Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: МАХН-ын бүртгэлийн асуудалд Дээд шүүх хууль бусаар хандаж байна

МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Оюунбаатар, дэд дарга С.Ганбаатар, хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар оролцлоо. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Сүүлийн үед МАХН-ын бүртгэлийн асуудалд Дээд шүүх хууль бус шийдвэр гаргаж, улс төржиж,хийх ёсгүй үйлдлийг хийж байна. Хууль бус үйлдэл хийж байгаа шүүгчдийг хянахгүй бол болохгүй болж. Тиймээс энэ асуудлыг олон нийтийн хяналтад оруулахын тулд хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх нь чухал. Тавдугаар сарын 24-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ дээд шүүх дээр болсон бусармаг үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгсөн. Бид улстөрийн өндөр соёлтой хүчний хувьд өнөөдрийн ойлгомжгүй байдлыг нэг мөр цэгцэлж янзлахын тулд өөрсдөө санаачлага гаргаж ажиллах арга хэмжээг авч байна. 2011 онд батлагдсан намын дүрмээрээ намын дарга ээлжит бус намын их чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй. 400-аад намын дүрмийн зохицуулалтын дагуу би МАХН-ын даргын хувьд тавдугаар сарын 24-ны өдөр, долоодугаар 7-ны өдөр ээлжит бус их чуулганаа зарлан хуралдуулах шийдвэрийг гаргасан. Намын даргын шийдвэрээр ээлжит бус чуулган хуралдуулах шийдвэр гарсан бол их чуулганы төлөөлөгчдийг баталж гаргах ёстой. Товыг тодорхой зарладаг. Тиймээс энэ зохицуулалтын дагуу МАХН-ын 20 дугаар бага чуулганыг өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр хуралдуулсан. 205 хүний бүрэлдэхүүнтэй бага чуулган 67 хувийн ирцтэйгээр хуралдсан. Бидний ирц 3/2-оор хуралддаг. Тиймээс асуудлыг шийдэж чаддаг. Энэ хурлаар их чуулганы төлөөлөгчдөө баталлаа. Мөн их чуулганы товыг дэмжиж, баталгаажуулж чадлаа” хэмээн ярив.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар ярихдаа “МАХН-ын 20 дугаар бага чуулган 27-ны өдөр амжилттай хуралдлаа. Монгол Улсын хэмжээнд анхаарал татахуйц, өндөр зохион байгуулалттай, сахилга баттай хурал болсон. Харамсалтай нь их чуулганаар батласан намын дүрэм, шинэчлэсэн найруулгыг Улсын дээд шүүхийн зарим шүүгчид улстөржин бүртгэх асуудал дээр хүнд суртал гаргаж, хоёр ч удаа бүртгэхээс татгалзсан. Бид улстөрийн гуравдагч том хүчний хувьд Дээд шүүхээс тавьж байгаа хууль бус шаардлагыг хүлээж авсан. 20 дугаар чуулганаараа МАХН-ын ээлжит бус их чуулганыг албан ёсоор зарлалаа” хэмээн ярив.

МАХН-ын хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням мэдэгдэхдээ “О.Баасанхүү Г.Бямбасүрэн нарын маргаан бол нам доторх асуудал. Үүнийг улсын дээд шүүх авч хэлэлцэх шаардлагагүй. Та бүхэн энэ асуудлыг авч хэлэлцэх нь эдгээр хүмүүсийг улам даамжруулсан, өөгшүүлсэн асуудал болно гэж би шүүхийн удаа дараагийн олон хурал дээр хэлж байсан. Гэвч миний үгийг анхааралдаа авч үзээгүй. Эдгээр хүмүүс нам төлөөлөх эрхгүй байхад хуралд оруулах, үг хэлүүлэх зүй зохисгүй үйлдлийг дэмжсээр ирсэн” гэв.

Мэдэгдлийн дараа МАХН-ын төлөөлөгчид Оюу толгойг Монголын талд авч үлдэхийн тулд сэтгүүлчид хамтран ажиллахыг уриалсан юм.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ спорт

Ханс Майкл Вайссын гэрээг сунгалаа

2017 оны гуравдугаар сарын 27-оос эхлэн Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Ханс Майкл Вайссын гэрээг дахин нэг жилээр сунгалаа.

МХБХ-ны Зөвлөлийн дөрөвдүгээр сарын 20-ны хурал дээр Ханс Майкл Вайссын гэрээг сунгах талаар хэлэлцэж, өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурлаа. 2018 оны есдүгээр сард манай улсад болох зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатнаас шалгарах, ОУХБХ-ны чанартай бусад тоглолтуудад амжилттай оролцох нөхцөлтэйгөөр гэрээг сунгасан юм. Үндэсний шигшээ баг 2019 оны зургаа дугаар сараас эхлэх 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээнд амжилт гаргах зорилготой байгаа учраас шигшээгийн дасгалжуулагчаас их зүйл шалтгаалах нь дамжиггүй.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагчидтай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн үед нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцох юм.

Тус дадлага, сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрэн хайх аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх” сургагч, зааварлагчийн танхимын сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, АНУ-ын Цэрэг-иргэний ажиллагаа хариуцсан офицер Кевин Му Моу нар оролцож үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд нуранги, давчуу орон зай дахь эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой аврах ажиллагаа зэрэг сэдвээр хичээл зааж, харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа

Халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог халдварт өвчний эсрэг дархлаажуулалт гэнэ. Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-ын хэтийн төлөв: Монгол Улсын оролцоо” хэлэлцүүлэгт оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хэтийн төлөв: Монгол Улсын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлэгт, үе үеийн гадаад хэрэг хариуцсан сайд нар, аюулгүй байдал, стратегийн мэргэжилтнүүд, гадаад харилцааны багш нар, ахмад дипломатчид оролцож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь одоогийн оролцоо, энэ байгууллагын хэтийн төлвийн асуудлаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Төрөх эмнэлгүүд ургийн гажгийг эрт илрүүлэх төхөөрөмжтэй боллоо

Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлсэн 473 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж /Ургийн зүрхний бичлэгийн аппарат/-ийг хүлээлгэн өгөх ёслол ЭМЯ-ны хурлын танхимд боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ийнхүү буцалтгүй тусламжийг олгож байна.

Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар 13 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 3 төрөх эмнэлэг, ЭХЭМҮТ-д нийлүүлж буй тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, сургалт зохион байгуулах юм. Төслийн үр дүнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

Ургийн зүрхний бичлэгийн аппаратыг Говь-Алтай, Дундговь, Завхан /Улиастай, Тосонцэнгэл/, Орхон, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод аймагт тус бүр нэг, Булган, Баянхонгорт тус бүр хоёр, нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад тус бүр 4, ЭХЭМҮТ-д 5-ыг нь олгож байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Трайан Лаурентий Христеаг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Трайан Лаурентий Христеаг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайдаар томилогдсонд Трайан Лаурентий Христеад баяр хүргээд Монгол Улсын Засгийн газар өөрийн “гуравдагч хөрш” Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглэв.

Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга Элчин сайдтай Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, 2018 онд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ярилцав. Талууд энэ оны 4 дүгээр сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 18 дугаар хуралдааны үеэр ярьсан зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлд нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 11 дүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарахыг Элчин сайдаас хүсэв.

Categories
мэдээ нийгэм

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал боллоо

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө шударга, тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан юм. Энэхүү хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд 3 зорилтын хүрээнд 105 үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 тоотод боллоо. Уг хурлаар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан Засгийн газрын тогтоол, Үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээ, ажиллах журмыг танилцуулсан юм.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, E-khutuch портал цахим хуудсын ажлын явц, Үндэсний зөвлөлийн тэмдэг албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, Үндэсний зөвлөлийн тогтоолын төслийн танилцуулан батлах гэх мэт асуудлыг хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, сургалт амжилттай явагдлаа

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Засгын газрын 79,80 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээний дагуу Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний 350-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

Тус сургалт Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагч болон цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хамтран баталсан сургалтын хөтөлбөрөөр явуулсан юм.

Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд болон цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26-аас дээш насны цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, төгсөлтийн үйл ажиллагааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулж гэрчилгээ гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

“Гүйе! Түүе!” аяны хүрээнд залуучууд 54.02 тонн хог цэвэрлэв

Хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гүүрнээс “Гурван модны рашаан”, Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” цогцолбор хүртэл гол дагуу тархсан, хуримтлагдсан хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг хийсэн бөгөөд 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуучууд оролцож, 54,02 тонн хог цэвэрлэлээ.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хотын гудамж, зуслангийн бүсийн хогийг иргэд бид өөрсдөө тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм.

Нийслэлийн Засаг даргын гурван хэрэгжүүлэгч агентлаг, БЗД-ийн ЗДТГ, иргэний нийгмийн оролцоотойгоор энэ удаагийн аяныг зохион байгууллаа. Сүүлийн үед эрүүл мэндээ анхаарч, биеийн тамир спортоор хичээллэх, өглөө болгон гүйж дасгал хийх залуучуудын тоо нэмэгдэж байна.

Хог хаягдлаас үүсэх орчны бохирдол нь эрүүл мэндэд хортой тул, гадуур гүйж дасгал хийдэг залуучууд “Гүйе!, Түүе!” урианд нэгдэж, гүйлтийн дасгал хийнгээ хог түүж, хогийн цэгт хаяхыг уриалж байгаа юм. Дасгал хийхэд олон төрлийн хөдөлгөөн байх тусам эрүүл мэндэд тустай. Гүйх дасгал хийнгээ байнгын давтамжтайгаар тонгойж, хог түүхээр их хэмжээний калори зарцуулагдах тул 2 талын ашигтай. Улмаар хог түүсэн хүн өөрөө дараа нь хог хаяхгүй. Мөн хог түүгээд явж байгаа залуучуудыг хараад иргэд үлгэр дуурайл авна. Бусдыг зөв зүйлд уриалсан, олон талын ашигтай, нийгэмд үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна” гэлээ.

Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.