Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа

Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа. Мэргэжлийн боксийн рингэн дэх 10 дахь тулаанаа хийж өрсөлдөгчөө ялсан юм. .

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон байв. Эдүгээ 33 настай Эскандон 2008 оноос мэргэжлийн боксын рингэд гарч, 28 тулаан хийж, 25 удаа ялалт(17 KO) байгуулсан туршлагатай боксчин юм.

Хоёр тамирчин гурван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон тоолуулсан ч гуравдугаар үед гурван ч удаа унагаснаар ялалт байгууллаа.

Ийнхүү манай тамирчин мэргэжлийн боксийн рингэн дэх 10 дахь ялалтаа авлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Какурюу Ананд мэргэжлийн сүмогийн нацү башёд түрүүллээ

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын барилдаан өнөөдөр дуусаж байна. Сүүлийн барилдааны үр дүнгээс шалтгаалж, нэмэлт барилдаан гарах магадлалтай байсан. Гэвч Ёкозуна Какурюу Ананд Ёкозуна Хакухог ёрикири мэхээр давав. Ингэснээр Точинашингийн хүлээлт талаар боллоо. Мэргэжлийн сумогийн дэвжээнд 40 удаа түрүүлсэн их аварга Хакухотой өмнө нь 45 удаа оноолт таарчээ. Үүнээс 39-т нь унаж байсан үзүүлэлттэй аж. Ёкозуна цолоо авснаас хойш есөн удаа оноолт таарахад нэгт нь давж байжээ. Гэвч өнөөдрийн барилдааны үр дүнд Ёкозуна Какурюу Ананд давж, мэргэжлийн сумогийн тав дахь түрүүгээ авав.

Тэрээр хэлэхдээ “Ёкозуна цол авснаасаа хойш байнга зориж байсан нэгэн зорилго маань биелэж байна. Өнгөрсөн 2017 он миний хувьд хэцүүхэн жил байсан. Дэм өгч туслаж, дэмжиж байсан олон хүн бий. Заавал эргээд баярлуулах юм шүү гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүрсэн. Энэ бодол минь биеллээ оллоо. Түрүүлснийхээ дараах башёд сэтгэгдэл тааруухан байдаг. Өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэж ирсэн. Баяртай байна. Эхний өдрүүдэд нэг унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан. Түрүүлэх барилдааныг анх удаа хийж байгаа биш. Олон барилдаан хийж байсан . Олон башёд үзүүр түрүү булаалдсан. Тэр туршлага их тус болсон байх. Хүнд хэцүү өдрүүдийг заавал дэвжээнд гарах юм шүү! Какурюу. Өөрийгөө хэр сайн барилдахыг олон хүнд харуулах юм шүү! гэсэн итгэлээр хүлээж ирсэн. Гурван жилийн өмнө нэг түрүүлсэн. Одоо хоёр түрүү дарааллан авлаа. Үүнээс илүү сайхан зүйл мэдрэхгүй байна. Нагоя башёд түрүүлсэн удаа байхгүй. Дахин нэг шинэ зорилго тавиад, өөрийнхөө бүх хүчийг дайчлан барилдах болно. 15 өдөр дэмжсэн та бүхэндээ баярлалаа” хэмээн хэлэв.

С.ОТГОНБАЯР

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хамгийн догь аяллын хэрэгслүүд

Халаасны угаалгын машин

Европ, Африкаар эсвэл Азийн орнуудаар үүргэвчтэй аялал хийх гэж
байгаа бол Scrubba Угаалгын Уутыг санал болгож байна. Энэхүү халаасанд
багтаж болох хөнгөн жинтэй уут нь таны хувцасыг цэвэрлээд зогсохгүй,
мөнгийг тань хэмнэнэ. Нэг муу уут яаж хэд хоног өмссөн хувцасыг тань
цэвэрлэх юм бэ гэж бодож байж магадгүй. Ердөө 2-4 литрийн ус, бага зэрэг
угаалгын нунтаг хийн хувцасаа хийгээд нухаж өгнө. Ойролцоогоор 5 минут
ингэж угаасны дараа та ахин цэвэрхэн хувцастай болно. Үнэхээр авсаархан
хэрэгцээтэй бүтээгдэхүүн.

Элс тогтоохгүй далайн эргийн гудас

Бали, Хавайн аялал захиалчихсан ачаагаа бэлдээд сууж байна уу? Тэгвэл
таны тав тухтай байдлыг хангах энэхүү гудсыг санал болгож байна. Далайн
эрэг дээр биеэ шарж хэвтэх сайхан ч, хаа сайгүй элс наалдчихвал дараа
нь арилгах түвэгтэй. Энэ гудасны хувьд элс наалдахгүй тусгай
материалтай. Хамгийн анх армийн хэрэглээнд зориулж бүтээсэн бол, сүүлд
энгийн аялалын зориулалтаар олон нийтэд хүрсэн. Яагаад армийн хэрэглээнд
үйлдвэрлэсэн юм бол гэж гайхаж байж магадгүй. Зэр зэвсэг элснээс
хамгаалах зорилготой юм. Одоо та ч үүнийг худалдан авч, санаа амар
наранд биеэ ээх боломжтой.

Дэлхийн хамгийн жижиг аяллын индүү

420вт мотортой бөгөөд гурван өөр түвшний халаалтын тохиргоотой.
Ямартай ч төрөлдөө дэлхий дээрх хамгийн бяцхан хэмжээтэй эд. Бага зэрэг
төсөөлөл өгөх үүднээс харьцуулалт хийвэл компьютерийн хулганатай төстэй
хэмжээтэй. Бизнес аялал хийж буй эрчүүд, эмэгтэйчүүдэд тун хэрэгтэй
төхөөрөмж. Үрчлээтэй цамц, хослолтой хуралд орох нь таны үнэлэмжийг
бууруулж болно. Тиймээс энэ индүүг санал болгох байна.

Flask Light

Гар чийдэн, тодорхой хэмжээний шингэн зүйл хийгээд авч явах боломжтой
олон үйлдэлт энэхүү савыг бүх аялагчдад зориулж бүтээжээ. Аливаа
хөгжмийн фестивалд оролцоход хүртэл бага хэмжээний хүссэн хатуу дарсаа
хийгээд аваад явчих боломжтой. Нийт 300гр шингэний багтаамжтайгаас
гадна, хоёр аяга, бөглөө онгойлгогч, компус болон хүчирхэг LED гэрлийг
өөртөө багтаасан. Аялах дуртай дотны нэгэндээ бэлэг болгон өгч ч болох
юм. Түүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Технологийн тусламжтай хөлөө дулаацуулцгаая

Өвлийн хүйтэн улирал эхлээд удаагүй байна. Амралтын өдөр Богд ууланд
гарах эсвэл хотоос зайдуу хөдөө орон нутгаар салхинд гарах гээд олон
сайхан аялалаас биднийг хүйтэн өвөл зогсоож чадахгүй. Хамгийн гол нь
бэлтгэлээ базаах хэрэгтэй. Дулаан явбал мянган лан гэдэг хуучны үгс бий.
ThermaCell компаниас гаргасан энэхүү халдаг улавчийг аялагчиддаа санал
болгоё. Хамгийн шилдэг дулааны технологийг ашигласан бөгөөд өөр дээрээ
гурван өгөгдөлтэй. Дээд, дунд, халаалтыг унтраах гэсэн өгөгдлүүдийг
агуулсан. Хамгийн гол нь усны хамгаалалттай материалтай тул чийг татсан ч
эвдэрнэ гэж санаа зовох зүйлгүй.

Categories
мэдээ соёл-урлаг

Хамгийн үнэтэй нүдний шилний эзэд

Та бүхэн Майкрософт компанийн Билл Гэйтс
эсвэл Фэйсбүүкийн Марк Зүкерберг ямар энгийн хувцасладаг болохыг сайн
мэднэ. Хэдий тийм боловч түүнд нь бүү хууртаарай. Тэдгээр элит баячууд
өөрс
дийн гэсэн ямар нэгэн хобби, сонирхол эсвэл цуглуулгатай байж л таарна.
Энэ удаад одууд биш ч, тэднээс ч илүү эрх мэдэл бүхий Цахиурын Хөндийн
тэрбумтан эздийн чамин үнэтэй ховор нүдний шилний талаар сонирхолтой
жагсаалт хүргэхээр шийдлээ. Эдгээр захирлуудын хувьд бусад нөгөө л нэг
Америкийн баячуудын адил Ролекс цаг эсвэл үнэтэй хослол өмсөөд
байдаггүй. Харин түрүүн хэлсэнээр нүдний шилэнд дурлагсад
. Үүгээрээ ч өөрсдийн байр сууриа илэрхийлэх дуртай хүмүүс юм.

Стюарт Баттерфийлд

TOMS Mavericks 201 Shiny Gold Whiskey Tortoise

Slack компанийн ерөнхий захирал Баттерфийлдийн зүүсэн энэхүү ТОМС
брэндийн шилний хувьд жагсаалтанд орсон бусад шилүүдийг бодвол худалдаж
авах хамгийн боломжит үнэтэй шил. Хэдий тийм боловч энэ бол зүгээр нэг
энгийн шил биш. Брэнд бүр өөрийн гэсэн ялгарах онцлогтой байдаг. ТОМС
брэндийн хувьд шил захиалуулж хийлгэсэн үйлчлүүлэгч бүртээ харааны эрүүл
мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс тухайн үйлчлүүлэгч
тэдний шилийг худалдаж авсан л бол хараагаа шалгуулах тал дээр ахиж
санаа зовох шаардлагагүй гэсэн үг. Баттерфийлдийн хувьд нэг сумаар хоёр
туулай ангуучилдаг ухаалаг баячуудын нэг бололтой.

Сэм Алтман: Oakley LATCH Square Polarized

Ердөө 32 настай Y Combinator компанийн захирал залуу Оакли брэндийн
гэгээлэг шилийг зүүснээр яг л насандаа харагдаж байна. Энэхүү нүдний шил
нь өөр дээрээ хажуу хэсэгтээ хавчаартай тул цамцныхаа аль ч хэсэгт
хавчаад унана гэж санаа зовох зүйлгүй. Оаклигийн өөрийн цахим хуудас
дээр зарагдаж дууссан ч, Nordstorm.com веб хуудаснаас сонирхож үзэх
боломжтой. Үнийн хувьд 180 долларын үнэтэй.

Эван Спийгел: Tom Ford Colin Aviator Sunglasses

Snap компанийн ерөнхий захирал Спийгел сонгодог загварын нисгэгчийн
шил зүүжээ. Илүү ойроос харвал шилний дээд хэсэгт улаан өнгө оруулж
өгсөн. Энэ төрлийн нисгэгчийн шилэнд дургүй хүн тун цөөн болов уу. Үнийн
хувьд 370 доллар боловч бага багаар өссөөр л байна.

Жэк Дорси: Robert Marc RM 700

Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг болох Жэк Дорсигийн зүүсэн энэхүү
шил нь Нью Иоркийн тусгай брэндийн бүтээгдэхүүн. Шил тус бүрийг
захиалгын дагуу гар аргаар Франц улсад үйлдвэрлэх бөгөөд цөөн хэдэн
сонгогдсон дэлгүүрт худалдаалдаг. Үнийн хувьд тодорхойгүй, зөвхөн
худалдаалагч болон худалдан авагч л тус шилний үнийг мэднэ. Мэдээж Эван
Спийгелийн шилнээс үнэтэй.

Дэн Рөүз: Cutler and Gross 1166 Matt Black

Фэйсбүүкийн дэд ерөнхийлөгч Рөүзийн хувьд Катлер ба Гросс брэндийн
энэхүү сонгодог загвараар гангарчээ. Тэрээр ерөнхий захирлаа бодвол
хавьгүй тансаг хэрэглээтэй нэгэн. Энэ шилний хувьд л гэхэд 500 долларын
үнэтэй. Уншигчид маань дор хаяж мянган долларын үнэтэй шилнүүд хүлээж
байсан байж магадгүй. Тийм маягийн алмааз сваровски шигтгээ суурилуулж
өгсөн шилнүүдийг урлагынхан л зүүдэг. Харин эдгээр эрхэмүүд классик
хэрэглээг сонгох мэдрэх дуртайг санаарай. 500 долларын шил ч мөн адил
маш үнэтэй шил.

Марк Зюкерберг: Ray-Ban Original Wayfarer Classic

Нэгэнт Фэйсбүүкийг яриад эхэлсэн тул, ерөнхий захирлыг нь оруулах нь
зүйтэй болов уу. Зюкербергийн хувьд их энгийн хэрэглээтэй гэдгээр
өөрийгөө алдаршуулж чадсан нэгэн. Хувцасны хувьд л гэхэд нэг төрлийн л
хувцасаа өмссөн харагддаг. Энэ нүдний шилний хувьд магадгүй өмсөж зүүж
харагдсан зүйлсээс хамгийн үнэтэй нь байж болох юм. Рэй Бэн брэндийн
энэхүү сонгодог загварын хувьд 150 долларын үнэтэй.

Жони Ийв: Cutler and Gross 0927 Humble Potato

Апплэ-ийн ахлах загвар зохион бүтээгч Жони Ийвийн сонголт болох
энэхүү шил 480 долларын үнэтэй. Түүний сонголт үнэхээр л нэр шигээ
жирийн л нэг төмс шиг харагдаж байгаа биз.

Вүүдмэн : Loewe Wayfarers

GoPro-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вүүдмэн өөрийн имижээ
Лоэв Вэйфарэрсийн шилээр тодорхойлжээ. Энэ шил нь зурвас харахад яг одоо
моод болж байгаа хаа сайгүй харагдаж байгаа биз. Гэвч зүүсэн шилнийх нь
ард нэр нь гардаг болохоор 325 долларын эх хувийг хаа сайгүй байх
тэдгээр шилтэй андуурч болохгүй шүү дээ.

Силбэрмэн: Oliver Peoples glasses

Pinterest-ийн гүйцэтгэх захирал Силбэрмэний хувьд Oliver Peoples-ийн
шил зүүдэг. Тус брэнд өнгө, хүрээний загвараар тоглолт хийдэг хэдий ч
энэ удаад 385 долларын энгийн загвар нь ийнхүү нэр хүндтэй эрхмийг
тодорхойлжээ.

Categories
мэдээ нийгэм

Даваа гарагт цахилгааны хязгаарлалт хийх хуваарь

Тавдугаар сарын 28-н буюу маргааш дараах газруудад цахилгааны
хязгаарлалт хйигдэнэ. Засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна
уу.

Сүхбаатар дүүрэг

10:30-17:30 цагт: 10, 11-р хороо Цагдаагийн гудамж
16, 31, 45, 46, Сангийн яамны 60 айл, Герентологийн үндэсний төв, 17,
186-р цэцэрлэг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, НТЗАБ, Чөлөөт
хэвлэл сан, 4-р сургууль, 75-р цэцэрлэгийн өргөтгөл, Үйлдвэр урлалын
дээд сургууль, Зотолхаан хайрхан хоршоо, Азийн соёл хөгжлийн сургууль,
3-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор,

Чингэлтэй дүүрэг

10:30-17:30 цагт: 7, 8, 9-р хороо Хувьсгалчдын Б, В
1-3, Баруун Тасганы 1, 4, 5, 8-10, Дунд Тасганы 2-7, 9, Зүүн Тасганы
1-4, 6-9, 10-12, Дэнжийн 25, 27-29, Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9,
10, 13, 25, Хувьсгалчдын Д-ын 2-5, Сангийн 1, Усан сангийн 1-4, Усны 1,
3, Хувьсгалчдын Г-ийн 9, 10, 11-р гудамжууд, Цагаанчулуун, Түнш импекс,
UМО, Глобал шонхор, Билэгт, Есөн чандмань, Баянгол гео ХХК-ууд болон
эдгээрийн ойр орчмоор,

Хан-Уул дүүрэг

11:00-16:00 цагт: МИАТ-ын уурын зуух
11.00-18.00 цагт: 13, 14-р хороо Өлзийт хороо МТ,
Проджи, Монгол жодоо интернэшнл, Мөнх ногоон тэнгэр, Монсуль, Тайширын
хүлэг, Эрчит оюу, Престиж инженеринг, Хурмастын гүүр, ХХК-ууд, БГД ТҮК
худаг болон эдгээрийн ойр орчмоор,

Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 12, 13-р хороо 1-р хороолол Мөнгөн
гүүр эмнэлэг, 99, 104, 105-р цэцэрлэг, 1-р дунд сургууль, 1, 2, 11-р
байр, Залуус-27, 12А, Б, 13-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

Налайх дүүрэг

10.00-13.00 цагт: 9 давхар, 22-31-р байр, Чандмань Налайх, 2-р хорооны байр болон эдгээрийн ойр орчмоор
14.00-17.00 цагт: 2-р хороо амаржих газар, Мэс засал, Цагдаа, 33, 75-р байр, ШШГГ болон эдгээрийн ойр орчмоор.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний
дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан,
хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-т өгөхөд юуг анхаарах вэ?

1. Цагаа ухаалгаар төлөвлө

Семестер эсвэл улирлын турш хичээлээ цаг тухайд нь хийж яв. Ер нь бол
практикт оюутан сурагчид хичээлийг цаг тухайд нь унших бус яг шалгалтын
өмнө бүгдийг нь уншдаг. Энэ нь нэг зэрэг их хэмжээний зүйл уншихад
хүргэснээр таныг стрессд оруулна. Шалгалтын үеэр стрессгүй байх гол арга
бол хичээлийг тухайн тухайн үед нь уншиж явах явдал байдаг.

2. Гарч болох алдааг үл хайхран айдсаа ялан дийл

• Сайн бэлд
• Цагийн хуваарийн дагуу ажилла
• Найзуудтайгаа хамт бэлд, бие биесээ шалга
• Бусдад аль болох мэдсэн зүйлсээ тайлбарлаж ярь. Энэ нь таныг шалгалтанд бэлдэж байгаа хэрэг.

3. Бодлоо бусадтай хуваалц

Болж өгвөл шалгалтынхаа тухай эцэг эхтэйгээ ярилц. Шалгалт хэр зэрэг
хүнд болох, ямар хичээлийнх болох гээд тэдэнтэй санаа зовоож байгаа
асуудлаа хуваалц. Ядахдаа л тэд таныг хүнд шалгалт өгж байгааг мэдэг.

4. Төсөөл. Айдсаа ял.

Төсөөлөх нь бодол санааг ятгах сайн арга. Хэрвээ таны шалгалт илтгэл
тавих бол амжилттайгаар илтгэл тавьж байна гэж төсөөл. Хэрвээ та
төсөөлөлдөө айдсаа давж чадвал амьдралдээр бас давж чадна гэсэн үг.

5. Унтаж амар

Хичээл хийж байна гээд шөнөжин суух явдал байдаг. Гэтэл үнэндээ шөнө
тархины ажиллагаа мууддаг тул таны уншиж буй зүйлс маргааш таны толгойд
байх нь ховор. Тэрний оронд эртхэн унтаад боссоны маргааш толгой тань
сэргэг байх болно шүү.

6. Сурах орчноо сайн бүрдүүл

• Хичээл давтах үед орчин тойронд дуу чимээ бага, тод гэрэлгүй байх нь тааламжтай
• Өрөө цэвэр агаараар дүүрэн байх
• Тв, радио, утсаа унтраа
• Бусад бодлуудаа хая

7. Шалгалт эхлэх үед шууд л мэддэг зүйлсээсээ эхлэн хийж эхэл. Энэ нь таныг итгэлтэй болгосноор хүнд асуултуудыг та амархаан бөглөчихнө.

8. Сөрөг энергитэй хүмүүсээс хол бай.

Олон хичээл дээр уначихсан, эсвэл байнга үглэж, шалгалтанд муу дүн
авсанаа ярьж явдаг хүмүүсээс холхон бай. Харин хичээлдээ идэвхтэй,
хичээлээ мэддэг хүмүүстэй цуг байгаарай. Тэд танд олон зүйл зааж өгөхөөс
гадна тэдний энерги нь хүртэл эерэг байдаг.

9. Сайн хооллох

Шалгалтын үеэр сайн хооллох нь чухал. Гэхдээ эрүүл, зөв хоол сонгох
хэрэгтэй. Жишээ нь шөнө хичээл унших гэж байна гээд кофе ихээр уух нь
буруу юм.Кофены найрлага нь хүний оюун санааны төвлөрөх явцад саад
болдог юм байна.

Түүнчлэн шалгалтын өглөө хоол сайн ид. Шалгалт өгж байх үед гэдэс өлсөх
нь анхаарлыг тань сарниулах болно шүү дээ. Тиймээс их биш ч гэсэн өег
хоол унд идээрэй.

10. Шалгалтын үеэр сэтгэл санааг тайван байлгах үүднээс бэлтгэлээ сайн ханга.

Шалгалтын өмнөх орой хувцас, дэвтэр цаас, үзэг, бал, тооны машин,
баллуур, илүү үзэг зэргээ бэлдэж тавь. Бас сэрүүлгээ тавихаа бүү март.
Эс бөгөөс өглөө бүх юмаа цуглуулах гэж та багагүй бухимдалд орно.
Сандарч тэвдэж шалгалтад орох нь яаж сайн байх билээ.

11. Шалгалтын дараа өөрийгөө баярлуул.

Та шалгалтаа хэр өгсөн нь гол биш. Нэгэнт л та шалгалтын цаана гарсан тул өөрийгөө баярлуул.

Та нар яаж ч байсан айж л болдоггүй юм
шүү! Хэрэв айгаад л байвал таны зориг, ухаан, чадварууд бүгд гээгдэнэ
гэдгийг анхааруулъя!

ЕШ-нд амжилт үзүүлэхэд зарим нэг мэдэх хэрэгтэй шалгалтын стратеги.

Зарим хүмүүс яагаад шалгалтыг бусдаас
илүү сайн өгдөг вэ? Нууц нь хичээлээ сайн мэдэхээс гадна шалгалт өгөх
арга барилыг нарийн сайн мэддэгт байгаа ба энэ нь илүү оноо авахад нь
тусалдаг. Юун түрүүнд танд шалгалт өгөх “тактик”, “хурд” хэрэгтэй

Өөрийнхөө хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ

Шалгалтын сэдэв 40 даалгавартай . /
ЭЕШ-ын сэдвүүд 30-70 даалгавартай / гэж бодъё. Шалгалтын хугацаа 80
минут шүү дээ. Тиймээс танд асуулт бүрт дунджаар 2 минут байгааг хэлж
байгаа юм. Гэвч бодолт хийх шаардлагатай хичээлийн шалгуулагчдад энэ нь
тийм ч их хугацаа биш. Хэрвээ амархан асуултад 1 минутаас бага хугацаа
зарцуулж байгаа бол танд илүү хүнд асуултад хариулах цаг гарч ирнэ. Ийм
учраас өөрийнхөө хурдыг нэмэгдүүүлэхийн тулд өөрийн амархан гэж үзсэн
даалгавруудаас эхлэн гүйцэтгэх нь чухал юм

“Хялбараас хүнд рүү” гэдэг зарчмыг баримтлах нь зөв

Чадахаасаа эхлэн хялбар асуултан дээр
ажиллаж эхэлнэ үү. Энэ нь хүнд асуултанд хариулахад илүү цагийг гаргаж
өгөх болно. Гэхдээ 2 зүйлийг сануулъя.

  • Шалгалтын даалгаврууд танд хүнд
    санагдаж болно. Үүнд бүү цочирд, та хэзээ ч ойлгож байгаагүй хүчин зүйл
    бүхий даалгавар дээр хэтэрхий их цаг бүү зарцуул.
Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ
сарын 29-ний өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь
Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг
үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон өдөрт тооцогддог. Тиймээс дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв
Гандантэгчэнлин хийдээс тавдугаар сарын 27-29-ний өдрүүдийг “Ёс
суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул дэлхий дахины сонирхлыг татдаг. Монголын соёл, шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдад сурталчлан аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор тус арга хэмжээнд оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Өвөрхангай аймгийн иргэдтэй аймгийн Хөгжимт драмын театрт уулзлаа. Төрийн тэргүүнийг Арвайхээр Цэргийн хүрээ хүндэтгэн угтаж, аймгийн удирдлагууд аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал болоод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймаг нь 19 сум, 111 баг, 115.6 мянган хүн ам, 34.1 мянган өрхтэй юм байна. 2018 оны I улирлын байдлаар нийт хүн амын 30.2 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 65.4 хувийг 15-64 насныхан, 4.4 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа юм байна. Мөн нийт өрхийн 24.6 хувь нь аймгийн төвдөө амьдарч байгаа бол 30.8 хувь нь сумын төвд, 44.6 хувь нь хөдөөд суурьшин амьдардаг байна. Харин нийт хүн амын 63 хувь буюу 72837 нь хөдөлмөрийн насныхан бөгөөд 2018 оны эхний улирлын байдлаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь 15-35 насны залуус байгаа юм байна. Арилжааны банкуудын мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл эхний дөрвөн сарын байдлаар 183.2 тэрбум төгрөг болжээ. Харин нийт зээлийн 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн зээл юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа аймгийн иргэдтэй уулзсан юм. Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Өвөрхангай аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Уулзалтаа маш энгийнээр буюу иргэдээ сонсох зорилготой хийж байгаа. Та бүхний дэвшүүлж байгаа санал, санаачилга, шүүмжлэл бүрийг сонсож УИХ, Засгийн газарт буюу шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллах болно” гээд уулзалтыг эхлүүлэв.

Өрөвхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Ихбаяр: “Монгол орны өрсөлдөх чадварын индекс буурсаар байна. Хамгийн сүүлийн судалгааг харахад 10 функцээр буурсан байна. Харин манай аймаг энэ индексээр 18 аймгаас 15-д явж байна. Тиймээс аймгийн удирдлагуудыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэх асуудалд анхаараарай гэж хэлмээр байна. Мөн манай аймагт өвөл болохоор агаарын бохирдлын асуудал яригддаг. Гэвч, энэ асуудлыг бид одоо ярих ёстой. Өнөөдөр бид бүгдээрээ Улаанбаатарын утааг мэддэг. Үүн шиг Өвөрхангай аймгийн утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ агаарын бохирдлыг дагаад бизнес яваад байна уу гэж хардаг. Улаанбаатарт ямар байгааг мэдэхгүй ч манай аймагт бол утааг дагасан бизнес бий. Би энэ асуудлаар АТГ-т хандах болно. Мөн төрийн албаны томилгоог анхаармаар байна. Төрийн алба гэр бүл шиг болсон, бүр ургийн мод шиг хөгжүүлсэн аймгуудын нэг нь манай аймаг болоод байна” хэмээн саналаа хэллээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7–р багийн иргэн Ганболд: “Ард иргэдийн амьдрал улам бүр доройтож байна. Саяхан манай аймагт Ерөнхий сайд ирээд буцсан. Ирэх сургаар нь зах хааж, захын гадна наймаа хийдэг хүмүүсийг хөөгөөд явуулчихаж байна. Наймаачид, таксичид мөрөөрөө л ажлаа хийгээд, амьдралаа залгуулах гээд явж байгаа хүмүүс. Мөн сүүлийн үед сэтгэл эмзэглүүлж байгаа нэг асуудал байгаа нь ажиллах хүчний асуудал болоод байна. Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс байхад Хятадаас л ажилтан аваад байх юм. Энэ ямар учиртай юм бэ. Хууль тогтоогчид энэ байдлаа харж, хуулиа батлахдаа ч гэсэн хариуцлагатай хандмаар байна. УИХ-ын чуулганы хуралдааныг хараад сууж байхад 76 гишүүний тал суугаад л тэднийх нь 50-иас дээш хувь нь хуулиа баталчих юм. Ийм маягаар батлагдсан хууль Монгол Улсын хууль байж чадах юм уу” гэлээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7–р багийн иргэн: “2016 онд УИХ-ын сонгууль болж нэг нам олонх болсон. Өнөөдөр тэдний бүрдүүлсэн сайд нар, танхим нь хил хязгаар, газар нутгийн аюулгүй байдалд анхаарч, нухацтай хандах хэрэгтэй. Хил хязгаар, газар нутаг нэг л биш болоод байна. Монголын томоохон компани, корпорациуд Хятадаас олон ажилтан оруулж, оронд нь залуус монгол адуу шигээ экспортод гарч байна. Энэ Монголыг эдийн засгаар нь чимээгүй эзлэх бодлого юм биш биз дээ. Өнөөдөр Монголд хэдэн мянган хятад хүн ажиллаж байгааг хэлээд өгөх хүн байгаа юм уу” гэв.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Батболд: “Монголчууд ус бол чандмань эрдэнэ гэж ярьдаг. Гэвч, усаа хайрлахгүй, уул уурхайд маш ихээр ашиглаж байгаад сэтгэл зовинож байна. Жишээ нь, Оюутолгой компани ундны усыг хэрхэн хэрэглэж байгаа, цаашид хэр их усны нөөц хэрэглэх вэ гэдгийг тогтоож, нийтэд мэдээлэх хэрэгтэй байна.Хоёрдугаарт, 1994 онд Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль гэж гарсан. Түүнээс хойш энэ хуульд ямар нэг нэмэлт өөрчлөлт орсонгүй. Энэ хуульд өөрчлөлт оруулж, хөгжиж байгаа тосгонуудыг хотын зэрэглэлтэй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн 60 тэрбумын асуудал хэрэгсэхгүй болсон. Хууль жирийн иргэнд хатуу үйлчилж байгаа ч эрх мэдэлтэй иргэдэд хууль үйлчлэхгүй байна. 60 тэрбумын асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ, гэдэгт тодорхой хариулт өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн: “Монгол Улсын харьяатад байгаа иргэдийн офшорт байгаа хөрөнгө, мөнгийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ мөнгө орж ирвэл Монгол Улс, иргэд өрнөөс гарах болов уу гэсэн хүлээлт байгаа шүү. Манай хоёр хөрш офшорын асуудлаа шийдэх арга зам олж, шийдвэрлэж байна. Тиймээс офшоорын асуудлаар УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж ойрын хугацаанд офшорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирэх хэрэгтэй байна” гэлээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3–р багийн иргэн Лхагвасүрэн: “Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн бүлэг байдаг гэдгийг мартаж болохгүй. Нийт хүмүүсийн асуудал шийдэгдээд явдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал шийдэгдэхгүй орхигдоод байна. Би гэхэд харааны бэрхшээлтэй хүн. Улаанбаатар хотын харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжлийн байдалтай нь харьцуулахад биднийх харьцангуй дор байдаг. Мөн өнөөдрийг хүртэл биднийг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлуулагч, асруулагч гэж хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийднэ гэж хууль гаргасан ч дагалдах эрх зүйн актууд гараагүй учраас хууль хэрэгжихгүй байна” гэв

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Мөн аймгийн Засаг дарга Г.Ганболд орон нутгийн шинж чанартай асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүссэн юм. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон голоос хүн мал ундаалах аргагүй болтлоо голын ус бохирдсон байна. Тиймээс Орхон голын бохирдлыг цэвэрлэх, хамгаалах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг хүслээ. Хоёрдугаарт, Өвөрхангай аймгийн орон нутгийн чанартай автозамын чанар муудсан тул сүүлийн жилүүдэд авто осол ихээр гарч иргэдийн амь нас хохирох болжээ. Тиймээс орон нутгийн замыг ойрын хугацаанд засаж, сайжруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Мөн аймгийн Засаг дарга агаарын бохирдол Улаанбаатарын араас орохуйц хэмжээд хүрч нэмэгдсэн талаар хэлээд хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Канад улсруу зорчихдоо хурууныхаа хээг бүртгүүлнэ

Канад Улсын Засгийн газар Цагаачлал, дүрвэгсдийн хамгаалалтыг зохицуулах журамдаа өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтөөр 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн АНУ-аас бусад улсын иргэд Канадад богино хугацаагаар зорчих, сурах, хөдөлмөрлөх, түр болон удаан хугацаагаар оршин суух, орогнох, дүрвэх виз мэдүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээ бүртгүүлдэг болох тухай Канад улсын Элчин сайдын яамнаас мэдэгджээ.

Монгол Улсаас Канад улс руу зорчих иргэн Улаанбаатар дахь Канад улсын визний мэдүүлэг хүлээн авах төв дээр өөрийн биеэр очиж өгөх юм байна. Канадын виз мэдүүлж буй гадаадын иргэний өгсөн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр бүртгүүлсэн мэдээлэл арван жил хүчинтэй байх аж. Энэхүү шаардлага нь Төрийн тэргүүн болон албан хэргээр, дипломат үүргийн дагуу зорчих албан тушаалтанд үл хамаарах аж.

Categories
мэдээ спорт

Монгол Улсын аваргуудын нэрэмжит барилдаан эхлэлээ

МҮБХ ИНЕГ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг Монгол аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Төв цэнгэлдэхэд эхэлж байна. Барилдааныг нээж ИНЕГ-ын дарга С.Буяндалай үг хэлэв. Хүндэтгэлийнхээ барилдаанд дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат нар хүрэлцэн иржээ.

Өнөөдрийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа,Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, А.Бямбажав, өсөх идэр начинИ.Ёндонсамбуу, Ж.Оргил, улсын начин Б.Насандэлгэр, Д.Цогзолдорж нарынтэргүүтэй улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглож байна. Барилдааны хоёрын даваа эхлэж байна.