Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Улаанбаатар травел экспо-2018”-д оролцохыг урьж байна

“Улаанбаатар Травэл Экспо” үзэсгэлэн нь Монгол орноор болон гадаадын улс орнуудаар идэвхтэй аялах болсон дотоодын аялагчдад зориулан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил болгон зохион байгуулагдаж ирсэн билээ.

Үзэсгэлэнд гадаадын элчин сайдын яам, аймаг, нийслэлийн аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, сувилал амралтын газрууд, төрийн байгууллагууд музей, үзмэрийн газрууд, тур оператор байгууллагууд, гэр баазууд, банк, аяллын даатгалын компани гэх мэт бүх төрлийн аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж, бүтээгдэхүүн гаргадаг байгууллагууд оролцдог.

Соёл, урлагийн газар харьяа байгууллагуудаа зохион байгуулан өмнөх оны үзэсгэлэнд амжилттай оролцож байсан. Тухайлбал Үндэсний түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Үлэг гүрвэлийн музей , Монгол Улсын филармони, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилсан.

Энэ жилийн хувьд БНХАУ-н ӨМӨЗО, Тайванийн төлөөлөгчийн газар, ОХУ-н Эрхүү хот зэрэг олон улсын томоохон аялал жуулчлалын төлөөллүүд бүрэн бүрэлдэхүүнтэй орохоор мэдүүлгээ өгөөд байна.

Тухайн улсын аялал жуулчлал, зочлох салбарын үндсийг үндэсний буюу дотоодын аялал жуулчлал бүрдүүлдэг нь дэлхий дахинд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн хандлага юм.

Та бүхэн өөрийн үйл ажиллагаагаа сурталчлан оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхүүдийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу болон Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх юм. Дэд төвүүдэд хийгдэх инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, төслийн удирдагч Д.Авирмэд, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон нийслэл дүүргийн албаны төлөөллүүд оролцов.

Өнөөдрийн байдлаар Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Баянхошуу дэд төвийн цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна

Баянхошуу дэд төвд 162 га талбайд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн байна. Нийт 14 м өргөн 7.42 км авто зам, 2.5 км үерийн хамгаалалтын далан суваг, 4.65 га газарт тохижилт, ногоон байгууламж, дулааны 11и магистраль шугам өргөтгөх 3.25 км шугамын ажил, төвлөрсөн дулаан хангамжинд холбох 3.2 км шинэ шугам, дэрэлт өргөх насос угсралтын ажил, 5.05 км ус хангамжийн шугам сүлжээ, 8.78 км хорооллын дунд бохир усны шугам, 1000 м3 хүчин чадал бүхий усан сан, 50х30 харьцаатай хоёр давхар бизнес инкубатор, МСҮ-ийн төв, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт хийгдэж, бизнес инкубатор төвийн барилгын ажил эхэлсэн, цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна.

Дэд төвд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэнээр СХД-ийн 7, 8, 10, 28 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, Баянхошуу дэд төвийн иргэд усны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломжтой болох юм. Мөн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 63 хүртэл хувиар нэмэгдэж, МСҮТ-өөр дамжуулан мэргэжил олгон, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна.

“Баянхошуу дэд төв 2020 он гэхэд ашиглалтад орно. Дэд бүтцийн ажил гэдэг нь хүнд харагддаггүй дандаа шугам сүлжээний ажил байдаг. Үр дүн нь дэд бүтцийн ажлынхаа дараа бүтээн байгуулалт эхлэхээр харагдана. Үүний өмнө нийгмийн чиглэлтэй барилга баригдаж байна. Энэ төслийн нэг онцлог нь төсөлд өртсөн айлуудын иргэдийг шинэ мэргэжилд сургаж, бизнесийг дэмжих зэрэг боломж олгож байгаа. Энэ төсөл хэрэгжсэний дараа 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлнэ. Дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэгт түшиглэн үүнийг хэрэгжүүлнэ. Энэ нь дундаж орлоготой хүмүүст зориулсан төсөл байх юм” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

3700 өрх, 10 гаруй ААН-ын уурын зуухны яндан бодитоор үгүй болно

Сэлбэ дэд төв нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 хороог хамарсан 158 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа юм. Энэ хэсэгт 3500 гаруй өрхийн 15 мянга гаруй иргэн амьдарч байна. Төслийн хүрээнд 9.97 км дулаан дамжуулах сүлжээ, 26.6 мВт-ын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, 6.7 км авто зам, 2.4 км үерийн хамгаалалтын суваг, 3.01 га газарт ногоон байгууламж, 6.01 км усан хангамжийн шугам сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий болох аж.

Сэлбэ дэд төвийн дулааны станц ашиглалтад орсноор эхний ээлжинд 35, 51 дүгээр цэцэрлэг, төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд, 3700 орчим өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх юм. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, тухайн хэсгийн 3700 өрх, 10 гаруй ААН-ын яндан үгүй болж, жилд хэрэглэх түүхий нүүрсний хэрэглээ 15 мянган тонноор буурах боломжтой юм байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын инженерийн шугам сүлжээг бий болгох замаар айл өрхүүдийг орон сууцжуулах, төвийн байршлаас үл хамааран тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж нь бүрдэнэ. Алслагдсан хороод дүүргүүдэд МСҮТ, сургууль, цэцэрлэг дутагдаж байдаг. Энэ дэд төвүүд ашиглалтад орсноор тухайн хэсгийн оршин суугчдын нийгмийн хэрэгцээг хангаж байгаагаараа онцлог юм” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Алтан-Овооны тахилга долдугаар сард болно

Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга энэ оны 7 дугаар сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан мэдээлэл хийв.

Тэрбээр, “Алтан-Овоог 4 жилд нэг удаа тахьдаг байсан бөгөөд 2012 онд Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг гарч 5 жилд нэг удаа тахих болсон юм. Энэ удаагийн тахилга YIII Богд гэгээн Живзундамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Одоогийн байдлаар Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсэг тахилгын ёслолын бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.
Зохион байгуулах комиссын зүгээс их тахилгад зориулан “Алтан-Овооны дуулал” хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 30-ны 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд болно. Тоглолтод Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” ХЖТ-ын уран бүтээлчид болон Үндэсний урлагийн их театрын бүжигчид, МУГЖ хийлч Л.Мөнхцэцэг, МУСТА дуучин О.Хүрэлбаатар, Д.Отгонбаяр, МУСТА саксофончин Г.Болдбаатар нар оролцож уран бүтээлийн дээжээ өргөн барих юм.
Далайн төвшнөөс дээш 1354 метр өндөрт орших энэхүү уул нь Сүхбаатар аймгийн төдийгүй Монголчуудын шүтээн билээ. XYII зууны үеэс нутгийн зон олон тахиж ирсэн түүхтэй. 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгосон бөгөөд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтаджээ. Алтан-Овоонд зөвхөн эрчүүд гарч сүслэн мөргөж, идээний дээжээ өргөн, арц хүжээр аравнайлдаг. Тахилгат ууланд эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээрээс сүү цайныхаа дээжийг сүслэн өргөдөг уламжлалтай. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан бөгөөд гол мод буюу амь модыг сорогшин хэмээдэг аж. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавьдаг.
Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй байх бөгөөд тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

К-Поп хамтлагийн цомог анх удаа Биллбоардыг тэргүүлэв

Солонгосын поп хамтлагийн цомог АНУ-ын хөгжмийн зах зээлд анх удаа борлуулалтаараа тэргүүлжээ. Өмнөд Солонгосын К-Поп хамтлаг BTS-ийн Love Yourself:Tear цомог өнгөрсөн долоо хоногт Биллбоард жагсаалтын 200 дууны Нэгдүгээрт орж, цомог нь АНУ-д худалдаагаараа тэргүүлсэн нь сүүлийн хэдэн жил тохиогоогүй зүйл боллоо.

BTS-ийн Love Yourself:Tear цомог нийт 135 мянган хувь борлогдсон нь ердөө эхний долоо хоногийн үр дүн аж. BTS хамтлагийн гурав дахь бүрэн хэмжээний цомог цаашид амжилтаа ахиулах магадлалтай хэмээн шоу бизнесийнхэн таамаглаж байгаа юм байна.

Англиас өөр хэлээр дуулдаг дуучдийн цомог Биллбоардыг 12 жилийн өмнө тэргүүлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа.

Багануур дүүрэг өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогоо 104 хувиар давуулан биелүүлж, энэ оны төвөлгөөний гүйцэтгэл ч сайн байгаа аж. Тус дүүрэгт энэ онд улс, нийслэлийн төсвийн болон дүүргийн ОНХС-ын хөрөнгө оруулалтаар нийт 8237.5 сая төгрөгийн төсөл хэрэгжих юм байна. 21 төсөл арга хэмжээнийн ажлын явц 50-60 хувьтай байгаа аж.

Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүрэгт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байгааг дурьдаад үүнийг шийдвэрлүүлэх саналаа ч хурлын үеэр танилцуулсан. Тухайлбал, төсвийн өр энэ оны 4 дүгээр сарын байдлаар 146.2 сая төгрөг, үүний тогтмол зардлын өр 109.9 сая төгрөг байгаа нь хангагч байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлыг хангахад хүндрэл учруулж байгаа тул төсвийн тодотголд зайлшгүй нэмж тусгуулах саналтай байна. Өр үүсэх болсон шалтгаан нь дүүргийн ус суваг болон ДЦС үнэ тарифаа өсгөсөнтэй холбоотой гэдгийг тэрбээр тайлбарласан. Мөн дүүргийн Автожим ОНӨААТҮГ-т гэрэлтүүлэг, цэвэрлэгээний зардалд олгодог санхүүжилтэд НӨАТ тооцож байгаа нь тухайн байгууллагад хүндрэл гарч, төсвөөс шийдвэрлэх боломжгүй байна. Түүнчлэн рашаан, ус ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг орон нутгийн байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын ундны баталгаат эх үүсвэр, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээнд хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг тэрбээр саналдаа дурьдсан. Мөн тэрбээр газрын төлбөр, дуудлага худалдааны 30 хүртэлх хувийг дүүрэг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болох нь дүүрэгтээ их чухал болохыг хэлж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Рой Страйдер: Н.Байгалмаа надаас мөнгө зээлэхийн тулд гэр бүлгүй гэж худлаа хэлсэн

Тэмээгээр аялалд гарсан Н.Байгалмаад 57,500 еврогоо залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна талбайд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Рой Страйдер ярихдаа: 2011 онд Н.Байгалмаа гэх хүнтэй хамгийн анх гэр бүлийнхээ гишүүнээр дамжуулан танилцаад өнгөрсөн. 2016 онд Н.Байгалмаагийн “Offroad Mongolia” компанийн бизнесийн үйл дэмжих зорилгоор уулзсан. Аялалд явж байхад Н.Байгалмаа өөрийгөө нөхрөөсөө албан ёсоор салсан, өөрийгөө нөхөргүй гэж танилцуулж байсан. Аяллын явцад дотно харилцаа үүсгэх саналыг Н.Байгалмаа надад тавьж байсан. Би түүний саналыг зөвшөөрч улмаар хайртай ч болсон. Бид хоёр хамтран амьдарч байсан. Гэтэл салсан гэдэг нь худал байсан юм билээ. Н.Байгалмаа санхүүгийн асуудалтай байгаагаа илэрхийлээд надаас тусламж хүссэн. Надад удахгүй буцааж төлөх зорилготойгоор 57 мянган евро зээлсэн юм. Эхний хэдэн сар өрөө өгч байсан ч сүүлдээ холбоогүй болсон. Би хэдэн сар хүлээсний дараа шүүхэд хандсан гэлээ.

Н.Байгалмаагийн хэвлэлийн төлөөлөгч, найруулагч Ж.Өнөржаргал: “Өнгөрсөн хугацаанд Н.Байгалмаатай холбоотой ташаа мэдээллүүд ихээр гарсан. Н.Байгалмаа одоо хил дээр байгаа. Энэ асуудал түүний аялалд нөлөөлж магадгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад Монгол Улсын шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх ёстой. Энэ бүхний цаад зорилго нь Н.Байгалмаагийн аялалд саад хийх гэсэн оролдлого. Эстони улсын иргэний ард Монголд том баг ажиллаж байгаа. Тэд шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Гаднын иргэн Монгол Улсад ирээд иргэнийг нь ам хэлээрээ доромжилж байна. Н.Байгалмаа мөнгө зээлсэн эсэх нь шүүхээр нотлогдоогүй. Нэр хүндэд нь ноцтой халдаж , аялалд нь саад болж байна” гэлээ.

Одоогоор шүүх хуралдаан эцсийн байдлаар товлогдоогүй байгаа юм.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Аваргуудын нэрэмжит барилдаанд Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн ням гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Н.Батсуурь арслан долоо давж түрүүллээ.

Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард МҮБХ-ноос энэхүү барилдааныг зохиодог уламжлалтай. Энэ удаагийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм.

Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Бат-Өлзий нар барилдсан. Ингээд арслан давж түрүүлэв. Харин шөвгийн дөрөвт улсын начин Б.Чимэдвандан шалгарсан юм.

Энэхүү барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500,000 төгрөг, хоёр хүн 250,000 төгрөг, таван хүн 100,000 төгрөгийн шагналын эздээр тодров. Бөхийн холбооны маргаанаас болж өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн барилдаан цуцлагдсан ч ийнхүү албан ёсоор барилдаан зохиосон нь үзэгч олны талархлыг хүлээсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Ариунжаргал: Болд ахын зохиосон дууг та бүхэнд хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна

The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ж.Ариунжаргалыг үзэгчид шилдэг хоёрт тунан үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байсан. Харамсалтай нь тэрбээр шилдэг хоёрт багталгүй тэмцээнээс хасагдсан. Шилдэг хоёрт багтсан оролцогч шүүгчийнхээ зохиож өгсөн дууг дуулдаг юм байна.

Энэ талаар Ж.Ариунжаргал өөрийн цахим хуудаснаа “Намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Сая тайзан дээр эмоциосоо болоод ерөөсөө үг хэлж чадсангүй. Дуулсныхаа дараа фэйсбүүк, инстаграм хуудсаа шалгасан, олон хүмүүс намайг магтаж амжилт хүссэн байна. Бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би энэ хүртэл явсандаа харамсахгүй ч нэг л зүйлд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр сүүлийн шатанд сонгогдсон хоёр оролцогч шүүгчийнхээ зохиож өгсөн дууг дуулах эрхтэй байсан. Миний дуулах байсан дуу Д.Болд ахын зохиож өгсөн үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна” хэмээн бичжээ. Тэрбээр тун удахгүй шинэхэн уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах аж. “Hero” студийн захирал Б.Баатар цахим хуудсаараа дамжуулан Ж.Ариунжаргалд клип хийж өгөхөө амлаад байгаа аж.

Categories
мэдээ спорт

Дорнод бүсийн аваргаар Клэвлэнд Кавальерс шалгарлаа

“Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-ны бүсийн аваргын төлөөх тоглолтууд явагдсаар байна. Тавдугаар сарын 28-нд Дорнод бүсийн аврагын цувралын долоо дахь тоглолт Бостон Селтикс багийн ТЖ Гардэн цэнгэлдэхэд Клэвлэнд Кавальерс болон Бостон Селтикс багуудын хооронд явагдав.

Тус тоглолтонд Клэвлэнд Кавальерс баг 87-79 оноогоор ялалт байгууллаа. Ийнхүү хатуу ширүүн долоон тоглолтын эцэст Клэвлэнд Кавальерс Дорнод бүсийн аврага болов. Энэ удаад Лэброн Жэймс 35 оноо, 15 самбар, есөн ашигтай дамжуулалт хийж багаа тэргүүлсэн. Бостон Селтикс багийн хувьд Жейсэн татум 24 оноо, Маркус Моррис 12 самбар авч тус тус багаа тэргүүлсэн байна.

Клэвлэнд Кавальерс өрнөд бүсийн аврагаар шалгарсан багтай лигийн аврагын төлөө тоглоно. Өрнөд бүсийн цувралын долоо дахь тоглолт маргааш Хьюстэн Рокэтс болон Голдэн Стэйт Вариорс багийн хооронд болох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ц.Энгүүн “Nissan Qashqai” загварын автомашины эзнээр тодорлоо

“The Voice of Mongolia” шоу нь Монголын дуу хоолойг дэлхийд гаргах зорилготой. Тус шоу хагас жил шахам телевизийн өмнө үзэгчдийг уяж чадсан билээ. Хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал, шүүгч Д.Отгонбаярын багаас мэргэжлийн дуучин гэх тодотголтой оролцогч А.Болормаа, С.Ононбатын багаас шат бүрт өсч яваа Б.Өсөхбаяр,Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал, дуучин Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм.

Авъяаслаг олон оролцогч нарыг шат, шатанд ялж, Ц.Энгүүн хамгийн олон саналаар шоуны цорын ганц ялагчаар тодорлоо. Тэрбээр “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж, “Nissan Qashqai” загварын автомашины эзэн болж байна.