Categories
мэдээ цаг-үе

Ц.Батбаяр: Бяр орж, бэлтгэл жигдрээд ирэхээр бөхчүүд жижигхэн харагддаг гэж аав хэлж байсан

Цэвээнравдан том хүү, зээгийн хамт

Уйлган голоос төрсөн ууган аварга Ж.Цэвээнравдангийн том хүү гавьяат барилгачин Ц.Батбаяртай ярилцлаа.


-Аавын тань төрж өссөн нутаг, усны талаар ярилцлагаа эхэлье?

-Миний аав Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг Уйлган голын хөвөөнд 1918 онд харуул занги Жамсрангийн голомтод төрсөн. Аавыг бага байхад эцэг нь өнгөрч, ээж дүү хоёртойгоо өнчирч хоцорсон юм гэсэн. Өсвөр насандаа Даян дээрхийн хийдэд лам багшид шавилж түлээ усыг нь зөөж, тогоо шанагыг нь барьж өгч байж. Ингэж аж төрж байтал 1930 оны хэлмэгдүүлэлт эхлэх үед ээж, дүү хоёртойгоо мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан түүхтэй.

-Цэргийн албанд очоод барилдаж эхэлсэн үү. Улсын заан “цагдаа” Д.Содном гэж хүн сайн бөх болохыг нь таньж, бөхийн замд хөтөлсөн гэдэг юм билээ?

-Миний аав бөхийн спортоор хожуу хичээллэж эхэлсэн. Энэ нь ч амжилтад нь эергээр нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Бие хаа нь тэгширч, эр бяр нь жагссан хойноо барилдаж эхэлсэн байдаг. 1941 оны зун мал эмнэлгийн цэрэг байхдаа барилдах санаатай хотоор явж байгаад комендантын хоёр цэрэг таарч даргадаа аваачиж өгсөн гэсэн. Очоод барилдахаар яваагаа учирлатал “Оргож ирчихээд олигтойхон барилдаарай” гээд цэнгэлдэх рүү дагуулж явсан гэнэ лээ. Цэрэг хувцастайгаа ноцолдоод хоёр давахад нь нөгөө цэргийн дарга нь зодог шуудаг олж өгөөд барилдуулж байсан талаар аав сүүлд дурсаж ярьдаг байсан. Аав ч итгэлийг нь алдалгүй сайн барилдаж үзүүр булааж байсан гэсэн. Хожим нь нөгөө даргатайгаа танилцахад 1931 оны улсын наадамд долоо давж улсын заан цол хүртсэн Долгорын Содном гэж бөх болж таарсан. Чөлөөний хуудасгүй явж байсан цэргийг шууд хорьчихолгүй барилдуулсан нь ирээдүйд сайн барилдахыг нь олж харсантай холбоотой гэж Д.Содном заан сүүлд хэлж байсан.

-Таны аав 1943 оны наадмаар заан болж байсан шүү дээ. Энэ наадмын талаар аав тань юу хуучилж байв?

-1941, 1942 оны наадмуудад аав барилдаж доогуур даваанд унасан нь их сургамж болсныг нь сонссон. Бөх хүнд зөвхөн бяр биш мэх, арга ухаан хэрэгтэйг ойлгосон юм билээ. Аав минь 1943 оны наадамд долоо давж заан болоод Архангайн “суудаг” Содов арсланд өвдөг шороодсон. Тус наадамд түрүүлэх боломжоо алдсан гэж ярьдаг байсан. Тэр жил түрүүлэх өрсөлдөөнд байсан дархан аварга Б.Түвдэндорж тавын даваанд уначихсан юм билээ. 1943 оны наадмын түрүү үзүүрт үлдсэн “суудаг” Содов, “аат” Лувсанжамц нарыг аав хаяж сурсан байсан юм билээ. “Цол авч сэтгэл хөөрөхөөр барилдаандаа төвлөрч чадахгүй байсан” гэж аав хуучилж байсан.

Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Б.Түвдэндорж аваргыг давж түрүүлж буй нь

-1945 оны улсын их баяр наадамд Б.Түвдэндорж аваргатай үлдэн үзүүрлэж Монгол Улсын арслан цол хүртэж байсан. Энэ талаар нь ярихгүй юу?

-Ардын хувьсгалын 24 жилийн ойгоор найм даван үзүүрлэж “Улам нэмэх арслан” цол хүртэж байсан гэсэн. Аавыг маань энэ үеэс л бөх сонирхогчид наадмын түрүү бөхийн тааварт оруулж эхэлсэн юм билээ. Гэсэн ч түрүүлж өгөхгүй явсаар 1951 онтой золгосон байдаг.

-Ж.Цэвээнравдан аваргыг 1947 оны наадмын түрүү бөхөөр нэрлэж байсан ч санасандаа хүртэл барилдаж чадаагүй унасан гэдэг?

-Тэр оны наадмаар дархан аварга Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир нар монгол бөхөө сурталчилахаар Чехийн Прага явчихсан байсан болохоор “Энэ зуны наадам Цэвээнравдан арслангийнх болно” гэж олон хүн ярьж байсныг ахмадууд дурсдаг. Аав долоо давж их шөвөгт үлдээд Хязгаарын газрын залуу бөх Ш.Батсуурийг амлаж барилдаад доогуураа гүйлгээд уначихсан гэсэн. Ш.Батсуурь гуай ч тэр жил од нь гүйж анхныхаа түрүүг авч байсан түүхтэй. Наадмын дараа Б.Түвдэндорж, Б.Чимэд-Очир аваргууд ирээд Налайхын наадмаар “Эзгүйд түрүүлсэн арслангийн бярыг шалгана” гээд Ш.Батсуурь арсланг амлаж барилдаад хоёулаа унаж байсан гэсэн. Үүнээс үзэхэд Ш.Батсуурь ямар хэмжээний бөх байсныг илтгэж байгаа юм л даа.

-Аварга цол хүртэж байсан наадмынхаа талаар аав тань юу гэж хуучилж байв. Хүнд бэртэлтэй барилдаж түрүүлсэн талаар ном зохиолд тэмдэглэсэн байдаг?

-Аав 1951 оны хавар циркийн үзүүлбэрийн дундуур явагддаг барилдаануудад тогтмол зодоглож байсан нь сайн бэлтгэл болсон талаар сүүлд надад хэлж байсан. Тэр жил наадмын өмнө долдугаар сарын 9-нд голын цэнгэлдэхэд зодоглож Нисэхийн “тавхай” Лувсан заантай барилдахдаа бугуйгаараа дарж унаад мулталчихсан гэсэн. Тухайн үед эмнэлэг байсан биш, ямааны халуун арьсаар боож, хар цайгаар шавшиж байгаад л барилдсан юм билээ. Бүртгүүлэхэд нь баяр наадмын бөхийн комиссын дарга Баяр “Ийм гартай яаж барилдах юм. Бэртлээ сэдрээчихвэл цаашдаа барилдаж чадахгүй. Залуу хүн олон наадамд барилдана. Энэ жилдээ өнж” гэхэд нь аав “Энэ жил миний бэлтгэл сайн байгаа, заавал барилдана” гэж зөрүүдлээд гарсан гэсэн. Баруун гар нь атгаж ч чадахгүй байсан болохоор зүүн гараараа л барилдаж долоо давсан талаараа ярьж байсан. Аав хожим нас өндөр болсон хойноо “Бэлтгэл ханаад бяр ороод ирэхээр бөхчүүд жижигхэн харагддаг” гэж ярихыг сонссон.

-Их шөвөгт үлдээд Ш.Батсуурь аваргатай барилдсан барилдааных нь талаар ярихгүй юу. Өмнөх улсын наадмаар гурван ч удаа Ш.Батсуурь аваргад өвдөг шороодоод байсан шүү дээ?

-Ш.Батсуурь их ширүүн барилдсан гэж ахмад бөхчүүд хуучилдаг. Аварга зайлж гуядахад аав бэртэлтэй гараараа суйлж салтаадаж өргөөд тавьчихсан юм билээ. Хоёр гартай байхдаа гурван жил даваагүй бөхөө ганц гараараа барьж хаячихаад бяр нь улам нэмэгдэх шиг болсон гэж сүүлд хэлж байсан. Арвын даваанд аваргын тохойн дороос алгадаад ганхасхийхэд нь харцагадаж дайрч ард нь гарч давж байгаа зураг нь одоо хананд өлгөөтэй байгаа.

Ж.Цэвээнравдан аварга гэргийн хамт

-Ж.Цэвээнравдан аварга гол төлөв ямар мэх хийж барилддаг байсан бэ?

-Гар урттай хүн байсан болохоор суйлах, халбагадах, харцагадаж дайрах, тонгорох мэх хийдэг байсан. Аварга, арслан цол хүртэхдээ гол төлөв суйлах, тонгорох мэх хийсэн гэж ахмад үеийн бөх сонирхогчид ярихыг нь олон удаа сонссон.

-Аварга тийм удаан барилдаагүй нь бэртэл гэмтэлтэй холбоотой юу?

-Түрүүлснийхээ дараа аав бэртэл, гэмтлээ илааршуулах гээд халуун рашаанд орсон юм билээ. Энэ нь сөргөөр нөлөөлж эрт барилдахаа больсон гэж манайхаар ирсэн ахмадууд хэлж байхыг нь сонссон. Аав түрүүлснийхээ дараа нь нутгаасаа хоёр залууг дэмжиж улсын цолны босго алхуулсан гэсэн.

-Зан чанарын хувьд ямар хүн байв?

-Дэндүү даруухан хүн байсан. Настай болсон хойно нь “Хамт наадмын талбай оръё” гэхэд “Би ийм муухай болчихоод, муухайгаа хүнд харуулах юм уу” гэж хэлж байсан. Их гэр амьтай хүн байсан даа. Найрсаг, нөхөрсөг хэрнээ шооч зантай. Аавын ёжилж хэлсэн үгнээс хүн буруугаа ухаардаг. Хатуу ч, үнэн үгтэй хүн байсан даа.

-Танайхаар бөхчүүд их ирнэ биз?

-Улсын арслан Ц.Бадам-сэрээжид, “хужаа” Ө.Чүлтэмсүрэн гээд арслангууд ирж даалуу тоглодог байсан. Ш.Батсуурь аварга ирж аавтай хууч хөөрнө. Нэг өдөр Ш.Батсуурь аварга манайд ирээд “ Нэгэн цагт наадмын дэвжээнд өрсөлдөж явсан Б.Түвдэндорж, Чимэд-Очир хоёртойгоо тухтай ярьж сууж ч амжилгүй алдчихлаа. Одоо хоёулаа холбоотой байя” гэж хэлж байж билээ. Хааяа дархан аварга Д.Дамдин орж ирнэ. Ирэхээр нь аав ээжид “Эхнээр, ангийн чинь хүүхэд ирлээ. Цай хийж өг” гээд хэлнэ. Ээж Д.Дамдин аваргатай Цагаан-Үүрт нэг ангид сурч байсан юм билээ.

-Та аавынхаа ямар чанарыг биширч байсан бэ?

-Аавынхаа оюун ухааныг биширдэг байсан даа. Ердөө гуравдугаар ангийн боловсролтой хүн гэхэд л том Сангийн аж ахуйн ерөнхий нягтлан, Хөдөө аж ахуйн, материал техникийн хангамжийн баазын дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Дээрээс нь хүүхдүүддээ их халамжтай. Өглөө эрт босоход амттай хоол, цай бэлдчихсэн сууж байдаг сан.

-Та аавтайгаа нутаг руугаа очиж байв уу?

-Хамт очиж амжаагүй шүү. Сүүлд нас өндөр болсон хойноо нутаг руугаа очих хүсэл байсан болов уу гэж одоо боддог юм. Бид ч ажил албатай байсан болохоор хэлж ярьдаггүй байсан байх. Тэр үед ч өнөөдрийнх шиг унаа тэрэг элбэг байсангүй л дээ.

-Аварга хүүхдүүдээ бөх болгоно гэж хэлж байв уу?

-Аав маань хүүхдүүдээ заавал бөх болгоно гэж шахаж байгаагүй ээ. Нас, бие гүйцэхээрээ барилдах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Намайг 24-тэй байхад “За, хүү минь бие нь сайхан хөгжөөд одоо л барилдвал зүгээр” гэж хэлсэн л дээ. Би тэр үед бөх гэхээс илүү волейболын спортод сонирхолтой байсан. Одоогоор аавыг залгаад барилдах бөх манайхнаас хараахан гараагүй л байна. Хэдэн зээ нараа л барилдах болов уу гэж харах юм даа.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Компьютерийн хөгжлийн тав дахь хувьсгал Блокчейн

Блокчейн технологид суурилсан программ хөгжүүлэгч старт-апууд жилд 3.7 тэрбум ам.долларын токен худалдаа хийж байна. Ер нь блокчейний ирээдүйд эргэлзэх шалтгаан байхгүй. Крипто валютаар монголчуудад танил болсон блокчейн технологийн хэрэглээ ирээдүйд ганц салбараар хязгаарлагдахгүй. Биткойн блокчейний хэрэглээний нэг л жишээ юм. Блокчейн бүх салбарыг хамарч дэлхийг өөрчилнө гэсэн таамгийг баталсан үйл явдал шил дарж байна. Луйс Дрэфус блокчейн технологи ашигласан дэлхийн хамгийн анхны газар тариалангийн гэрээ хэлэлцээрийг хийсэн бол Амстердамын Guardtime групп блокчейн технологи бүхий платформыг ашиглан мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломж байгааг танилцуулсан юм.

Дээр дурдсан газар тариалангийн хэлэлцээр нь Америкаас урд хөрш рүү шар буурцаг тээвэрлэх бизнес байж. Худалдааны хэлэлцээрийг нь EasyTrad­ing Connect блокчейн платформын тусламжтайгаар хийжээ. Мөнгөн гүйлгээг нь ч цахим хэлбэрээр шийдсэн аж. Ингэснээр энгийн аргаар хийдэг хэлэлцээрээс тав дахин бага хугацаа зарцуулжээ. Мэдээж хэмнэсэн зардал мөнгө гээд өчнөөн давуу тал бий. Блокчейнд суурилсан онлайн санал хураалтын системийг Follow My Vote нэртэй старт ап компани хөгжүүлж байгаа. Үүнээс гадна Ubitquity компани үл хөдлөх хөрөнгийн худалдааг блокчейн платформд суурилсан байдлаар санал болгожээ.

IMB хоёр жилийн өмнө Сингапурт блокчейний шинэчлэлт, судалгааны төвөө нээсэн бол түрүү жил Harvard Business Review сэтгүүлд блокчейнийг эдийн засаг, нийгмийн системд шинэ үндэслэл бий болгох чадамж бүхий суурь технологи гэсэн агуулгатай нийтлэл хэвлэгджээ.

Ингээд бодохоор блокчейн технологи ирээдүйд ямар хурдтайгаар хүчээ авахыг таамаглах аргагүй. Блокчейнийг компьютерын ухаанд тав дахь хувьсгал буюу интернэтэд өмнө нь байгаагүй итгэлцлийн түвшин гэж нэрлэж байна. Хар үгээр хэлбэл ямар нэгэн мэдээлэл блокчейнд бичигдлээ гэхэд устгаж засварлах боломж байхгүй. Ийм онцлогтой учраас худалдааны гэрээ, бизнес, банкны гүйлгээнд ашиглаад байгаа хэрэг.

БЛОКЧЕЙН ГЭЖ ЮУ ВЭ?

Энгийнээр хэлбэл мэдээллийг үнэн зөвөөр найдвартайгаар тараан байршуулж хадгалах технологи. Мөнгөний шилжүүлгийн бүртгэлийг хадгалах боломжтойгоос гадна өгсөн зээлийн бүртгэл, өмчийн эрхийн бүртгэл, замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл гээд бүх төрлийн бүртгэлийн мэдээллийг хадгалах боломжтой.

Цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчейн дотор бичиж болно гэж мэргэжлийнхэн онцолдог. Гэхдээ цаасан дээр хуурамчаар дуурайж бичиж болох гэх мэт сул тал бий. Харин блокчейн дэх бүртгэлийг хуурамчаар дуурайх боломжгүй. Нэрнийх нь утгыг ухахад л энэ технологийн онцлогийг хялбархан ойлгох боломжтой. Блок бүр өмнөх блоктойгоо холбогддог мэдээллийн блокуудын гинж гээд тайлбарлачихаар нэрнийх нь утга гараад ирчихэж байгаа юм.

СҮҮЛЧИЙН ГАНЦ КОМПЬЮТЕРИЙГ УНТРААХ ХҮРТЭЛ АЖИЛЛАСААР БАЙНА

Дэлхийн сүүлчийн ганц компьютерийг унтраах хүртэл ажилласаар байх технологи бол блокчейн. Хэзээ ч унтрахгүй, бас эвдрэхгүй. Шинэ хэрэглэгч нэмэгдэхэд сүлжээ өргөжиж бэхэжсээр байдаг. Бүх компьютер тэнцүү эрхтэй. Ямар нэг зохион байгуулагч, зохицуулагч, хянагч менежерийн үүрэг гүйцэтгэдэг тусгай компьютер байхгүй. Блокчейний бүх мэдээлэл буюу блокууд хүн бүрт нээлттэй. Гинжин хэлхээг харж мэдээллийн өөрчлөлтүүдийг ажиж болно. Илүү тодорхой жишээлье гэвэл хэн нэгэнд 45 сая ам.доллар байгааг харах боломжтой. Гэхдээ тэр хүнийг түлхүүрээ явуултал хэн бэ гэдгийг нь мэдэх ямар ч боломж байхгүй. Блокчейны найдвартай, аюулгүй байдлыг криптографийн түлхүүрээр эзэмшдэг. Криптографийн түлхүүр гээд байгаа нь зүгээр л тоонууд. Маш их тоонуудыг л түлхүүр гээд байгаа юм.

АЛГОРИМТААР БОДОЖ БАЙЖ ОЛДОГ ТҮЛХҮҮР

Түлхүүрийг нь хэш-функц нэртэй тусгай алгоритмаар бодож гаргадаг. Хэш-функц эцэст нь маш чухал хоёр шинжтэй ганцхан түлхүүр олгодог. Түлхүүр байхад ч эх үүсвэрийн багц мэдээллийг мэдэх боломжгүй нь түлхүүрийн эхний шинж. Яг тийм түлхүүр олгох өөр нэг багц мэдээлэл дахин олдох боломж огт байхгүй гэдэг нь түлхүүрийн хоёр дахь шинж. Товчхондоо түлхүүртэй байлаа гээд бүхнийг мэдэх боломжгүй гэсэн үг. Нөгөө талаас нь харвал таны хувийн мэдээлэл алдагдаж, эрсдэлд орохгүй амьдрах бүрэн баталгаа блокчейнд байгаа гэж ойлгож болно.

БАНКУУД БЛОКЧЕЙН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ

Блокчейний нөлөөгөөр 2009 оноос банк, санхүүгийн салбар огцом өөрчлөгджээ. Хоёр жилийн өмнө IBM компаниас 200 банкинд судалгаа явуулсан аж. Дэлхийн том банкуудын 15 хувь нь хоёр жилийн дотор блокчейн технологийг ашигласан санхүүгийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөснөө мэдээлжээ. Харин 65 хувь нь гурван жилийн дотор блокчейн төслүүдийг хэрэгжүүлнэ гэцгээж. Даатгалын компаниудын хувьд блокчейн технологи байнгын автомат гэрээ хэлцэл гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд маш том нөлөө үзүүлэх нь. Гэрээ болон гүйлгээнүүдийн түүх нь даатгалын компаниудын дундын бүртгэлд хадгалагдах аж. Хөгжмийн салбар дахь зарим асуудлыг блокчейний туслалцаатайгаар шийдэх ажил эхэлчихэж. BSAC Business Paper-т блокчейн технологи дуу хөгжмийн салбарт зохиогчийн эрхийг баталгаажуулахад оновчтой шийдэл болох боломжтой гэсэн агуулга бүхий нийтлэл гарчээ. PledgeMusic компанийн үүсгэн байгуулагчдын нэг Бенжи Рожерсийн хэлж байгаагаар блокчейн технологид суурилсан, дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой мэдээллийн санд одоогоор бүтээгдсэн, ирээдүйд бүтээгдэх бүх дуу хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэж магадгүй нь. “Хөгжмийн шударга худалдааны мэдээллийн сан” гэж нэрлэх хувилбар ч яригдаж байгаа гэнэ. Энэ санд орсон уран бүтээл бүр зохиогч болон эзэмшигчийн мэдээллийг MVD гэсэн форматаар хамт агуулж байх юм байна.

Оросын Хадгаламжийн банкны тэргүүн Герман Греф блокчейнийг бизнес, төрийн удирдлагад ашигласнаар эдийн засагт огцом тэсрэлт болно гэж үздэг хүмүүсийн нэг. Тэрээр тав хүрэхгүй жилийн дотор блокчейнийг аж үйлдвэрийн загваруудад хэрэглэх боломжтой гэж хэлж байна. Амьдралд бүрэн хэрэгжих хугацааг нь 7-10 жил гэж таамаглажээ. Герман Греф “Надаас блокчейн технологи хөгжин нэвтрээд ирэхээр Оросын Хадгаламжийн банк байх уу гэж асуудаг. Ерөөсөө бизнесийн ямар төрлүүд тэсч үлдэх нь маш том асуудал юм. Бид одоо блокчейн эдийн засгийн тухай ярьж байна, яагаад гэвэл энэ технологи бүх салбарыг хамарсан технологи учир асар их боломжийг олгож байгаа юм. Бизнес-загварууд хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй” хэмээн ярьжээ.

Бэлтгэсэн Ц.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гантулга: Донтолтод өртсөн хүний төрөлх зан огцом өөрчлөгддөг

-МАНСУУРУУЛАХ БОДИС ТАРЬЖ ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮСИЙН 50 ХУВЬ НЬ ЭЛЭГНИЙ C ВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН БАЙДАГ ГЭСЭН СУДАЛГАА БИЙ-

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч Ж.Гантулгатай ярилцлаа.


-Сүүлийн үед мансууруулах бодист донтох тохиолдол ихэссээр байгаа гэсэн мэдээлэл хэр ортой вэ. Мансууруулах бодисын хүний биед үзүүлдэг сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгөөч?

-Мансууруулах бодис хүний бүхий л эрхтэн тогтолцоог гэмтээж, хоромхон зуур хэрэглэхэд нь аюултай байдалд аваачдаг. Мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэвэл элэгний архаг үрэвсэл, сүрьеэтэй болно. Зам тээврийн осолд өртөх, осол үйлдэх, тун хэтрүүлснээс болж амиа алдах хүртэл эрсдэлтэй. Мөн мансуурсан үедээ амиа хорлох оролдлого хийх, хүчирхийлэлд өртөх зэрэг маш олон асуудал үүсч эхэлнэ. Цагдаагийн байгууллагын тоон мэдээ, манай төв дээр сэтгэцийн шинжилгээ хийлгэдэг байдлаас үзэхэд мансууруулах бодистой холбогдож, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо өссөн байна лээ. Өсвөр үе, залуучуудын дунд хэрэглээ нь ихэссэн. Тэдэнд анхаарсан үйлчилгээ үзүүлдэг тусгай комисс ажилладаг. Энэ талаар үндэсний хэмжээнд хийгдсэн бодитой статистик судалгаа одоохондоо алга. Мансууруулах бодистой холбоотой бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, хил гаалиар гаргах, хэрэглэх тээвэрлэх, зарж борлуулах зэрэг нь нөхцөл нь нэмэгдсэн.

-Мансууруулах төрлийн бодис төв мэдрэлийн системд илүү хор уршигтай гэл үү?

-Төв мэдрэлийн систем буюу уураг тархийг гэмтээдэг. Ер нь мансуурна гэдэг нь хүн хордлогод орж байна гэсэн үг. Үүнээс гадна тархины эсүүдийг тодорхой хэмжээнд мөхөөж, гэмтээдэг.

Тархины онцлог гэж байна. Хүний идэж уусан, гаднаас орж буй зүйлүүд цусанд шимэгдэж, хүний биеийн бүхий л эд эрхтэнд очдог. Тархинд аюул учруулах уу, үгүй юу гэдгийг хянадаг шүлтүүр гэж байдаг. Тархинд аюул учруулахаар гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалах зохицолдолгоотой. Өөрөөр хэлбэл хориг гэсэн үг. Мансууруулах бодис хоригоос зөвшөөрөл авахгүйгээр шууд тархинд нөлөөлдөг. Байгалиас хүнд заяасан хамгаалах тогтолцоонд захирагддаггүй. Тэгэхээр хар тамхийг хүний уураг тархинд очоод шууд гэмтээх нөлөө үзүүлдэг гэж ойлгож болно. Тухайн хүний нас, хэдий хугацаанд хэрэглэсэн, ямар төрлийн бодис хэрэглэсэн гэдгээс хамаарч, үйлчлэл нь янз бүр байдаг. Хүний бодол санаа, сэтгэл хөдлөл, мэдрэхүй, биеэ авч яваа байдал зэрэг бүхий л зүйлст сөрөг нөлөөтэй.

-Мансууруулах бодист донтох үзэгдэл голчлон хэдэн насныханд ажиглагдаж байна?

-Мансууруулах бодист донтох эмгэгтэй хүнийг тусгай оношлогооны шалгуураар оношилно. Мансууруулах бодисыг их хэрэглэдэг үү гэдгийг мэргэжлийн эмч үзэж, мэргэжлийн баг ажиллаж байж, тогтооно. ДЭМБ-аас гаргасан олон улсын өвчний аравдугаар ангилал гэдгээр донтсон эсэхийг оношилж болно. Мөн Америкийн сэтгэцийн эмч нарын холбооноос гаргасан DSN-5 гэдгээр оношилдог. Оношлогоог зайлшгүй мэргэжлийн эмч хийдэг. Сорилт тестүүд ч авдаг. Хэрэглэсэн байгаа эсэхийг үнэлэхийн тулд цус, шээснээс шинжилгээ авна. Мансууруулах бодисын хамааралд орчихсон гэдгийг мэдэх маш энгийн. Тухайн бодисыг хэрэглэхгүй байхаар зовиур илэрдэг. Архи уусны маргааш шарталтын шинж тэмдэг илэрдэг дээ. Шарталтаа тайлах гэж хоёр гурван хоног дараалж, архи уувал донтох тал руугаа орж байна гэсэн үг. Мансууруулах бодисыг хэрэглэхгүй бол ижил хэмжээний мэдрэмж авахын тулд хэмжээгээ нэмэгдүүлэх нь донтолтын нэг хэлбэр. Мөн хэрэглээндээ тавих хяналт нь суларч эхэлдэг. Чичрэх, салганах, хөлс гарах, айдас түгшүүртэй байх, уурлах, бухимдах зэрэг олон шинж бий. Тэдгээр илэрч буй шинжүүд тухайн бодисоо хэрэглэхээр алга болдог. Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 16-35 насныхан холбогддог. Олон төрлийн бодис бий. Хар тамхи, тамхи, цавуу, газ, мөн хүмүүсийг тайвшруулж, унтуулдаг, сэргээдэг бодисууд ч байна. Өвдөлт намдаана. Хамгийн наад зах нь арван дэд бүлэгт хуваагдана. Энэ дотроо задарна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг жагсаалтад бодис төрлийн байнгын өөрчлөгдсөн байдаг.

-Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд архины хамааралд орсон хүмүүс их ирдэг үү?

-Сүүлийн үед архины хэрэглээ буурахгүй байгаа. Манай Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн клиник 30 ортой. Тэнд хүмүүс байнгын тасралтгүй хэвтэн эмчлүүлдэг. Зарим тохиолдолд оочер ихтэй тул хүлээх ч үе байна. Архины хамааралтай, асуудалд орчихсон хүмүүс манай төвд хандагсдын 98 хувийг эзэлж байна. Мансууруулах бодисын хамааралтай хүмүүс ирж байгаа. Гэхдээ олноор биш. Энэ бодисын хамааралд орчихлоо гэх нь харьцангуй бага. Учир нь мансууруулах бодисыг нууц далд хэлбэрээр хэрэглэдэг. Хуулийн асуудал яригддаг шүү дээ. Манай төв албадан эмчилгээ биш, сайн дурын үндсэн дээр хэн нэгэн өөрөө эсвэл гэр бүлийнх нь хүн авчирдаг. Насны хувьд бүх насныхан байна. 20-60 насныхан гэж ойлгож болно.

-Архины хамааралд орсон эмэгтэйчүүд танайд ханддаг уу?

-Манай улс эмэгтэйчүүдийн саатуулах байртай. Тэрхүү байгууллагатай манайх хамтарч ажилладаг. Эмэгтэйчүүд архи согтууруулах ундаа хэрэглээд хэн нэгэнтэй маргасан, зөрчил гаргасан, зодолдсон, хулгай хийсэн байдаг. Үүнийг дагаж архи согтууруулах ундааны хэрэглээ нь ч нэмэгдсэн байна лээ. Архийг хоног дараалж ууна гэдэг өөрөө аюултай. Гурав, түүнээс дээш хоног хэрэглэж байгаа бол эргэлзэхгүйгээр эмчид үзүүлж, эмчлүүлэх ёстой. Тухайн хүн өөрөө өөрийнхөө хэрэглээнд хяналт тавьж, анхаарч эхлэх хэрэгтэй. Тэр хэвээрээ байвал архинд донтох эмгэг рүү ойртож, орж байна гэсэн үг. Хэрвээ өөрөө эргэлзэж байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэж байж оношоо тодорхойлно. Архинд донтчихсон хамааралд орсон хүн зан төрхийн хувьд эрс өөрчлөгдсөн байдаг. Даруухан, үг дуу цөөтэй, нийтэч байсан хүн уурлаж бухимдах, бусадтай таарч тохирохгүй, түрэмгий зантай болчихдог. Төрөлх зан нь өөрчлөгддөг. Зорилго, зорилтоо умартах, гэр бүлийнхнийхээ өмнө хүлээх хариуцлагаа умартах, гүйцэтгэх үүргээ мартах, хүүхдэдээ цаг гаргахгүй байх гэх мэтээр хэвийн биш болж ирдэг. Хүний амьдралын хэвийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тухайн хүнээс гадна хамт ажилладаг хүн, аав ээж, ах дүүс нь хүртэл зовж, хүнд байдалд ордог.

-Бага насны хүүхэд зурагт үзэж, андройд утсаар тоглох тохиолдол их байна. Эцэг эх нь тухайн хүүхдийг болиулж, утсаа авах гэхэд нь уурлаж, хашхирдаг. Энэ нь утсанд донтох, хамааралд орох хэлбэр мөн үү?

-Бага насны хүүхдэд утас, таблет өгөх шаардлагагүй. Учир нь тухайн хүүхэд утасны хор уршиг, ямар түвшинд хэрхэн хэрэглэх ёстой вэ гэдгийг ч мэдэхгүй. Удаан хугацаагаар тогловол ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэгт цогц нэгдсэн ойлголт байдаггүй. Иймээс 14, 15 нас хүртэлх хүүхдэд ухаалаг утас бариулах, өгөх хэрэггүй. Хэрэв тоглуулаад байвал тоглох гээд байдаг л хүүхэд болно. Дуртай болж, дахин тоглохгүйгээр байж чадахаа болино гэх зэрэг сөрөг талтай. Хичээл номоо хийхээ болино. Яваандаа утсыг нь авахаар уурлана, уйлна. Энэ нь тухайн хүүхэд утасны хамааралтай, хараат болж байна гэсэн үг. Иймээс багаас нь анхаарах хэрэгтэй. Анзаарахгүй явж байгаад асуудал хүндэрсний дараа анзаарахад оройтчихсон байдаг. Аливаа зүйлд донтож, хамааралд орсон үед нь эмчлэхэд хэцүү. Буруу зүйлс, хэвшлийг нь засахад их хугацаа орж, хүч хөдөлмөр зарцуулна. Гэтэл хамааралд ороогүй хүүхэд татаж авахад их амар. Хамааралд орсны дараа анхаарна гэдэг хэцүү асуудал. Донтох эмгэгээс урьдчилан сэргийлэхийн төлөө хүн бүр ухаалаг байж, ёс зүйтэй, аливаа зүйлийн хэрэглээндээ хяналт тавих нь чухал. Сүүлийн үед хүмүүс харьцангуй мэддэг болсон байна лээ. Нийт хүмүүсийн ойлголт сайжирсан. Өмнөх шигээ юу ч бодохгүйгээр хүүхдээ хараа хяналтгүй орхих нь багассан юм билээ.

-Кока коланд донтуулах бодис бий юу. Бага насны хүүхдүүд кола уухгүй бол уурлаж, аав ээжээсээ нэхдэг болсон гэх мэдээлэл саяхан сошиалаар цацагдсан. Ийм асуудлаар танайд хандсан тохиолдол байгаа болов уу?

-Тийм тохиолдол гараагүй. Хүмүүсийн дунд коланд татагдах, донтуулах бодис байдаг байх гэсэн яриа гардаг. Ерөнхийдөө кола уухад ямар эрсдэлтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Газтай ундаа нь цусны сахарын хэмжээг нэмэгдүүлдэг, ясны сийрэгжилттэй болгодог. Амьдралын зөв хэв маягтай байвал асуудлаас гарч болно.

Мансууруулах бодисоос ангид байхыг насан туршдаа баримтлах хэрэгтэй. Сонгож болохгүй сонголт гэж байдаг шиг хязгаар, хяналт тавих хэрэгтэй. Эрүүл саруул ухаанаар бодоод аливаа зүйлийг бодож байж шийдвэр гаргах нь чухал. Өнгөцхөн, буруу ойлголттой байвал хэнэггүй зангаасаа болоод асуудалд орчихдог. Дараа нь хүн их зүйлийг золиослох хэрэгтэй болдог. Асуудлаа шийдэж чадахгүй байвал мэргэжлийн байгууллагад хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Мансууруулах бодисоос иргэн бүр ангид амьдрах боломж байгаа нь сайн мэдээ шүү. Дэлхий нийт, бүхий л улс орон тэмцээд явж байгаа. Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдчихсэн улс орон гэж байхгүй. Гэхдээ сайн менежмэнтээр зохион байгуулаад, урьдчилан сэргийлж, эмчилгээний сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан улс байна. Мансууруулах бодисын хэрэглээг бууруулж чадсан сайн туршлагууд ч бий.

-Мансууруулах бодисын хэрэглээ ямар байгаа талаар дэлхийн хэмжээний судалгаа гэж байна уу?

-Тодорхой жилийн давтамжтайгаар дэлхийн мансууруулах бодисын тайланг гаргадаг. 2012 оны байдлаар 162-324 сая хүн мансууруулах бодисыг хамгийн багадаа нэг удаа хэрэглэсэн гэсэн судалгаа бий. Иймээс мансууруулах бодисын хэрэглээ дэлхий дахины томоохон тулгамдсан асуудал болоод байгаа. Нийт 16-39 сая асуудалтай хэрэглэгч байна гэж үзсэн. Энэ нь мансууруулах бодисын хамааралд орсон хүний тоо юм. Хэрэглээтэй холбоотой олон асуудал гарч ирдэг. Тухайлбал, мансууруулах бодисыг тарьж хэрэглэдэг хүний тоо 2012 оноос хойш 8.9-22.4 сая болсон. Эдгээрийн 13.1 хувь нь ДОХ-ын шинжилгээгүй гэж гарсан. Ойролцоогоор 50 хувь нь элэгний C вирусийн халдвар авсан байдаг гэсэн статистик бий.

Categories
мэдээ цаг-үе

МАН-ЫНХАН ЯАГААД С.БАЯРЫГАА ТООХГҮЙ БАЙНА ВЭ?


Эрх барьж байгаа намын бүлэг Их хуралд 65-уулаа сууж байна.Өнөөдөр тэд олонх болоод төр барьж байгаа хувь заяа нь С.Баярын хүчин зүтгэлтэй шууд холбоотой. Шинэ цагийн түүхэнд хар толбо үлдээсэн алдарт долдугаар сарын 1-ний хурц тэмцлээр МАН-ыг хаах боломж бүрдсэн байв. Бухимдал нь туйлдаа хүрч ассан иргэд, тэмцэгчид намын байрыг галдан шатаасан. Гэтэл С.Баяр намаа төлөөлж улаан нүүрээрээ гарч ирээд МАН-ыг аварсныг бүгд мэдэж л байгаа. Хэрэв С.Баяр ийм алхам хийгээгүй бол МАН өнөөдөр эрх барих нь байтугай Их хуралд ч суудал авч чадахгүй л байсан байх. Харамсалтай нь өнөөдөр тэд С.Баярыгаа яагаад тоохгүй байна вэ. Уг нь академик шинж чанартай, зарчимч, ноён нуруутай гэгддэг МАН-д хүндэтгэл, ёс зүй гэж баймаар юм даа. С.Баяр бол намын нэр хүндийг өсгөхөд асар их ажил хийсэн хүн.

Монголчууд Оюу толгойн том төслөөрөө дэлхийн газрын зураг дээр тодрох замыг С.Баяр тавьсан. Ийм том төслийг эхлүүлнэ гэдэг хэн хүний хийчихдэг ажил биш. Жинхэнэ улс төрийн эр зориг шаардсан шийдвэр байдаг. Харин С.Баяр Оюу толгойг хөдөлгөж чадсан. Монголчуудын 30 жилийн мөрөөдлийг биелүүлж, гадны хөрөнгө оруулалт татсан түүний гавьяаг хүн бүр одоо ярьж байна. Гэхдээ С.Баяр тухайн үед Оюу толгойгоос дутахгүй том шийдвэр гаргасныг хэн ч тоохгүй байх юм. Одоо манай улсыг тэжээж байгаа том орд болох Таван толгой бүхэлдээ хувьд очоод байсныг С.Баяр төрд эргүүлж авсан. Үүнийг хүмүүс санадаг болов уу. Эсвэл түүний шийдвэрт өсөрхсөн хүмүүс өнөөдөр шоронд явуулчихав уу.

Байгалийн баялагтай хэрнээ буурай хөгжилтэй орнуудын туршлагыг харахаар уул уурхайгаа хөрөнгө, мөнгөтэй улсуудад тавиад алдчихдаг. Нэгэнт хувийн өмчид очсон хөрөнгийг ард түмэн нь ч, төр нь ч мянга заргалдаад авч чаддаггүй. Бид яг л ийм зам руу явах гэж байсныг С.Баяр зогсоосон. Тэр үед Таван толгойн хувьцааг ард түмэнд тараана гэдгийг иргэн Дугар нарын хүмүүс дуугардаг байв. Ингээд С.Баярын Засгийн газар Таван толгойг хувийн компаниас хурааж, төрд авах замаар иргэдэд эзэмшүүлье гэсэн санаачилгыг гаргасан. Ингэж Таван толгойгоо авч үлдсэн гавьяатай хүнээ өнөөдөр шоронд явуулчихаар яаж Таван толгой хөдлөх юм бэ. Монголын төр зүтгэсэндээ халтай гэгчээр гавьяа байгуулсан хүмүүсээ барьж, хориод байх юм бол үнэндээ хөдлөх хүн олдохгүй л болов уу. Энэ Засгийн газраас Таван толгойг хөдөлгөх тал дээр ажиллахгүй байна гээд л нэхээд байдаг. У.Хүрэлсүх мэдээж шоронд орохыг хүсэхгүй шүү дээ.

Хэрэв С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шоронд унагахгүйгээр авч үлдвэл дараа дараагийн хүмүүст том дархлаа болно. Тэгж чадахгүй бол олон жил хүлээлт үүсгэсэн том төслүүд хөдлөхгүй, улс төрийн том шийдвэрүүд гаргах зориг, зүрхтэй хүн ч олдохгүй.


Categories
мэдээ нийгэм

“ЧУХАГ-2” хотхоны нээлттэй өдөрлөг болж байна

Зураг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах “Чухаг 2” хотхоноос орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулж байна.

Уг нээлттэй өдөрлөг 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдэд ипотeкийн найман хувийн зээлд хэрхэн хамрагдах болон тус зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулсан төлбөрийн уян хатан нөхцлийг авах боломжийг танилцуулж буй аж.

“Чухаг 2” хотхон нь уран зургийн галeрeй, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг бүхий жишиг цогцолбор хотхон юм байна.

Categories
мэдээ спорт

Маргааш “Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан болно

“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан зурган илэрцүүдМаргааш “Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдааныг зохион байгуулах болсон талаараа МҮБХ-ноос мэдээлэв. Тэд удаан хугацааны туршид бөхийн барилдаан зохион байгуулаагүйдээ нийт бөх сонирхогч ард түмнээсээ болон бөхчүүдээсээ уучлал гуйлаа. “Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд 13.00 цагаас болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх барилдах аж. Бөхийн барилдааныг үнэ төлбөргүй нийтэд үзүүлэх юм байна.

Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500.000 төгрөг, хоёр хүн 250.000 төгрөг, таван хүн 100.000 төгрөг өгөхөөр болжээ. Мөн шалгарсан азтангууд Монгол Улсын аваргуудтай дурсгалын зураг татуулах эрхтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Баян-өлгий аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1. Ёлтын сав газар

Ёлтын сав газар зурган илэрцүүд

Ёлтын сав газар нь Алтай суманд байрладаг. БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг. Уг газар нь унаган төрөхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм.

Энэ бүс нутаг нь байгальд гарч буй хувьсал, байгалийн иж бүрдэлийн өөрчлөлтөд уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна. Алтай сумын нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно.

2. Алтай таван богдын байгалийн цогцолборт газар

Алтай таван богдын байгалийн цогцолборт газар зурган илэрцүүд

Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь Монгол Алтайн нурууны “хоймор” юм. Хүйтэн /4374 м/, Найрамдал /4192 м/, Бүргэд /4068 м/, Малчин /4051 м/, Өлгий /4050 м/гэсэн таван үндсэн оргилтой. 1996 улсын тусгай хамгаалалтад авч Байгалийн цогцолборт газруудын нэгээр бүртгэсэн. Тус аймгийн алал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчид авиралт хийхээр байнга ирдэг. Авиралт хийхэд хамгийн тааламжтай үе нь намар.

Цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газруудын нэг.Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн голууд буюу Потанинын мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол байдаг.

Аймгийн төвөөс 200 км.

3. Потаны мөсөн гол

Потаны мөсөн гол зурган илэрцүүд

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, хамгийн урт Потаниний мөсөн гол юм. Мөсөн голын урт нь 20 км, өргөн нь 5 км, эзлэх талбай нь 53.5 ам/км гэж гэсэн газарзүйн тодорхойлолт байдаг ч үнэн хэрэгтээ Потанин мөсөн гол бидний үед урт нь 10.4км, талбай нь 24.3 ам/км болсон байна. Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагдагдана.

Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедици зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог, мөсөн голууд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байна. Мөсөн гол нь өндөр уулын бүст хүндийн хүч, тал газарт мөсний зузаан буюу өндрөөс хамаарах даралтаас шалтгаалан урсдаг, аварга том мөсний бөөгнөрөл гэж ойлгож болно.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаагийн нэг Потанины мөсөн гол болж байна. Потаниний мөсөн голын хайлах үйл явц нь 20 зууны эхээр эхэлсэн бөгөөд мөстлийн хайлах хэмжээ нь 2005 онд мөсөн голын хайлах бүсэд дороос дээшлэх тутам багасаж 378-242 см болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан монголын болон гадны судлаач эрдэмтэд монголын мөсөн голууд энэ хурдаараа хайлбал 2090 он гэхэд хайлж дуусна гэж тооцоолсон байдаг.

4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг

Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг зурган илэрцүүд

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.

5. Бага Түргэний хүрхрээ

Бага Түргэний хүрхрээ зурган илэрцүүд

Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм.

Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа Сибирь гацуур, шинэс мод, хонин аарц ургадаг болБага Түргэний голын хавцал нь бор бургас, бутлаг ургамлаар баялаг.

6. Толбо нуур

Толбо нуур зурган илэрцүүд

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос урагш 45 км-т, Өлгийгөөс Ховд хот орох төв замын дагууд Толбо нуур оршино. Энэ нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлана. Нуурын хотгор тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур – хамгийн урт 21,5 км, өргөн 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089м бол баруун хойд хэсэг Түргэний голын хавьд 2079м байна. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг, одоо хир нь Хүнгүй нуруу, Хатуугийн уулс /3820 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4 м өндөр Гичгэний толгой юм. Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм.

7. Ачит нуур

Ачит нуур зурган илэрцүүд

Алтайн уулархаг нутаг нуур нилээд олонтой боловч Хангайн, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн юм. Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Ачит нуур 10500 хавт.дөр.км талбайгаас усжиж байгаа нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна.

Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Нуурын гүн, усны нөөц тодорхойгүй. Э.М.Мурзеавын тэмдэглэснээр хойт талдаа 10 метр гүн байсан бөгөөд өмнөд эрэг хавьд үүнээс гүн байж болох юм.

Categories
гадаад мэдээ

АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж магадгүй төлөвтэй байна

usa north korea зурган илэрцүүд

АНУ болон БНАСАУ-ын эрх баригчид Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтын талаар эрчимтэй яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд уулзалт болох газар ба огноо хэвээр үлдэж магадгүй ажээ. Энэ тухай Америкийн төрийн тэргүүн баасан гарагт Twitter хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

“Ийм уулзалтыг ямар ч байсан хийх талаар бид Умард Солонгостой үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж байна. Уулзалт болохоор бол урьд нь тохирсончлон зургадугаар сарын 12-нд Сингапурт болох байх. Шаардлагатай тохиолдолд уулзалтын огноог бага зэрэг хойшлуулж болох юм” гэж Трамп бичжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Д.Трамп уулзахаас татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэн захидлыг Умард Солонгосын удирдагчид илгээсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөний бодлогын хороо анхны хурлаа товложээ

Зураг

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ирэх зургаадугаар сарын 15-нд анхны хурлаа хийхээр тов зарлажээ.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч давуу эрхтэйгээр гаргадаг байсныг өөрчилж, олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчимд шилжүүлснээр гишүүдийн оролцоо жигд хангах зорилгоор Мөнгөний бодлогын хороо байгуулахаар тусгасан. Энэ дагуу Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэйгээр байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо

Зураг

УКНТЭ-ийн баг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгааг өнөөдөр өглөө 04.00 цагт амжилттай дуусгажээ.

2011 оноос элэг шилжүүлэн суулгах бэлтгэлээ базааж ирсэн тус эмнэлэгт одоо элэг шилжүүлэн суулгах хоёр баг бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл ийм хагалгааг хоёр зэрэг хийх боловсон хүчин бэлтгэгдсэн гэсэн үг аж. Элэг шилжүүлэн суулгах 50 хагалгааны эхний 30 хагалгааг тус эмнэлгийнхэн БНСУ-ын эмч нартай хамтран хийсэн бол сүүлийн 20 хагалгааг бие даан хийжээ.

Тус эмнэлэг цаашид эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв болохоор төлөвлөж ажиллаж буй бөгөөд зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгахаар төлөвлөн бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм байна. Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг Шастины нэрэмжит III эмнэлгийн эмч нартай хамтран хийхээр ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд бөөр шилжүүлэн суулгах 160, чөмөг шилжүүлэн суулгах 11 хагалгааг хийжээ.