшлийн оролцоог яаж илүү бүтээмжтэй, улам өгөөжтэй болгох вэ гэдэг дээр нээлттэй ярилцана. Уул уурхай, санхүү хөрөнгийн зах зээл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, мега төслүүд, төрийн өмчит компаниудын засаглал, хувьчлал, Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүний хөгжлийн талаар халамжаас бүтээмж рүү, цахим шилжилт, блокчейн, хариуцлагатай манлайлал гэсэн сэдвүүдээр хэлэцүүлэг өрнөнө. Үүнээс гадна Монгол Улсын брэндинг гэсэн сэдвийг тусгайлан онцолно. Өнгөрсөн жилээс хүчтэй яригдаж эхэлсэн сэдэв байгаа.

-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай эрдэм шинжилгээний хурал саяхан боллоо. Хүн бүр л шинэ, хэрэгтэй сэдэв гэж харж байна. Энэ сэдвийг хөндөх үү?

-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, цахим шилжилтийг хөндөнө. Блокчейн гэж их ярих болсон. Блокчейн технологийн хэрэглээ ганцхан хувийн хэвшлээр хязгаарлагдахаа больчихлоо. Блокчейн дээр суурилаад улс орнууд сонгуулиа явуулж байна. Иргэний бүртгэл мэдээллийн бүх систем датагаа ийшээ шилжүүлж, гүйлгээгээ хийгээд эхэллээ. Энэ сэдэвтэй хамаатайгаар гадны сонирхолтой зочид ирнэ.

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын сэдвээр илтгэл тавих хүмүүсийн нэр сонирхолтой байна?

-Одоогоор форумын илтгэгчдийг зарлахад эрт байна. Заримыг нь нууцалж байгаа. Зочид буудлуудыг байхгүй болгож байгаа Airbnb гээд шинэ бизнесийг дэлхий мэднэ. Тэд бизнесээ Монголд албан ёсоор эхлэх гэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээнд гарын үсэг зурна. Airbnb манай зах зээлд орж ирснээр Монголд ажлын байр бий болгоно, монгол хүний орлогыг өсгөнө, хариуцлагатай аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ гэх мэт олон давуу тал үүснэ.Fashion TV-гийн захирал ирэхээр болсон. Ямар дэд хуралдаанд хэрхэн оролцох нь одоогоор нууц байна. Алдартай технологийн компаниуд оролцохоо мэдэгдсэн. Дэлхийн банкнаас төлөөлөгчид ирнэ. Азийн зарим нэг улсын парламентын гишүүд ирэх байх. Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу манлайлагчид гэж бий. Тэднээс ирэх сонирхлоо илэрхийлсэн. Мэдээж хувийн хэвшлийнхэн, гадаадын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцоно. Хувь хүмүүс ч гэсэн бүртгэлээ онлайнаар хийлгээд төлбөрөө төлж оролцохоор бүртгүүлээд эхэлчихсэн.

-Хувийн хэвшлийнхэн ба төр гээд харахаар төдийгөөс өдий хүртэл ойлголцож өгөхгүй яваад байна л даа. Эдийн засгийн форумыг зохион байгуулагчид тэднийг ойлголцуулах чиглэлд хэр анхаарч байна вэ?

-Миний хувьд CEO клубийн гүйцэтгэх захирлаар ажиллаад хагас жил гаруй болж байна. Сүүлийн арав гаруй жил хувийн хэвшилд ажиллалаа. Янз бүрийн төсөл хөтөлбөрийн шугамаар төрийнхөнтэй ажилласан туршлагатай. Хувийн хэвшлийнхэн төрийнхнөө шүүмжилсэн, төрийнхөн нь хувийн хэвшлээ тоодоггүй, долгион нь нийлж өгдөггүй тал бий. Ийм шалтгаанаар асуудлаа нээлттэй хэлэлцдэггүй. Бие биендээ эелдэг биш, мэдээлэл дутуу буруу ойлголцлоосоо болж тэр хандлага нь даамжраад дайсагналцлын хэлбэрт орчихсон зүйл багагүй анзаарагддаг. Асуудал аль аль талдаа байгаа. Үүнд анхаарч “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл” гэсэн сэдвээр дэд хуралдаан хийнэ. Тэр хуралдаанд төр, хууль тогтоогчид, Засгийн газар, хэрэгжүүлэгч байгууллагууд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийнхэн оролцоно. Хэвлэл мэдээлэл, сошиал медиаг анзаарахад Монголд болж байгаа юм харагддаггүй. Дан сөрөг мэдээлэл цацагдаж байна. Объектив юм ярихгүй, дандаа субъектив байдлаар хэн нэг хүнийг шүүмжилдэг. Шийдэл ярихгүй байна л даа. Бодит байдал ганц нэг бизнес, компанийн асуудал, эсвэл хэн нэгэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын асуудлаас хальчихсан. Бослого хөдөлгөөн, хууль бус үйлдлүүд гарч нийгмийг талцуулах, тогтворгүй байдалд оруулах чиг рүү хальтрих вий гэсэн айдас хаана хаанаа байгаа. Форум зохион байгуулж бүх талыг оролцуулж байгаа бол энэ асуудлаа ярилцах цаг болчихож. Нийгмийнхээ энэ асуудлыг шийдэж, тэднийхээ зовлон жаргалыг ойлгож, тэдэндээ таарсан бодлогыг жинхэнээсээ хэрэгжүүлэхгүй бол хувийн хэвшлийнхэн ч мөрөөрөө ажлаа хийж чадахаа байлаа. Төр засаг нь ч тогтвортой ажиллаж чадахаа байсан.

-Сая ярьсан дэд хуралдааны оролцогчид нь хэн байх бол?

-Одоогоор нэрсийг нь ярилцаж байна. Идеалоги талаасаа буддын шашны төлөөлөл орохоор ярилцлаа. Д.Нямсамбуу гавжийг урилаа. “Бидний цөөхөн Монголчууд” төслийг амжилттай хийж байгаа М.Зоригт гуай оролцох байх. Мөн төрийн шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөллийг тэнцвэртэй оруулна. Яг энэ сэдэвтэй зэрэгцээд маргааш нь нэг салбар хуралдаан болно. “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” гэсэн сэдэвтэй. Өнгөрсөн жилийн Давосын чуулганы үндсэн сэдэв болж байсан юм. Зүгээр нэг манлайлаад болохгүй байна, жинхэнээсээ хариуцлагатай манлайлахгүй бол түр зуурын шоу, популизм хийгээд эргээд тэрнийхээ горыг улстөрчид нь, улс нь даахаа больж байна гэдгийг дэлхий нийтээрээ харж, энэ сэдвийг хүчтэй хөндсөн хэрэг. Ингээд харахад Эдийн засгийн форум мэт боловч нийгэм улс төр, шашин, үнэт зүйлс гэх мэт хөндөхөөс өөр аргагүй асуудлуудыг хөндөж байгаа нь энэ жилийн форумын онцлог. Нөгөө талаар сая онцолсон асуудлууд зөвхөн мэргэжлийн хүрээнд, нийгмийн багахан хэсгийн дунд яригддаг байсан бол одоо нийтийн анхааралд орж байна. Форум өөрөө нээлттэй дэд бүтэц учраас нийгмийн бүх л төлөөллийг хамруулаад ярилцах боломжтой.

-Төр, хувийн хэвшлийн ойлголцох бодитой гарц нь юу вэ?

-Товчхондоо тэд олны өмнө нээлттэйгээр асуудлаа ярих хэрэгтэй. Ингэж ярилцаж тодорхой шийдэлд хүрэх боломж, индэр нь Монголын Эдийн засгийн форум. Үе үеийн УИХ-ын гишүүдийг бид сонгодог. Муу ч, сайн ч ард түмний квотыг авчихсан шийдвэр гаргагчид. Нөгөө талд хувийн хэвшлийнхэн бий. Бизнес нь томрох тусмаа тухайн хувийн хэвшил, компанийн нийгэм, эдийн засагт оруулах нөлөө нь улам томорч байдаг. Бүтээгдэхүүний аюулгүй байдал чанар, татвар төлөлт, нийгмийн хариуцлага гэх мэтээр.

Өөрөөр хэлбэл бизнес нь томрох хэрээр улстөрчидтэй эн зэрэгцэхүйц үр нөлөөг нийгэмд үзүүлж байдаг. Ажил олголтоор жишээлье. Оюу толгой гэхэд л 14 мянган хүн ажиллуулдаг, MCS найман мянган хүн гэсэн тоо дуулддаг. Нэг айлын өрхийн тоогоор дундажлаад үзвэл асар том ачааг нуруундаа үүрч байна. Хамтын ажиллагааны хувьд улстөрчид нь нэгэнт сонгогчдын саналыг аваад гараад ирчихсэн. Тодорхой юм амлаад сонгогдчихсон, тэрнийхээ төлөө шийдвэр гаргаж, бодлогоо хэрэгжүүлэх гээд байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн нөгөө талд зам мөрөөрөө бизнесээ хийгээд явдаг. Энэ хоёрын хувьд эсрэг тэсрэг хоёр туйл руу явж болдоггүй юм байна л даа. Тэгэх л юм бол улс орны хэмжээнд бүтэж байгаа юмгүй, бие биенийхээ асуудлыг бойкотлох эрсдэл үүсдэг. Тийм учраас аль аль тал нь бие биедээ тодорхой хэмжээний буулт хийж, хоёр туйлд байснаа бага багаар ойртох хэрэгтэй. Болвол голдоо ч юм уу уулзаад бодитой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ч юм уу ямар нэг тодорхой шийдэл дээр хамтрах зүйл яригдах ёстой.

-Компаниуд нь улстөрчдөд нөлөөлж шийдвэр гаргуулахаас аргагүй нөхцөлд ордог, улстөрчид нь ч тэр хандлагад нь дасчихсан тал анзаарагддаг. Нээлттэйгээр асуудлаа яриад ойлголцож, эрүүл зөв явах цаг ирсэн гэж та бодож байна уу?

-Хуучин бол компаниуд мэргэжлийнхэнтэй уулзах шаардлагагүй, тус тусдаа нэг, хоёр даргатай уулзаж лобби хийгээд хүссэн шийдвэрүүдээ гаргаад явчихдаг байсан юм. Одоо болохоо байчихлаа гэж эхнээсээ мэр сэр яриад эхэлж байна. Хэтээсээ тийм байх боломжгүй үе ирчихсэн л дээ. Бид нэг талдаа сонгогчид, нөгөө талдаа тэр том компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авагчид. Улстөрчид сонгогчдын саналаар сонгогддог бол том компаниудын бараа бүтээгдэхүүнээ зардаг гол зах зээл нь олон нийт буюу бид. Тэгэхээр аль аль нь нийгмийн лицензээ авах ёстой. Замын түгжрэл, нийгмийн элдэв асуудал бидэнд хамаагүй ундаагаа хийгээд, хувцсаа оёод явна гэдэг байсан бол өнөөдөр нийгэм өөрчлөгдсөн. Олон нийт, төр, хувийн хэвшил гэсэн гурвалсан холбоо сонгодог утгаараа ажиллаж чадвал магадгүй бид одоо яриад байгаа нэлээд асуудлаа шийдчих боломжтой. Хамтдаа суугаад, ойлголцоод шийдчих боломж олон кейс дээр анзаарагддаг. Гэхдээ нээлттэй ярихаас аль аль тал нь цааргалдаг. Хувийн компаниуд гэхэд хэрэгжүүлж байгаа том төслөө олон нийтийн өмнө ярихгүй яваа шалтгаанаа “Олны анхаарал татаад дэмий. Мөрөөрөө л явъя” гэж тайлбарладаг. Гэтэл нөгөө талд ажил хийхгүй, буруу ажил хийж яваа нь юмаа яриад байхаар зөв ажил эхлүүлсэн хэсэг нь нийгэмд гарч ирдэггүй, дуу хоолой нь сонсогддоггүй. Нийгэм тэр чигээрээ хар булингартай зүйлд ууссан мэт мэдрэмж төрөөд байгаа нь ийм шалтгаантай. Ийм байдалд хүрсэнд компаниудын хариуцлага тодорхой хэмжээнд байгаа гэж би хувьдаа боддог. Нөгөө талдаа төрийн байгууллага ч гэсэн хувийнхантай нээлттэй ярьж нүүр тулахаас бэргээд байдаг. Төр, хувийн хэвшлийн нээлттэй харилцаа миний төсөөлсөн шиг хэмжээнд биш гэдгийг форумын бэлтгэл ажлын үеэр мэдэрлээ. Энэ бол сайны ёр биш. Хэвлэлээр байлдаж, сошаил медиад комментоор хэрэлдсэнээс нүүр нүүрээ харж байгаа бодитой фактуудаа гаргаж, судалгаа шинжилгээн дээр суурилсан мэргэжлийн дүгнэлтүүдээ солилцох хэрэгтэй. Ингэж олон нийтэд нээлттэйгээр мэтгэлцэж, шийдлээ гаргаад явбал өгөөжтэй. Дахиад хэлэхэд ингэж явах зам нь, индэр нь Монголын эдийн засгийн форум.

Энэ нюансийг нэг хэсэг нь ойлгохыг хүсэхгүй, нөгөө зарим нь жинхэнээсээ ойлгохгүй байх шиг. Ач холбогдлыг нь ойлгож, бэлэн дэд бүтцүүдээ маш сайн ашиглаж, бүх тал үзэл бодлоо нээлттэй хуваалцаж, зөв юм бодсон уу, буруу зүйл хийх гэж байна уу гэдгээ баталгаажуулаад явах сайхан боломж бол форум. Зөв ашиглаж чадвал форум шиг хэрэгтэй юм байхгүй. Гол нь хаа хаанаа улстөржихгүй, хүн биш асуудлаа ярьж сурах хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Шатарын Энхбаяр: Арлаан гуай Эрдэнэ-Очирыгоо бичгийн хүн болно гэдэгт гүнээ итгэдэг байсан

Ш.Энхбаяр, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир. 1991 он. Хонхны баярын үеэр

Монголын зохиолчдын эвлэлийн Дорноговь аймаг дахь “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяртай уулзаж дурсамж яриа өрнүүллээ. “Сэтгэлийн хураангуй”, “Зүрхний хураангуй” номуудаа уншигчдад өргөн барьсан тэрээр сод билэгт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой нэг ангид хамт суралцаж байсан унаган багынх нь анд аж.


-Яруу найрагч А.Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг та гурав сурагч ахуйн нэг ангийнхан байх аа?

-Би Дорноговь аймгийн Мандах сумын сургуульд гуравдугаар ангиа төгсөөд Сайншанд хотын нэгдүгээр арван жилийн сургуульд дөрөвдүгээр ангидаа шилжин ирсэн юм. Наян дөрвөн оноос хойш Ээгий (Арлааны Эрдэнэ-Очир.сур)-тэйгээ үерхэж нөхөрлөсөн. Эрдэнэ-Очир, яруу найрагч Мөнхцэцэг бид гурав 4Г ангиас арваа төгстөл хамт суралцсан. Бид ийм л хар багын найзууд. Намайг дөрөвдүгээр ангид шилжиж ирэхэд манай Эрдэнэ-Очир биднээс нэг хоёр ах болохоор ч тэр үү, ангийнхнаасаа нэлээд биерхүү, ном уран зохиолд дуртай, хүнийхээ хувьд дүнжгэр сайхан, нөхөрлөчих хөвгүүн харагдаж байсан. Миний мэдэхээр тавдугаар ангиасаа шүлэг бичсэн. Намайг ном их уншдаг болохоор ч тэр үү, анд маань хань бараа татна. Би зургадугаар анги төгсөх жилээ шүлэг бичиж эхлэхэд анхны шүлгийг маань уншиж “Чи хоёр гурван шүлэг биччих. Чамайг аймгийн утга зохиолын нэгдэл дээр дагуулж очъё” гэж байлаа. Хорь гучин шүлэг биччихсэн хүн чинь намайг бодвол зохиолчийн зангараг суугаад зүгширчихсэн, наддаа нэлээн том яруу найрагч шиг санагддаг байсан.

-Шүлгээ бичсээр утга зохиолын нэгдэлд очив уу?

-Аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч нь яруу найрагч Хандын Цэрэндорж багш минь байв. Ээгий намайг дагуулж очих үед Мөнхцэцэг надтай зэрэг шүлэг бичиж эхэлсэн байх. Манай ангийнхан чинь бүгдээрээ шүлэг бичдэг их сонин анги байсан. Ардын уран зохиолч Балжирын Догмидын охин Содчимэг, Хөгжилмаа гээд охид байна. “Арай онцгой анги байсан учир ийм хэмжээний хүмүүс төрөх нь аргагүй” гэж багш нар ярьдаг юм.

-Найрагч ямар зан байдалтай хүүхэд байв?

-Манай Эрдэнэ-Очир чинь дэггүй гэх нь хаашаа юм, их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Аав Арлаан гуай нь хүүгээ их сайхан хүмүүжүүлсэн. Бас их ч эрхлүүлсэн. Манай хүн чинь зургадугаар ангидаа “ИЖ” мотоцикль унаад давхидаг хүүхэд байлаа. Наймдугаар ангид байхдаа охидоо сундлаад давхина.

-Хүүдээ хайртай аав байжээ?

-Аймгийн номын дэлгүүрт ирсэн хамгийн сүүлийн үеийн уран зохиолын гайхамшигтай номуудыг аав нь хүүдээ мөнгө хайрлахгүй авч өгнө. Заримдаа намайг дагуулаад явна. Арлаан гуай чинь бор халзан зуут гаргаж ирээд л хүүгийнхээ хүссэн номыг авч өгнө гээч. Хүүгээ бичгийн хүн болно гэдгийг аав нь аль эрт мэдчихсэн хүн байлаа. Би сайн санадаг юм, нэг удаа 25 төгрөгийн үнэтэй сумтай цагаан үзэг авч өгч байсныг. Эрдэнэ-Очирыг зохиолч Догмид ахад дагуулан очиж шавь оруулж байсан. Мөнхцэцэг бид хоёрыг манай Эрдэнэ-Очир л үндсэндээ уран зохиолын замд хөтлөн оруулсан даа. Арлаан гуай ерээд онд бурхан болсон. Яагаад ч юм надад “Хойшид намайг байхгүй болох үед найзыгаа түшиж тулан оонын эвэр шиг явах хүн чи шүү” гэж гэрээс ч юм шиг үг үлдээж байсан. Эрдэнэ-Очиртоо зориулж 2014 онд нэг шүлэгтээ энэ тухай оруулсан.

Ш.Энхбаяр, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир. 2013 он. Заан Тэрэлжид

-Бараг багш тань гэж хэлж болох нь байна шүү дээ?

-Яах аргагүй бидний түүчээ. Ядахдаа биднээс нэг хоёр жилийн өмнө шүлэг биччихсэн гэдгээрээ ч том шүү дээ. Их сайхан шүлгүүдтэй. Бид хоёроос өмнө “Пионерын үнэн” сонинд хэд хэдэн шүлэг нь хэвлэгдчихсэн болохоор аргагүй л түүчээ юм даа.

-Эрдэнэ-Очир найрагч гэгээн сайхан сурагч насны гэрэлт хайрын тухай олон шүлэг бичсэн байдаг. Бодит ахуйгаас сэдэвлэж л бичсэн байлгүй?

-Манай ангид Ариунболд гэдэг хүү, Батхишиг гэж охин байлаа. Тэр Ариунболд маань Батхишигт их сайн. Тэр хоёрт зориулаад

“Алхаанд нь цэцэгс мэхийн ёсолдог

Нүдэнд нь хөвгүүд тогтож эргэлддэг

Ангидаа бодолд дарагдаж чимээгүйхэн суудаг

Ариунболдыг урдаа суулгаж арагшаа харуулсан Батхишиг” гэсэн дөрвөн мөрт шүлэг хүртэл зориулсан байдаг.

-“Миний цуглуулсан хорвоо” түүврийнх нь хамгийн эхний “Батхишиг” гэсэн шүлэг байна шүү?

-Наян найман онд бичсэн шүлэг гэдгийг би сайн санаж байна. Сурагч насныхаа гэгээн гоё үе, нутаг орныхоо тухай утга уянгын сайхныг их бичсэн дээ. Биднийг олон шүлэгтэй болоход Цэрэндорж багшийн маань зөвлөгөө их тус болж, Эрдэнэ-Очир бид хоёрыг их шахаж шаардсан ч нөлөөлсөн. “Гурвуулаа номоо гаргая. Багш нар ч их юм хүлээж байна” гэж Эрдэнэ-Очир маань бид хоёрыг удирдсанаар “Бэхэн цэнхэр өдрүүд” хамтын номоо есдүгээр ангидаа 1990 онд гаргасан. Дорноговийн “Ялалт” сонины сурвалжлагч Ц.Бандихүү хэвлүүлж, манай сургуулийн захирал Чойбаатар гурван мянган номын үнийг төлж байсан. Цэрэндорж багш маань өмнөх үгийг нь бичсэн. Тэр жил Эрдэнэ-Очир улсад “Найргийн даага” наадамд, Мөнхцэцэг “Хүрэл тулга”-д, би аймгийнхаа “Алтан бийр” наадамд түрүүлж байлаа.

-Нэг ангид гурван наадмын түрүү магнай, аваргууд нэг жилд төрж байж шүү дээ?

-МЗЭ-ийн дарга Бавуугийн Лхагвасүрэн гуай биднийг утга зохиол сурталчлах өдөрлөгт оролцуулахаар их дуудна. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт биднийг хариуцдаг байлаа. Б.Ичинхорлоо ерэн онд “Болор цом”-д түрүүлчихсэн. Яруу найрагч Нямбуугийн Билгүүн, Базаррагчаагийн Бат-Орших бид чинь нийлээд Улаанбаатар хотын байгууллагууд, аймгуудад очиж шүлгээ их уншсан шүү. Аравдугаар анги төгсөх гээд байдаг. Биднийг үе үе дуудах. Хичээл нэлээд цалгардсан. Багш нарынхаа дэмжлэгээр л аравдугаар ангиа төгсөж байлаа. Сургуулиа төгсүүт нөгөө хоёр маань УБДС дээр нээгдсэн утга зохиолын анхны ангид элсэж, би МУИС-ийн сэтгүүлчийн ангид орсон. Оюутан байхдаа гэрээс ирсэн боов боорцгоо хуваалцах гэж бие биеэ хайж гүйдэг дотнохон амьтад байв даа. Арван төгрөг байсан ч тав таваар нь хувааж авна. Бид гурав чинь “Ялалт” сонинд мэдээ бичдэг өсвөрийн сурвалжлагчид байлаа. “Сурагч бичиж байна” булан хөтөлнө, бид гурвыг урамшуулж бүтэн нүүр ч гаргаж өгнө. Багаасаа л сонины редакци, хэвлэх үйлдвэрээр эргэлдчихсэн хүүхдүүд байсан даа. Манай ангид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар, “Хүрээлэн” төслийн М.Буянбадрах, модернист Ч.Мөнхбаяр, “Аз хур” хэвлэлийн компанийн орчуулгын редактор Б.Бат-Амгалан, Цэдэнбал даргын хувийн зурагчин байсан Цэрэнжамц гуайн хүү Онон, “On@off” продакшны Нансалмаа, зохиолч Б.Шүүдэрцэцэг, “МОНЦАМЭ”-гийн сэтгүүлч Туул, “News.mn”-ийн Цээпилмаа нар суралцаж төгссөн.

-Та нар “Хурмаст тэнгэр” утга зохиолын нэгдэлд явж байхдаа Говийн догшин ноён хутагт Равжаагийн музейд хонож өнжин шүлэг найргаа уншдаг байсныг бурхан болооч их ярьдаг сан…

-Манай утга зохиолын нэгдэл 1954 онд байгуулагдсан түүхтэй. Цэрэндорж багш, аймгийн Засаг дарга Л.Одончимэд гуай нарын санаачилгаар 1992 онд “Хурмаст тэнгэр” төв гэсэн оноосон нэртэй болсон юм. Ерэн нэгэн оны наадмаар Равжаагийн музейг байгуулахад гар хөлийн үзүүрт гүйж дээврийнх нь хонхыг захиж, Мөөжиг маань цонх шилийг нь арчиж цэвэрлэж явлаа. Яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Эрдэнэ-Очир хоёр энд жижүүрээр ажилладаг байлаа. Шөнө манаатай хоноход нь утга зохиолын төвийнхөн очиж найраг шүлгээ уншиж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлнэ. Музейн үзмэрүүд ил байна. Тэр үед ямар шилэн хорго ч гэж байсан биш. Хүүхдүүд болохоор сэлмээр нь байлдаж тоглох, хутагтын дээлийг өмсөн, малгайг духдуулж “Би хутагттай адилхан байна уу” гэж ширээ сандал дээр нь суух энүүхэнд байлаа. (инээв. сур)

-Хүний гавлын ясаар хийсэн номын аяганаас нь дарс хүртэж байсан гэдэг бил үү?

-Бид хүүхэд байсан. Томчуул л гавлын ясан аяганд нь архи сөгнөж уусан байх. Барьж үзэхийн хувьд хамаагүй барьж үзнэ. Сүүлд харин хаш аягаар нь рашаан хүртэж л байсан. Музей бидний хувьд хэзээд нээлттэй байдаг байсан.

-Би энэ бүхнийг сайндаа ч мэдээд байгаа юм биш л дээ. С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийн нэг ангийн оюутан найз яруу найрагч Х.Сүглэгмаа, Анандын Байгалмаа хоёр “Хурмаст тэнгэр” төвийн гишүүд байсан гээд ярьдаг байснаас л иймэрхүү ойлголттой болсон хэрэг?

-Бид яг нэг үеийн гишүүд. Байгалаа, Сүглэг хоёр маань тэр үед бидэнтэй л хамт байсан. Манай утга зохиолын нэгдлээс чинь 13 хүн Монголын зохиолчдын эвлэлд элссэн. МЗЭ-ийн шагналтай уран бүтээлчид гэхэд 15 хүн байна.

-Эрдэнэ-Очир найрагч “Саран хөхөө” театрын даргаар нэгэн үе ажилласан даа?

-Манай хүн чинь УБДС-ийг төгсөж амжилгүй нутагтаа очсон. 1998-2000 он хүртэл “Саран хөхөө” театрын орлогч даргаар ажилласан. Би ерэн таван онд сургуулиа төгсөж очоод “Ялалт” сонины эрхлэгч болтлоо ажилласан. Хоёулаа “Нутгийн амьдрал” гэж сонин гаргаж, эрхлэгчээр нь Эрдэнэ-Очир ажиллаж овоо ч захиалгатай болж байсан. “Нутгийн хүүхдүүд” гэж сониноо үргэлжлүүлэн гаргаж дөрөв таван жил амжилттай ажилласан. Сүүлдээ “Нутгийн хүүхнүүд” гэсэн сонин гаргая гэж марзаганацгааж л байлаа. (инээв) Шинэ мянганы сонгуулиар Ээгий маань Улаанбадрах сумандаа МАШСН-аас нэр дэвшиж ялалт байгуулан сумын Засаг даргаар ажиллах болсон ч аймгийн МАХН-ынхан батлаагүй учир нийслэл рүү шилжсэн дээ.

-Ангийнхантайгаа аль хэр холбоотой байв?

-Манай ангийнхан чинь их ээнэг. Ойрмогхон гэхэд төгсөлтийн хорин жилийн ойгоо 2013 онд Заан Тэрэлжид тэмдэглэж, 2016 онд бас уулзацгаасан. Мөнхцэцэг маань “Намайг гишүүн болоход та нар маань их зүтгэсэн” гэж ангийнхнаа хотод хүлээж авсан юм. Эрдэнэ-Очирыгоо “UB palace”-д хоёр тоглолт хийхэд бид бүгдээрээ л ирсэн. Жаргал, зовлон бүхнээ л хуваалцаж явлаа. Эрдэнэ-Очирынхоо гурван Уул хөвгүүдийг төрөхөд эмнэлэг дээр дандаа л хамт үүр цайлгаж хүртэл явсан даа. Одоо бид Дорноговиос арван наймуулаа ирчихээд байна.

-Зохиолчдын байгууллагыг танай ангийн хоёр удирдана гэдэг яах аргагүй бахархал шүү?

-МЗЭ хэмээх энэ том байгууллагыг Мөнхцэцэг, Эрдэнэ-Очир хоёр маань удирдлаа. Миний хувьд “Хурмаст тэнгэр” төвөө тасралтгүй 22 жил удирдаж явна. Цэдэнбал даргын рекордыг л бараг эвдэх нь дээ.

-Цэл залуухан андаа та нар тэнгэрт дэвшчихнэ гэж яаж ч мэдэх билээ дээ?

-Долоо хоногтоо хоёр гурван удаа ярих энүүхэнд. Цахимаар байнга л холбоотой байлаа. Дорноговьд манайд очно. Улаанбадрах сумын сургуулиас урихад анддаа бараа болж төрсөн нутагт нь очиж, угаасан уснаас нь амсаж л явлаа. Тэр үед олон адуу худаг дээр шавсан нь их бэлгэшээлтэй санагдаж бид усалж байсан. Яруу найрагч Эрдэнэдалай, ууган хүү Цагаан-Уултай нь хэчнээн сайхан явлаа даа. Найзтайгаа цагаан сарын өмнө хотод уулзан тэднийд хонож өнжсөн минь сүүлчийнх байж. Бурхан болсон орой нь Сайншандад байгаа ээжийнд нь очиход их халуухан байсан. Ээж нь уг нь Хамрын хийдийн ойр тэмээ малаа адгуулан суудаг юм. Намайг хүүгээ л гэж боддог. Миний ээж Сүрэндаваагаар ч Ээгий маань анх орос хэл заалгаж байсан. Ээж минь Эрдэнэ-Очирт хайртай гэж жигтэйхэн. Тэр өдөр ээж нь аймгийн төв дээр байсан. Ээж нь дууг минь сонсоод сандарч мэгдсэн. Одоо яалтай ч билээ, андынхаа ээжийн өвдгийг тэврээд л сөхөрсөн дөө. Хэцүү байсаан, хэцүү байсан.

-Таны дүү хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай Эрка маань олон уран бүтээл хамтарч хийсэн биз?

-Тэр хоёр олон сайхан дуу бүтээсэн. Эрдэнэ-Очир маань нэг удаа “Найз нь симфонитой болчихлоо” гэж баярлан ярьж байсан. “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” шүлгийг дүү уншаад “285 дугаар галт тэрэг” гэсэн симфони бичсэн юм билээ. Дүү маань их гашуудаж байна.

-Оонын хоёр эвэр шиг ижилдэж явахад орчлонд торойтол үлдээдэг жам гэдэг хэцүү юм даа?

-Хэцүү юм аа. Хоёр хоног хоолойгоор ч юм давсангүй. Ганц цурамхийсэнгүй. Хүн хоёр хоног уйлахад нулимс барагддаг л юм байна. Зүрх шимширч байна. Анандын Амар сайдын хэлсэн “Зүрх хагарах лугаа” гэдэг шиг л байна. Энэ хүнд гашууг яаж давж гарна даа, хөдөөлүүлэхэд нь яана даа л гэж эмтэрч байна. (хоолой нь зангираад ярьж чадахаа байснаар бидний яриа өндөрлөв.)


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг сэн дээ

Монголын бөхчүүд хоёр хуваагдчихлаа. Хоёулаа Монголын үндэсний бөхийн холбоо нэртэй. Холбоод аль аль нь нөгөөгөө хүлээн зөвшөөрөхгүй. Чамгүй удаан хугацаанд хэрэлдэж талцлаа. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ түүний ард хуучин энэ холбооны тэргүүн байсан Д.Данзан, Р.Нямдорж, улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, нөгөө талд нь бас тамга тэмдэг авчихсан Гачууртын Л.Чинбат бизнесмэн тэргүүнтэй бөхчүүд. Түүний ард дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Ганболд, Улсын начин С.Дуламсүрэн, Х.Пүрэв тэргүүтнүүд жагсаж байна. Нэг ёсондоо баруун, зүүн аймгаараа талцсан шахуу юм уу даа.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтнүүд нь улс, аймгийн цолтой бүх бөхчүүдийн 80 хувь нь хуралдсан, албан ёсны ирцтэй гэгдэж байгаа үндэсний бөхийн Их эеэс сонгогдсон улс гэж өөрсдийгөө хэлээд байгаа. Л.Чинбатын талын улс, аймгийн цолтой бөхчүүдийн 20 хувь оролцсон гэх их хурлаас нь сонгогдсон талынхан. За ингээд хоёр бие рүүгээ хэвлэлээр бичиг цаас шидэлцэж, зодоон нүдээний ч сураг сонсогдож, сүүлдээ хоёр талаас төлөөлөл оролцуулж Ерөнхийлөгч хүртэл хүлээж авч уулзлаа. “Ойлголцож чадахгүй энэ мэт байдал үргэлжилвэл улсын цолыг чинь хураана” гэж Ерөнхийлөгч сануулсан. Гээд нэмэр болсонгүй. Хэрүүл үргэлжилсээр. Муу дээр муухай, муухай дээр улцан нэмэр гэгчээр уул уурхай, авлигын хэргээр хэдэн Ерөнхий сайд аснуудаа барьж хорьсон нь дотоод, гадаад ертөнцөд шившгээ хутгаж дуусахгүй байхад монголчуудын өв соёл, уламжлалын нэг бөхийн спортын хэдэн аваргууд нь ингэж талцаад муу муухайгаа дуудалцаж дуусахгүй нь.

Монголын төрийн бус байгууллагууд дотроо ганц том үндсэн хөрөнгөтэй нь угтаа Бөхийн холбоо байсан юм. Энэ нь Бөхийн өргөө. Бөхийн өргөө хэмээх өнөө муу дугуй байшингаа булаацалдаад, тэрийгээ сүүлдээ лацдуулаад, орлого олж байсан ганц эх үүсвэрээ хаагаад эцэстээ өөрсдийн ганц ажил болох улсын баяр наадмаар бөхөө барилдуулах уу, үгүй юу даа тулав. Бөхгүй наадмыг наадам гэх үү. Эрийн гурван наадмаас хамгийн их үзэгчтэй нь бөхийн барилдаан. Бөхийн хорхойтнуудад хөгшин, залуугүй багтана.

Тэгээд одоо энэ зуны наадмыг энэ их эвдрэлцлээрээ бөхийн барилдаангүй болгох вий. Монголын төр ч наадмаа хийдгээрээ хийх байх. Харин энэ хоёр холбоо нь наадам хийх нь үү. Бөхгүй бол наадам ямар ч сүр хүчгүй, амтгүй, утгагүй болно. Бөхийн барилдаан, бөхийн эрэмбэ гээч нь олон зуун жил уламжилж ирсэн. Дархан аваргууд нь өнөөдөр барилдаж байгаа залуу бөхчүүдийнхээ багш. Казакуудын хэлдэгчлэн аксакал нь. Увсын гаралтай улс, аймгийн цолтой, өнөөдөр ид барилдаж байгаа залуу бөхчүүдэд дархан аварга Х.Баянмөнх яалт ч үгүй нөлөөлнө.

Төв аймгийнханд А.Сүхбат аварга нөлөөлнө. Аварга биеийн тамирын төгсөгч бөхчүүд болоод зүүн аймгийн бөхчүүдэд Б.Бат-Эрдэнэ аварга яалт ч үгүй нөлөөлнө. Энэ аваргуудын талцал хуваагдал өсөрхүү байдал нь үнэхээр чинээндээ тулж Х.Баянмөнх аварга нь “Шударга бус наадамд барилдаж болохгүй” гэчихвэл улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар барилдахгүй. Монгол наадмыг ид чимж, үзэгчид барилдааныг нь харахыг хүсэн хүлээдэг аварга, арслангууд барилдахгүй бол ямар наадам болох билээ.

Өнөөх арслан Э.Оюунболдоо Б.Бат-Эрдэнэ аварга нь “битгий барилд” гэвэл наадам юу болохов. Эсвэл тус тусдаа наадам хийнэ гэх үү. Энэ янзаараа бид өнөө жилийн наадмыг үзэх нь үү. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг сэн дээ. Японы сумогийн их аварга Ёкозүна нар сумогоо хөгжүүлэхийн төлөө хичээн чармайдаг бол Монголын их аваргууд улсаа тараах, ёс заншил уламжлалаа үгүй хийх л юм хийж байх юм.

Гэтэл ард түмэн энэ хэдэн бөхөө яаж бөөцийлж, яаж хайрлаж хүндэлдэг билээ. Нутгийн зөвлөл нь “Манай нутгийн бөх гайгүй барилдлаа” гээд аймгийнхаа аль өнгөтэй өөдтэй яваа хэдээсээ хэдэн төгрөг цуглуулж, үнэтэй чамин машин, байр орон сууц, мөнгө төгрөг өгнө. Монголын хэдэн бөхөд ард түмний хайр лав багадаагүй. Хөлстэй биеэс нь адис авч баярлаад, гэрт нь зочилвол хоймроо суулгаад хамаг байдгаа барьдаг. Монгол эрчүүдийн хамаг хийморь лундаа нь энэ хэдэн бөхчүүдэд л байдаг юм шиг дээшээ залахыг нь яана гээч. Сум орондоо бол сумын бөх нь нутгийн настны дараа л хүндлэгдэнэ. Засаг дарга бол бүүр хэддүгээр зэрэгт ч юм жагсана шүү. Аймгийнхан ч сүйд болно. За тэгээд улсын цолтой бол дээдэлнэ гэж сүйд. Ингэж хайр хүндлэлийг хүртэх хэрнээ манай энэ хэдэн бөхийн байж байгааг хар.

А.Сүхбат аварга Төв аймгаа залгих нь. Аймагтаа юу хийж гийгүүллээ. Бөхийн төлөө хийсэн гэхээсээ хэрүүл маргаан, хийснийг нь түмэн олон мэдэх боллоо. Нөгөө л хорин жилийн өмнө Бөхийн холбоо, Нямдорж гээд л хэрүүл хийж явсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн болчихоод өнөөхөө л яриад явах юм. Яасан ч мартдаггүй гомдол, хэрүүл, тэмцэл вэ. Хорин жилийн өмнөх байтугай хоёр хоногийн өмнөхөө ч мартаж л орхидог биз дээ, эр улс чинь. А.Сүхбат аваргын уран барилдаанч, дархан аварга, гавьяат тамирчин гээд шагшаад байгаа нь хувь хүний өөрийнхөө төлөө хийсэн л гавьяа. Улс орны хөгжилд тэр цол гуншин нь ямар ч нэмэртэй юм. Харин ч бөхийнхөө тэр олж авсан нэр төр дээрээ дөрөөлөөд УИХ-ын гишүүн болсон. Ингэж УИХ-ын гишүүн болж, хууль баталж, төр барилцах хэмжээнд хүргэчихээд арай өөр юм яриад явж баймаар. Улс орны хөгжлийн төлөө хөдөлмөр, цаг хугацаа, нервиэ зарцуулж болмоор юм. Гэтэл өнөөх л хорин жилийн өмнөхөө яриад явж байх гэж. Увсын бөхчүүд зөвхөн өөрийн аймгийн бөхийг л бөх гэж үздэг. Монгол бөхийг зөвхөн энэ нутгийнхан л эзэлж байх ёстой мэт аяглах юм.

Увсын бөх түрүүлвэл стадион дүүрэн “Увс нуур”-аа дуулна. Монголын Үндэсний бөхийн холбоо ч Увсынхнаар л дүүрэх ёстой мэт аяглана. Ингэж болохгүй ээ. Монгол бөхөд Монголын уламжлал нэвт шингэсэн байдаг. Монгол бөх бол Монголын л уламжлал, ёс заншлыг тээж явдаг том соёл. Хоёр талын хэн нь хэн байх нь пад алга. Увс нь байна уу, Хэнтий нь байна уу ард түмэнд хамаа ч байхгүй. Жалга доворхож, аймаг хошуурхаж, сүүлдээ ёс заншил, уламжлалаа, үндэсний дархлаагаа үгүй хийх нь. Монгол бөхөөр дамжуулж Монгол хэмээх цул үндэстнийг ястнаар нь хагалах олон жилийн бодлогыг энэ хэдэн аваргын нүүрэн дээр үзэх вий гэж эмээх юм. Манай улс хаа очиж үндэстэн ястнаараа, шашин шүтлэгээрээ дайн байлдаан хийгээд байдаггүй, дотоодын зөрчилгүй, энх тайван орон. Гэтэл энэ хэд маань нойроо хасан байж дугуй байшингаа тойрч нэг хэрэлдэж, дотор нь орж нэг заамдалцсаар өдийг хүрэв.

Ерөнхийлөгчийн хэлдгээр цол гуншинг хурааж хашраахгүй бол яваандаа гадны жаахан түлхээс ороход улсаа сүйрүүлэх нь байна. Өнгөц харахад бөхийн өргөөг тойрч хэрэлдсэн эдийн засгийн ойлголт юм шиг ч эдний энэ талцал, хэрүүлийн үр дүн цаагуураа Монголыг бутаргах нь. Энэ хэд маань эвтэй байвал улсын наадмаа уламжлал ёсоор сэтгэл тэнүүн үзэхсэн дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Гадаадад байгаа монголчуудаасаа УИХ-ын гишүүн сонгоё“ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Гадаадад байгаа монголчуудаасаа УИХ-ын гишүүн сонгоё“ хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Д.Золбоо: ШХАБ өргөжиж, тэллээ гээд Монголын хөгжилд хоёр хөршөөс илүү жин дарахгүй хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Азийн супер сүлжээнд нэгдэж нар, салхиа доллар болгох боломжтой гэв хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, С.Баярыг эргэлээ хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

Таван толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж: Бид 2017 онд хамгийн өндөр ашигтай ажиллаж, тэр хэмжээгээрээ ногдол ашиг тараасан хэмээн “Энэ тухай” буланд ярьжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн гишүүнийг томилов хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

“Цаг үе, үйл явдал” нүүрт “Газар зарсан хороон даргын балгаар улсын ажил зогсоод байна” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин“-ы Уран бүтээлч нүүрт Т.Насанбуян: “Нисгэгчийн дуу” маань 50 жилийн ойтойгоо золгож байна хэмээн ярьжээ.

Хөдөөний төрмөл, хүрэн бор хүүхдүүд хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

Гадаадын сэтгүүлчид Пунгери туршилтын талбайг хаасны гэрч болжээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Д.Трамп Ким Жөн Унтай хийх уулзалтаа цуцалжээ

АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилттай холбоотойгоор АНУ-тай хийхээр товлосон уулзалтаа Умард Солонгос цуцалж магадгүй тухай өмнө нь “Ёнхап” агентлаг мэдээлж байсан.

Тэгвэл Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Сингапурт хийхээр товлоод байсан уулзалтаа цуцалж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр Умард Солонгосын удирдагчид захидал илгээсэн байна. Захидалд “Та бүхний ихээхэн уур хилэн, дайсагнасан байдлаа харуулсан саяхны мэдэгдэлтэй холбоотойгоор эртнээс төлөвлөж байсан уулзалтыг одоо хийх нь зохисгүй гэж үзэж байна” хэмээн дурдсан байна. Дэлхий дахин болон Умард Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжийг алдлаа” хэмээн хэлэхийн сацуу цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа, хэвээр авч үлдэх бодолтой байгаагаа илэрхийсэн байна. “Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаархи бодлоо өөрчилвөл над руу бичих юм уу утсаар холбогдоорой” гэж Д.Трамп захидалдаа дурдсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Консерваторийг их сургууль болгоно

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, А.Ундраа нар өнөөдөр хөгжмийн дээд боловсролын байгууллага буюу Монгол Улсын Консерваторит зочилж, НББСШУ-ны байнгын хорооны 13 тоот тогтоолыг тус сургуулийн хамт олонд танилцуулж, гардуулан өглөө.

Монгол Улсын Консерваторийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай уг тогтоолд тус сургуулийг бага, дунд болон мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт-эрдэм шинжилгээний хэв шинж бүхий их сургууль болгож, боловсрол эзэмшүүлэх зардлыг нь төр хариуцдаг байх эрх зүйн орчин бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна.
Ийнхүү статусыг нь өөрчилж, их сургууль болгохын тулд сургалтын тоног төхөөрөмж, сургалтын орчны материаллаг бааз болох хөгжмийн зэмсэг, номын сан, лингафоны кабинет зэргийг нь бэхжүүлж, залуу багш нарыг нь гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, туршлага судлуулах шаардлагатай бөгөөд эдгээр асуудлыг шат дараатай шийдвэрлэх ажээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тогтоолыг уншиж танилцуулсны дараа хэлсэн үгэндээ Монгол Улсын Консерватори бол дахин давтагдашгүй онцлог сургууль учраас бид тусгайлан тогтоол гаргаж, УИХ-ын зүгээс үзүүлэх дэмжлэгээ албажуулж өглөө гээд тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд салбарын яамтайгаа нягт хамтран ажиллахыг хүсэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраа нар тус сургуулийн циркийн сургуулийн барилгын ажилд шаардагдах 13 тэрбум төгрөгийг ирэх оны Улсын төсөвт суулгах асуудлыг анхаарч дэмжихээ илэрхийллээ.

Байнгын хорооны гишүүд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нарт тус сургуулийн хамт олныг төлөөлж захирал Х.Саранчимэг, Монгол Улсын Ардын жүжигчин Х.Уртнасан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат нар талархал илэрхийлж, манай байгууллагын хувьд “түүхэн өдөр” боллоо хэмээн баярлаж байв. 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын Консерваторит 2017-2018 оны хичээлийн жилд сонгодог болон ардын хөгжим, цирк, бүжгийн мэргэжлээр 1041 хүүхэд суралцаж, эдгээр хүүхдүүдэд үндсэн болон гэрээт байдлаар 260 гаруй багш мэдлэг, ур чадвар эзэмшүүлж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Намгүй төрийг байгуулахаар “Эвлэн мандах хүч” нэгдлээ

Үндэсний үзэлт “Онги голынхон”, “Босоо хөх Монгол”, “Гал үндэстэн холбоо”, “Мөнх галын дуудлага”, “Монгол тулгатан”, “Шинэ аравт”,“Монголын эв нэгдлийн төлөө”, “Шударга Монгол”, “Бид Монголчууд төсөл”, “Март” эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, “Улс төр менежментийн академи”, “Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо”, “Авлигын эсрэг үндэсний илд холбоо”, “Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн” төрийн бус байгууллага, иргэдийн хөдөлгөөний нэгдэл хамтран “Эвлэн мандуулах хүч”-ийг (ЭМХ) байгуулжээ. Чингис хааны “Их цааз” хуулинд тулгуурлан “Их цааз төсөл”-ийг боловсруулж эхний бичвэрийг хэвлүүлжээ. Үүнийгээ 1000 ширхэг хэвлэн 21 аймаг, есөн дүүргийн нэгдлийн гишүүдэд урилга хэлбэрээр тарааж өгсөн байна. “Монгол улсын их цааз” хэмээх шинэчлэсэн бичвэрийг гишүүдийнхээ хамтаар хэлэлцэж, алдааг засч, оноог дэмжих зорилгоор “Их цааз, Их эргэлт” чуулганыг зохион байгуулжээ. МҮЭСТӨ-нд 527 хүн буюу гишүүдийн 52.7 хувь нь ирсэн байв. Тиймээс 50+1 хувьтай ирц бүрдсэн учир чуулганыг эхлүүлэхийг мэдэгдэв. Чуулган албан ёсоор эхэлсэн ч хүмүүс нэмэгдэж ирсээр байлаа. ЭМХ-ний тэргүүн Ц.Мөнхбаяр чуулганыг нээхдээ “Өрлөг их түүхтэй Монгол орон өнөө үед туульдлаа. Бид болохгүй бүтэхгүй байгаа есөн зүйлийн зам мөрийг засаж сайжруулахаар олон нийтийн байгууллагууд сүүлийн хориод жил идэвхтэй ажиллаж, өөр өөрсдийн чиглэлээр чармайсан. Уйгагүй тууштай явсан хэсэг нь цөөнгүй амжилтад хүрч, засч залруулж, төрийн бодлогыг зөв болгож, хэлэлцүүлэхийн төлөө ажилласан. Гэвч нөхцөл байдал улам төвөгтэй, хор хохиролтой болж ирлээ. 17 жил нутгаа бүтэн авч үлдэх гэсэн миний бие, нөхдийн хамт энэ замаар явсан. Сүүлийн долоон жилд төрөө зөв замд оруулахгүй бол ямар ч хүчин чармайлт, үйл ажиллагаа амжилтгүй болдог гэдэг хатуу сануулгыг авлаа. Тиймээс ЭМХ сүүлийн хоёр жилд Монгол орны шинэ явах зам мөрийг тодорхойлох зориг эрмэлзэл өвөртлөн хичээж, Их цааз төслийг боловсруулж эхний бичвэрийг гаргалаа. Хамгийн гол нь цаашид намгүй Монгол төрөө байгуулах хэрэгтэй” хэмээн хэлэв. Чуулганд оролцсон гишүүд Чингис хааны аравтын системээр нэгнээ удирдагчаар сонгож, аравт нь зуут, түмэт гэх мэтээр дээшилж, ард түмний төлөөллийг УИХ, ЗГ-т сонгох зорилготой ажээ.


С.ОТГОНБАЯР