Categories
мэдээ нийгэм

АТГ-аас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийн мэдээлэл

Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулсан. Хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцэж 1,6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэгдсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүхээс Н.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Ч.Тавансахъяад Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав

АТГ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллалаа.

2018 оны 5 дугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 85 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.

Энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 26 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Одоо 318 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж байна.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Төрийн өмчийн хороо нь “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай тогтоолыг гаргахдаа ямар ч үнийн судалгаа хийлгүйгээр төрийн өмчит компанийг хэт хямд үнээр зарсан байж болзошгүй үйлдэлд,
  • Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж МБА-наас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байхад тээврийг хууль бусаар шилжүүлж улсын дугаар олгосон үйлдэлд,
  • Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан нь сүүлийн 1-2 жилийн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр ажилласан мэтээр цалин бодсон, түүнчлэн ажиллаагүй алба хаагчдыг ажилласан мэтээр цалин нэмэгдэл бодож хувьдаа завшиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болох үйлдэлд,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь 2016 онд Дундбаяны голын 10 тонн даацтай гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдлыг бий болгосон гэх үйлдэлд,
  • Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сэврэй сумын нутагт газрын хэвлийг хууль бусаар ухаж алт олборлосон талаарх мэдээлэл өгсөн иргэнд олгосон урамшууллын мөнгөнөөс 6.4 сая төгрөгийг бусдаар дамжуулан авч өөртөө давуу байдал бий болгосон, мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хууль бусаар хийж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй мэдээллийг иргэн, байгууллагаас хүлээн авч илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • ДЦС-4 ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тээрмэрийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан, түүнчлэн тендерт шалгарсан хуулийн этгээдийн төлөөллөөс 100 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.
  • БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д нь А-аас бусдаар зуучлуулан 150 сая төгрөгийг хээл хахуульд авч самрын яс экспортлох зөвшөөрлийг олгосон үйлдлийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
  • Багануур ХК-ийн охин компани болох “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар Прокурорын байгууллагад санал хүргүүллээ.
  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр “River garden” цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байна.
  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэв.
Categories
мэдээ нийгэм

Төрийн албанд томилогдох 732 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ

Авлигын эсрэг хуульд заасны дагуу энэ сард төрийн 80 гаруй байгууллагын 25400 орчим албан тушаалтны 2017 оны ХОМ-ийн хураангуйг цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Ингэснээр АТГ улсын хэмжээнд мэдүүлгээ гаргадаг 40 гаруй мянган төрийн албан хаагчийн ХОМ-ийг иргэдэд нээлттэй мэдээлж хүргэлээ. Бүх төрийн албан хаагчийн ХОМ-ийг зарлаж мэдээлснээр иргэд энэ талын мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл боломж бүрдэж байгаа. Төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх төдийгүй цахим системийг сайжруулснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын өсөлт, бууралтад олон нийтийн зүгээс дүн шинжилгээ хийж, бодитой дүгнэлт өгөх боломжтой байгаа. Хамгийн гол нь иргэдийн хяналт, оролцоо эрчимжиж, төрийн албан хаагчдын хууль бус нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх нөхцөл байдал сайжирна гэж үзэж байгаа.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагааны хүрээнд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Мон Атом” ХХК, “Гашуун сухайт” ХХК зэрэг байгууллагын 25 албан тушаалтанд хуулийн дагуу сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг хариуцлага тооцуулсан байна. Дээрх байгууллагын удирдлагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна.

2018 оны 5 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 732 иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагуудад боловсон хүчний шилжилт хөдөлгөөн, томилгоо, сэлгээ ихээхэн хийгдсэн гэсэн үг.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Гүнсэндарь нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 58 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлээд байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хувьд авч үзвэл албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтын зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл урьдын адил дийлэнх хувийг эзэлж байна.

Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан албан тушаалтнуудад цалинг бууруулах, ажлаас чөлөөлөх зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Должинсүрэн нь ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилсон, чөлөөлсөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордны дарга Б.Минжүүр нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилсон, чөлөөлсөн зэрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын орлогчоор Ч.Энхмааг томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй байв.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас энэ сард хийсэн ажлуудаа тайлагналаа


Авлигатай тэмцэх газрын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оролцож, 2018 оны тавдугаар сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.

801 нийтийн албан тушаалтныг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтад хамрууллаа

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн төвд зохион байгуулагдаж буй соён гэгээрүүлэх сургалтад 801 нийтийн албан тушаалтныг хамруулсан. Түүнчлэн Нийслэл болон 21 аймаг дахь төрийн өмгөөлөгчдийн нэгдсэн сургалт, ЦЕГ-ын төв орон нутгийн төсөв санхүүгийн асуудал хариуцсан ажилтнуудын нэгдсэн семинарт, Төрийн банкны орон нутгийн салбарын захирлуудад, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дэд дарга буюу ерөнхий инженер, хуулийн мэргэжилтэн нарт зориулсан семинар, зөвлөгөөн зэрэгт оролцсон 271 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийв.

Засгийн газар, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд 2017 онд хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллаж байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу зарим яам, агентлаг бодитой үр дүнд хүрсэн ажлуудыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжид туссан байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байсан зэрэг “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Гэвч авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчиж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахгүйгээр нийтийн албан тушаалтныг томилдог, хөрөнгө орлогын мэдүүлэгээ хугацаа хоцруулдаг, тендер сонгон шалгаруулалт, худалдан авалтыг хууль зөрчин гүйцэтгэдэг, төсөв, санхүүгийн зарцуулалт хяналтгүй, эрх бүхий албан тушаалтны үзэмжээр шийдвэрлэдэг, нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгодог зэрэг зөрчил, дутагдлууд гарсаар байна. Тухайлбал, нэр бүхий төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй обьект түрээслүүлэх гэрээ байгуулахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл аваагүй, түрээслэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдээс түрээсийн төлбөрийг бартер хэлбэрээр хүлээн авдаг байдал тогтоогдсон. Түрээсийн төлбөрийн оронд түрээслэгчид өртэй иргэнийг жолоочоор авч ажиллуулан цалинг нь өрний оронд суутган авдаг, мөн түрээсийн төлбөрийн оронд Лексус 570 автомашиныг бартераар 2016 онд хүлээн авсан боловч зохих журмын дагуу байгууллагын өмчид бүртгүүлэлгүй, хувь хүний эзэмшилд байлгаж байна.

Түүнчлэн яамдын түвшинд гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн тодорхойгүй, зарцуулалтад тавих хяналт бага, хэт үрэлгэн байгаа нь авлигын эрсдлийг бий болгож байна. Эдгээр төслүүд нь гадаадын зээлээр санхүүждэг учир шууд утгаараа төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүй боловч урт хугацаандаа эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг. Жишээ нь, нэг яамны хэмжээнд 2012 оноос 20 гаруй сая ам.долларын, 2015 оноос 30 гаруй сая ам.долларын төслүүд хэрэгжиж байгаа боловч тодорхой хүрсэн үр дүнгүй, үр ашгийг тооцдоггүй байдалтай байна. Мөн нэг яам 2012-2017 онд 10 гаруй сая ам.долларын төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэй гадаадын зээлээр хэрэгжүүлсэн боловч үр дүн нь тодорхойгүй байдалтай байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохиолоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг тул тэдэнд мэдээ, мэдээлэл өгч нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор Хан-Уул дүүрэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт нийт 250 хүүхэд оролцож, урлагийн тоглолт үзэж сонирхлоо. Мөн Гэр бүл судлалын төвийн судлаач, доктор Г.Наранбаатар эцэг эхчүүдэд “Хүүхдийн хүмүүжил-гэр бүлийн харилцаа” сэдвээр илтгэл тавьж эцэг эхчүүдийн сэтгэлийн галыг асаасан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.

Тус өдөрлөг нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүүхдүүдэд дэмжин ажилладаг байгууллагын гарын бэлгийг гардууллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“ДАШТ-2018”-д оролцох багуудын уриаг танилцуулав

ДАШТ-2018-д оролцох Германы хөл бөмбөгийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчид багтаа зориулж “Түүхийг хамтдаа бичилцэе” /Zusammen. Geschichte schreiben/ гэсэн уриаг сонгон авчээ. Энэ тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Тус холбооноос ДАШТ-нд оролцох багуудын урианы талаар хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгын дүнг пүрэв гарагт танилцуулжээ. Эдгээр уриа нь хөлбөмбөгчдийн сууж явах автобусуудыг чимэглэх юм.

Ингээд бусад бүх багийн уриаг танилцуулъя.

Саудын Аравийн шигшээ багийн уриа – Цөлийн рыцариуд

Уругвай – Орост нар ээж байна, тэнгэр бүхэлдээ огторгуйн номин өнгөтэй байна. (Brilla el sol en Rusia, el cielo es todo celeste)

Египет – Таныг фараон гэж хэлэх үед дэлхий даяараа босч сонсох ёстой /When you say Pharaohs, the world must get up and listen).

В хэсэг
Португал – Өнгөрсөн үе бол алдар нэр, одоо үе бол түүх (O passado e gloria, o presente e historia);
Испани – “Хамтдаа байхдаа бид ялагдашгүй” (Juntos somos invencibles);
Марокко – “Атласын арслангууд бол Мароккогийн бахархал (The Atlas lions, pride of Morocco);
Иран – “80 сая хүн бол нэг үндэстэн, нэгэн хэмнэлт зүрхний цохилт” (80 million people, 1 nation, 1 heart beat);

С хэсэг
Франц – “Та бүхний хүч ба бидний хүсэл тэмүүлэл. Хөх цэнхрүүд урагшаа!!!” (Votre force, notre passion. Allez les bleus!!! – фр.);
Австрали – “Эрэлхэг зоригтой бай, алтлаг ногоон Соккерузууд аа” (Be brave, be bold, socceroos in green and gold);
Перу – “Бид буцаж ирлээ! 30 сая перучууд гадагш мордлоо” (Estamos de vuelta! Acá viajan más de 30 millones de peruanos);
Дани – “Бид хамтдаа түүхийг бүтээлцэнэ” (Sammen skaber vi historie);

D хэсэг
Аргентин – “Мөрөөдлийнхөө төлөө хамтдаа” (Unidos por una ilusion);
Исланд – “Мөрөөдлөө биелүүлцгээе” (Látum drauminn verða að veruleika);
Хорват – “Жижиг улс ба агуу том мөрөөдөл” (Mala zemlja. Veliki snovi);
Нигери – “Африкийн бахархлын даль жигүүр” (The wings of african pride);

Е хэсэг
Бразил – “Таваас илүү одод ба 200 сая зүрх” (Mais que 5 estrelas 200 milhões de corações);
Швейцарь – “Дөрвөн өөр хэл ба нэг үндэстэн” (Four languages, one nation);
Коста-Рика – “Улс даяараа тоглож байгаа үед боломжгүй зүйл гэж үгүй” (No hay imposible cuando juega todo un país);
Серб – “Нэг баг, нэг мөрөөдөл–Серб! (Jedan tim, jedan san – Srbija!);

F хэсэг
Мексик – “Мексикт бүтээв, ялалтын төлөө бүтээв!” (Hechos en Mexico! Hechos para la victoria!);
Швед – “Шведийн төлөө хамтдаа!” (Tillsammans för Sverige!);
Өмнөд Солонгос – “Азийн барууд аа, дэлхийг байлдан дагуулцгаая!” (Tigers of Asia, Conquer the world);

G хэсэг
Бельги – “Улаан чөтгөрүүд үүрэг гүйцэтгэхээр явлаа” (Red Devils on a mission);
Панам – “Панам бол хоёр тэнгисийн хүч” (Panama! La fuerza de dos mares);
Тунис – “Орос оронд бүргэдүүд нисч байна. Хөлбөмбөгчид ба хөгжөөн дэмжигчид гар гараасаа барилцана” (Russia here comes the eagles hand in hand players and fans);
Англи – “Бидэнд ялалт авчраарай” (Send us victorious);

Н хэсэг
Польш – “Польш орон, урагшаа!” (POLSKA DAWAJ!)
Сенегал – “Боломжгүй гэдэг үг сенегальчуудад хамаарахгүй” (Impossible n’est pas senegalais);
Колумб – “Нэг мөрдөөдөл, гурван өнгө ба 50 сая зүрх” (Aquí van 1 sueno, 3 colores y 50 millones de corazones);
Япон – “Хөх самурайчууд аа, тулалдацгаая!” (It”s time to battle, samurai blue!).

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэдээ бэлэг авахдаа хадгалах хугацааг харахыг анхааруулав

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас 110 аж ахуйн нэгж, 73 иргэний худалдаалж буй хүүхдийн бэлгэнд багцалсан хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын хүрээнд давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлж, 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авсан байна. Энэ талаар НМХГ-ын Улсын байцаагч Х.Чимгээ, “Шалгалтын явцад хадгалах хугацаа дууссан, хаяг, шошгын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд боосон зөрчил илэрсэн. Аж ахуйн нэгжүүдэд хаяг, шошгоны шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татах, зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн. Харин хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хураан авч, устгалд орууллаа” гэв.

Хүнсний бүтээгдэхүүний зөрчлөөс үүдэн хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирвал худалдаалсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэхийг лавлахад “Хаяг, шошгын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж буцаан таталт хийлгэдэг. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэлээ. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дэх хэсэгт Хүнсний тухай хууль тогтоомж зөрчсөн иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг 3 сая төгрөгөөр торгохоор заажээ.

Эх үрсийн баяраар хүүхэддээ чанарын шаардлага хангасан бэлэг сонгохыг НМХГ-н Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш зөвлөв. Тэрбээр, “Бэлгэнд боосон хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, найрлага, орц, шошгыг анхаарах, хүчиллэг болон чихэрлэгийн агууламжид анхаарах хэрэгтэй. Түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа худалдаж буй нөхцөл, хадгалалтын горимд анхаарах нь чухал” гэлээ.

Эх үрсийн баярын үеэр НМХГ-ын 150 улсын байцаагч Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих аж.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. Ерөнхийлөгчийн зүгээс 100 хувь хүүхдийн мөнгө олгох санал оруулсан бөгөөд нэгтгэсэн хэлэлцүүлгээр 80 хувьд олгохоор хэлцэж байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон зарим гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хэрэгтэй, шаардлагагүй зардлыг төсвөөс танаснаар санхүүгийн хувьд хүндрэл үүсэхгүй гэсэн байр суурь хэлж байгаа. Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөхөд 20 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ 20 тэрбум төгрөгөө хүүхдэд гаргаад өгөхийн төлөө бид маргаж суух хэрэггүй гэж бодож байна. Зорилтот бүлэг яагаад жилийн дотор 60 хувь байсан нь 80 болж өсч байгаа юм бэ? Би үүнийг улс төржилт гэж харж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Хэрэв өгөхгүй бол хүүхдээ хайрлахгүй байна гэж хэлж болохоор байна” гэв.

ЕТГ-ын дарга З.Энхболд “Хүүхдийн мөнгийг 80 биш 100 хувь олгоход 12.9 тэрбум төгрөг л нэмэх шаардлагатай. Энэ нь 50 ширхэг жип автомашины үнэ. ОУВС-тай 80 хувь болгох хэлэлцээр хийж болсон юм чинь 100 болгож болох байлгүй. Үргүй зардал маш их байгаа. МАН-ын зарим гишүүд ч хүүхдэд 100 хувь олгох боломжтой. Мөнгө байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгох боломжгүй гэж байна. Юм бүрээ асуух шаардлагагүй гэж үзэж байна” гэж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа “Энэ бол мөнгө төгрөгийн асуудал биш ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-тай хамтарч ажиллаж, бодлогын баримт бичиг байгуулсан. Энэ баримт бичигт Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж тусгасан байдаг. Үүнийг өнгөрсөн 5 дугаар сард хэлэлцээ хийж байж 80 хувь болгосон. Хэрэв 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно. Хэрэв зогсвол эдийн засгийн энэ тогтвортой байдал бүгд алга болно. ОУВС-тай бид заавал ойлголцох учиртай. Бид өөрсдөө өр зээлээ дарж чадахгүй, эдийн засгийн уналтаа зогсоож чадахгүй учир санал тавьж, хөтөлбөр авсан. Тэр хөтөлбөрийн хүрээнд тохирсон хэлцэлийг бид гэрээ гэж ойлгож дагах хэрэгтэй. Өрхийн шинэчилсэн судалгааг тогтоол гарснаас хойш эхлүүлнэ. Богино хугацаанд хийнэ гэж бодож байгаа.2015 онд 2016 оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж тооцоод баталчихсан. Одоо 100 хувь олго гэж шаардаад байгаа хүмүүс тэр үед 60 хувьд олгоно гэж нийлээд баталж байснаа санаач. Та бүхэн тухайн үед энэ үгээ яагаад хэлээгүй юм бэ” гэв.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас С.Баярыг дарамтласан зүйл байхгүй

АТГ-аас мэдэгдэл хийв. Тэд сар бүр уламжлал ёсоор хийсэн ажлынхаа тайланг тавьдаг билээ. Энэ удаа тавдугаар сард хийсэн ажлынхаа тайланг тавилаа. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тус мэдэгдэлд АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.БаярхүүАТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцов.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Шалгагдаж байгаа хэргийг прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгдөг. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгаа. Шалгагдаж буй хүмүүсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх талаар хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажлууд болох байцаах, үзлэг туршилт, эд зүйл хурааж авах гэх мэт ажлуудыг хуулинд заасны дагуу прокурорын хяналт дор явуулдаг. Энэ ажилгааны хүрээнд цагдан хорих арга хэмжээ явагдсан. Яллагдагч нарыг тодорхой хугацаагаар түр бичгээр прокурорын зөвшөөрлөөр аваад ажиллагааг хийж, буцааж хүлээлгэж өгдөг. Энэ ажиллагаа нэр бүхий хүмүүст 1-2 удаа явагдсан. Үүний хүрээнд 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас авчирч өмгөөлөгчийг байлцуулж байцаалт авах тодорхой ажлыг хийсэн.

АТГ-ын даргын тухайд Авлигатай тэмцэх тухай хуулийн 23.1.7 заасны дагуу хэрэг үүсгэх, мөрдөн байцаах ажилтай танилцах гэсэн эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд тус газраас шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах үүрэг чиглэл өгөх, үүрэг чиглэлтийн биелэлтээ эргэж тооцох эрх нээлттэй байгаа. Эрхийнхээ хүрээнд тухайн яллагдагч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд хүлээж авч уулзах нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш. Энэ бол хуулийн дагуу явагдсан арга хэмжээ. АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр хор өгсөн, дарамталсан, айлган сүрдүүлсэн улмаар бие нь муудсан зүйл болоогүй. Үүн дээр ямар нэгэн хууль зөрчсөн юм байхгүй. Энэ нь прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн үйл ажиллагаа байгаа” гэсэн юм.

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “Нийтийн албаны 801 арбан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг хийлээ. Таван аж ахуйн нэгжийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Гэвч өөрийн ашиг сонирхлын дагуу авлигын хэргүүд одоо хүртэл гарсаар байна. Үүнийг газар дээр нь таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа. Нэр бүхий байгууллага түрээсийн гэрээг хийгээгүй, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй. Түрээсийн төлбөрийг бартер хэлбэрээр авдаг. Түрээсийн төлбөрийн оронд өртэй иргэнийг авч, цалингүй ажиллуулдаг. Төлбөрт нь автомашин аваад байгууллагын өмчид бүртгэж аваагүй, хувь хүний нэр дээр явдаг гэх мэт зөрчил дутагдлууд гарсаар байна. Мөн яамдын төсөл хөтөлбөрүүдийн дундаас ашиг унагаж, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг. Энэ нь аажимдаа эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг учир төсөвт хүндрэл учруулдаггүй. Нийтийн албан тушаалтны 25400 хөрөнгө орлогын мэдүүллэгийг цахим хэлбэрээр байршуулсан. Нийт 40000 гаруй төрийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг иргэдэд нээлттэй хүргэсэн. Төрийн албанд томилогдох 732 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ” гэж мэдэгдэв.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын өрийн хэмжээг 2019 онд ДНБ-ний 55.3 хувьтай тэнцүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг батлав.

Ирэх оны үндсэн чиглэлийг Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны болон Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн үндсэн бүлгүүдийн хүрээнд 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийт 8 их наяд 780 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнээс 5 их наяд 170 тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ирэх онд Засгийн газрын нийт өрийг 10 хувиар бууруулж, ДНБ-ий 55 хувьд хүргэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар бонд гаргахгүй байх зэрэг томоохон ажлуудыг хийхээр тусгажээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын өрийн хэмжээг тодруулав. Мөн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллахыг санууллаа. Засгийн газраас өрийн хэмжээг тасралтгүй буулгах бодлого барьж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Тэрбээр, “2016 онд Монгол Улсын ДНБ-ний 85 хувьтай тэнцэж байсан. Бид 2019 онд энэ үзүүлэлтийг 30 хувиар буулгаж, 55.3 хувь хүргэх зорилт тавьсан” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь дэмжиж, хуулийн төслийг батлав.